Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 495

 

       

 

 

 

 

 

     2020          07          23                                    2020/ШЦТ/495

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргал,

хохирогч А.Ц-,

иргэний нэхэмжлэгч Т.Б-,

шүүгдэгч А.Ж-, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр, Н.Болортуул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Ч-ийн Ж-д холбогдох эрүүгийн 2003000700000 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Орхон их сургуульд номын санч ажилтай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 10-3-802 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б- овогт Ч-ийн Ж- / /

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Ж- нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил-Зайсан” худалдааны төвийн хойд талын замд Тоёота Виш маркийн 00-00 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2 “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч /уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран/ уулзвар руу орохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч А.Ц-, Т.Б-, Б.Н-нарыг мөргөж, А.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Т.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ж-гийн өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Ц-ын өгсөн: “...Би 01 дүгээр сарын 12-ны 15 цаг 50 минутын орчим нөхөртэйгөө гарцаар гарч байсан. Тэгтэл гэнэт сараал өнгийн машин “Оргил” худалдааны төв талаас урсгал сөрж ирээд мөргөсөн. Намайг босоход миний зүүн өвдөг өвдөж байсан. Өдрийн 15 цаг 50 минут учир гэгээтэй цэлмэг өдөр байсан. Шүүгдэгчийн өгсөн мэдүүлгүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид гурвыг гэнэт гараад ирсэн гэж хэлсэн. Тухайн хүн улаан гэрлээр гараагүй, урсгал сөрөөгүй байсан бол ийм зүйл болохгүй байсан. Би багшийн ажил хийдэг учир удаан цагаар зогсдог. Ажлаа хийхэд хөлөнд авсан гэмтэл өвдөөд хүндрэлтэй байна. Нийт 12.432.160 төгрөг нэхэмжилж байна. Тус мөнгөнөөс 3.994.650 төгрөг хасагдана...” гэх мэдүүлэг,

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Т.Б-гаас өгсөн: “...Миний биед бүслэхийн зөөлөн эдийн гэмтэл учирсан. Гэмтэл авснаас хойш байнга нуруу өвддөг болсон. Энэ гэмтэлд мэс засал хийх боломжгүй, удаан хугацаанд эмчлэгдэнэ гэсэн. Одоогоор ажлаа хийж байгаа ч олон цаг зогсох, хүнд юм өргөхөд хүндрэлтэй байна. Манай байгууллагын хувьд татвар төлж эхлээгүй байгаа. Манай гэр бүлийн бизнес учир цалингаа тохиролцоод авдаг. Анхнаасаа намайг зөвхөн мөнгөн дүнгээр иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь ойлгомжгүй байна. Гэтэл одоо хүртэл миний бие нуруу өвчтэй байгаа учир дахин үзүүлэн эмчлүүлэх саналтай байна. Заавал хүнд гэмтэл учруулж байж төлөх боломжтой байдаг юм уу. Миний биед гэмтэл учруулсанд гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2003000700000 дугаартай хэргээс:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-09-р хуудас/,

 

Хохирогч А.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Т.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

 

Гэрч М.Р-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хүний биед хийсэн 1713 тоот актын дүгнэлт /хх-ийн 57-58-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хүний биед хийсэн 1712 тоот актын гэсэн дүгнэлт /хх-ийн 60-61-р хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2020 оны 02 сарын 11-ний өдрийн 114 тоот дүгнэлт /хх-ийн 86-р хуудас/,

 

Хохирогч А.Ц- болон иргэний нэхэмжлэгч нараас эмчилгээний зардал, төлбөр нэхэмжлэлтэй холбоотой хэрэгт гаргасан нэхэмжлэл, баримтууд /хх-ийн 23-30, 31-36-р хуудас/,

 

Шүүгдэгч Ч.Ж-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Х.Ганзоригийн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 106-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 102-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 109-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 112-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Ж-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Ч.Ж- нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил-Зайсан” худалдааны төвийн хойд талын замд Тоёота Виш маркийн 00-00 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2 “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч /уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран/ уулзвар руу орохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч А.Ц-, Т.Б-, Б.Н-нарыг мөргөж, А.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Т.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9-р хуудас/,

 

Хохирогч А.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 01 сарын 12-ны өдрийн 15 цаг 45 минутын орчим би нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Оргил Зайсан худалдааны төвийн хойд талын замын хойд талаас урд тал руу явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхад замын зүүн талаас баруун тийшээ явж байсан мөнгөлөг өнгийн суудлын машин гарч ирээд, манай нөхрийг эхэлж мөргөөд, намайг болон миний хажууд явж байсан охиныг мөргөн газар унагасан. Би босоод биеэ үзэхэд миний зүүн хөл өвдгөөрөө маш их өвдөж байсан ба манай нөхөр, хүүхдийн бие гайгүй юм шиг байсан. Бид хэд өөрсдийнхөө машинаар Гэмтлийн эмнэлэг явсан. Энэ ослын улмаас миний зүүн хөлийн яс хугарсан. Намайг зам хөндлөн гарч байхад тэр уулзварын гол зам нь хоёр талдаа машин дүүрэн, зам түгжрээтэй, гадаа үзэгдэх орчин чөлөөтэй, сайн харагдаж байсан. Зам дээр ямар нэгэн халтиргаа гулгаа байхгүй байсан. Би эрүүл мэндээрээ хохирсондоо маш их гомдолтой байна. Жолоочоос өөрийнхөө эмчилгээнд зарцуулсан болон бусад зардлыг нэхэмжилнэ.” Гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Т.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 01 сарын 12-ны өдрийн 15 цаг 45 минутын орчим би эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Оргил Зайсан худалдааны төвийн хойд талын замд хойноос урагшаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхад замын зүүн талаас баруун тийшээ явж байсан мөнгөлөг өнгийн суудлын машин ирээд, намайг эхэлж мөргөөд, миний хажууд зэрэгцээд явж байсан манай эхнэр, хүүхдийг бас мөргөсөн.

Тэгээд би зам дээрээс босоод харахад манай эхнэр бид хэдийг мөргөсөн машины урд хэвтэж байхаар нь эхнэрээ татаж босгосон, харин манай охин эхнэрийг мөргөх үед газар унасан байсан. Удалгүй түргэн тусламжийн машин ирж, бид хэдийг үзчихээд Гэмтлийн эмнэлэгт үзүүл гээд явсан. Дараа нь бид өөрсдийн машинаар Гэмтлийн эмнэлэг явсан.

Энэ ослын улмаас миний нуруу гэмтсэн. Намайг зам хөндлөн гарч байхад тэр уулзварын гол зам нь хоёр талдаа машин дүүрэн, зам түгжрээтэй, гадаа үзэгдэх орчин чөлөөтэй, сайн харагдаж байсан. Зам дээр ямар нэгэн халтиргаа гулгаа байхгүй байсан. Би эрүүл мэндээрээ хохирсондоо маш их гомдолтой байна. Энэ ослоос болж манай эхнэр гэмтсэн байгаа, би хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд одоо ажлаа ч хийж чадахгүй, эхнэрээ асраад гэртээ байна. Жолоочоос өөрийнхөө болон эхнэрийнхээ эмчилгээнд зарцуулсан болон бусад зардлыг нэхэмжилнэ.” Гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

 

Гэрч М.Р-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 01 сарын 12-ны өдрийн 15 цаг 50 минутын үед би охиныхоо Тоёота Виш маркийн 00-00 УБИ улсын дугаартай автомашинтай Нарантуул захаас Хан-Уул дүүргийн Тамгын газрын хажууд байх гэртээ очих гээд явж байсан. Машиныг манай охин Ч.Ж- жолоодож явсан ба би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Тэгээд манай машин Удирдлагын академийн хойд талын зам дээр зүүнээсээ баруун тийшээ замынхаа баруун гар талыг бариад явж байгаад Оргил Зайсан худалдааны төвийн зүүн хойд талын уулзвар дээр ирэхэд уулзвар дээр улаан гэрэл асаж байхаар нь гэрэл солигдохыг хүлээж зогссон.

Тухайн үед уулзвар дээр манай машины урд 2 машин бас гэрэл солигдохыг хүлээгээд зогсож байсан ба хэсэг хугацааны дараа гэрэл солигдож ногоон гэрэл асахаар нь манай машины өмнө зогсож байсан 2 машин уулзвар руу орох үед төв замын урдаасаа хойшоо явдаг чиглэлд машинууд дүүрэн, зам түгжрэлтэй байхаар нь манай машин тэр машинуудын араар тойроод чигээр баруун явах үед гэнэт замын хойд талаас хүүхдээ дагуулсан эрэгтэй, эмэгтэй 2 хүн зам хөндлөн гараад ирсэн. Манай машин тоормосоо гишгээд тэр 3 хүнийг мөргөсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хүний биед хийсэн 1713 тоот актын дүгнэлтэд:

1. А.Ц--н биед зүүн шаант ясны далд хугарал, зүүн өвдөгний өмнөд чагтан холбоос, баруун, зүүн хажуугийн холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 57-58-р хуудас/,

 

6. ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1712 тоот актын:

1. Т.Б-гийн биед бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 60-61х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хүний биед хийсэн 0000 тоот актын гэсэн дүгнэлтэд:

1.Toyota Wish маркийн 00-00 УБИ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Ч.Ж- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-д заасан “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч А.Ц-, Т.Б-, Б.Н-нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

4. Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 86-р хуудас/,

 

Хохирогч А.Ц- болон иргэний нэхэмжлэгч нараас эмчилгээний зардал, төлбөр нэхэмжлэлтэй холбоотой хэрэгт гаргасан нэхэмжлэл, баримтууд /хх-ийн 23-30, 31-36-р хуудас/,

 

Шүүгдэгч Ч.Ж-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2020 оны 01 сарын 12-ны өдрийн 15 цаг 50 минутын үед би Тоёота Виш маркийн 05-03 УБИ улсын дугаартай автомашинаа бариад Нарантуул захаас Хан-Уул дүүргийн Тамгын газрын хажууд байх гэртээ очих гээд явж байсан. Тэгээд Удирдлагын академийн хойд талын зам дээр зүүнээсээ баруун тийшээ замынхаа баруун гар талыг бариад /20-30 км цагийн хурдтай/ явж байгаад Оргил Зайсан худалдааны төвийн зүүн хойд талын уулзвар дээр ирэхэд уулзвар дээр улаан гэрэл асаж байхаар нь гэрэл солигдохыг хүлээж зогссон.

Тухайн үед уулзвар дээр манай машины урд 2 машин бас гэрэл солигдохыг хүлээгээд зогсож байсан ба хэсэг хугацааны дараа гэрэл солигдож ногоон гэрэл асахаар нь манай машины өмнө зогсож байсан 2 машин уулзвар руу орсон, би ч хөдлөөд уулзвар руу ороход төв замын урдаасаа хойшоо явдаг чиглэл машинууд дүүрэн, зам түгжрэлтэй байхаар нь би тэр машинуудын араар тойроод чигээр баруун явах үед гэнэт замын хойд талаас хүүхдээ дагуулсан эрэгтэй, эмэгтэй 2 хүн зам хөндлөн гараад ирсэн. Би тоормосоо гишгэсэн боловч машин гулгаад явган хүний гарц руу орж тэр 3 хүнийг мөргөсөн.

...Би энэ машиныг нагац эгчээсээ 2019 оны 10 сард худалдаж аваад, одоогоор машиныхаа эзэмшигчийн шилжүүлгээ хийлгэж амжаагүй явна. Тухайн үед миний машинд манай ээж надтай хамт явж байсан юм. Ослын улмаас автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. Би энэ хүмүүсийн эмчилгээний зардлыг даатгалын байгууллагаас мөнгө авч нөхөн төлөх гээд материалаа өгчихсөн байгаа. Би 2011 онд жолооч болсон, жолооч болсноосоо хойш тасралтгүй жолоо барьж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 97-98х/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл  мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчлагдсан.  

 

Шүүгдэгч Ч.Ж- нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил-Зайсан” худалдааны төвийн хойд талын замд Тоёота Виш маркийн 00-00 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2 “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч А.Ц-, Т.Б-, Б.Н-нарыг мөргөж зам тээврийн осол гаргаж хохирогч А.Цэрэнхлхамын биед  “...зүүн шаант ясны далд хугарал, зүүн өвдөгний өмнөд чагтан холбоос, баруун, зүүн хажуугийн холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл, иргэний нэхэмжлэгч Т.Б-гийн биед “...бүсэлхийн зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл тус тус учирсан болох нь тогтоогдсон ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл  мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Тээврийн прокуророос шүүгдэгч Ч.Ж-д Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Ж-г “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Хохирол хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх  үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж хуульчилсан байна.  

Шүүгдэгч Ч.Ж- нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Ц- түүний гэр бүлийн гишүүн иргэний нэхэмжлэгч Т.Б-, охин Н-нарын эмчилгээ, оношилгоо, эм тарианы зардалд баримтаар нотлогдсон 3.994.650  төгрөгийг төлсөн байна.

Хохирогч А.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт “Монос эмийн сангаас Барагшун авсан 23.498 төгрөг, цалингийн зөрүү 1.352.477 төгрөг, ээлжийн амралтын мөнгөний зөрүү 486.186 төгрөг, Гранд Мед эмнэлэгт 7 дугаар сард MRI шинжилгээ хийлгэх төлбөр 320.000 төгрөг, мэс засал хийлгэх төлбөр 8.000.000 төгрөг нийт 10.182.161 төгрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж баримт ирүүлжээ.

Хохирогч А.Ц- нь “М-” цогцолбор сургуульд багшаар ажиллаж байсан болох нь түүний цалингийн тодорхойлолт /хх-ийн 31-р хуудас/, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Иймд хохирогчийн осолд орсны улмаас дутуу авсан цалин хөлс болох 1.352.477 төгрөг, ээлжийн амралтын мөнгөний зөрүү 486.186 төгрөг, “Монос эмийн сангаас Барагшун авсан 23.498 төгрөг нийт 1.862.161 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

         Хохирогч А.Ц- нь цаашид хийлгэх эмчилгээний зардалд “Гранд Мед” эмнэлэгт 7 дугаар сард MRI шинжилгээ хийлгэх төлбөр 320.000 төгрөг, мэс засал хийлгэх төлбөр 8.000.000 төгрөг, нийт 8.320.000 төгрөг нэхэмжилсэн боловч  өвчтөний картад бичсэн эмчийн тэмдэглэлээс өөр баримт авагдаагүй байна.

         Иргэний нэхэмжлэгч Т.Б- нь “Тэргүүн Майдар” ХХК-д менежерээр ажилладаг, сарын 2.250.000 төгрөгийн цалинтай, 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр хүртэл чөлөө авсан гэх тодорхойлолтоос өөр түүний цалин, хөлс орлоготой байсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

         Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасны үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 420.000 төгрөг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.Б-д олгох нь зүйтэй гэж үзэв.

          Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т тус тус зааснаар шүүгдэгч Ч.Ж-гаас нийт 2.282.161 төгрөг гаргуулж хохирогч А.Ц-д 1.862.161 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Б-д 420.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

        Хохирогч А.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагаас 8.320.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.830.000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч А.Ц- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа, иргэний нэхэмжлэгч Т.Б- нь өвчтэй байсан хугацааны болон өвчтөн асрамжилсан чөлөөтэй байсан хугацаанд дутуу авсан цалин хөлсний зөрүүг нотлох баримтаа зохих журмын дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

       

             Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү гэх санал гаргав.

 

 Шүүгдэгч Ч.Ж-д ял оногдуулахдаа явган хүний гарц дээр осол гаргаж, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, дэлхийн нийтээр тархсан Цар тахал өвчний улмаас боловсролын байгууллагын үйл ажиллагаа түр зогссонтой холбоотойгоор хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулах боломжгүй гэх хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Ж-д мэдэгдэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б- овогт Ч-ийн Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж-г 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Ж-д мэдэгдсүгэй.

          

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь  мөрдөн байцаалтад 3.994.650  төгрөгийг хохирогч А.Ц-, иргэний нэхэмжлэгч Т.Б- нарт төлснийг дурдаж, шүүгдэгч Ч.Ж-с нийт 2.282.161 төгрөг гаргуулж хохирогч А.Ц-д 1.862.161 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Б-д 420.000 төгрөг тус тус олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Ц- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа, иргэний нэхэмжлэгч Т.Б- нь өвчтэй байсан хугацааны болон өвчтөн асрамжилсан чөлөөтэй байсан хугацаанд дутуу авсан цалин хөлсний зөрүүг нотлох баримтаа зохих журмын дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Энэ хэрэгт Ч.Ж- нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР