Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 46

 

А.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01687/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 125 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч Зуут овогтой А-гийн Н-гийн нэхэмжлэлтэй,

          “Хууль бусаар цагдан хоригдсон, яллагдсан, шийтгэгдсэн, ажилгүй байсны улмаас учирсан гэм хорын хохиролд төрөөс 108.505.614 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч А.Н-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхбат нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 02 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

            Нэхэмжлэгч А.Н-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхбат нараас:

2013 оны 11 сарын 02-ны өдөр А.Н- нь Дархан-Уул аймгийн Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхад Авилгатай тэмцэх газраас Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтэн, яллагдагчаар татаж, гэм буруутай гэж үзэн шүүхэд шилжүүлэн Сэлэнгэ аймгийн Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 09 сарын 17-ны өдрийн 173 тоот шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2014 оны 09 сарын 30-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор А.Н- миний тодорхой ажил албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний бие гомдол гаргасны үндсэн дээр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 93-А тоот тогтоолоор уг хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан.

Энэ хэргийн улмаас 2014 оны 09 сарын 17-ны өдрөөс 2015 оны 02 сарын 15-ны өдөр хүртэл нийт 148 хоног цагдан хоригдож, хорих ял биечлэн эдэлж, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад Гаалийн Ерөнхий газрын даргын 2014 оны 11 сарын 27-ны өдрийн Б/401 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халсан. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1-т зааснаар 2014 оны 09 дүгээр сард хоригдох үед Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн албан тушаалд ТТ-10 зэрэглэлээр 667.784 төгрөгийн үндсэн цалин, албан тушаалын зэрэг дэв 25 хувь, онцгой нөхцлийн 10 хувь, төрийн алба хаасан хугацааны 20 хувийн нэмэгдлүүдийг тооцуулан сард 953.268 төгрөгийн цалин хөлс авч байсан бөгөөд 2014 оны 10 сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 сарын 12-ны өдөр хүртэл нөхөн олговорын цалин нийт 20.089.614 төгрөг гаргуулах, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1-т зааснаар өмгөөлөгчид төлсөн хөлс 10.000.000 төгрөг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.2-т зааснаар энэ хэргийн улмаас эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд хохирсон, цагдан хоригдсон болон эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэтгэл санааны гэм хорын хохиролд 78.416.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Анх нэхэмжлэл гаргахдаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцож өгсөн бол одоо өөрөө төлөх учир нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 5.463.665 төгрөгийг өмнөх цалин дээрээ нэмж, нийт нөхөн олговрын цалинд 25.553.279 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 113.969.279 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оргилбаяраас:

“Хэрэгт авагдсан баримтаар эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаад шүүхээр цагаатгагдсан болох нь тогтоогдож байгаа тул хуульд заасны дагуу нөхөн олговрын цалин, өмгөөллийн хөлсийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. 78.416.000 төгрөгийн хувьд эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, сэтгэл санааны хохирол гэж байгаа боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байх тул шаардлага хангагдах үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 125 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д заасныг тус тус баримтлан Засгийн газрын нөөц сангаас 29,371,738 төгрөг гаргуулж, А.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 84,597,541 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагч А.Н- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Н-,  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхбат нар давж заалдсан гомдолдоо:

            Миний бие цагдан хоригдох болон хорих ял эдэлж байх хугацаандаа зохих журмын дагуу гомдол гаргасны эцэст Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 93-А тоот тогтоолоор нэхэмжлэгч надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж уг тогтоол хүчин төгөлдөр болсон. Энэ хэргийн улмаас 148 хоног хууль бусаар цагдан хоригдож, хорих ял биечлэн эдэлж мөн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн Гаалийн Ерөнхий газрын даргын тушаалаар намайг ажлаас үндэслэлгүй халсан. Мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх надтай хамт ажиллаж, ял шийтгэгдсэн Д.Одонтуяагийн өмгөөллийн хөлс төлсөн баримт дутуу байхад түүний өмгөөллийн хөлсийг бүрэн гаргуулахаар шийдвэрлэсэн атал миний өмгөөлөгчид төлсөн 10.000.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Учир нь өмгөөллийн хөлсний бүх нотлох баримтуудыг шүүхэд өгснийг дутуу үнэлж дүгнэн шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх гэм хорын хохиролд 78.416.000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байх тул өмгөөллийн хөлс төлсөн 5.000.000 төгрөг болон эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, сэтгэл санааны гэм хорын хохиролд 78.416.000 нийт 83.416.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч А.Н- ажилгүй байсан хугацааны цалингийн дундажтай тэнцэх олговор 25.553.279 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 10.000.000 төгрөг, хууль бусаар цагдан хоригдсоны улмаас эрүүл мэнд, нэр төр, ажил хэгийн нэр хүнд, сэтгэл санаанд учирсан гэм хорын хохиролд 78.416.000 төгрөг нийт 113.969.279 төгрөгийг төрөөс гаргуулахаар нэхэмжилжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл  төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцохоор хуульчилсан.

Шүүх тус нэхэмжлэлд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн атлаа 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараачаас прокурорыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэлбэрийн төдий оролцуулж, хуулиар олгогдсон эдлэх эрх, хүлээх үүргийг хязгаарлаж, мэтгэлцэх эрхээр хангалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Шүүхийн өмнө эрх тэгш байх, 6 дугаар зүйлд заасан Мэтгэлцэх зарчим, 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх үүргийг ноцтой зөрчсөн нь хэргийн 42 дугаар талд  авагдсан эрх үүрэг тайлбарласан тухай баримт, 74 дүгээр талд авагдсан хэрэг танилцуулсан тухай баримт, 76 дугаар талд авагдсан нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт болон бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг залруулахаар анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5–д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 125 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч А.Н- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       О.НАРАНГЭРЭЛ

                                          ШҮҮГЧИД                                                      С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                 Л.АМАРСАНАА