Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2018/0202/З |
Дугаар | 624 |
Огноо | 2018-10-09 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 624
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Тайж овогтой Д-н Б /РД:**/,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Газрын алба,
Гуравдагч этгээд: Д-н Б /**/
Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/497 дугаар захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Д.Б-д олгосон 000651607 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч Чингэлтэй дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө, гэрч Л.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Насанбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ:
Нэг. Би өөрийн ээж Л овогтой Ц болон төрсөн 4 ах дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 90 дүгээр гудамжны зүүн урд талын жалганы ирмэг дээр байсан жижигхэн газарт анх хашаа барьж, Согоотын 90 дүгээр гудамжны 1302В тоот хаягтайгаар 2005 оноос хойш амьдарч байна.
Манайх 12 жил гаруй хөөцөлдөж байж Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 07 сарын 08-ны өдрийн А/497 дугаар шийдвэрээр уг газрыг эзэмших эрхийг миний ээж Л.Ц-н нэр дээр олгосон. Үүний зэрэгцээ уг газрыг томсгож тэгшлэх явцад манай газрын ар талын хэсэгт хэсэгхэн гурвалжин зай үүссэн бөгөөд Д.Б би өөрийнхөө гэр бүлийн хамт эзэмшүүлэх зорилгоор бага зэрэг томсгосоор ирсэн бөгөөд энэ тухай Чингэлтэй дүүргийн Газрын албанд 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөдөл бичиж, уг өргөдөлдөө зохих журмын дагуу 16 дугаар хорооны дарга Ш.Ж-ы цохолтыг авсан бөгөөд энэ газар авто зам тавихаар төлөвлөгдсөн газар бөгөөд үерийн уснаас хамгаалах далан барих шаардлага гарч магадгүй, эцсийн зураг батлагдтал хүлээх шаардлагатай учир хорооны Засаг дарга "Түр хойшлуулав" гэж дүүргийн Засаг даргад манай өргөдлийг уламжлаагүй тул бид одоо хүртэл хүлээж байгаа болно.
Гэтэл энэ талбайг тус дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 78-1088-д суудаг Д.Б гэгч тухайн газар дээр нэг ч хүрз шороо хөдөлгөөгүй хүн, хороо дүүргийн газар хариуцсан ажилтнуудтай хуйвалдан газар эзэмших 000651607 дугаартай гэрчилгээг гаргуулж авсан гэж манай авах гэсэн газрыг булаацалдаж иргэний хэргийн шүүхийн газар чөлөөлүүлэх шийдвэр гаргуулаад байна.
Би Д.Б-г энэ захирамж болон гэрчилгээг авсныг огт мэдээгүй харин миний ээж Л.Ц-г хариуцагчаар татаж газар чөлөөлүүлэхээр шүүхэд 2017 оны 05 сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн шүүхээс ээжид 2017 оны 06 сарын 16-ны өдөр гардуулснаар мэдсэн.
Энэ нэхэмжлэлд тайлбар бичихийн өмнө хуульчтай уулзан зөвлөгөө авч Нийслэлийн Засаг даргын нэр дээр 2017 оны 6 сарын 28-ны өдөр би болон миний ээж Л.Ц Д.Б-д газар олгосон захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан бөгөөд нийслэлийн Газрын албанаас 2017 оны 07 дугаар сарын 03-ны 03/2597 тоот албан бичгээр Д.Б шүүхэд хүсэлт гаргасан уг асуудал иргэний хэргийн шүүхэд хянагдаж байх тул таны хүсэлтийг хянан үзэх, шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг өгсөн.
Харин иргэний шүүх зөвхөн газрын давхцлын асуудлыг шийдвэрлэж байгаа тул надад захиргааны журмаар Д.Б-д газар эзэмшүүлэх захирамж болон гэрчилгээг хянуулах гомдол гаргах эрх нээлттэй байна гэдгийг шүүх шийдвэртээ заасан тул би энэ асуудлаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан болно.
Үүний хариуг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 07/43 тоот албан бичгээр өгснийг би 1 дүгээр сарын 8-ны өдөр гардаж авсан болно. Уг бичигт миний гомдолд бичсэн үндэслэлүүд хавсаргасан нотлох баримтуудыг нягталж, хяналгүй зөвхөн Чингэлтэй дүүргийн Газрын албаны архивт байгаа зарим баримтуудыг нотолгоо болгож шийдвэрлэсэн тул би уг шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тухай дараах баримтуудыг бичиж энэхүү нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргаж байна.
Хоёр: Д.Б-д газар эзэмших гэрчилгээ олгохдоо үндэслэсэн бичиг баримтууд бүгд хууль зөрчиж хийгдсэн гэдгийг дараах баримтууд харуулна. Үүнд:
Д.Б 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр газар авахаар кадастрын зураг хийлгэсэн ба "энэ газар 60 кв.м арай хүрэхгүй байна, 100 квм-ээс багагүй байх ёстой, та өөрийнхөө газраас таслаад өгөөч" гээд гуйж байсан өдөр кадастрын зураг нь гарсан баримтыг шүүхэд өгсөн атлаа үүнээсээ 53 хоногийн өмнө 2016 оны 07 дугаар сарын 08-ны одрийн А/497 дугаартай захирамжаар газар авсан захирамжийн хуулгыг иргэний шүүхэд гаргаж өгсөн.
Харин түүний газар эзэмших гэрчилгээн дээр 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/197 дугаар захирамжийг үндэслэн олгов гэж зөрүүтэй бичсэн байна. Мөн Д.Б 11З м.кв газартай гэсэн илүү хэмжээ бүхий кадастрын зураг гаргуулсан нь үнэн.
2. Д.Б нь Согоотын 78-1088 дугаар хашаанд амьдардаг мөртлөө "би Согоотын 79 дугээр гудамжны 1113 тоот хашаанд амьдардаг бөгөөд амьдарч байгаа газраа хувьчлан авах хүсэлтэй байх тул уг газрыг өмчлөх эрх олгоно уу" гэсэн өргөдлийг 2016 оны 05 дугаар сард бичиж мөн өдрөө Хорооны Засаг дарга Ж-ы цохолтыг авсан байна.
Үүний дагуу Д.Б-д Согоотын 79 дүгээр гудамжинд 1113 дугаар хашааны газрыг эзэмших захирамж, гэрчилгээ гарсан байтал жалганы эсрэг талд нилээд доош 11 гудамжны цаана байдаг Согоотын 90 дүгээр гудамжинд миний амьдардаг 1302В тоот хашааны газрыг оролцуулан кадастрын зураг хийлгэж одоо энэ газрыг эзэмших эрхтэй гэж шүүхээр заргалдаж байна.
Гурав. Шүүхэд Д.Б-ы 000632017 дугаартай гэрчилгээн дээр “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/497 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгов” гэж 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гарсан А/497 захирамжийн дугаарыг бичсэн, энэ өдрийн захирамжийг үндэслэн 260 орчим айлд олгосон гэрчилгээний дугаараас 19590 өмнөх дугаартай гэрчилгээг авсан байна.
Дөрөв. Одоогийн байдлаар манай хашааны зүүн талаар авто болон явган замын ажил, цахилгааны шинэ шугамын өргөтгөл, үерийн хамгаалалтын далан барих ажил 2017 оны 6 дугаар сараас эхлэн хийгдэж, бүрэн дуусаагүй байгаа бөгөөд манай хашааны газар болон Д.Б-ы зөвшөөрөлтэй гэх газраас нэлээд хасагдсан. Иймээс манай ээж хашааныхаа хасагдсан хэсгийг хойд хэсгийн одоо үлдсэн зай бүхий талбайгаар нөхөж түүнээс илүү гарсан хэсэгт дээр Д.Б би өөрөө газар эзэмших гэрчилгээ гаргуулж амьдрах хүсэлтэй байгаа болно.
Тав. Би Д.Б-ы өөр газарт байршилтай хаягаар гарсан гэрчилгээг хууль бус үзэж байгаа тул өөрийн гараар засч тэгшилсэн, бага наснааас олон жил амьдран суугаа газраа Д.Б-д хэзээ ч чөлөөлж өгөхгүй. Харин би өөрөө энэ газрыг өмчилж авах өргөдлөө Д.Б-с өмнө 2010, 2013 онд тус дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргад гаргаж байсан тул би Д.Б-с давуу эрхтэй гэж үзэж байна.
Д.Б газар эзэмших зөвшөөрөл нь өөр хаягт байрлах газар байтал манай хашааг оролцуулан кадастрын зураг хийлгэсэн уг зурагт зориудаар талбайн хэмжээг байгаа газрын хэмжээнээс илүү байгаагаар бичүүлж гэрчилгээ авсан, түүнчлэн хуурамч шинжээчийн дүгнэлт, хууль бус шүүхийн шийдвэр гаргуулж байгаа хамгийн гол зорилго нь уг газрын ойролцоогоор явган болон засмал зам, цахилгааны шугамын өргөтгөл, үерийн далан барихыг мэдсээр байж эрх бүхий хүмүүстэй хуйвалдан эрхийн бичиг гаргуулж, тухайн бүтээн байгуулалтыг хийх үед газар чөлөөлөлтөнд хамаарсан үндэслэлээр нөхөн олговор авахаар зориудаар зохион байгуулсан залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж байна.
Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/497 дугаар захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Д.Б-д олгосон 000651607 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: “Д.Б тухайн газарт олон жил амьдарсан. Д.Б хүсэлтээ өгсөн боловч тухайн газарт хийгдэх төлөвлөгөөт ажлаас шалтгаалж өргөдөл нь хойшилсон бөгөөд огт өргөдөл гомдол гаргаж яваагүй биш. Тухайн газарт олон жил амьдарч байсан давуу эрхтэй. Ийм байхад өөр хүн хууль бусаар, эрхгүй хүнээр цохолт хийлгэж газрыг авсан. Д.Б-н эрх ашиг сонирхлыг хөндөгдөөгүй гэж байгаа боловч тухайн газрыг засаж тэгшлээд амьдрахаар ээжийнхээ хашааны хойт талыг сунгаж, түүн дээр гэрээ барьсан. Өөрийн хөдөлмөрөөрөө тухайн газрыг тохижуулж амьдарч байхад Д.Б-н эрх хөндөгдөж, хүлээж байсан шийдвэрийн дагуу тухайн газраа авна гэсэн итгэл үнэмшил нь үгүй болж хүнд булаалгачхаад байхад эрх ашиг сонирхол нь хөндөгдөөгүй гэж тайлбарлаж байгаа нь хариуцлагагүй байна.
Кадастрын тухай хууль болон Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 6.2.2, 6.2.3, мөн Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар газар зохион байгуулалт төлөвлөгөөний дагуу эзэмшүүлэхээс заасан бусад газарт, газар эзэмшсэн байдаг. Хаягжуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7-д, Зөрчлийн тухай хуулийн 1.2, 4.1-д заасныг зөрчсөн. Бичиг баримтын зөрчилтэй, хүчин төгөлдөр бус байна.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3-т нөхцөл байдал, бодит байдлыг нотолсны үндсэн дээр тухайн захиргааны актыг зөв гаргах ёстой. Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох журмын 3.2.1-д Геодези зураг зүйн газрын 2018 оны 83 дугаар тушаалаар батлагдсан. Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын инженерийн шугам сүлжээ гэдэгт юу орохыг судалж үзэхээр авто зам орно гэсэн байсан. Манайхан ойлгохдоо сангийн шугамын ерөнхий трассыг ойлгодог. Ийм зөрчлүүд байхад өргөдөлд судалгаа хийх тухай кадастрын газар эзэмших гэрчилгээ олгох журмын 5.2.2, 5.2.3, 5.2.4, 5.2.5, 5.2.6-д заасныг зөрчсөн байхад газар олгохгүй. Иргэн аливаа эд юмсыг, өмчийн Иргэний хуулийн 89.1-д зөвхөн хуульд заасан ёсоор авах замаар эзэмших эрх үүсдэг. Газар эзэмших эрх олгох журам Хаягжуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д шинээр хаяг өөрчлөхдөө тухай орон нутгийн геодези зураг зүйн кадастрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага кадастрын мэдээллийн санд тулгалт хийж зөвшөөрөл авсны үндсэн дээр гүйцэтгэнэ. Эдгээр тулгалт хийсэн ажиллагаа байхгүй. Иймээс Д.Б нь нэхэмжлэл гаргах эрхтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Согоотын 90-1302в тоот хаягт оршин суух Л-ын Ц нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн Газрын албанд 700 м.кв талбай бүхий газрыг эзэмших талаар өргөдөл гаргасны дагаа судлан дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/497 дугаар захирамжаар 700 м.кв талбай бүхий газрын 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж дүүргийн Газрын албанаас 651607 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
Мөн тус хорооны Согоотын 78-1088 тоот хаягт оршин суух Д.Б нь дүүргийн Газрын албанд газар эзэмших хүсэлт гаргасан бөгөөд дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/497 дугаар захирамжаар 113 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж дүүргийн Газрын албанаас 632017 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
Иргэн Д.Б-ы 632017 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ дээр 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/497 дугаар захирамжийг 08 дугаар сарын 01-ний өдрийн А/497 дугаар захирамж гэж сар өдрийг буруу бичилт хийсэн бөгөөд дүүргийн Засаг даргын 2016 оны А/497 дугаар захирамжийн хавсралтын 29-т Л.Ц, 31-д Д.Б нарт тус тус газар эзэмшүүлсэн байна.
Маргаан бүхий газарт нэхэмжлэгч нь газар эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд дүүргийн Газрын албаны саналыг үндэслэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд газар эзэмших эрхийг баталгаажуулж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Кадастрын зураглалын тухай хууль гэж тайлбарлаад байна. Кадастрын зургийг иргэний хүсэл зоригоор, ашгийн төлөө хувийн байгууллагаар мөнгө төлж зургийг хийлгэдэг. Жишээлбэл би кадастрын компанид өөрийн хүсэл зоригоо илэрхийлээд зохих хэмжээний мөнгийг нь төлөхийн бол шүүхийн байран дээр давхцуулаад кадастрын зургийг хийлгэх боломжтой. Тухайн зураглалыг Газрын алба мэдээллийн сангийн зураг дээрээ давхцалтай эсэх, хэн нэгний эрх ашгийг хөндөж байгаа эсэх, орц гарц хааж байгаа эсэхийг шалгаж нягтлаад оруулах үүрэгтэй. Газрын алба Чингэлтэй дүүргийн хорооны Засаг даргын гарын үсэг мөн эсэхийг шалгах үүрэггүй, боломжгүй. Гарын үсгийг нягталж шалгахад нарийн мэргэжлийн шинжээч шаардлагатай байдаг.” гэв.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэд кадастрын зургийг эрх бүхий хувийн компаниар хийлгэж ирдэг. Үүнийг ямар нэгэн байдлаар давхцалтай байгаа эсэхийг бид ажлын зургаас шалгадаг. Шалгаж үзээд давхцалгүй байвал хаягаар нь мэдээллийн санд бүртгэдэг. Газрын албанаас хаяг олгодоггүй, хаяг зөв эсэхийг шалгах боломжгүй. Хаягжуулалт хорооны хийх асуудал. Хорооноос өгсөн хаягийн дагуу тухайн хаягийг мэдээллийн санд оруулж бүртгэдэг.” гэв.
Гуравдагч этгээд Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Д.Б миний бие 2016 оны 05 дугаар сард Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргаар уламжлан, дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч авч ирэн газраа үзүүлж, кадастр хийлгэж, /дүүргийн кадастрын мэргэжилтэнг цуг авч ирэн/ хашаа барьж, дүүргийн Газрын албанд зохих журмын дагуу өргөдөл өгсөн.
Өргөдөл өгсний дагуу 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр А/497 дугаар бүхий газар эзэмших Согоотын 79-1113 тоот гэрчилгээг авсан.
Гэтэл иргэн Л.Ц нь миний эзэмшиж байсан газрыг хууль бусаар сунгаж эзэмшил газар руу минь халдсан учир дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Улмаар шүүхэд хянагдаж байх хугацаанд автозамын бүтээн байгуулалтын ажил явагдаж “Т з” ХХК болон “A” ХХК-ийн инженерүүдэд миний газар дээр яагаад 380 вт шон зоосон юм бол гэж тодруулахаар инженерүүдтэй уулзахад иргэн Л.Ц энэ миний газар шон зоож болно гээд шон зоолгосон байдаг ба одоог хүртэл энэхүү асуудлыг шийдэж өгөхгүй байгаад гомдолтой байдаг.
Иймд иргэн Д.Б-н 2010 он болон 2013 онд гаргасан гээд байгаа өргөдөл болон кадастрын зургийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэн Д.Б-н газрын хэмжээ нь 449 м.кв байдаг. Л.Ц нь хувийн кадастрын “Г м” ХХК-иар хэмжилт хийлгэхэд 0.7 м.кв гэж үзсэн. Гэтэл 503 м.кв гэсэн хуурамч кадастраар гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гэрч Л.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би нэхэмжлэгч Д.Б-гын төрсөн ээж нь юм. Тэнд 2005 оноос эхлэн амьдарч байгаа. Тухайн газрыг миний хүү Д.Б тэгшилсэн. Д.Б Чингэлтэй дүүргийн Газрын албанд өргөдөл өгөх гээд хорооны Засаг даргаар цохолт хийлгэх гэсэн хорооны Засаг дарга Ш.Ж хойшлуулсан. Үүнээс өөрөөр өргөдөл өгч байгаагүй. Газрын албанд өргөдөл өгөөгүй. Миний хийлгэсэн 400 м.кв болон Д.Б-ын хийлгэсэн 500 м.кв талбай давхцалтай. Тэр газар дээрээ 2 кадастр хийлгэж байсан. Надад 700 м.кв газар эзэмшүүлсэнтэй маргаагүй. Гэхдээ 700 м.кв газар хүрэхгүй. Би илүү хашаалаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д.Б-ы газрыг чөлөөлж өг гэсэн.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь “Д.Б-ы газар эзэмших хүсэлтэд хавсаргасан баримтуудыг хуурамч эсэхийг шалгах үүргээ хэрэгжүүлээгүй” гэсэн үндэслэлээр “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/497 дугаар захирамжийн Д.Б-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Д.Б-нд олгосон 000651607 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлагыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газрын албанд тус тус холбогдуулан гаргасан бөгөөд хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч бөгөөд төрийн өмчийн газрыг эзэмшихээр мөн хуулийн 31, 32 дугаар зүйлд заасан журмын дагуу гаргасан иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр 21, 33 дугаар зүйлд зааснаар эрх бүхий этгээд болох тухайн шатны Засаг дарга эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж, 23, 34 дүгээр зүйлд зааснаар Газрын алба гэрчилгээ олгож, гэрээ байгуулах ба 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. Энэ нь өөрийн эзэмшил газраас илүү хашаалахад мөн хамаарахыг тэмдэглэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Д.Б-ын ээж Л-ын Ц нь 2016 оны 5 дугаар сарын 14-нд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын 90-1302в тоот хаягт байрлах 2013 оноос оршин сууж буй гэх газрыг өмчлөх хүсэлтээ гарган тус хорооны Засаг дарга түүний өргөдөл дээр “оршин суудаг газраа эзэмших хүсэлтийг нь уламжлан” цохолт хийж, “К л” ХХК-иар 2016 оны 5 дугаар сарын 13-нд үйлдүүлсэн 700 м.кв газрын кадастрын зургийг нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актын хамт хавсарган дүүргийн Газрын албанд гаргаснаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/497 дугаар захирамжаар түүнд хүсэлт гаргасан байршил хэмжээгээр нь буюу Согоотын 90-1302в тоот хаягт 700 м.кв газар эзэмшүүлж, 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 000851607 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газрыг мэдээллийн санд нэгж талбарын 18640315381848 дугаарт бүртгэжээ.
Мөн гуравдагч этгээд Д-ын Б нь “тус хорооны Согоотын 79-1113 тоот газрыг эзэмших” хүсэлтээ 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хорооны Засаг даргаар уламжлуулан “К л” ХХК-иар 2016 оны 4 дүгээр сарын 30-нд үйлдүүлсэн 113 м.кв газрын кадастрын зургийг нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актын хамт хавсарган дүүргийн Газрын албанд гаргаснаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын мөн дээрх захирамжаар буюу 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/497 дугаар захирамжаар түүнд хүсэлт гаргасан байршил хэмжээгээр нь буюу Согоотын 79-1113 тоот хаягт 113 м.кв газар эзэмшүүлж, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 000632017 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газрыг мэдээллийн санд нэгж талбарын 18640315359864 дугаарт бүртгэжээ.
Харин нэхэмжлэгч Д.Б нь маргаан бүхий газрыг засч тэгшилэн 2005 оноос ээж, ах дүү нарын хамт амьдарч байгаа гэх боловч ийнхүү ээж Л.Ц нь 2016 онд 700 м.кв газар эзэмших хүсэлт гарган эзэмшсэнээс өөрөөр Д.Б Газрын тухай хуульд заасан зохих журмын дагуу газар эзэмших хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргаагүй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч Д.Б нь 2015 оны 10 дугаар сарын 13-нд газар эзэмших хүсэлтээ хорооны Засаг даргаар уламжлуулахаар гаргасан гэх боловч хорооны Засаг дарга “түр хойшлуулав” хэмээн цохсоныг Газрын тухай хуульд заасан зохих журмын дагуу газар эзэмших хүсэлтээ гаргасан гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл эрх бүхий этгээд болох дүүргийн Газрын албанд ямарваа хүсэлт гаргаагүй байна.
Нэгэнт нэхэмжлэгч Д.Б нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ Газрын тухай хуульд заасан зохих журмын дагуу эрх бүхий этгээдэд гаргаж байгаагүй тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/497 дугаар захирамжаар Д.Б-д газар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/497 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн ээж Л.Ц-д эзэмшүүлсэн 700 м.кв газар болон гуравдагч этгээд Д.Б-д эзэмшүүлсэн 113 м.кв газар нь хоорондоо давхцалгүй бөгөөд Л.Ц нь эзэмшил газрынхаа хэмжээг хэтрүүлэн 922 м.кв газар хашаалсан, ийнхүү хэтрүүлэн хашаалсан талбай нь Д.Б-д эзэмшүүлсэн газартай 102 м.кв-аар давхцалтай болох нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5921 дүгээр захирамжаар томилогдсон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/173 дугаар дүгнэлтээр тогтоогдсон, энэ үндэслэлээр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1813 дугаар шийдвэрээр давхцалтай газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн байдаг.
Д.Б-д олгосон 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 000632017 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд газар эзэмшүүлсэн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/497 дугаар захирамжийн огноог “2016 оны 8 дугаар сарын 01” гэж алдаатай бичсэн болохоо хариуцагч хүлээн зөвшөөрсөн, үүнийг хариуцагч зөвтгөх боломжтойн дээр түүний газар эзэмших өргөдөлд бичигдсэн хорооны Засаг даргын тодорхойлолтын гарын үсэг тус хорооны Засаг даргынх мөн эсэхийг Газрын алба шалгах үүрэггүй, хорооны Засаг даргын үүргийг орлон гүйцэтгэх эрхгүй этгээд ийнхүү гарын үсгийг хуурамчаар зурж, тамгыг ашигласан гэж үзвэл энэ асуудлыг эрх бүхий байгууллагад хандан шалгуулах нь зүйтэй, энэ талаар Захиргааны хэргийн шүүх харьяалан дүгнэхгүй.
Түүнчлэн газар эзэмшүүлсэн шийдвэрийг эрх бүхий Засаг дарга гаргасны дагуу газар эзэмшигч хүсэлт гаргаснаар уг захирамжийг үндэслэн Газрын алба газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ бичиж олгох бөгөөд эрхийн гэрчилгээний дугаар тухайн захирамжийн хавсралт дахь дарааллаар байхыг шаардахгүй, газар эзэмшигчийн гаргасан хүсэлтээр гэрчилгээ бичигдсэн дарааллаар дугаар олгогдон гарах тул Л.Ц-д болон Д.Б-д олгогдсон гэрчилгээний дугаарлалт хол зөрүүтэй гэх нь гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэл болохгүй.
Нэхэмжлэлийн шаардлагын бас нэгэн үндэслэл болж буй хаягжилтыг Газрын алба хариуцан гүйцэтгэдэггүйн дээр уг хаягжилтын үнэн зөвийг хянах үүрэг хүлээхгүй.
Иймд дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн Д.Б-д газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ бичиж олгосон дүүргийн Газрын албаны үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4.2, 27 дугаар зүйлийн 27.4, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/497 дугаар захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Д.Б-д олгосон 000651607 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА