Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01196

 

    Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаар магадлалтай,

Ц-гийн нэхэмжлэлтэй,

“А” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 4.500.000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Г.Буяндэлгэр, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ринзаан нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хулан, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 08 дугаар сард А ХХК-ийн салбар Комфорт зочид буудлын үйлчилгээний менежерээр ажилд орсон. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 17-нд ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. Намайг ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэж халсныг зөвшөөрөхгүй. Би залуу хүн цаашдаа зөндөө ажил хөдөлмөр эрхэлнэ. Би хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар хоёр сар хэлж байж хүний нөөцийн менежер Нарантуяатай гэрээ байгуулж сарын цалинг 1.500.000 төгрөгөөр тогтсон. Иймд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/3/249 тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4.500.000 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.                                                

Хариуцагч “А” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Ц- 2017 оны 08 дугаар сарын 10-нд Зочид буудлын үйлчилгээний менежерийн албан тушаалд томилогдож хурлын зөвлөлийн гишүүн болсон. Ц- нь Компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны стандарт тодорхойлолтод заагдсан ажил үүргээ удаа дараа, олон удаагийн үйлдлээр бүрэн хангалттай биелүүлж чадахгүй байгааг захирлын шуурхай зөвлөгөөнөөс удаа дараа анхааруулж, аргачилсан зөвлөмж өгч ажилласан боловч ажлаа сайжруулахгүй, ажилчиддаа ажлын шаардлага тавьж арга хэмжээ авахуулахгүй дутагдалтай эвлэрч байсан ньтогтоогдсон. Ц- нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дэд захирал Г.Буяндэлгэртэй хөдөлмөрийн гэрээ байгуулж 750.000 төгрөгөөр цалинг тохиролцсон. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй  гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц-гийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4,500,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц-г А ХХК-ний салбар Комфорт зочид буудлын үйлчилгээний менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 97 хоногийн цалин, түүнтэй тэнцэх олговор 2.609.419 төгрөгийг хариуцагч А ХХК-аас гаргуулж Ц-д олгож, түүний эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогч А ХХК-д даалгасугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Ц-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Буяндэлгэр, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ринзаан нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 сарын 26-ны өдрийн 28 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Ц-г “А” ХХК-ны Комфорт Зочид буудалд менежерүүдийн ярилцлагад оруулж, 2017 оны 8 сарын 10-ны өдрөөс 1 сарын туршилтын хугацаатайгаар ажиллуулж 2017 оны 9 сарын 1-нд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ц- нь сурсан мэдлэг, боловсролын түвшинд ажлаа гүйцэтгэх чадваргүй, өгсөн зааварчилга, хугацаатай өгсөн үүрэг даалгавар, зөвлөмжийг биелүүлэхгүй, зочдоос гаргасан гомдол шүүмжлэл, өглөө бүрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн 24 үүрэг даалгаврын биелэлт, чанарын удирдлагын тогтолцоо-шаардлага МNS ISO 9001:2015 монгол улсын стандартыг нэвтрүүлэхээр явуулж буй сургалт, ажил дүгнэж, цалинжуулах КРI үнэлгээ нь 75-аас дээш биелэгдэж үнэлэгдэхгүй байсан зэргийг өдөр бүрийн шуурхай зөвлөгөөнөөс анхааруулаад байхад өөртөө болон ажлын гүйцэтгэл, зочдоос гаргаж байгаа санал шүүмжлэлд дүгнэлт хийж ажиллахгүй байсан. Зочид буудлын 3 одны зэрэглэлийн шалгалтад бэлтгэх ажлын хэсгийг ахалсан боловч ямар ч ажил хийгээгүй, өдөр бүрийн дотоод хяналтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж дараа өдрийн шуурхай зөвлөгөөнд танилцуулдаггүй, ажлаас халах тухай сануулж байсан зэрэг нь захирлын зөвлөлийн хуралдаанаар удаа дараа хангалттай тогтоогдож байсан, Ц- өөрөө Захирлын зөвлөлийн гишүүн тул 2017 оны 10 сарын 17-нд ажлаас чөлөөлсөн болно. Давж заалдах шатны шүүх тус комлани 2017 оны 9 сараас эхлэн МNS ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоо-шаардлага стандартын дагуу хөтлөгдөж ажил дүгнэгдэж цалинг олгох үндэслэл болгодог КРI гүйцэтгэлийн үнэлгээ, уг үнэлгээний дагуу цалин олгосон баримт, өдөр тутмын дотоод хяналтын мэдээллийг эргэлзээтэй, ажилтан ажилдаа тэнцэх эсэхийг тогтоодог эрх бүхий байгууллагын журам хэрэгт авагдаагүй гэсэн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Ц- нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...ажил үүргээ удаа дараа хангалттай биелүүлж чадаагүй” гэсэн тайлбар гаргаж маргажээ.

Ажил олгогч нь 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдөр Б/3/249 дүгээр тушаал гаргаж, нэхэмжлэгчийг үйлчилгээний менежерийн ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах заалтыг үндэслэл болгожээ /хэргийн  16 дугаар тал/.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох болон аттестачиллын комиссын дүгнэлт, шийдвэрээр тогтоогдсон байх бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй,  энэ тохиолдолд нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл бүрдсэн гэж үзэхгүй.

Нөгөө талаар дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд мөн зүйлийн 40.5-д заасны дагуу нэг сарын өмнө ажилтанд мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлснээ  нотолж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасантай нийцжээ.   

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн гомдлоор магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн  төлөөлөгч Г.Буяндэлгэр, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ринзаан нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ