Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01575

 

 

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01575

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 16 дугаар байрны 11 тоотод байрлах Бичил бизнес бичил 12 ХЗХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 17 дугаар байрны 64 тоотод оршин суух Боржигон овогт Улаанхүү овогтой Цэцэгээд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 967.210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Бичил бизнес бичил 12 ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай хоршоо У.Цэцэгээгийн хүсэлтийн дагуу Гар утасны худалдаа-ны төсөлд нь зориулж, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 2014/23 тоот Зээлийн гэрээ байгуулан, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөгийг, сарын 1.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.

У.Цэцэгээ зээлийн барьцаанд 2010 онд худалдан авсан сервантаа 3 сая төгрөгөөр үнэлж тавьсан ба зээл авснаасаа хойш 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл үндсэн зээлд 743.527 төгрөгийн төлбөрийг хийхдээ зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хийгээгүй, зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дууссан.

2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 756.472 төгрөг 93 мөнгө, зээлийн хүү 163.398 төгрөг 15 мөнгө, алданги 16339 төгрөг 82 мөнгө, нийт 936.210 төгрөгийн үлдэгдэлтэй болсон боловч түүнээс хойш зээлийн эргэн төлөлтийг огт хийхгүй байгаа болно.

У.Цэцэгээ бизнес удирдлага, эдийн засагчийн мэргэжилтэй, банк, санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааг дээд зэргээр мэдэх боловсролтой, зээлийн эргэн төлөлт саатвал тухайн байгууллагад ямар хохирлууд гаргахыг бусад гишүүдээс сайн мэдэх хүн. Тогтмол цалинтай боловч тэрээр төлбөрөө хийх талаар ямар ч санаачлага гаргахгүйгээр үл барам төлбөрөө хийх сонирхолгүй байгаа нь 2016 онд төлбөрийн Шаардах хуудас-ыг 21 хоногийн хугацаатай 3 удаа өгсөн боловч эргэн төлөлт хийгээгүй.

Иймээс У.Цэцэгээгээс үндсэн зээлд 756.472 төгрөг, зээлийн хүүнд 163.398 төгрөг, алданги 16.339 төгрөг, нийт 936.210 төгрөг болон нотариатын төлбөр 31.000 төгрөг, нийт 967.210 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч У.Цэцэгээ шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Бичил бизнес бичил 12 ХЗХ-оос нэхэмжилж байгаа 967.210 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Бичил бизнес бичил 12 ХЗХ, хариуцагч У.Цэцэгээд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 967.210 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор 967.210 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Бичил бизнес бичил 12 ХЗХ, хариуцагч Боржигон овогт Улаанхүүгийн Цэцэгээд холбогдуулж, зээлийн гэрээний үүргийн биелэлт 967.210 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27019 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 13509 төгрөг 5 мөнгийг улсын төсвөөс, хариуцагч У.Цэцэгээгээс улсын тэмдэгтийн хураамж 13509 төгрөг 5 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

  1. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА