| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 101/2015/08947/и |
| Дугаар | 141 |
| Огноо | 2017-01-27 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 141
| 2017 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 182/ШШ2017/00241 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн, 15 дугаар хороо, Хурд хороолол 6Е байрны 76 тоотод оршин суух Цэнбэнгийхэн овогтой Чимэдийн Батаа /РД:ЧН43030117/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, Бодь цамхаг, Жигжиджавын гудамж 3, Бодь цамхагт байрлах, “Бодь даатгал” ХХК /РД:2088606/-д холбогдох,
Нөхөн төлбөр олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэнэтийн осол болон гэнэтийн өвчлөлийн улмаас үүдэн гарсан эмчилгээний төлбөрт төлсөн 8,092 евро буюу 16,497,087 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Батаа, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хаш-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Батаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Би 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ХБНГУ-ын Элчин сайдын яаманд зохих журмын дагуу виз мэдүүлэн, улмаар визээ гаргуулаад охиныхоо урилгаар явсан.
Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэнэт өвдөлтийн шоконд орж ухаан алдаж унасан бөгөөд хүмүүсийн тусламжтайгаар ХБНГУ-ын эмнэлэгт очиж үзүүлсэн.
2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 4 хоног эмчлүүлээд мэс засал хийлгүүлээд эмнэлгээс гарсан. Эмчийн хяналтад байж байгаад 2015 оны 3 дугаар сарын 07-ны өдөр эмнэлэгтээ очиж оёдлоо авахуулсан. 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр даатгалын өргөдлөө “Бодь даатгал” ХХК-д гаргаж өгсөн.
Шалтгаан нь би эрүүл мэндийн бөгөөд бие эрүүл мэндийн гэнэтийн ослын даатгалыг хийлгээд мөнгө төлөөд явсан. Даатгалын гэрээг судалж байхад гэнэтийн ослын буюу яаралтай эмчилгээ хийлгүүлсний зардлыг төлнө гэж заасан байсан.
“Бодь даатгал” ХХК-иас тухайн үед уриалагханаар хандаж, миний бүх материалыг 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээж авч, Баасансүрэн гэдэг эмэгтэй хүлээн авлаа гээд гарын үсэг зурсан. Ингээд “Бодь даатгал” ХХК-иас миний бүх баримтуудыг герман хэлнээс орчуулуулаад хүлээн авсан.
Удалгүй “Бодь даатгал” ХХК-ийн хуулийн зөвлөх Даваасүрэн надтай уулзсан бөгөөд танд эрүүл мэндийн даатгалын төлбөрт 10,000,000 төгрөг өгчихвөл болох уу гэхэд нь би тийм мөнгө авахгүй, би наймаалцахгүй, та нар ном журам, хуулийнх нь дагуу мөнгө өгчих гэж хэлсэн.
Тэгэхэд та тэгвэл явж бай гэж хэлсэн. Дараа нь дахиад намайг дуудаж уулзаад 4,000,000 төгрөг өгчихье, ингээд наймаалцъя гээд байсан. Тэгэхээр нь би яагаад дандаа ингэж байдаг юм бэ, чи намайг дарамталж байна даргатай чинь уулзъя гэхэд оруулахгүй, хамгаалалтын ажилтан нь намайг хөөж гаргасан.
Ингээд би 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр би Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасан. Яагаад гэвэл Санхүүгийн зохицуулах хороо нь “Бодь даатгал” ХХК-д тусгай эрх зөвшөөрлийг олгодог байгууллага юм билээ.
Мөн Эрүүл мэндийн яаманд цөсний хагалгаа нь гэнэтийн осол мөн үү, яаралтай мэс засал мөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар өргөдөл гаргасан. 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр буюу 30 хоногийн дараа Эрүүл мэндийн яамнаас хариу ирсэн.
Тэгэхдээ мэс заслын шинжээчийн дүгнэлт гаргуулахаар салбар хороондоо явуулсан байдаг. Ингээд мэс заслын шинжээчийн салбар зөвлөлийн доктор Амгалан дүгнэлтийг гаргаж цөсний хагалгаа нь яаралтай мэс засал мөн, энэ нь гэнэтийн өвчлөл мөн гэж дүгнэсэн байдаг.
Санхүүгийн зохицуулах хорооноос мөн 30 хоногийн дараа хариу өгсөн бөгөөд “Бодь даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарын гарын үсэгтэй албан бичгүүдийг солилцсон байдаг.
Санхүүгийн зохицуулах хорооноос таны асуудлыг судалж үзлээ, таныг хүндэтгээд 8,000,000 төгрөг өгье гэсэн байдаг. Энэ үеэр “Бодь даатгал” ХХК-ийн хуулийн зөвлөх Даваасүрэн намайг дуудаж уулзаж байсан боловч 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нөхөн олговор өгөхөөс татгалзаж байна гэсэн.
Тэгэхэд нь би буцаагаад баримтуудаа авч болох уу гэхэд нарийн бичгийн дарга эмэгтэй нь хагас дутуу өгснийг би аваад явсан. Ингээд би шүүхэд хандсан юм.
Анхан шатны шүүхээс миний асуудлыг хэлэлцээд нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. “Бодь даатгал” ХХК-иас давж заалдах гомдол гаргасан бөгөөд зохих баримтуудыг бүрдүүлэх ёстой гэж дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Ингээд дахин буцаж ирээд шүүхээс миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Би дахин давж заалдахад холбогдох баримтыг бүрдүүлэх үндэслэлээр анхан шатны шүүхэд буцаасан.
Үндсэндээ 2 жилийн турш 4 шүүх миний хэргийг шийдвэрлэсэн. Маргаад байгаа гол зүйл бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг хуурамчаар аялалын виз авч явсан гэдэг. Бас намайг мөнгөгүй байж ийм хэмжээний мөнгийг хэнээс авсан, худлаа ярьсан гэж гүтгэдэг.
О.Хаш-Эрдэнэ нь эмнэлгийн ажилтан биш учраас эмчийн дүгнэлт гаргах гэж оролдож янз бүрийн онош тавьж намайг архаг хууч өвчтэй гэдэг. Мөн миний төлбөрийн баримтуудыг үгүйсгэдэг.
Би уг нь төлбөрийн баримтуудаа эх хувиар нь “Бодь даатгал” ХХК-д өгөөд өөрөө хуулбарыг аваад дараа нь шүүхэд баталгаажуулж өгсөн. Мөн ХБНГУ-ын бар кодтой эмнэлгийн баримтуудыг үгүйсгээд байдаг. Бас О.Хаш-Эрдэнэ нь миний нийгмийн даатгалын цахим сан руу нэвтэрч намайг хаана яаж эмнэлэгт үзүүлсэн талаар судалсан байдаг.
Даатгалын гэрээнд архаг өвчтэй хүнд даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэж заасантай холбоотойгоор намайг архаг өвчтэй гээд миний хувийн нууц руу нэвтрэн орж Нэгдүгээр эмнэлгээс баримт гаргуулах гэж оролдлого хийсэн байдаг.
Би хөл гараа үзүүлээд, цусны шинжилгээ л өгч байсан юм. Миний тухайн үед үзүүлсэн баримт Нэгдүгээр эмнэлгээс зохих байдлаараа ирсэн байна. Уг баримтаар намайг архаг өвчтэй байсан гэдгийг нотлоогүй.
Мөн яаралтай мэс засал бол архаг өвчний ангилалд хамаарахгүй юм. Шүүхэд шинээр өгсөн стандарт нь архаг өвчнийг тодорхойлох стандарт биш юм. Ийм ийм архаг өвчинд цөсны хагалгаа орно гэсэн стандарт байдаггүй учраас би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Анагаах ухааны доктор Амгалан нь танд ХБНГУ-ын эмнэлэг яаралтай арга хэмжээ аваад амь насыг чинь аварсан байна гэж хэлдэг, би үүнд их баярладаг. Ер нь бол талууд дээрх зүйлс дээр мэтгэлцдэг юм.
Би үнэний төлөө, хүнд сурталыг арилгахын төлөө тэмцэж байгаа бөгөөд хохирол авах нь гол асуудал биш юм. Би төр засагт хариуцлагатай алба хашиж явсан учраас боломжийн тэтгэвэр авдаг, хүүхдүүд маань ажил төрөлтэй хүмүүс бөгөөд би үнэн шударга ёсны төлөө тэмцэж, зардлаа нэхэмжилж байгаа.
Би УИХ-ын гишүүн Л.Болдод өргөдөл бичсэн бөгөөд миний асуудлыг ойлгоод намайг хохиролгүй болгож өгнө гэж хэлсэн. Магадгүй Л.Болд нь “Бодь даатгал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч учраас цаагуураа татгалздаг байх гэж бодож байна.
Мөн хувьцаа эзэмшигч нь учраас сайн дурын даатгалыг албан журмын даатгал болгож хууль зөрчсөн байдаг. Нэг жилд 1,5 сая ам.долларын орлого олдог хирнээ нөхөн төлбөр олгочихъё гээд хүний төлөө ханддаггүй, хүнд сурталтай, баримт аваад дараад нуучихдаг.
Хамгийн сүүлд захирамж гарсны дараа хуулийг хүндэтгэхгүй, бичиг баримт нь эх хувиараа манайд байхгүй, Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн гэж хэлдэг. Харин шүүгч шуурхай арга хэмжээ авч баримтуудыг авсанд би их талархаж байна. Иймд би “Бодь даатгал” ХХК-иас 16,497,087 төгрөгийг нэхэмжилж байна.
Ингэхдээ мэс засал, эмчилгээ болон ор хоногийн зардалд 8,092 евро төлснийг тухайн үеийн Монгол банкны ханш болох 2,109.26 төгрөгөөр үржүүлж тооцсон" гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хаш-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Талуудын хооронд аялалын даатгал хийгдсэн тухайд маргаан байхгүй. Нэхэмжлэгч Ч.Батаа нь 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Бодь даатгал” ХХК-д хүсэлт гаргасан байдаг.
Нэхэмжлэгчийн зүгээс “Бодь даатгал” ХХК-ийг баримтуудыг нь бүрэн эхээр нь авлаа гээд гарын үсэг зурсан гэж хэлж байгаа боловч хавтас хэргийн 72 дугаар талд байгаа баримтаар материалыг даатгуулагчийн эхнэр авчирж өгсөн, М.Баасансүрэн гэсэн гарын үсэгтэй байдгаас биш эх хувиар гэсэн бичвэр байдаггүй.
Тухайн үеийн “Бодь даатгал” ХХК-ийн хуульчаар ажиллаж байсан Даваасүрэн болон нэхэмжлэгч Ч.Батаа нар хэд хэдэн удаа уулзсан байдаг бөгөөд баримтын бүрдүүлбэр, түүнтэй холбоотой зарим нэг нэмэлт нотлох баримт шаардсан байдаг.
Даатгалын гэрээний хавсралтын бүрдүүлэх бичиг баримтанд өргөдөлд хавсаргах зүйлс байгаа бөгөөд эмчилгээний төлбөр төлсөн баримт, нэхэмжлэлийн эх хувь, баталгаажуулсан албан ёсны хуулбар гэж байхад эдгээр баримтуудыг гаргаж өгөөгүй байдаг. Тэгээд өөрийнх нь ярьж байсан үйл фактууд зөрсөн учраас нэмэлт баримт шаардахад авч ирж өгөөгүй байдаг.
Тухайн үед хүнээс мөнгө зээлээд төлбөрөө төлсөн гэдэг бөгөөд хуулийн зөвлөх Даваасүрэн нь түүнд 8,000,000 төгрөг өгье гэж хэлэхэд Ч.Батаа гуай болон түүний эхнэр зөвшөөрөөд тохиролцсон. Ингээд ойлголцсон байтал Ч.Батаа гуай гармагцаа Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл өгснөөр маргаан үүссэн.
Ер нь бол аялалаар явсан хүний цөс чулуужиж хагалгаанд нь орсон “Бодь даатгал” ХХК-ийн хувьд анхны тохиолдол учраас туршлага байгаагүй. Санхүүгийн зохицуулах хорооноос талуудын тайлбарыг аваад энэ нь архаг хууч өвчин байна, энэ нь аялалтын даатгалд хамаарахгүй гэсэн бичгийг өгдөг.
Хууль зүйн үндэслэлийн хувьд аялалын даатгал нь тухайн бүс нутагт аялаж байхдаа гэнэтийн осол, гэнэтийн өвчлөлийн улмаас тухайн хүнд яаралтай тусламж хэрэг болвол даатгах асуудал бөгөөд гэнэтийн бус шалтгааны улмаас бол даатгадаггүй.
Нэгдүгээрт ямар ч хүн даатгал хийлгүүлж болох бөгөөд тухайн үед тэр хүний биеийн байдлыг харгалзаж үзэхгүй ба шууд л тэд хоног тийшээ явна гээд гэрээгээ байгуулдаг. Гол судалгаа нь тухайн очих гэж байгаа бүс нутгийн эрсдэл дээр л явагддаг.
Ерөнхийд нь даатгалын бүсийг 3 хуваадаг бөгөөд ХБНГУ нь Нэгдүгээр бүс буюу хамгийн эрсдэл багатайд ордог учраас даатгалын хураамж нь бага байдаг. Нэхэмжлэгч нь сайн дурын даатгалыг албан журмын даатгал болгосон гэж өнөөдрийн болоод өмнөх хурлуудад ярьдаг.
Гэхдээ энэ нь сайн дурын даатгал хэвээрээ байгаа Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 356 дугаар сайн дурын даатгалыг шинэчлэн батлах тухай тогтоолоор аялалын даатгал багтаж байгаа гэдгийг хэлмээр байна.
Хоёрдугаарт өвчтөн өвчилсөн түүх, онош, түүндээ ямар эмчилгээ хийлгэсэн нь манай улсын эмнэлгүүдэд үлддэггүй бөгөөд зөвхөн өвчтөнд үлддэг. Бид нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг түүний хувийн нууцад халдаагүй бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын нээлттэй цахим хуудсанд хандсан.
Өмнө нь ямар нэгэн өвчин эмгэг үзүүлж байгаагүй гэж Ч.Батаа гуай тайлбар хэлдэг байсан боловч үзүүлж байсан тэмдэглэгээ гарч ирсэн юм. Ингээд бид шүүгчийн захирамжаар энэ тухай мэдээллийг гаргуулахаар болж байсан.
Ингээд хавтаст хэргийн 156 дугаар тал болон сүүлд шинээр уг баримт ирсэн байгаа бөгөөд элэг цөсний кабинетад ЭХО-д үзүүлж байсан нь тодорхой харагддаг.
Би архаг өвчинийг тогтоохгүй гэсэнгүй, харин 2010 онд батлагдсан MNS6089:2010 гэсэн стандартыг бүх эмнэлгийн байгууллага дагаж мөрддөг бөгөөд уг стандартын 8.3-т зааснаар ЭХО-д энэ дарааллын дагуу үзлэг хийдэг байгаа юм.
Ч.Батаа гуай бол эхэндээ эмнэлэгт үзүүлээгүй гэж байсан бол сүүлдээ өөр өвчин үзүүлсэн гэж хэлэх болсон. Гэхдээ өвчний оношоо өгчих гэхээр тийм онош өгөөгүй гэж маргадаг. Мөн 2010 оны MNS6090:2010 гэсэн стандартын 5 дугаар зүйлд заасны дагуу дүгнэлт бичих ёстой бөгөөд дүгнэлтгүйгээр эмнэлгээс өвчин үзнэ гэж байхгүй гэдгийг та бүгд мэднэ.
Тэр дундаа Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн хувьд эмнэлгийн төлбөрийг нийгмийн даатгалын сангаас санхүүжүүлсэн баримт байдаг. Тэгэхээр үүнд худал яриад байх шаардлага байхгүй юм. Нэхэмжлэгчийн хувьд оношоо үзүүлээд надад цөсний чулуу байхгүй, архаг хууч өвчин байхгүй гээд баримтаар нотлох ёстой.
Гэтэл өнөөдрийг хүртэл надад тийм юм байхгүй гэж зүтгэдэг. Харин 8,092 евро төлсөн тухайд хавтаст хэргийн 176 дугаар талд 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Бодь даатгал” ХХК-д төлбөр төлсөн баримтыг эх хувиар гаргаж өгсөн гэдэг.
Гэхдээ “Бодь даатгал” ХХК авчихаад буцааж өгөөгүй гэж нэхэмжлэгч өөрөө хэлдэг хирнээ үүний өмнөх шүүх хуралдаан дээр 7 дугаар сард уг баримтыг буцааж өгсөн гэж хэлж байсан.
Тэгэхээр хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд уг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байдаг бөгөөд үүн дээр 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр уг баримтыг эх хувиас хуулбарлав гэсэн нотариатчийн тэмдэг, тамга байдаг.
Бидэнд 2015 оны 3 дугаар сард өгсөн юм бол 2915 оны 8 дугаар сарын 11-ний өдөр уг баримт яаж нотариат дээр гэрчлэгдсэн юм бэ. Бид өнөөдрийг хүртэл уг баримтын эх хувийг нэхэмжлэгчээс шаардаад авч чадаагүй. Шүүгч С.Энхбаяр анх хэргийг хянан шийдвэрлэж байхдаа манайд өгсөн нэхэмжлэгчийн өргөдлийг бүгдийг татуулсан бөгөөд манайд өгсөн хуулбар баримтууд хэрэгт байдаг.
Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар 2015 оны 8 дугаар сард гэрчлүүлсэн нь үнэн юм бол одоо бидэнд яагаад эх хувийг гаргаж өгч болдоггүй юм. Тэгээд төлсөн баримт байгаа боловч юуны төлбөр нь тодорхойгүй байдаг.
Нотариат хуурамч үйлдэл үйлдсэн, эсвэл Ч.Батаа гуай хуурамч баримт бүрдүүлсэн болж таарч байгаа юм. Харин уг 8,092 евронд юу, юу багтсан тухай баримтын хуулбар хувиас орчуулсан баримт хууль зүйн шаардлага хангахгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бичгийн баримтыг эх хувиар, хуулбарыг хувийг нотариатаар гэрчлүүлсэн байх, монгол хэлээр байх гэсэн 3 шаардлагыг тавьдаг.
Эдгээрийн аль ч шаардлагыг хангахгүй байгаа учраас Ч.Батаа гуайн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдохгүй байна. Бид нэхэмжлэгчийн өөрийн өгсөн баримтуудыг үндэслэн тайлбар хэлж байгаа юм. Бидний ойлгож байгаагаар түүний цөснөөс 3 см хэмжээтэй чулуу гарсан.
Өөрөөр хэлбэл 8-10 см хэмжээтэй цөсний хүүдий байхад тэнд 3 см хэмжээтэй чулуу байгаа нь ЭХО-д үзүүлэхэд илрээгүй, үнэхээр байгаагүй юм бол дүгнэлт нь байх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд хөл өвдсөн учраас эмнэлэгт үзүүлсэн гэж хэлчихээд огт өвчний түүх байхгүй гэхээр гайхаж байна.
Тэгэхээр тухайн үед Нэгдүгээр эмнэлэгт үзүүлж байсан хирнээ огт баримт байхгүй гэж байгаа нь стандарт мөрдөлгүй оношлогоо шинжилгээ хийсэн байхад нийгмийн даатгалын сангаас төлбөр төлсөн байна гэсэн логик дүгнэлт хийхэд хүрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна" гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Батаа нь нөхөн төлбөр олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэнэтийн осол болон гэнэтийн өвчлөлийн улмаас үүдэн гарсан эмчилгээний төлбөрт төлсөн 8,092 евро буюу 16,497,087 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч "Бодь даатгал" ХХК-нд холбогдуулан гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй цөсний чулуу бол гэнэт үүсдэг зүйл биш учраас даатгалын тохиолдолд хамаарахгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Ч.Батаа нь ХБНГУ-руу явах зорилгоор 2015 оны 02 дугаар сарын 15-наас 2015 оны 3 дугаар сарын 26-ныг хүртэл хугацаатай "даатгалын тохиолдол гэж үзэх нөхцөл болон нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл"-ийг харилцан тохиролцсон даатгалын гэрээг хариуцагч "Бодь даатгал" ХХК-тай байгуулж, даатгалын хураамжид 45 ам.доллар төлсөн болох нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, зохигчдийн тайлбараар тогтоогдлоо.
Нэхэмжлэгч Ч.Батаа нь нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ХБНГУ-д байх үедээ бие нь гэнэт муудаж түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн, улмаар цөсний чулуу авахуулах мэс заслын хагалгааг яаралтай хийлгэхэд гарсан зардал болон эмнэлгийн төлбөрт 8,092 евро төлсөн, мөн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №15 дугаартай "Мэс заслын мэргэжлийн салбар зөвлөл"-ийн дарга, ерөнхий мэргэжилтэн Л.Амгалангийн гаргасан дүгнэлт зэргийг үндэслэн талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсон гэж тайлбарласан.
Даатгалын гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь нөхөн төлбөрөө авахаар Монгол улсад ирсэн даруйдаа буюу 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр "Бодь даатгал" ХХК-д хандаж өргөдлөө өгснийг тус компанийн ажилтан М.Баасансүрэн "2015 оны 3 дугаар сарын 17-нд материалыг даатгуулагчийн эхнэр авчирч өгсөн" гэж бичиж хүлээн авчээ.
Хариуцагч "Бодь даатгал" ХХК нь нэхэмжлэгчийн материалыг хүлээж аваад тодорхой хугацаанд хариу өгөөгүй байх тул нэхэмжлэгч Ч.Батаа нь 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд хандсаны дагуу 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 9/2812 дугаартай албан бичгээр "... даатгуулагч нь ХБНГУ-д зорчиж байх үед гэнэт бие нь муудаж түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн, улмаар цөсний чулуу авахуулах мэс засалд орсон учир гэрээнд заасны дагуу “гэнэтийн өвчлөл” гэж үзэх боломжгүй юм. Учир нь цөсний чулуу нь удаан хугацааны турш бүрэлдэн тогтдог бөгөөд даатгалын гэрээний даатгалд хамаарахгүй хэсгийн 1-д “урьд өмнө мэдэгдэж байсан архаг хууч өвчин учир нөхөн олговор олгох боломжгүй” гэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна" гэжээ.
Хариуцагч "Бодь даатгал" ХХК нь нэхэмжлэгч Ч.Батаад 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 03/720 дугаартай албан бичгээр "...гэнэтийн өвчлөл гэж үзэх боломжгүй, ... архаг хууч өвчин гэдэгт хамаарч байх тул Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасан даатгагч даатгуулагч нарын хооронд тохирсон болзол бүрдээгүй, даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан..." гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан байна.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 431.2-т "даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас эрүүл мэнд ..." байна гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болсон "Берлин хот 2015.02.27 эмнэлгийн тайлбарт "...Чимэдийн Батаа нь 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр аарцаг болон цээжний хооронд гэнэтийн хурц өвдөлтэйгөөр хүргэгдэн ирж үзүүлсэн. Онош: Цөсний чулуу эхо үзлэгээр энэхүү онош батлагдсан. Иймд бид даруй "яаралтай мэс засал" хийх шийдвэр гаргаж шаардлагатай бүх шинжилгээнүүдийг хийсэн. Ноён Батааг 2015.02.26-нд эмнэлэгт хүлээн авсан. 2015.02.27-ны өдөр мэс засал хийсэн" гэсэн герман хэлнээс орчуулсан орчуулгын үнэн зөвийг баталсан нотариатаар гэрчлүүлсэн баримтыг мөн 1159330 дугаартай "мөнгө бэлнээр төлсөн" гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна” мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Ч.Батаагаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн буюу хэрэгт авагдсан ХБНГУ-д яаралтай мэс засал хийлгэсэн, эмчлүүлсэн талаарх баримтууд хуулийн дээрх шаардлагыг хангаагүй тул шүүх үнэлэх боломжгүй юм.
Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 8,092 евро төлсөн талаарх герман хэл дээрх баримтын хуулбарын үнэн зөвийг нотариатаар батлуулж хуульд заасан шаардлагыг хангасан байх боловч, албан есны орчуулга хийлгэж, орчуулгын үнэн зөвийг батлуулаагүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Германы эмч нар зөвхөн гарын үсгээ зурж баримтыг баталгаажуулдаг гэж тайлбарласан боловч дээрх баримтууд нь хуулбар төдийгүй, нэхэмжлэгч уг баримтыг эх хувиар нь дахин бүрдүүлэх боломжгүй гэж тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д "нотлох баримтыг гаргах, цуглуулах талаах хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй" гэж заасан учраас дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ч.Батааг ХБНГУ-д яаралтай мэс заслын хагалгаа хийлгэж эмчлүүлсэн, даатгалын гэрээний тохиолдол үүссэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй" болохыг тодорхойлсон байдаг бөгөөд нэхэмжлэгч Ч.Батааг энэхүү үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Ийм учраас хариуцагч “Бодь даатгал” ХХК-д холбогдох нөхөн төлбөр олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэнэтийн осол болон гэнэтийн өвчлөлийн улмаас үүдэн гарсан эмчилгээний төлбөрт төлсөн 8,092 евро буюу 16,497,087 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Батаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар хариуцагч “Бодь даатгал” ХХК-д холбогдох нөхөн төлбөр олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэнэтийн осол болон гэнэтийн өвчлөлийн улмаас үүдэн гарсан эмчилгээний төлбөрт төлсөн 8,092 евро буюу 16,497,087 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Батаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Батаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА