| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 240/2017/0148/э |
| Дугаар | 05 |
| Огноо | 2018-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 05
Ш.М, С.С нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор Д.Ганчимэг
Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхтөр
Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэл, хохирогч Н.*******, хохирогчийн өмгөөлөгч Н.Энхтөр нарын давж заалдах гомдлоор Ш.*******, С.******* нарт холбогдох 1729000650033 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ш.М., С.С. нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын *******-Овоо багийн нутаг дэвсгэр *******-******* гэх газарт иргэн Н.*******тай мал хөөсөн асуудлаар маргаж, улмаар хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар С.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.*******т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Ш.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.*******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.*******т оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд, тус бүр 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ш.*******аас 813260 төгрөг гаргуулж хохирогч Н.*******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4294120 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Н.******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ш.*******, С.******* нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цавууны төмөр сав 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.
Прокурор Д.Ганчимэг эсэргүүцэлдээ: Хохирогч Н.******* нь “Ш.*******, С.******* нар бүлэглэн зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тодорхой, тогтвортой мэдүүлдэг.
Дээрх гэмт хэргийн улмаас Н.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан даруй хэргийн газраас зугтан гэрч Э.*******ын гэрт очиж болсон асуудлын талаар ярьдаг.
Ш.*******, С.******* нар нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” атал шүүх шүүгдэгч нарын мэдүүлэгт хөтлөгдөн хэргийг буруу шийдвэрлэсэн байна.
С.*******г гэрчээр байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2, 3, 5, 6, 7 дугаар зүйлд заасан эрхийг тайлбарлаж эрх, үүргийг ойлгосон эсэхийг асууж, гарын үсэг зуруулсан атал “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхээ хэрэгжүүлэх эсэх талаар асууж тодруулаагүй гэсэн нь ойлгомжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд энэ талаар “заавал” асууж, тодруулах хуулийн зохицуулалт байхгүй болно.
Хохирогч Н.*******ийн “миний толгойны ар дагзруу болон дух, зүүн талын шанааруу С.******* хатуу зүйлээр олон удаа цохисон. Ш.******* бол гартаа чулуу /цавууны сав/ бариад баруун гараараа нүүр, хацар, шанааруу цохиж зодсон. Дээрх гэмтлүүдийг Ш.*******, С.******* нар учруулсан” гэж /ХХ-ийн 18-22 хуудас/ мэдүүлдэг ба Шүүхийн шинжилгээний албаны 218 дугаар шинжээчийн дүгнэлтэд “Н.*******ийн биед духны зүүн хэсэг, нүүр, хацарт шарх, толгойн зүүн тал болон хацар шанаагаар зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэсэн атал шүүх С.*******гийн цохисон үйлдлээс биеийн аль хэсэгт ямар гэмтэл учирсан, дээрх гэмтлээс аль нь болох талаар ялгаагүй гэсэн атлаа Ш.*******ыг дээрх гэмтлийг учруулсан гэж шууд дүгнэсэн нь учир дутагдалтай.
Шүүхийн 100 дугаартай шийтгэх тогтоол нь уг хэргийн бодит байдалд нийцэхгүй, хууль буруу хэрэглэж, шүүгдэгч С.*******д ял завшуулсан гэж үзэж байна.
Иймд Ш.*******, С.******* нарт холбогдох Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хохирогч Н.*******, хохирогчийн өмгөөлөгч Н.Энхтөр нар давж заалдсан гомдолдоо: “...Шүүхээс гэрч Н.Одгэрэл, Э.******* нарын мэдүүлэг нь С.*******г бусдын биед хөнгөн гэмтэл учруулах үйлдэл хийсэн талаар нотлоогүй гэж, мөн С.*******гийн цохисон үйлдлээс биеийн аль хэсэгт ямар гэмтэл учирсан, энэ нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 218 дугаар шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлээс аль нь болох талаар ялгаж мэдүүлсэн зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх байдлыг тодруулах ажиллагааг хийгээгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэргээс С.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Уг хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилсэн ба уг зүйлчлэлийн гол шинж нь бүлэглэн гүйцэтгэх бөгөөд энэ нь шүүгдэгч нарыг тус тусдаа хөнгөн гэмтэл учруулсан байхыг шаардахгүй.
Мөн шүүгдэгч Ш.******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй, учруулсан хохирлоо нөхөн барагдуулаагүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй байхад хохирол төлбөрийг барагдуулсан, үлдэх төлбөрийг төлөхөө илэрхийлсэн гэж үзэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож дүгнэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзэж байна.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Прокурор Д.Ганчимэгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд прокурорын эсэргүүцлээ гурван үндэслэлээр тайлбарлая гээд С.*******г Ш.*******тай бүлэглэж хохирогчийн биед гэмтэл учруулсан нь тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр С.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурьдсан. Хохирогч Н.*******ийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг байдаг. Миний толгойны ар дагз руу болон дух зүүн талын шанааруу С.******* хатуу зүйлээр олон удаа цохисон. Ш.******* бол гартаа чулуу болон цавууны сав бариад баруун гараараа нүүр, хацар, шанааруу цохиж зодсон. Дээрх гэмтлүүдийг Ш.*******, С.******* нар учруулсан гэдэг мэдүүлгийг үнэн зөв тогтвортой өгсөн. Шүүхийн шинжилгээний албаны 218 дугаар шинжээчийн дүгнэлтээр Н.*******ийн биед духны зүүн хэсэг, нүүр, хацарт шарх, толгойн зүүн тал болон хацар шанаагаар зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Гэмтлийн зэрэг тогтоох журмаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хохирогч Н.*******ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт хоёр хоорондоо тохирч байгаа. Шүүгдэгч Ш.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие харвалттай 50 гарсан настай хүн 30 гарсан идэр чийрэг залууг зодох хүч хүрэхгүй гэж мэдүүлсэн байгаа. Шүүгдэгч С.******* болохоор харвалттай эцгийгээ хэнч өмөөрнө. Эцгийгээ өмөөрч болохгүй юм уу гэж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн. Энэ талаар хавтас хэрэгт нотлох баримтууд авагдсан байгаа. С.******* 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ тодорхой ярьсан. С.*******г гэрчээр байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2,3,5,6,7-д заасан эрхийг тайлбарлаж өгөхөд өмгөөлөгч авах талаараа өөрөө хүсэлт гаргаагүй. Гэтэл шүүхийн тогтоол дээр өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг нь асууж тодруулаагүй гэсэн заалтыг бичсэн. Прокурорын зүгээс хуулинд заасан эрхийг нь тайлбарлаад өгөөд ойлгосон гэж байхад заавал давхар өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх талаар тайлбарлах шаардлагагүй байсан гэж үзсэн. С.*******гийн цохисон үйлдлээс биеийн аль хэсэгт ямар гэмтэл учирсан, дээрх гэмтлээс аль нь болох талаар ялгаагүй гэсэн атлаа Ш.*******ыг дээрх гэмтлийг учруулсан гэж шууд дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Гэтэл хохирогчид хэн гэмтэл учруулсныг шүүгч, улсын яллагч, мөрдөгч, өмгөөлөгч хуульчид тогтоох байтугай мэргэжлийн шинжээч эмч тогтооход эргэлзээтэй байгаа.
Яагаад гэвэл хохирогчийн толгойны нэг хэсэгт С.*******, Ш.******* хоёр хоёулаа цохисон байхад хэнийх нь цохилтоор гэмтэл учирсныг тогтоох боломжгүй. Шүүгдэгч С.******* Ш.******* нар нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар өөрийн болон гэр бүл, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх. Өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хийсэн хэргээ нотлох үүрэг хүлээдэггүй. Гэтэл шүүх шүүгдэгч нарын мэдүүлэгт хөтлөгдөж хэргийг буруу шийдвэрлэсэн гэж прокурорын зүгээс үзсэн. Энэ хэрэг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-р зүйлчилж хялбаршуулсан журмаар хэргийг шалгаж шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүхээс цагаатгах тогтоол эсвэл шийтгэх тогтоол нэртэй байна гээд шууд заасан. Гэтэл шүүхээс С.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Шүүхийн 100 дугаартай шийтгэх тогтоол нь уг хэргийн бодит байдалд нийцэхгүй хууль буруу хэрэглэж, шүүгдэгч С.*******д ял завшуулсан гэж үзэж байна. Иймд Ш.*******, С.******* нарт холбогдох Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхтөрөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэдэг үүднээс давж заалдах гомдлыг гаргасан. Нотлох баримтаар хангалттай нотлогддог. С.*******гийн цохисон үйлдлээс биеийн аль хэсэгт ямар гэмтэл учирсан, энэ нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 218 дугаар шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлээс аль нь болох талаар ялгаж мэдүүлсэн зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх байдлыг тодруулах ажиллагааг хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэргээс С.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч Ш.*******, С.******* нар бүлэглэж хохирогч Н.*******ийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Шүүгдэгч С.*******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа нь ял завшуулсан үйлдэл гэж үзэж байна. Шүүгдэгч Ш.******* нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөөгүй, учруулсан хохирлоо бүрэн барагдуулаагүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй байхад ялыг хөнгөрүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Энэ нь шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлсөн гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бичсэн 5/01 дугаартай эсэргүүцэл, хохирогч Н.*******, хохирогчийн өмгөөлөгч Н.Энхтөр нарын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-т “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэж заасан үндэслэл, нөхцөл байдал тогтоогдлоо.
Хавтас хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Н.*******ийг хүнд зодуулсан байдалтай байхыг харсан гэрч Н.Одгэрэл /хх-23/, хохирогчоос намайг ******* хүүхэдтэйгээ нийлээд зодчихлоо гэж хэлснийг сонсож мэдүүлсэн нь Э.******* /хх-24/ нарын мэдүүлгүүд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар буюу С.*******г бусдын биед хөнгөн хохирол учруулах үйлдэл хийсэн талаар нотлоогүй.
Мөн С.*******г гэрчээр байцаахдаа өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхээ хэрэгжүүлэх эсэх талаар асууж тодруулаагүй нь гэрчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, хохирогч Н.*******ийн “...миний толгойны ар дагз руу болон дух, зүүн талын шанаа руу С.******* хатуу зүйлээр олон удаа цохисон. Ш.******* бол гартаа чулуу бариад баруун гараараа нүүр, хацар шанаа руу цохиж зодсон. Дээрх гэмтлүүдийг Ш.*******, С.******* нар учруулсан гэж мэдүүлдэг боловч /хх-18-22/ С.*******гийн цохисон үйлдлээс биеийн аль хэсэгт ямар гэмтэл учирсан, шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлээс аль нь болох талаар мэдүүлсэн зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх байдлыг тодруулах ажиллагааг хийгээгүй гэсэн дүгнэлтүүдийг анхан шатны шүүхээс хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
С.******* нь Н.*******ийг цавууны саваар цохисон гэдэг нь хохирогчийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цавууны сав, шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байхад нэг цаг хугацаанд, нэг газар, хохирогчийн биед халдсан С.*******гийн үйлдлийг няцаасан үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд заагаагүй байна.
Анхан шатны шүүх С.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ш.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуульд заасан ял шийтгэл оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.
Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн гэж хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдол, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Ш.М, С.С нарт холбогдох 1729000650033 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Ш.М, С.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ
Х.ГЭРЭЛМАА