Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 595

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны “2” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “У” ХХК /РД:**/,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Гуравдагч этгээд: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар.

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/373 дугаар тушаалын “У с” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Ц.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Насанбаяр нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “ “У С” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаал, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2016/460 дугаар гэрчилгээний үндсэн дээр Богдхан уулын дархан цаазат газрын Богины ам нэртэй газарт 12.45 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байна. Манай компани нь орчин үеийн эрүүл ахуйн болон аялал жуулчлалын стандартыг бүрэн хангасан жуулчны бааз, нэг ээлжинд 80 хүн хүлээн авах чадалтай зоогийн газар, аюулгүй цана, чарга бүхий өвлийн амралт зугаалгын төв, Ази тивд хамгийн томд тооцогдох зуны усан гулсуур зэргийг ажиллуулж байна.

Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/373 дугаар тушаалаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалын 2 дахь хавсралтын “У С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. 

Уг тушаалын үндэслэлд “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсгийн “Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу байгальд ээлтэй зогсоол үйлчилгээний төвүүдийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулахыг дэмжинэ”, мөн Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоолоор батлагдсан Аялал жуулчлалын үндэсний хөтөлбөрийн 2.2.2-т “Аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлж, нутгийн иргэд болон тусгай хамгаалалттай газар нутагт түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх”,

4.6.2-т “Тусгай хамгаалалттай болон соёлын өвийн бүс нутгуудад аялал жуулчлалыг хөгжүүлэх” гэсэн зорилт дэвшүүлсний дагуу Нийслэлийн Монгол ардын намын “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Тусгай хамгаалалттай газруудад аялал жуулчлалыг төлөвлөлттэй, байгаль орчинд ээлтэй, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтад авсан зорилгыг алдагдуулахгүйгээр аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх зорилгоор Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд нийслэлийн ард, иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор...” гэжээ.

Энэхүү тушаал нь дараах хэд хэдэн үндэслэлээр хууль зөрчиж байна. Үүнд:

Нэг. 2017 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн А/373 дугаар тушаалаар газар ашиглах эрх олгосон захирамжийг хүчингүй болгохдоо манай компанид урьдчилан мэдэгдээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 26 дугаар зүйлийн 26.1 "Захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэсэн заалт буюу захиргааны байгууллага үйл ажиллагаандаа заавал удирдлага болговол зохих мэдэгдэх ба сонсгох зарчмыг зөрчиж байна. Уг зарчмын дагуу энэ тухай манай компанид урьдчилан мэдэгдэх, улмаар манай компаниас тодорхой тайлбар мэдээлэл авах ёстой байсан.

Хоёр. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх” түүнчлэн 40 дүгээр зүйлийн 40.2-т “бичгээр гаргасан захиргааны акт хэд хэдэн шаардлагыг хангасан байх”-аар зохицуулсан бөгөөд 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” шаардлагыг тусгажээ. Гэвч маргаан бүхий тушаалын үндэслэх хэсэгт “Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2 дахь хэсгийг тус тус үндэслэн...” гэснээс үзэхэд уг тушаалыг гаргах болсон “У с” ХХК-тай холбогдох бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг огт дурдаагүй байна. Энэ тохиолдолд маргаан бүхий тушаал нь алдаатай захиргааны акт болох юм.

Гурав. Манай компани Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2021 оны 07 дугаар сарын 07-ний өдөр хүртэл байгуулсан болно. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “төр түүний эрх бүхий байгууллага нь ... хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэжээ. Нөхөх олговор олгох журмыг Газрын тухай хуулиар зохицуулсан бөгөөд уг хуулийн 42 дугаар зүйлийн 42,3-т “Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна” гэж заасан. Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний хугацаа дуусахаас өмнө Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т заасан гэрээг байгуулаагүй хэрнээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 12 сарын 26-ны өдрийн А/373 тушаалаар нөхөх олговоргүйгээр буцаан авч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Дөрөв. “У т” ХХК боловсруулсан төслүүдээ бүрэн хэрэгжүүлэхийн тулд зарим талбайг ашиглах эрхээсээ татгалзаж, улмаар тус талбайг ашиглах эрхүүдийг “У т” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигчийн үүсгэн байгуулсан хуулийн этгээдүүд хууль тогтоомжийн дагуу авсан. Эдгээр хуулийн этгээдүүдийн нэг бол “У с” ХХК болно. Өөрөөр хэлбэл “У т” ХХК-ийн хууль ёсны эрх залгамжпагч нь “У т” ХХК юм. “У т” ХХК 2004 оноос 2016 оны хооронд хууль тогтоомжид заасан газрын төлбөрийг зохих ёсоор төлсөөр ирсэн. Түүнчлэн манай компани уг 12.45 га талбайд аялал жуулчлалын олон улсын стандартад нийцсэн хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр 3 тэрбум орчим төгрөг зарцуулсан бөгөөд үүний эскиз зураг зэргийг Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан байдаг. Ийнхүү 10-аад жилийн турш газрын төлбөрөө хууль тогтоомжийн дагуу төлж, үйл ажиллагаа явуулахаар хөрөнгө оруулсан байхад үндэслэлгүйгээр буцаан авч байгаа нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд харшлах үндэслэл болж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дээд шатны захиргааны байгууллага байхгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-д заасны дагуу шүүхэд нэхэмжпэл гаргаж байгаа болно. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19 тоот албан бичгийн дагуу бид 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр маргаан бүхий тушаалыг мэдсэн тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд дээрх хэд хэдэн үндэслэлээр манай компанийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/373 дугаар тушаалын “У с” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “У с” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/373 дугаар тушаалын “У с” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.

Анх “У т” ХХК нь Байгаль орчны сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд аялал жуулчлалын зориулалтаар 30 га газрын эрхийг авсан ба Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 15 дахь хэсгээр Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд 20.7 га газрын эрхээ цуцлуулж, өөрийн эзэмшлийн нэр бүхий компаниуд болох тушаалын 2 дугаар хавсралтын 77-д “А т” ХХК-д 1.53 га, 78-д “О ш” ХХК-д 1.6 га, 79-д “Э н” ХХК-д 1.2 га, 80-д “У э” ХХК-д 3.0 га, 81-д “У с” ХХК-д 12.45 га, 82-т “Ч т” ХХК-д 0.92 га газрын эрхийг шилжүүлсэн ба Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын холбогдох 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/40 дугаар тушаалаар “У т” ХХК-ийн 9.3 га газрын эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.2, Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 тоот саналыг тус тус үндэслэн цуцалсан.

“У т” ХХК нь улсад төлөх газрын төлбөрт нийт 1.226.158.500.000 төгрөгийг төлөөгүй ба өөрийн эзэмшлийн “У с” ХХК-д газраа шилжүүлэхдээ газрын төлбөрийг барагдуулаагүй, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3 дугаар зүйлийн 3.5 “Газар ашиглагч нь төслөө өргөтгөх, шинэчлэх тохиолдолд Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас зөвшөөрөл авч, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг дахин хийлгэнэ”, гэсний дагуу нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, мөн журмын 3.4 “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэснийг зөрчин хамгаалалтын захиргааны саналгүйгээр газар ашиглах эрх шилжүүлсэн, “У с” ХХК нь газар ашиглах гэрчилгээгээ тус яамнаас аваагүй, газар ашиглах гэрээгээ байгуулах үүргээ биелүүлэхгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу газрын төлбөр болон улсын тэмдэгтийн хураамжийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй тул газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Богдхан уулын дархан цаазат газарт “У с” ХХК-ийн газар ашиглах зөвшөөрлийг цуцлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ашиглуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэр гарсан билээ. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэж “У с” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангасан аливаа шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгааг үүгээр мэдэгдэж байна. Дээрх газарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт туссан “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэд олон нийтийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчныг байгуулахаар төлөвлөж байгаа болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “У с” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/373 дугаар тушаалын “У с” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Байгаль орчны сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд аялал жуулчлалын зориулалтаар “У т” ХХК-ийн ашиглах эрх авсан 30 га газрын 12.45 га талбайг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар “У с” ХХК-д ашиглах эрх олгож, улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ байгуулан, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 2016/460 дугаартай гэрчилгээ олгожээ .  

Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/373 дугаар тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.2 “тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” үндэслэлээр “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5, Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоолоор батлагдсан Аялал жуулчлалын үндэсний хөтөлбөрийн 2.2.2, 4.6.2, Нийслэлийн Монгол ардын намын “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор” Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалын “У с” ХХК-д газар ашиглах эрх олгосон хэсгийг хүчингүй болгож, уг газрыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт олгосон  байна. 

Нэхэмжлэгч тал “мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгээгүй, хуульд үндэслээгүй, газрыг нөхөх олговоргүйгээр буцаан авч байгаа нь хууль зөрчсөн, газрын төлбөр төлөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй” хэмээн маргаж, хариуцагч тал “газрын төлбөрөө төлөөгүй тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.2-т заасан хамгаалалтын горимыг зөрчсөн гэж үзэж газар ашиглах эрхийг цуцалсан гэж” тайлбарлажээ. 

“У с” ХХК-д газар ашиглах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэлээ хариуцагч нь ийнхүү “газрын төлбөр төлөөгүй” хэмээн тайлбарлаж байгаа ч “У с” ХХК-д хамааралтай газрын төлбөр төлөөгүй гэх баримт ирүүлээгүй ба “У т” ХХК газрын төлбөр төлөөгүй талаарх татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас, уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах талаарх нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг энэ хэрэгт хамаатуулан дүгнэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл “У с” ХХК нь Тусгай хамгааллаттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1, 2.2-т зааснаар Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай улсын тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах гэрээ байгуулснаар гэрээнд заасан газрын төлбөр төлөх үүрэг үүснэ. Энэ үүрэг үүссэнээс хойш тус компанитай хамааралтай газрын төлбөр төлөөгүй гэх баримт үгүй байна.

Иймээс тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах дэглэмийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн маргаан бүхий тушаалд баримталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аялал жуулчлалын үндэсний хөтөлбөр болон улс төрийн аливаа намын ямарваа нэгэн хөтөлбөр нь эрх бүхий этгээдээс олгосон тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцлах, дуусгавар болгох, эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох, хуулийн этгээдийн газар ашиглах эрхэд халдах үндэслэл болохгүй.

Газар ашиглагчийн эрхэд халдахдаа захиргааны байгууллага нь мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй нь маргаан бүхий захиргааны актыг хуульд нийцээгүй гэж дүгнэх бас нэг үндэслэл болж байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/373 дугаар тушаалын “У с” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай “У с” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1, 2.2, 40 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “У с” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/373 дугаар тушаалын “У с ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ХАЛИУНА