Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 06

 

Г.Б холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Ч.Отгонсүрэн / цахим сүлжээгээр, Улаанбаатар хотоос оролцов/

          Шүүгдэгч Г.Б

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 94 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлээр Г.Батзоригт холбогдох 201416010167 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Хорчид овгийн Г.Б, Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймаг, Баруун урт суманд 1985 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг, 17-р байрны 15 тоотод оршин суух хаягтай, одоо Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 4-р хороо 32-р байрны 27 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧС85101415,

           Шүүгдэгч Г.Батзориг нь Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтын мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна өөрийн эцэг Н.Гансүхийн ХААН банкны 5112034368 тоот дансаар 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 43 удаагийн гүйлгээгээр 1,475,100 юань буюу 328,410,589 төгрөг, Голомт банкны 2105010245 тоот дансаар 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2013 оны 02-р сарын 23-ны өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр 163,000 юань буюу 36,637,320 төгрөг,

-өөрийн төрсөн ах Г.Зоригтбаярын ХААН банкны 5076129656 тоот дансанд 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хооронд 13 удаагийн гүйлгээгээр 1,339,700 юань буюу 300,322,612 төгрөг,

-өөрийн төрсөн дүү Г.Золбоо болон эцэг Н.Гансүх нарын хамтран эзэмшиж байгаа ХААН банкны 5007578874 тоот дансаар 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 38 удаагийн гүйлгээгээр 1,131,700 юань буюу 315,692,825 төгрөг,

-өөрийн хамтран амьдрагч Сарангоогийн ХААН банкны 5007758427 тоот дансаар 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 47 удаагийн гүйлгээгээр 455,185 юань буюу 108,979,212 төгрөг,

           -салсан эхнэр Г.Нандинцэцэгийн ХААН банкны 5007581333 тоот дансаар 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр 4,100 юань буюу 970,975 төгрөг, нийт 4,568,785 юань буюу 1,091,013,533 төгрөгийг шилжүүлэн авч хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: Нийслэлийн Прокурорын газраас Г.Батзоригт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дугаар зүйлийн 2701.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, нийслэлийн Прокурорын газраас Гансүх овогтой Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Батзоригт холбогдох 201416010167 тоот эрүүгийн 8 хавтас хэргийг Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраар дамжуулан хэрэг бүртгэлтэд буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Н.Гансүхийн эзэмшлийн Тоёото Лексус 570 маркийн 6214 УНК улсын дугаартай, Г.Золбоогийн эзэмшлийн Тоёото Лексус 570 маркийн 8068 УНК улсын дугаартай автомашинууд болон Г.Золбоогийн эзэмшлийн улсын бүртгэлийн Ү-2206018460 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион Оргил гудамж 97А орон сууц, Г.Зоригтбаярын эзэмшлийн улсын бүрттэлийн Ү-220015493 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион Оргил гудамж 97 тоот орон сууцнуудыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 дугаар сарын 04-ний, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн, Г.Батзоригийг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Г.Батзориг нь энэ хэрэгт холбогдуулан нийт 134 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Г.Батзоригийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Батзоригт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

         Нийслэлийн Прокурорын Ерөнхий прокурор Д.Баярмагнай эсэргүүцэлдээ: “...Нийслэлийн прокурорын газраас Г.Батзоригийг 2002 оны Эрүүгийн хуупийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлийн 2701.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 131 дугаартай яллах дүгнэлт үйлдэн, хэргийг нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу хянан шийдвэрлүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 94 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх дараах нөхцөл байдлууд байна. Үүнд:

Нэг. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 19, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн даалгаварт дурдсан БНХАУ-ын ӨМӨЗО-ны нэр бүхий 32 иргэнээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хийгдээгүй, мөрдөн байцаагчийн даалгавар биелэгдээгүй, тухайн гэрчүүдээс шилжүүлсэн орлого нь хэний эх үүсвэрээс хэнд, ямар зориулалтаар шилжүүлсэн болох, энэ нь хууль ёсны эсэх /зөрчил гаргасан нэрийдлээр бусдаас торгууль хэлбэрээр мөнгө авч байсан, эсвэл гадаад иргэдэд хөдөлмөрийн виз авахад зуучилж байсан/ талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй байна гэсэн тухайд:

Шүүгдэгч Г.Батзоригт холбогдох дээрх хэргийг анх Өмнөговь аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан байна.

Иймд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар А.Цэдэн-Иш нь шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэхээр урьд нь хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн болон даалгаварт нэр дурдагдсан БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэдээс мэдүүлэг авахаар 2 удаа мөрдөн байцаагчийн даалгавар бичиж, Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн.

Гэвч даалгаварт заагдсан нэр бүхий БНХАУ-ын ӨМӨЗО-ын иргэд Монгол Улсад явуулж байсан нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа зогссон шалтгааны улмаас Монгол Улсын хилээр нэвтрээгүй болох нь хилийн лавлагаа болон Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын хилийн төлөөлөгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдсон учир мэдүүлэг авах боломжгүй болсон.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлийн 2701.2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол ... шийтгэнэ” гэж заасан. Мөн зүйлийн тайлбарт: Энэ зүйлийн 2701 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж үзнэ гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Батзориг нь “...Надтай бол холбогдолгүй. Миний төрсөн ах Г.Зоригтбаяр нь Хөдөлмөр, эрхлэлтийн үйл ажиллагаанд хууль ёсны дагуу компаниуд дээр хөдөлмөрийн визний бичиг баримтыг бүрдүүлж, тэр компанид нь ажилчдын визийг авч өгч, бизнес хийсэн” гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 2014 оны 2177 дугаартай лавлагаа, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 2014 оны 2037 дугаартай лавлагаа, мөн оны 3397 дугаартай албан бичгийн хариу, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн архивын баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, баримтын хуулбарууд, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн мэдээлэл, Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, “ЭНК” ХХК-ийн 2012, 2013 оны төгрөгийн кассын тайлан болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бусад баримтуудаар түүний төрсөн ах Г.Зоригтбаяр нь БНХАУ-ын иргэдэд виз гаргуулж өгч байсан нь тогтоогдоогүй болно.

Харин БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Чимгээ, XURENQIMUGE буюу Д.Шүрэнчимэг, Б.Батцагаан, Э.Эрдэнэгэрэл, Ш.Зоригту, Монгол Улсын иргэн Балжинням нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.Батзориг нь “визний болон торгуулийн мөнгө” төлөхийг шаардаж өөрийн эцэг, ах, дүү, эхнэр нарын дансыг бичиж өгч шилжүүлсэн болох нь бэлэн мөнгө шилжүүлсэн орлогын баримт, дансны хуулга зэргээр тогтоогдсон.

Мөн Г.Батзоригийн төрсөн дүү Г.Золбоо нь ХААН банкин дахь дансыг аав Н.Гансүхтэйгээ хамтран эзэмшдэг байсан, 2009-2010 онд БНХАУ-д, 2010-2013 онд Итали улсад сурч байсан. Гадаадад суралцаж байхад түүний дансаар орж ирсэн мөнгийг аав нь авч ахад нь өгдөг байсан талаар мэдүүлсэн төдийгүй түүнийг гадаадад сурж байх хугацаанд буюу 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зах зээлийн ханшаар 351 сая төгрөгөөр үнэлэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил гудамжны 97А тоот 3 давхар амины орон сууцыг 180 сая төгрөгөөр худалдан авсан, ах Г.Зоригтбаяр нь 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зах зээлийн ханшаар 342 сая төгрөгөөр үнэлэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил гудамжны 97 тоот 3 давхар амины орон сууцыг 150 сая төгрөгөөр худалдан авсан байдаг.

Дээрхээс гадна Г.Батзориг, Н.Гансүх, Г.Зоригтбаяр, Г.Золбоо, О.Нандинцэцэг, Б.Сарангоо нар нь 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 14-ний хооронд хугацаанд 13 тээврийн хэрэгслийг нийт 695.471.020 төгрөгөөр худалдан авсан, эзэмшиж ашиглаж байгаад бусдад борлуулсан болох нь тогтоогдсон.

Мөн Г.Батзоригийн ээж Б.Адъяа нь 2008-2012 онд хүртэл Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтэст мэргэжилтэнгээр ажиллаж байсан бөгөөд өөрийн гэр бүлийн хүн болох Н.Гансүхийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл, дансан дахь их хэмжээний төгрөг, гадаад валютын талаар өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаж байгаагүй нь тогтоогдсон байдаг. Энэ нь Г.Батзориг өөрийн аав, ах, дүү, эхнэр болон харилцан хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр данс нээн, хууль бусаар хөрөнгөжсөн болох нь батлагдсан.

Дурдсан нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээр орхигдуулан, мөрдөн байцаагчийн даалгавар биелэгдээгүй, тухайн гэрчүүдээс шилжүүлсэн орлого нь ямар эх үүсвэрээс хэнд, ямар зориулалтаар шилжүүлсэн талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзнэ.

Хоёр. Анхан шатны шүүхээс ӨМӨЗО-ны иргэн Чимгээ, XURENQIMUGE буюу Д.Шүрэнчимэг, Б.Батцагаан, Э.Эрдэнэгэрэл, Ш.Зоригту, Эрдэмтү, Biligetu, Улаанхуар нарын гэрчийн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судлаад, гэрч нараас монгол хэл, бичиг мэдэх талаар асууж тодруулаагүй зэргээс харахад гэрч нар нь крилл бичиг сайн мэдэхгүй байхад гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 9.4 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй, хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлийн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана” гэж, 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тохиолдолд шүүх, прокурор, мөрдөгч нь орчуулга хийх, хэлмэрчлэх мэдлэг, чадвартай хүнийг орчуулагч, хэлмэрчээр томилно” гэж, 3.3 дугаар хэсэгт “баримт бичиг, эсхүл түүний оролцоотой явагдсан мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлд үнэн зөв орчуулж, хэлмэрчилснийг баталж гарын үсэг зурах”-аар тус тус заасан.

Мөрдөн байцаалтын явцад ӨМӨЗО-ны нэр бүхий иргэдээс гэрчийн мэдүүлэг авахад, гэрч Чимгээ, XURENQIMUGE буюу Д.Шүрэнчимэг, Б.Батцагаан, Э.Эрдэнэгэрэл, Ш.Зоригту нар нь “...Би Монгол хэлээр ярьж чадна. Хуучин босоо Монгол бичгээр мэднэ. Крилл бичгээр бага зэргээр мэднэ” гэж тус тус мэдүүлэн гарын үсэг зурсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй төдийгүй, тэдгээрийн мэдүүлэг нь “визний зөрчил, торгуулийн мөнгө” зэргийг төлүүлэх нэрийдлээр Г.Батзоригийн бичиж өгсөн төрсөн эцэг Н.Гансүх, төрсөн ах Г.Зоригтбаяр, төрсөн дүү Г.Золбоот, хамтран амьдрагч Б.Сарангоо, салсан эхнэр Г.Нандинцэцэг нарын ХААН банкин дахь данс руу удаа дараа мөнгө шилжүүлсэн гарын үсэг бүхий банкны шилжүүлгийн баримт, дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар давхар нотлогдсон.

Гэтэл анхан шатны шүүхээс дээрх үйл баримтуудыг анхаарч үзэлгүйгээр зөвхөн гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийг баримтлаагүй, өрөөсгөл дүгнэлт болсон гэж үзнэ.

Мөн Анхан шатны шүүхээс Улсын яллагчийн 2017 оны 06 дугаар сарын 27- ны өдрийн 131 дугаар яллах дүгнэлтэнд Чимгээ, XURENQIMUGE буюу Д.Шүрэнчимэг, Б.Батцагаан, Э.Эрдэнэгэрэл, Ш.Зоригту нарын болон бусад гэрчүүдийн мэдүүлгийг прокурорын шийдвэрийн үндэслэл болгоогүй байна гэсэн тухайд:

Прокуророос шинэчлэн батлагдсан 2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх цаг хугацаанд Г.Батзоригт холбогдох эрүүгийн 5201416010167 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт “Тэмдэглэх хэсэгт ... зайлшгүй шаардлагатай зарим нотлох баримт зэргийг дурдана” гэж заасан тул хэрэгт авагдсан БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэдийн гэрчийн мэдүүлгийг яллах дүгнэлтэнд дурдаагүй, прокурорын шийдвэрийн үндэслэл болгоогүй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Гурав. Улсын яллагч шүүгдэгч Г.Батзоригийг хууль бусаар хөрөнгөжсөн, өөрт нь орж ирсэн орлогыг нотолж чадаагүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт яллаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батзориг нь өөрийнхөө гэм буруугүйг заавал нотлох үүрэггүй юм. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг хангалттай тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн тухайд:

Нийслэлийн прокурорын газраас Г.Батзоригийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлийн 2701.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 131 дугаартай яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт болгон өөрчлөн зүйлчилсэн байна.

Иймд улсын яллагч 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй... үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэмт хэрэгт шүүгдэгч Г.Батзоригийг ялласан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Батзориг нь нийтийн албан тушаал хашиж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь эсэргүүцлийн 1 дэх хэсэгт дурдсан болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүхээс хэргийн бодит байдлыг хангалттай тогтоогоогүй гэж дүгнэснийг үгүйсгэж байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 94 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах журмаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Давж заалдах шатны шүүх хуралдаанд яллах дүгнэлт бичсэн прокурор оролцох хүсэлтээ үүгээр гаргаж байна “ гэжээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд, 94 дугаартай цагаатгах тогтоолоор Нийслэлийн прокурорын газраас Г.Батзоригт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дугаар зүйлийн 2701.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, хэргийг хэрэгсэхгүй болгон,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Батзоригт холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаан,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Н.Гансүхийн эзэмшлийн Тоёото Лексус 570 маркийн 62-14 УНК улсын дугаартай, Г.Золбоогийн эзэмшлийн Тоёото Лексус 570 маркийн 80-68 УНК улсын дугаартай автомашинууд болон Г.Золбоогийн эзэмшлийн улсын бүртгэлийн Ү-2206018460 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион Оргил гудамж 97А тоот орон сууцнуудыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 дугаар сарын 04-ний, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн, Г.Батзоригийн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

           Анхан шатны шүүх Г.Батзоригт холбогдох эрүүгийн 201416010167 дугаартай хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.15 дугаар зүйлийн 2,   34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой  зөрчөөгүй байна. Давж заалдах шатны шүүх прокурорын  эсэргүүцлийг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Үүнд:   

  1. 2015 оны Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан.

Г.Батзоригийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлийн 2701.2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон” гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгож мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан байна. Түүний буруутгагдаж буй гэмт хэргийн үндсэн шинж нийтийн албан тушаалтан байх, хууль бус орлого олсон байх явдал юм. Энэ шинж  нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болох” шинжээрээ гэмт хэрэг үйлдсэн хүний хөрөнгө бусаар нэмэгдсэн буюу хөрөнгөжсөн байх шинжээрээ адил байна.

Мөрдөн байцаалтын явцад Г.Зоригтбаярыг Г.Батзоригийн үйлдсэн хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Н.Гансүх, Г.Золбоо нарыг Г.Зоригтбаяр, Г.Батзориг нарын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас зайлсхийхэд нь тусалж их хэмжээний валютыг өөрийн дансаар оруулж, хууль бус мөнгийг халхавчлах, хувиргах зорилгоор  мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан ялагдагчаар татаж шалгасан боловч уг гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдоогүй гэж Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2017 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн 247 дугаар тогтоолоор Н.Гансүхэд, мөн өдрийн 249 дугаар тогтоолоор Г.Золбоод,  6 дугаар сарын 19-ны өдрийн 269 дугаартай тогтоолоор Г.Зоригтбаярт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Мөрдөн байцаалтын явцад Н.Гансүхийн эзэмшлийн Тоёото Лексус 570 маркийн 6214 УНК улсын дугаартай, Г.Золбоогийн эзэмшлийн Тоёото Лексус 570 маркийн 8068 УНК улсын дугаартай автомашинууд болон Г.Золбоогийн эзэмшлийн улсын бүртгэлийн Ү-2206018460 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион Оргил гудамж 97А орон сууц, Г.Зоригтбаярын эзэмшлийн улсын бүрттэлийн Ү-220015493 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион Оргил гудамж 97 тоот орон сууцнуудыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 дугаар сарын 04-ний, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоол гарсан байжээ./хэргийн III дугаар хавтас 238, 239, 245, дугаар хуудас/  Харин дээрх битүүжилсэн хөрөнгүүд нь Г.Батзоригийн үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэг үйлдэх замаар эцэг, Н.Гансүх, ах Г.Зоригтбаяр, дүү Г.Золбоо нарын дансаар шилжүүлэн авсан мөнгөөөр хөрөнгөжиж бий болсон, түүнийг өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрх нь Г.Батзоригт байгаа, эсхүл Н.Гансүх, ах Г.Зоригтбаяр, дүү Г.Золбоо нарын хөрөнгө, үр шимийг Г.Батзориг хүртэх боломжтой, мөн  Г.Батзоригийн  хөрөнгө, орлого ямар нэгэн байдлаар нэмэгдсэн байгаа зэрэг нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Г.Золбоог үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, Н.Гансүх, Г.Зоригтбаяр нарыг мөнгө угаасан гэмт хэрэг үйлдээгүй гэж үзсэн тохиолдолд тэдгээрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авч өмчлөх эрхээ баталгаажуулсан өмчийг, мөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөгч эрхээ шилжүүлж авсан өмчлөгчийн өмчлөлийн зүйлийг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан хэвээр байгаа нь өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлах тухай Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуультай нийцээгүй байна.

Г.Батзоригийг Н.Гансүхийн ХААН банкны 5112034368 тоот дансаар 43 удаагийн гүйлгээгээр 1,475,100 юань буюу 328,410,589 төгрөг, Голомт банкны 2105010245 тоот дансаар 4 удаагийн гүйлгээгээр 163,000 юань буюу 36,637,320 төгрөг,

-өөрийн төрсөн ах Г.Зоригтбаярын ХААН банкны 5076129656 тоот дансаар 13 удаагийн гүйлгээгээр 1,339,700 юань буюу 300,322,612 төгрөг,

-өөрийн төрсөн дүү Г.Золбоо болон эцэг Н.Гансүх нарын хамтран эзэмшиж байгаа ХААН банкны 5007578874 тоот дансаар 38 удаагийн гүйлгээгээр 1,131,700 юань буюу 315,692,825 төгрөг,

-өөрийн хамтран амьдрагч Сарангоогийн ХААН банкны 5007758427 тоот дансаар  47 удаагийн гүйлгээгээр 455,185 юань буюу 108,979,212 төгрөг нийт 147 удаагийн гүйлгээгээр хууль бусаар олсон мөнгийг шилжүүлэн авсан гэж үзсэн боловч хэзээ, хэнээс, хэдэн төгрөг, ямар замаар хууль бусаар шилжүүлж авсныг прокурор нэг бүрчлэн нотлоогүй байна.

  1. Хавтаст хэрэгт Г.Батзоригийг ажилд томилсон, чөлөөлсөн, шилжүүлсэн тухай Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын даргын тушаалууд авагджээ. Үүнд:

Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод мэргэжилтнээр 2007 оны 11 дүгээр сарын 09-ны өдрөөс эхлэн 6 /зургаа/ сарын хугацаагаар түр томилох тухай  2007 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 1/283 тоот тушаал /хэргийн IV хавтас, хуудас 171/,

Даланзадгад,  Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтын мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж,  мөн аймагт мэргэжилтнээр томилох тухай 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 45 тоот тушаал /хэргийн IV хавтас, хуудас 172/,

Өмнөговь аймаг дахь албаны хяналтын улсын байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс Дорнод аймаг дахь албанд хяналтын улсын байцаагчаар шилжүүлэн  томилох  тухай 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн б/400 тоот тушаал /хэргийн IV хавтас, хуудас 175/,

Дорнод аймаг дахь албаны хяналтын улсын байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, дахин томилсон тухай 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн б/542, б/554 тоот тушаал/хэргийн IV хавтас, хуудас 177. 178,

Дорнод аймаг дахь албаны хяналтын улсын байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс Өмнөговь аймаг дахь албаны ахлах мэргэжилтнээр дэвшүүлэн томилох тухай 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн б/614 тоот тушаал /хэргийн IV хавтас, хуудас 180/,

Өмнөговь аймаг дахь албаны ахлах мэргэжилтний үүрэг ажлаас чөлөөлөх тухай 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн б/61 тоот тушаал /хэргийн IV хавтас, хуудас 191/.

Мөн Өмнөд бүс дэх газар /Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Говьсүмбэр/-ын захиргааны хэлтсийн даргаар томилох тухай Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын б/01 тоот тушаал/хэргийн IV хавтас, хуудас 192/, Г.Батзоригт гадаадын иргэн, харъяатын бүртгэл, зөвшөөрөл, визийн хяналтын улсын байцаагчийн эрх олгосон Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 130 тоот тушаал / хэргийн IV хавтас, хуудас 174/ хэрэгт авагджээ. 

Эдгээр тушаалаас Г.Батзориг нь Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газрын Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын мэргэжилтэн, улсын байцаагчийн албан тушаалд ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байх тул яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дурдсан түүний үйлдсэн гэх хэргийн агуулга хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй  гэж үзнэ.

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /2002 оны/ 398 дугаар зүйлийн 398.1, 398.2 дахь хэсэгт гадаад улсын нутаг дэвсгэрт энэ хуульд заасан  мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагатай бол уг асуудлыг эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай болон олон улсын бусад гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэх ба тодорхой ажиллагаа явуулах даалгаврыг олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан байгууллагаар дамжуулан явуулах тухай заасан.

Манай Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд байгуулсан иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээнд хэлэлцэн тохирогч хоёр Талын эрх бүхий байгууллага бие биедээ хүсэлт тавих буюу эрхзүйн туслалцаа харилцан үзүүлэхдээ өөрийн зохих төв байгууллагаар дамжуулан харилцахаар, төв байгууллага гэж БНМАУ-ын хувьд БНМАУ-ын Хууль зүй, арбитрын Яам, БНМАУ-ын Дээд шүүхийг,БНХАУ-ын хувьд БНХАУ –ын Ардын дээд шүүхийг хэлэхээр тохиролцсон байна.

Дээрх хууль, Олон улсын гэрээнд зааснаар БНХАУ-ын нутаг дэвсгэрт байгаа холбогдох хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах мөрдөн байцаалтын ажиллагааг эрх бүхий байгууллагаас эрх зүйн туслалцаа үзүүлэхийг хүссэн даалгаврыг бичгээр гаргаж харилцах журмын дагуу явуулах байтал ийм ажиллагаа хийсэн байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /2002 оны/ 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт зааснаар хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэх тул байцаан шийтгэх ажиллагааны оролцогч тэдний хаана ажиллаж, амьдарч байгаагаас буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эсэхээс үл хамааран мэдүүлэг авах нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт, зарчимд нийцнэ.

Иймд “Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар А.Цэдэн-Иш нь шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэхээр урьд нь хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн болон даалгаварт нэр дурдагдсан БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэдээс мэдүүлэг авахаар 2 удаа мөрдөн байцаагчийн даалгавар бичиж, Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн. Гэвч даалгаварт заагдсан нэр бүхий БНХАУ-ын ӨМӨЗО-ын иргэд Монгол Улсад явуулж байсан нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа зогссон шалтгааны улмаас Монгол Улсын хилээр нэвтрээгүй болох нь хилийн лавлагаа болон Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын хилийн төлөөлөгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдсон учир мэдүүлэг авах боломжгүй болсон” гэх эсэргүүцлийн үндэслэл хуульд нийцэхгүй, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих асуудлыг нотлоогүй гэж үзнэ.

  1. Дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн мэдээлэл, Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, “ЭНК” ХХК-ийн 2012, 2013 оны төгрөгийн кассын тайлан зэрэг нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй гэж заасны дагуу дээрх нотлох баримтад авагдсан хэргийн үйл баримтын талаарх баримтат мэдээллийг давж заалдах шатны шүүхээс хянах боломжгүй байна.

          Эсэргүүцэлд дурдсан БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Чимгээ, XURENQIMUGE буюу Д.Шүрэнчимэг, Б.Батцагаан, Э.Эрдэнэгэрэл, Ш.Зоригту, Эрдэмтү, Biligetu, Улаанхуар нарыг мэдүүлгиин тэмдэглэлээс үзвэл тэдгээрээс 2014-2015 онд гэрчээр мэдүүлэг байцаалт авсан ба  Чимгээ, Шүрэнчимэг нар бага зэрэг мэднэ, Батцагаан крилл бичиг мэдэхгүй, Эрдэнэгэрэл крилл бичиг муухан мэднэ, удаан уншиж чадна, Зоригту крилл бичиг муу мэднэ гэж мэдүүлсэн байгаагаас гадна Эрдэмтү, Biligetu, Улаанхуар нараас монгол, хэл, бичиг мэдэх талаар асуугаагүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.10-т заасан байцаан шийтгэх ажиллагааны бусад оролцогч болох тэдэнд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт зааснаар хэргийн холбогдох материалтай бүрэн танилцах эрхээр хангаагүй гэж үзнэ. / хэргийн IV хавтас, хуудас 48-50, 52-56, 58-60, 62-63, 64-65, 72-66-67, 69-70/

            Тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 146 дугаар зүйлийн 146.2, 146.3 дахь хэсэгт байцаалт дуусмагц тэмдэглэлийг байцаагдсан этгээдээр уншуулах буюу өөрөө зөвшөөрвөл уншиж өгөх, байцаагдсан этгээд мэдүүлгийг өөрөө уншсан, эсхүл түүнд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч уншиж өгсөн алин болохыг тэмдэглэлд тусгах тухай заажээ. Гэтэл тэмдэглэлд энэ талаар тусгагдаагүй байна.

          Мөн гэрчүүдээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144 дүгээр зүйлийн 144.4 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн талаар мэдэх зүйлээ ярихаас эхэлж, мөн хуулийн 144.5 дахь хэсэгт зааснаар хэргийн талаар ярьж дууссаны дараа түүний мэдүүлгээс тодруулах асуулт тавих журмаар байцаалт аваагүйг байцаалт явуулах хуульд заасан нийтлэг журмыг зөрчсөн гэж үзнэ. Иймээс анхан шатны шүүхээс дээрх гэрч нарын мэдүүлгийг хууль зөрчиж цугларсан гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгоогүй нь зөв байна. 

Хэдийгээр дээрх гэрч нарын мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй боловч гэрчүүдээс мэдүүлэгт тэдгээр нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад ажиллаж, тухайн компанид Монгол Улсын ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасанБайгууллага нь гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахын өмнө хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний эрх олгосон байгууллага /цаашид "эрх бүхий байгууллага" гэх/-ын зөвшөөрлийг урьдчилан авсан байна.” гэсэн шаардлагыг зөрчиж ажиллаж байгаа эсхүл зөвшөөрлийн хугацаа дууссан гадаад иргэдийн торгуулийг компаний захирал болон бусад хүнээс авч төлж байсан талаарх тухайлбал, Б.Батцагааны “...компаний захирал Ван жу Юун гэдэг хүнээс 40300 юань аваад...Батзоригийн өгсөн дансанд хийсэн.” гэх мэдээлэл авагджээ. Гэтэл мөрдөн байцаалтын ажиллагаанд гэрч нарын мэдүүлэгт үндэслэн шинэ нотлох баримт цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах зэрэг аргаар нотлох баримтыг шалгаагүй байна.

  1. Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнд хяналт тавих прокурорын хяналтын ажилд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг дагаж мөрдөх аргачилсан заавар”-ын 217.2 –ын “г” хэсэгт “ “Зайлшгүй шаардлагатай зарим нотлох баримт гэдэгт”  яллагдагчийн гэм буруутайг нотолж байгаа, тухайн прокурорын гол гэж үзсэн яллах нотлох баримтуудын товчлолыг ойлгоно. Нотлох баримтуудыг бүрэн эхээр нь хуулбарлахгүйгээр яллах баримт болж байгаа тэр хэсгийг нь хуулбарлан буулгавал зохино. Ингэхдээ нотлох баримтын утга, найруулгыг өөрчилж болохгүй” гэжээ. Гэтэл яллах дүгнэлтэд нотлох баримтуудын агуулгыг бичээгүйгээр зөвхөн нэрлэн жагсаасан.
  2. Хэргийн 8 дугаар хавтасны 78 дугаар хуудсанд  2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль үйлчилж эхэлсэн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу яллах дүгнэлт ирүүлсэн хэргийг шүүх шийдвэрлэх боломжгүй тул шинэ хуулийн дагуу ажиллагаа хийлгэхээр Өмнөговь аймаг дахь Сум дундын Прокурорын газарт буцаасан тухай Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн албан бичиг байх боловч тухайн хэрэгт шинэ хуулийн дагуу ямар ажиллагаа хийсэн болон хэргийг шүүхэд дахин шилжүүлсэн баримт хэрэгт байхгүй, яллах  дүгнэлтийг прокурор нь шүүгдэгч Г.Батзоригт гардуулсан баримт авагдаагүй байна.

Иймд дээрх үндэслэлүүд нь прокурорыг нотлох үүргээ биелүүлээгүй, Г.Батзоригтыг цагаатгах үндэслэл болж байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 94 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА