Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 249

 

Г.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 94 дүгээр цагаатгах тогтоол, Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар магадлалтай, 201416010167 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр бичсэн 17 дугаартай эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль-эрх зүйч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Г-ийн Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дугаар зүйлийн 2701.2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр орлого олж хууль бусаар хөрөнгөжих” гэмт хэрэгт холбогджээ. 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх прокуророос  Г.Б-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дугаар зүйлийн 2701.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр бичсэн 17 тоот эсэргүүцэлд “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх дараах нөхцөл байдлууд байна.

1. Авлигын гэмт хэрэг нь далд нууц аргаар үйлдэгддэг. Энэ гэмт хэргийн субъектийг зөвхөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-4.1.9 дэх хэсгүүдэд заасан “нийтийн албан тушаалтан” байхаар тусгайлан хуульчилжээ. Иймд Г.Б-ийг ажилд томилсон, чөлөөлсөн, шилжүүлсэн тухай тушаал, шийдвэрүүдийг хэрэгт хавсарган, түүнийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсныг тогтоосон тул Г.Б нь өөрийн эзэмшдэг банкны дансаар огт мөнгө авдаггүй, ойр дотны гэр бүлийн хүмүүс болох төрсөн эцэг Н.Г, ах Г.З, дүү Г.З болон хамтран амьдрагч Б.С, салсан эхнэр Г.Н нарын нэр дээр төгрөгийн болон валютын данс нээлгэж, тэдгээрийн данс руу онц их хэмжээний мөнгө шилжүүлсэн байдаг. Мөрдөн байцаалтын явцад Н.Г, Г.З, Г.З, Б.С, Г.Н нар нь хөдөлмөр эрхэлж, бизнесийн үйл ажиллагаа явуулж орлого олж байсан нь тогтоогдоогүй. Тухайлбал, Г.З нь гадаадын иргэдэд хөдөлмөрийн виз авч өгч бизнес эрхэлж байсан гэх боловч Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 2014 оны 2177 дугаартай лавлагаа, Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 2014 оны 2037 дугаартай лавлагаа, мөн 3397 дугаартай албан бичгийн хариу, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн архивын баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, баримтын хуулбарууд, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн мэдээлэл, Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, “ЭНК” ХХК-ийн 2012, 2013 оны төгрөгийн кассын тайлан болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бусад баримтуудаар Г.З нь БНХАУ-ын иргэдэд виз гаргуулж өгч байсан гэх асуудал нь үгүйсгэгдсэн төдийгүй Г.З нь дээрх хэрэгт Ц.С гэгч эмэгтэйг өөрт нь 100,000 ам.доллар зээлүүлсэн гэж худал хэлүүлж мэдүүлэг өгүүлсэн нь тогтоогдсон болно.

Мөн Г.Б-ийн төрсөн дүү Г.З нь 2009-2010 онд БНХАУ-д, 2010-2013 онд Итали улсад сурч байсан бөгөөд түүний нэр дээрх ХААН банкны дансыг аав Н.Г- нь хамтран эзэмшиж, дансаар орж ирсэн мөнгийг нь ах Г.З-т нь авч өгдөг байсан талаар мэдүүлсэн нь баримтаар тогтоогдсон. Хэрэгт Г.Б-ийн төрсөн эцэг Н.Г, ах Г.З, дүү Г.З болон хамтран амьдрагч Б.С, салсан эхнэр Г.Н нарын дансаар орж ирсэн мөнгөний урсгал буюу орлого, зарлагыг тэдгээрийн өөрсдийнхөө эзэмшилд худалдан авч байсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдтэй нь цаг хугацааны хувьд харьцуулан үзэхэд, дансаар нь их хэмжээний бэлэн мөнгө шилжин орж хуримтлагдсаны дараа автомашин болон орон сууцнуудыг худалдан авсан байдаг. Тухайлбал, дүү Г.З-г гадаадад сурч байх хугацаанд буюу 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зах зээлийн ханшаар 351,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил гудамжны .....тоот 3 давхар амины орон сууцыг 180,000,000 төгрөгөөр худалдан авсан, ах Г.З- нь 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зах зээлийн ханшаар 342,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил гудамжны ..... тоот 3 давхар амины орон сууцыг 150,000,000 төгрөгөөр худалдан авсан, үүнээс гадна Г.Б, Н.Г, Г.З, Г.З, О.Н, Б.С нар нь 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 14-ний хооронд хугацаанд 13 тээврийн хэрэгслийг нийт 695,471,020 төгрөгөөр худалдан авсан, эзэмшиж ашиглаж байгаад бусдад борлуулсан болох нь тогтоогдсон. Г.Б-ийн ээж Б.А нь 2008-2012 онд хүртэл Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд өөрийн гэр бүлийн хүн болох Н.Г-ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл, дансан дахь их хэмжээний төгрөг, гадаад валютын талаар өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаж байгаагүй нь түүний Авлигатай тэмцэх газарт гарган өгч байсан хөрөнгө орлогын мэдүүлгээр тогтоогджээ. Түүнчлэн Г.Б-ийн дээрх нэр бүхий хамаатнуудынх нь данс руу зөвхөн Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод байх ХААН банкнаас мөнгө шилжин ордог байсан нь Н.Г, Г.З, Г.З, Б.С, Г.Н нарын болон бусад гэрчүүдийн мэдүүлэг, бэлэн мөнгө шилжүүлсэн орлогын баримт, ХААН, Голомт банкнаас гаргуулан авсан дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. Нийслэлийн прокурорын газраас Н.Г, Г.З, Г.З нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгүүдийг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдгээрийн нэр дээрх хөрөнгийг битүүмжилж, хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл захиран зарцуулах эрхийг хязгаарласан нь Үндсэн хууль, Иргэний хуулийг зөрчсөн гэж үзэхгүй.

Мөрдөн байцаалтаар Г.Б нь 2007 оны 11 дүгээр сард Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод мэргэжилтнээр томилогдон ажиллаж эхэлсэн байх бөгөөд түүний салсан эхнэр Г.Н-ийн дансаар 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 367,392 юань, төрсөн дүү Г.З-гийн дансаар 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 06 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 3,993,226 юань, төрсөн ах Г.З-ын ХААН банкны дансаар 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд нийт 2,059,879 юань, хамтран амьдрагч Б.С-гийн дансаар 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 773,381 юань, төрсөн эцэг Н.Г-ийн эзэмшлийн ХААН банкны дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хооронд нийт 1,533,628 юань, Голомт банкны дансаар нь 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 613,056 юань тус тус шилжин орсон нь банкны хуулга, бэлэн мөнгөний орлогын баримт болон мөнгө шилжүүлсэн гэх Хятад иргэдийн мэдүүлгээр тогтоогдсон байна. Гэвч Улсын Их хурлын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар 2002 оны Эрүүгийн хуульд “Хууль бусаар хөрөнгөжих” гэмт хэргийг нэмсэн бөгөөд энэ хуулийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан тул яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх гүйлгээнүүдийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ зүйлийн 2701 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж үзнэ” гэж тодорхой заасан тул Г.Б-ийг ямар хууль бус үйлдэл хийж орлого олсныг заавал нотлох шаардлагагүй юм. Өөрөөр хэлбэл Г.Б-ийг Эрүүгийн хуульд заасан өөр төрлийн гэмт хэрэг үйлдэж хөрөнгө, орлого олсон гэж үзвэл түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй болно. Дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан Т.Батзоригийг... хууль бусаар олсон мөнгийг шилжүүлэн авсан гэж үзсэн боловч хэзээ, хэнээс, хэдэн төгрөг, ямар замаар хууль бусаар шилжүүлж авсныг прокурор нэг бүрчлэн нотлоогүй байна” гэснийг үгүйсгэж байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалд “...битүүмжилсэн хөрөнгүүд нь Г.Б-ийн үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэг үйлдэх замаар эцэг Н.Г-, ах Г.З, дүү Г.З нарын дансаар шилжүүлэн авсан мөнгөөр хөрөнгөжих бий болсон, түүнийг өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрх нь Г.Б-т байгаа, эсхүл Н.Г, ах Г.З, дүү Г.З нарын хөрөнгө, үр шимийг Г.Б хүртэх боломжтой, мөн Г.Б-ийн хөрөнгө, орлого ямар нэгэн байдлаар нэмэгдсэн байгаа зэрэг нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, энэ төрлийн гэмт хэрэг нь далд аргаар үйлдэгддэг учраас Г.Б нь гэмт үйлдлээ нуун далдлах замаар өөрийн нэр дээр хөрөнгө, мөнгө эзэмшээгүй, харин гэр бүлийн гишүүд рүү шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Г.Б-ийн өөрийн хөрөнгө, орлого нэмэгдээгүй, хөрөнгийн үр шимийг хүртэх боломжтойг тогтоогоогүй гэж дүгнэж, түүнийг цагаатгах үндэслэлийн нэг болгосон нь нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна хууль бусаар их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олж түүнийгээ гэр бүлийн гишүүддээ шилжүүлсэн бол гэмт хэрэг биш гэж үзсэнтэй адил ойлгогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б нь гэр бүлийн гишүүд болон бусдын дансаар шилжүүлэн авсан нь данс эзэмшигчийн хууль ёсны өмч гэж үзэхгүй учир эрхийг хязгаарласан гэх асуудал хөндөгдөхгүй болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзнэ.

2. Г.Б-ийн ажилд томилогдсон тушаал шийдвэрүүдийг холбогдох байгууллагаас гаргуулан авч түүнийг нийтийн албан тушаалд ажиллаж байсан болохыг тогтоосон. Гэтэл давж заалдах шатны шүүхээс магадлалын 2 дахь үндэслэлд Г.Б-ийн ажилд томилогдсон тушаал шийдвэрүүдийг нэг бүрчлэн дурдсан атлаа Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын мэргэжилтэн, улсын байцаагчийн албан тушаалд ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байх тул яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дурдсан түүний үйлдсэн гэмт хэргийн агуулга хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

3. Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хүсэлтийг илгээхдээ даалгавартаа дараах зүйлүүдийг заавал тусгаж бичихийг шаарддаг. Үүнд: гэрчээр байцаалгах гэж байгаа хүмүүсийн оршин суугаа газар, нэр, хаяг, бичиг баримтын дугаар гэх мэт тодорхой зүйлүүдийг шаарддаг. Гэтэл дээрх эрүүгийн хэрэгт гэрчээр байцаалгах БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэд нь У, Э, Г, Х, Ө, Х, У гэх нэрээр мөнгө тушааж байсан ба тэдгээр хүмүүс нь Хятад улсын аль газарт, хаана оршин суудаг болох, албан ёсны нэр, хаяг, бичиг баримтын дугаар нь тодорхойгүй байсан тул эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний дагуу даалгавар явуулах боломжгүй байсан. Иймд тэдгээр иргэдийг Монгол Улсад орж ирсэн байгаа тохиолдолд гэрчээр мэдүүлэг авах талаар Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч, комиссар А.Цэдэн-Иш хоёр удаа мөрдөн байцаагчийн даалгавар бичиж, Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн боловч даалгаварт заагдсан нэр бүхий иргэд Монгол Улсад явуулж байсан нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа зогссон шалтгааны улмаас Монгол Улсын хилээр нэвтрээгүй болох нь хилийн лавлагаа болон Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын хилийн төлөөлөгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдсон учир мэдүүлэг авах боломжгүй болсон. Шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шүүгчийн захирамжид заагдсан урьд нь хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн болон даалгаварт нэр дурдагдсан БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэдийн мэдүүлгээс гадна Г.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан бусад баримтаар талаар хангалттай нотлогдсоныг анхаарч үзэлгүйгээр, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхийг хүссэн даалгаврыг зохих журмын дагуу явуулаагүй, ийм ажиллагаа хийсэн байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих асуудлыг нотлоогүй гэж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4. Анхан шатны шүүх “Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Б-ийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв” гэж дүгнэжээ. Гэтэл давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан шийдвэрлэхдээ “дурдсан нотлох баримтуудыг анхан шатны шүүхээр хэлэлцээгүй” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн.

5. Мөрдөн байцаалтын явцад ӨМӨЗО-ны нэр бүхий иргэдээс гэрчийн мэдүүлэг авахад, гэрч Ч, Д.Ш, Б.Б, Э.Э, Ш.З нар нь “...Би Монгол хэлээр ярьж чадна. Хуучин босоо Монгол бичгээр мэднэ. Крилл бичгээр бага зэргээр мэднэ” гэж тус тус мэдүүлсэн, мөрдөн байцаагч байцаалтыг дуусган танилцуулж гарын үсэг зуруулсан болох нь гэрчүүдийг байцаасан тэмдэглэлээс тодорхой харагдаж байна. Энэ нь гэрчүүдийг хэргийн холбогдох материалтай бүрэн танилцах эрхээр хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна. Эцэст нь давж заалдах шатны шүүхээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэдээс Г.Б-ийн гэр бүлийн гишүүдийн дансанд мөнгө шилжүүлдэг байсан талаар урьд нь мэдүүлсэн мэдүүлгүүд нотлох баримтын шаардлага хангахгүй, дахин мэдүүлэг аваагүй гэх үндэслэлээр Г.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь шүүхээс хуулийн шаардлагад нийцээгүй нотлох баримтыг үнэлэхгүй байж болох ч хэрэгт цугларсан бусад баримтаар Г.Б-ийн хууль бусаар хөрөнгөжсөн үйлдлийг нотолж байгаа баримтуудад үнэлэлт дүгнэлт хийгээгүй, мөн хууль бусаар хөрөнгөжих гэмт хэрэгт заасан эд хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж үзнэ гэх хуулийн тайлбарыг харгалзан үзээгүй, орхигдуулсан шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан гэж үзэж байна.

6. Прокуророос 2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх цаг хугацаанд Г.Б-т холбогдох эрүүгийн 201416010167 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт “Тэмдэглэх хэсэгт ...зайлшгүй шаардлагатай зарим нотлох баримт зэргийг дурдана” гэж заасан. Түүнчлэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд прокуророос яллагдагчийн гэм бурууг нотлох ямар баримтуудыг шинжлэн судлуулах талаар санал хэлж, уг нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншиж, танилцуулж шинжлэн судалдаг билээ. Гэтэл давж заалдах шатны шүүхээс яллах дүгнэлтэд нотлох баримтуудын агуулгыг бичээгүйгээр зөвхөн нэрлэн жагсаасан гэж дүгнэсэн нь прокурор хуулийн заалтыг зөрчөөгүй, аргачилсан зааврын заалт нь “зарим нотлох баримт” гэдгийг тодруулсан бөгөөд хуулийг хэрхэн ойлгож хэрэгжүүлэх удирдамжийн баримт бичиг тул шүүх шийдвэрийн үндэслэл болохгүй. Нийслэлийн прокурорын газраас 2017 оны 06 дугаар сарын 27-ний өдөр Г.Б-т холбогдох эрүүгийн 2014010167 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан харьяаллын дагуу хянан шийдвэрлүүлэхээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар яллах дүгнэлтийг яллагдагчид шүүхээс гаргуулж өгдөг байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар прокуророос яллах дүгнэлтийг гардуулж өгдөг болсонтой холбогдуулан Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг прокурорын газарт хүргүүлсэн байдаг. Үүний дагуу прокуророос шинэ хуулийн дагуу Г.Б-т яллах дүгнэлтийг гардуулан өгч, хэргийг хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлж, улмаар анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэргийг хянан хэлэлцжээ. Мөн шүүгдэгч Г.Б- Сум дундын прокуророос яллах дүгнэлт гаргаж авсан тухайгаа давж заалдах шатны шүүх хуралдаан дээр мэдүүлсэн. Түүнчлэн анхан шатны шүүх шинээр хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн яллах дүгнэлтийг дахин үйлдүүлэх болон хэрэгт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзвэл хэргийг Сум дундын прокурорын газарт биш хэрэгт хяналт тавьж ажилласан Нийслэлийн прокурорын газарт хүргүүлэх ёстой байсан.Давж заалдах шатны шүүхээс “...прокурор яллах дүгнэлтдээ нотлох баримтыг нэрлэн бичсэн, шүүхээс буцаасан хэрэгт шинэ хуулийн дагуу ямар ажиллагаа хийсэн болон хэргийг шүүхэд дахин шилжүүлсэн баримт хэрэгт байхгүй, яллах дүгнэлтийг шүүгдэгч Г.Б-т гардуулсан баримт авагдаагүй байна” гэж дүгнэн, магадлалын нэг үндэслэл болгосон нь ойлгомжгүй байх бөгөөд дурдсан асуудалд прокурор хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн болохыг тодорхой заагаагүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа хэлсэн саналдаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэж заасныг зөрчиж, прокурор эсэргүүцлээ хуулийн хугацаа хэтрүүлэн гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч хэргийг хяналтын шатны шүүхэд хүргүүлсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг прокурорт хүргүүлсэн өдрөөс эхлэн тооцож үзэхэд хяналтын журмаар эсэргүүцэл бичих  хугацаа дууссан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасны дагуу эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Прокурор 6 үндэслэлээр эсэргүүцэл гаргасан боловч эдгээр үндэслэлүүд бүгд үгүйсгэгдсэн бөгөөд хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.  

Мөн шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх шүүгдэгч Г.Б-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байгаа учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг бүрэн дэмжиж байна. Хавтаст хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Б-ийг Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байх хугацаанд нь түүнтэй хамаарал бүхий этгээдүүд болох түүний төрсөн эцэг Н.Г, төрсөн ах Г.З, төрсөн дүү Г.З, салсан эхнэр Г.Н хамтран амьдрагч Б.С нарын эзэмшдэг БНХАУ-ын юанийн дансаар нийт 147 удаагийн гүйлгээгээр нийт 4,568,785 юань буюу 1,091,013,533 төгрөгийн гүйлгээ хийгдсэн болох тогтоогдсон байна. Эдгээр гүйлгээнүүд бүгд нэг газраас буюу Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт дахь Хаан банкны дансаар хийгджээ. Шүүгдэгч Г.Б нь өөрийн төрсөн ах Г.З нь БНХАУ-ын иргэдэд Монгол Улсад нэвтрэх визний зөвлөгөө, зуучлалын үйл ажиллагаа явуулдаг ба, хамаарал бүхий хүмүүсийнх нь юанийн дансаар орж ирсэн мөнгө нь үүнтэй холбоотой мөнгө, өөртэй нь ямар ч хамааралгүй гэж мэдүүлж байгаа боловч энэ нь мөрдөн байцаалтаар баримтаар тогтоогдсон зүйл байхгүй байна.

Анхан шатны шүүх дээрх гүйлгээнүүдийн эх сурвалж тодорхойгүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж байгаа нь үндэслэлгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн БНХАУ-ын (Өвөр монголын) нэр бүхий 5 иргэний мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Г.Б нь визний хугацаа хэтрүүлсэн Хятад улсын иргэдийн торгуулийн төлбөрийг өөрийн хамаарал бүхий хүмүүсийн данс руу тушаалгадаг байсан болох нь тогтоогдсон. Энэхүү байцаалтыг авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн зүйл байхгүй, тэдгээр иргэд нь монгол хэл мэднэ, крилл бичгээр бага зэрэг уншиж, бичиж чадна гэсний дагуу байцаалтын төгсгөлд мэдүүлгийг уншиж сонсгосон талаар тэмдэглэсэн байгаа учраас энэ мэдүүлгүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг нотлоогүй буюу прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Б-ийг буруутгаж байгаа яллах талын гол нотлох баримтуудыг яллах дүгнэлтэд дурдаагүй орхигдуулсан байна. Иймд хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорын зүгээс дээд шатны прокуророос гаргасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгуулах тухай эсэргүүцлийг дэмжихийн зэрэгцээ, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр бичсэн 17 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Г.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 20 дугаар зүйлд “Оролцогч улс бүр хууль бусаар хөрөнгөжих санаатай үйлдлийг, өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэнийг өөрийнхөө хууль ёсны орлоготой холбогдуулан үндэслэлтэйгээр тайлбарлаж чадахгүй бол ийнхүү хөрөнгө нь нэмэгдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг үндсэн хууль болон эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн авч үзнэ” гэсний дагуу Монгол Улс нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байх явдлыг гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийг тусгасан билээ.

“Үндэслэлгүйгээр хөрөнгөжих”-ийг гэмт хэрэгт тооцсон нь албан тушаалын гэмт хэрэгтэй хийх тэмцэлд чухал түлхэц үзүүлэх нь эргэлзээгүй боловч энэ гэмт хэргийн хүрээ, хязгаар, шинж чанар нь эрүүгийн эрх зүйд тогтсон түгээмэл томъёоллоос ялгаатай, нотлох ажиллагааг эрүүгийн процессын нийтлэг зарчмаас өөр хандлагад тулгуурлан явуулдаг тул хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч энэ талаар нэг мөр эргэлзээгүй ойлголттой болохгүйгээр “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийг бусад төсөөтэй гэмт хэрэг, зөрчлөөс ялгах, гэм бурууг бодитой тогтоох, шударга шийтгэл оногдуулах, хүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироохгүй ажиллах баталгааг бүрдүүлж чадахгүй.

“Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж нотлох ажиллагааг энэ гэмт хэргийн онцлогт тулгуурлан явуулах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангаж ажиллахад чухал ач холбогдолтой болно.

Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенц (UNTOC), дагалдах протоколууд, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцэд Монгол Улс тайлбар гаргахгүйгээр нэгдсэн тул Авлигын эсрэг Конвенцын 20 дугаар зүйлд буй “хууль бусаар хөрөнгөжих” гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлд “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэсэн нэршлээр тусгаж гэмт хэргийн үндсэн шинжийг уг конвенцид зааснаар томъёолж хуульчилжээ. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийг тайлбарлахад мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлсон хэм хэмжээг баримтлана.

Олон улсын гэрээ, түүний нөхцөл, томъёоллыг тайлбарлахад гэрээний бичвэрийн шууд утгаас гадна Гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцийн 32 дугаар зүйлд зааснаар талуудын хэрэглэх боломжтой олон улсын эрх зүйн аливаа дүрэм, журмыг хэрэглэж болно. Үүнд тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн олон улсын шүүх, трибуналын шийдвэрүүд болон тухайн олон улсын гэрээг тайлбарласан санамж бичиг, бусад олон улсын гэрээнүүд хамаардаг болохыг анхаарах нь зүйтэй.

НҮБ-ын Гэмт хэрэг, мансууруулах бодистой тэмцэх газар (UNODC) болон Бүс нутаг дамнасан гэмт хэрэг, шударга ёсны судалгааны институтээс (UNICRI) эрхлэн гаргасан Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийг хэрэгжүүлэх мэргэжил, арга зүйн гарын авлага, Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн техникийн удирдамжид заасан тайлбаруудыг Гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцийн 31(3)(c) зааснаар ач холбогдол бүхий бичиг баримт гэж үзнэ.

Өмнө өгүүлсэн олон улсын бичиг баримтуудад хууль бусаар буюу үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэг нь тусгай субъект буюу албан тушаалын бүрэн эрхийн хугацаанд үйлдэгдсэн, хууль ёсны орлогын эх үүсвэрээс хэт давсан хөрөнгө, орлого бий болсон, санаатай үйлдэгдсэн, эд хөрөнгөө тайлбарлаж эс чадах гэсэн бүрэлдэхүүний таван шинжийг зэрэг хангаж байхаар тодорхойлсон байна.

Нийтийн албан тушаалтан гэдгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-4.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ойлгох бөгөөд үүнд хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын томилогдсон эсхүл сонгогдсон, түр болон байнгын орон тоон дээр цалин хөлстэй ажиллаж байсан эсэхийг үл харгалзан албан тушаалтныг хамааруулж ойлгоно.

Албан тушаал эрхэлж байсан этгээд бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй үед үндэслэлгүй хөрөнгөжсөн бол олж авсан эд хөрөнгө, албан тушаалын байдлаа ашигласан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн хооронд шалтгаант холбоо бий болоогүй гэж үзэх тул “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийг тухайн албан тушаалтны албаны эрх, үүргээ хэрэгжүүлсэн хугацаатай заавал хамтатган авч үзнэ. Хууль бус эд хөрөнгө бий болсон цаг хугацаа, албан тушаалтны албан тушаал эрхлэж байсан үетэй давхцаж байх нь энэ шинжийн гол шалгуур юм.

Энэ тохиолдолд уг эд хөрөнгө албан тушаал эрхэлсэнтэй холбоотойгоор хууль бусаар албан тушаалтны эзэмшилд ирсэн болохыг нотлохыг шаардахгүй, харин эдгээр цаг хугацаа зөрж буй бол үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнийг тогтоохын тулд бий болсон эд хөрөнгийг албан тушаалтны албаны үйл ажиллагаатай холбоотой болохыг заавал нотлох шаардлагатай.

Албан тушаалтны олсон хөрөнгө орлогын хэмжээ нь түүний хууль ёсны орлогын эх үүсвэрээс хэт давсан байх Конвенцийн санааг Монгол Улсын Эрүүгийн хуульд хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн байхаар тайлбарлаж хуульчилсан тул  мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдсэн байхыг ойлгоно.

Үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг болохыг Авлигын эсрэг конвенцын 20 дугаар зүйл болон III бүлэгт  тодорхойлж санаа, сэдэлтийг заавал тогтоохыг үүрэг болгосон боловч энэ гэмт хэрэгт нууц далд аргаар үйлдэгддэг болохыг харгалзан санаа, зорилгыг хэргийн үйл баримт, нөхцөл байдлаас дүгнэн тогтоож болохыг конвенцийн 28 дугаар зүйлээр зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

Үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн санаа сэдэлт /men’s rea/-ийг албан тушаалтан их хэмжээний эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлсэн, биечлэн зарлага гаргасан, төлбөр хийсэн байх эсхүл өөрийн эд хөрөнгө их хэмжээгээр нэмэгдсэнийг баттай мэдсэн, мэдэх ёстой байсан байх бусад нөхцөл байдлуудаар тогтоож болох юм.

Энэ гэмт хэргийн тухайд бий болсон эд хөрөнгө хууль ёсны болохыг тайлбарлахаас бусад дээр өгүүлсэн дөрвөн нөхцөл байдлыг прокурор тогтоож шүүхэд нотлоно. Нөгөө талаас, эд хөрөнгө хууль ёсны болохыг тайлбарлахыг  албан тушаалтанд үүрэг болгож хэргийн зарим нөхцөл байдлыг яллагдагч, шүүгдэгчээр нотлуулдаг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэсэн зарчмаас өөр хандлагыг нотлох ажиллагаанд баримтлахаар тогтоодог.

Олон улсын эрүүгийн эрх зүйд нийтээр хүлээн зөвшөөрч Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглох”, “прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээх” зэрэг зарчмуудтай нийцэхгүй мэт харагдавч албан тушаалтны гаргасан тайлбарыг няцаах, түүнийг үндэслэлгүй болохыг нотлох үүргийг прокурорт хүлээлгэх байдлаар нотолгооны тэнцвэрийг бий болгосноор дээрх зарчмууд хангагдаж байна гэж үздэг.

Г.Б-т холбогдох хэргийн тухайд шүүхүүд нотлох баримтыг үнэлэхдээ дараах алдааг гаргажээ. Үүнд:

Г.Б-ийн хамаарал бүхий этгээдүүд болох Н.Г, Г.З, Г.З, Г.Н, Б.С нарын эзэмшдэг дансаар хийгдсэн 4,568,785 юаны эх сурвалжийн талаар БНХАУ-ын харъяат боловч монгол үндэстэн иргэдийн гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг монгол хэл бичиг мэдэхгүй гэж хэт явцуу бодитой бус үндэслэлээр үнэлэхээс татгалзсан, хожим эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний дагуу олж авсан зарим гэрчийн энэ талаар өгсөн мэдүүлгүүдийг /тухайлбал н.Ц, Ө.Г нарын мэдүүлэг/ үнэлээгүй үндэслэлээ тайлбарлаагүй зэргээс дээрх дансуудаар хийгдсэн их хэмжээний мөнгөн гүйлгээний агуулга, утга тодорхойгүй болж улмаар Г.Б-т холбогдох хэргийн сэдэлт, санаа зорилго болон эд хөрөнгийн хамаарал, эзэмшлийн талаар дүгнэлт хийх боломжгүй болжээ.

Шүүх тодорхой үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг тогтооход нотлох баримтын хүрэлцээтэй ба хангалттай байх зарчмын шалгуурыг буруу тогтоож мөрдөн байцаагчийн даалгаварт буй 32 иргэнээс мэдүүлэг авах талаар дурдсан нь заавал хийх шаардлагатай ажиллагаа биш гэж дүгнэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх 147 удаагийн гүйлгээгээр нийт 4,568,785 юань буюу 1,091,013,533 төгрөгийн шилжилт нь шүүгдэгч Г.Б-ийн ойрын төрөл садан, хэлхээ холбоо бүхий иргэдийн данс руу нэг газраас буюу Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт дахь Хаан банкаар хийгдсэн үйл баримтыг хэрхэн няцаан дүгнэснээ цагаатгах тогтоолд дурдаагүй байна.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг нотлоогүй буюу прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Б-ийг буруутгаж байгаа яллах талын гол нотлох баримтуудыг яллах дүгнэлтэд дурдаагүй орхигдуулсан талаар дээд шатны прокурорын хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй гэж үзлээ.

Албан тушаалтанд бий болсон их хэмжээний хөрөнгийн эх сурвалж буюу  ямар аргаар, хэнээс шилжин ирсэн нь тодорхойгүй, эх үүсвэр тогтоогдохгүй байгаа үед хууль бус орлого олсных нь төлөө албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжийг үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн томъёолол олгодог бөгөөд дээрх нөхцөл байдлууд нотлогдвол Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох шинжээр хэргийг зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь эрүүгийн эрх зүйн хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Г.Б-т холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаахаар хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 94 дүгээр цагаатгах тогтоол, Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Г.Б-т холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН