| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандашийн Амарсанаа |
| Хэргийн индекс | 135/2016/01682/и |
| Дугаар | 52 |
| Огноо | 2017-03-20 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 52
А.Д-, Р.Д- нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2016/01682/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 155 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Шинэчүүл овогтой А-гийн Д-,
Нэхэмжлэгч Олхонууд овогтой Р-гийн Д- нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Боржигон овогтой В-ийн А-д холбогдох
“Өргөтгөл хийсэн нийтийн эзэмшлийн ханыг хуучин хэвэнд нь оруулах” тухай иргэний хэргийг
Хариуцагч В.А-гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн
2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цагаандарь, хариуцагч В.А-, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч Р.Д-гаас:
Манай байр 2013 оны 05 дугаар сард ашиглалтанд орсон. А.Д-, хариуцагч В.А- нартай Дархан сумын 8 дугаар баг 17 дугаар хороолол, 18 дугаар байрны 5 давхрын нэг жигүүрт 70,71,72 тоотуудад оршин суудаг хөршүүд юм. 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би хөдөө идшинд явсан хойгуур В.А- өргөтгөл хийхээр утас татсан байсан. Хаалга чөлөөтэй онгойхоор бариарай гэж хэлсэн.
Гэтэл хөдөө яваад ирэхэд өргөтгөл ханаа хаалганд тулгаад барисан учир хаалга онгойлгоход саадтай байна. Иймд өргөтгөл хийснийг зөвшөөрөхгүй байх тул буулгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.Д-гээс:
Орой ажлаас тараад ирэхэд өргөтгөл хийх гэж байгаа талаараа хэлсэн. Би хаалганд тулгаж битгий хийгээрэй гэж хэлсэн. Маргааш орой нь ажлаас тараад ирэхэд В.А- өргөтлөө хаалганы хүрээнээс 4 хуруу зайтай барьж шавардсан байсан. Манай хаалга, В.А-гийн хаалга зэрэг онгойсноос болж хүүхэд мөргөсөн. Мөн зай давчуу болж, онгойход саадтай болсон тул өргөтгөл хийсэн ханыг буулгаж, хуучин хэвэнд нь оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч В.А-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд нараас:
Би Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 18 дугаар байрны 71 тоотод оршин суудаг ба амьдарч буй давхарынхаа орцонд хаалга байх хэсгийг ашиглагдахгүй байсан сууцны бус зориулалттай талбайн хэсгийг ашиглаж хэрэглэхээр хаалт хийсэн. Ингэснээр дуу чимээ тусгаарлагдах, салхи хүйтнээс хамгаалагдах байсан учир хөрш айлуудын эрх ашгийг хөндөхгүйгээр тооцоо хэмжилтийг хийж энэ талаар хөршүүдэд урьдчилан мэдэгдсэн. Энэ үеэр хөрш айлын хүмүүс татгалзсан ямар нэг үйлдэл гаргаагүй харин тодорхой хэмжээсийн дагуу хийгээрэй хаалга хаана байрлуулах талаар зааж өгч тухай үед татгалзаагүй хэрнээ одоо шүүхэд нэхэмжлэл гаргасанд гайхаж байна. Нэхэмжлэл гаргасан хөршүүдийн эрхийг хязгаарлаж аливаа буруу үйлдэл хийж тэдний эрх, ашигт саад учруулаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь өөрийн өмчлөлд ногдох хэсэгт өргөтгөл хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 155 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч В.А-гийн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөнд өргөтгөл хийсэн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Д-, Р.Д- нарт олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч В.А- давж заалдсан гомдолдоо:
Би өргөтгөл хийхдээ хөрш айлын хоёр эмэгтэй Р.Д-, А.Д- нартай тохиролцож, ярилцсаны үндсэн дээр өргөтгөл хийсэн. Манай байр сууц өмчлөгчдийн холбоогүй учир би хоёр хөршдөө хандаж өргөтгөл хийлээ гэхэд татгалзах зүйлгүй болно гэсэн хариу өгсөн. Өргөтгөл хийж дууссаны дараа шүүхэд хандаж байгаад би гомдолтой байна. Миний хийсэн өргөтгөл хана, хаалга хоёр хөршийн аливаа эрхийг зөрчөөгүй хаалга нээж хаахад ямар ч асуудалгүй байгаа талаар нэхэмжлэгч талууд мэдэж байгаа. А.Д- нь хаалга зэрэг онгойж хүүхэд гэмтсэн гэж худлаа ярисан. Ийм зүйл огт болоогүй бөгөөд хэрвээ хүүхэд хаалганд цохиулж ямар нэг байдлаар гэмтсэн бол энэ талаар нотлох баримт байх ёстой, нотлох баримтгүй зүйл яярьж байна. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ бодит байдалд тулгуурлаж хэргийг шийдвэрлээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч А.Д-, Р.Д- нар В.А-д холбогдуулж нийтийн эзэмшлийн талбайд өргөтгөл хийсэн хана өөрсдийн эрх ашгийг хохироож байгаа тул буулгахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, хариуцагч В.А- намайг өргөтгөл хийж байхад нэхэмжлэгч нар татгалзаагүй атлаа тодорхой хөрөнгө, хөдөлмөр гаргаж өргөтгөл хийсний дараа гомдол гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, миний хийсэн өргөтгөл нь бусдын эрх ашгийг хохироогоогүй гэж маргасан байна.
Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.
Маргалдагч талууд болох нэхэмжлэгч А.Д-, Р.Д- хариуцагч В.А- нар Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 18 дугаар байрны 5 дугаар давхрын нэг жигүүрт 70,71,72 тоотуудад оршин суудаг хөршүүд бөгөөд голын хаалганд оршин суугч В.А- нь өөрийн өмчлөлийн орон сууцны хаалгыг нийтийн зэмшлийн талбай руу сунгаж өргөтгөл хийсэн болох нь талуудын тайлбар хэрэгт авагдсан гэрэл зураг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагчийн өргөтгөл хийсэн нийтийн эзэмшлийн талбай нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.4-т зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгө мөн байна.
Маргалдагч талууд нь хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчид байх бөгөөд Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2-т зааснаар хуулиар тогтоосон эрх үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх, 148 дугаар зүйлийн 148.2.2-т зааснаар сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах түүнд засвар, өөрчлөлт, шинчлэл хийхдээ хууль тогтоомж,норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх тус тус үүрэгтэй байна.
Анхан шатны шүүх Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигчийн үүрэгтэй холбогдуулж дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй байна.
Хариуцагч болон түүний өмгөөлөгч Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1-д зааснаар сууцны бус зориулалттай талбайн хэсгийг дангаар өмчилж болно, бидний хийсэн өргөтгөл нь хөршүүдийн эрхийг зөрчөөгүй гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцсэн тайлбар биш байх тул давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зөв байна.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхийг хэнд даалгасан нь тодорхойгүй, хуулийн илүү нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэх боломжтой байхад хэрэглээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч В.А-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 155 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг баримтлан хариуцагч В.А-гийн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөд өргөтгөл хийсэн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхийг даалгасугай гэснийг
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 134 дүгээр зүйлийн 134.2, 148 дугаар зүйлийн 148.2.2-т тус тус зааснаар Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 18 дугаар байрны 5 дугаар давхрын 71 тоот байрны үүдний өргөтгөлийг өргөтгөл хийхээс өмнөх байдалд сэргээхийг хариуцагч В.А-д даалгасугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хаиуцагч В.А-гээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД С.ОЮУНЦЭЦЭГ
Л.АМАРСАНАА