Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 534

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чарив овгийн Ц-н Ч /РД: ***/.

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/279 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, цэргийн цол сэргээлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ч, түүний өмгөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Ц овогтой Ч миний бие 2007 оны 03 дугаар сарын 5-ны өдрөөс хойш Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэгчээр ажилласан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/279 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэхүү Б/279 дүгээр тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргахад Төрийн албаны салбар зөвлөл 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/02 дугаар албан бичгээр дээрх тушаал хууль зүйн үндэслэлтэй тул хүчингүй болгож урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй талаар хариу өгснийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр танилцаж гардаж авсан. Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч байх тул Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д ззаасны дагуу гомдол гаргаж байна.

Миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 11 жил тасралтгүй ажиллах хугацаандаа хуулийг дээдлэж, өргөсөн тангарагтаа үнэнч шударгаар зүтгэж, ажил байрны тодорхойлолт болон хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ биелүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ёс зүй болон ажилтны сахилгын дүрмийг чанд сахин биелүүлж, хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/279 дүгээр “Албанаас халах тухай” тушаалын үндэслэл нь “ ... төлбөр төлөгчийн банк дахь харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоох тухай мэдэгдлийг холбогдох банкинд хүргүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр биелэгдэх боломжийг алдагдуулсан ноцтой зөрчил гаргасан тул ... байгууллагаас халж, цэргийн “дэслэгч” цолыг хураасугай” гэж заасан байдаг. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч миний бие өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд холбогдох ажиллагааг хуульд заасан үндэслэл, дүрэм журмын хүрээнд гүйцэтгэсэн. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50, 77 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх дансны дугаар, төрөл, данс эзэмшигчийн нэр болон бусад шаардлагатай мэдээллийг гаргуулан авч, данстай тохиолдолд дансны зарлагын гүйлгээг битүүмжилж, хасалт хийх мэдэгдлийг хүргүүлсэн.

Төлбөр төлөгч “Үндэсний барилга консерциум” ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт хууль тогтоомжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан ба төлбөр төлөгчийн банк дахь харилцах дансны мэдээлэл авах, зарлагын гүйлгээг зогсоох хасалт, хаалт хийх тухай Нийслэлийн шийдвэр гүйцтэтгэх албаны дарга, хурандаа Ж.Н-ын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/18138 дугаар албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, хошууч Р.Э-ы баталсан 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 16291079/02 дугаар тогтоолыг арилжааны 12 банкинд тус тус хүргүүлсэн. Дээрхи арилжааны 12 банкуудад дахин шинэчлэн хүргүүлсэн тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ц.Г2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 4/545 дугаар “Хариу мэдэгдэх хуудас”-аар төлбөр авагч төрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлчилгэний газрын ерөнхий захирал Ж.Х-д хүргүүлсэн байдаг.

Арилжааны банкуудаас Худалдаа хөгжлийн банк дахь данс битүүмжлэгдээгүй гэх үндэслэлээр хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн тайлбарлан ажлаас халсан нь үндэслэлгүй болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдоно гэж үзэж байна. Үүнд:

Худалдаа хөгжлийн банкны хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, улсын ерөнхий гүйцэтгэгч, хурандаа Ж.Н болон Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.М нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №tdbm/127/2015/01 дүгээр “хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан байдаг. Тус гэрээний дагуу Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас цаасаар банкинд хандаж төлбөр төлөгчийн дансны мэдээлэл битүүмжлэл, хаалт, хасалт хийх зэрэг нөхцлийг хялбаршуулах зорилгоор цахим хэлбэртэй болгосон байдаг. Гэрээний дагуу Худалдаа хөгжлийн банк дахь төлбөр төлөгч данс эзэмшдэг эсэх, дансыг хаах, хасалт хийх, битүүмжлэх мэдэгдлийг цахим хэлбэрээр явуулах эрх бүхий этгээд нь тухайн дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч байхаар тохиролцож, ахлах шийдвэр гүйцэтгэгчид нэвтрэх нэр, нууц үгийг олгосон байдаг. 

Энэ ч утгаараа Худалдаа хөгжлийн банк дахь төлбөр төлөгчийн дансыг харах, данстай эсэх мэдээлэл авах, данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, битүүмлэх, хасалт хийх, хаалт хийх зэрэг эрхүүд нь ахлах шийдвэр гүйцэтгэгчид олгогдсон болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, улсын ерөнхий гүйцэтгэгч, хурандаа Ж.Н-н 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 5/2048 дугаар албан бичгээр тогтоогдоно. Эрх бүхий албан тушаалтан буюу ахлах шийдвэр гүйцэтгэгчид төлбөр төлөгчийн дансны хаалт, хасалт хийх мэдэгдлийг удаа дараа өгсөн учир мэдэгдлийн дагуу төлбөр төлөгчийн харилцах болон хадгаламжийн талаарх мэдээллийг авч, дансны зарлагын гүйлгээг зогсоож хасалт хийсэн гэдэгт бүрэн итгэлтэй байсан.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ц.Г 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 4/545 дугаар “Хариу мэдэгдэх хуудас” –аар төлбөр авагч Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлчилгээний газрын ерөнхий захирал Ж.Хичээнгүйд хүргүүлсэн мэдэгдэлд “... арилжааны 12 банкуудад дахин шинэчлэн хүргүүлсэн тухай...” дурдсан байдаг. Тийм учраас би тухайн үед дансны хасалт хийчихсэн гэж бодож байсан. Надад програмд нэвтрэх эрх нь байгаагүй. Хэрэв байсан бол би өөрөө дансны хасалт хийх боломжтой байсан.

Мөн тушаалд “... цэргийн “дэслэгч” цолыг хураасугай” гэж заасан үндэслэл хэсэгт дурдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1.1-д “өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн” гэж заасан үндэслэлд хамаарахгүй байх ба Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн болон Монгол Улсын харъяатаас гарсан цэргийн алба хаагчийн цэргийн цолыг цол олгосон албан тушаалтны шийдвэрээр хурааж авна” гэж заасан үндэслэл бүрдээгүй байхад цэргийн “дэслэгч” цолыг хураасан нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас халагдсан, чөлөөлөгдсөн, өөр албан тушаалд томилогдсон, сонгогдсон тохиолдолд түүний цол, дүрэмт хувцас, үнэмлэх, таних тэмдэг, хувийн дугаар бүхий тэмдэг, галт зэвсэг, тусгай хэрэгслийг хураан авна” гэж заасны дагуу цолыг хураан авсан гэж хуулийг буруу талбарлан хэрэглэсэн. Хуулийг нэг мөр ойлгомжтой хэрэгжүүлэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн үүрэг билээ. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 280.1 дэх заалт нь албаны дүрэмт хувцас, үнэмлэх ,тусгай хэрэгсэл гэх мэт эд зүйлийг албан ажил үүргээс гадуур зориулалтын бус хэрэглэхээс урьдчилан сэргийлэх үүднээс цэргийн жинхэнэ албан хаагчийн албан ажилдаа хэрэглэж эзэмшиж байсан биетээр байгаа цол, дүрэмт хувцас, үнэмлэх, таних тэмдэг, хувийн дугаар бүхий тэмдэг, галт зэвсэг, тусгай хэрэгслийг хураан авах заалт. Харин Цэргийн албаны тухай хуулийн 28.2-т зааснаас бусад тохиолдолд цэргийн цолыг хураан авахгүй, бэлтгэлээр хална. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271.2-т “энэ хуулийн 271.2-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”. 271.2.3 “шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих ...” бүрэн эрхтэй бөгөөд дээрх бүрэн эрхээ хэрэгжүүлэн хяналт тавьж гүйцэтгэх баримт бичгийг тухай бүр хянан шалгаж, төлбөр авагчид мэдэгдэх хуудсаар хүртэл хариу өгч байсан. Эрх бүхий албан тушаалтан буюу ахлах шийдвэр гүйцэтгэгч гэрээ байгуулсан цахимаар явуулдаг Капитал, Капитрон, Төрийн , Худалдаа хөгжлийн банкуудад төлбөр төлөгчийн банк дахь харилцах дансны мэдээлэл, зарлагын гүйлгээг зогсоох тухай мэдэгдлийг хүргүүлээгүй байхад зөвхөн Худалдаа хөгжлийн банкны мэдэгдлийг өгөхгүй авч үлдсэн мэтээр тайлбарлаж, ахлах шийдвэр гүйцэтгэгч хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ биелүүлэхгүй хайнга хандсан буруутай үйлдлээ надад хамаатуулж, өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн гэж үндэслэлгүйгээр буруутгаж байна. 

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд “хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй ажил гүйцэтгүүлэхийг хориглоно”, мөн хуулийн 31.1-д “ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй ажил гүйцэтгэхийг шаардахыг хориглоно” гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь ажлын байрны тодорхойлолтод дурдагдаагүй, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хийх ёстой ажлыг хийхийг шаардаж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ажил үүргийн гүйцэтгэвэл зохих ажлыг хийгээгүй гэж үндэслэлгүй буруутгаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд албанаасаа халсан ажилтанд тушаалыг хэрхэн гардуулах талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй ба энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн ажлаас чөлөөлсөн тохиолдолд тушаалыг ажилтанд гардуулах ерөнхий зарчмыг баримтлах нь үндэслэлтэй. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлагууд 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/279 дүгээр ажлаас халах тушаалыг надад болон алба, тасаг, газрын нийт бүрэлдэхүүнд албан ёсоор танилцуулан мэдэгдэж, мэдээлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан нөхцөл зөрчигдсөн байх ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын сургалт, хүний  нөөц хариуцсан мэргэжилтэн, ахмад Б.Ц-с 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр би өөрөө албан ёсоор танилцаж мэдсэн.

Дээрхээс үзэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Б/279 дүгээр тушаалын үндэслэлд дурдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2-т заасан нөхцөл нь шийдвэр гүйцэтгэгч миний буруутай үйл ажиллагаанаас болоогүй нь дээр дурдсан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан бичиг, арилжааны банкуудаас ирүүлсэн дансны мэдээлэл, ерөнхий газрын даргын албан бичиг, Худалдаа хөгжлийн банктай байгуулсан Хамтран ажиллах гэрээ зэрэг баримтуудаар бүрэн тогтоогдохоор байтал албанаас халсан нь үндэслэлгүй байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.3.8-т заасан нөхцөл буюу хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа нь үнэдслэлгүй болох нь банкуудаас ирүүлсэн албан бичиг, Шийдвэр гүйцэтгэх газрын даргын мэдэгдэл зэрэг нотлох баримтууд тогтоогдохоор байна. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь арилжааны банкуудтай хамтран ажиллах гэрээний дагуу төлбөр төлөгчийн банк дахь харилцах дансны мэдээлэл авах, хаалт, хасалт хийх эрх бүхий албан тушаалтныг тодорхой дурдан, нууцлалтай холбоотой программд нэвтрэх эрх, нууц үгийг хүргүүлж, удаа дараа үүрэг чиглэл, аргачлал өгсөөр байтал ахлах шийдвэр гүйцэтгэгч ажил үүргийн хуваарийн дагуу өөрт оногдсон ажлаа хийхгүй, хайнга хандаж цалгардуулсны улмаас миний бие үндэслэлгүйгээр ажлаас халагдаж, цэргийн цол хураалгасанд маш их гомдолтой байна. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50, 77 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх дансны дугаар, төрөл, данс эзэмшигчийн нэр болон бусад шаардлагатай мэдээлэл, дансан дахь мөнгөн хөрөнгийг битүүмжлэх тухай шийдвэрийг хүргүүлсэн. 

Хэрэв шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /удирдлагууд/ нь ажлын дотоод зохион байгуулалтаар “төлбөр төлөгчийн дансны мэдээлэл авах, зарлагын гүйлгээг зогсоох, хасалт  хийх үйл ажиллагагааг” цахим хэлбэрээр авах эрх нь шийдвэр гүйцэтгэгч нарт буюу надад олгодсон байсан бол төлбөр төлөгчийн дансны мэдээллийг авч, хасалт хийх байсан. Мөн надад Төрийн албаны болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль  тогтоомжинд заасан өөр төрлийн сахилгын шийтгэл оногдуулах бүрэн боломжтой байхад үндэслэлгүйгээр ажлаас халсанд маш их гомдолтой байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/279 дүгээр тушаалыг миний бие эс зөвшөөрч байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 5/279 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, цэргийн цол сэргээж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/279 дугаар тушаалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5, 277 дугаар зүйлийн 277.1.1-д заасныг үндэслэдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5-д ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу цэргийн цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах, 277 дугаар зүйлийн 277.1.1-д ...өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн гэж тус тус заасан байдаг. Тус тушаалын үндэслэлд заагдсан Ц.Ч-н өргөсөн тангаргаа ноцтой зөрчсөн, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн гэдэг үндэслэл тогтоогдоогүй байхад тус зүйл заалтыг үндэслэж Ц.Ч-г ажлаас халж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн хариуцагч талаас 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар өгсөн байдаг. Тус тэмдэглэлд тухайн хуралдаанд яригдсан зарим зүйл тусгагдаагүй байсан. Хэний буруу байсан гэдэг нь бүх алба бичгүүдээр тогтоогддог. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн адил тус мэдэгдлийг ахлах шийдвэр гүйцэтгэгч явуулах ёстой байсан гэдгийг хэлдэг. Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч хийх ёстой ажлаа хийгээгүйн төлөө Ц.Ч-г ажлаас нь халсан. Тэгэхээр Ц.Ч хийх ёсгүй буюу хуулиар хүлээгээгүй үүргийнхээ төлөө ажлаас халагдаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Шийдвэр гүйцэтгэх алба, хэсгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч нарт цахим мэдээлэл солилцох тухай албан даалгавар өгсөн. Албан даалгаврыг гүйцэтгэх үүрэг нь шийдвэр гүйцэтгэгч нарын ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй, Ц.Ч-д нэвтрэх эрх өгөөгүй байж яаж цахимаар мэдэгдэл хүргүүлэхийг шаардаад байгааг ойлгохгүй байна. Мэдэгдлийг цахимаар явуулах үүрэг нь өөр хүнд байсан. Харин арга хэмжээг Ц.Ч-д авчихсан. Ц.Ч-г ажлаас чөлөөлсөн тушаалд ...төлбөр төлөгчийн банк дахь харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоох тухай мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр биелэгдэх боломжийг алдагдуулсан зөрчил гаргасан гэсэн ганц л зөрчил дурдсан. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа Сангийн яамны хүмүүстэй уулзаад, бичиг явуулах ёстой байсан боловч явуулаагүй гэсэн зүйлс ярьдаг. Гэхдээ энэ нь Ц.Ч-г ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд заагдаагүй. Мөн н.О даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн албан даалгавар байгаа. Гэрч н.Г болон н.Бн нар албан бичгүүд дэд дарга болон албаны даргын гарын үсгээр баталгааждаг гэж мэдүүлсэн. Тус уламжилж явуулах бичгийг Ц.Ч үйлдээд, Ц.Г зассан. Ц.Г зассаны дараа н.Э дарга дээр ороход “би өөрөө тодруулна” гээд аваад үлдсэн. Өөрөөр хэлбэл Ц.Ча тус албан бичгийг үйлдэх үүрэгтэй байсан бол үйлдсэн. Үйлдээд тасгийн дарга н.Г-д хянуулсан. Харин тус албан бичгийг явуулаагүй, албажуулаагүй байдал нь Ц.Ч-ийн үүрэгт ажилд хамаарахгүй. Ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Б, н.С хоёрт эрхээ шилжүүлснээр 3 сарын цолны мөнгөө хураалгаж, сахилгын шийтгэл хүлээсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дахин албан даалгавар өгсөн. Эдгээр нөхцөл байдлууд тогтоогдож байгаа учир Ц.Ч-ийн эс үйлдэхүй тогтоогдохгүй байна. Тус мэдэгдлийг цахимаар хүргүүлэх нь Ц.Ч-ийн албан үүрэг байгаагүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Б/279 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тус тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн Ц.Ч 5 сар 14 хоног ажилгүй байсан. Сарын 939,180 төгрөгийн цалин гар дээр авдаг байсан гэж үзээд, 5,120,048 төгрөгийн цалинг гаргуулах хүсэлттэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хан-Уул дүүргийн 190 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Төлбөр төлөгч, түүний хөрөнгийн байгаа газар тодорхойгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч бүрэн эрхийнхээ хүрээнд тэдгээрийг эрэн сурвалжилж, олж тогтоох зорилгоор энэ хуульд заасан ажиллагааг гүйцэтгэнэ.” гэж заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучин нэрээр/-ны 2017.06.28-ны өдрийн 1/18138 дугаар албан бичгийг, 2017.11.17-ны өдрийн 16291097/02 дугаар тогтоолыг тус тус арилжааны банкуудад төлбөр төлөгч “Үндэсний барилга консерциум” ХХК-ийн харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоож, 1.155.853.892 төгрөгийн хасалт хийж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Улаанбаатар хотын банк дахь 2617001260 тоот дансанд шилжүүлж, хариу ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн.

Уг мэдэгдлийг Шийдвэр гүйцэтгэх газар /хуучин нэрээр/, Худалдаа хөгжлийн банк хооронд байгуулсан 2015 оны №tdbm/127/2015/01 дугаар гэрээний дагуу тус банкинд цахимаар хүргүүлдэг байна. Гэтэл Хан-Уул дүүргийн 190 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Ч мэдэгдлийг Худалдаа хөгжпийн банкинд удаа дараа хүргүүлээгүй нь ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Г, шийдвэр гүйцэтгэгч Б.Б, програмист, ахлах дэслэгч Б.Ц нарын тайлбараар тогтоогдсон. Түүнчлэн Ц.Ч нь шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2017.11.16-ны өдөр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргаа, удирдлагын Санхүүгийн хэлтсийн дарга Д.Б-тай уулзан, ярилцаж төлбөр төлөгч “ “Үндэсний барилга консерциум” ХХК-нд шүүхийн шийдвэрийн дагуу мөнгийг шилжүүлэх тухай” тайлбарыг авч, тэмдэглэлдээ тусгасан ч тус яаманд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд мөнгийг шилжүүлэх тухай албан бичгийн төслийг ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Г-аар хянуулсан боловч албажуулж хүргүүлээгүй байсан.

Арилжааны банкуудтай хамтран ажиллах гэрээний дагуу төлбөр төлөгчийн банк дахь харилцах дансны мэдээлэл авах, хаалт, хасалт хийх эрх бүхий албан тушаалтныг тодорхой дурдан нууцлалтай холбоотой программд нэвтрэх эрх, нууц үгийг удирлагын шийдвэргүйгээр бусдад шилжүүлсэн зөрчил гаргасан Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ц.Г-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/278 дугаар тушаалаар “цолны мөнгийг 3 сарын хугацаагаар хасах” сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Мөн дээрх үйлдэл, албан үүрэгтэй хариуцлагагүй хандсаныг Хяналт шалгалтын газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Н 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн албаны шалгалтаар тогтоодсон байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас халагдсан, чөлөөлөгдсөн, өөр ажилд томилогдсон, сонгогдсон тохиолдолд түүний цол, дүрэмт хувцас, үнэмлэх, таних тэмдэг, хувийн дугаар бүхий тэмдэг, галт зэвсэг, тусгай хэрэгслийг хураан авна” гэж заасны дагуу цэргийн дэслэгч цолыг хураасан.

Шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Ч-гийн гаргасан зөрчлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар өөрийг нь байлцуулан хэлэлцэж, ажлаас халахаар шийдвэр гаргах тухай мэдэгдсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар 15-ны өдрийн Б/279 дүгээр тушаалыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нийт алба хаагчдын хурлын үеэр танилцуулж, ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч нарт үүрэг чиглэл өгсөн нь тухайн өдрийн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байсан.

Мөн Төрийн албаны тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг хийж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/279 дүгээр тушаалын 3 дахь хэсэгт иргэн Ц.Ч-г уг тушаалыг эс зөвшөөрвөл эрх бүхий байгууллагад 1 сарын дотор гомдол гаргах эрхийг хангасан байна.

Харин иргэн Ц.Ч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаас хойш ажлын байрандаа очоогүй байж байгаад 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ажлаа хүлээлгэн өгч, ажлаас халсан тухай тушаалыг гардаж авсан байх бөгөөд цэргийн дүрэмт хувцасны тооцоог өнөөдрийг хүртэл хийж дуусгаагүй байна

Шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан иргэн Ц.Ч нь:

1 Төлбөр төлөгч “Ү б к” ХХК-ийн арилжааны банк дахь харилцах дансны мэдээлэл авах, хаалт, хасалт хийх тухай мэдэгдлийг Худалдаа хөгжлийн банкинд удаа дараа хүргүүлээгүй,

2. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргаа, удирдлагын Санхүүгийн хэлтсийн дарга Д.Б-тай уулзан, ярилцаж төлбөр төлөгч '“Ү б к " ХХК-нд шүүхийн шийдвэрийн дагуу мөнгийг шилжүүлнэ” гэсэн тайлбарыг авч, тэмдэглэлдээ тусгасан боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд мөнгийг шилжүүлэх тухай албан бичгийн төслийг ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Г-р хянуулсан ч албажуулж Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлээгүй, холбогдох арга хэмжээ аваагүй.

Дээрх үйлдлүүд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50 1-д “Шийдвэр гүйцэтгэгч банк эрх бүхий хуулийн этгээд дэх төлбөр төлөгчийн дансны үлдэгдэл мөнгөн хөрөнгийг битүүмжлэх тухай шийдвэр гаргаж банк, эрх бүхий хуулийн этгээдэд даруй хүргүүлнэ.”, 77 дугаар зүйлийн 77.1.1-д “төлбөр төлөгчийн эзэмшилд байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаас болон бусад хөрөнгөөс суутгал хийх” 77.1.3-д “төлбөр төлөгчийн бусдын эзэмшилд байгаа хөрөнгөөс суутгал хийх”, 93 дугаар зүйлийн 93.1-д “Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс, эсхүл гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад хөрөнгөнөөс төлбөрийг суутгана. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө хаана, ямар зориулалтаар ашиглагдаж байгаа нь үл хамаарна.”, 95 дугаар зүйлийн 95.1-д “Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн банкан дахь харилцах данс, хадгаламжид байгаа үнэт метал, эрдэнийн чулуу, үнэт цаас, мөнгөн хөрөнгө, түүнчлэн төлбөр төлөгчөөс бусдад, бусдаас төлбөр төлөгчид бэлэн ба бэлэн бусаар шилжүүлсэн хоорондын төлбөр тооцооны мөнгөнөөс төлбөр гаргуулж болно.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 6/279 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд холбогдох хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулсан хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Гэрч Ц.Г мэдүүлэхдээ: “Намайг 2017 оны 5 дугаар сарын 18-нд ажил хүлээж авахад ачаалал их байсан. Өмнө нь дансны хасалтыг цахимаар яаж явуулдаг талаар асуухад Худалдаа хөгжлийн банкны дансны хасалтыг шийдвэр гүйцэтгэгч Б.Б, Төрийн банкны дансны хасалтыг шийдвэр гүйцэтгэгч Снар хариуцаж байсан тул үргэлжлүүлж хариуцахыг даалгасан. 2018 оны 3 дугаар сарын 15-нд надад цолны мөнгө хасах сахилгын шийтгэл “шийдвэр гүйцэтгэгчид эрхээ дамжуулсан гэх үндэслэлээр оногдуулсан. Банктай харилцах эрх ахлах шийдвэр гүйцэтгэгчид байдаг. Барилга, хот байгуулалтын яам руу явуулах албан бичгийн төслийг шийдвэр гүйцэтгэгч авч ирээд хянуулж гарын үсэг зуруулж байсан, албан бичгийн төслийг 2 удаа хянаад зассан. Байгууллагаас явуулах албан бичигт дэд дарга, газрын дарга 2 гарын үсэг зурдаг. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг би хянаад гарын үсэг зурдаг. Гэрээ байгуулаагүй банкууд руу албан бичгээр дансны хасалт хийдэг. Албан бичгийг шийдвэр гүйцэтгэгч өөрийн биеэр банкууд руу хүргэж хүлээлгэж өгөөд гарын үсэг зуруулдаг. Харин цахимаар явуулахдаа албан бичгийг скайнердаж файл болгоод тухайн банкны цахим хаяг руу явуулдаг. 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шийдвэр гүйцэтгэгч нь тогтоол хэлбэрээр явуулж байгаа. Цахимаар тогтоолыг явуулбал цахим санд он сар өдөр, тогтоолын дугаар, хариуцагчийн нэртэйгээ хадгалагддаг. Программаас огноогоор нь хайхад цахимаар хүргэгдсэн тогтоол гарч ирнэ, хүргэгдээгүй тогтоол гарч ирэхгүй. Мэдэгдлийг цахимаар хүргүүлэхэд баталгаажуулж гарын үсэг зуруулдаггүй, тэмдэглэл үйлдэхгүй.” гэв.  

 Гэрч Б.Б мэдүүлэхдээ: “Би Хан-Уул дүүргийн Шийдвэр гүйцэтгэх хэсэгт шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан. 2017 оны 5-6 сарын үед Худалдаа хөгжлийн банкны цахим системд нэвтрэх эрхийг ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Г ажлын ачааллаас болж “ажил жигдэртэл хариуцаж бай” гээд шилжүүлсэн. 2017 оны 7 сарын 1-нээс ээлжийн амралтаа авсан. Худалдаа хөгжлийн банкны нэвтрэх хаягаар нь ороход регистрийн дугаар шаарддаг. Регистрийн дугаарыг оруулахад данстай, дансгүй нь гараад ирдэг. Дансгүй бол шууд хэвлэж гаргадаг. Данстай байвал “тогтоолоо скайнердаж оруулаад явуулаарай” гэж шийдвэр гүйцэтгэгчид хэлдэг. Миний скайнер ажиллахгүй байсан. Би тогтоолыг авдаггүй, баримт үйлддэггүй байсан. 2017 оны 9 сараас шийдвэр гүйцэтгэгч нар өөрсдөө тогтоолоо явуулдаг болсон.” гэв.   

Гэрч Д.Д мэдүүлэхдээ: “Би Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны Хан-Уул дүүргийн 140 дүгээр тойрогт шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Би ажиллаж байх хугацаандаа цахимаар мэдэгдэл явуулж үзээгүй. Бүх шийдвэр гүйцэтгэгч нарт ийм эрх байхгүй. Ерөнхий гүйцэтгэгчийн 2015 оны журам байдаг. Тус журмаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид энэ эрх олгогдсон байгаа. Бид ахлах шийдвэр гүйцэтгэгчид өгөөд явуулдаг. Бид нэвтрэх нэр нууц кодыг нь мэдэхгүй. Мэдэгдлийг цаасан хэлбэрээр тухайн шийдвэр гүйцэтгэгч өөрөө шууданд хүргэж өгдөг. Яаралтай тохиолдолд өөрийн биеэр тухайн банкинд хүргэж өгдөг. Цахимаар мэдэгдэл өгөхдөө банкинд үлдэх, албанд үлдэх, материалд үлдэх гэж 3 хувь гаргадаг. Цахимаар мэдэгдэл явуулах нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үүрэг. Мэдэгдлээ ахлах шийдвэр гүйцэтгэгчид өгөхдөө нотлох баримт үйлдэж, гарын үсэг зурдаг зүйл байхгүй. Зөвхөн материалд авч үлдсэн нэг хувиар л явуулсан гэж нотолно.

Нэвтрэх кодгүйгээр мэдэгдлийг цахимаар хүргүүлэх ямар ч боломжгүй. Нэвтрэх нэр, нууц үг бидэнд өгөөгүй. Мэдэгдэл хүргүүлэхтэй холбоотой албан бичгийг тасгийн даргаар хянуулаад, гарын үсэг зуруулна. Бид өөрсдөө явуулах боломжгүй. Шийдвэр гүйцэтгэгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраар дамжихгүйгээр шууд Сангийн яаманд “төлбөр төлөгч тийм данснаас санхүүжих гэж байгаа юм байна. Тэр мөнгийг манай дансанд хийж өгөөч” гэсэн хүсэлтийг тавих боломжгүй. Заавал дэд хурандаа н.Ө-д албан тоотоор уламжилдаг. Дур мэдэн ийм зүйл хийвэл ашиг сонирхлын зөрчилтэй гээд арга хэмжээ авахуулдаг.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ч нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/279 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, цэргийн цол сэргээлгэх” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 Ц.Ч-г “... төлбөр төлөгчийн банк дахь харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоох тухай мэдэгдлийг холбогдох банкинд хүргүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр биелэгдэх боломжийг алдагдуулсан ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1.1 “өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн бол албанаас хална”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 2 дугаар зүйлийн 3.8 “ажлын байрны тодорхойлолт, хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн заалтаар  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/279 дүгээр тушаалаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас халж, цэргийн “дэслэгч” цолыг хураасан  байна.    

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2563 дугаар захирамжаар  “Үндэсний барилга консерциум” ХХК-иас 1.155.593.892 төгрөгийг гаргуулж “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т  олгохоор шийдвэрлэснийг албадан гүйцэтгэхээр “Үндэсний барилга консерциум” ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна. 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн 190 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Ч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Ж.Н-ын гарын үсэг бүхий 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/18138 дугаар албан бичгээр  төлбөр төлөгч “Ү б к ” ХХК-ийн банкууд дахь харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар 1.155.593.892 төгрөгийн хасалт хийж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Улаанбаатар хотын банк дахь 2617001560 тоот дансанд шилжүүлж хариу ирүүлэх тухай мэдэгдлийг арилжааны банкуудад буюу ХААН, Хас, Төрийн, Голомт, Капитал, Капитрон, Ариг, Худалдаа хөгжлийн, Улаанбаатар хотын, Чингис хаан, Богд, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд хандан гаргаж хүргүүлсэн байдаг. 

Улмаар шийдвэр гүйцэтгэгч Ц.Ч нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн дарга Д.Б-тай ярилцлага хийн “тус яамнаас “Ү б к” ХХК-д шүүхийн шийдвэрийн дагуу 1.267.237.876 төгрөгийг шилжүүлэх тухай” тайлбарыг авч, тэмдэглэл үйлдэн, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр арилжааны дээрх 12 банкинд хүргүүлэхээр “Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай” 16291097/02 дугаар тогтоол үйлдэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд даргаар батлуулсан байдаг.  

Төлбөр авагчийн гомдлоор Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Г гүйцэтгэх баримт бичгийг татаж хянаад “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж ... 12 банкинд дансны лавлагаа авах, данснаас хасалт хийх мэдэгдлийг шинэчлэн дахин хүргүүлсэн. ...” хэмээн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 4/545 тоотоор төлбөр авагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т мэдэгдсэн байдаг. 

Гэвч “төлбөр төлөгч “Ү б к” ХХК-ийн банкууд дахь харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар 1.155.593.892 төгрөгийн хасалт хийж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Улаанбаатар хотын банк дахь 2617001560 тоот дансанд шилжүүлж хариу ирүүлэх тухай” дээрх 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/18138 дугаар албан бичиг болон 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай”  16291097/02 дугаар тогтоол Худалдаа хөгжлийн банкинд хүргэгдээгүйн улмаас данс битүүмжлэх, хасалт хийх ажиллагаа хийгдээгүй, улмаар төлбөр төлөгч “Ү б к” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь дансанд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1.155.593.892 төгрөг шилжин орж, мөн өдрөө зарлагадсан байна. 

Төлбөр авагчийн гомдлоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалтын газар холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд албаны шалгалт явуулж, даргын зөвлөлийн хурлаар шалгалтаар тогтоогдсон зөрчлийг хэлэлцээд Ц.Ч-г “үүрэгт ажилдаа хайнга хандаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр биелэгдэх боломжийг алдагдуулсан” гэж үзээд албанаас халах, цэргийн цолыг хураах шийдвэр гаргасан байх ба “шүүхийн шийдвэр биелэгдэх боломжийг алдагдуулсан” үйлдэлд Ц.Ч-г үүрэгт ажилдаа хайнга хандаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй гэж шүүх дараах үндэслэлээр дүгнэлээ.  

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хүрээнд хийгддэг банкин дахь төлбөр төлөгчийн дансны мэдээлэл авах, данснаас хасалт хийж төлбөр гаргуулах, дансны зарлагын гүйлгээг түр зогсоох, битүүмжлэх ажиллагааг хялбаршуулж цахимаар харилцахаар шийдвэр гүйцэтгэх байгууллага Капитрон, Капитал, Төрийн, Худалдаа хөгжлийн банктай  хамтран ажиллах гэрээ байгуулж, цахимаар харилцдаг болсон, тухайлбал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх газар Худалдаа хөгжлийн банктай 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №tdbm/127/2015/01 дүгээр хамтран ажиллах гэрээ байгуулжээ . 

Энэ гэрээгээр шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Шийдвэр гүйцэтгэх албаны даргын гарын үсэг /дардас ашиглахгүй/ бүхий төлбөр төлөгчийн дансны мэдээлэл авах албан бичиг, данснаас хасалт хийж төлбөр гаргуулах мэдэгдэл, дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг PDF хэлбэрээр банкны зохиосон программд байршуулан банкинд илгээх ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь программаар албан бичиг, мэдэгдэл илгээх ажилтныг томилж, түүнд программд хандах эрх авах болон эрхтэй ажилтны мэдээлэл өөрчлөх тухай хүсэлтийг цахим шуудангаар банкинд илгээж, банк холбогдох эрхийг олгохоор тохиролцон, Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх газраас ахлах шийдвэр гүйцэтгэгч нарт “программд нэвтрэх эрхийн нэр, нууц дугаар”-ыг хүргүүлж, тэдгээрт банктай цахимаар мэдээлэл солилцох сургалт зохион байгуулан, цаасан хэлбэрээр албан бичиг хүргүүлэх ажиллагааг зогсоож, цахимаар мэдээлэл солилцох ажиллагааг 2015 оны 10 дугаар сарын 08-наас шуурхай нэвтрүүлэх, хэрэгжилтийг хангахыг Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх газрын 2015 оны 10 дугаар сарын 08-ны 5/2048 тоот албан бичгээр мэдэгджээ . 

Ийнхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгчийн банкин дахь дансны мэдээлэл авах албан бичиг, данснаас хасалт хийж төлбөр гаргуулах мэдэгдэл, дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг зарим банкинд цахимаар явуулдаг болж, шийдвэр гүйцэтгэгч банкинд хүргүүлэх дээрх албан бичиг, мэдэгдлийг бэлтгэн ахлах шийдвэр гүйцэтгэгчид өгдөг, ахлах шийдвэр гүйцэтгэгч өөрт өгөгдсөн нэвтрэх нэр, нууц үгээр банкны программд оруулж илгээдэг болсон  нь  тогтоогдож байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн 190 дүгээр тойргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч д/ч Ц.Г нь “ажлын ачаалалтай” гэх шалтгаанаар төлбөр төлөгчийн банкин дахь дансны мэдээлэл авах албан бичиг, данснаас хасалт хийж төлбөр гаргуулах мэдэгдэл, дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг банкинд цахимаар явуулах үүргээ шийдвэр гүйцэтгэгч нарт шилжүүлсэн, тухайлбал Худалдаа хөгжлийн банкны программд нэвтрэх нэр, нууц үгийг тус тойргийн шийдвэр гүйцэтгэгч д/ч Батцэрэнд шилжүүлсэн, энэ нь тэдгээрийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог ба энэ талаар албаны шалгалтын танилцуулгад тодорхой дурьдаж, энэ зөрчилд нь буюу “банк дахь харилцах дансыг битүүмжлэх, лавлагаа мэдээлэл гаргуулахтай холбоотой нууцлал бүхий нэвтрэх эрхийг бусдад шилжүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналтаа хэрэгжүүлээгүй” зөрчилд нь ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Г-д 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/278 дугаар тушаалаар “цолны мөнгийг 3 сарын хугацаагаар хасах” сахилгын шийтгэл ногдуулсан  байдаг. 

Өөрөөр хэлбэл төлбөр төлөгчийн банкин дахь дансны мэдээлэл авах албан бичиг, данснаас хасалт хийж төлбөр гаргуулах мэдэгдэл, дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг банкинд цахимаар явуулах үүрэг ахлах шийдвэр гүйцэтгэгчид байсан, энэ үүргээ шилжүүлэх эрх олгогдоогүй, ийнхүү үүргээ дур мэдэн шилжүүлснээс үүдэн шүүхийн шийдвэр биелэгдэх боломжийг алдагдуулсан болох нь уг албаны шалгалтаар тогтоогдсон байна. 

Төлбөр төлөгчийн банкин дахь дансны мэдээлэл авах албан бичиг, данснаас хасалт хийж төлбөр гаргуулах мэдэгдэл, дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг банкинд цахимаар явуулах үүрэг ахлах шийдвэр гүйцэтгэгчид байсан, энэ үүргээ шилжүүлэх эрх олгогдоогүй байсан болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаас 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, улсын ерөнхий гүйцэтгэгчид 01/784 тоот “.. нэвтрэх эрхийн нууцлалыг зөвхөн ахлах шийдвэр гүйцэтгэгчид олгосныг зарим газар, нэгжийн ахлах шийдвэр гүйцэтгэгчид нь ... эрхээ шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлж, нэвтрэх эрх олгосноор өөрсдөө хяналт тавих боломжгүй болж, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол цаг хугацаандаа хүргэгдэхгүй ... зэрэг зөрчил байна. ... цахим хэлбэрээр зөвхөн ахлах шийдвэр гүйцэтгэгч хийж байхаар зохион байгуулах” талаар албан бичиг  хүргүүлсэн, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанаас 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч нарт 4/496 тоотоор  дээрх зөрчлийг дурдаад ахлах шийдвэр гүйцэтгэгч нарт нэвтрэх нэр, нууц дугаарыг дахин хүргүүлснээс үзэхэд шийдвэр гүйцэтгэгчийн албан бичиг, тогтоол цаг хугацаандаа хүргэгдээгүй, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжийг алдагдуулсан зөрчил нь ахлах шийдвэр гүйцэтгэгч эрхээ шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлж, хяналт тавиагүйгээс үүдэлтэй болохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. 

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч Ц.Ч-гийн үйлдсэн дансны мэдээлэл авах, зарлагын гүйлгээг зогсоох хасалт, хаалт хийх тухай албан бичиг, тогтоол бусад банкуудад хүргэгдсэнээс, мөн төлбөр авагчийн гомдлын дагуу Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Г гүйцэтгэх баримт бичгийг татаж хянаад “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж ... 12 банкинд дансны лавлагаа авах, данснаас хасалт хийх мэдэгдлийг шинэчлэн дахин хүргүүлсэн. ...” хэмээн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр буюу төлбөр төлөгчийн дансанд мөнгө орж зарлагадсан 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 3 долоо хоногийн өмнө 4/545 тоотоор төлбөр авагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т мэдэгдэж байснаас үзэхэд “түүний үйлдсэн албан бичиг, тогтоол Худалдаа хөгжлийн банкинд хүргэгдээгүй гэдгийг тэрээр мэдээгүй гэх” нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэхээргүй байна. 

Шийдвэр гүйцэтгэгч Ц.Ч нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн даргатай ярилцан “тус яамнаас “Ү б  к” ХХК-д шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр шилжүүлэх тухай” тайлбарыг авч, тэмдэглэл үйлдээд, энэ талаар Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яаманд уламжлуулахаар Шийдвэр гүйцэтгэх албаны Мэргэжлийн удирдлагын хэлтсийн даргад албан бичиг төлөвлөн дэд дарга хошууч Р.Э-р гарын үсэг зуруулахаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид хянуулж, засуулан гарын үсэг зуруулсан  байдаг боловч уг албан бичиг албажиж хүргэгдээгүй байдаг, үүнд түүнийг шууд буруутгахааргүй байна. Учир нь гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл шийдвэр гүйцэтгэгч албан бичигт гарын үсэг зурдаггүй, тэр дундаа Яам, агентлаг руу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар явуулах албан бичгийг газар, албаны даргаар уламжлуулан явуулдаг байх бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд даргын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 15/78 дугаартай албан даалгаварт мөн энэ талаар үүрэг болгосон  байна.

Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар төрийн тусгай албан хаагч бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан, тухайлбал энэ хуулийн 278 дугаар зүйлийн 278.2-т “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нь цэргийн цол, дүрэмт хувцастай байна.”, 280 дугаар зүйлийн 280.1-д “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас халагдсан тохиолдолд түүний цолыг хураан авна” хэмээн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нь цэргийн цолтой байх, цолыг ямар үндэслэлээр хураан авахыг ийнхүү нарийвчлан заасан байх тул хэрвээ шийдвэр гүйцэтгэх албанаас халсан тохиолдолд цолыг хураан авах нь зүйн хэрэг байна. 

Гэвч дээр дүгнэснээр нэхэмжлэгч Ц.Ч-г шийдвэр гүйцэтгэх байгууллагаас халсан нь үндэслэлгүй байх тул энэ үндэслэлээр цэргийн дэслэгч цолыг хураасан шийдвэр мөн л үндэслэлгүй, хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/279 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Ч-г Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн 190 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, цэргийн дэслэгч цолыг сэргээж, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл 5 сар 9 хоногийн цалин /ТТ-11 зэрэглэлээр үндсэн цалин 659.841.00 төгрөг, цолны нэмэгдэл 79.180.92 төгрөг/ 4.011.824 төгрөгийг гаргуулан олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.                                                                                                                                                                                                     

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1, 280 дугаар зүйлийн 280.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/279 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ц.Ч-г Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн 190 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, цэргийн дэслэгч цолыг сэргээж, ажилгүй байсан хугацааны 5 сар 9 хоногийн цалин 4.011.824 төгрөгийг гаргуулан олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХАЛИУНА