| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2020/0188/Э |
| Дугаар | 192 |
| Огноо | 2020-05-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | У.Дэндэвдорж |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 192
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч У.Дэндэвдорж,
Шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч Д.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ............. овогт .............. ийн ..........д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000000129 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ............... овогт ................ийн ............ /регистрийн дугаар:ТА............./, ......... оны .......... дугаар сарын ..........-ны өдөр ............... аймгийн .......... суманд төрсөн, эрэгтэй, ........... настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........, эцгийн хамт ............аймгийн ........ сумын .......... дугаар баг ............. дугаар гудамжны ......... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай агийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 хоног хорих ял шийтгүүлж 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Н.Д нь согтуурсан үедээ 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 12 цагийн орчим ............ аймгийн ............ сумын ............. дугаар баг ............ дугаар гудамж ........... тоотод оршин суух иргэн ................ ийн гэрийн ханыг хугалан нэвтэрч “Шарп” загварын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 80,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Эрүүгийн 2018000000129 дугаартай хэргээс:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],
Хохирогч Х.С-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: "...2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 12 цаг 30 минутын үед хадмын хажууд байдаг айлаас гараад дэлгүүр орох гээд хашааныхаа хажуугаар гараад явж байтал манай хадмын хашаанд байдаг манай гэрийн ар талд нэг залуу зогсож байсан юм. Би тэгээд хашааны гадна талаас тэр залууд “юу хийж байгаа юм бэ” гэж асуутал тэр залуу “чамд ямар хамаатай юм дуугүй цаашаа яв” гэж хэлэхээр нь би “хөөе наадах чинь манай гэр шүү дээ” гэж хэлтэл манай гэрийн зүүн хойд хаяанаас нэг залуу гарч ирсэн юм. Тэр хоёр залуу манай гэрт байсан 32 инчийн “sharp” зурагтыг гэрээс гаргаад ирчихсэн зогсож байсан юм. Би тэгээд цагдаа дуудлаа гэж хэлтэл тэр хоёр залуу манай гэрээс гаргаж ирсэн зурагтыг орхичхоод зугтаасан юм. Би тэгээд нэг залуугийнх нь араас нь хөөж явсаар барьж авсан юм. Тэгээд цагдаа дуудаж өгсөн юм. Тэр хоёр залуу манай гэрийн баруун хойд талын хаяаг доороос нь ханыг нь эвдээд дотогшоо орчихсон байсан. Манай гэрээс хулгай хийж байсан гэх тэр хоёр залуугийн нэгийг нь би танина нэрийг нь Бөмбөө гэдэг юм. Бүтэн нэрийг нь мэдэхгүй. Харин Бөмбөөтэй цуг явж байсан залууг нь танихгүй. Би өөрийн алдсан зурагтаа буцаан хүлээн авсан мөн хананы хугарсан хэсгийг буцаан хадаж янзалсан учраас одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг[2],
Гэрч*****мөрдөн байцаалтад 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр мэдүүлсэн: “...Би өглөө эрт захын түүхий эд авах цэг дээр түүхий эд тушаачхаад явж байтал Д-тай таарсан тэгээд намайг хоёулаа хамт манай гэр рүү явж зурагт аваад ирье хүн авна гэсэн юм гэж хэлэхээр нь за гээд таксинд суугаад 2 дугаар баг Октябрийн *****хашаанд очиход Д найз нь гэрийнхээ түлхүүрийг хаячихсан байна ингээд ороод зурагт аваад ирье гээд гэрийнхээ туургыг сөхөөд ханыг нь хугалж татаад гадуураа өмсөж явсан хүрмээ надад өгөөд орсон. Удалгүй саарал өнгөтэй “Sharp” гэсэн бичигтэй том зурагт гаргаж ирээд намайг үүнийг аваарай гэхээр нь би татаж аваад хажуудаа тавиад байж байтал цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг[3],
Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн “...Х.С-ийн эзэмшлийн гэрээс алдагдсан “Sharp” маркийн 32 инчийн өнгөт зурагт /хуучин, хэрэглэж байсан/ 1ш эд зүйлийн зах зээлийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлтийг хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2020 оны 3 дугаар сарын 6-ны байдлаар 80,000 /наян мянган/ төгрөгөөр тодорхойлов.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[4],
Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[5] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн гэрч, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Н.Д-ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Д нь согтуурсан үедээ 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 12 цагийн орчим ........... аймгийн ............ сумын......... дугаар баг .............. дугаар гудамжны .......... тоотод оршин суух иргэн Х.С-ийн гэрийн ханыг хугалан нэвтэрч “sharp” маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 80,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Н.Д-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа нь гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх тал дээр маргаж, мэтгэлцэх зүйлгүй гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Н.Д-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн шунахай сэдэлт, амар хялбар аргаар амьдрах гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.
Шүүгдэгч Н.Д нь хохирогчийн “Sharp” маркийн 32 инчийн телевизорыг биет байдлаар буцаан өгсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн мэдүүлэг[6]-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, цагдан хоригдсон 33 хоногийг эдлэх ялд оруулан тооцох гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Н.Д-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Н.Д-ын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, шүүхийн захирамж зэргээр шүүгдэгч нь урьд 1 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай байна.
Шүүхээс шүүхээс шүүгдэгч Н.Д-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Д нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Н.Д-ын цагдан хоригдсон нийт 33 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Д нь 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс нийт 33 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ............ овогт ..........-ийн .............-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Д-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-ын 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 33 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож эдлэх ялаас нь хассугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Д нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтст хэргийн 3-7 тал
[2] Хавтаст хэргийн 9-10, 11-12 тал
[3] Хавтаст хэргийн 15 тал
[4] Хавтаст хэргийн 17-18 тал
[5] Хавтаст хэргийн 29-39 тал
[6] Хавтаст хэргийн 11-12 тал