Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2016/0189/з |
Дугаар | 287 |
Огноо | 2016-10-10 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 287
“Өмгөөллийн Эй Ди Ти” ХХН-ийн
нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 366 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 495 дугаар магадлалтай, “Өмгөөллийн Эй Ди Ти” ХХН-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Өмгөөллийн Эй Ди Ти” ХХН шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай нөхөрлөл нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлж 0040223 тоот гэрчилгээ авсан. Бидний зүгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нэмэгдсэн өртгийн албан татварын ажил үйлчилгээний төрөлд тус нөхөрлөлийн үзүүлж буй үйлчилгээ хамаарахгүй болохыг олж мэдсэн даруйдаа Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтдээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу манай нөхөрлөл татвар төлөгч биш байх тул нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасч, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөрлөлд олгосон 0040223 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын гэрчилгээг хүчингүй болгохыг хүссэн юм.
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1/2517 дугаар албан бичгээр манай хүсэлтэд хариу өгсөн ба уг хариу албан бичигтээ бидний хүсэлтийг хүлээн авч манай нөхөрлөлийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасах үндэслэлгүй байна гэсэн хариу өгснөөр барахгүй улмаар Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 35/2015122118 тоот мэдэгдэх хуудсаар 12.410.940 төгрөгийн татварын өрийг барагдуулахаар хүргүүлсэн. Нэмэгдсэн өртөг гэдэг бол үйлдвэрлэгч, нийлүүлэгч, худалдан борлуулагч нь хэн нэгэн этгээдээс түүхий эд, материалаа буюу барааг мөн ажил, үйлчилгээ худалдаж аваад түүнийг борлуулахаас өмнө шинээр буюу дахин боловсруулж, худалдан борлуулахтай холбоотойгоор гарсан элэгдэл, зардлыг ойлгодог.
Харин өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө авч буй этгээдийн хувьд уг үйлчилгээг ашиглан шинээр бүтээгдэхүүн бий болгодоггүй учир энэ төрлийн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хууль зүйн үндэслэлгүй юм.
Нэмэгдсэн артгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 “...хуульд өөрөө заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна...”, мөн хуулийн 7.1.4-т “...Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ...” хэмээн заасан бөгөөд мөн зүйлийн 7.4 дэх хэсэгт “...дор дурдсан үйл ажиллагааг ажил үйлчилгээ үзүүлсэнд хамааруулна...” хэмээн хамаарах үйлчилгээний төрлийг нарийвчлан тодорхойлон заасан байдаг. Энэхүү тодорхойлон жагсаасан үйлчилгээний төрөлд “өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх” үйлчилгээ заагдаагүй байна. Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “...татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох ... эрхтэй...” гэж заасны дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн татвар ногдуулах үйлчилгээнд “өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх” үйлчилгээг хамааруулаагүй байх тул Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс манай нөхөрлөлийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Иймд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс өмгөөллийн “Эй Ди Ти” ХХН-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох, уг албан татвараар манай нөхөрлөлд хууль бусаар ногдуулсан 12.410.940 төгрөгийн татварын өрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Өмгөөллийн Эй Ди Ти ХХН нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д заасан шаардлагыг хангасан учир уг хуулийн 5.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн Татварын албанд сайн дураар бүртгүүлж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон байна. Top of Form
Тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.11-д “иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи 1 жилийн хугацаанд тэдгээрийн албан татвар ногдох орлогын хэмжээ 10 сая төгрөгт хүрэхгүй нөхцөлд харьяалах татварын алба нь түүнийг албан татвар төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хураан авна” гэж, мөн Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахад баримтлах журам”-ын 7 дугаар зүйлд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.11-д зааснаар буюу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи нэг жилийн хугацаанд албан татвар ногдох орлгоын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрээгүй нь татварын тайлангаар нотлогдсон бөгөөд дараагийн жилүүдэд уг орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрэхгүй нөхцөл бүрдсэн, эсхүл “Х” тайлан ирүүлж буйг татвар төлөгчийн хариуцсан татварын улсын байцаагч нь тодорхойлсон бол нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасахаар зохицуулжээ.
Иймд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасах хууль зүйн үндэслэл бүрдээгүй тул тус нөхөрлөлийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасах үндэслэлгүй байна. Мөн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байх хугацаандаа нэмэгдсэн өртгийн тайланг өөрсдөө тодорхойлон гаргаж байсан бөгөөд уг тайлангаар гарсан өрийг төлөх нь зүйн хэрэг бөгөөд татварын албанаас хууль бусаар ногдуулсан зүйл байхгүй болно гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр: 1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.3, 43 дугаар зүйлийн 43.4-д заасныг тус тус баримтлан “Өмгөөллийн Эй Ди Ти” ХХН-ийн “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс өмгөөллийн “Эй Ди Ти” ХХН-д хууль бусаар ногдуулсан 12.490.940 төгрөгийн татварын өрийг хэрэгсэхгүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсаныг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
2. Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 7 дугаар зүйлийн 7.4-т заасныг тус тус баримтлан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс “Өмгөөллийн Эй Ди Ти” ХХН-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 495 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 366 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг "1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан "Эй Ди Ти" ХХН-ийн "Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс өмгөөллийн "Эй Ди Ти" ХХН-д хууль бусаар ногдуулсан 12.490.940 төгрөгийн татварын өрийг хэрэгсэхгүй болгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай" гэж, 2 дахь заалтыг "2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 6 дугаар зүйлийн зүйлийн 6.2-т заасныг баримтлан "Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс "Эй Ди Ти" ХХН-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосугай" гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн иттэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Эй Ди Ти ХХН-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 495 дугаар магадлал гарсантай холбогдуулан дараах асуудлаар гомдол гаргаж байна.
“Эй Ти Ди” ХХН нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т заасан шаардлагыг хангасан учир уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар Чингэлтэй дүүргийн татварын албанд сайн дураар бүртгүүлж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон байна. Тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.11-т “иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи нэг жилийн хугацаанд тэдгээрийн албан татвар ногдох орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрээгүй нь хуулийн этгээдийн хувьд орлогын албан татварын тайлангаар, иргэний хувьд орлого, татвар тодорхойлох хуудсаар нотлогдсон бөгөөд дараагийн жилүүдэд уг орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрэхгүй нөхцөлд харьяалах татварын алба нь түүнийг албан татвар төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хураан авна" гэж, мөн Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2009 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар тушаалаар батлагдсан "Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахад баримтлах журам"-ийн 7 дугаар зүйлд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.11-д зааснаар буюу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи нэг жилийн хугацаанд албан татвар ногдох орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрээгүй нь татварын тайлангаар нотлогдсон бөгөөд дараагийн жилүүдэд уг орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрэхгүй нөхцөл бүрдсэн эсхүл "X" тайлан ирүүлж буйг татвар төлөгчийн хариуцсан татварын улсын байцаагч нь тодорхойлсон бол нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасахаар зохицуулжээ. Иймд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасах хууль зүйн үндэслэл бүрдээгүй тул тус нөхөрлөлийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасах үндэслэлгүй байна. Мөн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байх хугацаандаа нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг өөрсдөө тодорхойлон гаргаж байсан бөгөөд уг тайлангаар гарсан өрийг төлөх нь зүйн хэрэг бөгөөд татварын албанаас хууль бусаар оногдуулсан зүйл байхгүй болно.
Иймд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 495 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгч “Өмгөөллийн Эй Ди Ти” ХХН нь хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж бөгөөд, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Өмгөөллийн Эй Ди Ти” ХХН-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгосон, талууд уг үйл баримттай маргаагүй, нэхэмжлэгч “... нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлчилгээ үзүүлдэггүй байхад нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн нь хууль бус” гэж, хариуцагч “... уг нөхөрлөл нь ...сайн дураараа бүртгүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон, ... нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасах хууль зүйн үндэслэл бүрдээгүй тул ... хасах үндэслэлгүй” гэж маргажээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна”, 7.1.4-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ” гэж заасан, 4 дүгээр зүйлийн 4.1.8-д "үйлчилгээ" гэж бараа борлуулах, мөнгөн гүйлгээ хийхээс бусад аливаа үйл ажиллагааг хэлнэ" гэж тодорхойлсон боловч 7 дугаар зүйлийн 7.4-т “дор дурдсан үйл ажиллагааг "үйлчилгээ үзүүлсэн"-д хамааруулна” гээд 11 төрлийн үйлчилгээг нэрлэж заажээ.
Хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуульд “татвар ногдох үйлчилгээ”-гээр нэрлэгдээгүй байхад нэхэмжлэгчийг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлчилгээ үзүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Хариуцагч “... нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргаж бүртгүүлсэн” гэх боловч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх тухай хүсэлт гаргасан этгээд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг хариуцагч нягтлах үүрэгтэй, үндсэн үйл ажиллагаа нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлчилгээ биш бол ийнхүү бүртгэхээс татгалзах байтал, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлчилгээ эрхэлдэггүй нэхэмжлэгч “Өмгөөллийн Эй Ди Ти” ХХН-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргасан нь хариуцагчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохооргүй байна.
Түүнчлэн шүүхүүд нэхэмжлэгч “Өмгөөллийн Эй Ди Ти” ХХН-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасах талаар шийдвэр гаргаагүй, уг аж ахуйн нэгжийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2014 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байх тул “... нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасах хууль зүйн үндэслэл бүрдээгүй тул тус нөхөрлөлийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасах үндэслэлгүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 74 дүгээр зүйлийн 74.3 дахь заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь зөв байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 495 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА