Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 317

 

Т.Дашнямд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 28А дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 40 дугаар магадлалтай, Т.Дашнямд холбогдох эрүүгийн 201520000302 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шовх овогт Төвсанаагийн Дашням нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах”, мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгч Т.Дашнямд холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Т.Дашнямыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг болон хохирогч Х.Пүрэвсүрэн нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны  шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Х.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь санаатайгаар үйлдсэн байхыг шаарддаг. Гэтэл Т.Дашням нь санаатайгаар бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор М.Буяннэмэх “... шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчөөгүй, шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт зааснаар хяналтын журмаар хэргийн бүх ажиллагааг хянахад анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна.

Шүүгдэгч Т.Дашням нь согтуугаар 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн “Сээр” гэх газар “Хьюндай портер” загварын 64-41 УНК дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хохирогч Х.Пүрэвсүрэнгийн биед хүнд гэмтэл, хохирогч Б.Рагчаагийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан Замын хөдөлгөөний дүрэм нь нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ тогтоосон акт мөн бөгөөд уг дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршино.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “зам тээврийн осол” гэдэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэнд хохирол учрах явдал гэж тодорхойлсон бөгөөд тухайн осол болсон газар нь Замын хөдөлгөөний дүрмийн “зам” гэх тодорхойлолтод хамаарахгүй учир “зам тээврийн осол биш” гэсэн техникийн шинжээчийн дүгнэлт учир дутагдалтай байна.

Зам тээврийн ослын үндсэн шинж нь тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон байх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой эрх зүйн хэм хэмжээний нэг буюу хэд хэдэн заалт зөрчигдсөн байх, ослын улмаас тодорхой хохирол учирсан байхыг шаардана.

Шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгож, бусдын бие махбодид хөнгөн болон хүнд гэмтэл санаатай учруулсан гэж хууль зүйн дүгнэлт хийсэн нь гэм буруугийн талаар эргэлзээтэй байдлыг бий болгож байна.

Энэхүү эргэлзээтэй нөхцөл байдлыг дахин шалгаж тодруулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг болон гэм бурууг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

Иймд тусгай мэдлэг бүхий техникийн шинжээчээр дахин дүгнэлт гаргуулах замаар эргэлзээ төрүүлсэн нөхцөл байдлыг шалгаж, гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилгыг тогтоох нь шүүхийн тогтоол гарахад чухал ач холбогдолтой байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийн нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Энэ талаар бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 28А дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 40 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Т.Дашнямд холбогдох эрүүгийн 201520000302 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Увс аймгийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Т.Дашнямд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                                          ДАРГАЛАГЧ,

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 Т.УРАНЦЭЦЭГ

                                          ШҮҮГЧ                                                                        Б.ЦОГТ