Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 28/А

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүгч Э.Дулмаа, Л.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Өнөрмаа, улсын яллагч Х.Еркебулан, иргэдийн төлөөлөгч Л.Мөнхцэцэг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Т.Дашням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 99 дүгээр зүйлийн 99.1-д  зааснаар яллах дүгнэлттэй,  Монгол улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 81 дугаартай  захирамжаар харьяалал тогтоосон, шүүгдэгч Т.Дашнямд холбогдох эрүүгийн 201520000302 дугаартай, 153/2016/0025/Э/ индекстэй хэргийг Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэнийг 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч   хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Шовх овогт Төвсанаагийн Дашням, 1994 оны 10 дугаар сарын 24-нд төрсөн, 21 настай,  эрэгтэй,ард халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багт  оршин суух, урд ял шийтгэлгүй, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого байхгүй, ОК94102418 дугаарын  регистртэй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Дашням нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутаг “Сээр” гэх газарт 64-41 УНК улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан  иргэн Х.Пүрэвсүрэн, Б.Рагчаа нарыг  дайрч, Х.Пүрэвсүрэнгийн бие махбодид санаатай хүнд гэмтэл санаатай учруулсан иргэн Б.Рагчаагийн бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд  холбогджээ. /Яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан цагаатгах болон яллах талын нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлээр... Өндөрхангай сумын Жаргалан багийн  нутаг Сээр гэх газар байх ба Т.Дашнямын 2015 оны 09 сарын 14- ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн гэх газар нь дээд хэсэгтээ хар өнгийн чулуун оройтой, намхан толгодын өмнө зүгт харсан энгэр газар байв. Уг газар үзлэг хийхэд давхар дугуй бүхий тээврийн хэрэгслийн мөр өмнө зүгээс ирж, уг толгод руу өгсөж,баруун гар талаас зүүн өмнө зүг рүү чиглэл өөрчлөн 13х12,10 метр дугуй хэлбэр үүсэж, 80 см толгойн орой хэсэг рүү өгсөж, дээд энгэр хэсэгт дугуй хэлбэр үүсгэн, толгойн урд доод хэсэгт нь дугуй хэлбэр үүсгэсэн дугуйны зүүн хойд талаар нь орж зогсолт хийсэн мөр байв. Уг мөрнөөс зүүн хойш 30 см зайд  2м10смх2м60см хэмжээний талбайн хөрс суларч талахлагдсан. Уг газар  олон тооны алтан навч, улаан шонхор тамхины иш хөглөрч байх ба sins 1927 боргио гэсэн бичиг бүхий 3смх1,5 см хэмжээтэй хөх өнгийн 2 ширхэг бөглөө байв. Уг газар үүссэн тээврийн хэрэгслийн мөр нь өмнө зүг рүү 7м 50 см зам туулж, чиг өөрчлөн зүүн зүг рүү эргэж 24 метр зам туулж, зогсолт хийсэн байв. Уг газарт 16смх15 см хэмжээтэй талбайн хөрс цус мэт хүрэн  өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг  А цэгээр тэмдэглэв. Уг газраас зүүн  хойд зүгт 70 см зайнд 10см х13 см хэмжээтэй газраас 1м50 см зайд 150см х 60 см талбайг хамарсан газрын хөрс цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Уг газарт үүссэн тээврийн хэрэгслийн мөрний баруун мөрний буюу өмнө талын мөрний дагуу 4м 50 см зайнд 2,2 өргөнтэй 3 см урттай газрын өвс болон хөрс хар өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Уг цэгээс мөрөнд үзлэг хийхэд уг мөр нь  зүүн тийш 9м80см зам туулж, баруун өмнө зүг рүү дугуй хэлбэр үүсгэн чиг өөрчлөн 7 м 50 см зам туулж мөр бүдгэрч алга болсон байв ... гэх баримт, гэрэл зураг  / 1 дүгээр хх- ийн 5-6, 7-11 дүгээр хуудас /

Замын бүдүүвч зураг /1 дүгээр хх- ийн 13 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр... машиныг асааж 20 км /цагийн  хурдтай явуулж тоормосыг шалгахад өмнө талын баруун, зүүн  дугуйны тоормос бүрэн ажиллагаатай, хойд талын дугуй тоормосгүй байв... /1 дүгээр  хх- ийн 14-15 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад Халзаны Пүрэвсүрэн хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ... Би 2015 оны 09 сарын 14-ний өдөр Б.Рагчаагийн хамт сумын төвөөс гарахдаа дэлгүүрээс 2 летрийн 3 ширхэг пиво худалдаж авсан. Сумын төвөөс 10 орчим км  газар яваад Өндөрхангай  сумын  Жаргалант  багийн Сээр гэх газар Т.Дашнямтай таарсан. Т.Дашням өөрийнхөө цагаан өнгийн портер машинтай гэрээ аччихсан явж байсан. Бид гурав уулзаад пиво задлаад сууж байтал манай сумын Багаа гэдэг залуу ирсэн. Багаа мотоцикльтэй ирсэн.  Бид дөрөв пивоо адилхан хувааж уусан. Бид нарыг сууж байхад  Т.Дашнямын эхнэр болон Багаагийн эхнэр малаа тууж ирсэн. Т.Дашням эхнэртээ “малаа туугаад явж бай би араас чинь очно”  гэсэн. Тэгээд бид дөрөв пивоо ууж дуусгасан. Т.Дашням би пиво авахуулна гээд машинаасаа мөнгө авч Багаад өгсөн. Тэгээд Багаа бид хоёр сумын төвөөс 2 летрийн 2 ширхэг пиво аваад  Б.Рагчаа, Т.Дашням нар дээр ирсэн. Тэгээд пивоо ууж байгаад Т.Дашням “ манай мал дээр очъё,  овоохой барьж хоночихоод маргааш өглөө цаашаа нүүнээ “ гэж хэлсэн.  Бид нар зөвшөөрч Т.Дашнямын малын араас явсан. Тэнд очоод бид дөрөв үлдсэн пивоо хуваагаад ууж байтал Т.Дашням “ танай ах чинь манай ахтай маргалдаж зодолдсон “ гээд үг хаяад байсан. Тэгээд би Т. Дашнямтай маргалдсан. Бид хоёр зодолдоогүй. Б.Рагчаа “та хоёр боль”  гээд бид хоёрын дундуур орох үед Т.Дашням Б.Рагчаагийн эрүүний орчим гараараа нэг удаа цохисон. Б.Рагчаа нь Т.Дашнямыг дагуулаад жаахан холдоод тэр хоёр ярилцаж сууж байгаад  “ учраа олчихлоо” гээд буцаж ирсэн. Тэр хоёрыг буцаж ирснээс  хойш бид хоёр хоорондоо муудалцаагүй. Бид 4 нэг бүтэн, нэг тал пивоо ууж дуусчихаад Т.Дашням гэрээ буулгаж барина гээд сууж  байсан газраас босоод машин руугаа явсан. Багаа ч гэсэн босоод Т.Дашнямын араас явсан. Б.Рагчаа бид хоёр тэндээ суугаад үлдсэн. Тухайн үед  хүчтэй шуурч салхилж байсан. Машин хүчтэй хаазлах чимээ гарахаар харахад Т.Дашням машиндаа суучихсан чигээрээ буюу урд зүг рүү машинаа хөдөлгөж байсан. Тухайн үед салхины чиглэл хойноос урагшаа чиглэлтэй байсан. Бид хоёр хойд зүг хараад юм яриад сууж байтал гэнэт араас машин мөргөсөн. Би сууж байсан газраа ухаан алдсан байсан. Тухайн үед салхины өөдөөс хараад сууж байсан тул машин араас ирж  байгааг мэдэж зугтаж амжаагүй юм. Одоо миний толгой хүзүү нуруу маш их өвдөж байна. Мөн зүүн талын гар хөл мэдээгүй байна. Т.Дашням машинаа асаагаад урагшаа явж байсан яагаад тойрч ирээд бид хоёрын араас мөргөх болсныг мэдэхгүй байна...  / 1 дүгээр хх- 34-36 дугаар хуудас/

 Мөрдөн байцаалтад хохирогч Х.Пүрэвсүрэнгийн дахин өгсөн... Т.Дашням нь гэрээ буулгаж барина гэхээр нь Б.Рагчаа бид хоёр барилцаж өгөөд явахаар болсон. Энэ үед Т.Дашням нь гэр ачсан машинаа авч ирэхээр явсан. Т.Дашням нь машиндаа суугаад машинаа асаагаад ирээд шууд дайрсан. Энэ хооронд 2-3 минут л болсон байх. Би тухайн үед ухаан алдсан байсан. Намайг ухаан орох үед Т.Дашням машинтайгаа явчихсан байсан. Миний хажууд Б.Рагчаа байсан. Миний эмчилгээнд 10 000 000 / арван сая/ төгрөг гарсан. Т.Дашнямд гомдолтой ... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас/

 Мөрдөн байцаалтад хохирогч  Батбаатарын Рагчаагийн өгсөн  ... 2015 оны 09 сарын 14 - ний өдөр өөрийн улсын дугааргүй, Мустанг маркын цэнхэр өнгийн хятад мотоцикльтойгоо, Х.Пүрэвсүрэн  өөрийн улсын дугаартай хөх өнгийн мотоцикльтой явсан.  Бид хоёр сумын төвөөс гарахдаа  Боргио нэртэй 2 летрийн 3 ширхэг пиво авсан. Сумын төвөөс гараад  10 км газар яваад Жаргалант багийн Сээр гэх газар Т. Дашнямтай таарсан. Т.Дашням өөрийн цагаан өнгийн портер маркын машинд гэрээ ачсан явж байсан. Х.Пүрэвсүрэн бид хоёр авч явсан пивоноосоо нэгийг задлаад ууж байтал манай сумын Багаа  гэдэг залуу ирсэн. Т.Дашнямын эхнэр болон Багаагийн эхнэр малаа туугаад бид нар дээр ирсэн. Т.Дашням “малаа туугаад явж бай “ гэсэн тэд нар малаа туугаад явсан. Бид нар пивоо ууж дуусгасан. Т.Дашням машинаасаа мөнгө аваад Багаа, Х.Пүрэвсүрэн нарт өгөөд сумын төв рүү пивонд явуулсан. Т.Дашням бид хоёрыг юм яриад сууж байтал Багаа, Х.Пүрэвсүрэн нар 2 летрийн 2 ширхэг боргио нэртэй пиво авч ирсэн. Нэг пивийг нь  задлаад талдаа орж  байтал Т.Дашням “ манай мал дээр очъё, тэнд очиж овоохой барьж хоноод маргааш цааш нүүнэ “ гэж хэлсэн. Тэгээд бид нар зөвшөөрч малынх нь араас гүйцэж очсон. Багаагийн эхнэр болон Т.Дашнямын эхнэр малаа туугаад явж байсан.  Тэнд очоод үлдсэн пивоо ууж байтал Т.Дашням, Х.Пүрэвсүрэн нар маргалдаж хэрэлдсэн. Тэр хоёрыг маргалдаад байхаар нь  би дундуур нь ороод “  та хоёр боль” гээд сууж байтал Т.Дашням гараараа миний эрүүний орчимд нэг удаа цохисон. Би Т.Дашнямаас  “ чи яаж байгаа юм, яагаад хүн цохиж байгаа юм бэ” гэж асуухад Т.Дашням нь уучлаарай би Х.Пүрэвсүрэнг цохих гэж байгаад таныг цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд бид нар хэрэлдэж маргалдахаа больж эвлэрсэн. 1 бүтэн, нэг тал пивоо ууж дуусгаад Т.Дашням машин дээрээс гэрээ буулгана гээд сууж байсан газраасаа босоод машин руугаа явсан. Багаа / Ж.Очирбат /  бас босоод Т.Дашнямын араас явсан. Бид нар Т.Дашнямын машинаас 50 орчим метр газар сууж байсан. Т.Дашням машинаа урд зүг рүү харуулаад зогсоосон байсан. Х.Пүрэвсүрэн бид хоёр эсрэг зүг хараад юм яриад сууж байгаад  машин хаазлах чимээ гарахаар эргэж харахад Т.Дашням машинтай маш хурдтай ирээд бид хоёрыг мөргөсөн.  Тэр хооронд босож зугтах боломж байгаагүй. Машин зүүн зүгээс ирээд машин миний цээжний орчмоор дээгүүр гарсан. Х.Пүрэвсүрэн бид хоёр машин зогсож байсан газрын дээд талд өндөрлөг газарт сууж байсан учир машин өнхөрч бид хоёр луу ирэх боломжгүй байсан. Би ухаан алдаад хэсэг хугацааны дараа сэргэхэд Х.Пүрэвсүрэн  “ амь авраарай “ гэж  орилж байсан. Харин Х.Пүрэвсүрэнгийн  дэргэд Багаа унтаж байсан. Би тэр хоёрын наанаас мөлхөж очиход Х.Пүрэвсүрэнгийн  толгойны ар дагз хэсгээс цус гоожиж байсан. Намайг  ухаан орох үед Х.Дашням байхгүй байсан. Би Багааг дуудаж түүний хамт ах Нямсүрэнгийнд очиж тусламж дуудсан. 2015 оны 09 сарын 14-ний өдөр Т.Дашням их согтоогүй байсан. Би Т.Дашнямд гомдолтой байна. Одоо миний толгой, цээж нуруу маш их өвдөж байна... гэх мэдүүлэг  /1 дүгээр хх- ийн 39-41 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад  хохирогч  Б.Рагчаа 2 дахь удаагаа  өгсөн ...  Харин бид нар машины зүүн талд машинаас нэлээд хол газарт сууж байсан. Хэрэв машин өөрөө гүйсэн бол эгц өмнө зүг рүү уг толгойн доош урагш гүйх байсан. Т.Дашням нь гэрээ буулгаж барина гэж машинаа асааж Х.Пүрэвсүрэн бид хоёрын хажууд ирэхдээ Х.Пүрэвсүрэнтэй маргалдсан уурандаа бид хоёрыг санаатайгаар машинаараа дайрсан. Тэгээд ухаан орох үед Т.Дашням явчихсан байсан. Харин бид хоёрын хажууд Оюунбат  / баагий / байсан...  гэх мэдүүлэг /1 дүгээр  хх – 42-44 дүгээр хуудас / 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Эрдэнэтуяагийн ... 2015 оны 09 сарын 14 - ний өдөр 12 цаг өнгөрч байхад манай нөхөр Б.Рагчаа нь Х.Пүрэвсүрэнгийн хамт  Батсайхан баг руу ах Эрдэнэбатынд очихоор явсан. Орой ажил тараад гэртээ байж байтал 20 цаг өнгөрч байхад Х.Пүрэвсүрэнгийн эхнэр Саран надруу яриад Сээр гэх газарт Х.Пүрэвсүрэнгийн бие муу байна гэсэн дуудлага ирсэн байна, Б.Рагчаа тэр хоёр хамт явсан, яасан юм бол гэхээр нь би сумын эмнэлгээс лавлахад Сээр гэх газарт Х.Пүрэвсүрэнгийн бие муу байна эмнэлгийн машин явах гэж байна гэсэн. Тэгээд Б.Рагчааг хүлээсэн байдалтай эмнэлэгт очоод байж байтал Х.Пүрэвсүрэн, Б.Рагчаа хоёр эмнэлгийн машинтай ирсэн. Тэр хоёр хоёулаа гэмтэл авсан. Б.Рагчаагийн нүүр гар шалбарсан. Х.Пүрэвсүрэнгийн зүүн талын гар хөл мэдээгүй болсон байсан. Юу болсон талаар асуухад Б.Рагчаа надад “Х.Пүрэвсүрэн бид хоёрыг сууж байтал Т.Дашням гэр ачсан Портер машинаараа дайрчихлаа, машины дугуй миний цээжин дээгүүр гарсан. Цээж өвдөөд байна “ гэсэн ... гэх мэдүүлэг / 1-р хх-45-47-р хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Оюунбатын  ...2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Өндөрхангай сумын хойт талд байх Цагаан үзүүр гэх газраас Т.Дашнямын  гэрийг Б.Төвсанаа ахын 64-41 УВС улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн машинд ачиж Б.Төвсанаа ах  машинаа барьж, түүний эхнэр Дэмбэрэлсамбуу эгч машинд сууж, Т.Дашням бид хоёр мотоциклиор Жаргалант сумын нутаг Хараат гэх газар луу нүүсэн. Бид Хошуут гэх газар ирж хоноглоод өглөө нь Т.Дашням гэр ачсан машин барьж, Т.Дашнямын  эхнэр Т.Цэцэгдулам, манай эхнэр Б.Баянжаргал нар бог мал, үхрээ нийлүүлээд туусан. Би адуугаа туугаад Өндөрхангай сумын өмнө талд байх Сээр гэх газар очиход  гэр ачсан машины хажууд манай нутгийн залуус болох Х.Пүрэвсүрэн,Б.Рагчаа нар ирчихсэн Т.Дашнямтай 2 л-ийн Боргио пиво ууж байсан. Тэгээд пиво дуусаад Х.Пүрэвсүрэн бид хоёр сум руу явж дахин 2  пиво авчраад бид нар ууж байтал Т.Цэцэгдулам ирээд “та нар хоноглох газраа оч” гэхээр нь бид нар Сээр гэх газрын Өмнө өвөр гэх газарт очиж нэг жижиг толгойн энгэрт зогсоод 2 пивоо уусан. Би  согтсон тул мотоцикль дээрээ очиход Х.Пүрэвсүрэн, Б.Рагчаа, Т.Дашням нар араас ирээд намайг согтсон байна гээд явуулаагүй. Тэгээд миний мотоцикль байсан газрын хажууд суугаад үлдсэн пивоо ууж байтал Т.Дашням “Х.Пүрэвсүрэнг өмнө нь чи миний ахыг зодсон байна лээ” гээд хоорондоо маргаж эхэлсэн. Б.Рагчаа бид хоёр  хориглосон. Тэгээд би сууж байгаад унтчихсан байсан. Нэг мэдэхэд хүмүүс орилолдоод эмч дууд гээд байхаар нь сэрээд хартал Х.Пүрэвсүрэн,Б.Рагчаа нарыг Т.Дашням өөрийнхөө гэр ачсан машинаараа дайрчихсан байсан. Х.Пүрэвсүрэн би үхлээ гээд орилоод хэвтэж байсан. Б.Рагчаа өндийгөөд сууж байсан.Т.Дашням машинтайгаа байхгүй байсан. Б.Рагчаа ахындаа очно гэхээр би Б.Рагчааг мотоцикль дээрээ сундлаад ахынх руу нь явах гэтэл манай эхнэр Б.Баянжаргал ирсэн.Түүнийг Х.Пүрэвсүрэнгийн хажууд орхиод бид хоёр Б.Рагчаагийн ахынх руу явсан.Тэгээд Б.Рагчаагийн ах Б.Цэрэндаваагийнд очиж болсон явдлыг хэлээд эмнэлэгт дуудлага өгсөн. Б.Цэрэндаваа Х.Пүрэвсүрэнгийн байгаа газар луу явж би Б.Рагчаатай байж байтал Б.Цэрэндаваа ирээд Х.Пүрэвсүрэнг эмч ирээд эмнэлэг рүү аваад явлаа гээд Б.Рагчааг өөрийнхөө машинаар эмнэлэг рүү авч явахад би мал руугаа явсан ... гэх мэдүүлэг  / 1-р хх 48-52-р хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Оюунбат дахин өгсөн ... Х.Пүрэвсүрэн, Б.Рагчаа нарыг Т.Дашням машинаараа дайрахыг мэдээгүй. Би унтсан байсан. Хүн орилхоор босоод ирэхэд Б.Рагчаа, Х.Пүрэвсүрэн нар газарт хэвтэж байсан. Т.Дашням машинтайгаа байхгүй байсан. Б.Рагчаа, Х.Пүрэвсүрэн нар Т.Дашням бид хоёрыг машинаараа дайрчихаад явлаа гэж  байсан. Ярьсан зүйл үнэн... гэх мэдүүлэг ... / 1 дүгээр хх- ийн 53-54 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Баянжаргалын  өгсөн  ...Нөхөр бид хоёр  Т.Дашням гэх залуугийн гэрт байж, малаа нийлүүлж хамтарч маллаж байгаад 2015 оны  09 дүгээр сарын 13-ны өдөр Хярастын ар гэх газарт намаржаанд буухаар болж нүүсэн. Гэр ачсан машиныг  Т.Дашнямын аав Б.Төвсанаа барьж Т.Дашнямын эхнэр Т.Цэцэгдулам бид хоёр мориор бог малаа туусан. Ж.Оюунбат үхэр адуугаа туусан. Замдаа хоноглох болоход Б.Төвсанаа эхнэрийн хамт сумын төв рүү явцгааж бид нар тэндээ хоноод маргааш нь Т.Дашням гэр ачсан машинаа барьж Т.Цэцэгдулам бид хоёр бог мал, үхрээ нийлүүлж туугаад Ж.Оюунбат адуугаа туусан. Бид хоёр хонио туугаад Сээр гэх газарт ирэхэд Т.Дашням машинтайгаа ирчихсэн, манай нутгийн Х.Пүрэвсүрэн, Б.Рагчаа нар мотоцикльтой ирчихсэн байсан. Тэгээд араас Ж.Оюунбат ирж тэд нар пиво уугаад үлдсэн Т.Цэцэгдулам бид хоёр хонь үхрийнхээ араас явсан...Сээрийн өвөр гэх газар ирэхэд Ж.Оюунбат,Б.Рагчаа, Х.Пүрэвсүрэн нар байж байхаар нь би хонио тогтоочихоод тэдэн дээр очиход Б.Рагчаа өндийгөөд сууж байсан, Ж.Оюунбатын өвөр дээр Х.Пүрэвсүрэн толгойгоо тавиад хэвтэж байсан ба толгойноос нь цус гарч байсан.Би Ж.Оюунбатыг чи мотоциль унаж чадах бол эмчид хэл гээд Ж.Оюунбат мотоциклиор Б.Рагчааг аваад явсан. Би Х.Пүрэвсүрэнгийн дэргэд үлдсэн. Х.Пүрэвсүрэн, Б.Рагчаа нар үхлээ гээд орилж байсан. Юу болсон талаар асуухад Т.Дашням машинаараа бид хоёрыг дайрчихлаа гэсэн. Х.Пүрэвсүрэн өвчиндөө сайн ярьж чадахгүй байсан. Тухайн үед Т.Дашням Сээрийн өвөр гэх газарт машинаа байрлуулахдаа гүйлгэж асаахаар уг газарт дугуйрч эргэж байснаа машинаа өмнө зүг харуулж газар уруу байрлалтай зогсоосон... гэх мэдүүлэг  / 1-р хх-55-58-р хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Нямсүрэнгийн өгсөн...  2015 оны 09 дүгээр сарын 14-ний орой гэртээ байж байтал 20 цагийн үед Ж.Оюунбат манай дүү Б.Рагчааг сундалчихсан мотоциклиор манайд ирсэн. Б.Рагчаагийн 2 талын шанаа, зүүн гарын ар шалбарчихсан их эмзэглэлтэй байсан. Юу болсон талаар асуухад Т.Дашнямтай Х.Пүрэвсүрэн, Ж.Оюунбат бид гурав бага зэрэг пиво уусан.Тэгээд тэдний гэрийг нь барих гээд сууж байтал Т.Дашням машинаараа Х.Пүрэвсүрэн бид хоёрыг дайрчихлаа гэсэн. Тэнд Х.Пүрэвсүрэн үхэх гэж байна та эмч дуудаач гэхээр нь би Б.Рагчаагийн эхнэр Эрдэнэтуяа руу утсаар ярьж хэлсэн.Тэгээд Б.Рагчаа Ж.Оюунбат хоёрыг гэрт үлдээгээд Сээрийн өвөр гэх газар луу очиход Х.Пүрэвсүрэн хажуудаа  Ж.Оюунбатын эхнэр Б.Баянжаргалын хамт байж байсан. Х.Пүрэвсүрэн босож өндийж чадахгүй газарт хэвтэж толгойноос нь цус гарсан байсан. Намайг таньж мэдэх хүмүүс Б.Цэрэндаваа гэж дууддаг юм. Тэнд байж байтал эмч ирээд Х.Пүрэвсүрэнг эмнэлэг рүү авч явсан тул би гэртээ ирээд Б.Рагчааг өөрийнхөө машинаар эмнэлэг рүү хүргэсэн ... гэх мэдүүлэг  /1-р хх-59-61-р хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Энхтуяагийн өгсөн...  2015 оны 09 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн орчим манай эмнэлэгт Сээрийн өвөр гэх газар хүн ухаангүй байна гэсэн дуудлага ирсний дагуу би уг газарт очиход манай сумын Жаргалант багийн иргэн Х.Пүрэвсүрэн газарт хэвтэж байсан ба толгойноос нь цус гарч байсан. Бие нь их эмзэглэлтэй өвчин ихтэй ёолж байсан.Тэгээд уг хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд машинаар тээвэрлэж сумын эмнэлэгт авчирсан.Үзлэг хийхэд биеийн байдал хүнд, пульс мэдэгдэхгүй байсан ба толгойн дагзны орчим 2 газар зүсэгдсэн байсныг шархыг цэвэрлэж нийт 10 ш оёдол тавьсан. Х.Пүрэвсүрэнгийн хажууд Ж.Оюунбатын эхнэр Б.Баянжаргал, Б.Нямсүрэн буюу Цэрэндаваа нар байсан, өөр машин хүн байгаагүй. Б.Рагчааг ах нь машинаараа эмнэлэгт авчирсан. Маргааш нь эдгээр хүмүүс Жаргалант багийн малчин Т.Дашнямтай пиво хувааж уусан. Т.Дашням нь гэрээ буулгаж барина гэж босоод машинаа асааж бид хоёрыг дайрсан гэж хэлж байсан ... гэх мэдүүлэг /1-р хх 62-64-р хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Төвсанаагийн өгсөн ...  2015 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө би эхнэрийн хамт өөрийн 64-41 УНК  улсын дугаартай  портер маркийн машинаар Т.Дашнямынхыг нүүлгэсэн. Би өөрөө машинаа барьж явсан ба Т.Дашням, Ж.Оюунбат, тэдний эхнэрүүд малаа тууж явсан. Орой нь Хадуун хошуут гэх газар хоноглох болсон тул би эхнэрийн хамт сумын төв рүү гэр лүүгээ явсан. Орой 20 цагийн орчим байх Т.Дашням ээж рүүгээ яриад  Сээр гэх газарт Х.Пүрэвсүрэн ахын бие муу байна, эмч дуудаарай гэсэн тул манай эхнэр дуудлага өгсөн.Тэгээд би шөнө эмнэлэг дээр ирэхэд Х.Пүрэвсүрэн, Б.Рагчаа нар эмчилгээнд орчихсон байсан, биеийнх нь байдлыг хараагүй ... гэх мэдүүлэг  / 1-р хх 65-66-р хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Т.Цэцэгдуламыг өгсөн...  ...2015 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө манайх Цагаан үзүүр гэх газраас нүүсэн. Хадам аав Б.Төвсанаа өөрийнхөө машинаар манай гэр ачиж явсан. Т.Дашням ,манайтай хамт мал малладаг Ж.Оюунбат түүний эхнэр Б.Баянжаргал бид нар малаа тууж явсан. Орой нь бид нар Хадуун хошуут гэх газар хоноглоход хадам аав, ээж хоёр сум руу явсан. Бид нар  өглөө нь  босоод Т.Дашням гэр ачсан машинаа барьж бид нар малаа туусан. Сумын төвөөс 10 км орчим Сээр гэх газарт Т.Дашням машинтайгаа зогссон тул бид очиж явтал Х.Пүрэвсүрэн, Б.Рагчаа нар мотоцикльтой бас ирсэн байсан. Ж.Оюунбат ч мөн мотоцикльтойгоо ирсэн. Тэгээд тэнд байж байтал Х.Пүрэвсүрэн,Б.Рагчаа нар гэр лүүгээ авч явсан 2 летрийн 2 пивоо гаргаж тэд нар ууж эхлэхээр нь Б.Баянжаргал бид хоёр малынхаа хойноос явсан.Тэгээд мал дээрээ очоод зөөлөн туугаад явсан. Т.Дашням нар ирэхгүй болохоор би буцаад тэд нар дээр очиж орой боллоо явцгаая гэхэд Х.Пүрэвсүрэн нь Т.Дашням, Ж.Оюунбат нар луу “ та нар эхнэрээрээ мэдүүлдэг болоо юу” гээд үг хаяад байсан.Тэгээд Т.Дашнямыг машинтай, Ж.Оюунбатыг мотоцикльтой явуулахад түүний хойноос Х.Пүрэвсүрэн, Б.Рагчаа нар мөн мотоцикльтойгоо явсан. Би малаа туугаад Сээрийн өвөрт ирэхэд Т.Дашням ирчихсэн. Х.Пүрэвсүрэн, Б.Рагчаа нар мөн ирчихсэн хажууд нь байсан. Тэгээд тэндээ овоохой барьж хонохоор болсон тул Б.Баянжаргал хонь руугаа би хүүгээ авч үхэр лүүгээ явж үхрээ Сээрийн өвөр лүү буцааж туух үед миний хойт талд Б.Баянжаргал бог малаа тууж явсан. Тэгээд явж байтал гэнэт өмнөөс Т.Дашням гэр ачсан машинаа жолоодчихсон айсан байдалтай над дээр ганцаараа ирээд намайг морио тушчихаад машинд суу гэхээр нь хүүгийнхээ хамт морио тушчихаад машинд суухад Т.Дашням: “би Х.Пүрэвсүрэн, Б.Рагчаа нарыг санаандгүй машинаараа мөргөөд гэмтээчихлээ, эмч дуудмаар байна” гэхээр нь би Т.Дашнямын хамт сумын төв рүү эмч дуудахаар явсан.Тэгээд явж байтал утасны сүлжээ орж Т.Дашням хадам ээж рүү бүх болсон явдлыг хэлж эмч дуудуулсан.Тэгээд бид хоёр сумын төв ороод эмнэлэг рүү очиход  хадам ээж өмнөөс гарч ирэхээр нь эмнэлгийн жолоочийнд хүргэж өгсөн. Хадам ээж Т.Дашнямыг согтуу битгий машин бариад яваад бай гэхээр нь бид хоёр хадам аавынд очоод байж байтал цагдаа ирээд Т.Дашнямыг аваад явсан ... гэх мэдүүлэг  /1-р хх 69-70-р/

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Дэмбэрэлнямбуугийн өгсөн...  орой нь би гэртээ байж байтал Т.Дашням над руу залгаад “ээж ээ эмч дуудаад өгөөч”  гэчихээд утас нь тасарчихсан. Тэгээд би эмнэлэг орж дуудлага өгчихөөд гараад иртэл Т.Дашням эхнэрийнхээ хамт ирсэн. Т.Дашням эмчээ хурдлаарай Х.Пүрэвсүрэн ухаан алдаад уначихлаа гэсэн. Би Т.Дашнямыг согтуу болохоор гэртээ очоод байж бай би энэ хүмүүсийг аваад Х.Пүрэвсүрэнг аваад ирье гэж хэлээд сумаас эмч болон захиргааны жолоочийг аваад явсан. Биднийг очиход Х.Пүрэвсүрэн газарт хэвтэж хажууд нь Ж.Оюунбатын эхнэр Б.Баянжаргал байсан. Б.Рагчаагийн бие муудаад Ж.Оюунбат ахынх нь гэрт хүргэж өгөхөөр явсан. Т.Дашнямд жолооны курсэнд суусан боловч жолооны үнэмлэх аваагүй  байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Х.Пүрэвсүрэнгийн хамт нэг газар айл саахалт байдаг тул тэдний хооронд хувийн ямар нэгэн маргаан байхгүй гэж бодож байна    ... гэх мэдүүлэг /1-р хх-75-76-р хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч О.Болороогийн... Бүсэлхий, 3 дугаар нугалмын бэхэлгээ, шурупны хугарал нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Мөн иргэн Б.Рагчаагийн биед үүссэн зүүн чамархай, баруун сарвуу, зүүн тохой шуунд зулгаралт, бүсэлхий 3 дугаар шугамын бэхэлгээ, шрупний хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна гэж үзсэн. Б.Рагчаагийн бүсэлхий, 3 дугаар шугамын бэхэлгээ шрупны хугарал нь  тээврийн хэрэгсэл мөргөснөөс үүсэх боломжтой ... гэх мэдүүлэг / 1 дүгээр хх- ийн 84-85 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 09 сарын 18-ны өдрийн 661 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.Үзүүлэгч Х.Пүрэвсүрэнгийн биед гэмтэл учирсан байна.

2.Хүзүүний 2 болон 3-р нугаламын хоёр талын нумын хугарал, зүүн талын тал саа үүссэн, тархины дунд зэргийн няцрал, цээжний баруун талын 2-р хавирганы хугарал, дагз эрүүнд шарх, дух баруун шанаа, дээд уруул, зүүн хацар, эрүүний зүүн хэсэг, баруун шуу сарвуунд зулгаралт, баруун нүдний гадна буланд , баруун мөрний урд хэсэг,цээжний зүүн дээд хэсэг,баруун гуя, баруун шагайн үений гадна дотно хэсэгт цус хуралт,зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна.

3.Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Дээрхи гэмтлүүд ньтогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой.

5.Дээрхи гэмтлүүд нь цөм нэг доор үүсгэгдсэн байх боломжтой.

6.Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно.

7. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт удаан хугацаагаар нөлөөлнө ...  Шинжээч эмч Н.Одбаяр гэжээ./1-р хх-88-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 09 сарын 24-ний өдрийн 13591 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Б.Рагчаагийн биед баруун зүүн чамархай,баруун сарвуу, зүүн тохой шуунд зулгаралт, бүсэлхийн 3-р нугалмын бэхэлгээ, шрупны хугарал,мэс заслын дараахь гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрхи гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд буюу хэрэг учрал болох үед үүссэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд  тогтонгид нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан. Шинжээч өмч О.Болороо гэжээ./ 1-р хх 98-р хуудас/

Мөрдөн байцаалтад Т.Дашням сэжигтэн, яллагдагчаар өгсөн ... Манайх Өндөрхангай сумын Батсайхан багийн нутаг дэвсгэр Цагаан үзүүр гэх газраас 2015 оны 09 сарын 13- ны өдөр нүүж, Жаргалант багийн Сээр гэх газарт намаржаанд буух болсон тул тухайн өдрийн өглөө би гэрээ өөрийн аав Б.Төвсанаагийн эзэмшлийн 64-41 УНК улсын дугаартай цагаан өнгийн Портер маркын ачааны  машинд ачиж машинаа ааваар жолоодуулж , би  өөрийнхөө мотоциклоор адуугаа тууж, хамт  мал маллаж байсан Ж.Оюунбат үхрээ туусан. Манай эхнэр болон Ж.Оюунбатын эхнэр бог малаа туусан. Тэгээд замд оройтсон тул  Хадуун хошуут гэдэг газар хонох болоход аав ээж хоёр мотоциклоор гэрлүүгээ явсан. Бид нар тэндээ хоносон. Маргааш өглөө нь гэр ачсан машин  барих хүнгүй тул би машинаа жолоодож, харин Ж.Оюунбат адуугаа, Т.Цэцэгдулам болон Б.Баянжаргал нар бог мал, үхрээ тууж явсан. Би  сумын төв ороод гэрийн тавилгаа ачаад,  Сээр орох замд малаа хүлээгээд зогсож байтал манай багийн Б.Рагчаа, Х.Пүрэвсүрэн нар тус тусдаа мотоцикльтой ирсэн.  Манай эхнэр болон Ж.Оюунбатын эхнэр, Ж.Оюунбат нар ирсэн. Тэгтэл Х.Пүрэвсүрэн өврөөсөө 2 летрийн пиво гаргаж ирээд, түүнийг Ж.Оюунбат, Б.Рагчаа, Х.Пүрэвсүрэн бид нар хувааж уусан. Дахин Ж.Оюунбат, Х.Пүрэвсүрэн нар сумын төв явж 2 шил пиво авчирахаар нь хуваагаад ууж байтал манай эхнэр ирээд мал Сээрийн өвөр орлоо  “пиво уухаа больцгоо” гэсэн. Тэгэхээр нь би машинаа жолоодож малынхаа хойноос явахад тэдгээр хүмүүс мотоцикльтойгоо, манай эхнэр морьтойгоо намайг дагаж явсан. Сээрийн өвөр гэх газар ирээд машин асахгүй байсан тул гүйлгэж асаахаар уг толгойн орой өвөр хэсэг газарт нэг тойрог эргэлт хийгээд машинаа толгой хэсгийг нь доош нь буюу өмнө зүгт харуулж зогсоосон. Тэгээд би машинаасаа  бууж, машиныхаа  зүүн хэсэгт суухад  Ж.Оюунбат миний хажууд ирж суугаад авч явсан пивоо задалсан тул уг пивийг бид хувааж уусан. Энэ үед мал доош  бууж,  эхнэр Т.Цэцэгдулам, Баянжаргал нарыг  мал руу нь явуулсан.  Тэгээд пивоо ууж байгаад би Х.Пүрэвсүрэнд хандаж “ чи өмнө манай авга ах Бат- Уянгыг зодсон юм байна лээ. Чи яахаараа манай авга ахыг зоддог юм бэ “ гэхэд чи өөрөө бас адилхан болчихов гэхээр нь би уурлаж, Х.Пүрэвсүрэнтэй маргалдсан. Тэгээд хажуунаас Ж.Оюунбат, Х.Рагчаа нар “больцгоо” гэхээр нь эвлэрч сууцгаасан. Тэгж байтал Ж.Оюунбат согтуурхаад мотоциклоороо явна гэхээр нь болиулаад хажууд нь байж байтал Х.Пүрэвсүрэн, Б.Рагчаа нар ууж байсан пивоо бариад миний дэргэд ирсэн. Бид нар мишинаас зүүн тийш 20 орчим метрийн зайнд сууцгааж үлдсэн пивоо уусан. Би  “ энд тэгш газар байна, гэрээ бариад хонохоос “ гэхэд Х.Пүрэвсүрэн, Б.Рагчаа нар зөвшөөрч “ чи машинаа аваад энд хүрээд ир, гэрийг чинь  буулгаж барьж өгөөд явлаа “ гэхээр нь би машин дээрээ очиж машинаа  доош нь гүйлгэж гүйх явцад араанд нь хийж асаагаад зүүн зүг рүү эргэж, нөгөө хоёр дээр очих үед баримжаа алдаж, гэнэт өмнө талд Х.Пүрэвсүрэн, Б.Рагчаа нар тулаад ирсэн тул машинаа зогсоох гээд машиныхаа тоормос гишгэхдээ машиныхаа  хаазыг  андуурч гишгэсэн байсан. Энэ үед машин гэнэт урагш давхиж, Б.Рагчаа, Х.Пүрэвсүрэн нарыг дайрчихсан юмаа. Тэгээд би машинаа зогсоож машинаасаа буугаад ирэхэд Б.Рагчаа өндийж байсан. Х.Пүрэвсүрэн “ эмч дуудаарай би босож чадахгүй байна” гээд орилхоор нь хажууд нь сууж байгаад эмч дуудахаар машинаа асаагаад явж байтал  манай эхнэр замд үхрээ туугаад ирж байсан. Тэгээд эхнэр дээрээ очиж, болсон явдлыг хэлээд шууд сумын төв рүү давхисан. Сумын төв орох зам эхнэрийн гар утсанд сүлжээ орсон тул ээж рүү ярьж эмнэлэг рүү дуудлага өгүүлсэн. Тэгээд эмнэлэг орсон, урдаас ээж гарч ирэхээр нь эмнэлэгийн жолоочийн гэрт хүргэж өгсөн. Намайг ээж согтуу машин барьж болохгүй, манайд очоод байж бай гэхээр нь аавын гэрт очоод сууж байтал  сумын цагдаа ирээд  хэсэг дээр аваачсан. Би эмч дуудах, зам зааж богино хугацаанд эмнэлэгийн тусламж үзүүлэхийн тулд сум руу явсан. Тухайн үед манай эхнэр Т.Цэцэгдулам 91666449 дугаарын скайтелийн утас барьж байсан. Миний хувьд санаатайгаар машин ашиглаж эдгээр хүмүүсийн биед гэмтэл учруулаагүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож бусдыг дайрч гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна ... гэх мэдүүлэг  / 1 дүгээр хавтаст хэргийн 143-144, 146-  147 дугаар хуудас /

Х.Пүрэвсүрэнгийн өвчний түүх /1-р хх-170-180, 200-214-р хуудас/

Б.Рагчаагийн өвчний түүх /1-р хх-181-198-р хуудас,

Х.Пүрэвсүрэнгийн эмчлүүлэгчдийн карт, өвчтөн илгээх хуудас /1-р хх-216-225-р хуудас/

Б.Рагчаагийн эмчлүүлэгчдийн карт, өвчтөн илгээх хуудас / 1-р хх 228-250-р хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч О.Сарангийн... 2015 оны 09 сарын 14- ний өдөр манай нөхөр Х.Пүрэвсүрэн нь Б.Рагчаагийн хамтаар сумын төвөөс мал руугаа тус тусдаа мотоцикльтой явсан. Тухайн орой Х.Пүрэвсүрэн, Б.Рагчаа нарыг осолд орсон байна гэхээр нь осол болсон газар нь очиход Х.Пүрэвсүрэн нь Жаргалант багийн Сээр гэдэг газар босож чадахгүй хэвтэж байсан. Түүний дэргэд Ж.Оюунбат болон түүний эхнэр Б.Баянжаргал нар байсан.  Ж.Оюунбат нь Б.Рагчааг айл руу хүргэхээр явсан. Тэгээд би юу болсон талаар Х.Пүрэвсүрэнгээс асуухад “ Т.Дашням нь Х.Пүрэвсүрэнтэй маргалдаж байгаад гэрээ буулгахаар машин руугаа явсан. Б.Рагчаагийн хамтаар сууж байтал Т.Дашням машинаараа бид хоёрыг хойд талаас дайрчихлаа “ гэж байсан. Х.Пүрэвсүрэн нь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, хотод эмчлүүлсэн. Портер маркын авто машинаар дайрснаас болж Х.Пүрэвсүрэнгийн зүүн тал  амьгүй болж, нуруу хугарсан гэмтэл учирсан. Х.Пүрэвсүрэнд 2015 оны 09 сарын 14- ний өдрөөс 2016 оны 01 сарын 02- ны өдөр хүртэл хугацаанд эмчилгээний зардалд 15000000/ арван таван сая/ төгрөг гарсан ... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч С.Пүрэвсүрэнгийн... 2015 оны 09 сарын 14- ний орой гэртээ байтал хадам дүү Х.Пүрэвсүрэнгийн эхнэр О.Саран над руу утсаар яриад нөхрийгээ Жаргалант багийн Сээр гэдэг газар гэмтсэн байна гэхээр нь өөрийн машинаар О.Сарангийн хамт тухайн газар очсон. Х.Пүрэвсүрэн газар пээр хэвтэж байсан. Хажууд нь уг багийн малчин Ж.Оюунбат , түүний эхнэр байсан. Тухайн үед Х.Пүрэвсүрэн ухаантай байсан ба юу болсон талаар асуухад “ би өдөр Б.Рагчаагийн хамт тус тусдаа мотоцикльтой мал руугаа явж байтал замд Т.Дашням таарсан. Тэгээд бид нар бага зэрэг пиво уусан. Тэгтэл Т.Дашням надтай ... чи манай ах Бат- Уянгыг зодсон байна ... гэж маргалдсан. Тэгээд гэрээ миний хэвтэж байгаа  энэ газарт барина гэхээр нь Б.Рагчаа бид хоёр гэрийг нь барьж өгөөд явахаар болсон. Т.Дашням гэрээ ачсан машинаа авчирахаар яваад Б.Рагчаа бид хоёрыг  зүүн зүг рүү хараад хоорондоо юм яриад сууж  байтал бид нарын хойд талаас  машинаараа дайрчилаа ... би ухаан алдаад ухаан орж байна. Б.Рагчаа тусламж дуудахаар Ж.Оюунбатын хамтаар явсан гэж байсан. Тэгээд осол болсон газрыг ерөнхийд нь  үзэхэд Х.Пүрэвсүрэнгийн хэвтэж байсан газрын  хойд хэсэгт  Б.Рагчаа болон Х,Пүрэвсүрэн нарын мотоцикль байсан ба Х.Пүрэвсүрэнгийн хэвтэх газарт маш их цус гарсан байсан. Тэгээд маргааш нь намайг Х.Пүрэвсүрэнгийн мотоцикль авахаар очиход  хэргийн газар үлдсэн тээврийн хэрэгслийн мөрөөр Т.Дашнямын машин тэдний баруун талаас нь  ирж  дайрсан нь тодорхой харагдаж байсан... гэх мэдүүлэг  /2 дугаар хх- ийн 94 дүгээр хуудас/  

2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 26/А дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэнд:

1.Х.Пүрэвсүрэнгийн биед тухайн үед хүзүүний 2,3-р нугаламын арын нум, арын сэртэнгийн хугарал, нугасны сувгийн дарагдал,зүүн гар, хөлийн саажилт,зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, эрүүний зүүн булангийн сэлтэрсэн хугарал,баруун талын 2-р хавирганы хугарал, дагз, эрүүнд шарх, дух баруун шанаа, дээд уруул зүүн хацар, эрүүний зүүн хэсэг, баруун шуу, сарвуунд зулгаралт, баруун нүдний гадна буланд баруун мөрний урд хэсэг, цээжний зүүн дээд хэсэг, баруун гуя, баруун шагайн үений гадна дотно хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

2.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Х.Пүрэвсүрэнгийн биед учирсан хүзүүний 2,3-р нугалмын арын нум, арын сэртэнгийн хугарал, нугасны сувгийн дарагдал, гэмтэл нь амь биед аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар  гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, эрүүний зүүн булангийн сэлтэрсэн хугарал, баруун талын 2-р хавирганы хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт ,бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрхи гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

4. Х.Пүрэвсүрэнгийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь бүгд шинэ гэмтлүүд байх бөгөөд урд ямар нэг гэмтэлтэй байсан гэх эмнэлгийн бичиг баримт хэрэгт авагдаагүй байна.

5. Увс аймгийн ШША-ны шинжээч эмч С.Одбаярын гаргасан 661 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч М.Энхбаяр,С.Чулуунсүх,М.Золжаргал  гэжээ. /2-р хх -99-100-р хуудас/

2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 26/Б дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Рагчаагийн биед тухайн үед баруун,зүүн чамархай,баруун сарвуу, зүүн тохой шуунд зулгаралт,гэмтэл учирсан байх ба бүсэлхийн 3-р нугалмын бэхэлгээ шруп хугарсан, уг шрупны хугарлын улмаас хугарсан шрупыг авах мэс засал хийлгэсэн нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Б.Рагчаагийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрхи гэмтлүүд нь цаашид эрүүл мэндэд нөлөөлөхгүй, хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй болно.

5. Б.Рагчаа нь 2010 онд бүсэлхийн 1 болон 3-р нугалмын хугарал гэмтэл авч уг гэмтлийг бэхлэх, хадуулах мэс засал хийлгэсэн байх ба шинээр уг гэмтэл нь  дахин сэдэрсэн зүйл байхгүй,харин уг хугарлын үед хугарлыг хадаж бэхэлсэн хадаас буюу шруп хугарсан байна. Энэ нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй.

6. Шинжээч эмч О.Болороогийн гаргасан 13591 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Дүгнэлт гаргасан,шинжээч эмч М.Энхбаяр, С.Чулуунсүх, М.Золжаргал гэжээ./ 2-р хх 103-104-р хуудас/.

 2016 оны 04 сарын 07- ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Хангарьд овогт Халзангийн Пүрэвсүрэнгийн / ОК 86061812 регистрийн дугаартай / ...  2015 оны 09 сарын 14-нд хөдөө ахынх руугаа Б.Рагчаатай хамт даага тамгалахаар 2 мотоцикльтой явж байсан. Сээр гэх газарт Т.Дашнямтай таарсан. Тэгтэл хөдөөнөөс ах утсаар яриад даагаа маргааш тамгалахаар боллоо гэхээр нь бид хоёр авч явсан 3 пивоо Т.Дашнямтай  хамт уусан. Бид нарыг байж байтал Ж.Оюунбат мотоцикльтой ирээд бид дөрвүүлээ пиво уусан. 2 пивоо ууж дуусаад би Ж.Оюунбатын араар сууж яваад дахин 2 пиво авчирч ууцгаасан.  Тэгээд сууж байсан газраасаа 4-5 км газар Сээрийн орой руу гаръя гээд цаашаа яваад нэг газар сууцгааж, үлдсэн пивоо ууж байтал Т.Дашням өмнө нь ахтай нь зодолдож байсан талаар яриад бид хоёр маргалдсан, зодолдсон зүйл байхгүй,тэгтэл юм ярьж сууж байгаад Т.Дашням Б.Рагчааг цохиод авсан. Тэгэхээр нь би та хоёр боль боль гээд дундуур нь орсон. Энэ хоёр жаахан маргаж байгаад цаашаа  яваад эвлэрээд ярилцаж байсан. Би машины хажууд сууж байгаад энэ хоёрын хажууд очоод одоо орой боллоо гэрээ барья гэхэд за тэгвэл би овоохой барих газар зогсоод орхиё гээд Т.Дашням босоод машин руугаа явсан. Тэгээд нэг мэдэхэд би машинд дайрагдаад ухаан алдсан байсан. Бид хоёр салхины эсрэг хараад сууж байсан.10.900.000 төгрөгний хохирол гарсан, бэлнээр 4.500.000 төгрөг авсан, 7.000.000 төгрөгт мал авсан. Одоо миний зүүн хөл, гар хоёр мэдээ муутай, мөр нэлээд өвддөг. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлага байгаа болохоор цаашдын эмчилгээний зардал  жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү?, гомдол саналгүй ... гэх мэдүүлэг /2 дугаар хх- ийн 195 -197 дугаар хуудас /

2016 оны 04 сарын 07- ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Жанцан овогт Батбаатарын Рагчаагийн  /ОК 87021916 регистрийн дугаартай/ өгсөн ...  Би  урд  нь барилгаас унаад нурууны гэмтэлтэй нуруундаа бэхэлгээтэй байсан. Энэ гэмт хэргийн улмаас бэхэлгээний 2 шруп хугараад, нэг нуруу  хөнгөн гэмтэлтэй гэж гарсан. Шруп дотроо  хугарсныг авах боломжгүй гээд аваагүй.  Миний цээжин дээгүүр машин гарсан болохоор хоол унд идэхэд бэрхшээлтэй байсан. Намайг 3 сарын дараа ирж шинжилгээ өг  гэсэн боловч аав маань өнгөрчихөөд эмчилгээндээ очиж чадаагүй, одоо эмчилгээнд явах шаардлагатай байгаа. Бид ярилцаад сууж байгаад Т.Дашням би Х.Пүрэвсүрэнг цохих гэж байгаад таныг цохичихлоо гэсэн.Т.Дашням бид хоёрын дунд маргаан болоогүй бид хоёр барилцаад машинаас жаахан холдоод ярьж сууж байгаад одоо орой болчихлоо гэрээ барья гээд босоцгоосон. Т.Дашням машин руугаа явсан. Х.Пүрэвсүрэн бид хоёр тамхи татаад сууж байсан. Нэг мэдэхэд машинд дайрагдаад ухаан алдсан байсан. 6.500.000 төгрөгний хохирол гарснаас 2.500.000 төгрөгийг бэлнээр, 4.000.000 төгрөгт нь мал авсан. Цаашид эмчилгээний зардал нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Т.Дашнямын машин бид нарын сууж байсан газраас 50 метр зайнд байсан. Машин эгц бид нар луу ирэх боломжгүй байсан. Гомдол саналгүй ... гэх мэдүүлэг /2 дугаар хх- ийн 198-200 дугаар хуудас/

 2016 оны 04 сарын 07- ны өдрийн болон 2016 оны 07 сарын 28- ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Дашнямын  өгсөн... 2015 оны 09 сарын 13-нд манайхан нүүж явахад манай аав машин барьж явсан. Маргааш нь  сумын төвөөс машин барьж явах хүнгүй болоод би машинаа барьж явсан. Замд хонио хүлээгээд зогсож байхад араас  Х.Пүрэвсүрэн ах болон  Б.Рагчаа ах хоёр мотоцикльтой ирсэн. Бид нар Сээр гэх газарт очоод 2 пиво уусан. Пивоо ууж дуусгаад надтай хамт явсан. Ж.Оюунбатыг дахин пивонд явуулаад 2 пиво авчираад бид 4 уусан. Тухайн үед Х.Пүрэвсүрэн ахыг өмнө нь манай ахтай зодолдсон талаар ярьж байсан, түүнээс маргаан үүсгэж  зодолдоогүй. Бид нар машинаас 20-иод метрийн зайтай сууж байсан. Би машин бараг барьж байгаагүй, хааяа барьдаг. Х.Пүрэвсүрэн ах, Б.Рагчаа ах хоёр орой болчихсон байна одоо гэрээ буулгаж барьцгаая гэхээр нь би босоод машин руугаа явсан. Машин байсан газар хонхордуу газар байсан, бид нарын сууж байсан газар тэгш газар байсан. Би машин дээрээ очоод машинаа гүйлгэж асаагаад баримжаа алдаад нэг мэдэхэд тэр хоёрт тулаад ирчихсэн байсан, би сандраад тормос гишгэхдээ хаазаа гишгээд   тэр хоёрыг дайрчихсан байсан. Би тэр хоёрыг дайрчихаад сандраад явж байсан чинь манай эхнэр урдаас үхрээ туугаад ирж байсан. Тэгэхээр нь эхнэртээ хэлээд ээж рүү ярьж дуудлага өгсөн, би бас эхнэртэйгээ эмнэлэг дээр очиж хүний бие муудлаа гэж эмчийг дуудсан. Санамсаргүй байдлаас ийм хэрэг болчихлоо. Би архи хэрэглэдэггүй, тухайн өдөр нэлээн согтсон байсан. Өөрийгөө хянах чадвартай байсан. Бид нарын сууж байсан газраас машин ойролцоогоор 50 метр газарт байсан. Надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Тухайн үед би сандарсандаа тоормос гишгэх гэж байгаад машиныхаа хаазыг гишгэсэн байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогч нараас уучлалт гуйж байна... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд  хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг нь  тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон  хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалан багийн  Сээр гэх газарт 2015 оны 09 сарын 14- ний өдөр  хохирогч Х.Пүрэвсүрэн, Б.Рагчаа, гэрч Ж.Оюунбат, шүүгдэгч Т.Дашням нар нь 2 летрийн савтай “Боргио” нэртэй 5 ширхэг пиво уусан, хохирогч Х.Пүрэвсүрэн шүүгдэгч Т.Дашням нар нь хоорондоо маргалдаж хэрэлдсэн, тухайн үед тэднийг салгах гэж дундуур орсон хохирогч Б.Рагчаагийн эрүүн тус газар Т.Дашням  гараараа нэг удаа цохиж, үүний дараа бүгдээрээ эвлэрч үлдсэн нэг пивоо ууцгаасан.

Хохирогч Х.Пүрэвсүрэн, Б.Рагчаа нар нь Т.Дашнямын гэрийг барьж өгөхөөр тохиролцож, Т.Дашням гэрээ буулгаж барихаар өөрийн гэр ачсан машин руугаа явж, хохирогч Х.Пүрэвсүрэн, Б.Рагчаа нар нь тухайн газартаа сууж үлдсэн.

Хохирогч Х.Пүрэвсүрэн, Б.Рагчаа нар нь ертөнцийн зүгээр хойд зүг рүү хараад юм яриад сууж байсан ба шүүгдэгч Т.Дашням нь гэр ачсан машинаа  гүйлгэж  асаагаад улмаар хохирогч нарын араас нь ирж мөргөсөн гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Пүрэвсүрэнгийн ... Х.Рагчаа бид хоёр хойд зүг хараад юм яриад сууж байтал гэнэт араас машин мөргөсөн. Би сууж байсан газраа ухаан алдсан байсан. Тухайн үед салхины өдөөс хараад сууж байсан тул машин араас ирж  байгааг мэдэж зугтаж амжаагүй ... гэх мэдүүлэг, хохирогч Б.Рагчаагийн...  Бид нар Т.Дашнямын машинаас 50 орчим метр газар сууж байсан. Т.Дашням машинаа урд зүг рүү харуулаад зогсоосон байсан. Х.Пүрэвсүрэн бид хоёр эсрэг зүг хараад юм яриад сууж байгаад  машин хаазлах чимээ гарахаар эргэж харахад Т.Дашням машинтай маш хурдтай ирээд бид хоёрыг мөргөсөн.  Тэр хооронд босож зугтах боломж байгаагүй. Машин зүүн зүгээс ирээд миний цээжний орчмоор дээгүүр гарсан. Х.Пүрэвсүрэн бид хоёр машин зогсож байсан газрын дээд талд өндөрлөг газарт сууж байсан учир машин өнхөрч бид хоёр луу ирэх боломжгүй байсан. Би ухаан алдаад хэсэг хугацааны дараа сэргэхэд Х.Пүрэвсүрэн  “ амь авраарай “ гэж  орилж байсан. Харин Х.Пүрэвсүрэнгийн дэргэд Багаа унтаж байсан. Би тэр хоёрын наанаас мөлхөж очиход Х.Пүрэвсүрэнгийн  толгойны ар дагз хэсгээс цус гоожиж байсан. Намайг  ухаан орох үед Х.Дашням байхгүй байсан ... гэх мэдүүлэг, уг газар үүссэн тээврийн хэрэгслийн мөр нь өмнө зүг рүү 7м 50 см зам туулж, чиг өөрчлөн зүүн зүг рүү эргэж 24 метр зам туулж, зогсолт хийсэн байв. Уг газарт 16смх15 см хэмжээтэй талбайн хөрс цус мэт хүрэн  өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг  А цэгээр тэмдэглэсэн, уг газраас зүүн  хойд зүгт 70 см зайнд 10см х13 см хэмжээтэй газраас 1м50 см зайд 150смх 60 см талбайг хамарсан газрын хөрс цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Уг газарт үүссэн тээврийн хэрэгслийн мөрний баруун мөрний буюу өмнө талын мөрний дагуу 4м 50 см зайнд 2,2 өргөнтэй 3 см урттай газрын өвс болон хөрс хар өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Уг цэгээс мөрөнд үзлэг хийхэд уг мөр нь  зүүн тийш 9м80см зам туулж, баруун өмнө зүг рүү дугуй хэлбэр үүсгэн чиг өөрчлөн 7 м 50 см зам туулж мөр бүдгэрч алга болсон байв ... гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, замын бүдүүвч зураг, мөрдөн байцаалтад гэрч С.Пүрэвсүрэнгийн... 2015 оны 09 сарын 14- ний орой гэртээ байтал хадам дүү Х.Пүрэвсүрэнгийн эхнэр О.Саран над руу утсаар яриад нөхрийгээ Жаргалант багийн Сээр гэдэг газар гэмтсэн байна гэхээр нь өөрийн машинаар О.Сарангийн хамт тухайн газар очсон. Х.Пүрэвсүрэн газар дээр хэвтэж байсан. Хажууд нь уг багийн малчин Ж.Оюунбат , түүний эхнэр байсан. Тухайн үед Х.Пүрэвсүрэн ухаантай байсан ба юу болсон талаар асуухад “ би өдөр Б.Рагчаагийн хамт тус тусдаа мотоцикльтой мал руугаа явж байтал замд Т.Дашням таарсан. Тэгээд бид нар бага зэрэг пиво уусан. Тэгтэл Т.Дашням надтай ... чи манай ах Бат- Уянгыг зодсон байна ... гэж маргалдсан. Тэгээд гэрээ миний хэвтэж байгаа  энэ газарт барина гэхээр нь Б.Рагчаа бид хоёр гэрийг нь барьж өгөөд явахаар болсон. Т.Дашням гэрээ ачсан машинаа авчирахаар яваад Б.Рагчаа бид хоёрыг  зүүн зүг рүү хараад хоорондоо юм яриад сууж  байтал бид нарын хойд талаас  машинаараа дайрчилаа ... би ухаан алдаад ухаан орж байна. Б.Рагчаа тусламж дуудахаар Ж.Оюунбатын хамтаар явсан гэж байсан. Тэгээд осол болсон газрыг ерөнхийд нь  үзэхэд Х.Пүрэвсүрэнгийн хэвтэж байсан газрын  хойд хэсэгт  Б.Рагчаа болон Х,Пүрэвсүрэн нарын мотоцикль байсан ба Х.Пүрэвсүрэнгийн хэвтэх газарт маш их цус гарсан байсан. Тэгээд маргааш нь намайг Х.Пүрэвсүрэнгийн мотоцикль авахаар очиход  хэргийн газар үлдсэн тээврийн хэрэгслийн мөрөөр Т.Дашнямын машин тэдний баруун талаас нь  ирж  дайрсан нь тодорхой харагдаж байсан ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болон  шүүгдэгч Т.Дашнямын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараагийн өгсөн  ... Би машин дээрээ очоод машинаа гүйлгэж асаагаад баримжаа алдаад нэг мэдэхэд тэр хоёрт тулаад ирчихсэн байсан, би сандраад тоормосоо андуурч  гишгээд  тэр хоёрыг дайрчихсан байсан ... гэх мэдүүлгийг үнэлж үзэхэд шүүгдэгч нь хөдөлгөөний чиглэлээ өөрчилж, цаашаа хараад сууж байгаа хохирогч нарын араас нь дайрсан үйлдлийг санамсар болгоомжгүй хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн улмаас  учрах хор аюулыг хүсээгүй боловч хөдөлгөөний чиглэлээ өөрчилж, цаашаа хараад сууж байгаа хүмүүсийн ар  талаас нь  чиглэн   хурдтай  очсон  “ үйлдэл “ - ийг зориуд хийсэн гэж үзэхээр байна.

Иймд  шүүгдэгч Д.Дашням нь тээврийн хэрэгсэл ашиглан   хохирогч Х.Пүрэвсүрэнгийн биед хүзүүний 2,3 дугаар нугалмын арын нум, арын сэртэнгийн хугарал, нугасны сувгийн дарагдал гэх “хүнд” гэмтэл снаатйа учруулсан хохирогч  Б.Рагчаагийн биед баруун зүүн чамархай, баруун сарвуу зүүн зүүн тохойнд зулгаралт, бүсэлхий 3 дугаар нугалмын бэхэлгээ шруп хугарсан гэх “хөнгөн” гэмтэл санаатай учруулсан нь  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 сарын 31- ний өдрийн 26 А, мөн өдрийн 26 Б дугаартай дүгнэлтүүд, хохирогч Б.Рагчаа, Х.Пүрэвсүрэн нарын өвчтөний түүхийн хуулбар, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарын  өгсөн удаа дараагийн мэдүүлэг, гэрч О.Саран, Э.Эрдэнэтуяа, О.Болороо, Ж.Оюунбат, С.Пүрэвсүрэн нарын мэдүүлэгээр нотлогдсон гэж үзнэ. 

  Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Дашнямын  үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 99 дүгээр зүйлийн 99.1 - д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Т.Дашнямыг бусдын бие махбодид   хүнд, хөнгөн  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэстэй.

Харин шүүгдэгч Т.Дашням нь  бусдын бие махбодид   хөнгөн  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдснээс  /2015 оны 09 сарын 14- ний  өдрөөс / хойш эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д ...   эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан  “хөнгөн” ангилалын гэмт хэрэг үйлдснээс хойш зургаан сарын хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг  эрүүгийн хариуцлагад татаж болохгүй ба  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр ...  заасан тул  түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Дашням нь хохирогч Х.Пүрэвсүрэнд  учирсан бодит хохирол ...  О.Сарангийн  унааны зардал 378900 төгрөг, Х.Пүрэвсүрэнгийн унааны зардал 378900 төгрөг, хүзүүний зураг -210000 төгрөг, эмчилгээ, сувилал, ор хоногийн зардал зэрэг  – 4300 төгрөг, 42000 төгрөг,30000 төгрөг, 28600 төгрөг, 96000 төгрөг, 54000 төгрөг, 30000 төгрөг, 100000 төгрөг, 86000 төгрөг, 82400 төгрөг, 17900 төгрөг, 37600 төгрөг, 29000 төгрөг, 11200 төгрөг, 15700 төгрөг, 96000 төгрөг, 22600 төгрөг, 36000 төгрөг, 235000 төгрөг, 22500 төгрөг, 44550 төгрөг, 18200 төгрөг, 390000 төгрөг, 318600 төгрөг, 450000 төгрөг, 100000 төгрөг, 76194 төгрөг, 134940 төгрөг, 120000 төгрөг, 78000 төгрөг, 30000 төгрөг, 272000 төгрөг, 19500 төгрөг, 20700 төгрөг, 23000 төгрөг, 30000 төгрөг, 20000 төгрөг, 150000 төгрөг,   хот дотор үйлчилсэн унааны зардал  560000  төгрөг нийт 4930284 төгрөг төлөхөөс эмчлүүлж байгаа хугацаанд 3500000 төгрөг, шүүх хуралдаанаас өмнө 1000000 төгрөгийг тус тус  төлсөн,  7000000 төгрөгт тооцож мал өгсөн  нь  өмнөх анхан шатны шүүх хуралдааны  хэлэлцүүлэгт хохирогч Х.Пүрэвсүрэнгийн өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Т.Дашнямын өгсөн мэдүүлэгээр тус тус тогтоогдож байна.

Мөн хохирогч Б.Рагчаад  2500000 төгрөг бэлэн өгч, мөн өмнөх анхан шатны шүүхийн  шүүх хуралдааны өмнө 500000 төгрөг төлсөн, үлдэгдлийг малаар тооцож нийт 6500000 төгрөгний хохирол төлөгдсөн нь  шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Рагчаагийн өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Т.Дашнямын өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул шүүгдэгч Т.Дашням нь   хохирогч нарын   эмчилгээ, унааны зардалд тооцож нэхэмжилсэн хохирлыг төлсөн тул гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Х.Пүрэвсүрэнгийн биед хүнд гэмтэл учирсан тул цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч Т.Дашням нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь 1 дүгээр хавтаст хэргийн 165 дугаар хуудас дах “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” –аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Дашням  хохирогч нарт учруулсан хохирлыг  нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн  зэрэг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн  55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулахдаа харгалзаж,  Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Т.Дашням нь хохирол төлсөн.Түүний эцэг Б.Төвсанаагийн эзэмшлийн   64-41 УНК улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 09 сарын 17- ны өдрийн “ Эд хөрөнгө хураан авч , битүүмжлэх тогтоол”, шүүгдэгч Т.Дашнямын эзэмшлийн  6 ханатай монгол гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 10 сарын 23- ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” – ыг  тус тус  хүчингүйд тооцож,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1,  283,286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1,  297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шовх овогт Төвсанаагийн Дашнямыг бусдын бие махбодид  хүнд, хөнгөн  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар шүүгдэгч Т.Дашнямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  эрүүгийн  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг  журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д  шүүгдэгч Т.Дашнямд 3/ гурав/ жил, 6/ зургаа / сарын  хугацаагаар хорих  ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-д  зааснаар шүүгдэгч Т.Дашнямд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.  Хэрэгт эд мөрийн баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлөгдсөн болохыг тус тус дурьдаж,  хохирогч Х.Пүрэвсүрэнгийн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Т.Дашнямын эцэг Б.Төвсанаагийн эзэмшлийн   64-41 УНК улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн мөрдөн

 

байцаагчийн 2015 оны 09 сарын 17- ны өдрийн “ Эд хөрөнгө хураан авч , битүүмжлэх тогтоол”, шүүгдэгч Т.Дашнямын эзэмшлийн  6 ханатай монгол гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 10 сарын 23- ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” – ыг  тус тус  хүчингүйд тооцсугай.

7. Эрүүгийн байцаан  шийтгэх хуулийн 70 дугаар зүйүлийн 70.1, мөн хуулийн  286 дугаар зүйлийн 286.1.11-д  зааснаар шүүгдэгч Т.Дашнямд өмнө батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, энэ өдрөөс эхлэн  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  түүнийг  гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ЦЭЦЭГМАА

                                     ШҮҮГЧИД                                      Э.ДУЛМАА

                                                                                      Л.ТҮВШИНЖАРГАЛ