Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0124/З |
Дугаар | 221/МА2022/0192 |
Огноо | 2022-03-16 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2022/0192
2022 оны 03 сарын 16 өдөр | Дугаар 221/МА2022/0192 | Улаанбаатар хот |
Н.Дийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Н.Д,
Нэхэмжлэгч: Н.Д,
Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,
Гуравдагч этгээд: “Э Э И И” ХХК,
“В Х” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “ “Э Э И И” ХХК-ийн үйл ажиллагааг шалгуулахаар 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан өргөдлийг татгалзаж шийдвэрлэсэн хариу нь хууль бус болохыг тогтоож, өргөдөлд дурдсан асуудлаар хяналт шалгалт хийхийг даалгах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 55 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Б.Н, Г.М, С.Б, Л.Б, гуравдагч этгээд “В Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг,
Хэргийн индекс: 128/2020/0124/З,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Д нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдуулан ““Э Э И И” ХХК-ийн үйл ажиллагааг шалгуулахаар 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан өргөдлийг татгалзаж шийдвэрлэсэн хариу нь хууль бус болохыг тогтоож, өргөдөлд дурдсан асуудлаар хяналт шалгалт хийхийг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 55 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3, 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Дийн “ “Э Э И И” ХХК-ийн үйл ажиллагааг шалгуулахаар 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан өргөдлийг татгалзаж шийдвэрлэсэн хариу нь хууль бус болохыг тогтоож, өргөдөлд дурдсан асуудлаар хяналт шалгалт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч М Д сургуулийн захирал Н.Д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Шүүх “Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гаргасан өргөдөлд тусгагдсан асуудлаар шалгалтыг хийж, хариуг тухай бүрд нь өгсөн байна” гэжээ. Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлд “Барилгын хөрөнгө оруулагч, захиалагчийн эрх, үүрэг”, 17 дугаар зүйлд “Зураг төсөл зохиогчийн эрх, үүрэг” гэж тус тус заасан. Иймд захиалагчийн эрх үүргийн хэрэгжилтийг шалгаснаар зураг төслийн зохиогчийн эрх үүргийн хэрэгжилтийг шалгахгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Өмнө нь барилгын захиалагчийн хууль зөрчсөн үйлдлийг шалгуулсан, зураг төслийн компанийн хууль зөрчсөн үйлдлийг шалгуулж байгаагүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Э Э И И” ХХК хууль зөрчсөн эсэх талаар ямар нэг дүгнэлт гаргаж байгаагүй. Энэ нь уг компанийн ажлыг шалгаагүйг харуулж байна. Өмнө нь шалгах үед дараах асуудлуудыг шалгахгүй орхигдуулсан бөгөөд энэ нь тэр талаар хариу өгөөгүйг харуулж байна. Үүнд “Э Э И И” ХХК манай байрны орц, гарц дээр машины авто зогсоол төлөвлөсөн. Энэ нь манай байрны ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн. Энэ нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т “Зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй” байх хуулийн заалт зөрчсөн. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шалгалт хийгээгүй, надад ямар нэг хариу өгөөгүй “Э Э И И” ХХК зам урагш сэтлэх зөвшөөрөл аваагүй мөртлөө орц, гарцыг урагш чигээр нь гаргана гэсэн худал зураг зурсан. Энэ талаар хариуцагч шалгалт хийгээгүй, надад ямар нэг хариу өгөөгүй. Байрны зүүн талын “Э Т”-ийн одоо байгаа орц гарцыг байхгүй болгоно гэж зураг зурсан. Үүнийг “Э Т” зөвшөөрөхгүй. Энэ нь зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй байх хуулийн шаардлага зөрчсөн. Барилга угсралтын явцад эргэлтийн цэгээ дур мэдэн өөрчилснийг тогтоосон боловч энэ нь ямар хууль зөрчсөн эсэхийг тогтоогоогүй. Ерөнхий төлөвлөгөөгөө зөрчсөн эсэх талаар ямар нэг дүгнэлт гаргаагүй. Энэ талаар надад хариу өгөөгүй. Олгосон газрын хил заагаа зөрчсөн байхад зөрчөөгүй гэсэн буруу дүгнэлт гаргасан. Барилга баруун тийш 1.6 метр зайд шилжсэнээр явган хүний зам барих боломжгүй болж иргэд машин дундуур явж амь насаа эрсдүүлж байна.
3.2. Шүүх “Магадлалын ерөнхий дүгнэлт гаргасныг хянаж үзсэн, зураг төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Э Э И И” ХХК ажиллажээ. Үүнээс үзвэл “Э Э И И” ХХК-ийг шалгаагүй гэсэн тайлбар үндэслэлгүй” гэжээ. Барилгын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүйг шалгуулах хүсэлт тавьж байхад “зураг зурсан тул шалгах шаардлагагүй” гэсэн эрүүл хүний оюун ухаанд орохгүй гажиг үндэслэл хэлжээ.
3.3. Шүүх “Ямар буруутайг тогтоохыг даалгах гэх мэтээр хяналт шалгалтын үр дүнд илрэх асуудлыг тогтоолгох нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн” гэжээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар барилга шилжсэнийг тогтоосон боловч хэн ямар буруутай эсэхийг тогтоохгүй байгаа хуулийн дээрх заалтад байгаа “эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” гэсэн заалтад нийцэж байгаа. Тухайлбал, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д “Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж заасан. Гэтэл хариуцагчаас “В Х” ХХК-д ямар нэг шаардлага тавиагүй, ямар нэг хугацаатай үүрэг өгөөгүй, улмаар биелэлтийг хангуулах ажил хийгээгүй хуулиа зөрчиж байна.
3.4. Шүүх “Нэхэмжлэгчийн төрийн байгууллагад гаргасан өргөдөл гомдлоо шийдвэрлүүлэх эрхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хангаж ажилласан” гэжээ. Хууль зөрчсөн зураг төслийн компанийг шалгахгүй байгаа, шалгасан асуудлаар гаргасан зөрчлийг арилгуулахыг шаардаж байгаа нь хариуцагч эс үйлдэл гаргаж буйг харуулж байна.
3.5. Шүүх “Барилга нь барилгын норм, дүрэм стандартыг зөрчиж, иргэн Н.Д миний аюулгүй орчинд амьдрах эрхийг ... зөрчсөн .. асуудал нь Хот байгуулалт, хөгжлийн газарт хамааралтай асуудал” гэжээ. Хууль, норм дүрэм, стандартыг зөрчсөнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шалгахаар хуульчилсан. Тухайлбал, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д “Мэргэжлийн хяналтын төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.3.1-д “Хуульд заасны дагуу хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн бусад актын биелэлтэд хяналт тавих” гэж заасан. Иймд хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхгүй “эс үйлдэл” гаргаж буй Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хууль тогтоомж бусад актын биелэлтэд хяналт тавих үүргээ биелүүлэхийг шаардах нь зүйн хэрэг.
3.6. Миний бие оршин суугчийн хувьд гомдол гаргасан. Гэтэл М Д сургуулийн захирлын хувьд гомдол гаргасан гэсэн ойлгомжгүй дүгнэлт бичсэнийг хүчингүй болгоно уу. Шүүгчийн гаргасан үндэслэл буруу жишиг буюу асуудал шалгасан нэрээр зураг төслийн компанийг шалгахгүй байх, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ажлаа дутуу, буруу хийхийг зөвшөөрч буй тул шүүгчийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
3. Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч Н.Д нэхэмжлэлийн шаардлагаа “ “Э Э И И” ХХК-ийн үйл ажиллагааг шалгуулахаар 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан өргөдлийг татгалзаж шийдвэрлэсэн хариу нь хууль бус болохыг тогтоож, өргөдөлд дурдсан асуудлаар хяналт шалгалт хийхийг даалгах” гэж эцсийн байдлаар тодорхойлсон, хариуцагчаас “... Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зөвхөн тухайн барилгын захиалагчийг шалгадаггүй, барилгын зураг төсөл боловсруулах, зөвшөөрөл олгох, барилга угсралт зэрэг бүх зүйлийг шалгадаг, барилгын зураг төслийг зохиогч зураг төслийг магадлалаар оруулж хянуулдаг бөгөөд эцсийн гарсан зураг төсөлд бид хяналт тавьдаг, зураг төсөл баталгаажаагүй байхад бид шалгалт хийх боломжгүй, М Д сургууль нь өөрт олгогдсон газрын хэмжээнээс хэтрүүлж 92,1 хувийн газрыг барилгажуулсан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 01/40 дүгээр хяналт шалгалтын танилцуулга дээр энэ талаар дүгнэсэн” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.
3.2. М Д сургуулийн захирал Н.Дээс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан “ “В Х” ХХК-ийн барилгын ажлын зураг төслийг гүйцэтгэсэн “Э Э И И” ХХК нь барилга угсралтын явцад гарсан өөрчлөлтийг зураг төсөлд тусгаагүй, дахин магадлал хийлгээгүй хууль зөрчсөн болохыг тогтоож, зургаа өөрчлөх, дахин магадлал хийлгэх шаардлага тавих, зам, гарцаас 10 хүртэл давхар барилгын хана хүртэл зай 5 метрээс багагүй байхаар тооцож төлөвлөнө гэсэн заалтыг зөрчиж зураг зурсныг тогтоох, барилгын ерөнхий төлөвлөгөөний зураг дээр барилгын баруун талд 2 урсгалтай авто зам, түүний цаана явган зам төлөвлөөгүй байгаа нь ерөнхий төлөвлөгөөг дутуу зурсан, мөн зурагт хөрш өмнөх барилгуудын ерөнхий төлөвлөгөөний дагуу 2 эгнээтэй автозам, явган зам нэмж зурж, магадлал хийлгэх шаардлага тавих, нийтийн эзэмшлийг гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц, гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх шаардлагыг зөрчсөн болохыг тогтоож, шаардлага тавих, барилга баруун болон хойшоо дур мэдэн шилжсэн, мөн барилгын зургаа зөрчин тэг тэнхлэгийн дагуу сууриа тавиагүй холбогдох хуулийг зөрчсөн байхад зургийн компани хяналт тавиагүй болохыг тогтоож, хууль зөрчсөн хариуцлага тооцож, шаардлага тавих, барилгын зураг Барилгын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй болохыг тогтоож, шаардлага тавих” зэрэг асуудлыг шалгуулахаар өргөдөл гаргажээ.
3.3. Улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03-186 дугаартай албан бичгээр “дурдагдсан асуудлуудаар 2015-2019 онуудад “В Х” ХХК-ийн захиалгатай барилга болон танай захиалгаар баригдсан орон сууцны барилга байгууламжийн зураг төсөл, холбогдох баримт бичгийг судалж танилцан газар дээр нь хяналт шалгалт хийж, танилцуулга болон 25 удаагийн албан бичгээр холбогдох хариу хүргүүлж байсан, ... иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр М Д сургууль, Д.Г, Ч.Н нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, ... хуульд зааснаар албан бичигт дурдсан асуудлаар дахин хяналт шалгалт хийж, эрх зүйн баримт бичиг гаргах боломжгүй” гэх хариуг өгчээ.
3.4. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д зааснаар “хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг ойлгохоор, 52 дугаар зүйлийн 52.1-д зааснаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийхээр заасан ба хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбар, маргааны үйл баримтаас үзвэл хариуцагч нэхэмжлэгчийн дээрх байдлаар гаргасан хүсэлтийн дагуу хяналт шалгалт явуулж, холбогдох шийдвэрийг гаргаж, хуульд заасан үүргээ биелүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
3.5. Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсгийг боловсруулсан зохиогч тухайн зураг төслийг баталгаажуулан, мэргэжлийн хариуцлага хүлээх, 38.1.3-д зааснаар зураг төсөл зохиогч хуулийн этгээд барилга байгууламжийн зураг төслийг хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэн эсэхэд хяналт хийж баталгаажуулан, хариуцлага хүлээх, 38.1.6-д зааснаар зураг төслийн зохиогч нь барилга байгууламжийн зураг төсөлд өөрчлөлт оруулах захиалагчийн санал барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт тавих чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн тохиолдолд зөвшөөрч, баталгаажуулах, 38.1.10-д зааснаар барилгын ажлыг зураг төсөл болон барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт тавьсан шаардлагад нийцүүлэн гүйцэтгээгүй тохиолдолд дүгнэлт гаргаж, барилгын улсын хяналт хэрэгжүүлэх байгууллагад мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авахуулах чиг үүрэгтэй, харин барилгын захиалагч нь 37 дугаар зүйлийн 37.1.3-д зааснаар барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх, 37.1.5-д зааснаар барилгын ажлын үе шат бүрд зохиогчийн хяналт хийлгэж, хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр материал, хийц, бүтээц, эзлэхүүний чанар, аюулгүй байдлын техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлуулж, холбогдох зардлыг хариуцах зэрэг чиг үүрэгтэй байна. Мөн 37.4-д зааснаар захиалагч барилга байгууламжийн зураг төслийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглохоор хуульчилсан байна.
3.6. “Э Э И И” ХХК-иас 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд “... барилгын зураг төсөл нь 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2015/541 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар болон түүний хавсралт болох 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн барилгажих талбайн схем зургийн дагуу ажлын зураг төсөл хийгдэж барилгын угсралтын ажил эхэлсэн. Барилгын суурийн ажлыг эхлэхдээ тэг тэнхлэгийн улаан шугамыг батлагдсан зураг төсөлд тусгаснаас өөрөөр баруун хойш зүгт хөдөлгөн тавьж, улмаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн байсан нь илэрсэн тул тухайн зөрчлийг арилгах шаардлагатай талаар захиалагч “В Х” ХХК-д мэдэгдсэний дагуу тус компани нь Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүсэлт гаргаж архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралт болох 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн барилгажих талбайн схем зурагт өөрчлөлт орж ирсэн” гэх тайлбарыг, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуучин, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн шинэ барилгажих талбайн схем зургуудыг ирүүлжээ. Мөн “Э Э И И” ХХК-ийн захирал Н.М 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдаанд “...тухайн үед зураг хянах үйл ажиллагааг болиулсан байсан, барилгатай холбоотой зураг хийсэн ажилтай холбоотой асууж шалгасан зүйл байхгүй” гэж мэдүүлжээ.
3.7. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08/20 дугаар албан бичгээр “... “В Х” ХХК-д 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2015/41 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан, үүнээс хойш тухайн байршилд тус компанийн барилгатай холбоотой асуудал Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэгдээгүй” гэх хариуг өгчээ.
3.8. Мөн хэргийн оролцогчид “В Х” ХХК-ийн барилгын тухайд 2015 он 10 дугаар сарын 26-ны өдөр 2015/541 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан, “Э Э И И” ХХК 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр барилгажих талбайн схем зургийг гаргаж, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 0695/2016 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт гарсан, үүний дараа 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралт болох барилгажих талбайн схем зурагт өөрчлөлт оруулсан” гэх агуулгаар тайлбарладаг ба эдгээрээс өөрөөр архитектур төлөвлөлтийн даалгавар болон магадлалын ерөнхий дүгнэлт гарсан, архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
3.9. Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д “Барилгын ажлын явцад барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт оруулсан бол тухайн өөрчлөлтийг тусгаж боловсруулсан зураг төсөлд дахин магадлал хийлгэнэ.” гэж заасан бөгөөд хэрэв барилгын үндсэн хийц, цутгамал төмөр бетон багана, барилгын суурийн хэмжээ өөрчлөгдсөн бол хучилтын бетон, арматурын орц, заслын ажил, тоо хэмжээнд өөрчлөлт орох эсэхийг харгалзан барилгын зураг төслийг хийж гүйцэтгэсэн байгууллагад хандан өөрчлөлтийн зураг, инженерийн тооцоог хийлгэж, зураг төсөлд магадлал хийлгэж дүгнэлт гаргуулахаар байна.
3.10. Дээр дурдсан үйл баримтуудаас үзвэл газар дээр нь хийсэн геодезийн хэмжилтээр тэг тэнхлэг газар дээр байгуулсан акт, архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгасан зай хэмжээнээс 10 мм-ийн дотор зөвшөөрөгдөх хэмжээнээс бага байгаа тул барилгын дам нуруу, ханын урт, суурийн урт, өргөн, шалны урт, өргөн, дээврийн урт, өргөн зэрэгт өөрчлөлт оруулах зэрэг зураг төсөлд өөрчлөлт оруулах, дахин магадлал, шалгалт хийх шаардлагагүй гэж үзэхээргүй, хариуцагч нар нь магадлалаар орсон Барилгын хөгжлийн төвийн дүгнэлттэй, тамга тэмдэгтэй зураг төслийг шалгахаар байхад “В Х” ХХК-ийн барилгын асуудлыг шалгахдаа 2016 оны “Э Э И И” ХХК-ийн хийсэн батлагдсан зураг төсөлд үндэслэж шийдвэр гаргасан боловч уг зураг төслийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрчилсөн, уг зураг төслийг өөрчилсөнтэй холбоотой болон өөрчилсний дараах барилгажилтын байдал, барилгын ажил ерөнхий төлөвлөгөөнд заасны дагуу явагдсан эсэх талаар хяналт шалгалт хийгээгүй гэж үзэхээр байна. Мөн барилгын суурь бүхэлдээ шилжсэн талаар тогтоосон атлаа ийнхүү шилжсэн нь “Э Э И И” ХХК-ийн хийсэн зураг, түүнийг өөрчилсөнтэй холбоотой эсэх, эсхүл “Э Э И И” ХХК-ийн хийсэн зургийн дагуу барилгын суурийг тавиагүй, барилгыг бариагүйтэй холбоотой эсэхийг шалгаж тогтоож, аливаа шийдвэр гаргаагүй байна. Иймд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3-д “Төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй” гэх үндэслэлээр дахин хяналт шалгалт хийж, эрх зүйн баримт бичиг гаргах боломжгүй талаар мэдэгдсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй бөгөөд хариуцагч хуулиар хүлээсэн өөрийн харьяалан шийдвэрлэвэл зохих өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж, холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт шаардан авах зэрэг үйл ажиллагаа явуулах үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй.
3.11. Мөн дахин хяналт шалгалт хийх боломжгүй гэх үндэслэл болсон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1263 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1992 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 182 дугаар тогтоолоор нэхэмжлэгч М Д сургууль, Д.Г, Ч.Н нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон боловч Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 302 дугаар тогтоолоор дээрх шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хүргүүлсэн, хэрэгт дээрх хэрэг, маргаан эцэслэн шийдвэрлэсэн талаарх баримт авагдаагүй тул Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-д зааснаар өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул дурдсан асуудлаар дахин хяналт шалгалт хийх үндэслэлгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна.
3.12. Иймд “Э Э И И” ХХК-ийн үйл ажиллагааг шалгуулахаар 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан өргөдлийг татгалзаж шийдвэрлэсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хариу хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, өргөдөлд дурдсан асуудлаар хяналт шалгалт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
4. Анхан шатны шүүх холбогдох хууль тогтоомжийг маргааны үйл баримтад нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 55 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 38.1.10, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Дийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Э Э И И” ХХК-ийн үйл ажиллагааг шалгуулахаар 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан өргөдлийг татгалзаж шийдвэрлэсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хариу хууль бус болохыг тогтоож, өргөдөлд дурдсан асуудлаар хяналт шалгалт хийхийг даалгаж, нэхэмжлэгч Н.Дийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
|