Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 246

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б Э /***/

Хариуцагч: Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар

Гуравдагч этгээд: М.О /***/

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажилд томилохгүй байгаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/57 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Б.Э-ийг тус газрын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтэст мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгуулах, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шиймтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, Б.С, Н.М, гуравдагч этгээд М.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Маргад нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Б. Э миний бие 2013 оноос 2016 онуудад Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын (МТШХХГ-хуучин нэрээр) Мэдээллийн технологийн хэлтэст Цахим засгийн энтерпрайз архитектур, мэдээллийн системийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. 

2016 онд БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-ийн Монгол улсын төрийн албан хаагчдыг чадавхижуулах тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад тэнцсэн тул МТШХХГ-ын даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар албан тушаалаасаа түр чөлөөлөгдөж, суралцаж төгссөний дараа ажлын байраар хангагдах тухай гэрээ байгуулж суралцахаар явсан. Улмаар 2016-2017 онд Сөүл хотын Sung Kyun Kwan их сургуульд "Глобал цахим бодлого, цахим засаг" чиглэлээр 11 сарын  хугацаатай эрчимжүүлсэн сургалтанд хамрагдаж "Цахим засгийг хэрэгжүүлэхэд төрийн байгүуллага хоорондын харилцаанд нөлөөлөх хүчин зүйлсийг сүдлах нь" сэдвээр Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан болно.

Миний бие ажиллаж байсан чиглэлээрээ мэдлэг боловсролоо дээшлүүлэн сургуулиа амжилттай дүүргэсэн тул ажлаа үргэлжлүүлэн хийх тухай хүсэлтээ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын (ХХМТГ) дарга Б. Ч-д 2017 оны 6 дугаар сарын 27-нд бичгээр хүргүүлсэн. Уг бичгийн хариуд(2017 оны 8 дугаар сарын 2-ны 5/610 дугаар бүхий хариу бичиг) "Монгол Улсын Их Хурлын сонгуулиар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, тус газрын бүтэц орон тоо шинээр батлагдсан тул сул орон тоо байхгүй" гэсэн хариу өгсөн.

Улмаар миний бие 8 дугаар сарын 7-нд ажилдаа эргэн орох хүсэлтээ дахин хүргүүлсэн бөгөөд уг хүсэлтдээ МТШХХГ-тай байгуулсан "Гадаад улсад урт хүгацаагаар суралцуулах тухай" гэрээ болон МТШХХГ-ын даргын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/30 дугаар тушаалын хуулбарыг хавсаргасан. Үүнээс хойш ажилдаа орох асуудлаар байгууллагын удирдлагуудтай арав гаруй удаа уулзсан. Улмаар Төрийн албаны зөвлөлд хандах тухайгаа Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.М-д хэлэхэд "Орон тоо байхгүй байна", "Түр хүлээж бай", "Монголын цахилгаан Холбоо ХК-д ажилд авах талаар хүсэлт тавьсан байгаа" гэх мэт хариу өгч байсан.

Энэ хугацаанд тус газарт мэргэжилтнээр ажиллаж байсан Төрийн жинхэнэ албан хаагч Ш. Х болон Э.Б нар доктор, магистрт суралцахаар ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд эдгээр хүмүүсийн аль нэгний оронд намайг эгүүлэн томилох бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Үүнээс гадна, орон тоо байхгүй гэж мэдэгдэж байсан ч 10 дугаар сарын 11-нд найман ажилтныг Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлж, орон тоогоор хангасныг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Ингээд миний бие хамгийн сүүлд 10 дугаар сарын 26-нд Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.М-тэй уулзахад "Төрийн албаны зөвлөл болон шүүхээр шийдүүл" гэсэн хариуг амаар өгсөн. Албан бичгээр хариу өгөхийг хүсэхэд, "Бичиг гаргаж өгөх боломжгүй" гэж хэлсэн.

Миний бие аргагүй байдалд хүрч 11 дүгээр сарын 01-ний өдөр Төрийн албаны зөвлөлд ажилд эгүүлэн томилоход туслалцаа үзүүлэх тухай хүсэлтээ гаргасан. Төрийн албаны зөвлөл миний хүсэлтийг хүлээн авч, зохих арга хэмжээ авч ажилласан. Улмаар Төрийн албаны зөвлөлөөс захиргааны хэргийн шүүхэд хандахыг зөвлөсөн болно. 

ХХМТГ-аас Төрийн албаны зөвлөл болон надад ирүүлсэн албан бичигтээ "Орон тооны хязгаарыг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор 37 албан хаагч байхаар батлуулсан" гэжээ. Намайг МТШХХГ-Т ажиллаж байхад Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 40 дүгээр захирамжаар орон тооны хязгаарыг 37 албан хаагч байхаар баталж байсан билээ. Үүнээс үзэхэд орон тоо багасаагүй, хэвээрээ байгаа юм.

Түүнчлэн тус бичигтээ "Б.Э-г салбарын байгууллагуудад ажилд авах талаар хүсэлт тавин хүлээж байгаа" гэжээ. Миний бие Төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд МТШХХГ-т ТЗ-6 албан тушаалын зэрэглэлтэй, Цахим засгийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан ба Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үүргээ биелүүлж, хариуцаж байсан чиглэлээрээ сурч, боловсроод ирсэн тул ажилдаа эгүүлэн томилогдох шаардлагатай байна.

Үүний зэрэгцээ Цахим засгийн хуулийн төсөл боловсруулж байгаа энэ чухал үед сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх, цахим засгийг хөгжүүлэхэд мэдлэг оюунаа зориулан ажиллах нь чухал байна.

Анх 2004 онд Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд түүнээс хойш хүний нөөцлийг хөгжүүлэх асуудалд ихээхэн анхаарал хандуулж ирсэн. Тус байгууллагаас жилд дунджаар 2-3 хүн мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр гадаад улсад суралцахаар явдаг бөгөөд жилдээ мөн төдий тооны хун сургуулиа амжилттай төгсч ажилдаа эргэн ордог. Албан хаагч нь мэдлэг, мэргэшил, ур чадвараа дээшлүүлэх, сургалтад хамрагдах тухай тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд тодорхой заасан байдаг.

Ийнхүү ХХМТГ-т ажилдаа орох тухай хүсэлтээ өгснөөс хойш орж чадахгүй байсаар өдийг хүрлээ. Энэ хугацаанд миний бие цалин мөнгөний орлогогүй болж, орон сууцны зээлээ төлж чадахгүйд хүрч, санхүүгийн болон сэтгэл санааны хүнд дарамтад ороод байна.

ХХМТГ нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтыг зөрчиж ажилд томилох боломж гарсан байтал томилохгүй, мөн "Гадаад улсад урт хугацаагаар суралцуулах тухай" гэрээний дөрөвдүгээр зүйлийн 4.5 хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй зэргээс болж миний бие хохирч байна. Түүнчлэн, дээрх гэрээний гуравдугаар зүйлийн 3.3, тавдугаар зүйлийн 5.1 дэх заалтууд давхар зөрчигдөж байна.

Та бүхэн энэ байдлыг харгалзан үзэж, зохих хууль журмын дагуу урьд эрхэлж байсан ажилд томилохгүй байгаа ХХМТГ-ын даргын эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалд томилохыг даалгаж, 2017 оны 8 дугаар сарын 1-ээс хойших ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор төлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү.” гэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Э-г ажилд томилоогүй Харилцаа холбооны, мэдээллийн технологийн газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийг Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Б.Э нь Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрар /цаашид “МТШХХГ” гэх/-ын даргын 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 168 дугаар тушаалаар Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахим засгийн энтерпрайз архитектур, мэдээллийн систем, контентийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4,  17.6 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 219 дүгээр тогтоол, Авилагатай тэмцэх газрын 2013 оны 03/5031 дугаар албан бичгийг тус тус үндэслэн МТШХХГ-ын даргын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 30 дугаар тушаалаар Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтнээр томилогдон ажилласан. Улмаар тус газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 45 дугаар тушаалаар төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. МУЕС-ын 2015 оны 40 дүгээр захирамжийн дагуу МТШХХГ бүтцийн өөрчлөлт хийн орон тоог шинэчлэн баталсан бөгөөд тус газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 52 дугаар тушаалаар Мэдээллийн технологийн хэлтэст цахим засгийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан.

Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газарт Цахим засгийн энтерпрайз архитектур, мэдээллийн системийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Э нь Төрийн албаны тухолай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлнө”, 23.3.2-т “Гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон” гэж тус тус заасны дагуу байгууллагын захиалгаар БНСУ-д суралцаж, магистрын зэрэг хамгаалж, мэргэжил, боловсролоо дээшлүүлээд ирсэн. Улмаар эх орондоо ирсэн даруйдаа 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр тус тус байгууллагынхаа даргад хүсэлт гаргаж, ажилдаа эргэж орох тухай мэдэгдсэн. Мөн үүнээс гадна байгууллагын удирдлагуудтай маш олон удаа уулзаж, ажилд орох тухай, яагаад хүсэлт шийдвэрлэгдэхгүй байгаа тухай асуудлыг биечлэн тавьж, хөөцөлдөж байсан.

Суралцаж байх хугацаандаа Б.Э нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д зааснаар төрийн албан хаагчийн нөөцөд байсан. Мөн тэрээр суралцахаар явахдаа байгууллагатайгаа “Гадаад улсад урт хугацаагаар суралцуулах тухай гэрээ” байгуулсан бөгөөд уг гэрээний 3.3-д зааснаар суралцагч нь төрийн захиргааны байгууллагын томилсон албан тушаалд 2-оос доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах, 4.5-д зааснаар захиалагч нь суралцагчийг суралцаад ирэхэд нь ажлын байраар хангах үүргийг тус тус хүлээсэн байна. Мөн уг гэрээний 5.1-д захиалагч байгууллага өөрчлөгдсөн, татан буугдсан тохиолдолд суралцагчийг Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад томилон ажиллуулах тухай мөн заажээ. 

Нэхэмжлэгчийг гадаад улсад суралцаж байх хугацаанд УИХ-ын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол, ЗГ-ын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоол, МУЕС-ын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 69 дүгээр захирамжаар Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болгон өөрчлөн байгуулж, орон тоог урьдын адил 37 орон тоотой байхаар баталсан байна. Нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил, албан тушаал нь Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтэст хамаарч байна. 

Хэдийгээр нэхэмжлэгчийг анх хүсэлт гаргах үед сул орон тоо байхгүй байсан байж болох ч 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Ш.Х ажлаасаа чөлөөлөгдөж, сул орон тоо гарсан байдаг. Хариуцагч байгууллага сул орон тоо гарсан даруйд Төрийн албаны тухай хууль, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу тэргүүн ээлжинд Б.Э-г авч ажиллуулах, түүнийг ажлын байраар хангах үүрэгтэй юм. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэж заасны дагуу сул орон тоо гарсныг нийтэд зарлах ёстой байгууллага нь энэ тухай аль хэдийн ажилд орох тухай хүсэлтээ гаргачихаад байсан Б.Э-с нууж, улмаар 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Монголын цахилгаан холбоо” ХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан М.О-ыг ажилд авч ажиллуулсан нь хариуцагчийг буруутгах гол үндэслэл болж байна. 

Хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хангалттай боломжтой байхад Б.Э-г ажилд авч ажиллуулаагүй хариуцагч байгууллага, газрын даргын эс үйлдэхүй нь дээрх үндэслэлээр хууль бус юм. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Э-г Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтэст мэргэжилтнээр ажилд томилохыг агентлагийн даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй. 

“Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/57 дугаар “М.О-г ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд, энэхүү маргаан бүхий захиргааны акт нь дараах үндэслэлээр хууль, журам зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болно. 

М.О нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина” гэж заасны дагуу томилогдсон. Тушаалд энэхүү заалтыг баримталсан байдаг. Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам” /цаашид “журам” гэх/-ын 2.1, 2.2-т тус тус заасны дагуу Нөөцийн сан нь төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц гэсэн дэд бүтэцтэй байдаг. М.О нь журмын 2.1-д заасан нөөцөд, Б.Э нь журмын 2.2-т заасан нөөцөд бүртгэлтэй байсан болно. Хариуцагч байгууллага болон Төрийн албаны зөвлөл журмын 6.2.2-т “энэхүү журмын 2.1.1-2.1.4-т заасан төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн бүртгэлд байгаа болон мөн журмын 2.2.1-2.2.4-т заасан төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлд байгаа иргэдээс тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг Төрийн албаны зөвлөлийн дарга болон орон тооны гишүүд, салбар зөвлөлд түүний дарга, нарийн бичгийн дарга болон 3-аас доошгүй бусад гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хэлэлцэж, холбогдох байгууллагад захиалгынх нь дагуу төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх” гэж заасныг зөрчсөн. 

Нөөцөд бүртгэлтэй М.О болон Б.Э нарыг харьцуулан, тус албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгааг нь нэр дэвшүүлэн, томилох ёстой байсан. Б.Э нь харилцаа холбооны салбарт  ...17 жил, үүнээс төрийн албанд 10 жил ажилласан, эрхэлж буй ажил мэргэжлийнхээ дагуу БНСУ-д мэргэжлийн зэргээ дээшлүүлж, магистрын зэрэг хамгаалсан, төрийн албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч, англи болон солонгос хэлний мэдлэгтэй, байгууллагатай байгуулсан гэрээний дагуу тэргүүн ээлжинд ажлын байраар хангагдах эрхтэй, тус байгууллагад ажиллаж байсан гэх мэт олон шалгуур, үндэслэлээр М.О-оос давуу байгаа нь илэрхий байхад Б.Э-ийн нэрийг даран зөвхөн М.О-г томилуулах тухай хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, томилсон нь хууль бус байна. Журмын 6.2.4-д “энэхүү журмын 6.2.2 болон 6.2.3-т заасны дагуу иргэнийг нэр дэвшүүлэхдээ мөн журмын 2.1, 2.2-т заасан нөөцийн сангийн бүрэлдэхүүн хэсэг бүрийн нөөцийг авч үзэх бөгөөд тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг гол шалгуур болгохын зэрэгцээ мэргэшлээ дээшлүүлсэн байдал, өмнө нь төрийн жинхэнэ албанд ажиллаж байсан туршлага, тухайн төрийн байгууллагын захиалгаар мэргэжил эзэмшсэн байдал, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн онооны дараалал зэргийг харгалзана” гэж заасныг шүүх анхаарч үзэх нь зүйтэй байна. 

Мөн журмын 6.2.3-д заасан үйл ажиллагаа, процессыг хэрэгжүүлээгүйгээрээ энэхүү томилгоо нь хууль бус болжээ. 

Гэтэл одоо хариуцагч байгууллага өөрсдийн хийсэн хууль бус үйлдлийг мушгин тайлбарлаж, “М.О-г Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу томилсон” гэж марган  тушаалд  бичсэн үг, өгүүлбэрээ үгүйсгэж байгааг харахад харамсалтай байна. 

Агентлаг нь жил бүр өөрсдийн ажилтнуудаас шалгаруулан Койка байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн дагуу гадаад улсад боловсрол эзэмшүүлэн, улмаар суралцаж ирсэн даруйд байгууллагадаа  авч ажиллуулдаг, тухайн мэргэжилтнийхээ сурсан, мэдсэн зүйлийн үр өгөөжийг байгууллага, төрдөө хүртээдэг байсан. Гэтэл зөвхөн нэхэмжлэгчийг ийнхүү ялгаварлан, хуулиар хамгаалагдаж, олгогдсон төрийн албан хаагчийн баталгааг эдлүүлэхгүй, иргэний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа нь хуульд үл нийцнэ. Төрийн захиргааны байгууллага өөрийн ажилтныг захиалгынхаа дагуу сургачихаад, дараа нь ийнхүү ажилд томилохгүй хохироож байгаа явдалд нэхэмжлэгч маш их гомдолтой байна.

Дүгнэн хэлэхэд хариуцагч байгууллага М.О-г томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5, 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, журмын 6.2.2, 6.2.3, 6.2.4-д заасныг тус тус зөрчсөн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг баримтлан М.О-г томилсон тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

М.О-г томилогдон ажиллаж байх хугацаанд хариуцагч байгууллага нь Б.Э-н эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодон төлж байгаа бөгөөд хэрэв хуульд заасны дагуу түүнийг ажилд авч ажиллуулсан бол нэмэлтээр нэг хүний шимтгэлийг төлөхгүй байх байсан бөгөөд энэ нь байгууллагын төсвийг зохисгүй удирдаж буйн жишээ юм. Агентлагийн дарга Төсвийн тухай хуульд заасан төсвийн зарчмыг хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

“2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх” шаардлагын тухайд, 

Мэргэжилтэн Ш.Х 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн даруйд өмнө нь хүсэлтээ өгчихсөн, ажилдаа орохоо хүлээж байсан Б.Э-г ажилд томилоогүй хууль бус эс үйлдэхүйн улмаас хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхээ эдэлж чадаагүй нэхэмжлэгч хохирлоо төрийн захиргааны байгууллагаас гаргуулах нь зүйтэй юм. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2, 102 дугаар зүйлийн 102.1, 104 дүгээр зүйлийн 104.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор авах эрхтэй. Нийгмийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хариуцагчаас гаргах нөхөн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг тус тус нөхөн төлөх нь зүйтэй. 

Нэхэмжлэгч захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй, захиргааны актын улмаас бодит хохирол учрахаас гадна шүүхээр маргах, өмгөөлөгч авахад багагүй зардал гаргаж, цаг хугацаа, сэтгэл санаагаараа ихэд хохирч байгааг шүүх анхаарч үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасныг баримтлан энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төрийн албаны тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан баталгааг хангаж өгнө үү.” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус газрын эсрэг иргэн Б.Э-н гаргасан “Урьд эрхэлж байсан ажилд томилохгүй байгаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд томилохыг даалгуулах, 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор төлүүлэх” тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Б.Э нь Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын /хуучин нэрээр/ 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 246 дугаар тушаалаар Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, төрийн албан хаагчдын томилгоог хуульд нийцүүлэх зорилгоор мөн оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 287 дугаар тушаалаар төрийн албанаас чөлөөлөгдсөн.

Улмаар Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 219 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн тул холбогдох хуульд заасан шаардлагыг баримтлан, албан тушаалд томилохыг үүрэг болгосны дагуу Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 7 дугаар тушаалаар Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахим засгийн энтерпрайз архитектур, мэдээллийн систем, контөнтийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.

Засгийн газрын 2014 оны “Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний тухай” 387 дугаар тогтоолын дагуу тус газар бүтцийн өөрчлөлт хийж Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 52 дугаар тушаалаар Б.Э нь Мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байх хугацаандаа Олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагын тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдөн шалгарч БНСУ-ын СККЮ Их сургуульд “Глобал цахим бодлого, цахим засаг” чиглэлээр магистрын сургалтад суралцах болсон тул төрийн албанаас чөлөөлөгдөх тухай түүний гаргасан хүсэлтийн дагуу тус газрын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь заалтыг үндэслэн төрийн албанаас түр чөлөөлж, Б.Э-тэй “Гадаад улсад урт хугацаагаар суралцуулах тухай гэрээ 2016 оны 08 дугаар сарын 01гний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай байгуулж, гэрээний 4.3, 4.4-т заасны дагуу магистрын сургалтад суралцах хугацаанд нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байхаар тооцож, суралцах хугацаанд нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож төлж байсныг өнөөг хүртэл зогсоогоогүй болно.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “энэ хуулийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ.” Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д “...хуульд өөрөөр заагаагүй бол тохируулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийн удирдах болон гүйцэтгэх албан тушаал” гэж тус тус зааснаар Б.Э нь төрийн захиргааны албан тушаалыг эрхэлж, төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд хамаарч байсан.

Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад аргаар тогтооно.”, 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.” гэж заасан.

Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас түр чөлөөлөх, түүнтэй холбогдсон харилцааг Төрийн албаны тухай хууль болон холбогдох эрхийн актаар дараах байдлаар зохицуулсан байдаг. Үүнд:

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Энэ зүйлийн 23.3-т эаасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно.”, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 1 дэх хэсгийн 1,2-т “Энэхүү журмын зорилго нь төрийн жинхэнэ албаны албан тушаалын сул орон тоог хууль тогтоомжид заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан хүний нөөцөөр нөхөн хангах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.”, 2.2-т “Нөөцийн сан нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц гэсэн дад бүтэцтэй байх бөгөөд энэ нь дор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна., 2.2.1 Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ... гурван сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон, ... мөн зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр захиргааны санаачилгаар түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц”, мөн журмын дөрөв дэх хэсэг /Нөөцийн бүртгэлийн хүчинтэй байх хугацаа/ 4.2-т “Энэхүү журмын 2.2.1-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй.” гэж заасан байдаг. Б.Э нэхэмжлэлдээ “... энэ хугацаанд тус газарт мэргэжилтнээр ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч Ш.Х, Э.Б нар ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд эдгээр хүмүүсийн аль нэгний оронд намайг эгүүлэн томилох бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Үүнээс гадна орон тоо байхгүй гэж мэдэгдэж байсан ч 8 ажилтныг төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлж,орон тоогоор хангасныг Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заалтыг зөрчсөн гэж үзэж байна.” гэжээ.

Улсын Их Хурлын 2016 оны “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны “Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний тухай” 4 дүгээр тогтоолоор тус байгууллагын нэршил Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болж, өөрчлөгдөн зохион байгуулагдсан

Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 43 дугаар захирамж, мөн оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" 69 дүгээр захирамжийн дагуу байгуулагдсан Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтэс нь өмнө байсан Мэдээллийн технологийн хэлтсийн чиг үүргийг гүйцэтгэж, тус газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Орон тоо батлах тухай” Б/02 дугаар тушаалаар 8 орон тоотойгоор батлагдаж хэлтсийн дарга, албаны дарга, ахлах мэргэжилтэн 2, мэргэжилтэн 4 нийт 7 төрийн жинхэнэ албан хаагч, 1 хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд ажиллаж байгаа 1 албан хаагч тус тус ажиллаж байна.

Ш.Х-н оронд тус байгууллагад ажиллаж байгаа М.О-г томилж, орон тоог нөхсөн. М.О нь 2017 оны 5 сард тус газраас зарласан мэргэжилтний сул орон тоог нөхөх төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад оролцож тэнцэн нөөцөд бүртгэгдсэн байсан бөгөөд Ш.Х нь тус газрын даргын 2017 оны 08 сарын 24-ний өдрийн тушаалаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөний дараа Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг /Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө./-т заасныг баримтлан М.О-г тус сул орон тоон дээр авч ажиллуулсан

Хэрвээ хуулийн 17.1-д зааснаар сул орон тоог нөхөх боломжгүй бол 17.4-т зааснаар нөөцөөс авах зохицуулалттай байдаг.

Одоогоор тус газрын Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтэст төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо байхгүй болно

Дээр дурдсан одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд болон тус газрын хүний нөөцийн бүртгэлээс үзэхэд Б.Э нь төрийн жинхэнэ албаны нөөцийн санд бүртгэлтэй байх тул Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтэст сул ажлын байр гарсан тохиолдолд Б.Э-н тус газрын төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн жагсаалтаас нэр дэвшүүлэн томилогдох, гэрээнд зааснаар 2-оос доошгүй жил ажиллах эрх нь нээлттэй юм. Гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлнэ гэсэн агуулгаар хууль тогтоомжийг зөрчих эрх тус газарт байхгүй тул гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Б.Э-с Төрийн албан зөвлөлд хандан гаргасан гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг 2017 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн 1250 дугаартай албан бичгээр хүлээн авч, судлан үзээд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 17 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэлд бүртгэгдсэн болон Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтэст ажлын байрны сул орон тоо гарсан тохиолдолд ажилд эгүүлэн авах талаар хариуг тус газрын 2017 оны 11 дугаар сарын 21-ний өдрийн 1/967 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Дээрх тохиолдолд захирамжилсан шинж бүхий захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин түүнийг ажил албан тушаалд нь буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох тухай захиргааны акт гаргуулахаар тусгаж байгаа нь хууль бус буюу үндэслэлгүй байна.

Мөн Б.Э-тэй 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Гадаад улсад урт хугацаагаар суралцуулах тухай гэрээ”-ний 3.2-т “суралцагч нь тухайн сургалтыг дүүргэсний дараа Монгол Улсад эргэж ирэх үүрэг хүлээж, энэхүү гэрээг байгуулсан этгээдэд сургалтын үр дүнгийн тайланг тавина.” гэж заасан байдаг ч Б.Э нь өнөөг хүртэл ажилд эгүүлэн томилох хүсэлт гаргаснаас бус гэрээний үүргийн дагуу сургалтын үр дүнгийн тайланг тавих талаар гаргасан хүсэлтүүддээ дурдаж байгаагүй нь нэг талаар гэрээний үүргийг зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна.

Тус газраас Б.Э-г магистрийн сургалтад суралцах хугацаанд нь буюу 2016 оны 08 дугаар сараас эхлэн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож төлж байсныг өнөөг хүртэл зогсоогоогүй төлж байгаа, өөрсдийн нөөц бололцооны дагуу салбарын байгууллага болох Монголын цахилгаан холбоо ХК-д мэргэжлийн дагуу ажиллуулахаар удирдлагуудад нь хандсан, сул орон тоо гартал түр хугацаагаар хүлээх тухай Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 5/950 тоот албан бичгээр мэдэгдсэнийг буруутгах, үүнийг ажилд томилохгүй байгаа эс үйлдэхгүй гэж тооцох үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны төв байгууллагаас тогтоосон журмыг баримтлан дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Э-н гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

Гуравдагч этгээд М.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.Э-н Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргад холбогдох хэрэгт газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн М.О-г ажилд томилох тухай Б/57 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын дагуу М.О намайг гуравдагч этгээдээр татсан тул тайлбар гаргаж байна.

Миний бие М.О нь Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын Шинэчлэлийн бодлого, төлөвлөлтийн газрын Мэдээллийн технологи, инновацийн хэлтсийн (хуучин нэрээр) инновацийн бодлого хариуцсан мэргэжилтнээр 2014 оны 09 дүгээр сарын 01-ээс томилогдож, уг хэлтэстээ одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолоор Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсон тул тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдөж, тус газрын дарга, Төрийн захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга, Монголын Цахилгаан холбоо ХК-ны дарга болон тус компанийн Захиргаа, Удирдлагын газрын дарга нар харилцан тохиролцсоны үндсэн дээр Монголын Цахилгаан холбоо ХК-аас цалинжиж, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт өмнөх хариуцсан ажлаа үргэлжлүүлэн хийж байсан билээ. 2014 онд төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалт өгч, нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байсан бөгөөд тус газарт орон тоо гарахыг хүлээж байсан. Гэвч нөөцийн бүртгэлийн хүчинтэй хугацаанд сул орон тоо гараагүй байсаар дууссан тул 2017 онд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад дахин тэнцэж, нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн. Улмаар байгууллагын удирдлагуудад тус газрын үндсэн албан хаагч болох хүсэлтээ удаа дараа тавьж байсан бөгөөд 2017 оны 08 сард тус хэлтэст орон тоо гарч, мөн оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар тус газрын мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтэст мэргэжилтнээр томилогдож, тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч болсон.

Нэхэмжлэгч Б.Э 2015 онд Мэдээллийн технологийн хэлтэст орсон цагаас нэг хэлтэст ажиллах болсон бөгөөд намайг Монголын цахилгаан холбоо ХК-аас цалинжиж тус газарт орон тоо гарахыг хүлээж байгааг мэдэх билээ.

Намайг ажилд томилоход Авилгатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлөөс зохих зөвшөөрлүүдийг байгууллага авч, зөрчилгүй гэсэн үндсэн дээр ажилд томилсон билээ.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь “Ажилд томилохгүй байгаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/57 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Б.Э-г тус газрын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтэст мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгуулах, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шиймтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах байдлаар хууль тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Б.Э нь Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын /хуучин нэрээр/ даргын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 246 дугаар тушаалаар Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 219 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэнээр 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 30 дугаар тогтоолоор Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэдээлэл холбооны асуудал хариуцсан мэргэжилтнээр, Засгийн газрын 2014 оны “Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний тухай” 387 дугаар тогтоолоор хийгдсэн бүтцийн өөрчлөлтөөр тус газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 52 дугаар тушаалаар Мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтнээр тус тус томилогдон ажиллаж байжээ. 

Энэ хугацаанд тэрээр Олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагын тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдөн шалгарч БНСУ-ын СККЮ Их сургуульд “Глобал цахим бодлого, цахим засаг” чиглэлээр магистрын сургалтад суралцах болсон тул төрийн албанаас чөлөөлөгдөх тухай түүний гаргасан хүсэлтийн дагуу тус газрын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь заалтыг үндэслэн төрийн албанаас чөлөөлж, “Гадаад улсад урт хугацаагаар суралцуулах тухай гэрээ” 1 жилийн хугацаатай байгуулж, гэрээний 3.3-т суралцагч нь  “захиалагч эсхүл түүний чиг үүргийг хэрэгжүүлж буй төрийн захиргааны байгууллагын томилсон албан тушаалд 2-оос доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах” үүрэг хүлээж, 4.4-т захиалагч нь “суралцагчийг суралцах хугацаанд  Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрийн албан хаагчийн нөөцөд байхаар бүртгүүлэх”, 4.5-д “Суралцагчийг захиалагчийн захиалсан чиглэлээр суралцаад ирэхэд нь ажлын байраар хангах”  үүргийг тус тус  хүлээсэн байна. 

Б.Э нь сургуулиа дүүргээд 2017 оны 6 дугаар сарын 27-нд ажилдаа эргэн орох хүсэлтээ бичгээр гаргасан боловч тус газрын 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 5/610 тоотоор бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон тул сул орон тоо байхгүй" гэсэн хариу өгсөн байдаг. Мөн 2016 оны 8 дугаар сарын 7-ны өдөр дахин хүсэлтээ гаргасан боловч шийдвэрлээгүй байна. 

Нэхэмжлэгч нь “гэрээнд заасны дагуу сургуулиа төгсөөд ирэхэд нь ажилд авч ажиллуулах үүрэгтэй, сул орон тоо байсан” гэж, хариуцагч нь “Одоогоор тус газрын Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтэст төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоо байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар сул орон тоог нөхсөн, ийнхүү нөхөх боломжгүй тохиолдолд 17.4-т зааснаар нөөцөөс нэхэмжлэгчийг ажилд томилох боломжтой” гэж тайлбарлан маргажээ. 

Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.2, 7 дугаар зүйлийн 7.7, 11 дүгээр зүйлийн 11.2-т тус тус зааснаар Б.Э нь Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын /хуучин нэрээр/ Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэдээлэл холбооны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа төрийн захиргааны албан тушаалыг эрхэлж, төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд хамаарч байжээ.

Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.”, 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, уг хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна” гэж заасан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн 3 сараас дээш хугацаагаар суралцах болсон үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдөх, төрийн албаны нөөцөд байх, улмаар төрийн албанд буцаан томилогдох харилцааг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл, 17 дугаар зүйлд нарийвчлан зохицуулсан байна. 

Төрийн жинхэнэ албан хаагчийг 3 сараас дээш хугацаагаар суралцах болсон үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөх, түүнтэй холбогдсон харилцааг Төрийн албаны тухай хууль болон холбогдох эрхийн актаар дараах байдлаар нарийвчлан зохицуулжээ. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т зааснаар “3 сараас дээш хугацаагаар суралцах болсон” үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийг мөн зүйлийн 23.5-д төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцохоор заажээ. 

Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмаар төрийн албаны хүний нөөцийн сан бүрдүүлэх, төрийн жинхэнэ албаны албан тушаалын сул орон тоог нөөцөөс нөхөх харилцааг зохицуулсан бөгөөд журмын 2-т зааснаар нөөцийн сан нь төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц гэсэн 2 дэд хэсэгтэй, 2.2.1-д “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасан “гурван сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон” үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдөж мөн зүйлийн 23.5-д заасан төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдсон төрийн жинхэнэ албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүрэлдэхүүн хэсэгт хамаарахаар, 4.2-т “төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй.” гэж заажээ. 

Иймд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасан “гурван сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон” үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагч Б.Э нь мөн зүйлийн 23.5-д зааснаар төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн бөгөөд түүний төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хүчин төгөлдөр байх нь. 

Мэдээллийн технологи бодлого зохицуулалтын хэлтэст 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мэргэжилтэний сул орон тоо гарсан байх хэдий ч Б.Э-с 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтэд “сул орон тоо гараагүй” хэмээн хариу өгсөн нь үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн маргаж буй нь үндэслэлтэй байна. 

Учир нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 43 дугаар захирамжаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болж, зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн ч нэхэмжлэгчийн ажиллаж байсан Мэдээллийн технологийн хэлтэс нь Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтэс болж, тус хэлтэст түүний гүйцэтгэж байсан цахим засгийн энтерпрайз архитектур, мэдээллийн системийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт дахь чиг үүрэг, ажлын байранд тавигдах шаардлага дээрх сул орон тоонд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар томилогдсон М.О-н эрхэлж буй Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтсийн цахим засгийн үйлчилгээ, төр хувийн хэвшлийн түншлэл хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт дахь чиг үүрэг, тавигдах шаардлага төдийлөн зөрүүтэй биш, чиг үүрэг хадгалагдан үлдсэн байна. 

Гэтэл төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх талаарх Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх заалтыг хариуцагч буруу тайлбарлан хэрэглэж 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гарсан сул орон тоонд “Монголын цахилгаан холбоо” ХК-нд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан М.О-г 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар томилж ажиллуулсан байна. 

Хариуцагч энэ талаараа М.О нь “Монголын цахилгаан холбоо” ХК-д хөдөлмөрийн гэрээгээр томилогдон тэндээс цалинжиж байсан ч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт мэргэжилтнээр ажиллаж байсан тул Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 –д зааснаар сул орон тоог тухайн байгууллагад ажиллаж буй албан хаагчаас нөхсөн гэж тайлбарлах боловч энэ нь үндэслэлгүй байна. “Монголын цахилгаан холбоо” ХК нь тухайн салбарын хувийн хэвшлийн байгууллага болохоос тухайн байгууллагын нэгж биш, тус компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтныг төрийн жинхэнэ албан тушаал хашиж буй төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхгүй. 

М.О-г томилсон 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/57 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх заалтыг баримталсан хэдий ч ийнхүү уг заалтаар сул орон тоог нөхөх бол нэхэмжлэгчийн төрийн албан хаагчийн нөөцөөс нэр дэвших эрхийг мөн хангах учиртай. 

Иймд сул орон тоо гарсан байхад ажилд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байх тул “ажилд томилохгүй байгаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/57 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Э-г тус газрын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтэст мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Харин ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах шаардлагын тухайд “сул орон тоо гарсан” өдрөөс уг хугацааг шууд тооцох үндэслэлгүй, харин уг сул орон тоог нөхсөн хугацаанаас тооцож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна. 

Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг төлүүлэх шаардлагыг хангах үндэслэлгүй байна. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, “ажилд томилохгүй байгаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/57 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Э-г тус газрын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтэст мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгаж, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг ТЗ-6 шатлалаар тооцон олгуулж, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж”, нэхэмжлэлийн шаардлагаас “2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА