Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 782

 

"Хера экуйпмент" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2017/00059 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч "Хера экуйпмент" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч  Т.Хуланд холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 7 642 420 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Түвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Хера экуйпмент" ХХК шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь Т.Хулантай 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ХЭ15/124 тоот түрээсийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Гэрээгээр "Хера экуйпмент" ХХК нь R300LC-9S маркийн #0207, #0215 сериалтай 2 ширхэг гинжит эксваторыг 25 хоногийн хугацаатай түрээслүүлэх, Т.Хулан нь гэрээгээр тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээгээр техникийг 25 хоногийн буюу хязгааргүй мото цагийн үнэлгээг нэг техник дээр 20 000 000 төгрөг буюу 2 техникийн 25 хоногийн түрээсийн төлбөр нь нийт 40 000 000 төгрөг байхаар, түрээслэгч тал техникийн тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн зардал, түлш, өдөр тутмын тос тосолгоог хариуцахаас гадна гэрээний ерөнхий нөхцөлийн 7-д дээрх техникүүдийн газартай харьцах болон түргэн элэгдэх эд анги буюу шүдний элэгдлийг түрээслэгч тал хариуцахаар тусгайлан харилцан тохиролцсон. Анх дээрх техникүүдийн үнийн тодорхой хэсгийг төлсний дараа санхүүгийн түрээсийн гэрээг байгуулж худалдах, тэр болтол түрээсийн төлбөрөө төлөн түрээслэхээр харилцан тохиролцож дээрх гэрээг байгуулсан байдаг. Иймд гэрээний хугацаа дуусгавар болсон ч түрээслүүлэгч талаас техникүүдийг буцаан авалгүй, хариуцагч эзэмшиж, ашигласаар байсан. Удирдлагуудын хэмжээнд 2016 оны 01 дүгээр сард түрээсийн гэрээг санхүүгийн түрээсийн гэрээнд шилжүүлэх эсэх талаар яригдаж байсан ч тохиролцоонд хүрээгүй тул түрээсийн гэрээг санхүүгийн түрээсийн гэрээ рүү шилжүүлээгүй байдаг. Ингээд R300LC-9S маркийн #0207 сериалтай гинжит экскаваторыг 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 860 мото/цагтай, шүдний элэгдлийн хувьд 1 дүгээр шүд 22 см, 2 дугаар шүд 25 см, 3 дугаар шүд 25 см, 4 дүгээр шүд 25,5 см, 5 дугаар шүд 25 см-ын хэмжээтэйгээр, харин #0215 сериалтай гинжит экскаваторыг 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 916 мото/цагтай, 1 дүгээр шүд 19,2 см, 2 дугаар шүд 18 см, 3 дугаар шүд 17,4 см, 4 дүгээр шүд 18,5 см, 5 дугаар шүд 18,8 см хэмжээтэйгээр тус тус хүлээлгэн өгсөн. Энэ нь хэрэгт авагдсан хүлээлцсэн актуудад тусгагдсан байдаг. R300LC-9S маркийн #0215 сериалтай гинжит экскаваторыг 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 1740 мото/цагтай, газартай харьцах эд анги буюу 5 шүдний элэгдэл 15 хувьтай, #0207 сериалтай гинжит экскаваторыг 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 1941,8 мото/цагтай, шүд 19 хувийн элэгдэлтэйгээр тус тус буцаан хүлээн авсан. R300LC-9S #0207 сериалтай техникийг түрээслэгч Т.Хулан нь түрээслүүлэгч талаас албан ёсоор зөвшөөрөл авалгүйгээр дамжуулан түрээсэлсэн байсан ба дээрх зөрчлийг мэдсэн даруйд түрээслэгч талд энэ талаар мэдэгдэн зөрчлөө арилгах талаар шаардсан. Уг зөрчлөө арилгаагүй тул 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр албан мэдэгдэл хүргүүлж, техникийг буцаан авсан. Техникийг буцаан авах үед нэг толь хагарсан байсан. Уг толийг солиход 43 000 төгрөгийн зардал гарсан. Мөн шүдний элэгдлийг шүдний үнээс тооцоход 19 хувийн элэгдэл 90 250 төгрөг болсон. Иймд #0207 сериалтай техникт нийтдээ 133 250 төгрөгийн хохирол учруулсан байна.

Харин #0215 сериалтай техникийг буцаан авахад шанаганы гарны пальцны боолт байхгүй, нарны үлээх хоолой хагархай, антенн хугархай, компьютер нь эвдэрсэн, баруун зүүн люк, люкны доод хэсэг сэвтэй, шанаганы бэхэлгээ цоорсон, гидрийн буцах труба тос гоожсон, стартерыг аккумлятороос тог өгч асаасан, кабины доод гэрэл байхгүй, труба хугархай, хуваарилагчийн дээд тавцангийн суурь хугархай зэрэг эвдрэл гэмтэл учруулсан байдалтай байсан. Бид техникийг буцаан авахдаа газар дээр нь хүлээлцэх хуудаст энэ тухай тэмдэглэн, эвдрэлийн талаарх тайланг гаргасан. Дээрх эвдрэл гэмтлүүд нь ердийн элэгдлээс үүсээгүй, түрээслэгч талын ашиглалтаас хамааралтай гэмтлүүд байсан. Энэ нь хэрэгт авагдсан үзлэгийн тайлангаар нотлогдоно.

Ингээд нийтдээ уг техникийг засахад 14 төрлийн эд анги шаардлагатай болсон. Шанаганд бэхэлгээ хийх гагнуурын ажлаас бусад эвдрэлийг засварлахад сэлбэг хэрэгслийн зардалд 5 678 920 төгрөг зарцуулсан. Мөн техникийг засварлаж хэвийн ажиллагаанд оруулахад нэг хүн 14 цаг ажилласан тул ажлын хөлсийг нэг цагийн 35 000 төгрөгөөр тооцоход 490 000 төгрөгийн зардал гарсан. Харин шанаганд бэхэлгээ хийх гагнуурын ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн бөгөөд үүнд материалын зардал 629 000 төгрөг, ажлын хөлс 640 000 төгрөг нийт 1 269 000 төгрөг болж байна.

Нийтдээ #0215 сериалтай техникийг хэвийн ажиллагаанд оруулахад сэлбэгийн зардал 5 678 920 төгрөг, ажлын зардал 1 759 000 төгрөг болсон. Мөн техникийг хүлээн авах үед 5 ширхэг шүдний элэгдэл 15 хувьтай байсан тул төлбөр 71 250 төгрөг болж байна. Нийтдээ #0215 сериалтай техникт 7 509 170 төгрөгийн хохирол учирсан байна.

Уг техникүүдийг манай байгууллага өөрийн хөрөнгөөр 2016 оны 7 сард засварлаж, дахин хэвийн ажиллагаанд оруулан бусдад түрээсэлсэн байгаа. Иймд 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ХЭ5/124 түрээсийн гэрээний дагуу 2 техникийн газартай харьцах эд ангийн элэгдэл буюу шүдний зардал 161 500 төгрөг, ердийн элэгдлээс гадуур эвдэрсэн сэлбэгийн үнэ 5 721 920 төгрөг, ажлын хөлс 1 759 000 төгрөг, нийт 7 642 420 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүдний элэгдлийн хувьд ердийн ашиглалтын явцад үүсэх элэгдэлд тооцогдох боловч талууд гэрээгээр газартай харьцах эд ангийн элэгдлийг түрээслэгч хариуцахаар тохиролцсон.

Хариуцагч Т.Хулан хотод байдаг бөгөөд техникүүдийг хүлээн авах, хүлээлгэн өгөх тухай бүрдээ өөрийн компанийхаа хүнд даацын техниктэй харьцах чадвартай хүмүүсээр техникийг үзүүлж хүлээлцэж байсан. Иймд Т.Хуланг төлөөлөх эрхгүй этгээдээр актыг зуруулсан гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн гэрээний 4.3-т түрээслэгч талаас техникийг хүлээлцэх үед ирж хянаагүй, гарын үсэг зураагүй бол үл маргах журмаар актыг хүчинтэйд тооцохоор тохиролцсон. Хариуцагч хэрэгт өгсөн актуудыг хуурамч гэж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь "Хера экуйпмент" ХХК-аас анх уг техникүүдийг худалдаж авахаар хэлэлцэн тохирсон байдаг. Ингээд барьцаа 120 000 000 төгрөг гэсэн зүйл яригдсан тул дээрх мөнгийг төлсний дараа худалдах худалдан авах гэрээг хийх, тэр хүртэл түрээсийн гэрээ байгуулахаар тохирч гэрээг байгуулсан. Уг техникүүдийн түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн, зориулалтын дагуу ашиглаж байгаад буцаан өгсөн. Дээрх хоёр техникийг анх хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хугацааны хувьд маргахгүй. Гэхдээ хариуцагч нь дээрх хоёр техникт ямар нэг эвдрэл, гэмтэл учруулаагүй буцаан өгсөн. Техникүүдийг буцаан хүлээлцэх үед хариуцагч Т.Хуланг байлцуулаагүй, эвдрэлийн тайланг гаргахдаа ч танилцуулаагүй, мэдэгдээгүй. Мөн актуудад эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулсан байна. Хүлээж авсан болон хүлээлгэн өгөх актуудад гарын үсэг зурсан этгээдүүдийг хариуцагч танихгүй. Хэрэгт нотлох баримтаар өгсөн техник хүлээлцсэн тухай актууд нь хариуцагчийн техникийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн огноо, мото цаг, сериал зэргийг тааруулан нэхэмжлэгч хуурамчаар үйлдсэн баримтууд байна. Анх техникийг хүлээн авах, хүлээлгэн өгөх үед Т.Хулан байсан, энэ актууд биш, өөр актууд байсан гэдэг. Мөн нэхэмжлэгч тал уг хоёр техникийг засварласан тул шинжээч томилуулах боломжгүй, одоо өөр компанид түрээсэлсэн гэдэг. Иймд гэмтэл учирсан гэдгийг болон уг гэмтлийг засварласан гэдгийг нотолсон баримтгүй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт зааснаар хөлсөлсөн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд муудсан бол хөлслөгч хариуцлага хүлээхгүй байхаар заасан байдаг. Шүдний элэгдэл нь өөрөө ердийн элэгдэлд тооцогдох тул хариуцагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1, 289 дүгээр зүйлийн 289.1.4 дэх дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Хулангаас 5 886 420 /таван сая найман зуун наян зургаан мянга дөрвөн зуун хорин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Хера экуйпмент" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 759 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 109,085 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбарт хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөөгүйн улмаас хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг илтэд хохироосон. Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан 2015.07.21, 2015.07.22, 2016.03.04-ний өдрүүдийн техник хүлээлцсэн жинхэнэ 4 актыг гаргуулах тухай хүсэлтийг гаргаж байсан. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс өөр акт байхгүй гэсэн тул уг хүсэлтээсээ татгалзсан. Мөн тухайн өдөр шинжээч томилуулах хүсэлтийг гаргаж байсан боловч шүүхээс хүлээн аваагүй. Тус маргааныг үнэн зөвөөр шийдвэрлэхэд техникийн тусгай мэдлэг бүхий шинжээч зайлшгүй шаардлагатай байсан нөхцөл байдлыг шүүхээс харгалзан үзээгүй. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй шиг түрээсийн зүйлүүдийг гэмтээгээгүй. Түрээсийн зүйлсийг буцаан авсны дараагаар их хэмжээний эвдрэлтэй бол дахин өөр этгээдэд түрээслүүлэхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа одоогийн байдлаар тухайн #0215 #0207 тоот экскаваторуудыг үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бусдад түрээсэлсэн тухайн үеийн эвдрэл гэмтлийг зассан гэдэг тайлбар нь хэт хийсвэр юм. Тухайн техникүүдэд засвар үйлчилгээний хийсэн гэх баримтуудыг үнэлэх боломжгүй баримтууд юм. Техник хүлээлцэх үед хийгдээгүй актууд бөгөөд тухайн техникийг хүлээн авах болон буцаан өгөх үед хариуцагч Хулан нь өөрийн биеэр байлцаж хүлээлцсэн актуудад гарын үсгээ зурсан. Хэрэгт авагдсан техник хүлээлцсэн актуудыг нэхэмжлэгч байгууллагын зүгээс хуурамчаар үйлдсэн. Гэрээний заалтууд нь хуулийн зохицуулалтыг илтэд зөрчсөн нөхцөлийг тусгасан. Тус хууль зөрчсөн хуурамч техник хүлээлцсэн актуудыг үйлдсэн байхад анхан шатны шүүх хуурамч актуудын дагуу хариуцагчаас их хэмжээний мөнгө гаргуулж шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн актуудыг хариуцагч Т.Хуланд техник хүлээлгэн өгсөн болон буцаан өгөх үеийн цаг хугацаатай давхцуулан хуурамчаар үйлдсэн. Иймээс хуурамч актуудад Хулангийн гарын үсэг байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс техник хүлээлцсэн гэх хуурамч актад гарын үсэг зурсан этгээдүүдийг Т.Хуланг төлөөлөх эрхтэй байсан мэтээр тайлбарладаг. Хулан нь өөрийгөө төлөөлүүлэхээр өөр гуравдагч этгээдүүд итгэмжлэл өгч байгаагүй. Мөн тухайн н.Тэрбиш, н.Золгорхайрхан, н.Болдоо, н.Цэрэн гэх этгээдүүдийг танихгүй бөгөөд эдгээр хүмүүст өөрийгөө төлүүлэхээр итгэмжлэл өгч байгаагүй тул дээрх этгээдүүд нь хариуцагчийг төлөөлөх эрхгүй.

Талууд гэрээний чөлөөт байдлын хүрээнд гэрээ байгуулах эрхтэй боловч тухайн гэрээ, гэрээний нөхцөл нь хуулийн хүрээнд байх шаардлагатай. Төлөөлөл гэдэг асуудал бол иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3., 62 дугаар зүйлээс 70 дугаар зүйлд заасан зүйлээр зохицуулагддаг. Талуудын хооронд хийсэн хэлцэл нь иргэний хуульд заасны дагуу хийгдэх ёстой болохоос хууль зөрчсөн нөхцөлийг гэрээндээ тусгаж болохгүй. Хэрэв хууль зөрчсөн нөхцөл байвал хуулийг дагаж мөрддөг. Талууд хооронд хийгдсэн гэх гэрээнд тусгагдсан тухайн техник хүлээлцсэн актад гарын үсэг зурсан этгээдийг төлөөлөх бүрэн эрхтэй гэж үзнэ гэж заасан хуулийн зохицуулалттай зөрчилдөж байгаа тул ут нөхцлийг бус хуулийн зохицуулалтыг дагаж мөрдөнө. Шүүх хариуцагч талаас гаргасан гэрч асуулгах, шинжээч, томилуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд тухайн хүсэлтийг дахин гаргах боломжгүй. Шүүхийн зүгээс тухайн хүсэлтийг хүлээн авах шаардлагатай гэж үзсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасны дагуу өөрчлөлт оруулах боломжтой буюу өөрт нь уг эрх хэмжээ байсан байхад хариуцагч талыг дахин хүсэлт ёстой байсан мэтээр тайлбарлаж хариуцагчийг илэрхий буруутай мэтээр дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талаас гэрээндээ хуулийн зохицуулалтыг илэрхий зөрчсөн нөхцлийг тусгасан. Мөн түүндээ тааруулж хуурамч баримт бүрдүүлсэн байхад анхан шатны шүүх тухайн нөхцөл байдалд болон хууль хэрэглээний хувьд дүгнэлт өгөлгүй хариуцагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг илэрхий хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч "Хера экуйпмент" ХХК нь хариуцагч Т.Хуланд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг, хохиролд шүдний элэгдэл 161 500 төгрөг, сэлбэгийн үнэ 5 721 920 төгрөг, ажлын хөлс 1 759 000 төгрөг, нийтдээ 7 642 420 төгрөг гаргуулахаар  шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, түрээсийн гэрээний зүйлд гэмтэл учруулаагүй, нэхэмжилж буй хохирол бодит бус, хэрэгт авагдсан техник хүлээлцсэн актууд жинхэнэ актууд биш, мөн шүдний элэгдэл ердийн элэгдэлд хамаарах тул түрээслэгч тал хариуцах үүрэггүй гэж маргажээ.

 

"Хера экуйпмент" ХХК, Т.Хулан нар нь 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нэг талаас түрээслүүлэгч нь R300LC-9S загварын #0207, #0215 сериалтай 2 ширхэг эксковаторыг 25 хоногийн хугацаатай түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь эксковатор бүрт 20 000 000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцож Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй. /хх-19-27/

 

Гэрээний зүйлийг шилжүүлсэн, төлбөр төлсөн болон #0207 сериалтай эксковаторыг 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл, #0215 сериалтай эксковаторыг 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаагаар түрээсэлсэн үйл баримт тогтоогдсон  байна.

 

Харин зохигчид түрээсийн гэрээний зүйлийг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн эсэх, ашиглах хугацаанд түрээслэгч тал эд хөрөнгөнд хохирол учруулсан эсэхэд маргасан.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний заалтууд хууль зөрчсөн, түрээсийн зүйлийг буцааж өгөхөд Т.Хулангаас өөр этгээд гарын үсэг зурсан байгаа учраас эвдрэл, элэгдэл гарсан гэх актыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн  тайлбар үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар түрээсэлж хөлсөлж авсан эд зүйлийг буцааж өгөх үүрэг нь түрээслэгч талд байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигч өөрийн татгалзлын үндэслэлээ нотлох, нотлох баримтыг бүрдүүлэх, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь түрээсийн зүйл болох хоёр эксковаторыг түрээслэх хугацаанд техникүүдэд эвдрэл учруулаагүй, эвдрэлгүй техникүүдийг эргүүлэн өгсөн болохоо баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь дээр дурдсан Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д заасан үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн болохоо нотолж чадаагүй байна.

 

 Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн актыг няцаасан, уг актыг буруу хуурамч гэх тайлбараа нотлоогүй учраас шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд авагдсан актад заасан мэдээллийг үндэслэн элэгдэл гарсан гэж үзсэнийг буруутгах боломжгүй.

 

Ердийн элэгдэл хорогдлоос гадна гэрээгээр ямар элэгдэл хорогдлыг түрээслэгч этгээд хариуцаж болохыг тохиролцох эрхийг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн                289.1.4-т заасан учраас газартай харьцах хэсгийн элэгдэл хорогдлыг тооцохгүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.13, 4.3, 4.4, 4.7-д зааснаар гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг бүрэн бүтэн буцааж өгөх, буцааж өгөхөд түрээслэгч тал ирээгүй тохиолдолд түрээслэгчийг төлөөлж техник хүлээлцэх хуудаст гарын үсэг зурсан этгээдийг төлөөлөх эрхтэйд тооцох, ийнхүү техникийг хүлээлцэхдээ үзлэг хийж баталгаажуулах, техник гэмтэлтэй, иж бүрдэл дутуу байвал энэ тухай тэмдэглэхээр тохиролцсон байна. Энэхүү гэрээнд түрээслэгч Т.Хулан гарын үсэг зурж зөвшөөрсөн.

 

Техникийг хүлээлцсэн актад Т.Хулангийн гарын үсэг байхгүй байгаа боловч гэрээний дээрх заалтын дагуу тэр үед түрээсийн зүйлтэй ажиллаж байсан хүмүүсээр гарын үсэг зурсан байна. Үүнийг Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан төлөөллийн харилцаа, хэлцэлд төлөөлж байгаатай адилтган үзэхгүй. Түрээслэгч өөрөө байхгүй байгаа тохиолдолд техникийг хүргэж ирсэн, байгаа хүнээр зуруулах талаар талууд харилцан тохиролцсон гэрээний заалтыг хэрэгт авагдсан акт, үйлдсэн баримтуудтай харьцуулан үзвэл нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1, 289 дүгээр зүйлийн 289.1.4, 289.1.5-д зааснаар гэрээний хугацаа дуусгавар болсны дараа талууд ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож эд хөрөнгийг бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй бөгөөд хэрэв түрээсийн зүйлд хохирол учруулсан, гэрээнд заасан хэмжээнээс илүү дордуулсан, муутгасан тохиолдолд түрээслэгч нь өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй юм.

 

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд зааснаар гаргасан захирамж, тогтоолыг мөн хуулийн  124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасны дагуу илт үндэслэл муутай, техникийн алдаа гаргасан тохиолдолд шүүгч өөрөө залруулдаг  ажиллагаа юм. Өмнө нь гаргасан хүсэлт хэрэгсэхгүй болгосон захирамжаа хүчингүй болгохгүй байгаа нь хэргийн оролцогчийн хүсэлт гаргах, нотлох баримт бүрдүүлэх эрхийг хязгаарласан гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2017/00059 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

                

  ШҮҮГЧИД                       А.ОТГОНЦЭЦЭГ

                                                         

       Б.НАРМАНДАХ