Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвын Оюунчулуун |
Хэргийн индекс | 105/2016/0517/Э |
Дугаар | 104 |
Огноо | 2018-02-01 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | О.Багшбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 104
Э.А, М.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор О.Багшбаяр,
хохирогч Б.Н,
хохирогч Б.Т-ны өмгөөлөгч Б.О,
шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Т.Б,
шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ч.С, Д.Э,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 729 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн эсэргүүцэл, иргэний хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-ын гаргасан давж заалдах гомдлоор Э.А, М.М нарт холбогдох 2014250008252 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Э.А, 1984 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл 3, эх, дүүгийн хамт ............................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............................./,
Б овогт М.М, 1989 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ..........................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............................/,
1. Э.А нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг “Да хүрээ” зах дээр байсан хохирогч Б.Н-ийн эзэмшлийн “Toyota Allion” загварын, улсын дугаар гэрчилгээ аваагүй автомашиныг зарж өгнө гэж хуурч мэхлэх аргаар авч, бусдад 18.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
2. 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарын 15-ны хооронд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Да хүрээ” зах дээр хохирогч Ч.Т-аас 600.000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл, бэлэн 4.500.000 төгрөгийг зээл нэрийдлээр итгэл эвдэх аргаар авч, бусдад 5.100.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,
3. 2014 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Да хүрээ” зах дээр хохирогч З.С-ын эзэмшлийн улсын дугаар, гэрчилгээ аваагүй, цайвар цэнхэр өнгийн “Toyota crown” загварын автомашиныг “зарж өгье” гэж хуурч мэхлэх аргаар авч, бусдад 12.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
4. 2014 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Да хүрээ” зах дээр З.С-ын эзэмшлийн улсын дугаар, гэрчилгээ аваагүй цайвар цэнхэр өнгийн “Toyota crown” загварын автомашиныг Д.Э-т өөрийн автомашин гэж хэлж хуурч мэхлэн 5.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, бусдад 5.000.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,
5. 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Да хүрээ” зах дээр хохирогч Б.Т-ны эзэмшлийн 2005 онд үйлдвэрлэгдсэн “Toyota mark-X” загварын 15.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2005 онд үйлдвэрлэгдсэн “Toyota crown” загварын 16.200.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2009 онд үйлдвэрлэгдсэн “Toyota prius-30” загварын 16.150.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг, 2006 онд үйлдвэрлэгдсэн “Toyota mark X-O” загварын 15.200.000 төгрөгийн үнэ бүхий автомашинуудыг зарж өгье гэж итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авч, бусдад 62.550.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
6. М.Мтай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Б-ийн эзэмшлийн 81-82 УНЛ улсын дугаартай, “Toyota prado” загварын тээврийн хэрэгслийг ашиглан хохирогч Г.А-оос 28.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан,
1. М.М нь Э.Атай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Б-ийн эзэмшлийн 81-82 УНЛ улсын дугаартай, “Toyota prado” загварын тээврийн хэрэгслийг ашиглан хохирогч Г.А-оос 28.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, М.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Э.Аыг бусдад их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Э.Аыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Ат оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 32-34 ӨМА улсын дугаартай, бор саарал өнгийн, “Toyota mark-X” загварын автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч О.Батзоригт олгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сидиг хэргийн хамт хадгалж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Аын цагдан хоригдсон 486 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн үндэсний төв”-өөс 62.050.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Төгсчулуунд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Ааас 44.000.000 төгрөг гаргуулж Б.Нямдоржид 16.000.000 төгрөг, Г.Ариунболдод 28.000.000 төгрөг тус тус олгох, Иргэний хариуцагч “Автотээврийн үндэсний төв” нь гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Э.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолох, М.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Иргэний хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н гаргасан давж заалдах гомдолдоо: “... “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолын дагуу тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж ажилладаг. Бүртгэлийн мэргэжилтэн Б.Б, Л.О нарын буруутай үйлдлийг “... Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 326 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгон тогтоожээ...” гэж шүүхийн шийдвэрт дүгнэсэн байна.
Гэтэл нэгэнт Өршөөлийн хуулийн дагуу уг хэрэгт буруугүй гэдгийг тогтоож, тогтоол гаргасан байтал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ыг иргэний хариуцагчаар татаж 62.050.000 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус байна.
Б.Б, Л.О нар бусдад хууль бус шилжилт хөдөлгөөн хийж хохирол учруулсан гэж үзэх аваас шүүгдэгч Э.Аын иргэн Кара Э-д зарсан 2005 оны цагаан өнгийн “Toyota crown”, иргэн Шинээд зарсан 2005 оны “Toyota Mark X”, иргэн Дүүрэнбаярт зарсан 2009 оны “Toyota Prius 30”, иргэн А-д зарсан 2006 оны хар өнгийн. “Toyota Mark X”-ийг тус тус зах зээлийн үнээс 3.000.000-4.000.000 төгрөгөөр хямд зарсан худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус юм. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Аын дээрх 4 иргэнд зарсан худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийн хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй гэж үзэх үндэслэлтэй тул анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.
Гэтэл залилангийн хэрэгт хохирсон Т.Т-ы зарахаар зэхэж байсан 4 машины үнэ болох 62.050.000 төгрөгийн хохирлыг шүүхээр гаргуулж, худалдан авсан 4 иргэн тухайн автомашинаа ашиглаж байхад зөвхөн залилангийн гэмт хэрэгт өртсөн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ыг 4 машины үнийг бүтэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлтэй илэрхий зөрчилдөж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 729 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад заасан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ыг 62.050.000 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Дээд шатны прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэл болон прокурор О.Багшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс М.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.
1. М.Мын үйлдсэн гэмт хэрэг нь дараахь нотлох баримтуудаар тогтоогддог. Үүнд: Шүүгдэгч Э.А нь Б.А-оос 28.000.000 төгрөг залилж авахын тулд шүүгдэгч М.Маар “гэрч Д.Б-ийн “Toyota prado” загварын автомашиныг миний автомашин гэж хэлүүлэн мөнгийг нь буцааж өгнө гэж хэлж, 2014 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 02 цаг хүртэл дагуулж явж, учрах саадыг арилгаж, машин унаагаар үйлчилж, залилан мэхлэх гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь:
Хохирогч Г.А-ын: “... 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Да хүрээ” зах дээр миний таньдаг Э.А гэх залуу таараад “... эгчээ “Toyota prado 120” загварын автомашин хямдхан худалдаж авахгүй юм уу, 30.000.000 төгрөгөөс 28.000.000 төгрөгөнд зарчихна, мөнгөний хэрэг гараад хурдан зармаар байна...” гэхээр нь би зөвшөөрч “мөнгийг нь өгөөд нэрээ шилжүүлье” гэхэд Э.А “мөнгөний хэрэг гараад энэ машиныг “ХААН” банкинд барьцаанд тавьсан байгаа, та надад 28.000.000 төгрөгөөр иргэний үнэмлэхтэйгээ хамт өгчих, би маргааш таны нэр дээр шилжүүлээд аваад ирье” гэхээр нь зөвшөөрч Бичилийн “ХААН” банкны вип өрөөнд 28.000.000 төгрөг өгсөн. Би өөрт бэлэн байсан 12.000.000 төгрөг, хадгаламжийн данснаас 14.600.000 төгрөгийг авч өгсөн. Тэгээд 2.000.000 төгрөг дутахаар нь хүнээс зээлж Э.Ат өгсөн. Ингээд маргааш нь 5 дахь өдөр байсан ба би 12 цагийн үед Э.Атай ярихад “та санаа зоволтгүй, би машиныг шилжүүлээд орой тань руу залгая” гээд алга болсон. Намайг залгаж асуухад “эдийн засагч нь хуралтай байна, ажлын цаг тарчихлаа” гэсэн. Маргааш нь залгаад “би мөнгөө авъя, машиныг чинь авахаа болъё” гэхэд “ямар сүртэй юм бэ, би ажилтай байна” гээд утсаа авахаа больсон. Тэгээд Э.Атай Бөхийн өргөөний хажууд уулзахаар болж Э.А надад “одоо машины жинхэнэ эзэн ирнэ, та уулзаадах” гэж хэлсэн. 1 цагийн дараа машины эзэн М.М гэх залуу ирээд надад хандан “та юундаа сандраад байгаа юм бэ, би Э.Ааас мөнгөө авчихсан” гэхээр нь “мөнгөө авъя, машиныг чинь худалдаж авахаа больчихлоо” гэх хэлэхэд М.М “би 1 дэх өдөр шилжүүлээд өгье” гэхээр нь цагдаад дуудлага өгсөн. ... М.М энэ хүнд зарсан “Toyota prado” загварын автомашин миний эзэмшлийн машин байгаа юм, би Э.Ааас 28.000.000 төгрөг тоолоод авчихсан, энэ эгчид нэрийг нь шилжүүлээд өгчихнө гэж хэлсэн. Э.А “та тайван бай, би танд 5 машины гаалийн бичиг баримт барьцаанд өгье” гэхээр нь зөвшөөрч “Да хүрээ” зах дээр Э.Аыг дагаж очоод 5 машины гаалийн бичиг гэх бичгийг авсан. Маргааш нь машин зардаг хүмүүст уг бичгийг үзүүлтэл “гаалийн цацраг идэвхийн бодисгүй” гэсэн тодорхойлолт байна гэж хэлсэн. Тэгээд орой нь над руу 88977780 дугаарын утаснаас залгаад “би машины гэрчилгээ шилжүүлэх хүн нь байна, маргааш өглөө Баянцээлийн “ХААН” банкин дээр очоод машины нэрийг шилжүүлээд өгье” гээд маргааш нь уулзахаар болоход ирээгүй. Э.А луу залгахад “та ХААН банкны эдийн засагч Э гэдэг хүнтэй уулзчих” гэж хэлсэн. Эрдэнэхуяг нь “наад машин чинь Б гэх хүний машин, манайд барьцаанд байгаа” гээд Б-ийн утсыг өгсөн. Батчимэгтэй утсаар ярихад “би наад машиныг чинь Э.Ат заруулах гэж өгсөн, би Э.Ааас мөнгөө авчихсан” гэсэн. Би Э.Ааас 28.000.000 төгрөгөө авмаар байна, уг машины эзэн нь Б гэх хүн байдаг” гэх мэдүүлэг, /1хх-55-56, 2хх-22/,
Гэрч Д.Б-ийн “... Э.А “Да хүрээ” зах дээр машин зардаг юм, би 8 хувийн байрны зээлэнд хамрагдах гэтэл банкнаас автомашиныхаа лизинг барагдуулахгүй бол болохгүй гээд “ХААН” банкнаас лизингээр авсан, 81-82 УНЛ улсын дугаартай, “Toyota prado 120” загварын автомашины зээлийн үлдэгдэл 36.000.000 төгрөгийг Одончимэг, Жавхлантөгс хоёроос авч төлсөн юм. Гэтэл 2014 оны 12 дугаар сард О мөнгөө нэхэхээр нь машинаа зарж төлөхөөр болсон. Тэгээд Э.Ат машинаа зараад өг гээд 12 дугаар сарын 7-ны өдөр өгсөн. 12 дугаар сарын 10-ны өдөр Э.А залгаад “танд 37.000.000 төгрөг өгчихөд болох юм уу, болно гэвэл энэ 7 хоногийн сүүлээр болчихно гэж ойлгоорой” гэж мессеж бичсэн. Тэгээд машиныг чинь зээлээр өгөх болсон шүү, гэж хэлж байсан. Дараа нь “та машинаа зээлгүй гэсэн бичиг аваад өг” гэсэн. Намайг эдийн засагч руу залгахад “хуралтай байна, 1 дэх өдөр ирээд авчих” гэж байсан. Тэгсэн 12 дугаар сарын 15-ны өдөр нэг эмэгтэй залгаад “би банкин дээр байна, нэрээ шилжүүлнэ гэсэн яасан бэ” гэж ярьсан. Би түүнд хөдөө явж байна, өөртэй чинь машиныхаа нэрийг шилжүүлнэ гэж яриагүй” гэхэд эдийн засагчтай ярь гэсэн. Намайг “наад хүндээ автомашиныхаа зээлийг төлж дууссан, нэрийг нь шилжүүлж өгнө үү” гэсэн бичиг хийгээд өгчих гэхэд эдийн засагч “таниас өөр хүнд тийм бичиг хийж болохгүй” гэж хэлсэн. Э.А 12 дугаар сарын 15-ны шөнө “наад хүндээ машиныхаа нэрийг битгий шилжүүлээрэй, мөнгөө дутуу өгсөн шүү” гэж хэлсэн. Маргааш нь нөгөө эмэгтэй залгаад “би машиныг чинь авсан хүн байна, хэд хоног хүлээх вэ, олон хоног хүлээлээ” гээд нэг эрэгтэй хүн яриад “та нар залилан хийгээд байх шиг байна, яг юу болсон юм яриадах” гэхэд нь Э.Ат машинаа заруулахаар өгсөн талаараа ярьсан. Э.А надад “таны машиныг зээлээр авч байгаа юм” гэж хэлсэн болохоор тэр хүмүүсийг зээлээр авч байгаа гэж бодсон. Тэр хүмүүсээс “Э.Ат хэдэн төгрөг өгсөн бэ” гэж асуухад “28.000.000 төгрөг өгсөн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-60-61/,
Шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг “М.М нь Э.Атай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Б-ийн эзэмшлийн, 81-82 УНЛ улсын дугаартай, “Toyota prado” загварын тээврийн хэрэгслийг ашиглан хохирогч Г.А-оос 28.000.000 төгрөг хуурч мэхлэх аргаар залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч уг гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна” гэжээ. Дээрх дүгнэлтээс үзэхэд шүүх М.Мт холбогдох хэрэгт прокуророос түүнийг ялласан нотлох баримтуудыг хэрхэн, ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаагаа тодорхой заагаагүй, мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж хуульчилсан байна. Гэтэл шүүгдэгч Э.А нь 2014 онд нийт 6 удаагийн үйлдлээр, 6 хохирогчоос, 6 автомашин, 50.100.000 төгрөг, нийт 130.650.000 төгрөгийн эд хөрөнгийг хууль бусаар залилж авсан бөгөөд дээрх гэмт хэрэг нь тус тусдаа төгссөн, тус тусдаа гэмт хэрэг үйлдэх субъектив санаа зорилго үүссэн, тус тусдаа хохирогчтой, өөр өөр нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг байхад шүүх хэргийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэж, ял халдаасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ, төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцна” гэж зааснаар Б.Баярсайхан Л.Оюунтунгалаг нарын бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг “Авто тээврийн үндэсний төв” хариуцах үндэслэлтэй байна” гэжээ. Гэтэл “Автотээврийн үндэсний төв”-ийн мэргэжилтэн Б.Б, Л.О нар нь шүүгдэгч Э.Аын гуйлтаар хохирогч Б.Т-ы 4 автомашиныг шилжүүлэн өгч, ажиллах журмаа зөрчсөн хэдий ч шүүгдэгч Э.Ааас шилжүүлж өгснийхөө төлөө тодорхой хэмжээний мөнгө аваагүй, Б.Т-нд шууд учруулсан хохиролгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс хохирлыг нөхөн төлүүлэх ёстой байтал хохирлыг “Автотээврийн үндэсний төв”-өөс гаргуулсан нь үндэслэлгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 729 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэв.
Хохирогч Д.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э.А нь энэ олон хүмүүсийг анхнаасаа хуурч мэхлэх санаа зорилготой байсан нь илт харагддаг. Би анхан шатны шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Э.Ат 3 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол гарсан байсан. Би гомдолтой байна. Э.Ат холбогдох хэрэг 2014 оноос эхэлж одоо 4 дэх жилдээ орсон явж байна. Гэтэл 3 жилийн хорих ял оногдуулсан нь түүний гэм буруу, үйлдсэн хэрэгт нь тохироогүй гэж үзэж байна. Тэрээр гадуур байх хугацаандаа надтай нэг ч удаа уулзаж, холбоо бариагүй, гомдол барагдуулах талаар огт ярьж байгаагүй. Тэгээд энэ олон хүний мөнгийг залилчихаад гадагшаа гарч оргон зайлсан зэргийг нь харгалзан үзэж Э.Ат тохирсон ял шийтгэл оногдуулж өгнө үү ...” гэв.
Хохирогч Б.Т-ы өмгөөлөгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э.Аын Б.Т-аас залилсан 4 машин нь түүний амьдралын эх үүсвэр болсон, 3 хүүхэд, эхнэрээ тэжээдэг машин байсан. Одоо банкны зээл аваад, тэр зээлээ төлж чадахгүй их хэцүү байдалтай байгаа. Яагаад “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ыг иргэний хариуцагчаар татсан бэ гэвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тухайн байгууллагын 2 ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас Э.Аын залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэх нөхцөл бий болсон гэж үзээд иргэний хариуцагчаар татах шаардлагатай гээд буцааж байсан. Б.Б, Л.О нар нь төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байхдаа хохирогчийн эрхэнд халдсан үйлдэл гаргаж, албан үүрэгтээ хайнга хандсан учраас 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 59 дүгээр тушаалаар Автотээврийн шилжилт хөдөлгөөн хийхэд автомашин шилжүүлэх этгээд өөрийн биеэр байх ёстой гэсэн 3.3 дахь заалтыг зөрчөөд, хохирогч Б.Т-д хохирол учруулсан буруутай үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн боловч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан. Б.Б, Л.О нар нь гэм буруутай үйлдэл хийснээ өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Гэтэл “Автотээврийн үндэсний төв”-ийн өмгөөлөгч Б.Б, Л.О нарыг буруугүй гэдгийг тогтоохоор гомдол гаргасан байгаа. Өршөөл үзүүлэх тухай хуулиар гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөг боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хохирлоос чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Тэгэхээр нь хүмүүсийн буруутай үйлдэл нь Өршөөлийн хуульд хамрагдсан болохоос биш хохирлоос чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. Мөн Б.Б, Л.О нарын үйлдэл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсэгт зааснаар “Төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол гэм хорыг түүний ажиллаж байсан хуулийн этгээд, төр хариуцан арилгана” гэсэн хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх зөв хэрэглэж, хэргийг зөв шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Б.Т-ны хувьд Э.Ааас 4 жилийн хугацаанд хохирлоо авч чадаагүй, хэрэг нь шийдэгдэхгүй, маш олон удаа мөрдөн байцаалтад буцсан зэрэг нөхцөл байдлуудын улмаас маш их хохирсон байгаа. Харин “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь ажилтнаа хариуцлагатайгаар сонгож, ажлыг нь хянах, шаардлагатай тохиолдолд бусдад гэм хор учруулах өндөр эрсдэлтэй ажил мэргэжлийн хувьд тухайн ажилчдаа байнгын хянах, зөв зохион байгуулах үүрэгтэй юм. Иймд тухайн төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас иргэд хохирох ёсгүй бөгөөд хэрэв Б.Т-ыг өөрийн биеэр нь байлгаж, автомашиныг шилжүүлсэн бол цаашид Э.А залилах гэмт хэрэг үйлдэх боломж нөхцөл бүрдэхгүй байсан юм. Ийм учраас энэ үйлдлийн үр дагавараас болж Б.Төгсчулуунд 62.000.000 төгрөгийн хохирол учирсан. Улсын дээд шүүхийн тогтоолд төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа, иргэдийн эрхийг хөндсөн үр дагаварыг төр хариуцах талаар заалт ч байгаа юм. Иймд Б.Т-д холбогдох хохирлыг “Автотээврийн үндэсний төв” хариуцан арилгах нь зүйтэй юм. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг хэрэглэх ёстой гэж иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ заалтуудыг иргэний эрх зүйн хэлцэл үүсэж, эрүүгийн гэмт хэрэг үйлдэх хэлбэр болгосон бол шүүх хэрэглэхээр заасан. Тэгэхээр Л.О, Б.Б, Б.Т нарын хооронд ямар нэгэн иргэний эрх зүйн хэлцэл байхгүй. Иймд анхан шатны шүүх дээрх заалтуудыг хэрэглэх үндэслэл байхгүй. Гэмт хэргийн улмаас гэм хор үүсэх үүргийн хариуцлага тооцох зүйл заалтыг зөв хэрэглэсэн. Мөн “Автотээврийн үндэсний төв” нь Иргэний хуулийн 513 дугаар зүйлд заасан тухайн гэм буруутай этгээдүүдээс иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Иймд анхан шатны шүүх Б.Т-д учирсан хохирлыг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн зүгээс “энэ хэрэг шийдэгдэхгүй удаж байна, миний хохирлыг яаралтай барагдуулчихвал Э.Ат оногдуулсан ял дээр маргах зүйлгүй” гэдгээ хэлсэн. Тэрээр хохирлоо яаралтай авч, банкны өр зээлээс гарах шаардлагатай байгаа. Э.Ат оногдуулсан ялын хувьд бидний зүгээс гомдол саналгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Э.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ хугацаанд их зүйл ухаарч ойлгож байна. Бүх хохирогч нараас уучлалт гуймаар байна. Би хурдан гарч хохирол төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Мөн ямар ч гэм буруугүй дүү М.Мыг өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж олон жил шүүх, цагдаагаар явуулсандаа харамсаж байна ...” гэв.
Шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч Ч.С, Д.Э нараас тус шүүх хуралдаанд хамтран гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч нарын зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад “Иргэний хариуцагч Автотээврийн үндэсний төв нь гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жичдээ нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж” шийдвэрлэсэн тул иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Өршөөлийн хуульд хамрагдсан нь тухайн этгээдүүд гэм буруутай гэсэн үг ба буруутай этгээд нь хохирлоос чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж хуульд заасан байгаа. Иймд Б.Б, Л.О нарын үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамрагдаж байгаа. Гэхдээ энэ нь хохирлоос болон хохирлоо бусдад төлөх үүргээс чөлөөлөгдөж байгаа гэсэн үг биш юм. Улсын яллагчийн зүгээс Э.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа тус бүрт нь ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэсэн заалтыг баримталсангүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Харин анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Э.Аыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн. Гэхдээ Э.Аын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 1 гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж тодорхой заасан. Э.А нь 2015 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд буюу 2 сарын хугацаанд үйлдсэн үргэлжилсэн үйлдэл байдаг ба үүнийг анхан шатны шүүхээс үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Хохирогч Б.Н-ийн зүгээс ял хөнгөдсөн гэх тайлбар хэлж байгаа боловч энэ талаар гомдол гаргаагүй тул энэ нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхээс Э.Ат ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийн байдал, мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээж, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байсан зэргийг харгалзан үзэж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Улсын яллагчийн эсэргүүцэлд дурдагдсан М.Мт холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна, үүнийг няцаасан дүгнэлт анхан шатны шүүх хийгээгүй гэж тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 16, 17 дугаар талд анхан шатны шүүх ямар үндэслэлээр, ямар нотлох баримтын хүрээнд М.Мт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон талаар маш тодорхой дурдсан байгаа. М.Мыг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Э.Атай хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт машин зарж борлуулах үед нь цуг байсан гэдэг боловч хэрэгт авагдсан камерын бичлэг дээр М.М тухайн мөнгийг өгч, авахад хамт байгаагүй байдаг. Мөн хохирогч Ариунболдын анх цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөл дээр М.Мыг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хамт байгаагүй талаар мэдүүлэг өгсөн байдаг. Прокуророос 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр М.М хохирогчийг дагуулж явсан гэж байна. Тэрээр дагуулж явсан зүйл байдаггүй. Цагдаад очъё гэхээр нь цагдаа дээр хамт очоод А нь ямар нэгэн гомдол санал гаргаагүй, машинаа авмаар байна, нэрийг нь шилжүүлж өг гэдэг шаардлага тавьсан байдаг. Ингээд М.М ганцаараа машинтай явж байгаад хүүхдийн бие өвдөөд байна гээд явсан байдаг. Үүнийг хэн аль нь шүүх хуралдаанд хэлсэн байгаа. Улсын яллагчийн зүгээс он сар өдрийг зөрүүтэй хэлж байна. Ариунболдыг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл дагуулж явсан байна гэж байхгүй. Харин 13-ны өдрийн шөнө дагуулж явсан үйлдэл байдаг. Гэхдээ хамт явахдаа 12 цаг хүртэл цагдаагийн газар, Сансарын тунел хүртэл хамт явснаа хэлдэг. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд М.Мын үйлдлийг ямар нотлох баримтаар нотлогдож байгаа талаар ярихдаа зөвхөн А-ын зөрүүтэй мэдүүлгүүдийг ярьдаг. Гэтэл энэ хэрэгт М.Мын гэм буруугүй талаар маш олон нотлох баримтууд байдаг. Жишээлбэл, гэрч Б-ийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл байдаг. Уг өргөдөлд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ариунболд гэх хүн надтай холбогдож ярьсан. Би машиныхаа нэрийг шилжүүлж авмаар байна гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр М.М Ариунболдтой уулзахаас өмнө А нь энэ машины жинхэнэ өмчлөгч нь Батчимэг гэдгийг мэдсэн байсан. Мөн хохирогч Д нь анхан шатны шүүх хуралдаанд удаа дараа орохдоо 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр би М.Мтай уулзаагүй, 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр л уулзсан гэж мэдүүлдэг. Мөн шүүгдэгч Э.А анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр удаа дараа мэдүүлэг өгөхдөө Ариунболдоос авсан 28.000.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баярхүү гэх хүнд зээлээ төлөхөөр өгсөн гэдгээ хэлсэн. Гэтэл энэ талаар 2016 онд болсон шүүх хуралдаан дээр мэдүүлсээр байтал М.Мыг энэ хэрэгт холбоотой эсэх, мөнгө нь хаана байгаа талаар тогтоох боломж байсан. Гэтэл энэ талаар прокуророос ямар ч ажиллагаа хийгээгүй. Мөн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2 албан тушаалтны үйлдэл нь Захиргааны зөрчлийн шинжтэй үйлдэл юм. Э.Аыг шилжүүлж өгөөч гэсэн гуйлтын дагуу автомашинуудыг шилжүүлсэн нь гэмт хэрэг биш юм гэдэг атлаа Э.Аын гуйлтаар миний машин юм гэж хэлсэн М.Мын үйлдэл гэмт хэрэг юм гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, Автотээврийн үндэсний төвийн ажилчдын буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учирсан, харин М.Мын үйлдлийн улмаас бусдад хохирол учирсан зүйл байдаггүй. М.Мыг тэгж хэлэхээс өмнө залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгдээд дуусчихсан байдаг. Хохирогч А-оос “хэрвээ М.М 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр надтай уулзаад энэ миний машин юм гэж хэлээгүй байсан бол та тухайн хүнээс хохирлоо барагдуулж авах боломжтой байсан юм уу эсхүл та тухайн өдөр М.Мтай уулзаагүй байсан бол энэ залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгдэхгүй байсан юм уу” гэж асуухаар “үгүй, энэ үед надад 28.000.000 төгрөг өгөөд, үйлдэгдээд дууссан байсан” гэж хэлдэг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар М.Мт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг. Тэгэхээр прокурорын эсэргүүцэлд дурдсан анхан шатны шүүх М.Мын үйлдэл холбогдлыг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосноо дурдаагүй гэсэн нь үндэслэлгүй байна. Анх 2015 оны 8 дугаар сард мөрдөн байцаагч М.Мт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан. Үүний дагуу хяналтын прокурор Энхболд хэрэгсэхгүй болгосон. Өнөөдрийн байдлаар анхан шатны шүүхээс 2 удаа М.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2016 оны 12 дугаар сард мөрдөн байцаагч мөн л хэрэгсэхгүй болгох санал гаргаж байсан. Иймээс 2015 оны 8 дугаар сараас хойш М.Мыг гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар ямар ч ажиллагаа хийгээгүй. Зөвхөн улсын яллагч болон дүүргийн прокурор нарын зөрүүтэй тайлбарууд байдаг. Нэг нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хамт байж байгаад залилсан мэтээр бичээд нөгөө нь 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хамжигчаар оролцоод залилсан гэдэг. Гэтэл М.Мт хамжигчаар оролцож, бүлэглэн гүйцэтгэсэн зүйл байхгүй. Гэтэл улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн гүйцэтгэсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэрнээ, шүүх хуралдаан дээр хамжигчаар оролцож, учрах саадыг арилгасан мэтээр яриад байдаг. Гэтэл энэ хэрэгт ямар учрах саад байсан юм бэ. Учрах саад нь аль хэдийн болоод, мөнгөө авч, өгөлцөөд, хэрэг үйлдэгдээд дуусчихсан байсан. Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Э.А нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг “Да хүрээ” зах дээр байсан хохирогч Б.Н-ийн эзэмшлийн “Toyota Allion” загварын, улсын дугаар гэрчилгээ аваагүй автомашиныг зарж өгнө гэж хуурч мэхлэх аргаар авч, бусдад 18.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарын 15-ны хооронд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Да хүрээ” зах дээр хохирогч Ч.Т-аас 600.000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл, бэлэн 4.500.000 төгрөгийг зээл нэрийдлээр итгэл эвдэх аргаар авч, бусдад 5.100.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,
2014 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Да хүрээ” зах дээр хохирогч З.С-ын эзэмшлийн улсын дугаар, гэрчилгээ аваагүй, цайвар цэнхэр өнгийн “Toyota crown” загварын автомашиныг “зарж өгье” гэж хуурч мэхлэх аргаар авч, бусдад 12.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
2014 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Да хүрээ” зах дээр З.С-ын эзэмшлийн улсын дугаар, гэрчилгээ аваагүй цайвар цэнхэр өнгийн “Toyota crown” загварын автомашиныг Д.Э-т өөрийн автомашин гэж хэлж хуурч мэхлэн 5.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, бусдад 5.000.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,
2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Да хүрээ” зах дээр хохирогч Б.Т-ы эзэмшлийн 2005 онд үйлдвэрлэгдсэн “Toyota mark-X” загварын 15.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2005 онд үйлдвэрлэгдсэн “Toyota crown” загварын 16.200.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2009 онд үйлдвэрлэгдсэн “Toyota prius-30” загварын 16.150.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг, 2006 онд үйлдвэрлэгдсэн “Toyota mark X-O” загварын 15.200.000 төгрөгийн үнэ бүхий автомашинуудыг зарж өгье гэж итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авч, бусдад 62.550.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Б-ийн эзэмшлийн 81-82 УНЛ улсын дугаартай, “Toyota prado” загварын тээврийн хэрэгслийг ашиглан хохирогч Г.А-оос 28.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Т-ны “... 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр би Солонгос явах гээд Э.Атай уулзахад надад “Toyota crown”, “Toyota Mark X” загварын хоёр машиныг чинь хүн лизингээр авахаар болсон учраас гаражид тавьсан байгаа” гэж хэлээд 2 машины лизингийн урьдчилгаа гээд надад 500.000 төгрөг өгсөн. Тэгээд Солонгос яваад ирэхэд Э.А “лизинг нь бүтэхгүй байгаа, хүмүүс нь хөөцөлдөөд яваад байгаа” гэж хэлсэн. Миний цаанаас захиалсан, гааль дээр буусан машин болох “Toyota Prius 30”, “Toyota Mark X” загварын машиныг янзлаад, зогсоол дээр аваачиж тавьсан. 2014 оны 11 дүгээрс арын 24-ний өдөр Солонгост ирээд байж байтал манай охин өвдөөд би эмнэлэгт сахиж байсан. Тэгээд Э.Атай утсаар яриад “машин тэрэг юу болж байна” гэхэд “банкинд таньдаг эдийн засагчдаа өгсөн, удахгүй байх” гэхээр нь би “надад утсыг нь өг” гээд утсаар ярихад “удахгүй машины зээл гаргана” гэж хэлсэн. 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Э.А миний машиныг бүгдийг нь зарж, өөр хүний нэр дээр шилжүүлээд өөрөө зугтаагаад алга болсон. Би Э.Аыг намайг байхгүйд яаж өөр хүний нэр дээр шилжүүлснийг мэдэхгүй байна. Уг нь би өөрөө иргэний үнэмлэхтэйгээ байсан тохиолдолд миний машин өөр хүний нэр дээр шилждэг. Э.А манай зогсоолын хажуу талын зогсоол дээр машин зардаг тул би итгээд орж ирсэн 4 машины гаалийн бичгийг өгөөд явсан. Гэхдээ би байхгүй тохиолдолд яагаад ч шилжихгүй юм. Тэгтэл Э.А “Автотээврийн үндэсний төв”-д таньдаг хүнээрээ машинуудыг шилжүүлсэн байсан. Э.А нь нийт 70.000.000 төгрөгийн 4 машин зараад зугтаагаад алга болсон...” /1хх-44-45/,
Хохирогч З.С-ийн “... 2014 оны 11 дүгээр сарын эхээр Э.А гэх таньдаг залуу ирээд “С ахаа, машиныг чинь зараад өгье, 2005 оны “Toyota cronw” загварын автомашиныг чинь зараад өгөх үү” гэхээр нь би гаалийн бичгийг нь Э.Ат өгөөд, Япон техникийн пасспортыг нь өөртөө авч үлдээд, цайвар өнгийн, “Toyota crown” загварын, дугаар аваагүй автомашиныг өгч явуулсан. Тэгээд 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би “Да хүрээ” зах дээр Э.Ааас машинаа асуухаар очтол Э.А нь хүмүүсийн автомашиныг залилаад гадагшаа гарсан гэж хүмүүс ярьж байсан...” /1хх-47/,
Хохирогч Б.Н-ийн “... 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр би гаалийн бичигтэй, орж ирсэн, номер аваагүй, “Toyota Allion” загварын, цагаан өнгийн автомашинаа зарах гэж “Да хүрээ” зах дээр таньдаг Ганбаяр гэх хүн дээр тавиулсан. Тэгээд 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр очиход Э.А гэх залуу машин дотор сууж байсан. Тэгэхээр нь би миний машин зарагдаж байна уу гэхэд “зарагдахгүй байна” гэхээр нь “би машинаа авчих уу” гэхэд Э.А “яах юм бэ, таньд би 5.000.000 төгрөг өгөөд, та миний нэр дээр машинаа шилжүүлчих, шинэ жилээр би унаж байгаад зарна, үлдэгдэл 13.000.000 төгрөгийг 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр өгье” гэсэн. Маргааш нь Э.А над руу 3 удаа залгасан байсан ба утсаа автал “та машинаа зарах хэвээрээ юу, Автотээврийн газар хүрээд ир” гэхээр нь очоод уулзахад 5.000.000 төгрөг яг одоо байхгүй, та яваад машинаа миний нэр дээр шилжүүлээд дугаар авчих” гээд иргэний лавлагаагаа өгөхөөр нь шилжүүлчихээд Э.А луу ярьтал дүүргийн энд нотариат байна, та хүрээд ир гэхээр нь очтол надад 2.000.000 төгрөг байна, энийг авч бай, орой 2.000.000 төгрөг өгнө, үлдсэн 14.000.000 төгрөгийг 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр өгнө гэж гэрээ хийсэн. Тэр өдрөөс хойш Э.А алга болсон. Би Э.Ат машинаа 18.000.000 төгрөгөөр бодож өгөөд 2.000.000 төгрөгийг бэлнээр аваад одоо 16.000.000 төгрөг авч чадаагүй байна. Одоо миний машиныг өөр хүн унаад явж байна лээ, өөр хүнд зарсан юм шиг байсан. таньдаг Ганбаяр ахтай утсаар ярьтал “Э.А баахан хүмүүсийн машин залилаад алга болсон байна” гэж хэлсэн...” /1хх-48-49/,
Хохирогч О.Б-ийн “... Би 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Да хүрээ” зах дээр машин үзэж яваад бор саарал өнгийн, 2006 онд үйлдвэрлэгдсэн, “Toyota Mark X” загварын, Монголд яваагүй автомашиныг нэг залуугаас 16.000.000 төгрөг гэж байхаар нь доош нь буулгаад 15.500.000 төгрөг бэлнээр тоолж өгөөд авсан. Э.А гэх залуу утсаар яриад миний машинд номер авч өгсөн. Би машиндаа 32-24 ӨМА гэсэн улсын дугаар авсан...” /1хх-51/,
Хохирогч Ч.Т-ын “... Би “Да хүрээ” зах дээр сэлбэг зардаг. Манай хажуу талд 3 жил Э.А гэх залуу зогсдог байсан. Тэр залуу 2014 оны 11 дүгээр сарын дундуур “түрээс нэхэгдээд байна, маргааш өгнө” гээд надаас хүүгүй 1.800.000 төгрөг авсан. Дараа нь Э.А “банкны барьцаанд хийгээд, эргүүлээд, буцаагаад авна” гээд надаас 3.000.000 төгрөг аваад буцаагаад 1.800.000 төгрөгөө өгөөд 3.000.000 төгрөг үлдсэн. Тэгээд 2014 оны 12 дугаар сард зээлээр 600.000 төгрөгийн машины сэлбэг авсан. Дараа нь Э.А 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөг зээлээр авсан. Нийт 5.100.000 төгрөг авсан. Тэгтэл Э.А хүмүүсээс баахан мөнгө зээлээд алга болсон байсан...” /1хх-53/,
Хохирогч Г.А-ын “...2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Да хүрээ” зах дээр миний таньдаг Э.А гэх залуу таараад “... эгчээ “Toyota prado 120” загварын автомашин хямдхан худалдаж авахгүй юм уу, 30.000.000 төгрөгөөс 28.000.000 төгрөгөнд зарчихна, мөнгөний хэрэг гараад хурдан зармаар байна...” гэхээр нь би зөвшөөрч “мөнгийг нь өгөөд нэрээ шилжүүлье” гэхэд Э.А “мөнгөний хэрэг гараад энэ машиныг Хаан банкинд барьцаанд тавьсан байгаа, та надад 28.000.000 төгрөгөө иргэний үнэмлэхтэйгээ хамт өгчих, би маргааш таны нэр дээр шилжүүлээд аваад ирье” гэхээр нь зөвшөөрч Бичилийн “ХААН” банкны вип өрөөнд 28.000.000 төгрөг өгсөн. Би өөрт бэлэн байсан 12.000.000 төгрөг, хадгаламжийн данснаас 14.600.000 төгрөгийг авч өгсөн. Тэгээд 2.000.000 төгрөг дутахаар нь хүнээс зээлж Э.Ат өгсөн. Ингээд маргааш нь 5 дахь өдөр байсан ба би 12 цагийн үед Э.Атай ярихад “та санаа зоволтгүй, би машиныг шилжүүлээд орой тань руу залгая” гээд алга болсон. Намайг залгаж асуухад “эдийн засагч нь хуралтай байна, ажлын цаг тарчихлаа” гэсэн. Маргааш нь залгаад “би мөнгөө авъя, машиныг чинь авахаа болъё” гэхэд “ямар сүртэй юм бэ, би ажилтай байна” гээд утсаа авахаа больсон. Тэгээд Э.Атай Бөхийн өргөөний хажууд уулзахаар болж Э.А надад “одоо машины жинхэнэ эзэн ирнэ, та уулзаадах” гэж хэлсэн. 1 цагийн дараа машины эзэн М.М гэх залуу ирээд надад хандан “та юундаа сандраад байгаа юм бэ, би Э.Ааас мөнгөө авчихсан” гэхээр нь “мөнгөө авъя, машиныг чинь худалдаж авахаа больчихлоо” гэх хэлэхэд М.М “би 1 дэх өдөр шилжүүлээд өгье” гэхээр нь цагдаад дуудлага өгсөн. ... М.М энэ хүнд зарсан “Toyota prado” загварын автомашин миний эзэмшлийн машин байгаа юм, би Э.Ааас 28.000.000 төгрөг тоолоод авчихсан, энэ эгчид нэрийг нь шилжүүлээд өгчихнө гэж хэлсэн. Э.А “та тайван бай, би танд 5 машины гаалийн бичиг баримт барьцаанд өгье” гэхээр нь зөвшөөрч “Да хүрээ” зах дээр Э.Аыг дагаж очоод 5 машины гаалийн гэх бичгийг авсан. Маргааш нь машин зардаг хүмүүст уг бичгийг үзүүлтэл “гаалийн цацраг идэвхийн бодисгүй” гэсэн тодорхойлолт байна гэж хэлсэн. Тэгээд орой нь над руу 88977780 дугаарын утаснаас залгаад “би машины гэрчилгээ шилжүүлэх хүн нь байна, маргааш өглөө Баянцээлийн “ХААН” банкин дээр очоод машины нэрийг шилжүүлээд өгье” гээд маргааш нь уулзахаар болоход ирээгүй. Э.А луу залгахад “та ХААН банкны эдийн засагч Э гэдэг хүнтэй уулзчих” гэж хэлсэн. Э нь “наад машин чинь Б гэх хүний машин, манайд барьцаанд байгаа” гээд Батчимэгийн утсыг өгсөн. Б-тэй утсаар ярихад “би наад машиныг чинь Э.Ат заруулах гэж өгсөн, би Э.Ааас мөнгөө авчихсан” гэсэн. Би Э.Ааас 28.000.000 төгрөгөө авмаар байна...” /1хх-55-56/,
Хохирогч Д.Э-ын “... Би 2014 оны 11 дүгээр сарын дундуур байх яг он, сар, өдрийг нь санахгүй байна. “Да хүрээ” зах дээр хүний машин зардаг, таньдаг залуу Э.А ирээд “Э ахаа 10.000.000 төгрөг хүүтэй зээлээч, гааль дээр хямдхан машин авах гэсэн юм гэхээр нь би “10.000.000 төгрөг надад байхгүй, барьцаатай бол 5.000.000 төгрөг зээлж болно” гэхэд Э.А “би мөнгийг чинь хүүтэй авна, 7 хоногийн дотор 500.000 төгрөгийн хүү өгнө” гэж хэлээд, мөнгөлөг усан цэнхэр өнгийн 2005 онд үйлдвэрлэсэн, Монголд орж ирээд номер аваагүй, “Toyota zero crown” байсан. Уг машиныг би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Шинэ үе хотхоны доод гаражид хадгалсан. Машин авсан өдрөө “ХААН” банкнаас өөрийн данснаас 5.000.000 төгрөг бэлнээр аваад Э.Ат өгсөн. Тэгээд надад мөнгө өгөх хугацаа болохоор нь залгахад дахин 7 хоног сунгаач гэхээр нь дахин 7 хоног сунгаад, өгөхгүй болохоор нь Э.Атай очиж уулзахад хүүг нь нэмээд өгнө, танд миний барьцаа байгаа тул санаа зоволтгүй гэхээр нь би итгэсэн. Дахин 7 хоногийн дараа Э.А луу залгахад утас нь холбогдохгүй, ажил дээр нь очиход Э.А байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, хүмүүс залилаад, гадаад гараад явсан сурагтай байсан. Тэгтэл уг машиныг Э.А нь С гэх хүнээс зарж өгнө гэж аваад надад барьцаанд тавьсныг би мэдээгүй авсан юм...” /1хх-58/,
Иргэний нэхэмжлэгч А.Б-ийн: “... Анх уг автомашиныг барьцаанд авахад Г.Ариунсувдын нэр дээр байсан ба Ариунсувд манай байгуллагад 40.000.000 төгрөгийн зээлтэй байж байгаад барьцаа хөрөнгөө өөрчлүүлнэ гээд 74-40 УБҮ улсын дугаартай, “Тoyota Crown” загварын автомашиныг тавьсан. Анх “Mitsubishi Oatlander” гээд дунд гарын жип барьцаанд тавьсан байж байгаад уг автомашинаа дээрх машинаар өөрчлүүлсэн. Одоо уг машин 38.000.000 төгрөгийн барьцаанд байгаа. Зээлийг төлж дуустал 74-40 УБҮ улсын дугаартай, “Тoyota Crown” загварын автомашин манай компаний өмч юм. Зээлийг бүрэн төлж дууссаны дараа Ариунсувдын нэр дээр шилжүүлнэ...” /2хх-126-127/,
Иргэний нэхэмжлэгч П.С-ын: “... 54-20 УБА улсын дугаартай, “Тoyota Мark Х” загварын автомашиныг 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Да Хүрээ” зах дээрээс С гэх залуугаас 14.000.000 төгрөгөөр худалдаж аваад өөрийн нэр дээр шилжүүлсэн. Уг автомашин нь урьд нь дугаар авсан, унаж байсан машин байсан. Одоо миний өмчлөлд байгаа. Уг машиныг би хүнд зарах гээд өгсөн ба нэрийг нь шилжүүлж өгөөгүй...” /2хх-146/,
Иргэний нэхэмжлэгч Х.Б-ын: “... Би 2015 оны 1 дүгээр сарын сүүлээр 2007 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, “Тoyota Аllion” загварын, 46-75 УБА улсын дугаартай автомашины 14.700.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг автомашиныг интернетээр зарна гэсэн зар тавьсан байхаар нь Нисэхийн ойролцоо уулзаад худалдаж авсан. Автомашин зарсан хүнийг би танихгүй. Надад машинаа зарсан хүн байрны зөрүүнд авсан гэж байсан...” /2хх-182/,
Иргэний хариуцагч Т.М-ийн: “... Манай хоёр ажилтны буруугаас болж иргэний машиныг бусдад хууль бусаар шилжүүлж хохирол учруулсан залилангийн гэмт хэрэг гарсныг ойлгож мэдлээ. Энэ хэргийг талаар ер нь бол мэднэ, одоогоос хоёр жилийн өмнө манайд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Л.О, одоо манайд ажиллаж байгаа Б.Б нар албандаа хайнга хандсан асуудлаар шалгагдаж эхэлсэн юм...” /3хх-215/,
Гэрч Х.Г-ийн “... 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эхнэр А бид хоёр “Да хүрээ” захаас сувдан цагаан өнгийн, “Toyota Z crown” загварын автомашиныг миний “Mitsubishi Oatlander” загварын автомашинаар солиод, зөрүү 2.000.000 төгрөг өгөөд авсан...” /1хх-59/,
Гэрч Д.Б-ийн “... Э.А “Да хүрээ” зах дээр машин зардаг юм, би 8 хувийн байрны зээлэнд хамрагдах гэтэл банкнаас автомашиныхаа лизинг барагдуулахгүй бол болохгүй гээд “ХААН” банкнаас лизингээр авсан, 81-82 УНЛ улсын дугаартай, “Toyota prado 120” загварын автомашины зээлийн үлдэгдэл 36.000.000 төгрөгийг О, Ж хоёроос авч төлсөн юм. Гэтэл 2014 оны 12 дугаар сард О мөнгөө нэхэхээр нь машинаа зарж төлөхөөр болсон. Тэгээд Э.Ат машинаа зараад өг гээд 12 дугаар сарын 7-ны өдөр өгсөн. 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Э.А “танд 37.000.000 төгрөг өгчихөд болох юм уу, болно гэвэл энэ 7 хоногийн сүүлээр болчихно гэж ойлгоорой” гэж мессеж бичсэн. Тэгээд машиныг чинь зээлээр өгөх болсон шүү гэж хэлж байсан. Дараа нь “та машинаа зээлгүй гэсэн бичиг аваад өг” гэсэн. Намайг эдийн засагч руу залгахад “хуралтай байна, 1 дэх өдөр ирээд авчих” гэсэн. Тэгсэн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэг эмэгтэй залгаад “би банкин дээр байна, нэрээ шилжүүлнэ гэсэн яасан бэ” гэж ярьсан. Би түүнд “хөдөө явж байна, өөртэй чинь машиныхаа нэрийг шилжүүлнэ гэж яриагүй” гэхэд эдийн засагчтай ярь гэсэн. Намайг “наад хүндээ автомашиныхаа зээлийг төлж дууссан, нэрийг нь шилжүүлж өгнө үү” гэсэн бичиг хийгээд өгчих гэхэд эдийн засагч “таниас өөр хүнд тийм бичиг хийж болохгүй” гэж хэлсэн. Гэтэл Э.А 2014 оны 12 дугаар сарын 15-ны шөнө “наад хүндээ машиныхаа нэрийг битгий шилжүүлээрэй, мөнгөө дутуу өгсөн шүү” гэж хэлсэн. Маргааш нь нөгөө эмэгтэй залгаад “би машиныг чинь авсан хүн байна, хэд хоног хүлээх вэ, олон хоног хүлээлээ” гээд нэг эрэгтэй хүн яриад “та нар залилан хийгээд байх шиг байна, яг юу болсон юм яриадах” гэхэд нь Э.Ат машинаа заруулахаар өгсөн талаараа ярьсан. Э.А надад “таны машиныг зээлээр авч байгаа юм” гэж хэлсэн болохоор тэр хүмүүсийг зээлээр авч байгаа гэж бодсон. Тэр хүмүүсээс “Э.Ат хэдэн төгрөг өгсөн бэ” гэж асуухад “28.000.000 төгрөг өгсөн” гэж хэлсэн ...” /1хх-60-61/,
Гэрч Э.Ж-ийн “... Би орон сууцны 8 хувийн зээлд хамрагдаад бэлэн 40.000.000 төгрөг авчихсан байсан. Тэгтэл манай хадам эгч Б давхар зээлтэй тул 1 зээлээ дарахгүй бол болохгүй гээд эхнэр бид хоёроос 35.000.000 төгрөг зээлж авсан. Гэтэл манай байр ашиглалтанд орох гээд гэрээ хийх болоод мөнгө нэхэгдсэн. Тэгтэл Б эгч өөрийн “Toyota prado 120” загварын автомашинаа зараад бид хоёрын мөнгийг өгчихье гээд зар тавихад зарагдахгүй байсан. Тэгтэл манай эхнэр О надад “танай хамаатны Э.А машин зардаг биз дээ, тэр хүнээр заруулчихъя” гэхээр нь бид нар зөвшөөрсөн. Манай эхнэр Э.А луу залгаж ““Toyota prado 120” загварын автомашин байна, 37.000.000 төгрөгөөр зараад өгчих, түүнээс дээш зарж чадвал тэр мөнгийг нь ав” гэж хэлсэн. Э.А зөвшөөрөөд манай эхнэр, Батчимэг нар машиныг “Да хүрээ” зах дээр Э.Ат аваачиж өгсөн юм байна лээ. Тэгэхдээ “яг зарагдахаар болоод, нотариатаар гэрээ хийж, нэрээ шилжүүлэх болохоор дуудчих” гэж хэлсэн гэсэн. Тэгээд 2 хоногийн дараа Э.А над руу залгаж “машиныг зарахаар болчихлоо, мөнгийг нь ирэх 7 хоногийн 5 дахь өдрөөс авахаар боллоо, тэр өдрөө нэрийг нь шилжүүлэх үү” гэхээр нь би “наад мөнгөөр чинь байр авах гэж байгаа шүү” гэж хэлсэн. Тэгтэл тэрнээс хойш 9912-той дугаараас нэг эмэгтэй Батчимэг эгч рүү залгаад “машиныхаа нэрийг шилжүүлж өг, би мөнгийг чиинь өгчихсөн” гэх зэргээр яриад байна гэж Батчимэг эгч надад хэлсэн. Э.А Батчимэг эгчийн гар утас руу 2014 оны 12 дугаар сарын 14, 15-ны үеэр “нэрээ битгий шилжүүлээрэй, нөгөө хүн чинь мөнгөө дутуу өгсөн шүү” гэж мессеж бичсэн гэсэн. Би Э.А луу залгатал утас нь холбогдохгүй, ээж, аав руу нь залгатал “мэдэхгүй, утас нь холбогдохгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би Э.Аыг биднийг залилсаныг ойлгоод Б эгчийг цагдаад өргөдөл өг гэж хэлсэн...” /1хх-62/,
Гэрч Д.О-ийн “... 81-82 УНЛ улсын дугаартай машин нь миний төрсөн эгч Батчимэгийн эзэмшлийн машин юм. Манай эгч Б нь 2014 оны 11 дүгээр сарын дундуур банкны зээл дарах гэсэн юм яаралтай мөнгөний хэрэг болоод байна, удаахгүй өгнө гээд байхаар нь нөхөр бид хоёр байрны урьдчилгаанд өгөх гэж байсан 34.500.000 төгрөгийг Б-т зээлүүлсэн. Тэгтэл манай захиалга өгсөн байр урьдчилгаа мөнгөө нэхэхээр нь эгчээсээ мөнгөө авъя гэхэд Б эгч миний 81-82 УНЛ дугаартай, “Toyota Prado 120” загварын машиныг зараад мөнгөө гаргаад авчих гэсэн. Би интернетэд зар тавиад, хүмүүс сонирхохгүй болохоор нь Э.Атай утсаар яриад “чи техникийн зах дээр зогсож байгаа хэвээрэй юу, “Toyota Prado 120” загварын машин заруулах гэсэн юм, үнэ ханш нь хэдтэй байна” гэж асуухад “би зах дээрээ байгаа, гаалийн бичигтэй машин 45.000.000 төгрөг, дугаар авсан машин нь 37.000.000-40.000.000 төгрөгийн хооронд байгаа гэж хэлэхээр нь би “тэгвэл чи зараад 37.000.000 төгрөг надад өгчих, илүү гарсан мөнгийг нь өөрөө ав” гэж хэлсэн чинь Э.А “өө тэгье, тэгье, машинаа аваад хүрээд ир” гэхээр нь би 2 хоногийн дараа буюу 2014 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Э.Ат машинаа эгч Батчимэг, ах Мягмарсүрэн нарын хамт “Да хүрээ” зах дээр аваачиж өгсөн. 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Э.А манай эгч Батчимэг, нөхөр Жавхлантөгс нар луу залгаад “машиныг зээлээр өглөө, мөнгө нь ирэх 7 хоногийн 5 дахь өдөр бэлэн болно гэж байна, мөнгөө өгөхөөр нь нэрийг нь шилжүүлье” болох уу гэж яриад манай эгч Батчимэг зөвшөөрсөн байсан. Тэгээд 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би нөхрийгөө Э.А луу яриад “мөнгө бэлэн болж байна уу” гээд асуучих гэсэн чинь Э.Аыг утсаа авахгүй байна гэж хэлсэн. Орой нь би Батчимэг эгчийнд хонохоор очиход Б эгч “99126514 гэсэн дугаараас мөнгийг чинь чирэгдэлгүй өгчихөөд байхад, машинаа чирэгдэлгүй шилжүүлээд өгчихөөч” гээд залгаад байна гэхээр нь би 18 цагийн үед Э.А луу залгасан чинь утсаа авахгүй байснаа сүүлдээ утас нь холбогдохгүй болчихоор нь би 20 цаг өнгөрч байхад машин авсан хүн мөнгөө өгчихсөн, одоо машинаа шилжүүлж өг гээд Б рүү залгаад загнаад байна, юу болоод байгаа юм бэ гэж мессеж бичсэн. Э.Аын дугаар луу залгасан чинь утас нь огт холбогдохгүй байсан. Тэгэхээр нь “Дүнжингарав” худалдааны төвд ажилладаг Э.Аын ээж дээр очсон чинь Э.Ааас “Toyota prado 120” загварын автомашиныг авсан гэх эхнэр, нөхөр хоёр тэнд оччихсон бөөн хэрүүл болсон байж байхаар нь “та наад машинаа хэдэн төгрөгөөр авсан юм бэ, машины эзэн нь би байна” гэж хэлсэн чинь “28.000.000 төгрөгөөр авсан, мөнгөө Э.Ат өгчихсөн” гээд орилж хашгираад байхаар нь би “тэгвэл хоёулаа хохирчихсон юм байна, цагдаа дээр очиж өргөдөл өгье” гэж хэлсэн...” /1хх-63-64/,
Гэрч Х.Б-ын “... Миний нэр дээр 46-75 УБА улсын дугаартай, “Toyota Allion” загварын автомашин байдаг. Би 2015 оны 1 дүгээр сарын үед интернетэд уг машиныг зарна, үнэ 14.700.000 төгрөг гэсэн байхаар нь хаанаас авах талаар асуусан. Тэгтэл машины эзэн намайг Нисэхэд хүрээд ир гэсэн. Уг машиныг зарж байгаа ах 40 орчим насны хүн байсан. Машиныг 14.700.000 төгрөгөөр авсан...” /1хх-65/,
Гэрч Г.А-ын “... Миний нэр дээр 74-40 УБҮ улсын дугаартай, “Toyota crown” загварын машин байдаг. Уг машиныг би 2015 оны 3 дугаар сарын үед “Да хүрээ” захаас машин зардаг ченж Мягаа гэх залуугаас 15.500.000 төгрөгөөр бодож авсан. Тэгэхдээ өөрийн унаж байсан “Mitsubishi Oatlander” загварын, дунд гарын жип машин дээр 2.500.000 төгрөг нэмж авсан. Одоо уг машиныг манай аав, ээж хоёр унаад хөдөө явсан...” /1хх-66/,
Б.Б-ы сэжигтнээр өгсөн “... Төгсчулуун нь “Да хүрээ” зах дээр машины ченж ажилтай залуу байгаа юм. Над дээр 2 удаа ирж, машин шилжүүлж байсан. Тэгээд дараа нь Э.А гэдэг залуутай хамт машин шилжүүлэхээр ирж байсан. 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Toyota Mark X” загварын, бор өнгийн машиныг өөрийн биеэр шилжүүлсэн. Уг материалыг би байцаагчид өгсөн. Тэгээд явахдаа Т “дараа машин тэрэг шилжүүлэх ажил гарах юм бол энэ залууг явуулна. Машин шилжүүлээд өгч байгаарай” гэж хэлсэн. Тэгээд байж байтал 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Э.А “Toyota Prius-30”, “Mark X”, загварын хоёр машиныг өөр хүмүүсийн нэр дээр шилжүүлье гээд хүрээд ирсэн. Тэгэхээр би Т яасан юм гэж асуухад Т ах Япон улс руу явсан гэж хэлсэн. Тэгээд ч урьд нь Төгсчулуун надад энэ залуу машин тэрэг шилжүүлэх гээд ирэх үед шилжүүлж байгаарай гэж хэлснийг санаад шилжүүлж эрхийг өгсөн. Мөн Т нь машин шилжүүлэх үедээ хамт ирж байсан болохоор Э.А итгээд шилжүүлээд өгчихсөн юм. Түүнээс биш би Э.Атай хуйвалдсан асуудал байхгүй...” /1хх-135-136/,
Л.О-ын сэжигтнээр өгсөн: “... 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би ажил дээрээ ажлаа хийж байтал нэг залуу ирээд хоёр машин шилжүүлэх гэж байгаа юм гээд надад материалаа өгсөн. Нөгөө материалыг нь үзэхэд хоёр материал давхар байсан. Тэгэхээр нь би нөгөө залууд энэ материалыг чинь хийхгүй гээд буцаагаад өгсөн. Тэгтэл тэр залуу би Сонгинохайрхан дүүргээс ирлээ гээд үглээд байхаар нь “Сонгино яасан юм бэ” гэхэд нөгөө залуу “Сонгинохайрхан дүүрэгт байдаг салбар чинь сүлжээгүй байна лээ шүү дээ” гэхээр нь материалыг нь авч үзээд “машины эзэн нь хаана байна” гэхэд “танай хүн чинь хянасан” гэхээр нь би “тэр хянасан хүнээ яриул” гэхэд нөгөө хүн утсаа өгөхөөр нь аваад ярьтал Б гэх манайд ажилладаг хүн яриад “манай сүлжээ алга, наад хүнийхээ материалыг хийж өгөөд явуулчих” гэхээр нь би шилжүүлгийг нь хийж өгөөд явуулсан. Шилжүүлсэн автомашин нь “Тoyota Рrius-30”, “Мark Х” гэсэн хоёр автомашин байсан. Хэн хэний нэр дээр шилжүүлсэн талаар сайн санахгүй байна...” /1хх-138-139/,
М.Мын сэжигтнээр өгсөн: “... 2014 оны 12 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Би Э.А ах руу залгаад машины сэлбэг асуусан юм. Тэгтэл Э.А ах хоёр хоногийн дараа над руу залгаад “ах нь чиний асуугаад байсан сэлбэгийг олчихсон, чи бичлийн аркан дээр ирээд авчих” гэхээр нь очтол Э.А надад “ах нь энд нэг “Тoyota prado” загварын машин зарах гэж байгаа юм, “ХААН” банкны нэр дээр байдаг машин юм, чи зүгээр тэр хүнд энэ хүн миний машин байгаа юм, би 1 дэх өдөр нэрийг нь шилжүүлээд өгье гээд хэлчих, өөр олон юм ярих хэрэггүй, явчих” гэж хэлсэн. Тэгээд Э.А ах надад “Тoyota prado” загварын машины багаажнаас миний авах гэж байсан гуперийг авч өгсөн. Тэгэхэд тэр машиныг үзэж байсан ах надаас юм асуухаар нь би нэг их юм дуугараагүй байж байгаад яваад өгсөн. Тэгэхэд Э.А над руу нүдээрээ ирмээд байсан. Үүнээс хэд хоногийн дараа Э.А над руу залгаад “Бөхийн өргөөн дээр хурдан хүрээд ир” гэхээр нь би хүүхдээ харж байсан болохоор нь очихгүй, гэртээ байж байтал дахин, дахин залгаад хүрээд ир, ахынхаа аминд ор гээд гуйгаад мессеж бичээд байхаар нь очтол Э.А “нөгөө “Тoyota prado” загварын автомашины хүнтэй уулзах хэрэгтэй байна, энэ хүмүүс намайг цагдаад өгөх гээд байна, ах нь машиных нь нэрийг шилжүүлж амжаагүй, чи ахынхаа хэлснээр ... машины нэрийг шилжүүлж өгнө, асуудалгүй, 1 дэх өдөр шилжүүлнэ... гэж хэлээрэй, чи өөрийгөө барилгын компанитай, интернет ажиллуулдаг гэж хэлээрэй” гэж хэлсэн. Тэгээд удалгүй миний машинд нэг ах орж ирээд намайг “дүү машинаа шилжүүлж өгөх юу болсон бэ, утсаа авахгүй яагаад байгаа юм бэ” гэхээр нь би “та хэзээ над руу залгасан юм бэ” гэтэл “би чиний 86-тай дугаар руу чинь залгасан шүү дээ” гэж байсан. Надад 86-тай дугаар байдаггүй юм. Удалгүй машинд тэр ахын эхнэр нь гэх хүүхэн орж ирж суугаад “утсаа авдаггүй сонин юм бэ” гэхээр нь би ажилтай байсан юм гэж хэлсэн. Тэр эгч “Э.А та хоёр луйвар хийчихлээ” гээд машинаас буугаад яваад өгсөн. Тэгтэл удалгүй цагдаа нар ирсэн. Тэгэхээр нь би Э.Ат “юу болоод байгаа юм бэ, би энэ асуудалд чинь орж чадахгүй, явлаа шүү” гэтэл Э.А “чи зүгээр миний машин гэж хэлээд л байж бай, би бусдыг нь зохицуулна” гэхээр нь би Э.Аыг хамаатан садны хүмүүс гайгүй байлгүй гэж бодсон. Тэгтэл цагдаа нар Э.Аыг тэр ах эгч нартай хамт машиндаа суулгаад явахаар нь би машинтайгаа явтал араас цагдаа нар ирээд намайг хамт цагдаа руу авч явсан. Цагдаа дээр очтол Э.А намайг “чи ахынхаа хэлснээр л хэлээрэй, ямар ч асуудал байхгүй” гээд байсан. Цагдаа дээр тэр эгч Э.А болон өөрийнхөө нөхөр хоёр руу дайраад хэрэлдээд байсан. Тэгээд учраа ярилцтал Э.А “машин энэ залуугийн машин байгаа юм гэж над руу заагаад, би энэ эгчид энэ залуугийн машиныг нь зарж байгаа юм, нэрийг нь шилжүүлж өгч чадахгүй удчихлаа” гэж хэлсэн. Тэгтэл цагдаа наад асуудал чинь “Да Хүрээ” дээр болсон асуудал байна, Баянзүрхийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү яв гэж хэлсэн. Бид нар цагдаагаас гараад явж байтал Э.А тэр эгчид хандаж “дүү нь одоо мөнгийг чинь банкнаас аваад өгье” гэтэл тэр эгч зөвшөөрч хамт хүүхдийн 100-н “ХААН” банк руу очсон. Тэгэхэд шөнийн 02 цаг болж байсан болохоор банк хаалттай байсан. Тэгсэн чинь Э.А “танд 1 дэх өдөр машины нэрийг шилжүүлээд өгье, эсвэл маргааш мөнгийг чинь өгье” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хэсэг маргалдаж байгаад Э.А тэр эгчид өөрийнхөө зарах гэж байгаа машинуудынхаа бичиг баримтыг өгөхөөр тохирч хамт явсан. Би шууд гэртээ харьсан. Маргааш нь Э.А над руу залгаад “нөгөө машины нэрийг шилжүүлэх гээд явж байна” гэхээр нь би эргэж залгаад “яасан шилжүүлсэн үү” гэж асуутал “амжсангүй, тэр эгч чам руу ярьвал чи Баянцээлийн “ХААН” банк дээр хүрээд ирээрэй гээд хэлчих” гэсэн. Удалгүй нөгөө эгчийн нөхөр над руу ярихаар нь би “та Баянцээлийн “ХААН” банкин дээр хүрээд ир” гэж хэлсэн. Тэгтэл Э.А над руу залгаад “ах нь өнөөдөр Баянцээл рүү очиж амжихаа больчихлоо нөгөө хүмүүс залгавал утсаа битгий аваарай, ах нь маргааш шилжүүлээд өгчихнө” гэж хэлсэн юм. Тэрнээс хойш 2, 3 хоногийн дараа Э.А “ахын дүү ямар нэг юм болвол чи мэдэхгүй гэж хэлээд байгаарай, ах нь бүгдийг зохицуулна” гэсэн мессеж шөнө бичсэн байсан...” /1хх-143/,
Э.Аын яллагдагчаар өгсөн: “... Би “Да Хүрээ” зах дээр 2011 оноос хойш автомашин зардаг байсан. 2012 оноос хойш Төгсчулуун гэх залуугийн машиныг зардаг болсон. Тэгээд 2013 оноос 5 дугаар сараас би өөр хүний машин зарах болоод больсон. Би өөрийн үргүйдэл өвчнөө эмчлүүлэх зорилгоор гадагшаа гарч ажил хийх санал эхнэр Туулд тавьсан. Туул хамт явахаар зөвшөөрсөн ба “”мөнгө яах вэ” гэхээр нь би Төгсчулуунаас хэдэн төгрөг зээлнэ гэж хэлсэн. Тэгээд 2014 оны 10 дугаар сард Төгсчулуунаас 2005 онд үйлдвэрлэгдсэн бор өнгийн, “Toyota Мark Х” загварын. номер аваагүй автомашин нэгийг 15.800.000 төгрөгөөр зарж өгнө гээд авсан. Мөн цагаан өнгийн, 2005 онд үйлдвэрлэгдсэн, 2016 оны 6 дугаар сард орж ирсэн, “Toyota crown” загварын автомашиныг 16.500.000 төгрөгөөр зарж өгнө гэж гаалийн бичигтэй авсан. Тэгээд 2014 оны 10 дугаар сард Энхбат гэх хүнд “Toyota crown” загварын автомашиныг 11.000.000 төгрөгөөр зарсан. Нөгөө бор өнгийн, “Toyota Mark X” загварын автомашиныг Шинээ гэх хуучин машин зардаг хүнд 10.200.000 төгрөгөөр зарсан. Тэр хоёрт Төгсчулууны иргэний үнэмлэхийн конандсан хуулбарыг өгсөн. Тухайн үед Төгсчулуун надаас хоёр машинаа асуухаар нь банкны зээлээр өгөх гээд тавиулсан байгаа гэж хэлсэн. Дараа нь Төгсчулуунаас 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2014 оны 10 дугаар сард орж ирсэн, “Toyota Prius-30” загварын мөнгөлөг саарал өнгийн автомашин, мөн 2014 оны 10 дугаар сард орж ирсэн, 2005 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн, “Toyota Mark X” загварын автомашиныг зарж өгнө гэж аваад 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баярсайхан гэх таньдаг ахаараа “Toyota Prius-30” загварын автомашиныг Д гэх таньдаг эмэгтэйн нэр дээр шилжүүлээд, хуучин машин авна гэж байсан зараар утасдаж танихгүй хүнд 12.000.000 төгрөгөөр зарсан. Хар өнгийн “Toyota Mark X” загварын автомашиныг А гэх машин угаадаг хүүхдийн нэр дээр шилжүүлж, зарын дугаар руу залгаж танихгүй хүнд 10.000.000 төгрөгөөр зарсан. 2014 оны зун сарыг нь сайн санахгүй байна. Ганбаяр гэх автомашины ченж залуугийн найз Н гэх залуу нь 46-75 УБА улсын дугаартай, цагаан өнгийн “Тoyota Аllion” загварын, 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2014 оны хавар орж ирсэн автомашиныг надаар 17.000.000 төгрөгөөр заруулахаар тавиулсан. Уг машиныг 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Н-той яриад “чи машиныхаа нэрийг миний нэр дээр шилжүүлчих, би чамд одоо 4.000.000 төгрөг бэлнээр өгье, үлдсэн 13.000.000 төгрөгийг 2015 оны 1 дүгээр сард өгнө” гэж гэрээ хийсэн. Н-ийн машиныг өөрийн нэр дээр шилжүүлээд Халдвартын ард талын авто ломбарданд 11.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийгээд үлдээсэн. С ахаас 2014 оны 10 дугаар сарын сүүлээр 2005 онд үйлдвэрлэгдсэн, 2014 оны сүүлээр орж ирсэн, цэнхэр туяатай өнгөтэй, “Тoyota crown” загварын автомашиныг 20.000.000 төгрөгөөр зарж өгнө гэж хэлж авсан. Тэгээд “Да Хүрээ” зах дээр ченж хийдэг Кара Э гэх ах дээр очоод та 5.000.000 төгрөг зээлчих гээд барьцаанд нь “Тoyota crown” загварын автомашиныг үлдээсэн. Мөнгөө буцааж өгөөд машинаа авна гэж тохирсон. 2014 оны 11 дүгээр сарын сүүлээр манай ээжийн эгчийн хүүхдийн эхнэрийн эгч Батчимэг надаар “Тoyota Рrado” загварын, 82-81 УБА улсын дугаартай, цагаан өнгийн, 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2014 онд орж ирсэн автомашиныг зарж өгнө гэж аваад хуучин машин зардаг А гэх эмэгтэйд 2014 оны 12 дугаар сарын эхээр 27.000.000 төгрөгөөр зараад хэд хоногоос нэрийг нь шилжүүлж өгнө гээд 27.000.000 төгрөгийг нь авсан. Мөн Т гэх таньдаг сэлбэг зардаг эгчээс 2014 оны 12 дугаар сарын эхээр бэлнээр 4.500.000 төгрөг аваад 600.000 төгрөгөнд гупер, карлан, гэрэл авсан. Уг мөнгөнөөс 2014 оны 11 дүгээр сарын сүүлээр Баярхүү гэх ченж ахад өрөндөө 26.000.000 төгрөг өгсөн. Ченж Л гэх залууд 2014 оны 12 дугаар сарын сүүлээр 10.000.000 төгрөгийн өрөө өгсөн. Би зараар виз гаргана гэх Б гэдэг хүнтэй уулзаад Польшийн виз гаргуулахаар болоод эхнэр Т-ын хамт Бээжинд очиж, буудалд буусан. Тэгээд урилга нь ирэхгүй хоёр сар гаран болоод, бид хоёрын виз гарсан. Бээжинд виз гарсны дараа, хүний машиныг авч зараад, мөнгийг нь аваад ирсэн талаараа эхнэртээ хэлтэл уурлаад буцсан дээр гээд буцаад Монголд ирсэн...” /1хх-147-149/ гэх мэдүүлгүүд,
Тээврийн хэрэгсэл хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-16-23/, Интерполын шугамаар эрэн сурвалжилсан лавлагаа /1хх-220-228/, Автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх-98-126/, Автомашин худалдах, худалдан авах гэрээ /1хх-192, 2хх-181-185/, Хохирлын тооцоо /2хх-108/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /2хх-128-129, 147-148/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Э.А, М.М нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Э.А нь Д.Б-ийн эзэмшлийн 81-82 УНЛ улсын дугаартай, “Toyota prado” загварын тээврийн хэрэгслийг өөрийн машин гэж залилан мэхэлж, Г.А-оос 28.000.000 төгрөгийг авсны дараа буюу өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг үйлдэгдэж төгссөний дараа Б.М.М нь түүний гуйлтаар ирж Г.А-од уг машиныг миний машин гэж хэлсэн нь залилах гэмт хэргийн шинжгүй байх тул түүнийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
Харин шүүх М.Мт холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон хэдий ч түүний гэм буруугийн асуудлыг нэг мөр шийдвэрлээгүй орхигдуулсан нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс түүнийг цагаатгах нь зүйтэй байна.
Анхан шатны шүүхээс Э.Аыг бусдад их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Ат оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний зарим алдаа гаргасныг зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан ба М.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан Э.Ат холбогдох үйлдэл холбогдлоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласныг анхан шатны шүүхээс хэрхэн шийдвэрлэснээ дүгнэлгүй орхигдуулжээ.
Түүнчлэн прокуророос Э.Аын Б.Т-ны 4 машин буюу 62.050.000 төгрөгийг залилсан үйлдэл, Г.А-оос 28.000.000 төгрөг залилсан үйлдлээс бусад, бусдыг залилсан үйлдэл тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу түүний залилах гэмт хэрэг үйлдсэн үйлдэл тус бүрд нь зүйлчилж ял оногдуулах шаардлагагүй гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж зөв дүгнэсэн атлаа энэ талаар шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсэгт заалгүй орхигдуулсан байна.
Дээд шатны прокуророос “... шүүх М.Мт холбогдох хэрэгт прокуророос түүнийг ялласан нотлох баримтуудыг хэрхэн, ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаагаа тодорхой заагаагүй, мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүгдэгч Э.Аын бусдын эд хөрөнгийг залилж авсан үйлдлүүд нь тус тусдаа гэмт хэрэг үйлдэх субъектив санаа зорилго үүссэн, тус тусдаа хохирогчтой гэмт хэрэг байхад шүүх хэргийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэж, ял халдаасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс хохирлыг нөхөн төлүүлэх ёстой байтал хохирлыг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас гаргуулсан нь үндэслэлгүй байна...” гэсэн эсэргүүцэл,
Иргэний хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-аас “... шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад заасан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ыг 62.050.000 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол тус тус гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно” гэж заасан. Хэд хэдэн гэмт хэрэг гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр өөр төрлийн гэмт хэргийг ойлгоно.
Харин Э.Аын бусдыг залилсан олон удаагийн үйлдлүүд нь 1 гэмт хэргийн шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Түүнчлэн анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн үндэсний төв”-өөс 62.050.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Т-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Учир нь, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Л.О, Б.Б нар нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан үүрэгтээ хайнга хандаж, иргэн Б.Т-ы эзэмшлийн “Toyota mark-X”, “Toyota crown”, “Toyota prius-30”, “Toyota mark X-O” загварын автомашинуудыг бусдад хууль бусаар шилжүүлсэн нь тогтоогдсон.
Мөн тухайн гэмт хэрэгтээ нь хамтатган “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т бүртгэлийн мэргэжилтэн Л.О, Б.Б нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан нь үндэслэлтэй бөгөөд, тэдний гэм буруутай нь тогтоогдсон. Гэхдээ тэдний энэ үйлдэл нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарагдсан тул тэдэнд холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгож /4хх-247-250/ шийдвэрлэсэн байна. Тэдэнд холбогдох Эрүүгийн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан зохих үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгосон нь тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа боловч гэм хорын хохирол төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.
Тиймээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасныг үндэслэн иргэний хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 62.050.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Т-д олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна.
Хуулийн дээрх заалтын дагуу “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь иргэн Б.Т-д учруулсан хохирлыг төлж дуусгасны дараа гэм буруутай этгээдээс байгууллагад учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн бөгөөд энэ талаар шийтгэх тогтоолд дурдсан нь үндэслэлтэй гэж үзнэ.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 729 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, иргэний хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийн 1 дэх заалтыг хүлээн авч, бусад заалтыг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин анхан шатны шүүх шүүх хуралдааны тэмдэглэлийн огноог буруу тэмдэглэснийг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны тэмдэглэл нь үйл баримтыг баримтжуулж байгаа хэлбэр болохоос эрхийн акт биш тул шүүх хуралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр эхлээд 5 хоног завсарлаж, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үргэлжилсэн байдлаар бичих ёстой байтал шүүх хуралдаанд анх хэдэн сарын хэдний өдөр эхэлсэн талаар тусгалгүй шийтгэх тогтоол гарсан өдрөөр огноог тэмдэглэсэн нь буруу байгааг цаашид анхаарах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 729 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
1 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, М.Мыг цагаатгасугай” гэж,
2 дахь заалтад “Э.Аыг бусдад их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Прокуророос Э.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Э.Аыг бусдад их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧИД О.ЧУЛУУНЦЭЦЭГ
Д.ОЮУНЧУЛУУН