Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2016/0119/з |
Дугаар | 290 |
Огноо | 2016-10-10 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 290
“Эрдэнэс-Эрдэнэс” ХХК-ний нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Хосбаяр, хариуцагч А.Баатархүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 309 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 420 дугаар магадлалтай, “Эрдэнэс-Эрдэнэс” ХХК-ний нэхэмжлэлтэй, Гааль, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Баатархүү, Б.Төгсжаргал нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Эрдэнэс-Эрдэнэс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “"Эрдэнэс-Эрдэнэс" ХХК нь Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Баатархүү, Б.Төгсжаргал нарын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №210201507 тоот "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт" буюу тус компанийн хасалт хийлгэх нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг "0" төгрөгөөр баталгаажуулсныг үл хүлээн зөвшөөрч Татварын маргаан таслах зөвлөлд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргасан боловч гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тул дараах нэхэмжлэлийг гаргаж байна.
Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс "Эрдэнэс-Эрдэнэс" ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд зохих хяналт, шалгалтыг 2014, 2015 онуудад жил дараалан хийсэн ба уг хяналт, шалгалтаар тус компанийн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 232,693,160 (хоёр зуун гучин хоёр сая, зургаан зуун ерэн гурван мянга, нэг зуун жар) төгрөгөөр баталгаажуулж акт үйлдсэн байдаг. Энэхүү актыг Дархан-Уул аймгийн татварын хэлтэс нь "Нэмэгдсэн өртөгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам"-ын 3.1-д заасны дагуу ТЕГ-т хүргүүлсэн. ТЕГ-ын татварын улсын байцаагч А.Баатархүү, Б.Төгсжаргал нар нь дээрх актад дахин шалгалт хийж, тус компанийн төлсөн нэмэгдсэн өртөгийн албан татварыг "нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх, үйлдвэрлэл үйлчилгээнд зориулан импортолсон болон дотоодоос худалдан авсан бараа ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ"-т хамааруулж, хасалт хийх НӨАТ-ын дүнг "0" төгрөг байхаар баталгаажуулсан нь хуулийг ноцтой зөрчсөн ажиллагаа болсон бөгөөд татвар төлөгчийн эрх, боломжийг хязгаарласан үйл ажиллагаа болсон.
Учир нь, тус компани нь ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуульд зааснаар, ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа эрхлэгчийн хувьд, түүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний боловсруулалтаас хамаарч буюу өөрөөр хэлбэл, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн эсэхээс нь хамаарч НӨАТ-ын "0" хувь хэмжээг хэрэглэх, эсхүл НӨАТ-аас чөлөөлөхөөр заасан байдаг. Гэтэл, татварын улсын байцаагч нар нь, зөвхөн ашигт малтмалын хайгуулын шатандаа байгаа буюу бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй, бүтээгдэхүүн экспортод гаргаагүй тус компанийн ирээдүйд гаргах бүтээгдэхүүнийг шууд НӨАТ-аас чөлөөлөгдөх буюу уул уурхайн эцсийн биш бүтээгдэхүүнд хамааруулж, НӨАТ-ын хасалтын дүнг "0" төгрөгөөр баталгаажуулснаараа тус компанийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн болно.
"Эрдэнэс-Эрдэнэс" ХХК нь ирээдүйд хайгуулын үйл ажиллагаагаараа үйлдвэрлэлийн үр ашигтай орд нээн илрүүлж, улмаар ашиглалт явуулж, олборлосон хүдрээ боловсруулж үйлдвэр байгуулж эцсийн бүтээгдэхүүн буюу төмрийн хувьд 80 хувиас дээш металл агуулгатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ экспортод гаргах бүрэн эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хайгуулын ажил болон уг бүтээгдэхүүнийг бий болгоход зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд нэгэнт төлсөн НӨАТ-ыг төлөх НӨАТ-аас хасуулах эрхтэй билээ. Ийм байтал, татварын улсын байцаагч нар нь тус компанийн дээрх эрхийг зөрчиж, ерөөс бүтээгдэхүүн үйлдэрлээгүй байтал уул уурхайн эцсийн биш" бүтээгдэхүүнд хүчээр хамааруулан ирээдүйд НӨАТ-ын хасалт хийлгэх тус компанийн эрх (боломж)-ийг хязгаарласан болно.
Иймд, татварын улсын байцаагч нарын НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан №210201507 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 711 тоот албан тоотод 4248201 регистрийн дугаартай "Эрдэнэс-Эрдэнэс" ХХК-ийн 2014 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулж өгнө үү гэсэн хүсэлтийг Улсын төсвийн орлого хяналтын газарт ирүүлсэн. "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг шалгаж баталгаажуулах журам"-ын 2.3-т "...НӨАТ төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи хугацааны татварын ногдуулалт, төлөлтийг шалгана" гэж заасны дагуу 2012 оны 05 дугаар сарын 14-нөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ныг дуусталх хугацааны шалгалтыг хийсэн.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-н экспортод гаргасан уул уурхайн болон ноос, ноолуур, арьс, ширээр хийсэн эцсийн бүтээгдэхүүнд албан татварын тэг хувь хэмжээг хэрэглэх, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.16-д энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад уул уурхайн бүтээгдэхүүнүүд нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөж байхаар заасан ба тус компанийн /төмрийн хүдэр хайх хайгуулын тусгай зөвшөөрөлтэй/ хайгуулын үйл ажиллагаатай холбоотой худалдан авалтын хасалтыг хасч тооцох боломжгүй юм.
Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд уул уурхайн салбарын бүтээгдэхүүний борлуулалтад татварын хэрхэн ногдуулахыг, мөн хуулийн 12.1.7, 13.1.16-д зааж өгсөн ба хайгуулын үйл ажиллагаа явуулж буй компанийн хувьд бүтээгдэхүүний үйлдвэрлэл эхлээгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах борлуулалтын орлоготой ажиллаагүй тохиолдолд тус хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д заасан нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байна.
1. Хэрэв хайж буй бүтээгдэхүүн нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөж буй тохиолдолд тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.3-т заасны дагуу хайгуулын болон олборлолтын явцад хийсэн худалдан авалтын хасалтыг хийхгүй.
2. Хэрэв хайж буй бүтээгдэхүүн нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ байх тохиолдолд хайгуулын үйл ажиллагааны эцсийн үр дүн гарч ашиглалтын үйл ажиллагаа эхэлсэн буюу хайгуулын үйл ажиллагааны эцсийн үр дүнг үнэлэн зарсан, эсвэл эцсийн үр дүн гарч хайгуулын үйл ажиллагаа дуусгавар болсноор худалдан авалтын хасалтыг хийх нь зүйтэй байна гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 309 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.6.7, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс хүчингүй болсон/ 12 дугаар зүйлийн 12.1, 14 дүгээр зүйлийн 14.6, 14.6.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д заасныг тус тус баримтлан Гааль, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Баатархүү, Б.Төгсжаргал нарт холбогдуулан гаргасан “татварын улсын байцаагч А.Баатархүү, Б.Төгсжаргал нарын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №210201507 тоот “нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-ыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Эрдэнэс-Эрдэнэс” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 420 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 309 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.3-д заасныг баримтлан Гааль, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Баатархүү, Б.Төгсжаргал нарын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 210201507 дугаар актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний борлуулалтанд татвар хэрхэн ногдуулахыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7, 13 дугаар зүйлийн 13.1.16-д зааж өгсөн байдаг бөгөөд хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьд бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлээгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах борлуулалтын орлоготой ажиллагаагүй тохиолдолд тус хуулийн 14.1-т заасан нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх заалтыг хэрэгжүүлэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл хайж буй бүтээгдэхүүн нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөж буй тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.3-т заасны дагуу хайгуулын болон олборлолтын явцад хийсэн худалдан авалтын хасалтыг хийхгүй.
Харин хайж буй бүтээгдэхүүн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ байх тохиолдолд хайгуулын үйл ажиллагааны эцсийн үр дүн гарч ашиглалтын үйл ажиллагаа эхэлсэн буюу хайгуулын үйл ажиллагааны эцсийн үр дүнг үнэлэн зарсан бол худалдан авалтын хасалтыг хийхээр хуульчилсан байна.
Тиймээс Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 420 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Татварын ерөнхий газар (хуучин нэрээр)-ын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч А.Баатархүү, Б.Төгсжаргал нар “Эрдэнэс-Эрдэнэс” ХХК-ийн 2012 оны 05 дугаар сарын 14-нөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг шалгаж, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн татварын улсын байцаагчийн 210201507 дугаартай актаар “... улсын төсвөөс буцаан авах НӨАТ-ын үлдэгдлийг 00 төгрөгөөр, төсөвт төлөх НӨАТ-ын үлдэгдлийг 00 төгрөгөөр” баталгаажуулсан, нэхэмжлэгч “... хайгуулын ажил...-д зориулан худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд нэгэнт төлсөн НӨАТ-ыг төлөх НӨАТ-аас хасуулах эрхтэй...” гэж, хариуцагч “... хайгуулын үйл ажиллагаатай холбоотой худалдан авалтыг хасч тооцох боломжгүй” гэж маргажээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Эрдэнэс-Эрдэнэс” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, татварын хяналт шалгалтад хамруулсан (2012 оны 05 дугаар сарын 14-нөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал) хугацаанд ашигт малтмалын олборлолт, борлуулалт хийгээгүй, зөвхөн хайгуулын үйл ажиллагаа эрхэлсэн, уг хугацаанд хайгуулын ажилд зориулж 2,438,986,540 төгрөгийн худалдан авалт хийсэн, талууд уг үйл баримттай маргаагүй байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “...үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн, ... худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн /нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн этгээдийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох/”-оор заасан байх тул тухайн тохиолдолд, нэхэмжлэгчийн хайгуулын үйл ажиллагаанд зориулсан 2,438,986,540 төгрөгийн бараа, ажил үйлчилгээний худалдан авалтыг “...үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа” гэж үзэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, өөрийн хайгуулын үйл ажиллагаанд зориулан “Таванбогд” ХХК, “Номин тав трейд” ХХК, “Петро стар” ХХК, “Монголын цахилгаан холбоо” ХК гэх мэт компаниудаас худалдан авсан бараа, ажил үйлчилгээний эцсийн хэрэглэгч нь нэхэмжлэгч “Эрдэнэс-Эрдэнэс” ХХК болох бөгөөд эдгээрт зарцуулсан мөнгөн хөрөнгө нь хайгуулын үйл ажиллагааны зардалд тооцогдож, олборлолтын үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу “... үйлдвэрлэл эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд тогтмол хэмжээгээр үйлдвэрлэлийн зардалд оруулж, шимтгэлийн сан байгуулах”-аар байна.
Иймд, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, олборлолтын үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй, уул уурхайн бүтээгдэхүүн экспортод гаргаагүй “Эрдэнэс-Эрдэнэс” ХХК-ийн өөрийн үйл ажиллагаандаа зориулж бусад этгээдээс бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасах үндэслэлгүй, энэ үндэслэлээр “... улсын төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 00 төгрөгөөр” баталгаажуулсан маргаан бүхий захиргааны акт зөв, хариуцагч нарын “... бүтээгдэхүүний борлуулалтын ажил эхлээгүй тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1 дэх заалтыг хэрэгжүүлэх боломжгүй” гэх тайлбар үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.
Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч ... уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэж үзэхгүй” гэж зөв дүгнэлт хийсэн боловч, хэрэглэвэл зохих Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглээгүй, буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Тухайлбал, уг актад холбогдуулан гаргасан “Эрдэнэс-Эрдэнэс” ХХК-ийн гомдлыг хянан хэлэлцсэн, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 113 дугаар тогтоол болон хариуцагч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа “...бүтээгдэхүүний борлуулалтын ажил эхлээгүй тохиолдолд ... хуулийн 14.1-д заасны дагуу хасалт хийх боломжгүй” гэж, анхан шатны шүүх хуралдаан дээр “... хайгуулын өртөг зардалдаа шингээд явах болохоос төсвөөс буцаан авах татвар биш...” гэх зэргээр маргаан бүхий актын үндэслэлээ тайлбарласан байхад давж заалдах шатны шүүх уг асуудлаар дүгнэлт хийгээгүй, “... хариуцагч нар ... нэхэмжлэгч компанийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.4.3-т шууд хамааруулж, ... татварын хасалт хийхгүй гэж үзсэн”, “... нэхэмжлэгч ...2015 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авч ... бодит байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, борлуулах боломжтой болсон, ... маргаан бүхий акт хүчинтэй үлдсэнээр ... /татварын/ хасалт хийх боломжгүй болно” гэж буруу, маргааны үйл баримтад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийжээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.3-т “.../нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх/ үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортолсон болон худалдан авсан бараа, ажил үйлчилгээ... /–д төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй/” гэж заасан, нэхэмжлэгч “Эрдэнэс-Эрдэнэс” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, талууд уг асуудлаар маргаагүй, татвар төлөгч ирээдүйд ямар үйл ажиллагаа эрхлэх, орлого олох эсэх, уг үйл ажиллагаа нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх эсэх нь маргаан бүхий актаар тогтоосон “... /2014 онд/ улсын төсвөөс буцаан авах НӨАТ-ын үлдэгдлийг 00 төгрөгөөр” баталгаажуулсан шийдвэр, үүнд холбогдох үйл баримтад хамааралгүй тул “... /маргаан бүхий акт нь/ ирээдүйд НӨАТ-ын хасалт хийлгэх тус компанийн эрх, боломжийг хязгаарласан” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьд ... хуулийн 14.1-д заасан ... татварын хасалт хийх боломжгүй” гэх гомдол үндэслэлтэй гэж үзлээ.
Анхан шатны шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч, “... ирээдүйд бүтээгдэхүүн экспортод гаргасан тохиолдолд ... хайгуулын ажилд /өмнө нь/ төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч ... бусад төрлийн татварт шилжүүлэн тооцуулах эрхтэй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн заалтуудыг оновчтой зөв баримтлаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 420 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 309 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Татварын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.6.7, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс хүчингүй болсон/ 12 дугаар зүйлийн 12.1, 14 дүгээр зүйлийн 14.6, 14.6.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1” гэснийг “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА