Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 323

 

П.Золжаргал, С.Бат-Эрдэнэ, Л.Хүрэлчөдөр нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоол,

 Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 24 дүгээр магадлалтай, П.Золжаргал, С.Бат-Эрдэнэ, Л.Хүрэлчөдөр нарт холбогдох эрүүгийн 201605000021 дугаартай хэргийг шүүгдэгч С.Бат-Эрдэнэ, шүүгдэгч П.Золжаргалын өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж уг ялыг 1 жил тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Золжаргал нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг бүлэглэж дээрэмдэх” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, 1999 оны 11 дүгээр сарын 24-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж 2 жил тэнсэж хянан харгалзсан,

Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 135 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нийт 1 жил хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 1 дүгээр сарын 15-нд эдлээгүй үлдсэн 3 сар 20 хоног хорих ялыг тэнсэж сулласан,

Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 хоног, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж 5 жил 2 хоног хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сүхбатын Бат-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг бүлэглэж дээрэмдэх” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Домогт овогт Лувсангийн Хүрэлчөдөр нь Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийг үл мэдээлэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Хүрэлчөдөрийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Л.Хүрэлчөдөрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, П.Золжаргал, С.Бат-Эрдэнэ нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар П.Золжаргал, С.Бат-Эрдэнэ нарт эд хөрөнгө хураахгүйгээр 6 жил 1 хоног хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийтгэж, П.Золжаргалын цагдан хоригдсон 209, С.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 56 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар С.Бат-Эрдэнийн дундын өмчлөлийн 4 ханатай гэр, П.Золжаргалын эзэмшлийн угаалгын машиныг битүүмжилсэн тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Бат-Эрдэнээс 385.600 төгрөг гаргуулж хохирогч В.Нарантуяад, 500.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Даваасүрэнд тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй” гэсний дараа “... гэмт хэргийг үйлдсэн” гэдгийг нэмж,

2 дахь заалтыг “... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Л.Хүрэлчөдөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж,

9 дэх заалтыг “... Л.Хүрэлчөдөрт урьд хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай” гэж тус тус өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгч П.Золжаргал, С.Бат-Эрдэнэ, шүүгдэгч С.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Р.Уранцэцэг нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэгийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Бат-Эрдэнэ хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… 2015 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө найз Шагдаржавынд сангийн ажил хийж байхад Золжаргал “18 дугаар байранд байдаг Хургаа буюу Чимэдцэрэнгийнд очоод ирье” гээд очиход байхгүй байсан. Тэгээд гарч ирээд тамхи асаах гээд байж байхад Золжаргал урд явж байснаа орцонд нэг хүнтэй орсон. Би араас нь явж байтал гарч ирээд зугтаарай гэхэд нь би гүйж байгаад эргэж харахад нэг эмэгтэй гүйж байгаад өнхөрч унасан. Би Шагдаржавынд ороод болсон үйл явдлыг хэлсэн. 30-40 минутын дараа Золжаргал орж ирээд хүний цүнх авчихлаа гээд гар утас, 15.000 төгрөг, ном, карт, цахим үнэмлэх гаргаж ирсэн. Удалгүй Золжаргал, Хүрэлчөдөр нар архинд явсан. Тэгээд архи ууж байгаад асуухад “нэг авгай цохчихлоо цүнхийг нь нуугаад хаясан, утсыг нь аваад ирлээ нуучих” гээд өгөхөд Шагдаржав бид 2 нуусан. Маргааш нь би утсыг аваад 1 дүгээр сарын 7-8-ны хооронд хотод зарсан нь миний буруу, би дээрмийн хэрэг үйлдээгүй. Намайг хохирогч Нарантуяад 385.600 төгрөг төл гэсэн би төлөхгүй, тэр хүнийг дээрэмдээгүй, эд зүйлийг аваагүй. Харин иргэний нэхэмжлэгч Даваасүрэнд 500.000 төгрөгийг төлнө. Прокурор Билэгсайхан “чи энэ хэргийг хийсэн байгаадаа” гэж өөрийнхөө бодол үзлээр дайрч, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан болохоор энэ өнцөгөөс харж надад олон удаа энэ үгийг хэлсэн. Хохирогч “би халамцуу байсан болохоор 2 хүн л байсан”, Золжаргалтай зугтсан болохоор намайг цуг байсан байх гэж бодсон гэж шүүх хурал дээр мэдүүлсэн. 2008 оноос би гэмт хэрэг үйлдээгүй өдий хүрсэн, ажил хөдөлмөр хийж, үнэн шударгаар амьдарч ирсэн. Өмнөх ял шийтгэлээсээ ихийг ухаарч, засрал хүмүүжлээ олж амьдарч байсан. Золжаргал энэ хэрэгт Бат-Эрдэнэ хамаагүй гэж мэдүүлдэг. Та бүхэн энэ хэргийг ахин нягтлан шалгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч П.Золжаргалын өмгөөлөгч П.Өлзийбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… П.Золжаргал нь анх удаа гэмт хэрэгт холбогдож өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн бөгөөд үүнийхээ дагуу хохирогчоос уучлалт гуйж учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Гэтэл ял шийтгэл ялгамжтай оногдуулах зарчим алдагдаж, хохирлоо төлөөгүй, хувийн байдлын хувьд ялгаатай, үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлээгүй С.Бат-Эрдэнэтэй адилхан ял шийтгэл оногдуулсан нь хуульд заасан ял оногдуулах нийтлэг зарчмыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх 2-3 нөхцөл байдал тогтоогдож байхад ял хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй шүүгдэгчтэй адил ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим зөрчигдсөн. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 351 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэж ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн зарчим алдагдуулсан байх тул П.Золжаргалд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг “... мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх хэргийн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж шүүгдэгч С.Бат-Эрдэнэ, шүүгдэгч П.Золжаргалын өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч П.Золжаргал, С.Бат-Эрдэнэ нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Номгон сумын 1 дүгээр баг, 18 дугаар байрны 5 дугаар орцонд хохирогч В.Нарантуягийн нүүр рүү нь цохиж, цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдэж 2.350.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэ­ргийг үйлдсэн болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хасч хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж шүүгдэгч С.Бат-Эрдэнийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршигт тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулжээ.

Мөн шүүгдэгч Ч.Хүрэлчөдөрт холбогдох Эрүүгийг хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Харин шүүгдэгч П.Золжаргалд оногдуулсан ял хувийн байдалд нь тохироогүй байх тул Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.4 дэх хэсэгт зааснаар ямар нотлох баримтыг ач холбогдолтойд тооцох, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсгийг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх, зааж зааварлах эрхгүй болно.

Иймд шүүгдэгч С.Бат-Эрдэнийн гаргасан “... өмнө нь ял шийтгэл эдэлж байсан болохоор прокурор “чи энэ хэргийг хийсэн” гэж ялласан, П.Золжаргал “С.Бат-Эрдэнэ энэ хэрэгт хамаагүй, цагдаад мэдээлсэн гэж хардаад хамааруулсан” гэж, хохирогч “хоёр хүн зугтсан болохоор намайг цуг байсан гэж бодсон” гэж мэдүүлдэг, 2008 оноос хойш би гэмт хэрэг үйлдээгүй, ажил хөдөлмөр хийж үнэн шударгаар амьдарч ирсэн. Өмнөх ял шийтгэлээсээ ихийг ухаарч, засрал хүмүүжлээ олж амьдарч байгаа” гэх гомдол үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Золжаргалыг 5 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Бат-Эрдэнийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          ДАРГАЛАГЧ,

          ТАНХИМЫНТЭРГҮҮН                                                   Т.УРАНЦЭЦЭГ

          ШҮҮГЧ                                                                      Б.ЦОГТ