Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2022/0198

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           “Т Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                      захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2022/19 дүгээр шийдвэрийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц-н давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “Т Х” ХХК

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаартай “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаалын “Т Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг сэргээлгэх”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2022/19 дүгээр

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

 

Хэргийн индекс: 128/2021/0483/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2022/19 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2,4 дүгээр зүйлийн 4.2.6, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д заасныг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын “Т Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Т Х” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээх асуудлыг хуульд журамд нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж” шийдвэрлэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...“Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/50 тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “...аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах..., мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “азар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх…, 35.3.3-д...газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх…, 40.1.6-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэж заасныг тус тус удирдлага болгосон.

 

2.2. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч “Т Х”ХХК нь “Э Г Д” ХХК болон “А А Т” ХХК гэсэн 2 компанитай 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 3 талт хамтран ажиллах гэрээ, 2017.10.25-ны өдрийн 015/2017 дугаар хамтарсан шийдвэрийн үндсэн дээр “Богд уул” уулчдын клубыг байгуулан маргаан бүхий газар болох Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газар, Нүхтийн аманд байрлах 0.57 га газарт дотоодын аялал жуулчлал, уулын спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар түр сууцыг байгуулан 2018-2019 онуудад үйл ажиллагаа явуулж байсан, 2017 онд газрын төлбөрт 2.000.000 төгрөг, 2018 онд 6.864.000 төгрөгийг тус тус төлж байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 16/1495 дугаар албан бичиг, “Богд уул” уулчдын клубийн 2018, 2019 оны үйл ажиллагааны тайлан болон маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр ... тогтоогдож байна” гэж дүгнэжээ.

 

2.3. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ” гэж мөн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4 “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна. гэж заасан байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлд Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг зохицуулсан ба 33.1-д “...Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно...” гэж заасан гэтэл “Т Х” ХХК нь гурвалсан гэрээгээ батлуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй байгаа нь газраа ашигласан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

2.4. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компани нь 2016 онд газар ашиглах эрх авсан бөгөөд түүнээс хойш бүтэн 5 жилийн турш анхан шатны баримт бичгийн бүрдэл болох газар ашиглах гэрээгээ ч байгуулаагүй, байгаль орчны үнэлгээ хийлгэх хүсэлт ч ирүүлээгүй байхад үйл ажиллагаа явуулж байсан, хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцэхгүй байна.

2.5. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн З9 дүгээр зүйлийн 39.1. “...Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно…” гэж, 39.1.1-д “...ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах…” гэж тус тус заасан гэтэл “Э Г Д” ХХК, “А А Т” ХХК, “Т Х” ХХК-ууд 2017, 2018 онд “Хамтран ажиллах тухай гэрээ” байгуулж газраа бусдад дамжуулан ашигласан байна.

 

2.6. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь байгаль орчныг хамгаалах чиглэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах, газар ашиглагч нарын үйл ажиллагаанд өдөр тутмын хяналт тавих, газар ашиглах гэрээний хэрэгжилтийг хангах, тайлагнах, уг тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах боломжтой болон боломжгүй, мөн газар ашиглах эрхийг дуусгавар болгох иргэн, хуулийн этгээдийн талаар санал, дүгнэлтийг яаманд ирүүлсэн.

 

2.7. Мөн нэхэмжлэгчээс хэрэгт Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2021.11.30-ны өдрийн “Force major”-н гэрчилгээг гаргаж өгсөн байсан ба гэрчилгээний 2 дугаар цогцолборт “Т Х” ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 26-07/27 дугаартай хүсэлтийн дагуу тухайн гэрчилгээг гаргаж өгсөн нь илэрхий байдаг. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй хэмээн дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. 

2.8. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дугаар зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У давж заалдах гомдолд холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч “Т Х" ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаартай тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын Дархан цаазтай газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Нүхтийн ам нэртэй газар 0.57 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг

3.2. Улаанбаатар хотын хөгжил нэмэгдэхийн хирээр хотын иргэд хөдөлгөөний дутагдалд орсноос зүрх судас, чихрийн шижин, таргалалт зэрэг өвчлөлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор нэхэмжлэгч “Т Х” ХХК нь аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон газрын зэргэлдээ адил үйл ажиллагаа явуулж буй газар ашиглагч "А А Т" ХХК, “Э Г Д” ХХК-тай 2017 оны 10-р сарын 10-ны өдрийн 08 дугаартай хамтран ажиллах гурван талт гэрээ байгуулан, гэрээний 1.1, 3.1-д заасны дагуу өөрсдийн ашиглах эрхтэй газрууд дээр хамтран аялал жуулчлалын буюу морин аялал, явган аялал, шагай харваа гэх мэт үйл ажиллагааг явуулахаар харилцан тохиролцсон

3.3. Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах 08 дугаартай гэрээний 1.1, 3.1-д тус тус заасны дагуу гурван компани зохих журмын дагуу авсан газар дээрээ “А” тал буюу “Т Х” ХХК нь аялал жуулчлалын үйл ажиллагааг гардан явуулах, “Б” тал буюу “Э Г Д” ХХК нь зочид, жуулчдыг хүлээн авах байрлуулах амруулах, амруулах түр сууцыг байрлуулах, “В” тал буюу “Аптан Анд Трейд” ХХК нь зочид, жуулчдад эрүүл ахуйн шаардлага хангасан халуун хоол унд, уух зүйлсийг нийлүүлэх замаар нийслэлийн иргэдэд зориулан уулын спортын чиглэлээр дотоод аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулж, гэрээний 3.2-т заасны дагуу ашгийг адил тэнцүү авахаар тохиролцсон болохоос нэхэмжлэгч “Т Х” ХХК нь өөрийн ашиглах эрхтэй газраа бусад компанид ашиглуулсан зүйл огт байхгүй болно

3.4. Нөгөөтээгүүр Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 07-р сарын 26-ны өдрийн 1186 дугаартай албан бичигт “...2015 оны 12-р сарын 22-ны өдрийн А/433 тоот тушаалаар ашиглах эрх авсан 7 га газар нь мэдээллийн санд шалгаж үзэхэд бусад иргэн, аж ахуй нэгж байгууллагын ашиглалтын талбайтай давхцаагүй байгаа боловч тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS6426-2013 стандарт зөрчигдөж байна...” гэсэн байгаа нь нэхэмжлэгч “Т Х” ХХК нь бусад газар ашиглагч компаниудтай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу аялагч жуулчдад зориулсан түр сууцаар ханган, газар дээрээ зориулалтын дагуу аялал жуучлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсан болохыг 2019 оны байдлаар төрийн байгууллага шалган тогтоож байсан байж 2021 онд буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлын үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан болохыг анхаарч үзнэ үү.

3.5 Мөн нэхэмжлэгч “Т Х”  ХХК нь газрыг зориулалтын дагуу буюу дотоод аялал жуулчлалын үйл ажиллагааг 2017-2019 онуудад явуулж байсан болон 2020 он гарснаар Монгол Улс төдийгүй дэлхийн нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас улбаалан Засгийн газар, нийслэлийн Засаг даргын удаа дараагийн шийдвэрээр нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаа хязгаарлалтад орж давагдашгүй хүчин зүйлийн улмаас газраа ашиглах боломжгүй болсон болох нь “Богд уул” уулчдын клубын 2018, 2019 оны үйл ажиллагааны тайлан болон шүүхээс газар дээр хийсэн үзлэг, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар нотлогдож байгаа, мөн 2020 он гарснаар цар тахал гарч давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал байсан болох нь нийтэд илэрхий бөгөөд анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн.

 

3.6. Нөгөөтээгүүр Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох журам”-ын 3.4-т ".. гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаапалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй,. ’’ гэж заасан, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.2, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44,8, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д тус тус заасны дагуу газар ашиглагч иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг төрийн байгууллага гүйцэтгэхээр хуульчилж өгсөн боловч төрийн байгууллагын ажлын уялдаа холбоо муу, нэгдмэл байдал, залгамж халаагүй байдлаас болж нэхэмжлэгч компанитай газар ашиглах гэрээг байгуулаагүй, газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заасны дагуу гэрээний биелэлтийг жил бүр дүгнээгүй байж нэхэмжлэгч компанийг Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч компанийн зүгээс удаа дараа гэрээ байгуулж өгөхийг холбогдох төрийн байгууллагад хүсэлт гаргаж байсан боловч төрийн байгууллагын уялдаа холбоо, залгамж халаагүй байдлаас болж гэрээг цаг тухай бүрт нь байгуулаагүй нь хариуцагч талын буруутай үйлдэл болсон.

3.7. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо “...Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь байгаль орчны хамгаалах чиглэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах, газар ашиглагч нарын үйл ажиллагаанд өдөр тутмын хяналт тавих, газар ашиглах эрхийг дуусгавар болгох иргэн, хуулийн этгээдийн талаар санал, дүгнэлтийг яаманд ирүүлсэн..." гэжээ.

3.8. Маргаан бүхий тушаалын 1-д “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйп ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө бүрэн төлөөгүй иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын санал, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосугай... гэсэн байх боловч дээрх Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 16/4670 дугаар, 2021 оны 365 дугаартай албан бичгийн хавсралтад болон Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 16/4885 дугаартай албан бичиг тус газрын 2020 оны 16/4670 дугаартай албан бичгийн хавсралтад дурдсан иргэн, аж ахуй нэгж байгууллагын нэрс дотор “Т Х” ХХК-ийн нэр байдаггүй, эрүүгийн цагдаагийн албаны 2021 оны 11и-3/8004 дугаартай албан бичгээр “Т Х" ХХК-д холбогдох хэрэг шалгагдаагүй гэсэн албан бичиг ирсэн байдаг

3.9. Нөгөөтэйгүүр хариуцагч нь дээрх маргаан бүхий А/50 дугаартай тушаал гаргахдаа Захиргааны еренхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нехцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-д тус тус заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэн, эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийн тайлбар, санал гаргах боломжийг хангах үүрэгтэй байтал нэхэмжпэгч компанид тус газартай холбоотой ямар нэгэн мэдэгдэл, хуулиар заасан сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж байгаагүй нь компанийн нэр дээр олгосон газрын “Б” хэсгийг хучингүй болгосон хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6 /бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах/-д заасан зарчмын агуулгыг зөрчсөн хариуцагч талаас хуулиар хүлээсэн сонсох ажиллагааны мэдэгдэл хүргуүлж байгаагүй бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10-р сарын 11-ний өдрийн 01/4767 дугаартай анхан шатны шүүхэд ирүүлсэн албан бичигт "... “Т Х” ХХК-д сонсох ажиллагааны мэдэгдэл, албан бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хүргүүлж байгаагүй болно” гэсэн байгааг анхаарч үзнэ үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу шүүхийн шийдвэрийг хянахад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

2. Нэхэмжлэгч “Т Х” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/50 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 27 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн 104 аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Хавсралтын 52-т зааснаар нэхэмжлэгч компанийг “газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалжээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 2016 оны 2016/415 дугаар гэрчилгээ авснаасаа хойш 2017 онд бусадтай хамтран ажиллах гэрээ байгуулж, уг газраа дотоодын аялал жуулчлал, уулын спортын чиглэлээр түр сууцыг байгуулан 2018-2019 онд үйл ажиллагаа явуулж байсан нь хэрэгт авагдсан “Богд-Уул” уулчдын клубын тайлан, хамтран ажиллах гэрээ, үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдсон, түүнээс хойш Засгийн газраас  цар тахалтай холбоотой бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих тогтоол гарсантай холбоотойгоор хүндэтгэн үзэх шалтгаанаар газраа ашиглах боломжгүй байсан нь Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр тогтоогдсон гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.2-т зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахдаа бүрдүүлэх анхан шатны баримт болох байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хийлгэх хүсэлт ч ирүүлээгүй нь газраа ашигласан гэж үзэх үндэслэлгүй байхад анхан шатны шүүх үйл ажиллагаа явуулж байсан, хүндэтгэн үзэх шалтгаантай гэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Тусгай хамгаалалтай газар нутгийн хуульд нийцэхгүй” гэснийг хүлээж авч хангах үндэслэлгүй байна. 

5. Учир нь маргаан бүхий захиргааны акт болох хариуцагчийн гаргасан А/50 дугаар тушаал нь нэхэмжлэгчийг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй гэх үндэслэлээр гараагүй байх тул энэхүү гомдлоор шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

6. Мөн гомдолд “... нэхэмжлэгч нь “Э Г Д” ХХК болон “А А Т” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, газраа бусдад дамжуулан ашигласан нь Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 39.1.1-д дамжуулан ашиглахыг хориглохоор заасныг зөрчсөн” гэжээ.

7. Нэхэмжлэгч “Т Х” ХХК-ийн 2017, 2018 онд дээрх компаниудтай хамтран ажиллах гэрээнээс үзвэл өөрсдийн ашиглах эрх бүхий газар дээр явган аялал, торин аялал, шагай харваа гэх мэт үйл ажиллагаа явуулж, зочид, аялагчдыг хүлээн авах түр сууцыг байрлуулах, ая тухай байдлыг хангах үйлчилгээг хамтран хөрөнгө оруулан үзүүлж, ашгийг хуваан авахаар тохирсон, мөн “Богд-Уул” уулчдын клуб нь уулын спортын чиглэлээр аялал зохион байгуулж явуулж байсан зэргээс үзвэл газраа өөрөө ашиглаагүй, бусад компанид дамжуулан ашиглуулсан гэж үзэхээргүй байна.

8. Гомдолд “... Богдхан уулсын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь ... өдөр тутмын хяналт тавих, газар ашиглах гэрээний хэрэгжилтийг хангах үйл ажиллагаа явуулж, мөн газар ашиглах эрхийг дуусгавар болгох иргэн, хуулийн этгээдийн санал дүгнэлтийг ирүүлсэн ...” гэх боловч хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь тухайн санал дүгнэлт үндэслэлтэй эсэхийг буюу Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн эсэхэд хяналт тавьсны үндсэн дээр тухайн хуулийг үндэслэж нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг цуцлах шийдвэр гаргах үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй байна.

9. Мөн гомдолд “... нэхэмжлэгчээс 2021.11.30-ны өдрийн Force major-н гэрчилгээг гаргаж өгсөн нь илэрхий байхад шүүх үүнийг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаанаар газраа ашиглаагүй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй” гэжээ.

10. Тухайн гэрчилгээг авсан огнооноос илүүтэйгээр гэрчилгээнд тусгагдсан “... 2017 оны хамтран ажиллах гэрээний заалтын дагуу Засгийн газраас 2020, 2021 онд тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон үед хязгаарлалт тогтоогоогүй үйл ажиллагааны ангилалд аялал жуулчлалын үйл ажиллагаа ороогүй тул “гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл мөн ...” гэх нөхцөл байдлыг анхан шатны шүүх үнэлж, нэхэмжлэлийг хангасан байх тул мөн гомдлыг хангах үндэслэлгүй.

11. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2022/0019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                          Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                          С.МӨНХЖАРГАЛ