Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/01349

 

“Э Г”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00198 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 825 дугаар магадлалтай,

“Э Г”ХХК-ний нэхэмжлэлтэй

Б.Э, Ж.Бнарт холбогдох

Сургалтын төлбөр 22 563 739,35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Бын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрхэмбаатар, Б.Оргилбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүн, түүний өмгөөлөгч Д.Хишигбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч Ж.Эрхэмбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э Г”ХХК нь ерөнхий боловсрол олгох үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ хүрээндээ Их Британи Умард Нидерландын нэгдсэн Вант улсын суурь боловсролын стандартыг Монгол Улсад нэвтрүүлээд 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж, 6 дахь улиралдаа хүүхдүүдийг авч сургаж байна. Энэ стандартыг бид өөртөө авч Монгол Улсад дэлхийн хэмжээний боловсролыг олгох үйл ажиллагааг эрхлэхийн тулд 3-4 жилийн цаг хугацаагаа зарцуулсан. Энэ хугацаанд бид Их Британи Умард Нидерландын нэгдсэн Вант улсын боловсролын стандарт байгууллагаас тавигдсан бүхий л шаардлагыг хангаж, энэ сертификат зөвшөөрлийг авсан байгаа. Мөн Монгол Улсад суурь боловсрол эзэмших, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг холбогдох дүрэм журамд заасан шаардлагыг хангаснаар Боловсролын яамнаас тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа. Хариуцагч Б.Э, Ж.Бнартай 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээгээр тэдний хүүхэд болох Ж.Б, Ж.Б нарт боловсрол олгох үүргийг манай сургууль хүлээж, эцэг эх нь тухайн жилийн сургалтын урьдчилгаанд тогтоосон тарифын дагуу төлбөр төлөх үүрэг хүлээсэн. 2014 оноос хойш 2015-2016 оны хичээлийн жилд Ж.Б, Ж.Б нар суралцаж байсан. 2017 оны 3 сард тэдгээрийг сургуульд явуулахгүй гэсэн шийдвэрийг эцэг, эх нь гаргасан. Хариуцагч нараас гаргаж байгаа тайлбараар үр хүүхдийг нь хулгайч гэж дуудаад, гэмт хэрэгт тооцож, нэр төрийг гутаасан, залхаан цээрлүүлсэн зүйл огт болоогүй. 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр илтгэх хуудас гэх материалыг хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн. Илтгэх хуудсыг шүүх дээр Б.Эын нэхэмжлэлтэй хэрэг хянан хэлэлцэж байхад танилцсан. Илтгэх хуудас нь захиргааны байгууллагын дотоод актад байж боломжгүй нэр томьёог хэрэглэсэн, өөрт байхгүй эрхээ эдэлсэн, гэмт хэрэг илрүүлээд нэр төрийг гутаасан гэж үзэж гүтгээд байгаа зэрэг нөхцөл нь илтгэх хуудаснаас харагдаж байна. Сургуулийн хувьд эцэг эхчүүдээс нэг анги тутамдаа 10-15 мянган долларын төлбөр авдаг, мөн манай сургуулийн 99 хувь нь Их Британи Умард Нидерландын нэгдсэн вант Улсын иргэд байдаг. Бид энэ салбартаа цаашдаа олон жил үйл ажиллагаа явуулах учраас сургуулийн нэр хүнд, сурагчидтай харилцах харилцаанд маш анхааралтай хандах, олон давхар хяналт шалгалт явагддаг. Тухайн үед болсон асуудлыг дотооддоо авч хэлэлцэхэд зөвшөөрөлгүйгээр авсан учраас бид ийм шийдвэр гаргасан. Тиймээс анги хамт олноос уучлалт гуйлгасан гэдэг тайлбар хэлдэг. Бид багш нараа зөвтгөж байгаа. Хулгай хийсэн тохиолдолд дотоод журамд зааснаар сургуулиас шууд хөөх санкцитай байгаа. Байгууллагын дотоод журамтай Б.Э, Ж.Бнар танилцаад, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа. Бид харин ч хүүхдүүдийн ирээдүйг бодоод сургуульдаа үргэлжлүүлэн суралцах боломжоор хангахад нээлттэй байсан. Гэвч өөрсдөө татгалзсан. Бидний байгуулсан гэрээгээр нийт сургалтын 2/3-оос дээш суралцсан бол жилийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй, явцын дунд гэрээ цуцлагдах асуудал байгаа. Үүнийг тухайн үед тохирч гэрээ хийгээд шийдвэрлээд явдаг. Гэтэл энэ тохиолдолд сургалт 3 сар хүртэл буюу сургалтын жилээс 2 сарын өмнө гэрээ цуцалъя гэсэн асуудал тавьсан учраас нэгт сургалтын төлбөрийг буцаан олгохгүй, хоёрт үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсан. Хоёр хүүхдийн 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр нийлээд 9 565 ам.долларын үлдэгдэл байгаа. Үүнийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн валютын ханшаар хөрвүүлэхэд 22 563 739,35 мөнгө болж байгаа тул хариуцагч Б.Эаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүн шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан цаг хугацаа буюу 2017 онд Ж.Б, Ж.Б нар нь Бритиш сургуульд 2 дугаар улиралд суралцаагүй, өөр сургуульд суралцсан. Суралцахаа больсон шалтгаан нь Бритиш сургуулийн багш П Нгэгч этгээд нь Ж.Бг хулгайч хэмээн дуудаж, хараан загнаж, сургуулийн бүх ангиудаар чирж, энэ хулгайч хэмээн гүтгэн хүүхдийн эрхэд ноцтойгоор халдсан байдаг. Ийм увайгүй үйлдлээс болж Ж.Б, түүний ихэр Ж.Б нарын сэтгэл санаанд өөрчлөлт орж айсан, эмээсэн, ичсэн сэтгэл зүйтэй болж, сургуульд үргэлжлүүлэн суралцах ямар ч боломжгүй болсон. Түүнчлэн сургуулийн хүүхдүүдээс хулгайч хэмээн гоочилж шоглосны улмаас суралцах хүсэлгүй болж, сэтгэл санааны хохирол амссан байдаг. Энэ талаар Хан-Уул дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс илтгэх хуудсаар дүгнэж дээрх Ж.Б, Ж.Б нарт мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө авахуулах шаардлагатай, Бритиш сургуулийн захиргаанд шаардлага хүргүүлж, арга хэмжээ авах болохыг мэдэгдсэн байдаг. Иймд Бритиш сургуульд Ж.Б, Ж.Б нь нэхэмжлэлд дурдсан хугацаанд суралцаагүй, өөр сургуульд суралцсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00198 дугаар шийдвэрээр Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.6-д зааснаар Б.Эаас 5 912 ам.доллар буюу 14 295 216 төгрөг гаргуулж “Э Г”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 653 ам.доллар буюу 8 268 523.35 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Эаас 229 426 төгрөг гаргуулж “Э Г”ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 825 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00198 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э Г”ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147 250 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүний давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 770 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Бхяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3. 168.1.7 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг үндэслэлгүйгээр анхан шатны шүүх рүү буцаасан байна. Давж заалдах шатны шүүх нь Х.Б. П Ннарын гэрчийн мэдүүлэг нь хэрэгт ач холбогдолтой байж болно хэмээн дүгнэжээ. Хариуцагчид нь 2017 оны 10 сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж “Э Г”ХХК-г хариуцагчаар татсан билээ. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь сурагч Ж.Б, Ж.Б нарт учирсан гэгдэх сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус үйлдлийг тогтоолгох зэрэг болно. Хариуцагчид нь сөрөг нэхэмжлэл гаргаж хэргийг хамтад нь шийдвэрлүүлэх боломжтой атал энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдагдаж буй үйл баримт, үндэслэл нь Б.Э А.Ж.Бнарын нэхэмжлэлтэй иргэний хэргээр хянан шийдвэрлэгдэж байгаа болно. Өнөөдрийн байдлаар тус иргэний хэрэгт шинжээч томилон, хэргийг түдгэлзүүлсэн байдалтай байна. Энэхүү иргэний хэрэг нь цаг хугацааны хувьд 201 8 оны 01 сарын 24-нд буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс өмнө үүсч, хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдсан тул шүүгч “Э Г”ХХК-н нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ Б.Э, А.Ж.Бнарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт холбогдох нотлох баримт болох гэрчээр асуулгах, шинжээч томилуулах хүсэлтийг хангахгүй шийдвэрлэсэн байдаг. Хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь Б.Э. А.Ж.Бнарын нэхэмжлэлтэй хэрэгт П Н. Х.Бнарыг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргаж шүүх бүрэлдэхүүн зохих журмын дагуу шийдвэрлэсэн байдаг. Бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “Сургууль эцэг эхтэй байгуулах гэрээ”-г цуцалсантай холбогдуулан сурагчдын суралцаж байсан хугацааны үлдэгдэл төлбөрийг гаргуулах билээ. “Сургууль эцэг эхтэй байгуулах гэрээ” нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний нэг төрөл байна. Хөлсөөр ажиллах гэрээний хувьд ажиллуулагч ямар шалтгаанаар гэрээг цуцалснаас үл хамааран хөлсөөр ажилласан хугацааны хөлс төлөх нь зайлшгүй билээ. Хэрэгт авагдсан нотлох баримтаар сурагч Ж.Б, Ж.Б нар нь 2017 оны 04 сарын 18-ны өдөр сургуулийн бүртгэлээс хасагдсан болон энэхүү өдөр хүртэлх суралцсан төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй болох нь нотлогддог. Иймд Х.Б, П Н нарыг гэрчээр асуулгах шаардлагагүй юм. Анхан шатны шүүх нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрчээр асуулгах хүсэлтийг хангаагүй нь үндэслэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож буй нь үндэслэлгүй байна. Мөн Х.Бнь “Э Г” ХХК-н гүйцэтгэх захирал буюу хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий субьект билээ. Иймд түүнийг гэрчээр дуудах боломжгүй юм. Харин П Ны хувьд 2017 оны хичээлийн жилд тус сургуульд ажиллах гэрээний хугацаа нь дуусч Их Британи улс руу буцсаныг дурьдах нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцах, тэмдэглэл хийх зэрэг нь зохигчдын эдлэх эрх байна. Өөрөөр хэлбэл талууд энэхүү эрхээ эдлэх эсэх нь өөрсдийн дур зоргын асуудал билээ. Харин шүүх нь зохигчид энэхүү эрхээ хэрэгжүүлэхийг хүссэн тохиолдолд хэргийн материалтай танилцуулах үүргийг хүлээнэ. Хариуцагчид нь 2018 оны 01 сарын 08-ны өдөр хэргийн материалтай танилцсан байдаг. Харин үүнээс хойш буюу 2018 оны 01 сарын 24-нд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх өдөр хүртэл шүүх нь хэргийн материалтай танилцах бололцоогоор талуудыг нэгэн адил хангаж байсан. Хариуцагч энэхүү эрхээ эдлээгүй нь түүний хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь мөн үндэслэлгүй байна. Иймд 825 дугаар магадлалыг хүчингүй болгож давж заалдах гомдлын шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь хуулийн үндэслэлтэй гэж үзэв. Магадлалд заасан зарим эрх зүйн дүгнэлт хэргийн бодит байдалд тохироогүй боловч хэргийн материалыг бүрэн танилцуулаагүйгээс зохигч талууд мэтгэлцэж чадаагүй, нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй нөхцөлд баримтыг үнэлэх боломжгүй талаарх дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Магадлалд заасан үндэслэлээс гадна шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байгааг нэмж дүгнэх шаардлагатай гэж хяналтын шатны шүүх үзэв.

Хариуцагч Б.Э, Ж.Бнараас тэдгээрийн хүүхдүүдийн сургалтын төлбөрийн дутуу 22 563 739 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Э Г”ХХК-ийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, маргааны ач холбогдол бүхий байдлыг тодруулаагүй нь шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэл болжээ. 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн зарим хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг зөрчөөгүй байна. Х.Бнь “Э Г”ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд бөгөөд нэхэмжлэлээ дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, багш П НМонгол улсаас явсан тул “...Х.Б, П Ннарыг гэрчээр асуулгах”-ыг хүссэн хариуцагчийн хүсэлтийг анхан шатны шүүх хангаагүй явдлыг буруутгах үндэслэлгүй юм. 

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.6 дах хэсгийг баримталсан ба шаардах эрхийг зохицуулсан хэм хэмжээг хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу болжээ. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл маргааны ач холбогдол бүхий байдал тодорхой бус байна. Тухайлбал, нэхэмжлэгч нь хариуцагч нарын хүүхдүүдийг 2017 оны 4 дүгээр сарын 18-ныг дуустал буюу 2-р улиралд бүрэн суралцсан гэсэн бол хариуцагч нь хүүхдүүдийг 2-р улиралд бүрэн суралцаагүй, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр багш П Нхүүхэдтэй зүй бус харьцснаас хүүхдүүд сургуульдаа явж чадахаа больсон гэж маргасан ба шүүх энэ талаар мэтгэлцүүлж, хүүхдүүд ямар хугацаанд суралцсан үйл баримтыг бодитой тогтоож чадаагүй байна. Улмаар хүүхдүүд өөр сургуульд суралцахдаа үргэлжлүүлэн суралцсан эсэх нь маргааны үйл баримтад ач холбогдолтой юм.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Бямбажавт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байхад шүүх энэ талаар шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.

Эдгээр үндэслэлээр хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт өгөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.  

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 825 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 147 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА