| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагдоржийн Төмөрбат |
| Хэргийн индекс | 128/2018/0080/З |
| Дугаар | 279 |
| Огноо | 2018-05-02 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 279
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийж, Э.Т-ын нэхэмжлэлтэй, “Газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөн олговор олгохыг даалгах” шаардлага бүхий Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б, хариуцагч Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, М.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Т нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Э.Т нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/38 дугаар захирамжийн дагуу Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, ... тоот 67 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшиж, 00054... дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Тухайн газрынхаа баруун талд залгаа ... тоот хаягт байршилтай 153 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж 176 м.кв талбай бүхий 2 давхар объекттой юм.
Гэтэл 2017 оны 10 дугаар сард газрын мэргэжилтэн М.У нь манай газрыг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй үерийн далангийн трасст өртөж байгааг мэдэгдсэн. Улмаар “М О Т” ХХК-аар эзэмшил, өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийлгэж, нийт 44,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь энэ үйл явдал болохоос 2 жилийн өмнө буюу 2015 онд Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 24/04 дүгээр тогтоолын дагуу хийгдэх Эрдэнэтолгой, УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах далангийн барилга угсралтын ажлын трасст манай газар хамаарч байгаа. Бидэнд газар чөлөөлөх талаар мэдэгдэж, нөхөн олговор авахад бүрдүүлэх материалыг ирүүлэх талаар мэдэгдэл ирүүлж байсан.
Тухайн үед газар дээр миний ээж Ц.М амьдарч байсан. Харин би гадаадад байсан учир ээж түүнтэй холбоотой материалыг бүрдүүлж өгөхөд газар чөлөөлүүлэх, нөхөн олговортой холбоотой асуудлыг хариуцаж байсан газрын албаны мэргэжилтэн Н.Ц хүлээн авсан. Улсын хөрөнгийн үнэлгээчин Д.Б, Д.Э нар ирж үнэлгээ хийж газар болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нийт 97,988,657 төгрөгөөр үнэлсэн. Мөн дээрх үнэлгээгээр улсын төсөвт суутгагдаж байгаа тайлбарлаж байсан.
Үүнээс хойш бидэнтэй дээрх асуудлаар харилцаагүй бөгөөд үерийн далангийн барилга угсралтын ажил хийгдэхээ больсон гэж бодож байтал гэнэт 2017 оны 10 дугаар сарын сүүлээр үерийн далангийн барилга байгууламжийг барьж байгаа гэх “А” ХХК нь манай газрын ойролцоо нүх ухаад эхэлсэн. Тухайн үед манайд ерөөсөө газар чөлөөлөх талаар мэдэгдээгүй /2015 оноос хойш/ тул үйл ажиллагааг зогсоож Нийслэлийн газрын албанд хандахад яаралтай ирж нөхөн олговрын үнэлгээ хийлгэ гэж мэдэгдсэн.
2015 онд хийгдсэн үнэлгээгээр миний газар болон үл хөдлөх эд хөрөнгө бодитой үнэлэгдсэн тул Нийслэлийн газрын албанаас тэрхүү үнэлгээг гаргаж өгөхийг шаардахад “материалуудыг чинь эрээд олохгүй байна, хариуцсан мэргэжилтэн нь солигдсон” гэх хариуг өгдөг.
Миний зүгээс уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэтэл манай зүүн талаар байшингийн суурь харагдах хэмжээнд тулгаж үерийн далангийн нүх ухаж эхэлсэн. Учрыг асуутал танайх үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул хажуугаар чинь гаргаж байгаа гэж байсан. Хүний хувийн өмчид нөхөн олговрыг анхны үнэлгээгээр өгөхгүйгээр халдан, хувийн өмчийг минь үнэгүйдүүлж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газрын алба нь ямар ч тохиолдолд нөхөн олговор олгох нь зүй ёсны хэрэг байтал нөхөн олговор олгохгүй байгаа нь Монгол Улсын Газрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх
тухай хуулийг зөрчсөн хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна.
Дээрх асуудлаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр миний 8800.... дугаарын утсанд “Таны газар үерийн далангийн трасст өртөөгүй байна.” гэсэн хариу өгсөн тул ийнхүү шүүхэд хандаж байна.
Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Амгалан орчмын нутаг дэвсгэр дэх үерийн ус зайлуулах байгууламжийг тавих ажлын трасст Э.Т-ын өмчлөлийн газар бага хэмжээгээр өртөх магадлалтай байсан тул Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Өмч, газрын харилцааны албаны захиалгаар мэргэшсэн үнэлгээчин Д.Б, Д.Э, Б.Э нар хийж гүйцэтгэн, нөхөн олговрын нийт дүнг 97,988,657 төгрөгөөр тооцсон байна.
Тухайн үед Э.Т дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй үерийн далан барих ажилд удаа дараа саад учруулж байсны улмаас бүтээн байгуулалтын ажил зогсож, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх халуун усны гудамжны ойр орчмын айл өрхүүд усанд автах эрсдэл үүссэн тул хөндлөнгийн байгууллагаар дахин үнэлгээ хийлгэх шаардлага үүссэн. Хөндлөнгийн үнэлгээг “М-О” трейд ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд нөхөн олговрын нийт дүнг 44,889,695 төгрөгөөр тооцсон байдаг.
Дээрх үнэлгээний дүн нь Сангийн сайдаас эрх олгогдсон мэргэшсэн үнэлгээчид болон үнэлгээний байгууллагаас гаргасан дүн бөгөөд Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газрын алба үнэлгээ гаргадаггүй болно.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 8,10,12,17 дугаар хороодын нутаг дэвсгэр Эрдэнэтолгой, Ус-15 орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламж барих ажлыг гүйцэтгэгч “А” компаниас бүтээн байгуулалтын ажлын трасст Э.Т-ын өмчлөлийн газар өртөхгүйгээр нийтийн эзэмшлийн талбайгаар дайран өнгөрч байгаа талаар Нийслэлийн Газрын албанд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 01/137 дугаартай албан бичгийг ирүүлсэн байна.
Иймд иргэн Э.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 08, 10, 12, 17 дугаар хороодын нутаг дэвсгэрт дайран өнгөрөх он дамжин хийгдэж буй Ус-15, амгалан орчмын үерийн далангийн трасст иргэн Э.Т-ийн өмчлөлийн газар багахан хэмжээгээр орсон.
2015 онд тус газар дээр Э.Т нь хүнсний дэлгүүр ажиллуулж байхдаа Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт халуун усны гудамж ... тоотод байрлах барилга байгууламжинд өртсөн иргэдийн өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын үнэлгээний тайлангаар 97,988,657 төгрөгөөр Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчин Д.Б үнэлээчин үнэлсэн байдаг.
Тухайн үед иргэн Э.Т нь энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй тухай үйл ажиллагааг явуулахгүй саад учруулж байсан бөгөөд 2017 онд хөрөнгийн үнэлгээний “М-О т” ХХК нь “Хөрөнгийн үнэлгээний тухай” хууль болон Олон улсын үнэлгээний стандартад заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үнэлж, нөхөн төлбөрийн зах зээлийн үнэ, цэнийг үндэслэн 44,889,695 төгрөг болохыг тодоройлсон болно.
Нийслэлийн Газрын албанд “А” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/137 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны ... тоот оршин суух Э.Т-ийн газар болон хашаанд орохгүйгээр хажуугаар нь өнгөрч байгаа тухай мэдэгдсэн байна.
Иймд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй Ус-15 орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламж хийгдэж байгаа тул дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Э.Т-ын нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газрын албанд холбогдуулан гаргасан “Газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөн олговор олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Э.Т нь “өөрийн өмчлөлийн газрын хажуугаар үерийн ус зайлуулах хамгаалалт хийсэн нь хувийн өмчийг үнэгүйдүүлсэн тул анх 2015 онд 97 сая төгрөгийн үнэлгээ хийгдсэний дагуу нөхөн олговор олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус тул нөхөн олговор олгох ёстой” гэж маргасан.
Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 11 дүгээр гудамж, ... тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн Г-220400... дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18649309688802 дугаар бүхий 153 м.кв талбайтай газар, уг газар дээрх байрлалтай 176,6 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгч байна. Мөн Э.Т нь уг газрын хил залгаа ... тоот хаягтай нэгж талбарийн 18649309694804 дүгээр бүхий 67 м.кв талбай газрыг Баянзүрх дүүргийн Газрын албанаас 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр олгосон 00054.... дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшдэг байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар анх Э.Т-ын өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгө байгаа газраар “А” ХХК-ийн Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай байгуулсан гэрээгээр хийгдэх Эрдэнэтолгой УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламж дайран өнгөрөхөөр төлөвлөгдөж байсан боловч нэхэмжлэгч нь 2017 онд “М-О т” ХХК-ийн дахин хийсэн 44,889,695 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас үерийн ус зайлуулах хамгаалалтын барилгын өмчлөлийн газрыг дайран өнгөрөхгүйгээр хилийн заагаар 2017 оны 12 дугаар сард хийгдсэн болох нь тогтоогдлоо. Тухайлбал, Нийслэлийн Газрын албанаас 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 08/4179 дугаар албан бичгээр Э.Т-д “...нөхөн олговортойгоор газар чөлөөлөх саналыг гаргаж танд үнэлгээг хүргүүлэн танилцуулсан боловч үнэлгээг зөвшөөрөөгүйн улмаас бүтээн байгуулалтын ажил зогсоод байна, ...шийдвэрээ эргэн харж үзнэ үү” , Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4/2636 дугаар албан бичигт “иргэн Э.Т-ын газар өртөж байгаа бөгөөд тухайн хэсгийн газар чөлөөлөөгүйгээс шалтгаалан...” , “А” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/120 дугаар албан бичигт “....газрын албатай тохиролцоонд хүрээгүй гэх шалтгаанаар газраа ухуулахгүй байгаа тул 20 м газарт суваг хийгдэхгүй үлдэхээр байна” , мөн компанийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/123 дугаар албан бичигт “...Э.Т-ын газар болон хашаанд орохгүйгээр хажуугаар нь өнгөрч байна” , Э.Т-ын Нийслэлийн Газрын албанд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан өргөдөлдөө “...44,000,000 төгрөгөөөр үнэлсэн. Би энэ үнэлгээг зөвшөөрөхгүй” зэрэг.
Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-д “улсын чанартай зам, шугам сүлжээ, барилга байгууламж барих” гэж заасны дагуу иргэний өмчийн газрыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нөхөн олговортойгоор эргүүлэн авч болохоор хуульчилжээ. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авахад газар өмчлөгч болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь асуудлыг урьдчилан тохиролцоно” гэж зааснаар Засаг дарга газар өмчлөгч иргэнтэй харилцан тохиролцож зөвхөн гэрээний үндсэн дээр нөхөн төлбөртэйгээр эргүүлэн авч иргэний газар өмчлөх эрхийн харилцааг дуусгавар болохоор хуульчилжээ.
Гэтэл Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах” гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.Т-ын газар өмчлөлийн эрх ямар нэгэн хэмжээгээр хязгаарлагдаагүйгээс гадна өмчлөх эрхээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж байгаа бөгөөд үерийн хамгаалалтын барилга байгууламж нь түүний газраар дайрч гараагүй, давхцаагүй болох нь нотлох баримтуудаас харагдаж байна.
Түүнчлэн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.1-д “газрын үнэ”, 32.5.2-т “тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэ”, 32.5.3-д “өмчлөгчөөс уг газарт зарцуулсан хөрөнгө, газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авснаас өмчлөгчид учрах хохирлын хэмжээ”, 32.5.4-т “улсын тусгай хэрэгцээнд авах газрын хэмжээ”, 32.5.5-д “улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг сольж олгох газрын байршил, хэмжээ, төлөв байдал, чанар” зэрэг нөхцөл байдлуудыг газрын үнэлгээ хийхдээ харгалзан үзсэн байх шаардлагын дагуу анх 2015 онд хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин Д.Э, Б.Э, Д.Б нарын хийсэн үнэлгээний тайлан ёсоор Э.Т-ын өмчлөлийн /тухайн үед иргэн Ц.М-ийн өмчлөлд байсан/ нэгж талбарын 186493096... дугаар бүхий 153 м.кв талбайтай газрыг бүхэлд нь 11,141,136 төгрөгөөр, барилга байгууламжийг 86,847,251 төгрөгөөр тус тус үнэлжээ. Харин хөрөнгийн үнэлгээний “М-О т” ХХК-ийн 2017 онд хийсэн үнэлгээний тайлан ёсоор өмчлөлийн 153 м.кв газраас үерийн хамгаалалтын барилга байгууламжид хамаарах 12.21 м.кв өмчлөлийн газрыг 1,525,633 төгрөгөөр үнэлж, барилга байгууламжийг 43,364,062 төгрөгөөр тус тус дахин үнэлжээ.
Иймээс Э.Т-тай нийслэлийн Засаг дарга түүний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эгүүлэн авах талаар шийдвэр гаргаж гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгч нь өөрийн өмчийн газар болон үл хөдлөх эд хөрөнгөө бүрэн хэмжээгээр эзэмшиж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах эрх зүйн үндэслэл байхгүй гэж шүүх дүгнэлээ.
Харин үерийн хамгаалалтын барилга байгууламж баригдсаны улмаас Э.Т-ын эд хөрөнгөд бодит хохирол учирсан бол тэрбээр хохирол барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 32 дугаар зүйлийн 32.1.3, 32.5-д заасныг баримтлан Э.Т-ын Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын албанд тус тус холбогдуулан гаргасан “Газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөн олговор олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ