Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 166

 

2020/ШЦТ/166

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э-р хөтлүүлж,

Улсын яллагч: С.Б

Шүүгдэгч: Э.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Э.Г-д холбогдох  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ажилгүй, малчин, Ам бүл 2, Ээжийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац баг, Агуйтын ам гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй Б овогт Э.Г, РД:АА;

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Г нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайрбор багийн нутагт иргэн Б.Ч-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний биед баруун нүдний зовхи, уруулын дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Эрүүгийн тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

Хохирогч Б.Ч-н өгсөн: “...Гараараа миний толгой хэсэгт буюу нүд, зүүн баруун шанаа, уруул руу нилээн олон удаа цохисон. Мөн толгойруу 3 удаа баруун нүд хамар хэсэгт мөргөсөн. Би гомдолтой байна. Би эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. ....” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/,  

Хохирогч Б.Чын дахин өгсөн: “...Миний өмнө мэдүүлсэн зүйл бүгд үнэн, надад нэмж ярих зүйл байхгүй ээ. Өмнө нь Г намайг зодож байхад Т оролцоогүй ээ. Бид хоёр салаад би Г-ыг цохиж авах гээд дайрахад миний дээлний хоёр нударган дээрээс бариад авсан. Тэгсэн Г намайг хэд хэд цохиод авсан. Тэгээд дараа нь Г миний шүдийг хуга цохино гээд дайрахад дундуур орж салгасан. Т намайг цохиж зодоогүй. Миний биед гар хүрээгүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/,  

Гэрч Б.Ч-н өгсөн: “...Би 3-р анги төгсөөд сургуулиас гарсан уншиж бичиж чадна. Би 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэрээсээ гараад сумын төв орж ирээд бензин аваад хойшоо Цагаан эрэг гэх газарлуу явах гээд явж байхад Э.Г гэх залуутай таараад зогсоод мэндэлсэн. Тэгээд намайг нэг архи аваад өгчих гэхээр нь би дэлгүүр яваад нэг 2,5 литртэй “Боргио” гэдэг пиво аваад аваачиж өгсөн. Тэгээд миний авч өгсөн пивыг ууж дуусаад одоо нэг шил архи аваад өгчих гэхээр нь одоо надад мөнгө байхгүй ээ гэсэн чинь Г чамд яахаараа байдаггүй юм гээд шууд цохиож аваад нилээд зодсон. Тэгэхээр чамайг цагдаад хэлнэ гэсэн чинь намайг улам нэмж зодоод байхаар нь цагдаад хэлэхгүи гэж хэлээд аргалж байгаад мотоциклоо асаагаад зугтаасан. Тэгээд гүүрний хажууд очоод толгой өвдөөд байхаар нь жоохон хэвтэж байгаад сумын төврүү ороод П ахын хашаанд очиж аавынхаа машинд очиж хоноод өглөө гэрлүүгээ явсан. Тэгээд гэртээ хариад гэрийнхэндээ хэлээд буцаж сумын төвд ирээд эмнэлэгт үзүүлсэн эмч миний намайг толгойндоо доргилттой байна. Хаван буулгах тариа хийлгэ, мөн эход харуул, хамар чинь хугарсан байна гэж хэлээд тодорхойлолт хийж өгсөн Би өөрийнхөө авч өгсөн пивоноос дунд гарын аягаар нэг удаа л уусан өөр архи дарс хэрэглээгүй ээ. Э.Г надтай таарахад согтолттой байсан. Өмнө ямар нэгэн өс хонзон гэхээр зүйл бидний дунд байхгүй байсан. Бид хоёр таарахаараа мэндийн зөрөөтэй явдаг байсан. Би цохих гээд чадаагүй ээ. Г намайг нүүр нүдгүй л цохиод байсан. Г миний толгойн тус газар гараараа нилээд хэдэн удаа цохиосон. Тэгхээр нь би тонгойсон чинь нүүрэн тус газар 2-З удаа өвдөглөсөн. Тэгээд 2 удаа толгойгоороо мөргөсөн. Ер нь миний нүүр, нүд, шанаа, хамар гэх газруудлуу маш их цохиж, мөргөж, өвдөглөсөн. Тэгээд миний хамар хугараад, хүд хөхрөөд, уруул гэмтэж, хөхөрсөн байдалтай. Мөн ам ангайхдаа муу, шанаа руу хатгаж өвдөх зовуурьтай байна. Тухайн газарт Г мөн Б гэж дуудаг залуу байсан би бүтэн нэрийг нь мэдэхгүй байна, бид гурав л байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/,  

Гэрч Э.Г-н өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Батцэнгэл сумын төвд дэлгүүрийн урд таараад бид хоёр 4 ширхэг 2,5 литртэй нийслэл пиво авч уугаад тэгээд пиво ууж дуусаад Ч намайг чи хавар манайд ямаа самнасан айлаар ямаа самнаад яваад байгаа юм уу гээд доромжлонгуй үгээр хэлээд байхаар нь би Ч-г чи намайг ямаа самнаад явсан гээд доромжлоод байна уу би чамд тус болсон гэж бодмоор юм даа гээд бид хоёр босож барьцалдаж аваад Ч намайг баруун шанаан тус газар нэг цохисон. Цээжин тус газар нэг удаа цохисон. Би Ч-н баруун шанаан тус газар хоёр удаа цохисон. Тэгээд бид хоёрыг Т салгасан. Тэгээд бид хоёр хэрэлдэж байгаад салаад явсан. Бид 3 дөрвөн ширхэг 2,5 литртэй нийслэл пиво хувааж уусан байсан. Б.Ч нилээн халсан байсан Тэгэхдээ болсон зүйлийг мэдэх хэмжээнд байсан. Өмнө ямар нэгэн өс хонзон гэхээр зүйл байхгүй байсан Би хоёр таарахаараа мэндийн зөрөөтэй, найз нөхөдын хэмжээнд явдаг байсан. Би гараараа баруун шанаан тус газар 2 удаа цохисон. Тухайн газарт би, Ч, Т гэх хүмүүс байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/,  

Гэрч Э.Б-н өгсөн: “...Э.Г нь миний төрсөн дүү учраас би сайн танина. Г бол архи, дарс хэрэглэдэггүй, тамхи бол татдаг, уур уцаар багатай, төлөв даруу зан араншинтай хүн юм. Миний дүү Г архи дарс ууж, хүмүүстэй зодоон цохион хийсэн байна гэж сонсогдоогүй, хүнд тусархуу л хүн. Би болсон хэргийн талаар сонсоогүй, надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/,  

Гэрч Э.Б-н өгсөн: “...Ч бол миний хүүхэд Г гэх хүнийг танина төрөл садны холбоо байхгүй. Би 10-р анги төгссөн уншиж бичиж чадна. 2020 оны 05-р сарын 21-ны өглөө манай хүү Ч гэртээ ирэхээр нь чи хаана хоноод ирэв гэсэн чинь өчигдөр сумын төвд Г гэх хүнтэй таараад намайг архи аваад өг гэхээр нь авж өгч чадахгүй гэсэн чинь намайг зодчихлоо гэсэн зүүн талын нүд хөхөрсөн баруун талын нүд доод зовхи хөхөрсөн баруун талын шанаа хөхрөөд хавдсан хоёр чих шалбарсан дээд доод уруул язарсан байдалтай байсан. Мөн яриа нь хүн юм асуухаар буруу зөрүү яриад байсан хамраас нь ойр ойр цус гараад байсан. Тэгээд манай хүүхдийг зодуулж байхад Х гэх хүн таарсан байсан. Мөн Б буюу Т гэх хүн манай хүүхдийн дээлнийхэн хоёр ханцуйнаас бариад гарыг нь. Хөдөлгөхгүй байхад Г гэх хүн толгой руу нь цохиж, зодсон гэж хэлсэн. Тэгэхлээр нь би өргөдөл бичиж өгөөд цагдаад хэд гээд явуулсан юм аа....” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/, 

Гэрч Ж.Т-н өгсөн: “...Ч, Г нарыг танина. Нэг нутгийн хүмүүс байгаа юм. Төрөл садны холбоо байхгүй. Би 9 дүгээр анги төгссөн, уншиж бичиж чадна. 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр би Батцэнгэл смуын төвд дэлгүүрийн гадна Г болон Ч нартай таарсан. Намайг машиндаа суучих гээд би машинд нь суугаад хойд энгэр орж 4 ширхэг 2,5 литрийн пиво уусан. Тэгээд Г Ч нар хоорондоо ямаа самнасан гэж яриж байгаад хоорондоо муудалцаад машинаас буугаад бие биенийгээ цохилцоод авсан юм. Тэгэхээр би буугаад та нар больцгоо гээд дундуур нь ороод салгасан. Тэгээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд салаад явсан. Би сайн хараагүй ээ, бие биенийгээ зохилцоод байсан. Би Ч гэх хүний биед гар хүрээгүй ээ, зодолдож байхад нь дундуур нь орж салгасан. Би Ч гэх хүний дээлний нудрагнаас бариж аваагүй ээ дундуур нь ороод хоёр тийш нь түлхээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/,

Гэрч Б.Б-н өгсөн: “...Би сайн танина Г гэх хүнтэй багийн найзууд төрөл садны холбоо байхгүй. Би Г гэх хүнтэй багаасаа найз зан араншин нь ер нь бол төлөв даруу хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй юм хүнд тусархуу хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/,

Гэрч Д.Б: “...Би сайн танина. Манайх айл аймаг байдаг төрөл садны холбоо байхгүй ээ. Би Г гэх хүнийг бага балчир хүүхэд ахуй цагаас сайн мэднэ. Манайхад айл аймаг байдаг байсан хүмүүс юм. Г архи дарс бага хэрэглэдэг, хүнтэй хэрүүл маргаан зодоон цохион тэр болгон хийгээд байдаггүй, өмнө нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй. Хүнд тусархуу сайн залуу ээжтэйгээ хамт амьдардаг юм аа. Ч-тай маргалдсан гэж хальт ярьж байсан би сайн лавлаж асуугаагүй ээ. Энэ талаар нь мэдэхгүй байна. Би Ч-г танина нэг нутгийн хүмүүс. Ч бол онгироодуу овилго муутай хөнгөн хийсгэвэр залуу юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуу/,

Гэрч Б.Д-н өгсөн: “...Би Г гэх хүнийг сайн танина манайх багаасаа өрөө хашаанд айл аймаг байдаг төрөл садны холбоо байхгүй ээ. Г ах бол хурдан түргэн зан аашгүй тайван архи дарс бага хэрэглэдэг хүнтэй хэрүүл маргаан тэр болгон хийгээд байдаггүй хүн юм аа.Бид нарт үлгэр дуйралал үзүүлдэг байсан ах юм. Би Г гэх хүнтэй архи согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй согтуу үедээ ямар араншинтайг нь мэдэхгүй байна. Ер нь бол Г гэх хүн даруу төлөв тайван хүндтусарх уу хүн юм аа...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуу/,

Гэрч Т.Х-н өгсөн: “...Ч хүнийг танина нэг нутгийн хүмүүс Г гэх хүнийг танина төрөл садны холбоо байхгүй. 2020 оны 05-р сарын 20-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Бор үзүүр хороололын 5-р гудамжины зүүн үзүүрт саарал өнгийн жижиг машин байсан уг машины баруун талд нь нэг хар хөх өнгийн мотоцикл унасан байдалтай хажууд нь Г, Ч, Т нах хоорондоо маргалдаад байж байхаар нь Тэгэхээр та наад мотоциклоо босгооч хэрүүл маргаанаа бол учир зүүгээ олоод одоо явцгаа гэж хэлсэн чинь Ч гэх залуу мотоцикл дээрээ хөлөө тавиад утсаар яриад байгаа болотой байсан. Тэгээд би гэрлүүгээ явсан өөр харсан зүйл байхгүй ээ. Г, Ч нар нэг нэгийгээ цохиж байхыг би хараагүй. Намайг зөрөөд өнгөрхөд маргалдаж л байсан зодоон цохион хийсэн зүйл байгаагүй ээ. Би та нар одоо учир зүүгээ олоод явцагаа гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/,

Гэрч З.Ө-н өгсөн: “...Ч хүнийг танина нэг нутгийн хүмүүс Г гэх хүнийг танина миний найз залуу төрөл садны холбоо байхгүй. Г гэх хүн бол төлөв даруу тэр болгон архи дарс уудаггүй хааяа найз нөхөдтэйгөө нийлсэн үедээ л архи дарс хэрэглэдэг тамхи татдаг хүн юм аа. Г архи дарс хэрэглэсэн үедээ гэртээ ирээд шууд унтаад өгдөг илүү дутуу юм ярьдаггүй. Би болсон асуудлын талаар мэдэхгүй. Цагдаа дуудаад байна гэхээр нь чи яасан бэ гэсэн чинь Ч-тай маргалдаад нүд нь жаахан хөхөрсөн байсан. Энэ талаар дуудаж байна гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 хуу/,

Яллагдагч Э.Г-н өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Батцэнгэл сумын төвд дэлгүүрийн урд таараад бид хоёр 4 ширхэг 2,5 литрийн нийслэл пиво авч ууж дуусаад Ч намайг чи хавар манайд ямаа самнасан айлаар ямаа самнаад яваад байгаа юм уу гээд доромжлонгуй үгээр хэлээд байхаар нь би Ч-г чи намайг ямаа самнаад явсан гээд доромжлоод байна уу би чамд тус болсон гэж бодмоор юм даа гээд бид хоёр босч барьцалдаж аваад Ч намайг баруун шанаан тус газар нэг цохисон. Цээжин тус газар нэг удаа цохисон. Би Ч-н баруун шанаан тус газар хоёр удаа цохисон. Тэгээд бид хоёрыг Т салгасан. Тэгээд бид хоёр хэрэлдэж байгаад салаад явсан. Тухайн үед 2,5 литртэй пиво 4 ширхгийг гурвуулаа хувааж уусан байсан. Би Ч-н баруун шанаан тус газарт нь гараар нэг удаа, мөн эрүүнд нь нэг удаа цохисон. Бид өмнө нь хэрүүл маргаан хийсэн зүйл байсан удаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-56 хуу/,

Хохирогч Б.Ч-н биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албан шинжээч Б.О-н 2020 оны дугаар сарын -ны өдрийн дугаартай дүгнэлт

1. Б.Ч-н биед баруун нүдний зовхи, уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.

3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 46 хуу/,  

Шүүгдэгч Б овогт Э.Г-н ял шалгах хуудас /хх-ийн 58 хуу/,  

Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 255 дугаартай албан бичиг /хх-ийн 59 хуу/,  

Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн засаг даргын 2020 оны 06 дугаар сарын -ны өдрийн дугаартай албан бичиг /хх-ийн 60 хуу/,  

Б овогт Э.Г /РД:АА/-ын иргэний үнэмлэх, оршин суугаа хаяг, эд хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа /хх-ийн 62-64 хуу/,  

Хавтаст хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 65-66 хуу/ зэрэг болно.  

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Г нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайрбор багийн нутагт иргэн Б.Ч-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний биед баруун нүдний зовхи, уруулын дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Э.Г үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Ч-н өгсөн: “...Гараараа миний толгой хэсэгт буюу нүд, зүүн баруун шанаа, уруул руу нилээн олон удаа цохисон. Мөн толгойруу 3 удаа баруун нүд хамар хэсэгт мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/, хохирогч Б.Ч-н дахин өгсөн: “...Тэгсэн Г намайг хэд хэд цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/, гэрч Б.Ч-н өгсөн: “...Г чамд яахаараа байдаггүй юм гээд шууд цохиож аваад нилээд зодсон. Г миний толгойн тус газар гараараа нилээд хэдэн удаа цохиосон. Тэгэхээр нь би тонгойсон чинь нүүрэн тус газар 2-З удаа өвдөглөсөн. Тэгээд 2 удаа толгойгоороо мөргөсөн. Ер нь миний нүүр, нүд, шанаа, хамар гэх газруудлуу маш их цохиж, мөргөж, өвдөглөсөн. Тэгээд миний хамар хугараад, хүд хөхрөөд, уруул гэмтэж, хөхөрсөн байдалтай. Мөн ам ангайхдаа муу, шанаа руу хатгаж өвдөх зовуурьтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/, гэрч Э.Б-н өгсөн: “...Мөн Б буюу Т гэх хүн манай хүүхдийн дээлнийхэн хоёр ханцуйнаас бариад гарыг нь. Хөдөлгөхгүй байхад Г гэх хүн толгой руу нь цохиж, зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/, гэрч Ж.Т-н өгсөн: “...Тэгээд Г Ч нар хоорондоо ямаа самнасан гэж яриж байгаад хоорондоо муудалцаад машинаас буугаад бие биенийгээ цохилцоод авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/, яллагдагч Э.Г-н өгсөн: “...Би Ч-н баруун шанаан тус газар хоёр удаа цохисон. Тэгээд бид хоёрыг Т салгасан. Би Ч-н баруун шанаан тус газарт нь гараар нэг удаа, мөн эрүүнд нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-56 хуу/,

Хохирогч Б.Ч-н биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албан шинжээч Б.О-н 2020 оны дугаар сарын -ны өдрийн дугаартай дүгнэлт /хх-ийн 46 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Э.Г нь хохирогч Б.Ч-г зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан баруун нүдний зовхи, уруулын дотор салстад цус хуралт зэрэг нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар

 Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны дугаар сарын -ны өдрийн дугаартай дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан байна.

Хохирогч Б.Ч-н бие эрүүл мэндэд учирсан баруун нүдний зовхи, уруулын дотор салстад цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтээр түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Г-н уг үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байдаг тул шүүгдэгч Э.Г нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулийн шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэр юм. 

Иймд шүүгдэгч Э.Г нь Б.Ч-н бие махбодод халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Архангай аймгийн Прокурорын газраас Э.Г-н үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.    

Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 74 хуу/ гарын үсэг зуржээ.   

 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 

Хохирогч Б.Ч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй гомдол саналгүй, Э.Г-тай эвлэрсэн талаарх хүсэлт /хх-ийн 70 хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Шүүгдэгч Э.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Э.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-г нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,  2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-г нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялын төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9, дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.О