Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 13

 

       Г.М, С.Ч  нарт холбогдох 

     эрүүгийн хэргийн тухай

 

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                        Н.Ц

Хохирогч                                                        Э.А

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                           Г.Э

Шүүгдэгч                                                         Г.М, С.Ч

Нарийн бичгийн дарга М.Э нарыг оролцуулан

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Э-ын гаргасан гомдлыг үндэслэн Г.М, С.Ч нарт холбогдох .... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ...-ны өдөр Архангай аймгийн .... суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын ....гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Г.М

 

Монгол Улсын иргэн, ...-ний өдөр Архангай аймгийн ...суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Архангай аймгийн ... гэх газар оршин суух,  улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, С.Ч

 

Шүүгдэгч Г.М, С.Ч нар нь 2018 оны 11 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн Тоглохын тал гэх газраас хохирогч Э.А-ын 4 тооны адууг бүлэглэн хулгайлж, 4.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Г.М, С.Ч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж,  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Г.М, С.Ч нарыг бүлэглэж бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ийг 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч С.Ч-ыг 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Шүүгдэгч Г.М, С.Ч нарт  оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоож,   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, С.Ч нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч, Г.М нарын цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-аас 2.300.000 төгрөг, шүүгдэгч С.М-оос 2.300.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг баг, Тоглохын тал гэх газар оршин суух Э.А-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ч, Г.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй,  тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ч, Г.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Э-ын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багт оршин суух Г.М, мөн сумын Цац багт оршин суух С.Ч нарт холбогдох хэргийг хэлэлцээд Г.М, С.Ч нарыг бүлэглэж бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг тус бүр 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-аас 2.300.000 төгрөг, шүүгдэгч С.М-оос 2.300.000 төгрөг тус тус гаргуулан Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн Тоглохын тал гэх газар оршин суух Э.А-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. С.Ч, Г.М нар нь Э.А-ын адууг хулгайлсан нь эргэлзээгүй байдлаар хангалттай нотлогдоогүй байхад тэднийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйл эргэлзээгүй байдлаар нотлогдоогүй байхад мөн хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой юм. Иймд С.Ч, Г.М нарт холбогдох хэргийг бүхэлд нь хянаж, тэдгээрийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна гэжээ. 

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Өмгөөлөгч хоёр удаа шүүх хуралдаан болсон гэж байна. Энэ хэргийг шийдвэрлэж нэг шийтгэх тогтоол гарсан. Г.М, С.Ч нарыг бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэм буруутай болохыг тогтоолгохоор прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ хэд хэдэн үндэслэлээр няцаасан тайлбар гаргаж байна. Шүүгдэгч Г.М-ийг хэрэг гарсан цаг хугацаанд Батцэнгэл суманд байгаагүй бөгөөд Улаанбаатар хотод байсан гэж дурдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгч Г.М-ийн хувьд хэрэг гарахаас өмнөх цаг хугацаанд Улаанбаатар хот руу хувийн ажлаар явсан нь тогтоогддог. Тэрээр мөн хэрэг гарсны маргааш нь Улаанбаатар хот руу хувийн ажлаар явсан нь тогтоогддог. Хэрэг гарсны маргааш буюу 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Э.А-ын аав нь алдсан адууныхаа сургийг гаргаж тогтоосон байдаг. Тухайн үед Г.М-ийн эхнэр н.Ч нь нөхрөө Улаанбаатар хот руу адуу авч явсан талаар хэлсэн байдаг. Хохирогч Э.А болон шүүгдэгч Г.М нарынх айл саахалт нутагладаг байсан. Тийм учраас хохирогч нь Г.М-ийг гэртээ байсан, байхгүй байсныг бүрэн мэдэх боломжтой байсан байдаг. Энэ байдлаас харахад шүүгдэгч Г.М нь хэрэг гарах үед Батцэнгэл сумандаа байсан байдаг. Энэ хэргийн чухал гэрч нь н.Э гэдэг хүн байдаг. С.Ч нь гэрч н.Э-т энэ хэргийн талаар хэлснээр тухайн хэргийг хуулийн байгууллагаас шалгасан. Хохирогч болон гэрчийн мэдүүлэг хуульд заасны дагуу авагдаж, нотлох баримтаар бэхжигдсэн. Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Э.А-ын гар утсаар хийсэн бичлэг бүхий сиди нотлох баримтын эх сурвалж болж байгаа. Энэ нотлох баримтыг хэргийн оролцогч нараас гаргаж өгсөн бөгөөд хэрэгт ач холбогдол бүхий баримт юм. Энэ бичлэгт хэргийн нотолбол зохих зүйлсүүд байна гэж үзсэн учраас хэрэгт эд мөрийн баримтаар тогтоосон. Тухайн бичлэгт С.Ч нь Г.М-той бүлэглэн хохирогчийн дөрвөн тооны адууг хулгайлсан талаарх үйл явдлыг ярьсан байдаг. С.Ч-ын ярьж байгаа зүйл нь хохирогч Э.А болон гэрч н.Э-ын мэдүүлэгтэй тохирдог учраас эд мөрийн баримтыг зайлшгүй үнэлэх шаардлагатай гэж үзэж байна. Гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй болсон гэж харж байгаа. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт бүлэглэсэн шинжийг хуульчлаагүй байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаагүй орхидуулсан байна. Энэ гэмт хэргийн бүлэглэж үйлдсэн үйлдэл нь өөрөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болно. Гэтэл анхан шатны шүүх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнээд шүүгдэгч нарт нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Хэрэв хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүхээс дүгнэсэн бол шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрлийн хувьд өөрчлөгдөх боломжтой байсан байна гэж би харж байгаа. Тэгэхээр шийтгэх тогтоолын хоёр дахь заалтад зохих өөрчлөлт оруулуулах хүсэлттэй байна. Гэм буруутай нь тогтоогдсон хүнд хүлээлгэх хариуцлага нь  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хор уршигтай тохирсон байх ёстой. Гэм буруутай нь нотлогдсон мөртлөө гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, гэмт хэрэг үйлдсэн болох нь холбогдох нотлох баримтаар нотлогдож байхад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа хувийн байдал, мөн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байхад анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулсан. Давж заалдах шатны шүүхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хууль зүйн хувьд үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв. 

 

Хохирогч Э.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Манайх адуугаа алдсаны маргааш манай аав өглөө Г.М-д очиход тэрээр өөрөө байхгүй байсан. Харин эхнэр нь түүнийг сумын төв явсан гэж хэлсэн байсан гэв. 

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хоёр удаагийн шүүх хуралдаанаар Г.М, С.Ч нарыг бусдын малыг хулгайлсан гэх үйл баримт нотлох баримтаар нотлогдоогүй гэж дүгнэхэд хүргээд байгаа юм. Хохирогч нь 2018 оны 11 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө малаа алдсан гэдэг боловч энэ цаг хугацаанд Г.М нь Архангай аймгийн Батцэнгэл суманд байгаагүй үйл баримт тогтоогддог. Энэ нь багийн Засаг даргаас гарал үүслийн бичиг  аваад явсан болон гэрч н.Ч, н.Ч нарын мэдүүлгээр тогтоогддог. Энэ хоёр хүнийг бүлэглэж хулгай хийсэн гэж үздэг. Гэтэл С.Ч нь Г.М-той уулзсан ямар ч нөхцөл боломжгүй байдаг. Нотлох баримтын эх сурвалж болох гэрчийн мэдүүлэг дээр малын зүсийг хэлсэн байдаг. Гэтэл С.Ч нь хохирогчийн малыг угаасаа мэддэггүй бөгөөд харин хохирогчийн малыг зүсээр нь мэдэх хүн бол гэрч л байдаг. С.Ч нь хохирогчийн малыг огт мэдэхгүй байж гэрчид тэдний тийм тийм малыг би авсан гэж зүсээр нь хэлэх боломжгүй. Мөн бичлэгийг нотлох баримтын үндэслэл болгосон байдаг. Гэтэл тэр бичлэгийг эхний шүүх хуралдаанаар нотлох баримтаар хассан мөртлөө дараагийн шүүх хуралдаанаар нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн байдаг. С.Ч-ыг гэртээ аваачиж байгаад зодож, бичлэг хийсэн гэдэг үйл явдлыг тэрээр ярьдаг. Миний хувьд С.Ч-ыг зодож байгаад өөрсдөө малын зүсийг хэлж, бичлэг хийсэн байж магадгүй гэсэн эргэлзээ байгаа юм. Энэ нотлох баримт нь эргэлзээгүй байдлаар хүн яллах нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байна. Нэгэнт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт нь эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтай байдлаар шийдэж болох талаар хуулийн зохицуулалт байгаа. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийг баримтлан шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой юм. Холбогдох үйл явдлыг шалгасан боловч шүүгдэгч нарыг буруутай гэдгийг эргэлзээгүй байдлаар нотолж чадаагүй байна. Миний хувьд гэм буруугийн шүүх хуралдааныг хоёр удаа хийсэн гэж ойлгож байгаа. Эхний удаад шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцоод шүүх хуралдаан завсарласан. Хэдийгээр шийтгэх тогтоол нэг удаа гарсан ч гэсэн гэм буруутайд тооцох шүүх хуралдаан хоёр удаа болсон. Мөн бичлэгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж байгаа бол тэр бичлэг хийх үйл явц өөрөө хэр зэрэг хуульд нийцэж байна вэ гэдгийг харах ёстой. Тэр бичлэг хийсэн хүмүүсд ийм эрх байх уу гэдгийг шүүх бүрэлдэхүүнээс анхаарч үзэхийг хүсье. Тухайн бичлэг дээр С.Ч нь Г.М гэж ярьж байдаг болохоос биш, бид хоёр гэж ярьсан зүйл байдаггүй. Харин С.Ч-ыг яаж бүлэглэж байна вэ гэдгийг тогтоосон зүйл байдаггүй. Ерөнхийдөө нотлох баримтууд бүхэлдээ эргэлзээтэй байгаа учир шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлүүлэх тухай өмнөх саналаа дэмжиж байна гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Э-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

           Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. 

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ: ...

            1.2 дах хэсэгт энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн ... гэж хуульчилжээ.

 

           Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Г.М, С.Ч нарыг бүлэглэж бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон атлаа шийтгэх тогтоолд заасан дүгнэлтдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

           Өөрөөр хэлбэл хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байсаар байхад хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж дүгнэж шүүгдэгч нарт ял оногдуулсан нь хуульд нийцээгүй гэж үзнэ.

 

            Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

             Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

           Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон тул өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болно. 

   

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                               

                                                      ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Г.М, С.Ч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН

 

     ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

В.ЦЭЦЭНБИЛЭГ