Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 114

 

2020/ШЦТ/114

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э-р хөтлүүлж

Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Э

Шүүгдэгч: Г.М, С.Ч нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Г.М, Б овгийн С.Ч нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг баг, Хэвтээгийн дов гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн Г.М /РД:нш/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац баг, Хужиртын гол гэх газар оршин суух,  улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн С.Ч /РД:аа/,

                                     Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.М, С.Ч нар нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг баг, Тоглохын тал гэх газраас хохирогч Э.А-н 4 тооны адууг бүлэглэн хулгайлж, 4.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Э.А-н өгсөн: ...2018 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг баг Тоглохын тал гэх газраас өөрийн эзэмшлийн сартай хээр гүү нас гүйцсэн, хар гүү нас гүйцсэн, хээр байдас, хүрэн байдас гэх 4 тооны адуугаа бэлчээрээс нь хулгайд алдсан. Тэгээд адуугаа хайгаад явж байтал Өгийнуур сумын Э гэх айлын хаваржааны хашаанд хашсан мөр олсон. Тэгээд хашаанаас адуу хаашаа гарч явсан талаар мөр харахад хашаанаас гаргаад Тамирын голын зүгт чигээр нь туугаад явсан байсан. Би хашсан хашаанаасаа холдуулах гэж туусан юм байх гэж бодоод хэсэг мөрийг нь дагаж үзэхэд чигээр нь туугаад явсаар байсан мөр нь гарсан байсан. Би хэсэг дагаж яваад энэ эзэнгүй хашаанд хашиж хулгайлаад аваад явчихлаа гэж бодоод машины мөр хайгаад өөр тийшээ явсан. 2018 оны 12 дугаар сарын 20-ны үед А овогтой Э гэх Батцэнгэл сумын Цац багийн иргэн над руу шөнө утсаар ярьсан. Утсаар ярихдаа “та 4 гүүгээ хулгайд алдсан юм уу гээд асуусан. Би тиймээ алдсан гэхэд утсаа тасалсан. Дараа нь дахиж над руу утсаар яриад таны алдсан адууны сургийг би оллоо, та манайд хүрээд ир гэсэн. Тэгээд би дараа нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Э-д очиход таны адууг авсан хүнийг баттай оллоо гэж хэлсэн. Хэн хулгайлсан талаар асуухад Ч, З нар хулгайлсан байна гэж хэлсэн. Ийм учир би Цагдаагийн байгууллагад хандсан. Би өөрөө Ч-тай уулзаж манай адууг яаж хулгайлсан талаар асуухад үнэнээ хэлсэн. М бол хулгай хийгээгүй гэж яриад байгаа юм. Би Ч гэх хүнийг танихгүй, З гэх хүнийг сайн танина. Бүтэн нэрийг нь М гэдэг юм. Манай нутгийнхан З гэж дууддаг. Э гэх хүн манай адууг З, Ч нар хулгайлсан гэж Ч гэх хүн Э гэх хүнд хэлсэн гэж сонссон. Алдагдсан малынхаа хохирлыг барагдуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/  

Хохирогч Э.А-н дахин өгсөн: ..толин сартай хээр зүсмийн гүү, хээр зүсмийн гүү, ногоон буюу хар саарал зүсмийн гүү, хүрэн зүсмийн соёолон насны гүү алдсан. Эдгээр гүүнүүд бүгд ижил дөлтэй нар саран тамгатай, буруу талынхаа чихэнд ганзага имтэй, тарга хүч сайтай, сувай гүүнүүд байсан. Сартай хээр зүсмийн сувай гүү, хээр соёолон байдсан гүү хоёр нь хашаанд ордоггүй, шууд зугтаагаад дайраад гарчихдаг байсан. Нөгөө хоёр нь номхон адуу байсан. Э-тай уулзаад Ч-н ярьсан яриаг нь асуухад манай хоёр гүүг хашаанд орохгүй зугтаасан талаар ярьсан байсан. Тэгээд 2 тооны гүүг нь хашаанд орохгүй болохоор нь бор азаргатай адууг хөлөөр нь хөөж гэрийнхээ гадаа аваачаад хашсан гэдгийг хүртэл ярьсан. Би М, Ч хоёртой нүүр нүүрээ хараад манай адууг хулгайлсан бол төлчих гэж гуйсан. Тэгтэл Ч болохоор А ахын адууг хулгайлсан юм чинь үнэнээ яръя гэж М-д хэлсэн. М болохоор сонин юм бэ, Чаа чи А-н адууг хулгайлсан гээд байгаа бол өөрөө хүлээ, чи мэдэж байгаагаараа өөрөө хулгайлсан юм байгаа биз, би хулгай хийгээгүй гэж хэлсэн. М бол манайхтай саахалт нутагладаг. Уг нь манай нутгийн хүн бол биш, Тамирын голын хойно байдаг айл, 2018 оны хавар манай энд орж ирж нутаглаад буцаагүй. Хаваржихдаа Тамирын голын урд нутагладаг болохоор хулгай хийдэг гэдгийг мэддэггүй байсан. Манай адуунаас 4 тооны адуу хулгайд алдагдсаны маргааш нь бор азаргатай адуу М-н гэрийн урдхан талд байсан. Тэгээд адуугаа авахад 4 тооны адуу хулгайд алдагдсан байсан. Толин сартай хээр зүсмийн гүү, соёолон насны хээр зүсмийн байдсан гүү хоёр бол угшилтай хурдан азарганы төл, энэ хоёр гүүний эхээс гарсан унага нь хурдан, уяагдаж байгаа. Толин сартай хээр зүсмийн гүүний дүү зээрд халзан ижил зүсмийн хоёр тооны шүдлэн, даага хоёр нь суманд айраг түрүү авсан. Хурдан удмын адуу байгаа юм. Би өөрөө аймгийн алдарт уяач цолтой. Энэ хоёр угшилтай адуугаа ижил үнээр тус бүрийг нь 2.500.000 төгрөгөөр, нөгөө хоёр гүү нь жирийн адуу гэдгээр нь ижил үнээр 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Ч-тэй уулзаад манай адууг яаж хулгайлсан юм бэ гэж асуухад эхлээд М ах намайг хүрээд ир хашаа барья гэж утсаар дуудсан гэсэн. Тэгээд М-н гэрт Ч очсон байсан. Ч, М хоёр малын хашаа бариад орой дууссан. Тэгтэл М Ч-г манайд байж байгаараа ах нь адуугаа туугаад ирье гэж хэлээд мотоциклтой явсан байсан. Хэсэг хугацааны дараа бор азаргатай 20 гаруй тооны адуу тууж ирсэн гэсэн. Тухайн туусан адуунууд өөрийнх нь адуу биш байсан. Тэгээд М ах энэ адууг хашиж байгаад дотроос нь сартай хээр зүсмийн гүү, хээр байдсан гүү хоёрыг барьж авъя гэж хэлээд хашиж байгаад бугуйлдаж барьж авсан. Их ааштай адуу байсан бөгөөд М ах ганцаараа хашиж чадахгүй болохоор нь туугаад ирлээ, хоёр тооны гүүг урдхан талд хаваржааны эзэнгүй байран дээр уясан байгаа гэж хэлсэн байсан. Тэгээд М танай адууг туугаад явсан. Би М ахаасаа хэний адууг та туугаад ирсэн юм бэ гэж асуухад Эын бор азаргатай адуу байгаа юм гэж хэлсэн гэдгийг ярьсан. Адуу хашиж барьж авчихаад М ах намайг орж унт гэж хэлсэн болохоор би гэртээ ороод унтсан. Бор азаргатай адуунаас нийт 4 тооны адуу хулгайлсан гэдгийг Ч ярьж байгаа, хоёр тооны адууг нь Ч барьж аваагүй болохоор зүсийг нь мэдэхгүй байна гэж надад ярьсан. Энэ талаар Эт ч ярьсан байсан. Өөрийнхөө бугуйлдаж барьж авсан хоёр тооны адууныхаа зүсийг бол Э-д бас хэлсэн байсан. Ч надад танай бор азаргатай адуу чинь гурван унагатай, хээр алаг зүсмийн гүүтэй, 20 гаруй тооны дандаа сувай голцуу адуу байсан гэдгийг хэлсэн. Одоо болохоор надад зодуулсан, хулгай хийгээгүй гэж нутгийн хүмүүст ярьсан байсан. Би Ч-г зодоогүй, бичлэг хийгээд шууд явуулсан. Хэсгийн төлөөлөгчөөр шалгуулах гэсэн боловч ирээгүй, би өөрөө Ч-тай уулзаад эхэлж адуугаа асуугаагүй. Э-т Ч хулгай хийсэн хэргийнхээ талаар үнэн гэж байгаад ярьсан. Мөн Э-г хамт явж хулгай хийх санал хүртэл гаргасан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/

 

Хохирогч Э.Аын дахин өгсөн:.Чулуунбаатар анх Эт мал хулгайлъя гэж санал тавьсан байсан. Ч нь Эт Батцэнгэл сумын Тамирын голын урд мал хулгайлахаар угаасаа баригддаггүй юм билээ. Би М ахтай А-н 4 гүүг хулгайлсан гэж хэлсэн. Би тэгэхээр нь Э-р 2-3 удаа Ч яг манай 4 гүүг хулгайлсан нь үнэн  үү чи ойр дотно байдгаараа асуугаад өг гэж хэлээд асуулгасан юм. Ч миний 4 тооны гүүг хулгайлаагүй бол зүс им тамгыг нь мэдэхгүй байх байсан юм. Эт Ч мал хулгайлах юм бол баригдахгүй, манайхаас хулгайлсан жишээгээ ярьж байгаад мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохоо хэлээд баригдсан...шөнө 01 цаг болж байхад Ч, Этай хамт орж ирсэн. Би тухайн үед С-н гэрт байсан. Би Ч-н орж ирэхээр нь цагдаад мэдэгдсэн байгаа. Одоо хэсгийн төлөөлөгч А ирнэ гэтэл Ч А ахаа цагдаад битгий хэлээ, та М ахтай учраа ол, танай хоёр гүүг хашаан дээр барьж уясан байгаа, Танай хүрэн гүү, хээр гүү хоёрыг М ахын гадаа хашиж аваад явсан гэж надад хэлсэн. М-н гадаа хашиж ярьж авсан гүү нь угаасаа хашаанд ордоггүй гүү байсан. Бид нар Г ахын гэрт хэсгийн төлөөлөгчийг хүлээгээд байж байхад Ч би арай оройтчихлоо цагдаа ирэхгүй байна, хулгай хийсэн нь үнэн юм чинь та бичлэг хийчих дараа нь цагдаад хэлээрэй гэхээр нь би бичлэг хийж үлдээгээд явсан. М-н гэр манай гэрээс 8 км зайтай, Ч-н гэр манайхаас 30 км зайтай байдаг. Ч, М нар тухайн хэрэг гарсан өдөр М-н өвөлжөөг засаж байсан. М Улаанбаатар хот явахдаа маркийн автомашинаараа явдаг. Манайхаас хулгай хийхийн өмнө Улаанбаатар хот яваад ирсэн. Хашаагаа янзалж байсан юм. Манай бор азаргатай адууг хэлсэн байсан. Ямар ямар гүүд байсан болохыг хэлсэн. Ч хулгайлсан 4 гүүгээ сартай хээр хар гүү, хээр хүрэн гүү байсныг хэлсэн. Хашаанд орохгүй хээр хүрэн гүү байсныг мэдэж байсан. Би гомдолтой байна....гэх мэдүүлэг /хх-ийн 87-90 хуу/

Гэрч Т.М-н өгсөн...манайх 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн сартай хээр гүү, хар гүү, хүрэн гүү, хээр гүү зэрэг 4 тооны адуугаа хулгайд алдсан. 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр манай нөхөр А руу Батцэнгэл сумын Цац багийн иргэн Э утсаар залгаад та адуугаа хулгайд алдсан юм уу, би танай алдсан адууны сургийг гаргалаа, та хүрээд ир гэж ярьсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны үеэр алдсан адууныхаа сургийг гаргахаар Э-тай уулзахаар явсан. Э-тай уулзахад манай нутгийн залуу Ч гэх хүн ах М-той хамт хулгай хийсэн гэж хэлсэн. А алдсан адууг М, Ч нар яаж хулгайлж авсан талаар Э-с асуухад М эзэнгүй хашаанд тууж ирээд барьж авсан гэж Ч хэлсэн гэж би сонссон. Би Ч гэх хүнийг танихгүй. Харин М гэх хүнийг танина. М нь манайхтай айл саахалт байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 хуу/

Гэрч Ш.Ч-н өгсөн...манай саахалт У, Б нар үл таних 2 залуугийн хамт 11 цагийн үед ирсэн. Юу болсон талаар асуухад А-н адууг хулгай хийх гэж байсан хүмүүсийг бариад ирлээ гэж хэлж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 хуу/        

Гэрч А.Э-н өгсөн....2018 оны 12 дугаар сарын 20-ны үед манай гэрт Ч ганцаараа орж ирсэн. Тэр үед орой харанхуй болчихсон, малаа хотлуулсан байсан. Би Ч-тай хамт хуучилж байгаад малын хулгайн хэргийн талаар ярьж хулгайд алдсан адуу, малын талаар ярьсан. Энэ үед Ч өөрөө надад Тамирын голын урдаас саяхан Э гуайн бор азаргатай адуунаас том толин сартай хээр зүсмийн гүү, ногоон буюу хар саарал зүсмийн гүүг нь хулгайлсан гэж ярьсан. Мөн энэ хоёр адуутай хамт 2 тооны гүү хулгайлж авсан гэж ярьсан. Нөгөө хоёр гүүний зүс болон содон шинж тэмдгийн талаар бол яриагүй. Ингэж ярьж байгаад гэртээ харихаар явсан. Би орой болсон байхад Э-г манайхаас гарахаар нь Э гуайн банди А ахтай утсаар яриад танайх 4 тооны адуу алдсан уу гэдгийг асууж лавласан. А ах 4 тооны гүү алдсан гэдгийг хэлсэн. Тэгэхээр нь би лавлаж асууя гэж хэлсэн. Түүнээс хойш 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ч-н гэрт ганцаараа очсон. Ч гэртээ эхнэрийнхээ хамт байсан. Өөр хүн байгаагүй. Ч-тай юм ярьж байгаад гэрээс нь гарч хуучилж суусан. Тэгээд дахин А ахын 4 тооны адууг асуусан. Би Ч-с чи хулгай хийсэн юм уу, эсвэл худлаа яриад байгаа юм биш биз гэж асуусан. Ч би хулгай хийсэн бор азарга адууг голын урд эрэг доор байдаг хаваржааны эзэнгүй хашаанд хашиж 2 тооны гүү барьж авсан. Тэр үед сартай хээр зүсмийн гүү, хээр байдсан гүү хоёр нь хашаанд орохгүй зугтаагаад байхаар нь адуутай нь хамт шууд туугаад гэрийнхээ гадаа авчирч хашиж байгаад сартай хээр гүү, хээр байдсан гүү хоёрыг нь барьж авсан гэж хэлсэн. Би М ахтай хамт Э гуайн адууг хашиж 2 тооны гүүг бугуйлдаж барьж авсан. М ах 2 тооны адууг ногтолж барьж аваад намайг одоо чиний хэрэггүй, би өөрөө явлаа гээд гэртээ орж унт гэхээр нь би гэртээ орж унтсан. Би 4 тооны адууг хаашаа авч явсан талаар мэдэхгүй гэж хэлсэн. Тэгснээ өөр бас гүү, адуунаасаа тусдаа явсан 3 тооны морь байсныг тууж ирээд М ах бид хоёр нядалсан, Тамирын голын урдаас хулгай хийхэд амархан, хоёулаа хулгай хийх үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би хулгай хийхгүй баригдвал хэцүү юм болно гэж Ч-т хэлсэн. Ч баригдахгүй, хүмүүс мэддэггүй юм байна лээ гэж хэлсэн. Би Ч-г үнэн юм ярьж байна гэж бодоод гэртээ харьсан. А ахтай дахин утсаар яриад нөгөө адууны хэрэг үнэн юм байна гэж хэлсэн. А ах өөрөө ирээд М-той уулзсан байсан. М би хулгай хийгээгүй гэж хэлсэн гэсэн. Тэгээд Чыг утсаар дуудаад сумын төвд уулзсан чинь Ч А ахад хулгай хийгээгүй гэж хэлсэн байсан. Энэ талаар А ах надтай утсаар ярихдаа хэлээд намайг дуудсан. Би сумын төв орж ирээд С ахын хашаанд ирсэн. С ахын хашаанд А ах, М, Ч нар байсан. Мөн О С ах, эхнэрийн хамт байсан. Тэгээд надаас А ах манай адууг хэн хулгайлсан талаар ярьдаа гэсэн. Тэгэхээр нь би Ч-н ярьсан хулгайн хэргийн талаар үнэнийг хэлсэн. Тэр үед М А ахын мотоциклийг унаад харьлаа гээд явчихсан байсан. Тэгтэл Ч надад үнэнээ ярина гээд хулгайлсан гэдгийг хэлсэн. Тэр шөнөө С ахын гэрт бид нар бүгдээрээ хоносон. Маргааш нь хэсгийн төлөөлөгчийг хүлээгээд ирэхгүй болохоор нь А ах хэсгийн төлөөлөгчтэй утсаар ярьж ирэхгүй гэнэ гээд өөрийнхөө гар утсан дээр бичлэг хийгээд хулгайн хэргийг нь яриулаад Ч-г явуулсан. Гар утсаар бичлэг хийхэд А ах, О бид нар байсан. Ч надад хэлэхдээ хөхөлтэй халтар зүсмийн морь, хөхөлтэй хүрэн буурал зүсмийн морь байсан гэж хэлсэн. Үлдсэн нэг мориных нь зүсмийг бол хэлээгүй, надад Ч гурваас нэг удаа, дөрвөөс нэг удаа явж хулгай хийсэн талаар ярьсан. Ч манай хадам ахын адуу гэдгийг мэдэхгүй болохоороо надад ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/

Гэрч Э.С-н өгсөн.... 2018 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө миний ах А өөрийн эзэмшлийн 4 тооны адуугаа бэлчээрээс нь хулгайд алдсан. Тухайн үедээ хайж байгаад орхисон. Дараа нь А өөрийн 4 тооны адууныхаа сургийг гаргасан гэж надад ярьж байсан. Цац багт оршин суудаг Э гэх хүн Аын алдсан 4 тооны адууг Ч, М нар хулгайлж авсан гэж хэлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр намайг гэртээ байж байхад А, Ч, Э 3 манайд орж ирсэн. Орж ирээд М-г ирэхийг хүлээж нилээн удаан суусан. М-г хүлээж сууж байгаад Ч надаас би бичлэг хийгээд үлдээгээд явж болох уу манай хүүхэд халуураад байна гэж хэлсэн. Тийм учир би өөрийн утсан дээрээ бичлэг хийж Ч өөрөө болсон үйл явдлыг надад ярьж өгсөн. Тэгээд бичлэг хийж дуусаад Ч Э-р айлд хүргүүлнэ гээд гараад явсан. Тэр хоёрыг гарч явсны дараа М ирсэн. Удаагүй байтал А, Э Ч  гурав ирсэн. Тэгээд бөөнөөрөө сууж байгаад Зд “чи яагаад манай 4 адууг авсан юм бэ гэж А хэлсэн. З нь тухайн үед юм дуугарахгүй байсан. Харин Ч нь хоёулаа А ахын сартай хээр гүү, хүрэн гүү хоёрыг барьж авсан биздээ, та үнэнээ хэлээч гэж Ч тухайн үед М-т хэлж байсан. Тэгээд удалгүй байж байгаад бид нар тарсан. Ч бичлэг дээр ярихдаа “Ч хүргэн ах Мийн гэрт очиж өдөр нь хашаа барьж байгаад, орой болоход Ч Мийн гэрт үлдээд М адуунд явлаа гээд явсан. Тэгээд шөнө М танихгүй адуу туугаад ирсэн байсан. Тэр адуунаас толин сартай хээр гүү, хүрэн гүү хоёр барьж авсан, энэ адуу хэний адуу юм бэ гэж асуухад Э гуайн адуу гэж хэлсэн байсан, ахаа та үнэнээ хэлээч хоёулаа авсан шүү дээ гэж бичигдсэн байсан. Яг хэзээ хэдэн цагийн үед энэ үйл явдал болсон гэдгийг бичлэг  дээр хэлээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/

 

Гэрч С.С-н өгсөн...А надад 4 тооны адуугаа хулгайд алдсан гэж хэлж байсан. Яг хэзээ гэдгийг нь би сайн санахгүй байна. Тухайн үед А алдсан 4 тооны адуугаа хайгаад олоогүй. 12 дугаар сарын 20-ны үед А над руу утсаар “та гэртээ байна уу гэж асуугаад, би гэртээ байна гэтэл” утсаа тасалсан. Утсаар яриад удаагүй байж байтал А, М нар манайд ирсэн. А надад хэлэхдээ “миний алга болсон 4 тооны адууг М авсан гэж Э надад хэлсэн гэж хэлсэн. Тэгээд дараа нь бид нар Ч, Э нарыг дуудаж ирүүлээд бүгдээрээ уулзсан. Ч ярихдаа А-н адуунаас халзан адуу хүрэн адуу манай ах М авсан гэж Ч согтуу байхдаа надад хэлсэн гэж хэлсэн. Тэгээд бид нар хэсгийн төлөөлөгчид мэдэгдэнэ гээд хэсгийн төлөөлөгч рүү утсаар ярихад хэсгийн төлөөлөгч Хоршоололд явж байна удахгүй очно гэж байсан. Бид нар хэсгийн төлөөлөгчийг хүлээгээд байж байтал хэсгийн төлөөлөгч ирэхгүй юм байна гээд М А-н мотоциклийг унаад гэр рүүгээ явсан. Мийг явсаны дараа Ч, А, Э, О бид нар манай гэрт орж гал тогооны өрөөнд сууж байгаад ярилцсан. Тэгэхэд Э Чаас “Чи надад         ярьсан бүхнээ одоо ярь, миний найз ямар хулгай хийсэн биш гэхэд Ч       ингэж ярьсан “би М ахын тууж ирсэн адуунаас            хүрэн морь, халзан морь 2 барилцсан, тууж ирсэн адуу А ахын адуу байна гэж би бодсон. Тэгээд би ахынхаа гэр рүү нь орсон. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй гэж ярьсан. Тэгээд бид нар гэрээс гарч А, Э, Ч, О нар манай гэрээс гарч Сосорбарамын гэр рүү очлоо гээд гарсан. Би гэртээ үлдсэн. Үүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй. А-н хулгайд алдагдсан гэх 4 тооны адууны зүсийг сайн мэдэхгүй. Гэхдээ Ч нь хүрэн морь, халзан морь барилцсан гэж хэлэхийг сонссон...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/

Гэрч М-н өгсөн...М нь эхнэр хүүхдийн хамт Батцэнгэл сумын Хөнөг багт амьдардаг. Хүүхэд нь одоо гурав юмуу дөрвөн настай би сайн мэдэхгүй байна. М нь ихэвчлэн хөдөө малаа маллаж байдаг. М өмнө нь ямар нэгэн хэрэг төвөгт холбогдож байгаагүй, архи дарс хааяа нэг хэрэглэдэг, зундаа морь уядаг залуу байгаа юм. Хөнөг багт Мийн аав, ээж, дүү нар нь амьдардаг. Ч-н талаар би сайн мэдэхгүй. Ч нь Цац багийн иргэн. М нь нийт 600 гаруй мал тоолуулсан. Адуу 30 гаруй, үхэр 20 гаруй мал тоолуулсан. М нь дан өөрийн эзэмшлийн малаа маллаж амьдардаг.  М надаас 11 дүгээр сарын 22-ны өдөр тодорхойлолт аваагүй. М 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 3 адуу 1 үхэр хотруу ачиж явна гээд багийн даргын тодорхойлолт авсан. Мөн дараа нь тус оны 12 дугаар сарын 03-ны өдөр адуу 1 үхэр 3 тооны мал ачиж хотруу явахаар тодорхойлолт авсан. Үүнээс хойш ахиж надаас багийн даргын тодорхойлолт аваагүй. Тухайн үед М малаа ачиж ирсэн. Би малыг нь хараагүй. Надад хэлэхдээ Хүрэн зүсмийн адуу 1, алаг адуу 1, сартай хонгор 1 тооны адуу сартай зуузай тамгатай, ягаан халзан 1 тооны үхэр нийт 4 тооны мал         2018 оны 11 дүгээр сарын 16-нд, тус оны 12 дугаар сарын 03-ны өдөр хонгор зүсмийн  тамгагүй 1 тооны адуу, улаан зүсмийн 2, улаан халзан 1 тооны зөв төлын чих хойноосоо ухам эмтэй нийт 4 тооны мал ачиж явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/

Гэрч С.Ч-н өгсөн....би нөхөр Мтой 2018 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр Улаанбаатар хот явсан. Манайх банкны зээлтэй байсан учраас мал гаргаад явсан. Хэсгийн төлөөлөгчөөс гарал үүслийн бичиг аваад явсан. Бид нар өөрийнхөө портер маркийн автомашинаар яваад 2018 оны 11 дүгээр сарын 20-нд гараад ирсэн. Хэдний өдөр ирсэн болохоо сайн санахгүй байна. Бид нарыг Батцэнгэл суманд ирсэний маргааш өглөө нь Э гуай Аын аав ирээд мал алдчихлаа замд явахаараа дурандаж яваарай гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 01 дүгээр сард манай нөхрийг дуудаж авч яваад хулгай хийсэн гэж хардаад байсан. Тэгээд удаагүй манай дүүг зодсон байсан. А бид нарыг хулгай хийсэн хулгайч нар гээд байсан. Ч, М нар хулгай хийгээгүй. 2018 оны 10 дугаар сард хашаагаа янзалсан байх, хэдэнд янзалсан талаараа санахгүй байна. Нэг өдрийн хугацаанд л янзалсан. Э А-т намайг адуу хулгайлсан гээд байхаар нь хулгайлаагүй гэдгээ хэлсэн гэж хэлсэн гэсэн.. гэх мэдүүлэг /хх-ийн 91-93 хуу/

Гэрч П.Э-н өгсөн... Би Архангай аймгийн Батцэнгэл суманд өөрийн төрсөн хүү А-гаа хамт өвөлжиж, хаваржиж жилийн дөрвөн улиралд хамт байдаг юм. Миний хүү өдөр бүр адуугаа хурааж бүртгээд гаргадаг юм. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр  адуугаа гаргаад маргааш өдөр нь хураатал адуун дундаас нь дөрвөн тооны адуу алдагдсан байна гэсэн. Тэгэхээр нь би Хануйн голын тэнд байдаг М-н гэрээр ортол нөхөр нь гэртээ байгаагүй эхнэр Ч нь гэртээ байсан би адуу алдсан талаараа хэлээд харж яваарай гэж нөхөртөө хэлээрэй гэж хэлэхэд надад за за тэгье бид хоёр Улаанбаатар хотоос ирээд хоёр хонож байна гэсэн билүү, 3 хонож байна гэж хэлээд үлдсэн. Намайг ороход М-н эхнэр Ч би нөхөртэйгээ хот яваад 2,3 хоногийн өмнө ирсэн гэж хэлсэн. А-н алдсан гэх дөрвөн тооны адууны содон шинж гэвэл хоёр нь нас нийлсэн гүү, хоёр нь байдсан гүү байсан. Хар зүсмийн гүү, хээр байдас хүрэн байдас, хээр гүү байсан. Энэ дөрвөн адуу хурдны удамтай. Манай хүү морь уядаг аймгийн алдарт уяач хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 хуу/

Г.М-н гэрчээр өгсөн:...А намайг алдсан 4 тооны адууг хулгайлж авсан гэж бодож байна гэж хэлсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Би А-н адууг аваагүй. Би өөрийн эзэмшлийн хонь 300 гаруй, ямаа 100 гаруй, үхэр 15, адуу 40 гаруй, 3 тооны тэмээ зэргийн малтай. Би 11 дүгээр сарын 17-нд өөрийн эзэмшлийн ягаан халзан шүдлэн гуна 1 ширхэг, шүдлэн хонгор үрээ 1, сартай хүрэн үрээ 1, нийт 3 тооны малыг Улаанбаатар хот руу хадам ах Ч-н Бонго маркийн машинаар хот руу явсан. Мөн 12 дугаар сарын 28-ны үед 1 адуу, 3 үхэр, 30 хонийг өөрийн улсын дугаартай машинаар Улаанбаатарт хотруу явсан. 12 дугаар сарын 28-нд ачиж явсан 1 адуу, 3 үхэр, 30 хонь нь миний эзэмшлийн биш манай нутгийн Ш гэх хүн гуйж ачуулсан. Миний нэг үхэр, 5 тооны ямаа байсан. Яг нийт хэдэн мал байсныг нь би мэдэхгүй байна. Уг адуу малыг ачиж явахдаа багийн дараг М болон цагдаад шалгуулж явсан. 11 сард ачсан 2 адуу саран дэвсгэртэй босоо зуузай тамгатай, 12 сард ачсан адуу ямар тамгатай байсныг мэдэхгүй. Тухайн үед адууны толгойг хэсгийн төлөөлөгч авч үлдсэн. Манай адуу саран босоо зуузай тамгатай..гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуу/

 

С.Ч-н гэрчээр өгсөн:..2018 оны 11 дүгээр сард М Улаанбаатар хотруу явсан. Би өөрийн эзэмшлийн цагаан өнгийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүргэн М, дүү Э нарын хамт ах дүү нарынхаа идэш хоол зарж боруулах малын мах зэргийг ачаад 2018 оны 11 дүгээр сард явсан. Хоног өдрийн сайн санахгүй байна. Явсан болон ирсэн өдрөө санахгүй байна. Архангай аймгийн Батцэнгэл суманд машин эвдэрчихлээ гэж М яриад надтай цуг явахаар болоод явсан. М эхнэртэйгээ Батцэнгэл сумаас суугаад Улаанбаатар хот орчихоод буцаж ирээд Батцэнгэл суманд буусан...гэх мэдүүлэг /хх-ийн 132-135 хуу/

Г.М-н яллагдагчаар өгсөн:..тогтоолыг уншиж танилцсан. Уг тогтоол миний үйлдэлтэй тохирохгүй байна. Би хулгай хийгээгүй. Хулгайн гэмт хэрэг гарах өдөр Улаанбаатар хотод байсан. Намайг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны үеэр хотод байсан хойгуур А алдсан гэсэн. Би хотоос Архангай аймагт 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ирсэн. Би хадам дүү Чыг 2018 оны 12 дугаар сард дуудаад хашаа бариулсан. Би тэр өдөр 3 үрээ нэг байдас олохгүй байсан. Тэгээд би уг адуугаа хайгаад аавындаа очтол миний машинд 2 тэмээ нэг үхэр ачаад Архангай аймагруу явахаар болсон. Тухайн өдөр 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 хуу/

С.Ч-н яллагдагчаар өгсөн:.. тогтоолыг уншиж танилцсан. Уг тогтоол миний үйлдэлтэй тохирохгүй байна. Намайг А хулгай хийсэн гэж зодож нүдсэн. Намайг хулгай хийгээгүй байсан ч авсан гэж хэл гээд толгой тархи руу цохиж нүдсэн. Би бичиг үсэг мэдэхгүй болохоор өмгөөлөгч сонгож авна...гэх мэдүүлэг /хх-ийн 61-64 хуу/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 43 хуу/

Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 66-67 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 136-137 хуу/

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 121-123 хуу,

Оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 125-127хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж,

бэхжүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.М, С.Ч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг баг, Тоглохын тал гэх газраас хохирогч Э.Аын 4 тооны адууг Г.М, С.Ч нар бүлэглэн хулгайлсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Г.М, С.Ч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Аын өгсөн: ...2018 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг баг Тоглохын тал гэх газраас өөрийн эзэмшлийн сартай хээр гүү нас гүйцсэн, хар гүү нас гүйцсэн, хээр байдас, хүрэн байдас гэх 4 тооны адуугаа бэлчээрээс нь хулгайд алдсан…2018 оны 12 дугаар сарын 20-ны үед Амартайван овогтой Э гэх Батцэнгэл сумын Цац багийн иргэн над руу шөнө утсаар ярьсан. Утсаар ярихдаа “та 4 гүүгээ хулгайд алдсан юм уу гээд асуусан. Би тиймээ алдсан гэхэд утсаа тасалсан. Дараа нь дахиж над руу утсаар яриад таны алдсан адууны сургийг би оллоо, та манайд хүрээд ир гэсэн. Тэгээд би дараа нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Эрдэнбаатарынд очиход таны адууг авсан хүнийг баттай оллоо гэж хэлсэн. Хэн хулгайлсан талаар асуухад Ч, З нар хулгайлсан байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/  

Гэрч Т.М-н өгсөн...манайх 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн сартай хээр гүү, хар гүү, хүрэн гүү, хээр гүү зэрэг 4 тооны адуугаа хулгайд алдсан. 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр манай нөхөр А руу Батцэнгэл сумын Цац багийн иргэн Э утсаар залгаад та адуугаа хулгайд алдсан юм уу, би танай алдсан адууны сургийг гаргалаа, та хүрээд ир гэж ярьсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны үеэр алдсан адууныхаа сургийг гаргахаар Этай уулзахаар явсан. Этай уулзахад манай нутгийн залуу Ч гэх хүн ах Мтой хамт хулгай хийсэн гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 хуу/

Гэрч Ш.Ч-н өгсөн...манай саахалт У Б нар үл таних 2 залуугийн хамт 11 цагийн үед ирсэн. Юу болсон талаар асуухад Аын адууг хулгай хийх гэж байсан хүмүүсийг бариад ирлээ гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 хуу/ 

Гэрч А.Э-н өгсөн....2018 оны 12 дугаар сарын 20-ны үед манай гэрт Ч ганцаараа орж ирсэн. Тэр үед орой харанхуй болчихсон, малаа хотлуулсан байсан. Би Чтай хамт хуучилж байгаад малын хулгайн хэргийн талаар ярьж хулгайд алдсан адуу, малын талаар ярьсан. Энэ үед Ч өөрөө надад Тамирын голын урдаас саяхан Э гуайн бор азаргатай адуунаас том толин сартай хээр зүсмийн гүү, ногоон буюу хар саарал зүсмийн гүүг нь хулгайлсан гэж ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/

 

Гэрч Э.С-н өгсөн.... 2018 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө миний ах А өөрийн эзэмшлийн 4 тооны адуугаа бэлчээрээс нь хулгайд алдсан. Тухайн үедээ хайж байгаад орхисон. Дараа нь А өөрийн 4 тооны адууныхаа сургийг гаргасан гэж надад ярьж байсан. Цац багт оршин суудаг Э гэх хүн Аын алдсан 4 тооны адууг Ч, М нар хулгайлж авсан гэж хэлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр намайг гэртээ байж байхад А, Ч, Э 3 манайд орж ирсэн. Орж ирээд М-г ирэхийг хүлээж нилээн удаан суусан. Мийг хүлээж сууж байгаад Ч надаас би бичлэг хийгээд үлдээгээд явж болохуу манай хүүхэд халуураад байна гэж хэлсэн. Тийм учир би өөрийн утсан дээрээ бичлэг хийж Ч өөрөө болсон үйл явдлыг надад ярьж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/

Гэрч С.Сын өгсөн...А надад 4 тооны адуугаа хулгайд алдсан гэж хэлж байсан. Яг хэзээ гэдгийг нь би сайн санахгүй байна. Тухайн үед А алдсан 4 тооны адуугаа хайгаад олоогүй. 12 дугаар сарын 20-ны үед А над руу утсаар “та гэртээ байна уу гэж асуугаад, би гэртээ байна гэтэл” утсаа тасалсан. Утсаар яриад удаагүй байж байтал А, М нар манайд ирсэн. А надад хэлэхдээ “миний алга болсон 4 тооны адууг М авсан гэж Э надад хэлсэн гэж хэлсэн. Тэгээд дараа нь бид нар Ч, Э нарыг дуудаж ирүүлээд бүгдээрээ уулзсан. Ч ярихдаа Аын адуунаас халзан адуу хүрэн адуу манай ах М авсан гэж Ч согтуу байхдаа надад хэлсэн гэж хэлсэн. Тэгээд бид нар хэсгийн төлөөлөгчид мэдэгдэнэ гээд хэсгийн төлөөлөгч рүү утсаар ярихад хэсгийн төлөөлөгч Хоршоололд явж байна удахгүй очно гэж байсан. Бид нар хэсгийн төлөөлөгчийг хүлээгээд байж байтал хэсгийн төлөөлөгч ирэхгүй юм байна гээд М А-н мотоциклийг унаад гэр рүүгээ явсан. Мийг явсаны дараа Ч, А, Э, О бид нар манай гэрт орж гал тогооны өрөөнд сууж байгаад ярилцсан. Тэгэхэд Э Ч-с “Чи надад           ярьсан бүхнээ одоо ярь, миний найз ямар хулгай хийсэн биш гэхэд Ч       ингэж ярьсан “би М ахын тууж ирсэн адуунаас            хүрэн морь, халзан морь 2 барилцсан, тууж ирсэн адуу А ахын адуу байна гэж би бодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.М, С.Ч нарын бүлэглэж, бусдын малыг хулгайлсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.  

“Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна. “Олон тооны мал” гэдэгт хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно гэж, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж тус тус тайлбарласан байх боловч  шүүгдэгч Г.М, С.Ч нар нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хохирогч Э.Аын 4 тооны адууг бүлэглэж, хулгайлсан нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан олон тооны малд хамаарахгүй байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна.

Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”гэж заасан,мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Г.М, С.Ч нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэмт хэргийг үйлдэх үед мөрдөж байсан 2015 оны Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд эрүүгийн хуулийн  1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Г.М, С.Ч нарыг 2018 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг баг, Тоглохын тал гэх газраас хохирогч Э.А-н 4 тооны адууг бүлэглэж, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.А-т 4.600.000 /дөрвөн сая зургаан зуу мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Г.М, С.Ч нар нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирол төлсөн баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.М, С.Ч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцож, харин гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн зэргийг харгалзан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй,  шүүгдэгч Г.М, С.Ч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч С.Ч, Г.М нарын цагдан хоригдсон тус бүр нэг нэг хоногийг дурдах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл ийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Г.М,шүүгдэгч Б овогт С.Ч нарыг бүлэглэж, бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.М-г хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацааагаар, шүүгдэгч С.Ч-г хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар  тус тус тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, шүүгдэгч С.Ч нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, шүүгдэгч С.Ч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн,  эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ болон тэнссэн хугацаанд шүүгдэгч Г.М, шүүгдэгч С.Ч нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ч, Г.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тус бүр нэг нэг хоног цагдан хоригдсон,  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

9. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ч, Г.М нарт авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.О