Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 002

 

     Б.Е-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийж,

 

хяналтын прокурор М.Отгонжаргал,

хохирогч К.А, хохирогчийн өмгөөлөгчид А.Серикжан, С.Нургайып,

шүүгдэгч Б.Е, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, Г.Батбаяр, орчуулагч А.Раушан, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Маншүк нарыг оролцуулан, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Е-д холбогдох эрүүгийн 201604000055 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, ам бүл 4, аав, ээжийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дугаар баг, 21-19 тоотод оршин суудаг, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Ц” ХХК-д ажиллаж байсан, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б.Е РД: Б00000.

Шүүгдэгч Б.Е нь “Ц" ХХК-ний шар шороо авдаг талбайд 04-53 УНУ улсын дугаартай ВЕЙВЕН маркийн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байхдаа иргэн Н.Е-г тээврийн хэрэгслээр дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч Б.Е-ыг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е-д 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е-д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Е нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч К.А-д учирсан бодит хохирол болох 4.658.850 төгрөг төлөгдсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, гэмт хэргийн улмаас хохирогч К.Ад учирсан бодит хохирлын зөрүү болох 2.658.850 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол, 2 хүүхдээ 18 нас хүртэл асран хамгаалах, үйлдвэрлэлийн ослын нөхөн олговор зэрэгт нийт 30 сая төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Б.Е-ын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Б.Е-ын давж заалдах гомдлын агуулга: “Миний бие анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Миний бие Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201604000055 дугаартай хэргийг тус аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэг хийгээгүй гэж зүйл ангийг зөвшөөрөхгүй байна. Учир нь:

            1. Хавтаст хэрэгт авагдсан ШУТИС-ын шинжээчийн бүрэлдэхүүний гаргасан дүгнэлтээр уг ослыг “үйлдвэрлэлийн осол” гэж дүгнэсэн байдаг. Нөгөө талаар осол нь хөдөлмөр хамгаалах, аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс үүдэлтэй гэж үзжээ.

            2. Улсын Ерөнхий прокурорын газарт өмгөөлөгч Я.Сьездийн гаргасан хүсэлтийн хариу н.Сагсай гэх хүний албан бичигт “зүйлчлэл буруу” гэсэн байдаг бөгөөд уг албан бичиг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Өмгөөлөгч Я.Сьезд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн боловч шүүгч нотлох баримтаар үнэлээгүй байна.

            3. Гэрч Ж, Ай, Х нарын байцаалтаар тус тус гэрчлэгдэж байгаа боловч  шүүх хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

 

            Тус анхан шатны шүүхийн 146 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс  эхлэн цагдан хоригдож байна. Энэхүү явдалд би туйлын гомдолтой байна. Учир нь:

            Миний бие урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, хохирогч талын гаргасан бодит хохирлыг бүрэн төлсөн. Энэхүү осол нь үйлдвэрлэлийн осол гэж бүрэн дүгнэгдэж байгаа ч миний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд талийгаач дайрагдаж нас барсан тухай миний бие гэрч, сэжигтэн, яллагдагчаар байцаагдаж байхад тодорхой хэлсэн байдаг ба шүүх хуралдааны тэмдэглэлийн миний өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа. Гэтэл шүүгч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт “Надад хийсэн хэрэг байхгүй” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэнд гомдолтой байна. Миний бие талийгаач үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөлтэй талбайд миний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд дайрагдаж “үйлдвэрлэлийн ослоор” нас барсныг анхнаасаа хэлдэг ба тэр үүднээс хохирогч талын хохирол, талийгаачийн оршуулгын ажил албанд оролцсон байдаг ба энэ нь гэмшиж байгааг нотолно гэж үзэж байна. Гагцхүү шүүх нотлох баримтыг бүрэн судлаагүй намайг шийтгэсэн явдалд гомдолтой байна.

            Монгол Улс нь Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалах зарчмыг хуульчилсан. Энэ тулгуур зарчмын дагуу эрүүгийн хуульд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхээр хуульчилсан байхад шүүх миний эрх, эрх чөлөө дордуулж цагдан хорьсонд маш их гомдолтой байна.

            Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлийг солихоор мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүсье. Миний авсан ялыг тэнсэн суллаж өгөхийг хүсье.” гэжээ.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаярын давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 146 тоот шийтгэх тогтоолыг эс хүлээн зөвшөөрч хууль буруу хэрэглэн тайлбарласан, нотлох баримтыг дутуу үнэлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

МХХ-ны өмгөөлөгч Г.Батбаяр миний бие иргэн Б.Е-ын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан оролцож байна.  

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 1.2.2 дахь хэсэгт заасныг зөрчин Б.Е-д оногдуулах хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 19 дүгээр магадлалд  “..хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь буруу байх тул Б.Е-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй..харин Т.Б-д ял оногдуулах нь хуульд нийцэж байгаа...” талаар зааж, зөвлөж шийдвэрлэсэн байхад дээд шатны шүүхийн магадлалыг анхаарч үзэлгүй, шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7.1.2, 39.7.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байгааг харуулна.

Шүүх Эрүүгийн хуулийн 1.3.3 дахь хэсгийг ноцтойгоор зөрчсөн. Өөрөөр хэлбэл Т.Б-ын гэм буруутай үйлдлээс хүний амь хохирсон байгаа нь хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдож байхад түүнд оногдох гэм бурууг Б.Е-д хамаатуулан хэрэглэж, жинхэнэ гэмт этгээдэд ял завших боломжийг олгосон. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж, болсон үйл явдлын шалтгаант холбоог олж тогтоох, ял оноох үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байгаа нь Гэрч Д.Ай /1-р хх-ийн 30-31 тал/, гэрч Х.Х/1-р хх-ийн 28-29-р тал/, гэрч И.Ж /1-р хх-ийн 32-33 тал/ нарын мэдүүлгээр  тогтоогдож байгаа. Гэмт хэрэг гарсан хэрэг учрал уг уурхайн хэсгийн ачиж буулгах хэсэгт болсон бөгөөд засвар үйлчилгээ хийх үйл ажиллагаа уурхайн өөр газарт болж өрнөөд дууссан байгааг нотлон гэрчилж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2.1.1 дэх хэсэг зөрчигдсөн байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл шүүх шийдвэрээ гаргахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний тухай хуулийн зүйл заалт зөрчигдсөнөөс болгоомжгүйгээр хүний амь нас хөнөөгдсөн гэж үзсэн. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “.."Ц” ХХК-ны захирал /Б/ нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт болон нотлох баримтуудаар тогтоогдож байна..” гэж гэм буруутай этгээд нь Б мөн болохыг тогтоосон мөртлөө “..Иймд..Б.Е-ын зүйлчлэлийг өөрчлүүлэх үндэслэл нь няцаагдаж байна..” гэж дүгнэсэн нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6.1.2, 39.6.1.4 дэх хэсгийг зөрчсөн байгааг нотолж байна.

Б.Е-д шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 1.2.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7.1.3, 39.7.1.3 дахь хэсгийг зөрчсөн. Шүүх Б.Е-д ял оногдуулсан нь болгоомжгүйгээр хүн алах гэмт хэргийн заавал дагаж мөрдөх шинжийг агуулсан норматив тайлбарын хуульзүйн агуулгыг нэг мөр алдагдуулсан. Өөрөөр хэлбэл болгоомжгүйгээр алах нь хөнгөмсгөөр найдаж хүн алах, хайхрамжгүй хандаж хүн алах гэсэн хоёр хэлбэртэй.

Хөнгөмсгөөр найдаж хүн алах гэдэг нь хэрэв гэмт этгээд өөрийн үйлдлийн үр дүнд түүнийг бий болох боломжийг урьдчилан хардаг боловч, түүнийг урьдчилан сэргийлж чадна гэж хангалттай үндэслэлгүйгээр найдаж үйлдэхийг хэлнэ. Гэтэл энэ тохиолдол Е-д үүсээгүй гэдгийг гэрчүүд хангалттай нотолдог. Учир нь Б.Е нь ковшийн жолоочийн дохиогоор тээврийн хэрэгслийг хөдөлгөх хөдөлгөөн хийж байхдаа Н.А-ы амь насыг хөнөөж болох нөхцөл байгааг урьдчилан харж түүнээс сэргийлж чадна гэж тооцоолоогүй болох нь нотлох баримтуудаар тогтоогддог.

Хайхрамжгүй хандаж хүнийг алах гэдэг нь хэдийгээр өөрийн үйлдлийн үр дагаврыг анхаарал болгоомжтой байж харах ёстой байсан ч уг боломжийг харж чадаагүй байдлыг хэлнэ. Тээврийн хэрэгслийг бусдын зөвшөөрөл олгосноор хөдөлгөж байгаа Б.Е-д уг үр дагаварыг анхаарал болгоомжтой байж урьдчилан, таамаглан харах үүрэг, нөхцөл бүрдээгүй, үүсээгүй байсан болох нь хэрэгт хавсаргасан баримтуудаар хангалттай тогтоогдож байхад шүүх анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн дээрх хоёр олонлог Еын үйлдэлд байгаагүй болохыг шүүх тогтоож чадаагүй байна. Энэхүү гэмт хэргийн объект нь хүний амьд явах эрх, амь насны аюулгүй байдлыг хангаж байгаа нийгмийн харилцаа мөн. Гэтэл хүний амь насны хөдөлмөрийн аюулгүй харилцааг хангах үүрэг бүхий этгээд Т.Б нь үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүх Н.А-ы амь насны аюулгүй байдлыг хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын хуулиар хангах үүрэг хүлээгээгүй субъект болох Б.Е-д ял оногдуулсан нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоож чадаагүйг харуулж байна.

Болгоомжгүй хүн алах гэмт хэргийн объектив тал нь аюулыг урьдчилан сануулсан, болгоомжлуулсан ямар нэгэн журмыг зөрчсөн, үүний улмаас хүний амь нас хохирсон үйлдэл эс үйлдэхүй байна. Гэмт хэргийн субъектив тал нь хөнгөмсгөөр найдах буюу хайхрамжгүй хандсан болгоомжгүйн гэм буруугаар тодорхойлогдох тул дээрх шинжүүд хэргийн нөхцөл байдалд илрээгүй байгаагаараа гэмт хэрэгтний санаа сэдэл гэх зүйл хэрэгт байхгүй байгааг харж болно.

Эрүүгийн хуулийн 10.6 дахь хэсэгт заагдсан гэмт хэргийн субъект нь мэргэжлийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас болгоомжгүйгээр хүнийг алсан тусгай, өөрөөр хэлбэл зохих мэргэжил мэдлэгийг эзэмшиж, мэргэжлийн үүргээ биелүүлэх эрх бүхий субъект байна. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт гэм этгээд нь “Ц” ХХК-ний захирал Т.Б байхад шүүх гэм зэмгүй Б.Е-д ял оноосон байна.

Болгоомжгүйгээр хүн алах гэмт хэргийн хохирогч үхэх боломжийг урьдчилан харах боломжгүй байдаг тул өөрийн албан үүргээ зохих ёсоор биелүүлэх үүрэгтэй этгээдийг субъектээр татна. Өөрийн албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй субъект гэдэг нь албаны шаардлага дүрэм журам зааврыг бүрэн болон хэсэгчлэн биелүүлээгүйн улмаас хохирогчийг алахыг ойлгоно. Болгоомжгүйгээр хүн алах гэмт хэргийн хуульзүйн ойлголт нь Эрүүгийн хуулийн 10.6.1 дэх хэсгийн субъектийг шүүх зөв тогтоож чадаагүйг харуулж байна. Ачих хэсгийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах үүрэгтэй этгээд нь Т.Б гэдэгтэй хэн ч маргадаггүй нь гэм буруутай этгээд нь Б.Е биш гэдгийг нотолж байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт гэмт буруутай этгээд мэргэжлийн ямар үүргийг зөрчсөн гэдгийг тогтоох ёстой. Энэхүү хэм хэмжээ нь бусад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тохиолдолд хэрэглэгддэг нь Б.Е гэм буруугүй гэдгийг нотолж байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дахь хэсгийг зөрчсөн болох нь шүүх хуралдааны мэтгэлцээний явцад нотлогдсон. Өөрөөр хэлбэл шүүх Б.Е нь гэм буруугүй болохоо нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь мөн хуулийн 39.6.1.2, 39.8.1.5 дахь хэсгийг зөрчсөн байна.

Т.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон прокурорын хуульзүйн үндэслэлийг шүүх хянан үзэлгүйгээр, Т.Б-ын гэм буруутайг нотолсон хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг зөрчсөн дүгнэлтүүдийг Б.Ед хамаатуулан хэрэглэсэн. Энэ нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6.1.2, 39.8.1.10 дахь хэсэг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчин Т.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хянан үзээгүй байгааг харуулж байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо буюу Б.Е нь хүнийг болгоомжгүйгээр алах гэмт хэргийг үйлдсэн байх нөхцөл байдал үүсээгүй гэдгийг шүүх нарийвчлан тогтоож чадаагүй нь Б.Е-ыг гэмт хэрэгт буруутгагдах үндэслэлийг бий болгосон байна. Өөрөөр хэлбэл шүүх Б.Е-ыг засвар үйлчилгээний ажил дуусаагүй байхад ухрах хөдөлгөөн үйлдэж хүний амь насыг хохироосон гэж дүгнэсэн нь хэргийн үнэн зөв бодит байдлыг тогтоох нөхцөлийг алдагдуулсан.

Иймд Баян-Өлгий аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар 08-ны өдрийн 146 тоот шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5.1.1, 39.5.1.2, 39.5.1.3, .9.1.2 дахь хэсгийг баримтлан хүчингүй болгож Б.Е-ыг цагаатгаж өгнө үү.” гэжээ.

 

                Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдлын агуулга: “Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд би Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Б.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутайд тооцож байгаа явдлыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Хэрэгт мөрдөн байцаалт явуулж байсан мөрдөн байцаагчийн “Шинжээч томилох тухай” тогтоолыг үндэслэн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гарсан “Ц” ХХК-ны ажлын байранд болсон хүний амь нас хохирсон гэх золгүй явдал нь үйлдвэрлэлийн осол болох нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын хуралдааны тэмдэглэл /2016.04.12/, мөн өдөр гаргасан “Үйлдвэрлэлийн осол гарсан тухай акт”, Шинжлэх ухаан технологийн их сургууль Геологи, уул уурхайн сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Шинжээчийн баг томилох тухай” А/40 дүгээр тушаалаар ажилласан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, хошууч В.Балжинням тэргүүтэй 7 шинжээчийн гаргасан дүгнэлтүүдээр нь уг золгүй явдал нь үйлдвэрлэлийн осол болохыг тус тус тогтоосон байна.

2. Мөрдөн байцаагч Б.Еыг анх гэрчээр байцаасан тэмдэглэлд "... Асуулт: Энэ шороог тээвэрлэх ажил эхлэхийн өмнө компанийн зүгээс хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар анхааруулга, зөвлөмж өгч байсан уу?, мөн өдөр болгон ажил эхлэхийн өмнө хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар зааварчлагаа зөвлөмж өгч гарын үсэг зуруулж байсан уу? Хариулт: Үгүй, тийм ямар ч бичгээр зааварчилж байгаагүй. Асуулт: Та компанитай ажил гүйцэтгэх талаар бичгээр гэрээ хийж байсан уу ?. Хариулт. Үгүй бичгээр гэрээ хийж байгаагүй..." гэжээ

3.Мөрдөн байцаагчаас гэрч болон хэргийн холбогдогч гэх “Ц” ХХК-ны захирал Т.Б, ажилтан гэх н.Г-аас удаа дараа авсан мэдүүлэгт жолооч Б.Е-д хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын талаар албан ёсоор гарын үсэг зуруулж, зөвлөмж өгч байгаагүй түүнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй тухай мэдүүлсэн байдаг юм.

4. Мөрдөн байцаагчаас жолооч Б.Е-тай хамт Цэнгэл суманд очсон “Ц” ХХК-ны үйлдвэрлэлийн талбайд шороо зөөж байсан жолооч Х, Д.Ай нарыг гэрчээр асуусан тэмдэглэлд жолооч Х, Д.Ай нар нь “Ц” ХХК-ний захиргаанаас хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын талаар ямар нэгэн бичигт гарын үсэг зуруулж, зөвлөмж анхааруулга өгч байгаагүй, түүнчлэн жолооч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан тухай мэдүүлсэн байдаг.

5. Мөрдөн байцаагчаас осол гарсан газарт ажил үүргээ гүйцэтгэж байсан “Ц" ХХК-ны ажилчин И.Ж-г асуусан тэмдэглэлд “Б.Е ухарч ирээд жаахан ташуу зогсож байхаар нь би өмнө ачиж байсан газраас үргэлжлүүлэн шороо авахад эвгүй болсон тул А-д дохиж урагшаа хөдлөхийг хэлсэн юм. Энэ үед А 2-3 метр урагшаа хөдлөөд зогсож байсан. Энэ үед бид урагшаа дахин хөдлөхийг гараараа дохиж хэлсэн. Тэгээд Е дахин урагшаа хөдлөөд явж байх үед машины арын дугуйны дотроос нэг том зүйл гараад ирэхээр нь гайхаад энэ юу бол гээд харсан чинь нөгөө туслах А гэдэг залуу байсан ..”гэжээ. \хэргийн 31-33 дугаар талд\

6. Шинжлэх ухаан технологийн их сургууль Геологи, уул уурхайн сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Шинжээчийн баг томилох тухай” А/40 дүгээр тушаалаар ажилласан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, Автотээврийн болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэсэн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.2, 18.2.4, 18.2.5 18.2.6, 18.2.7 дахь заалтууд “Ц” ХХК-тай хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар гэрээ хийж ажиллаагүй, ямар нэгэн баримтад гарын үсэг зураагүй жолооч Б.Ед хамааралгүй асуудал гэж үзэж байна. Нөгөө талаас дээрх дүгнэлтээр уг золгүй явдал нь “Ц” ХХК-тай холбоотой болох буюу үйлдвэрлэлийн осол гэж гарсан учраас нэг үйлдэлд нэг этгээдийг буруутгах зарчимтай гэж үзэж байна. Жолооч Б.Е-ыг Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.2.2, 10 2 7, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.4 дэх хэсэг болон Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоолоор баталсан “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.6, Монгол улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын Сайдын 2009 оны 201 дүгээр тушаалаар баталсан “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн 2.9, “ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн “Уурхайн тээвэр” гэсэн дөрөвдүгээр бүлгийн “4.1 .Автомашин ба тракторын тээвэр” хэсэг буюу дүрмийн 257, 284-ийн д, 288, 289 дэх заалтуудыг зөрчсөн гэсэн асуудал нь “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг”-ийн шинжийг агуулж байна. Гэтэл өмнө яллагдагч Б.Е-д аймгийн прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай знгийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч сүүлд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хяналтын прокурорын тогтоол нь хүчинтэй байна. Иймд шинжээч нарын дүгнэлтэд тусгасан Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм, Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм, “Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн холбогдох заалтууд зөрчсөн гэсэн дүгнэлт нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна.

7.Шинжлэх     ухаан технологийн их сургууль Геологи, уул уурхайн сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 'Шинжээчийн баг томилох тухай” А/40 дүгээр тушаалаар ажилласан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд 'Ц” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эруүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.1.3, 28.1.4, 28.1.5, 28.1.6, 28.1.7, 28.1.8, Монгол улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/114 дугаар тушаалаар баталсан “Аж ахуйн нэгж. байгууллагад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив”, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А\223 дугаар тушаалаар баталсан “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/295 дугаар тушаалаар баталсан “Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх аргачилсан зөвлөмж”, 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн А/33 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, шалгалт авах журам ", Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын үлгэрчилсэн хөтөлбөр" Монгол улсын Үйлдвэр, худалдааны Сайдын 2003 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 96 дугаар тушаалаар баталсан “Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг тус тус зөрчсөн болохыг тогтоожээ. Иймд ажил олгогч буюу “Ц" ХХК ны буруутай үйл ажиллагааг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон учир энэ нь жолооч Б.Е буруугүй болохыг нотолж байна. Тухайн гэмт хэргийн субьектив талын шинж тэмдэг байхгүй байна. Өөрөөр хэлбэл Б.Е-ын үйлдэл нь хохирогч Н.А-ыг амь насыг хохироох санаа зорилго агуулаагүй, тийм зорилготой байсныг мөрдөн байцаалтаар тогтоож чадаагүй байна.

8.Тухайн гэмт хэргийн обьектив талын үйлдэл холбогдол нь тогтоогдоогүй. Учир нь яллагдагч Б.Е нь Н.А-ы амь насыг болгоомжгүйгээр хохироох талаар ямар идэвхтэй үйлдэл хийсэн гэдэг нь нарийвчлан тогтоогдоогүй, 2015 оны Эрүүгийн хууль нь 2017 оны 7 дугаар сарын 01-нээс хуулийн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн 10.6-ийн 1-д заасан гэмт хэрэг нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Бусдыг болгоомжгүй алах” гэмт хэргийн ялын хувьд хүндэрч байна. Тухайлбал 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94.1-т уг гэмт хэргийн обьектив талын шинж тэмдгийг тодорхой заагаагүй байсан юм. Харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6-ийн 1-д гэмт хэргийн обьектив талын шинжийг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй..." гэж тодорхойлсон байна. Мөн тухайн зүйл ангид нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах гэсэн шинэ ял тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр болсон үйл баримт нь Б.Е нь бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүйд тооцон шүүгдэгч Б.Е-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 5, 6, 36.6, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгч Б.Е-ыг цагаатгаж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Б.Е, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Я.Съезд нарын гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйл тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.Е нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутаг, "Цагаан гол" гэх газарт үйл ажиллагаа явуулдаг "Ц" ХХК-ийн шар шороо олборлодог талбайд 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 09 цагаас 10 цагийн орчимд ВЕЙВЕН маркийн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байхдаа автомашин доогуур орсон өөрийн туслахаар ажиллуулж байсан иргэн Н.А-ыг дайрч гавал тархины ил гэмтэл, тархи, гавал, нүүр, эрүүний яснуудын бяцрал зэрэг хүнд гэмтлүүдийн улмаас амь насыг нь хохироосон буюу бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлджээ.

 

Энэ нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, хохирогчийн нас барсан шалтгаан болон шинжээчид тавигдсан асуултад хариулах зорилгоор хийсэн шинжээчийн дүгнэлт, гэрч И.Ж-гийн “Б.Е ухарч шороо асгуулах газарт ойртож ирж байсан. Энэ үед талийгаач цаана нь гарт нь алх, түлхүүр барьсан ирж байсан. Гэхдээ машинаас нилээд зайтай цаана байсан. Тэгээд дахиж би түүнийг хараагүй. Б.Е ухарч ирээд жаахан ташуу зогссон байхаар нь би өмнө нь ачиж байсан газраас шороо авахад эвгүй болсон тул Б.Ед дахин урагшаа хөдлөхийг хэлсэн. Энэ үед Б.Е 2-оос 3 метр яваад зогссон, энэ үед би дахин урагшаа хөдлөхийг гараараа дохиж хэлсэн. Тэгээд Б.Е дахин хөдлөөд урагшаа явж байх үед машины арын дугуйны доороос нэг том зүйл гараад ирэхээр нь гайхаад энэ юу бол гээд харсан нөгөө туслах Н.А гээд залуу машинд дайрагдсан байсан” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдсон байна.    

 

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсан гэсэн 2 хэлбэртэй ба хөнгөмсгөөр найдсан этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг мэдсэн нь шууд бус оюун санааны шинжтэй боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж буруу тооцсон хүсэл зоригийн шинжтэйгээр гэмт хэрэг үйлдсэн байх явдал юм.

Хайхрамжгүй хандсан хэлбэр нь уг этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарласан, үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан, түүнийг мэдэх боломжтой байсан зэрэг оюун санааны шинжүүд, мэдэлгүй үйлдсэн хүсэл зоригийн шинжүүдтэй байдаг.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэхэд автомашин жолоодож шороо ачих үед хохирогчийг машин доогуур орсон гэдгийг мэдээгүй, хохирогч машин доогуур орсныг мэдээгүй байснаас дайрч амь нас нь хохирох аюултай гэдгийг шүүгдэгч нь мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр ил уурхайн талбайн нөхцөлд нь мөргөх, санаатайгаар дайрах нөхцөл байдалгүй зам байсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Е нь ВЕЙВЕН маркийн тээврийн хэрэгсэл жолоодож урагш хөдөлж шороо ачих үйлдэл хийх гэж байхдаа өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх, зам дээр болон түүний ойр орчимд ажил үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, осол гарахгүй байх нөхцөлийг хангах үүргийг тус тус зөрчиж өөрийн туслахаар ажиллуулж байсан иргэн Н.А-ыг дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Баян-Өлгий аймгийн Прокурорын байгууллагаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох буюу Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд зүйлчлэл тохирсон гэж зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

 

Хохирогч К.А нь анхан шатны шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 236 дугаартай тэмдэглэлд “би дараах хохирлыг нэхэмжилж байна 1 дүгээр би гэр оронгүй, 2 дугаарт асран хамгаалагчаасаа хагацсан, 3 дугаарт сэтгэл санаагаар хохирсон, 4 дүгээрт насанд хүрээгүй хоёр хүүхэдтэйгээ үлдсэн, иймд би 30 сая төгрөг нэхэмжилж байна. Гэм буруутай этгээд 18 нас хүртэл нөхөн төлбөр төлж өгөхийг шаардаж байна” гэжээ.

Мөн хохирогч К.А мэдүүлэхдээ /хавтаст хэргийн 135 дугаар хуудас/ “хохирлын хувьд бүрэн гүйцэд авсан байгаа, харин хоёр хүүхдийн маань хувь тавилан ирээдүйн асуудал бүрхэг болж хоцров, өөр надад хэлэх зүйлгүй, хохирлын хувьд бодит хохирлыг би төлүүлж авсан” гэжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар “төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо ...нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтоох бөгөөд төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасаж” тооцохоор зохицуулжээ. Хохирогч К.А нь 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт болох хохирогчийн цалин хөлсний талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Гэм хор учруулсны төлбөрийг гаргуулахад гэр орон, сэтгэл санаагаар хохирсон байдлыг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлөхөөр, сэтгэл санааны байдал эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй нөхцөлд мөнгөөр нөхөн төлүүлэх боломжгүйг дурдаж, харин гэм хор учруулсны нотлох баримтаа бүрдүүлсний үндсэн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байна.

Хохирогч нас барсантай холбогдсон гэм хорын хохирлыг хавтаст хэрэгт цугларсан хуульд заасан журмаар бүрдүүлсэн нотлох баримтад үндэслэн оршуулгын зардалд 1 дүгээр хавтаст хэргийн 213 дугаар хуудсанд авагдсан хохирогч К.А учирсан хохирлыг хүснэгтээр харуулж 4.658.850 төгрөгийн хохирол учирсан бөгөөд  шүүгдэгч Б.Еоос 2.000.000 төгрөг, “Ц” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 3.000.000 төгрөг гаргаж хохирлыг барагдуулсан байна.

 

2002 оны болон 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиудад заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон (94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг) гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод, дээд хэмжээ адил учир  сонгон хэрэглэж болох зорчих эрхийг хязгаарлах ялыг шинэ Эрүүгийн хуулиар нэмсэн боловч уг ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар тогтоосон тул анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байна гэж дүгнэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Т.Б-ын үйлдлийг Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 5/28 тоот “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор “2015 онд батлагдаж одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй шинэ Эрүүгийн хуульд “Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” бөгөөд 2017 онд батлагдсан Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлд зааснаар зөрчилд тооцох болсон тул хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хамгаалах үүргээ биелүүлээгүй гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 441 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Зам тээврийн осол” зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний бие .. гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал, “зам” нь тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар. Иймд уг ослыг зам тээврийн осол гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт хамааралгүй байна. 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, Я.Сьезд нарын “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгч Б.Е-ыг цагаатгаж өгнө үү” гэсэн саналыг хүлээж авах боломжгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Давж заалдах шатны шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг барагдуулсан байдал, шүүгдэгчийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 146 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд “ миний бие гэм буруутай байгаа гэдгээ илэрхийлэх нь гэмшиж байгаагаа илэрхийлэх нь зүйтэй. Би анх удаа хэрэгт холбогдож байна, та бүхнээс уучлалт хүсч байна” гэсэн мэдүүлэг, 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршигийн шинж чанар, хувийн байдал” зэргийг харгалзан үзээд  шүүгдэгчийн “хорих ялыг тэнсэж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Е-д оногдуулсан ялыг тэнссэн тул шүүх оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг хуульд зааснаар үүрэг хүлээлгэв. Хэрэв энэ үүрэг хүлээлгэх арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй байна.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “шүүгдэгч Б.Е-ын ургийн овгийг “сүйндэк” гэж буруу бичсэнийг зөвтгөж “сүйндик” гэж, мөн энэ гэмт хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг тул 2015 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлах” гэж тус тус өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “сүйндэк” гэснийг “сүйндик” гэж өөрчилж,

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан,” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт:

4. “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-т заасныг баримтлан шүүгдэгч Барах сүйндик овогт Б.Е-д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5.-д зааснаар шүүгдэгч Б.Е-д оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.” гэсэн, 

5. “Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е-д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.” гэсэн нэмэлт заалт тус тус оруулж,

шийтгэх тогтоолын 4 дэх заалтын дугаарыг “6” гэж, 5 дахь заалтын дугаарыг “7” гэж, 6 дахь заалтын дугаарыг “8” гэж, 7 дахь заалтын дугаарыг “9” гэж, 8 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр нь үлдээж, шүүгдэгч Б.Е-ын давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, Г.Батбаяр нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Еыг шүүх хуралдааны танхимаас суллаж, түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е нь 32 хоног цагдан хоригдсоныг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       Б.ДАМБА

 

 

Д.МӨНХӨӨ