Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2017/00486

 

 

 

  

 

2017 оны 02 сарын 06 өдөр         Дугаар 101/ШШ2017/00486         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатми гандийн гудамж, галакси товер 1004 тоотод байрлах, “Экокапитал ББСБ” ХХК /РД:5419115/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр, Американ дэнж хотхон 44/5 байр, 5 тоотод оршин суух, Жарантай овогт Өлзийдашийн Отгонжаргал /РД:ЙО84072504/-д  холбогдох,

15,963,564 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Экокапитал ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“Экокапитал ББСБ” ХХК иргэн Ө.Отгонжаргалтай 2015 оны 04 сарын 28-ны өдөр 15/114 тоот зээлийн гэрээ байгуулж, 9,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй, зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2005 онд үйлдвэрлэгдсэн, 2013 оны 02 сарын 15-нд Монгол Улсад орж ирсэн, 19-65 УНБ улсын дугаартай, 00933179 гэрчилгээний дугаартай, хар өнгийн Volkswagen touareg маркын автомашиныг барьцаалсан. Зээлдүүлэгч тал зээлдэгч Ө.Отгонжаргалд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа уулзаж шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа болно. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нь хүүнд 1,940,790 төгрөг төлсөн болно. Энэ нь манай байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу иргэн Ө.Отгонжаргалаас 15/114 тоот зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 9,000,000 төгрөг, зээлийн хүү 5,802,970 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,160,594 төгрөг, нийт 15,963,564 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийг дэмжиж байна. Зээлийн гэрээний хугацаанд 1,940,790 төгрөгийн хүү төлсөн болно. Ө.Отгонжаргалтай зээлийн гэрээ байгуулсан. Фидуцын гэрээг мөн Ө.Отгонжаргалтай байгуулсан. Зээлийн хүүг мөн хариуцагч Ө.Отгонжаргал өөрөө төлсөн байгаа юм. Зээлийг хүлээн авсан этгээд нь Ө.Отгонжаргал. Д.Одгэрэлтэй манайх эрх зүйн ямар нэгэн харилцаанд ороогүй. Энэ хэлцлийг Д.Одгэрэлтэй огт хийгээгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд мөнгөн хөрөнгийг хуульд заасан хугацаагаар зээлдэгчид шилжүүлэх үүргээ манайх биелүүлсэн. Зээлдэгч хэнд мөнгөө цааш өгөх нь зээлдэгчийн өөрийнх нь асуудал. Хариуцагч зээлийг аваагүй гэж байгаа бол тэрийгээ нотлох хэрэгтэй. Д.Одгэрэлийг гэрчээр асуухад 9,000,000 төгрөгийг хэнээс авсан бэ гэхэд Ө.Отгонжаргалаас авсан гэж мэдүүлдэг. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу Ө.Отгонжаргалд зээлийг олгосон байх тул бид нар Ө.Отгонжаргалаас зээлийг шаардах бүрэн эрхтэй. Машиныг бидэнд авч ирж өгөхгүй байгаа. Фидуцын гэрээнээс татгалзаж байна. Үндсэн зээлийн гэрээний үүргээ шаардаж байна...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Экокапитал” ББСБ-ын нэхэмжлэлтэй Ө.Отгонжаргалд холбогдох иргэний хэрэгт хариуцагч талаас нэхэмжлэлийг бүхэлд эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Иргэн Ө.Отгонжаргал зээлийн хариуцагч болсон бодит байдлыг үнэн зөвөөр тайлбарлая. Ө.Отгонжаргал миний нөхөр байсан Д.Одгэрэл нь 2015 оны 4 сард “найзаасаа машин авч байгаа өөрийнх нь нэр дээр шилжүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлд өртэй байгаа учраас болохгүй байна, чиний нэр дээр шилжүүлээд авъя” гэхэд нь би татгалзаагүй. Удалгүй Д.Одгэрэл “би зээл авах гэхээр шийдвэр гүйцэтгэлд өртэй гээд зээл гарахгүй байнаа чи нэрээр авахгүй бол болохгүй байна энэ дээр гарын үсгээ зурчих” гээд одоо “Эко Капитал” ББСБ-ын гэрээг үзүүлсэн. Тухайн үед би "Эко Капитал” ББСБ-ын гэрээ зэрэг холбогдох материал дээр гарын үсэг зурсан болно. Мөн мөнгийг нь Одгэрэлийн дансаар хүлээн авч болохгүй байсан учраас, мөн Эко Капитал нь зөвхөн надад шилжүүлнэ гэхээр өөрийнхөө дансаар хүлээн авч Одгэрэлд гаргаж өгсөн нь үнэн. Манай гэрт 2014 оноос шүүхийн зарлан дуудах хуудас ирсэн зэрэг ирсэн үеэс Одгэрэлийг бусдад өртэй гэдгийг мэдсэн. Одгэрэлд зээл өгсөн зарим хүн намайг болон миний бага насны хоёр охиныг айлгаж, сүрдүүлж, байраа суллаж өг зэргээр дарамтлан маш хүнд байдалтай амьдарч байсан. Одгэрэлтэй гэрлэлтээ цуцлуулж миний бие хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авснаас хойш хааяа нэг хүүхдүүдтэйгээ эцгийг нь уулзуулдаг. Харин өр зээл нь яаж байгааг тэр болгон мэддэггүй. “Эко Капитал” ББСБ-аас авсан гэх зээлийг миний нэрээр Одгэрэл авч ашигласан тул миний бие хариуцах учиргүй гэж үзэж байна. Одгэрэл өөрөө хөөцөлдөж энэ зээлийг авсан учраас хожим нь учир нь олдох байлгүй, өөрөө төлчих байлгүй дээ гэж бодож байсан. Энэ зээлийг төлөхдөө мөнгө байхгүй байна хугацаа нь болчлоо гээд Одгэрэл ярих үед хааяа би төлбөрөөс нь хийж туслаж байсан. Надад банк бус санхүүгийн байгууллагаас 9 сая төгрөг авах хэрэгцээ шаардлага байгаагүй, Одгэрэл нь өөрөө төлчихнө гэхээр нь гэрээнд гарын үсэг зурж, дансаараа хүлээн авч мөнгийг нь түүнд өгсөн нь бодит зүйл. Иймд миний бие зээлийн гэрээний үүргийг хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. Зээлийн мөнгийг Д.Одгэрэл авч хувьцаа зарцуулсан байдаг. 1,940,790 төгрөгийн хүү төлсөн, маргаангүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар халхавчилж хийсэн хэлцэл байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Экокапитал ББСБ” ХХК хариуцагч Ө.Отгонжаргалд холбогдуулан “зээлд 9,000,000 төгрөг, хүүд 5,802,970 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,160,594 төгрөг, нийт 15,963,564 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал “зээл авах шаардлага байгаагүй, зээлийг гэрээг Ө.Отгонжаргалын нэрээр байгуулж мөнгийг нөхөр байсан Д.Одгэрэл авсан тул хариуцахгүй, халхавчилж хийсэн хэлцэл” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Экокапитал ББСБ” ХХК 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 9,000,000 төгрөгийг хариуцагч Ө.Отгонжаргалд 3 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлж, Ө.Отгонжаргалын өмчлөлийн WVGMM77L35D071509 арлын дугаартай, 19-65 УНБ улсын дугаартай, 2005 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн волксваген таурег маркын автомашиныг үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож фидуцийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, фидуцийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

Зохигчидын хооронд байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.5 дах хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Зээлдүүлэгч “Экокапитал ББСБ” ХХК зээлдэгч Ө.Отгонжаргалд 9,000,000 төгрөгийг түүний Төрийн банк дах 103900201035 дугаартай дансанд шилжүүлсэн болох нь төрийн банкны орлогын ордероор тогтоогдож байна.

Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дууссан боловч хариуцагч Ө.Отгонжаргал зээлийн гэрээний хавсралт Б-д заасан эргэн төлөлтийн хуваариа зөрчиж үүргээ биелүүлээгүйн улмаас “Экокапитал ББСБ” ХХК хариуцагч Ө.Отгонжаргалаас зээлээ төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Ө.Отгонжаргал зээлийн хүүд 1,940,790 төгрөг төлсөн нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба энэ дүнд талууд маргаагүй, хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай байна.

Хариуцагчийн төлөөлөгч татгалзаж буй үндэслэлээ ...зээл авах хэрэгцээ байгаагүй, Д.Одгэрэлд зээл өгөхгүй гэсэн учраас зээлийн гэрээг Ө.Отгонжаргал хийсэн, зээлийн мөнгийг Д.Одгэрэл авсан... гэх боловч “Экокапитал ББСБ” ХХК Ө.Отгонжаргал нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг түүний нөхөр байсан гэх Д.Одгэрэлд хариуцуулах хууль зүйн үндэслэлгүй ба гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй юм.

Фидуцийн гэрээний дагуу Ө.Отгонжаргалын өмчлөлийн 19-65 УНБ улсын дугаартай, 2005 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн волксваген таурег маркын автомашин “Экокапитал ББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжсэн болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид “фидуци” гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 235 дугаар зүйлийн 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заажээ.

Хууль болон гэрээнд зааснаар нэхэмжлэгч тал 19-65 УНБ улсын дугаартай, хар өнгийн волксваген таурег маркын автомашиныг өөрсдийн эзэмшилд бодитойгоор гаргуулан авах шаардлага гаргаагүй, шүүх хуралдаанд тодруулахад ...уг авто машиныг эвдэрсэн, хөдөө байгаа гэж гэрчээр асуугдсан Д.Одгэрэл хэлсэн, мөн бид машиныг үзье, аваад ир гэхээр авч ирэхгүй байсан учир бид фидуцийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний үндсэн үүргээ нэхэмжилж байна... гэсэн болно.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх”, 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасны дагуу хариуцагчаас үндсэн зээлд 9,000,000 төгрөг, зээлийн хүүд 2015.05.10-ны өдрөөс 2016.11.10-ны өдрийг хүртэлх 561 хоногт 1 хоногийн хүү 13,500 төгрөг, бүгд 7,573,500 төгрөгөөс хариуцагчийн  төлсөн 1,940,790 төгрөгийг хасч 5,802,970 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2015 оны 9 сараас хойш төлөгдөөгүй хүүгийн үлдэгдэлд 20 хувиар тооцсон 1,160,594 төгрөг, нийт 15,963,564 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Экокапитал ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан зээл хүүний тооцоолол хүснэгтийн нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон дүн хууль болон гэрээнд нийцэж байх тул уг дүнгээр нэмэгдүүлсэн хүүг тооцсон болно.

“Экокапитал ББСБ” ХХК Ө.Отгонжаргал нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 сарын 28-ны өдрийн 15/114 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсныг уг автомашиныг барьцаалсан гэж үзэхгүй тул нэхэмжлэлээс барьцаа хөрөнгө болох автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Экокапитал ББСБ” ХХК фидуцийн гэрээнээс татгалзсан тул уг гэрээний дагуу “Экокапитал ББСБ” ХХК-ийн нэр дээр шилжсэн Ө.Отгонжаргалын 19-65 УНБ улсын дугаартай, хар өнгийн волксваген таурег маркын автомашиныг түүний нэр дээр шилжүүлж өгөөгүй тохиолдолд шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй, хариуцагчийн төлөөлөгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэлийг зааж талуудын хоорондох гэрээг хүчин төгөлдөр бус гэх боловч сөрөг нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдах зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Отгонжаргалаас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 15,963,564 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Экокапитал ББСБ” ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болох автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 307,970 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Отгонжаргалаас 237,767 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Экокапитал ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.БАТЦЭЦЭГ