Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 963

 

МАГАДЛАЛЫН ТӨСӨЛ

2017.4.19                                                          №963

“Экокапитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/00486 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Экокапитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ө.Отгонжаргалд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 15 963 564 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Ихбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхтүвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Экокапитал ББСБ” ХХК иргэн Ө.Отгонжаргалтай 2015 оны 04 сарын 28-ны өдөр 15/114 тоот зээлийн гэрээ байгуулж, 9 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй, зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2005 онд үйлдвэрлэгдсэн, 2013 оны 02 сарын 15-нд Монгол Улсад орж ирсэн, 19-65 УНБ улсын дугаартай, 00933179 гэрчилгээний дугаартай, хар өнгийн Volkswagen touareg маркийн автомашиныг барьцаалсан. Зээлдүүлэгч тал зээлдэгч Ө.Отгонжаргалд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа уулзаж шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа болно. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нь хүүнд 1 940 790 төгрөг төлсөн болно. Энэ нь манай байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Машиныг бидэнд авч ирж өгөхгүй байгаа. Фидуцын гэрээг мөн Ө.Отгонжаргалтай байгуулсан. Фидуцын гэрээнээс татгалзаж байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу иргэн Ө.Отгонжаргалаас 15/114 тоот зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 9 000 000 төгрөг, зээлийн хүү 5 802 970 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 160 594 төгрөг, нийт 15 963 564 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ө.Отгонжаргал миний нөхөр байсан Д.Одгэрэл нь 2015 оны 4 сард найзаасаа машин авч байгаа өөрийнх нь нэр дээр шилжүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлд өртэй байгаа учраас болохгүй байна, чиний нэр дээр шилжүүлээд авъя гэхэд нь би татгалзаагүй. Удалгүй Д.Одгэрэл би зээл авах гэхээр шийдвэр гүйцэтгэлд өртэй гээд зээл гарахгүй байна чиний нэрээр авъя гээд "Экокапитал ББСБ”-ын гэрээнд гарын үсэг зуруулсан. Тухайн үед би "Экокапитал ББСБ”-ын гэрээ зэрэг холбогдох материал дээр гарын үсэг зурсан болно. Мөн мөнгийг нь “Экокапитал ББСБ” нь зөвхөн надад шилжүүлнэ гэснээр өөрийнхөө дансаар хүлээн авч Одгэрэлд гаргаж өгсөн нь үнэн. “Экокапитал” ББСБ-аас авсан гэх зээлийг миний нэрээр Одгэрэл авч ашигласан тул миний бие хариуцах учиргүй гэж үзэж байна. Энэ зээлийг төлөхдөө мөнгө байхгүй байна хугацаа нь болчлоо гээд Одгэрэл ярих үед хааяа би төлбөрөөс нь хийж тусалж байсан. Надад банк бус санхүүгийн байгууллагаас 9 000 000 төгрөг авах хэрэгцээ шаардлага байгаагүй, Одгэрэл нь өөрөө төлчихнө гэхээр нь гэрээнд гарын үсэг зурж, дансаараа хүлээн авч мөнгийг нь түүнд өгсөн нь бодит зүйл. Иймд миний бие зээлийн гэрээний үүргийг хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. 1 940 790 төгрөгийн хүү төлсөн, маргаангүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар халхавчилж хийсэн хэлцэл байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Шүүх:  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Отгонжаргалаас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 15 963 564 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "Экокапитал ББСБ” ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болох автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 307 970 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Отгонжаргалаас 237 767 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "Экокапитал ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.  Д.Одгэрэл нь 2015 оны 4 сард "Найзаасаа машин авч байгаа өөрийнх нь нэр дээр шилжүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлд өртэй байгаа учраас болохгүй байна, чиний нэр дээр шилжүүлээд авъя" гэхэд нь би татгалзаагүй. Удалгүй Д.Одгэрэл "Би зээл авах гэхээр шийдвэр гүйцэтгэлд өртэй гээд зээл гарахгүй байна чиний нэрээр авахгүй бол болохгүй байна. энэ дээр гарын үсгээ зурчих" гээд одоо "Экокапитал" ББСБ-ын гэрээг үзүүлсэн. Тухайн уед би "Экокапитал" ББСБ-ын гэрээ зэрэг холбогдох материал дээр, мөн Одгэрэл, эдийн засагч нарын шаардлагаар зааж өгсөн бүхий л баримт бичигт гарын үсэг зурсан нь үнэн болно. Мөн мөнгийг нь Д.Одгэрэл дансаараа хүлээн авч болохгүй байсан учраас, мөн "Экокапитал" нь зөвхөн надад шилжүүлнэ гэснээр өөрийнхөө дансаар хүлээн авч Д.Одгэрэлд гаргаж өгсөн. Нэхэмжлэгч "Экокапитал" ББСБ нь анх зээл өгөхдөө барыцаанд тавьсан Волкесваген Тоурег маркийн 19-65УНБ улсын дугаартай машиныг өөрийн эзэмшилд шилжүүлж байгууллагынхаа нэр дээр болгосон боловч уг машиныг Замын цагдаа болон Замын Шуурхай Хөдөлгөөний Албанд зарлуулж өөрийн хөрөнгөө олж авах талаар нэг ч оролдлого хийгээгүй. Би тэр машиныг нь сайн мэдэхгүй. Д.Одгэрэл нь "Экокапитал" ББСБ-д анх үзүүлж өөрөө хөөцөлдөж зээлээ авч улмаар одоо хүртэл тэр хүний мэдэлд унаж, эзэмшиж байгаа нь үнэн болно. Би 0-5 насны 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй хүн. "Экокапитал" ББСБ-ын нэхэмжилсэн мөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлнө гэхэд хүнд бэрх байна. Иймд энэ нэхэмжлэлийг уг машиныг эзэмшиж унаж байгаа Д.Одгэрэлээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч "Экокапитал" ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, эдийн засагч нь Одгэрэлд зээл өгөх гэж байсан хүн үүнийг сайн мэдэж байгаа. Одгэрэл шүүхэд гэрчээр асуугдаж мэдүүлэг өгөхдөө болсон бүх процессыг хэлсэн. Шүүх мэдүүлгийг огт үндэслээгүй байна. Миний бие хүү төлөхгүй гэсэндээ маргаагүй бөгөөд гагцхүү "Экокапитал" ББСБ нь Д.Одгэрэлд зээл олгож байгаагаа мэдэж байсан, хэлбэрийн хувьд Отгонжаргал надтай гэрээ байгуулсан гэдэг нь бодит зүйл учраас шударгаар шийдвэрлэгдэнэ гэж найдаж ирсэн. Анхан шатны шүүх дээрх үйл явдал, баримтыг үнэлээгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хэрэв миний бие тухайн зээлийг авч ашигласан бол зээл болон зээлийн хүүг төлөх нь гарцаагүй асуудал бөгөөд Д.Одгэрэлд зээл өгөхийн тулд барьцаа хөрөнгө болон зээлдэгчийн шаардлага хангасан нэрийдлээр надтай гэрээ байгуулсныг шүүх тогтоогоогүй, үр дагаврыг хариуцахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тодорхойлсон байх боловч хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Эко капитал ББСБ” ХХК нь хариуцагч Ө.Отгонжаргалд  холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлд 9 000 000 төгрөг, хүүд 5 802 970 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 160 594 төгрөг, нийт 15 963 564 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 9 000 000 төгрөгийг аваагүй гэжээ.

 

Талуудын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдаж хариуцагч нь 9 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулахаар хариуцагч нь өөрийн эзэмшлийн WVGMM77L35D071509 арлын дугаартай, 19-65УНБ улсын дугаартай, 2005 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн волксваген таурег маркийн автомашиныг өмчлөлд шилжүүлсэн байна. /хх 7-11/

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн харилцаа, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний харилцаа үүссэн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар зээл, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв юм.

 

Талуудын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 9 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүсэж, хариуцагч гэрээний үүргийг биелүүлээгүй болох нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх-23, 47-49/

 

Нэгэнт зээлийн гэрээ Ө.Отгонжаргалтай байгуулж мөнгийг түүний данс руу шилжүүлсэн, тэрээр дээрх гэрээний дагуу хүү төлж байсан тул уг гэрээний нэг тал бөгөөд тухайн хэргийн хариуцагч гэж үзнэ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ надад зээл авах хэрэгцээ байгаагүй, Д.Одгэрэлд зээл өгөхгүй гэсэн учраас зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, би 9 000 000 төгрөгийг бодитоор аваагүй гэх боловч тэрээр 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтад гарын үсэг зурж 9 000 000 төгрөг хүлээн авсан болох нь нотлогдож түүний татгалзал үгүйсгэгдэж байна. /хх-6/

 

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүүнд нийт 1 940 790 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй бөгөөд талууд зээлийн сарын хүүгийн хэмжээ 4,5 хувь, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсоны дагуу хариуцагч зээлийн хүүд 7 573 500 төгрөгөөс түүний төлсөн 1 940 790 төгрөгийг хасч 5 802 970 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 160 594 төгрөг төлөхөөр байх тул шүүх уг мөнгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцож шийдвэрлэсэн нь зөв болно.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа фидуцын үүргийн гүйцэтгэлийг хангуулах хөрөнгө болох 19-65УНБ улсын дугаартай, 2005 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн волксваген таурег маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээнээс татгалзах агуулга бүхий шаардлага гаргасан байгаа учраас нэхэмжлэгчийн шаардлага өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй. /хх-70/

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн асуудлаар талуудын мэтгэлцсэн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...фидуцын гэрээнд тавьсан автомашины мотор цохьцсон...” гэх /хх-70/ мөн гэрч “...угаасаа миний машин байсан учраас манай нэг найзад байгаа...” гэх мэдүүлгээр энэ байдал нотлогдож байгаа учраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ хийх үед байсан автомашины шинж байдал чанарын хувьд дордсон, бодитойгоор гаргуулан авах боломжгүй болсон гэж үзэхээр байна.

 

Ийнхүү нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу өөрийн өмчлөлд шилжүүлсэн автомашиныг бодитоор гаргуулан авснаар 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн фидуцын гэрээ дуусгавар болох хэдий ч уг хөрөнгийг бодитойгоор гаргуулан авах боломжгүй, хариуцагч өгөөгүй тул түүний татгалзал үндэслэлтэй, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээнээс татгалзсан гэх нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/00486 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх  заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Отгонжаргалаас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 15 963 564 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "Экокапитал ББСБ” ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг хангасугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

                                                 

                                            ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА 

                                             

                                                                                                    Б.НАРМАНДАХ