Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 004

 

 Ш.Д-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийж, прокурор М.Фарида, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нарыг оролцуулан, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолтой, Ш.Д-т холбогдох эрүүгийн 1713000360017 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 23 настай, эмэгтэй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын дугаар багт оршин суудаг, дээд боловсролтой, хөдөө, аж ахуйн үйлдвэрлэлийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овгийн Ш.Д, РД: 00000

Шүүгдэгч Ш.Д нь 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт байрлалтай “Ах дам” захад үйл ажиллагаа явуулдаг иргэн М.Е-ийн оёдлын цехэд очиж “би танай урд байдаг үсчний газарт ажилладаг охин байна. Буйданд бүтээлэг хийлгэх гэсэн юм. Ямар материалаар хийлгэвэл зүгээр вэ, би ээжээсээ асууя, та гар утсаа өгч байгаач” гэж худал хэлээд М.Е-ээс “iphone s4” маркийн гар утсыг нь хуурч авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч Ш. Д-ыг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-ыг 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 20-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Ш.Д нь 2017 оны 8 сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт М.Е-ийн гар утсыг хуурч авсан гэмт хэрэгт холбогдож, 2017 оны 10 сарын 20-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор шүүхээс 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулжээ.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үед Ш.Д нь жирэмсний эхний сартай байсан бөгөөд энэ нөхцөл байдлаа өөрөө мэдээгүйн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед эрүүл мэндийн дээрх нөхцөл байдлын талаар шүүхэд мэдүүлээгүй байна. Ш.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төлөх зардалгүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Ш.Д нь жирэмсэн болох нь шийтгэх тогтоол гарсны дараа эмчийн үзлэгээр тогтоогдсон байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Ш.Д-т Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 20-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан “нийтэд тустай ажил хийлгэх” ялыг  “торгох”  ялаар сольж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хянан шийдвэрлэхдээ тус гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

Шүүгдэгч Ш.Д нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт байрлах “А” захад үйл ажиллагаа явуулдаг оёдлын цехээс 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн орчимд хохирогч М.Е-ээс “би танай урд байдаг үсчний газарт ажилладаг охин байна. Буйданд бүтээлэг хийлгэх гэсэн юм, ямар материалаар хийлгэвэл зүгээр вэ, би ээжээсээ асуух гэсэн юм, утсаа өгч байгаач” гэж хуурч, хохирогчийн “iPhone s4” маркийн утсыг нь итгэл эвдэх аргаар авч залилах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн тогтоогджээ. Шүүгдэгч Ш.Д нь бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч М.Е, гэрч А, яллагдагч Ш.Д-ын мэдүүлэг, гар утас хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, анхан шатны шүүхийн хуралдааны тэмдэглэл зэрэг баримтат мэдээллээр тогтоогдож байна. 

 

Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “талууд дүгнэлт, санал хэлэхдээ анхан шатны шүүхийн тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, хэрэгт авагдсан нотлох баримт ашиглахаас гадна, ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно” гэж заасны дагуу гаргаж өгсөн бичмэл баримтаар шүүгдэгч Ш.Д нь эрүүл мэндийн хувьд жирэмсэн эх мөн болох нь тогтоогджээ. Иймээс Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй хүнд оногдуулахгүй гэж заасныг харгалзан, түүнд уг ялыг оногдуулах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ. Шүүгдэгч Ш.Д нь жирэмсэн эмэгтэй мөн болох нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй байсныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д-ын үйлдсэн гэмт хэргийг аймгийн прокурорын газраас эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх тус зүйл ангийг тохирсон байна гэж үзэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ангиллын хувьд мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хөнгөн” гэмт хэрэгт хамаарч байна. 

 

Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад шүүгдэгч Ш.Д-ын хувийн байдал өөрчлөгдсөн, шүүгдэгч Ш.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгож, зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

 

Ингэхдээ шүүгдэгч Ш.Д-т хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгож,  зохих өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ш.Д, түүний өмгөөлөгч Н.Оюунчимэгийн “Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан нийтэд тустай ажил хийлгэх ялыг “торгох” ялаар сольж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт:

 

“2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан,  шүүгдэгч Ш.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5 дахь заалтын дугаарыг “3”, 6 дахь заалтын дугаарыг “4”, 7 дахь заалтын дугаарыг “5”, 8 дахь заалтын дугаарыг “6”, 9 дэх заалтын дугаарыг “7”, 10 дахь заалтын дугаарыг “8” гэж тус тус өөрчлөн, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       Б.ДАМБА                              

 

 

                                                                                                            Д.МӨНХӨӨ