Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2020/ЦШТ/230

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч Б, М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б, М нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б. /РД: .../

2. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хилийн цэргийн 0306 дугаар ангид хөдөө аж ахуйн албаны малын суурийн ахлагч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн  сумын ******* баг ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 зургаан сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан, М. /РД: .../

 

Шүүгдэгч Б нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэн М-ийн эзэмшлийн малыг маллахаар итгэмжлэн хариуцан авч, 2019 оны ******* сараас 2020 оны 03 дугаар сарын хооронд Дорнод аймаг Матад суманд 4 тооны үхрийг, мөн тухайн цаг хугацаанд М бүлэглэн 10 тооны үхрийг завшиж бусдад 15.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М-ыг иргэн М-өөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б-т итгэмжлэн хариуцуулсан үхэрнээс 2019 оны ******* сараас 2020 оны 03 дугаар сарын хооронд бүлэглэн Дорнод аймгийн Матад суманд 10 тооны үхрийг завшиж бусдад 9.700.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах хөнгөрүүлэх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б-ын шүүх хуралдаанд:“... Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг

 

Шүүгдэгч М-ын шүүх хуралдаанд:“...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  2017 оны 02 дугаар сараас Б-оор малаа маллуулахаар гэрээ хийсэн. Б-ыг малчнаар ажилласнаас хойш цалин хөлсийг сар бүр бүрэн олгодог байсан. Яагаад мал завших болсныг сайн мэдэхгүй байна. 2018 онд Б олон ч удаа мал завшсан. Би 2019 оны 02 дугаар сард Улаанбаатар хот руу эмчилгээнд явахаар болсон. Тэгээд Б уулзаад “мал алдаж болохгүй шүү” гэж хэлсэн. 2020 оны 04 дүгээр сарын эхээр бүрэн байсан ч  удалгүй тариа хийхээр очиход 33 үхэр дутсан. Надад байх ёстой бяруунаасаа илүү бяруу байхад дахин бяруугаар төлөх гээд байгааг ойлгохгүй байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийн болон хүргэн хүү М нийлсэн 253 тооны  үхрийг Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багийн нутаг “Хөндий худаг” гэх газарт П овогтой Б гэх хүнээр 2016 оноос хойш цалин хөлсийг нь өгч гэрээ байгуулан мал маллуулж байна. ... Цагдаагийн байгууллагаар шалгагдаад тогтоогдож байгаа 14 тооны үхрийг би нэхэмжлээд үлдэгдэл 19 тооны үхрийг 2019 онд малчинтай байгуулсан гэрээний дагуу шүүхээр малчин Б болон түүний эхнэр Г нараас нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар тал/

 

Иргэний нэхэмжлэгч Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Би М-в гэх хүнд 2019 оны 06 дугаар сард Приус-20 маркийн 24-94 УНТ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн машиныг 12.000.000 төгрөгөнд бодоод 2019 оны 11 дүгээр сард төлбөрийг малаар авахаар тохирсон. ... 2020 оны 03 дугаар  сард ... Б үхрээ туугаад өөрийнхөө хашаан дээр ирж хашаад М, Б 2 хашсан үхэрнээс 5 тооны үхэр бариад миний машин дээр ачсан. ... Миний хувь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

 

Гэрч Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б улаан халзан зүсмийн хязаалан үхэр бариад уячихсан ... машин дээр ачаад аймаг руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-34 дүгээр тал/,

 

Гэрч Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сард байх сайн санахгүй байна. Намайг М ахлагч дуудаад баруун урд байх Б гэх айлд очиж бай гээд өөрөө Приус маркийн авто машинтай явсан. Очоод байж байтал М ахлагч намайг тэр улаан бярууг туугаад очоод байж бай гэж хэлсэн. Би тухайн бярууг туугаад гэрийн гадаа авчирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар тал/

 

Гэрч Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М-аас урьд өгсөн мөнгөний оронд мал авахаар болоод ... манай хадам аав А эхнэр Б 2 очиж 1 тооны бярууг нядлаад махыг нь Улаанбаатар хот руу авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал/

 

Гэрч Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б та үхэр авах уу гээд гэрийнхээ ойролцоо байсан үхэрнээс 2 үхэр тууж ирээд хашаанд оруулаад ногоон халзан хязаалан эр үхэр, улаан халзан үнээ нийт 2 тооны үхрийг бэлэн мөнгөөр авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар тал/

 

Гэрч Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..2020 оны 03 дугаар сард ... Б ах нэг үхрийн мах ачаад аймаг явна гээд гэрийнхээ зүүн урд талд нядалж байх шиг байсан. Хэсэг байж байгаад ахын дүү машинаа ухраачих гэхээр нь машинаа ухраагаад нядалсан үхрийнх нь хажууд зогссон. Тухайн үед Б машинд махаа ачаад 18 цагийн үед аймагт орж ирээд би махыг нь зах дээр буулгаж өгчихөөд харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/

 

Гэрч М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сард ...Б ирээд та мах авч байгаа юу үхрийн мах байна та авах уу гэхээр нь би гараад харсан чинь саарал өнгийн жижиг машины багажинд нэг үхрийн мах байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар тал/

 

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сард Дорнод аймагт ирсэн. Тухайн үед М таарахад мөнгөний хэрэг байна. Намар бяруу өгье гэхээр нь 350.000 төгрөг бэлнээр өгсөн. ... Улмаар 2019 оны ******* сарын дундуур /өдрийг нь санахгүй байна/ М нутаглаж байсан Матад сумын 5 дугаар баг “Даамайн энгэр” гэх газарт М очоод бяруугаа авахаар ирсэн талаар хэлээд сууж байхад гаднаас нэг шар намхан биетэй залуу үхрээ услаад явж байна гээд ороод гарсан. ... Би Б гэх хүнийг танихгүй. Тухайн үед л М гэрт харсан бөгөөд худаг дээр байсан үхэрнүүдийг бөөгнүүлж байгаад улаан зүсмийн бяруу барьж  миний машинд ачиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар тал/

 

            Шүүгдэгч Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Т захирлын үхэрнээс нийт 14 тооны үхрийг хувьдаа завшсан.  ... М нь 2018 оноос 2019 оны 10 сар хүртэл хугацаанд надаас 10 үхэр авсан. Надаас авсан үхрээ М буцааж өгөөгүй. ... Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. М-аас 10 тооны үхрийн үнийг гаргуулж ... төлүүлэх болно. Харин өөрийн зарж борлуулсан 4 тооны үхрийн хохирлыг  төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр тал/

            Шүүгдэгч М-ын  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 10 сараас эхлэн Б 10 тооны үхэр авсан. Дараа нь орлуулаад өгнө гэж хэлээд гуйж авсан бөгөөд өөр үхэр аваагүй. ... хохирлоо төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр тал/

            - Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 13 дугаар тал/

            - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-76 дугаар тал/

            Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 79 дүгээр тал/,

            - Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарууд /хх-ийн 81-82 дугаар тал/,

            - АйСВН ХХК-ийн захирлын тодорхойлолт /хх-ийн 87 дугаар тал/,

            - АйСВН ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 88-92 дугаар тал/,

            - Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого /хх-ийн 93-95 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б, М нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Б, М нар нь бүлэглэн 2019 оны ******* сараас 2020 оны 03 дугаар сарын хооронд /Б нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс иргэн М малчнаар ажиллаж эхэлсэн/ Дорнод аймгийн Матад суманд иргэн М эзэмшлийн 10 тооны үхрийг завшиж 9.700.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч  Б нь ганцаараа иргэн М эзэмшлийн 4 тооны үхрийг завшиж 5.700.000 төгрөгний хохирол  нийт 15.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т, иргэний нэхэмжлэгч Г, гэрч Г, Г, Б, Г, Н, М, Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарууд, АйСВН ХХК-ний захирлын тодорхойлолт, АйСВН ХХК-ний хөдөлмөрийн гэрээ, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд  шүүгдэгч  Б, М нар нь шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт, зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б, М нар нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байна.

  

Шүүгдэгч Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мал маллуулах гэрээ байгуулан малчнаар ажилладаг байсан бөгөөд үхрийг албан ёсоор хариуцдаг, түүнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т малаа хүлээлгэн өгсөн байна. Өөрөөр хэлбэл Б нь тухайн үхрүүдийг хариуцан ажилладаг болох нь хэрэгт авагдсан мал маллуулах гэрээ /хх-ийн 88-91 дүгээр хуудас/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг “итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдэхдээ М-тай бүлэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б., М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б, М нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т 14 тооны үхэр буюу түүний үнэ болох 15.400.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 13 дугаар тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нар нь гэм хорын хохирлыг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн авсан хэмжээгээрээ төлөхөөр харилцан тохирсон байх бөгөөд шүүхээс уг хохирлыг шүүгдэгч нараас гаргуулахдаа гэмт хэргийн шинж, хэн ямар хохирлыг учруулсан бодит байдлаар нь тогтоож хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иймд шүүгдэгч Б-оос 4 тооны үхрийн үнэ болох 5.700.000 төгрөгийг, шүүгдэгч М-аас 10 тооны үхрийн үнэ болох 9.700.000 төгрөгийг тус тус гаргуулан нийт 15.400.000 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 49-04 тоотод оршин суух Т,  .../-д олгох нь зүйтэй байна.

 

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б., М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг бүлэглэн завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б, М нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Б, М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч Б., М нар нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан  гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

            Шүүх шүүгдэгч Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 зургаан сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг шинээр үйлджээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг бүлэглэн завшсан” гэмт хэргийг үйлдсэн байна.

Иймээс М-т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М-ын  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж, нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н нь шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ машин, механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, хулгайн эд зүйлээр худалдаж авсан тээврийн хэрэгслийг улсын орлого болгож шийдвэрлэх ёстой гэж мэтгэлцжээ. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэг бүрчлэн шалгаж тодруулахад шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг бүлэглэн завших гэмт хэргийг үйлдэхдээ машин, механизм ашигласан болох нь хавтаст хэрэг авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг юм. Шүүгдэгч Б-той хөдөлмөрийн гэрээ болон мал маллуулах гэрээ байгуулагдсанаар тухайн мал түүний эзэмшилд түр шилжсэн бөгөөд Б нь дээрх байдлыг ашиглаж бусадтай бүлэглэн завших гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул хохирогчийн өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б, М нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б, М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.******* зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б, М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг бүлэглэн завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б, М нарт тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч М-д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.   

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч М-т мөн хуулийн тусгай ангийн 27.******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.  

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б-т оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5******* зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Б-оос 5.700.000 төгрөг, шүүгдэгч М-аас 9.700.000 төгрөг нийт 15.400.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 49-04 тоотод оршин суух Т /.../-д олгосугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА