Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 003

 

Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийж, хяналтын прокурор М.Отгонжаргал, шүүгдэгч Б.Б, хохирогч Д.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг /онлайнаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нарыг оролцуулан, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Б-д холбогдох эрүүгийн 1713000000089 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  дугаар багт оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний  дүгээр ангид жолооч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б.Б, РД: 000000

Шүүгдэгч Б-гийн Б нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хамтран амьдрагч Д.Д-г жирэмсэн болохыг мэдсээр байж, хэрүүл маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолоор:

                  1. “Шүүгдэгч Б.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга: “Б овогтой Б миний бие Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. Миний бие оногдуулсан ялыг хүндэдсэн гэдэг үндэслэлээр эс зөвшөөрч хэргийг хянуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хамтран амьдрагч хохирогч Д.Д-тай сайн дураараа эвлэрч учруулсан хохирлоо барагдуулсан.

Миний бие тус аймаг дахь Зэвсэгт хүчний ангид жолоочоор тогтвор суурьшилтай ажилладаг. Сард 500.000 /таван зуун мянга/-н төгрөгийн цалинтай. Миний бие торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлэх бүрэн боломжтой.

Давж заалдах шатны шүүхээс торгох ял оногдуулвал тогтоосон хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж байна.

Иймд миний гэмт хэрэг үйлдсэн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэн өөрчилж торгох ял оногдуулж намайг нийгэм хамт олны дунд хүмүүжих боломж олгож, миний амьдралд гүн туслалцаа үзүүлнэ үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Б.Б-гийн гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан үйл баримт тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах хохирогч Д.Д-гийн гэрт 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Э гэх эмэгтэй рүү мессеж бичсэн гэх асуудлаас болж хохирогч Д.Д-г жирэмсэн болохыг мэдсээр байж зодож, хоёр хөхний дунд хэсэгт /өвчүү орчим/ цус хуралттай, баруун бугалга,  баруун шууны хэсэгт, баруун өвдөг хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай гэмтэл учруулан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учруулсан буюу бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

            Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Д, гэрч Э-ийн мэдүүлэг, 2017 оны 11 дугаар сарын 7-ны өдрийн шинжээчийн 452 дугаар “Иргэн Д.Д-гийн биед хоёр хөхний дунд хэсэгт /өвчүү орчим/ цус хуралттай, баруун бугалга,  баруун шууны хэсэгт, баруун өвдөг хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн давтамжтайгаар үүссэн шинэ гэмтэл байна. Иргэн Д.Д-гийн биед үүссэн гэмтэл нь эрүүл түр сарниулах, хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд 1-10 хоногт үүссэн болно” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

           

Шүүгдэгч Б.Б нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “нийтэд тустай ажил хийлгэх ял бодит байдалд нийцээгүй хүндэдсэн гэж үзэж байна. Сард 500.000 төгрөгийн цалинтай, торгох ялыг тогтоосон хугацаанд төлөх бүрэн боломжтой тул торгох ял оногдуулж, миний амьдралд гүн туслалцаа үзүүлнэ үү.” гэжээ. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд шүүгдэгчийг хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх агуулга хуульчлагдаагүй байна.

Гэмт хэргийн шинж, хохирогч Д.Д-гийн биед учирсан гэмтэл, 2-оос дээш удаагийн давтамжтайгаар үүсгэсэн зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийг хохирол, гомдолгүй болгосон зэрэг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзжээ. Мөн хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг /хоёр зуун дөч/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь хуульд нийцсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэгч нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд биечлэн хяналт тавих, ялтны ажлын гүйцэтгэлд хяналт тавих эрх бүхий ажилтан, албан тушаалтнаас тайлбар тодруулга авах, ажлын цаг ашиглалт хөдөлмөрийн нөхцөлийг шалгах зэргээр тогтмол хяналт тавина. 

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо “Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид жолоочоор ажилладаг”  гэснийг нийтэд тустай ажил хийлгэх хугацаа нь амралтын өдөр болон үндсэн ажлаас чөлөөтэй өдөр 4 цагаас ихгүй, ажлын өдөр ажлаас чөлөөтэй үед 2 цаг, эсхүл өөрөө зөвшөөрсөн тохиолдолд ажлын өдөр ажлын дараа 4 цагаас ихгүй 7 хоногт 10 цагаас багагүй байхаар тусгасныг анхаарч ажиллах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгчийн гомдлын дагуу хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       Б.ДАМБА

 

                                                                        Д.МӨНХӨӨ