| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 161/2017/0000/Э |
| Дугаар | 2018/ДШМ/001 |
| Огноо | 2018-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Отгонжаргал |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2018/ДШМ/001
С.Жд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийж, хяналтын прокурор М.Отгонжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нарыг оролцуулан,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолтой, С.Ж-д холбогдох эрүүгийн 1713000000084 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 0000 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дүгээр багт оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, И овогт С.Ж, РД: 000000
Шүүгдэгч 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 22 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Д сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт “Н” эмнэлгийн дотор иргэн Т.Е-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор:
“1. Шүүгдэгч С.Ж-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-г 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.” гэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх шүүгдэгч С.Ж-д холбогдох эрүүгийн 1713000000084 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Шүүгдэгч С.Ж нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 22 цагийн орчимд Баян -Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр “Н” эмнэлгийн дотор иргэн Т.Е-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч С.Ж нь бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдсан ба түүнийг гэм буруутайд тооцсон хууль ёсны асуудал боловч анхан шатны шүүх түүнд ял оногдуулахад 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн асуудлыг эс зөвшөөрч байна. Учир нь С.Ж нь аймгийн төвөөс 150 км алсад оршин суудаг, тэрээр хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа, эхнэр нь Дэлүүн сумын “Н” хувийн эмнэлэгт ажилладаг ба хөл хүндтэй юм. Иймээс С.Ж-д оногдуулсан ялыг Өлгий суманд хэрэгжүүлэх учраас энэ нь 3 сарын хугацаанд бүрэн хэрэгжиж дуусах юм. Гэтэл С.Ж нь Дэлүүн сумаас аймгийн төвд ирж 3 сарын хугацаагаар ажиллах боломжгүй, тэрээр хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа тул зохих орлого олдог, түүнчлэн эхнэр нь “Н” хувийн эмнэлэгт ажиллаж байгаа тул мөн орлоготой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд шүүгдэгч С.Ж-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, түүнд дөрвөн зуун тавин нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч С.Ж, түүний өмгөөлөгч Я.Съезд нарын гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан үйл баримт тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч С.Ж нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 22 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутаг дэвсгэрт “Н” эмнэлгийн дотор иргэн Т.Е-г архи уугаад өөрийгөө удирдан жолоодох чадваргүй үед зодож, эрүүл мэндэд нь тархины доргилт, хавантай, даралттай, няцралт, хоёр нүд нь хөхөрч хавдсан, хүзүү хоолойд нь олон тооны цус хуралттай гэмтэл учруулан зодож, хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлджээ.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Ж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Т.Е, гэрч С.Н-ийн мэдүүлэг, 2017 оны 11 дугаар сарын 1-ны өдрийн шинжээчийн 439 дугаар “Иргэн Т.Е-гийн биед тархины доргилт, хавантай, даралттай, няцралт, хоёр нүд нь хөхөрч хавдсан, хүзүү хоолойд нь олон тооны цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн давтамжтайгаар үүссэн. Иргэн Е-гийн гэмтэл нь эрүүл түр сарниулах, хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь бүгд шинэ гэмтэл ба 1-10 хоногт үүссэн болно” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.
Шүүгдэгч С.Ж нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг эс зөвшөөрч байна. Уг ялыг өөрчилж 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгөхийг хүсье” гэжээ. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд шүүгдэгчийг хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх агуулга хуульчлагдаагүй байна.
Гэмт хэргийн шинж, хохирогч Т.Е-н биед учирсан гэмтэл, 2-оос дээш удаагийн давтамжтайгаар үүсгэсэн зэргийг харгалзан шүүгдэгч С.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийг хохирол, гомдолгүй болгосон зэрэг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзжээ. Мөн хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь хуульд нийцсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэгч нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд биечлэн хяналт тавих, ялтны ажлын гүйцэтгэлд хяналт тавих эрх бүхий ажилтан, албан тушаалтнаас тайлбар тодруулга авах, ажлын цаг ашиглалт хөдөлмөрийн нөхцөлийг шалгах зэргээр тогтмол хяналт тавина.
Шүүгдэгч С.Ж давж заалдах гомдолдоо “оногдуулсан ялыг Өлгий сумаас хэрэгжүүлэх учир Дэлүүн сумаас аймгийн төвд ирж 3 сарын хугацаагаар ажиллах боломжгүй” гэснийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа нэгжгүй нутаг дэвсгэрт оршин суух ялтны ял эдлүүлэх ажиллагаанд харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага хяналт тавих бөгөөд ял эдлүүлэх ажиллагааны талаар 30 хоног тутам шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бичгээр мэдэгдэх зохицуулалт байгааг дурдах зүйтэй байна.
Анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх эсэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, шүүгдэгч С.Ж-д хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хуульд заасан хугацаанд хүргүүлэх хүртэл урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл шүүгдэгч С.Ж- д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Ж, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Б.ДАМБА
Д.МӨНХӨӨ