Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 706

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч М.У түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

шүүгдэгч Б.Ө  түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Ө -д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

М.У-тхолбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005005520369 дугаартай хэргийг  2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа тогтоолгосон, ам бүл 8, эцэг, эх, нөхөр, 1-10 насны 4 хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М.У . /РД:.../

Монгол Улсын иргэн, ... оны .. дүгээр сарын ...-ний өдөр ... хотод төрсөн, ... настай,  эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.Ө . /РД:..../

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч М.У , Б.Ө  нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун дөрвөн замын Макс молл  дэлгүүрийн орчим иргэн С.Батгэрэлийг “ээжийн чинь нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 3.900.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Шүүгдэгч М.Унь 2020 оны 01 дүгээр сарын 04-нөөс 06-ны өдрийн хооронд Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  Хүүхдийн 7 дугаар төвд иргэн Н.Ариунаад “ээжийг нь тэтгэвэрт гаргаж, ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 250.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Умэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хохирогч нарын хохирлыг өөрийнхөө чадлаар барагдуулна. Би 4 хүүхэдтэй аав нь хаяад явсан харж хандах хүн байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө  мэдүүлэхдээ: “Би хийсэн зүйлдээ харамсаж байна. Одоо хүүхдүүдээ цоожлоод ирсэн. Манай хүүхдийг харж хандах хүнгүй. Миний биеийн байдал маш муу архаг цус багадалттай. Үлдэгдэл мөнгийг чадлаараа хувааж төлж болох болов уу хэргийг хөнгөн ял оногдуулж өгөөсэй гэж хүсч байна” гэв.

Шүүгдэгч М.У , Б.Ө  нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун дөрвөн замын Макс молл  дэлгүүрийн орчим иргэн С.Батгэрэлийг “ээжийн чинь нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж 3.900.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч С.Батгэрэлийн “... хадам ээж Дуламсүрэн одоо Чингэлтэй дүүрэгт цэвэрлэгчээр сүүлийн 7-8 жилийн хугацаанд ажиллаж байгаа юм. Хадам ээж  дүүрэгт ажилласан цагаас хойш нийгмийн даатгалын дэвтэртээ бичилт хийлгээд явж байгаа бөгөөд өмнө нь хувийн байгууллагуудад ажиллаж явахдаа нийгмийн даатгалын дэвтэр дээрээ бичилт хийлгээгүй юм. Ингээд тэтгэвэрт гарах нь дөхөж байгаа учраас сүүлийн бичилтүүдээс өмнөх 10 жилийн хугацааны бичилт хийгдээгүй учраас уг бичилтийг нөхөн бичилт хийлгэхээр хүмүүсээс асууж үзсэн.

Тэгэхэд нь манай найз Алтаншагай /Бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа/-тай facebook-ээр холбогдоод таньж мэдэх хүн байна уу гэхэд манай дүү М.Уийн таньдаг хүн нь нийгмийн даатгал дээр бичилт хийж өгдөг гэнээ гэхээр нь найзаасаа бичүүлээд өгөөч, шаардлагатай мөнгийг нь өгье гэж хэлсэн. Ингээд найз Алтаншагайгаар дамжуулж түүний дүү М.У-тай 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр түүний 89208271 дугаарын утас руу залгаж ярихад миний таньдаг эгч Б.Ө гэж хүн байгаа, нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийдэг юм байна, би асуусан чинь боломжтой гэж байна, бичилт хийлгэхэд 3.500.000 төгрөг орно гэж байна гэхээр нь хамаагүй мөнгийг өгөөд бичүүлье гэсэн.

Ингээд М.У-тай ярьж тохиролцсоны дагуу Б.Ө гэж хүнтэй уулзахаар болоод Б.Өгийн 94942235 дугаарын утас руу ярьж байгаад 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б.Өтэй таван шарын автобусны буудлын ертөнцийн зүгээр зүүн хойд талд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт  байрлах BSB төвийн гадна талд уулзсан. Тэгэхэд Б.Ө нийгмийн даатгалын  дэвтрээ өгөөд урьдчилгаа 1.000.000 төгрөг өгчих, мөнгөө бэлнээр өгөөрэй гэхээр нь ээжийнхээ нийгмийн даатгалын дэвтрийг өгөөд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах BSB төв дотор байрлах Голомт банкны АТМ-ээс эхнэр Оюун-Эрдэнийн 2900015734 тоот данснаас 700.000 болон 300.000 төгрөгөөр нийт 1.000.000 төгрөгийг бэлнээр авч байгаад Б.Өд өгсөн. Тэгэхэд Б.Ө нь  ганцаараа ирсэн ба утсаар холбогдъё гээд салаад явсан. Дэвтэр бэлэн болсны дараа үлдэгдэл мөнгөө авна шүү гээд явсан. Ингээд хүлээгээд байж байтал 3 хоногийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр над руу залгаад мөнгөний хэрэг гарчихлаа, нөгөө өгөх ёстой мөнгөнөөсөө 1.500.000 төгрөгийг авах хэрэгтэй байна гэхээр нь за гээд тэр өдрөө уулзахаар болсон. Ингээд надаас урьдчилгаа авсан хүн мөн эсэхийг тогтоох зорилгоор М.У-тай  холбогдоход М.У нь Баянгол дүүргийн 7 дугаар төв дээр хэвтэж байна гэхээр нь М.Уийг эмнэлэгээс нь очиж аваад Б.Өтэй Модны 2 автобусны баруун талын буудал буюу хорооллоос ирээд зогсдог хотын төв рүүгээ явдаг автобусны буудал дээр М.Уийн хамтаар Б.Өтэй очиж уулзсан. Ингэхдээ би бэлнээр 1.500.000 төгрөгийг Б.Өд автобусны буудал дээр өгсөн.

... Тэр үедээ би М.Уээр чиний яриад байгаа нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийлгэж өгөх хүн мөн үү гэхэд М.У нь мөн гэсэн ба Б.Ө удахгүй бэлэн болно, цааш нь хүнд өгчихсөн байгаа гэж хэлээд салаад явсан.

Ингээд дахин Б.Ө над руу 7 хоногийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр над руу залгаад би таниас 2.500.000 төгрөг авчихсан байгаа, үлдэгдэл 1.000.000 төгрөгөө өгөх хэрэгтэй байна, бичиг баримт чинь ирэх 5 өдөр гарчихна, дэвтрийг М.Ут өгөөд явуулчихна, 1.000.000 төгрөгөө өгчих гэхээр нь М.У-тай ярихад над руу  бас ингэж ярьсан, үлдэгдэл мөнгөө өгчих гэхээр нь өөрт бэлэн 1.000.000 төгрөг байсан учраас түүний авч явж байгаад Б.Ө нь баруун 4 зам дээр уулзъя гэхээр нь Баруун 4 замын Макс молл дэлгүүрийн зүүн талд уулзаж байгаад бэлэн 1.000.000 төгрөгийг Б.Өд өгсөн.

... Ингээд  хүлээж байтал М.У манай эхнэр Оюун-Эрдэнэ рүү 80956818 дугаараас залгаад бичиг баримт чинь бүтчихлээ, гэнэт мөнгөний хэрэг гарчихлаа 350.000 төгрөг өгөөч, энэ данс руу буюу 5026214132 дугаарын дансыг өгөөд шилжүүлээд өгөөч гэхээр нь эхнэр Оюун-Эрдэнэ хадам ээж Дуламсүрэнгийн Хаан банкны 5027643504 тоот данснаас 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 350.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд нийт 3.850.000 төгрөгийг шилжүүлчихээд байж байтал дахин хэд хоногийн дараа эхнэр Оюун-Эрдэнэ рүү М.У нь залгаад хүүхэд өвдчихлөө, 2-3 хоногийн хугацаатай 100.000 төгрөг зээлүүлээч гээд гуйгаад байхаар нь ажил хөөцөлдүүлж байгаа юм чинь гээд эхнэр ажлынхаа хүний данснаас 100.000 төгрөгийг шилжүүлчихсэн байсан. Ингээд нийт 3.950.000 төгрөгийг М.У болон  Б.Ө гэж хүмүүст өгсөн ба 2019 оны 11 дүгээрс арын 10-наас хойш М.У, Б.Ө нартай ярихаар бие бие рүүгээ чихээд тэр ч мэдэж байгаа гээд сүүлдээ бүр утсаа авахаа больчихсон юм.

... Бусдад өгсөн мөнгөө эргүүлж авмаар байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 15-17 дугаар хуудас/

“... Миний ярьсан бол үнэн. Нийтдээ 5 удаа надаас мөнгө авсан. М.У, Б.Ө нар нь надаас мөнгө авахдаа тус тусдаа авсан юм шиг байна. Миний мөнгө өгсөн байдал, дараалал, тоо хэмжээ үнэн юм. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 18-20 дугаар хуудас/

 “... Маш их гомдолтой байна. Нийт 3.900.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 21-22 дугаар хуудас/

 

Гэрч Э.Оюун-Эрдэнийн “Манай нөхөр Батгэрэл нь манай ээж Алагаагийн Дуламсүрэнг тэтгэвэр авдаг болох зорилгоор хүнээр дамжуулж М.У гэх хүнтэй уулзсан чинь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын байцаагч хүн байгаа, уг хүнийг Өнөрөө гэдэг уг хүнтэй уулзаад мөнгө төгрөг болон бичиг баримтаа өгчих гэсэн. Ингээд нөхөр Батгэрэлийн хамт 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 шарын автобусны буудлын орчимд байх BSB нэртэй цахилгаан барааны дэлгүүрийн үүдэнд нийгмийн даатгалын байцаагч Өнөрөө гэх эмэгтэйтэй уулзалдаж 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн.Үүнээс хойш 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөгийг Өнөрөө гэх хүнд өглөө гээд явсан. Энэ үед нь би хамт яваагүй бөгөөд Модны 2-ын автобусны буудал дээр уулзалдсан гэж байсан. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нөхөр Батгэрэлийн хамт Баруун 4 замын орчимд байдаг Макс молл нэртэй дэлгүүрийн орчимд Өнөрөө гэх хүнтэй уулзалдаж 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнээс хойш нийгмийн даатгалын байцаагч Өнөрөө байна гэж 300.000 төгрөг хэрэгтэй байна гэсэн учир би ээж Алагаагийн Дуламсүрэнгийн Хаан банкны 5027643504 тоот данснаас 592614132 тоот данснаас 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 300.000 төгрөгийг шилжүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр М.У нь утсаар ярьж 100.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь ээж Алагаагийн Дуламсүрэнгийн Хаан банкны 5027643504 тоот данснаас 5087041575 данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн юм. Нийтдээ 3.900.000 төгрөг шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 23-24 дүгээр хуудас/

Гэрч П.Биндэръяагийн “2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр М.У нь надтай хамт Хархорин зах руу хамт явсан юм. Энэ үед ээжийн барьж байсан 80956818 дугаар нь интернэтэд орох дата эрхтэй байсан учраас утсыг нь түр барьж байсан юм. Ингээд хамт зах руу явж байхад миний гар утсаар хүнтэй ярьж байсан.

Удалгүй М.У нь миний виза карт байхгүй байна, чамд виза карт байна уу гэхээр нь байгаа талаар хэлж дансны дугаараа буюу 5926214132 тоот Хаан банкны дансыг өгсөн чинь удалгүй 300.000 төгрөг орж ирсэн. Уг мөнгийг дансаар шилжүүлж авсан юм. Үүнийг манай ээж Б.Ө нь авсан зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 26-27 дугаар хуудас/

Хаан банкны Алагаагийн Дуламсүрэнгийн 5027643504 дугаартай дансны  депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 1 дүгээр хавтас 58, 67-68 дугаар хуудас/

Голомт банкны Энхтөрийн Оюун-Эрдэнийн  дансны хуулга. /хэргийн 1 дүгээр хавтас 59-63 дугаар хуудас/

С.Батгэрэлийн гар утсанд 80956818 дугаараас ирсэн цахим шуудангийн хар зураг. /хэргийн 1 дүгээр хавтас 66 дугаар хуудас/

Хаан банкны Пүрэвсүрэнгийн Биндэръяагийн 5926214132 дугаартай дансны  депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 1 дүгээр хавтас 69 дүгээр хуудас/

Хаан банкны Мөнхбаатарын М.Уийн 5087041575 дугаартай дансны  депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 1 дүгээр хавтас 70-80 дугаар хуудас/

М.У ийн яллагдагчаар өгсөн “... Манай төрсөн ах Алтаншагай  нь Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа бөгөөд түүний найз Батгэрэл нь ах руу нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж тэтгэвэрт гарах боломж  байдаг талаар асуусан байсан. Харин манай ах над руу ярьж манай арын хашаанд нийгмийн даатгалд ажилладаг хүн байдаг байсан уг хүнээс тэтгэвэр авч болох талаар асуучих гэхээр нь за гээд надад залилах санаа төрсөн юм.

Ингээд Батгэрэл нь энэ талаар надтай 2019 оны 09 дүгээр сард холбогдож асуухаар нь би хүнээс асуугаад бүтээгээд өгөхийг бодъё гэж хэлсэн юм. Энэ үед ямар нэгэн нийгмийн даатгалын байцаагч хэн нэгэнтэй уулзаж ярилцаагүй юм. Ингээд би манай гэртээ ойр байх Б.Ө эгчид хандаж та нийгмийн даатгалын байцаагч ажилтай болоод хүнтэй уулзаад өгчих гэхэд Б.Ө нь чи дундаас нь надад мөнгө өгөх юм уу гэхээр нь би таньд мөнгө өгнө гэсэн. Ингээд би Батгэрэлд хандаж нийтдээ 3.500.000 төгрөгөөр тэтгэвэрт гарах дэвтэр гарна гэж  байна гэсэн чинь зөвшөөрсөн учир 2019 оны 10 дугаар сарын 12-ны  өдөр Сонгинохайрхан дүүрэг 5 шарын автобусны буудлын зүүн талд байх BSB нэртэй цахилгаан барааны  дэлгүүр дээр уулзахаар болж Б.Ө бид хоёр хамт 5 шарын автобусны буудал дээр ирж Б.Өг Батгэрэлтэй уулзуулсан. Энэ үедээ Б.Өг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын байцаагч Өнөрөө гэж өөрийгөө хэлээрэй гээд Батгэрэлтэй уулзуулсан чинь Б.Ө эгч Батгэрэлтэй уулзаад ирэхдээ хүний бичиг баримтын хуулбар болон 1.000.000 төгрөгтэй ирсэн учир уг мөнгөнөөс Б.Ө эгчид 300.000 төгрөг өгсөн.

... Энэ үед Батгэрэл нь Б.Ө эгчид 1.500.000 төгрөг өгсөн. Тухайн үед манай хүүхэд эмнэлэгт хэвтэж байсан учраас шууд эмнэлэг явсан. Б.Ө эгч замаа төөрүүлээд над дээр ирж надад бэлэн 1.500.000 төгрөг өгсөн учир би Б.Ө эгчид 250.000 төгрөгийг өгсөн. Харин Баруун 4 зам дээр Батгэрэлтэй уулзаж 1.000.000 төгрөг авсан. Над дээр буюу Эрүүл мэндийн 7 дугаар төв дээр ирэхээр нь 150.000 төгрөгийг Б.Ө эгчид тус тус өгсөн. Б.Ө эгчид 3 удаа мөнгө авчирч өгсөн гэж нийтдээ 700.000 төгрөгийг өгсөн юм.

Би Батгэрэлийн эхнэр лүү нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ярьж байгаад 100.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5087041575 тоот дансаар авсан. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Батгэрэл рүү Б.Ө эгчийн гэрт байж байхдаа Б.Өгийн барьж байсан 80956818 дугаарын утсаар ярьж байгаад Б.Өгийн охин Биндэръяагийн данс руу нь хийлгэсэн. Энэ үедээ данс руу чинь мөнгө хийлгээд авъя гэж хэлсэн юм.

... Нийтдээ 3.900.000 төгрөгийг Батгэрэлээс авсан. Үүнээс 3.200.000 төгрөгийг би авсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 43-45 дугаар хуудас/

Б.Ө гийн яллагдагчаар өгсөн “2019 оны 09 дүгээр сард яг өдрийг нь санахгүй байна. М.У нь манай гэрт орж ирээд манай аав тэтгэвэр авдаггүй байсан, нийгмийн даатгалын дэвтэрийг нөхөж бөглүүлээд аавынхаа тэтгэвэрийг авдаг болгосон, манай ах Солонгос улсад байгаа бөгөөд ахтай маань гэр бүлийн найз болох Батгэрэл гэх хүн ээжийгээ тэтгэвэр авдаг болгох гээд байгаа учраас нийгмийн даатгалын дэвтэрт нөхөж бичилт хийлгэх гээд байгаа юм, би гаргаж өгч чадна, надад баталгаатай гаргаж өгдөг хүн байгаа, гаргаж өгдөг хүнтэй Батгэрэл уулзана гээд байна, тийм учраас та нийгмийн даатгалын ажилтан болоод Батгэрэлтэй уулзаад бичиг баримтыг нь мөнгөтэй нь аваад өгчих, би өөрөө цааш хүнтэйгээ уулзана, миний таньдаг хүн маань Батгэрэлтэй уулзахгүй гээд байна, та надад туслаач гэж гуйхаар нь би зөвшөөрсөн. М.У нь та өөрийгөө  Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын байцаагч Өнөрөө гэж нэртэй хүн шүү та, өөртэй итгэлтэй бай, тэгэхгүй бол Батгэрэл итгэхгүй гэсэн.

... Би эхний авалтанд 300.000 төгрөг, 2 дахь авалтанд 250.000 төгрөг, 3 дахь авалтанд 150.000 төгрөг нийтдээ 700.000 төгрөг авсан юм. 5 дахь авалт буюу 300.000 төгрөгийг мэдэхгүй. М.У нь манай охин Пүрэвсамбуугийн Биндэръяагийн Хаан банкны 5926214132 тоот данс руу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 300.000 төгрөгийг 5027643504 тоот данснаас шилжүүлж аваад өөрийнхөө Хаан банкны 5087041575 тоот данс руу 230.000, 30.000, 15.000 төгрөгөөр 3 удаа шилжүүлж авсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 52-53 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.Унь 2020 оны 01 дүгээр сарын 04-нөөс 06-ны өдрийн хооронд Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  Хүүхдийн 7 дугаар төвд иргэн Н.Ариунаад “ээжийг нь тэтгэвэрт гаргаж, ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож 250.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хаан банкны Наранцэцэгийн Ариунаагийн 5062275149 дугаартай дансны  депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 1 дүгээр хавтас 98-99 дүгээр хуудас/

Хохирогч Н.Ариунаагийн “2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн 7 дугаар төвд хүүхэд өвдөөд хэвтэн эмчлүүлж байсан. Тэр үед Мөнхбаатар овогтой М.У гэх эмэгтэйтэй уг газар танилцсан. Тэр эмэгтэй  онлайн худалдааны газар ажилладаг гэхээр нь ээжийгээ оруулж болох уу гэсэн болно гээд надад 89208271 гэсэн өөрийнхөө утасны дугаарыг өгсөн. Би эмнэлгээс гараад М.У гэх  эмэгтэй рүү залгахад 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 10 цаг 00 миунтанд ардын эрхийн автобусны буудлын ард талын Тэрэлж чанар гээд компани дээр ирж уулзаарай гэсэн. Тэгээд дараа нь 2020 оны 01 дүгээрс арын 04-ний өдөр над руу залгаад би хүн тэтгэвэрт гаргадаг ажил бас хийдэг юм, ээжийгээ тэтгэвэрт гаргуулах уу 1.200.000 төгрөгөөр гаргаж  өгдөг юм. Эхний ээлжинд 200.000 төгрөг дансаар над руу шилжүүлчих гээд 1.000.000 төгрөгийг тэтгэвэрийнх нь дэвтэр гарахаар авна гээд 5087041575 дугаартай Хаан банкны данс надад өгсөн. Тэгээ би уг данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Уг өдрийн маргааш нь манай ээж рүү залгаад хүн хоолонд оруулах гэсэн юм гээд манай ээжээс нэмж 50.000 төгрөг авсан байсан. 5087041575 дугаартай Хаан банкны данс руу хийсэн байсан. Уг өдрөөс хойш утсаар хэд хэд холбогдож байгаад холбоогүй болсон.

... Би М.У гэх хүнд  нийт 250.000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 103-105 дугаар хуудас/

Гэрч Т.Наранцэцэгийн “... Тэгтэл маргааш нь М.У гэх эмэгтэй манай охин руу залгаад ээж чинь 50 нас хүрчихсэн байгаа юм байна гэж ярьсан байсан. Тэгээд над руу залгаад охинтой чинь юм ярьчихсан байгаа, тийм учраас та Гандан дээр хүрч ирээд уулзаарай гэж хэлсэн юм. Тэгээд очоод уулзахад надаас миний иргэний үнэмлэхний хуулга аваад нэг хүн рүү залгаад намайг тэтгэвэр гаргуулж болно гэж хэлсэн юм. Тэгтэл тэр эмэгтэй тухайн өдрийнхөө 19 цагийн орчимд над руу залгаад та улсад 3,5 жил ажилласан юм байна, мөн иргэдэд өгч байгаа 10 жил байгаа учраас тэрийгээ нэмээд үлдсэн жилийг нь эгч аргална, манай эгч өөрөө Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалд ажилладаг гэж хэлсэн юм. Тухайн үедээ би Тэрэлж чанар групп дээр очиход манай ажлаас дутагдал гаргаад зугтаагаад байгаа хүн байна гэж хэлсэн юм.

... Эгчээ бүх ажил жин тан болсон. Нөгөө хүнээ хоолонд оруулмаар байна, тийм учраас 50.000 төгрөг өгөөч гэж хэлсэн. Тэгхээр нь би мөнгийг өөрийнхөө охиноор шилжүүлсэн юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 113-114 дүгээр хуудас/

Хаан банкны Мөнхбаатарын М.Уийн 5087041575 дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 1 дүгээр хавтас 132-142 дугаар хуудас/

М.У ийн яллагдагчаар өгсөн “Би 2019 оны 12 дугаар сард Ариунаа гэх эмэгтэйтэй цуг хүүхдээ сахиж эмнэлэгт хэвтэж байгаад эмнэлгээс гарахдаа ээжийг чинь ажилд оруулж өгч чадна, мөнгийг нь өдөр өдөрт нь өгдөг 40.000 төгрөгийн цалинтай түгээгчийн ажилд авна, би өөрийгөө Тэрэлж чанар ХХК-д менежерээр ажилладаг гэж хэлчихээд гараад явсан юм. Тэгтэл намайг эмнэлгээс гарсны дараа Ариунаагийн ээж надтай холбогдоод иргэний үнэмлэхний лавлагаа, цээж зураг зэргийг өгөхөөр нь би түүнийг нь шалгаж үзээд нийгмийн даатгалаас тэтгэвэр гаргах боломжтой юм байна гэж хэлээд урьдчилгаа 200.000 төгрөг аваад түүний дараа ээжтэй нь холбогдоод хүн хоолонд оруулах шаардлагатай байна гэж хэлээд нэмээд 50.000 төгрөгийг авсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 123-126 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой.

Шүүгдэгч М.У , Б.Ө  нарын үйлдэл нь “Залилах” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгч Б.Ө д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.У т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл тэдгээрийн үйлдэл амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлтэй байна гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.У , Б.Ө  нар нь хохирогч С.Батгэрэлд 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нараас нийт 1.200.000 төгрөгийг төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар /хэргийн 1 дүгээр хавтас 179,189,195 дүгээр хуудас/ тогтоогдсон мөн хохирогч С.Батгэрэл нь өмнөх шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг өгөхдөө “М.У 500.000 төгрөг, Б.Ө 700.000 төгрөг төлсөн” гэсэн /хэргийн 1 дүгээр хавтас, 235 дугаар хуудас/ байх тул үлдэгдэл 2.700.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч М.Унь хохирогч Н.Ариунаад 250.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

      Шүүх  шүүгдэгч М.У , Б.Ө  нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлсэн, эрүүл мэнд болон бага насны хүүхдүүдтэй зэрэг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М.У  бүлэглэн “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Б.Ө  ганцаараа болон бүлэглэн “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М.Уийг  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ө г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М.У, Б.Ө  нар нь торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М.У, Б.Ө  нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.М.У, Б.Ө  нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.М.Уээс 1.350.000 төгрөг, Б.Ө гээс 1.350.000 төгрөг тус тус гаргуулж Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбай 7-40 тоотод оршин суух Боржигон овогт Сэрсэндэмидийн Батгэрэлд /РД:АП85012079/

Б.М.Уээс 250.000 төгрөг гаргуулж  Баянгол дүүргийн 25 дугаар хороо 304 дүгээр байр 102 тоотод оршин суух Барчуул овогт Наранцэцэгийн Ариунаад /РД:ТГ92102201/ тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М.У, Б.Ө  нарт авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ