Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2022/0242

 

“Ө а а х”

ГҮТББ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга,

Нэхэмжлэгч: “Ө а а х” ТББ,

Хариуцагч: Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид,

Гуравдагч этгээд: “М а ч х” ТББ-ын Өмнөговь аймаг дахь салбар,

Нэхэмжлэлийн шаардлага: “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай“,

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ц, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Батбилэг,

Хэргийн индекс: 120/2021/0018/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ө а а х” ГҮТББ нь Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр: ”Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 он)-ийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэг, Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ө а а х ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, “Ө а а х” нь Монголын ахмадын хорооны салбар нэгж биш.

3.2. Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын санхүүжүүлнэ” гэж тодорхой зааж өгсөн.

3.3. Иргэний хуулийн 29 дүгээр зүйлд хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын эрх, үүргийг зохицуулсан байдаг.

3.4. Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:

3.1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болох”-оор, Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Ахмад настны олонхийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, нийгэмд үйлчилдэг, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг улсын төсвөөс, түүний салбар, нэгжийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвөөс санхүүжүүлэх”-ээр тус тус заасан.

3.2. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 124 дүгээр тогтоолоор “Төрөөс ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ахмад настныг нийгмийн амьдралд эрх тэгш оролцуулах, хөдөлмөр эрхлэх боломж бий болгох, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгэмд насжилтын талаар эерэг хандлага, зан байдлыг бий болгох талаарх Засгийн газрын бодлого, шийдвэрийг сурталчлах, ахмад настны бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, улсын хэмжээнд ахмад настны аж байдлыг тогтмол судалж дүгнэлт, санал гаргах, ахмад настан бүрд хүрч ажиллан тэдний санал, сэтгэгдлийг сонсох, ядуу амьдралтай ахмадуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг төрийн гүйцэтгэх зарим чиг үүргийг М а х”-гоор гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэн хамтарч ажиллахыг, М а х”-той хамтран ажиллах талаар гэрээ байгуулан түүний хэрэгжилтийг жил бүр дүгнэж, дараа жилийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг тус тус Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгажээ.

3.3. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд “М а х”-ны Ерөнхийлөгч нар 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн 2.5-д “Засаг захиргааны нэгж, байгууллага бүрд ахмадууд чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх, сурч хөгжих, биеийн тамир, спорт урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах хөгжил үйлчилгээний төвүүд /Ахмадын өргөө/-ийн тоог нэмэгдүүлэхэд төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшлийн салбартай хамтран ажиллаж, тэдгээрийн үйл ажиллагааг тогтмолжуулах”-аар (1 дэх хавтсын 71 дэх тал), 3.5-д “Санамж бичигт тусгагдсан хамтын ажиллагааг хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын төсвийн багцаас санхүүжүүлэх”-ээр, 5.3-д “Санамж бичиг нь хүчин төгөлдөр болсноос 4 жилийн хугацаатай байна”, 5.4-д “Санамж бичгийг цуцлах саналыг аль нэг тал нь ирүүгүй бол 5.3-д заасан хугацаагаар дахин сунгагдсанд тооцно” гэж тус тус заасан.

3.4. Үүний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд “М а х” ТББ-тай 2016-аас 2021 онуудад байгуулсан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон М а хны хооронд төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгүүлэх, хамтран ажиллах гэрээ”-нүүд (1 дэх хавтсын 74-131 дэх талууд), тэдгээрт тусгагдсан арга хэмжээнүүдийг өөрийн жил бүрийн төсвийн багцаас санхүүжүүлсэн.

3.5. Уг санхүүжилт батлагдсанаар гэрээний дагуу Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Ахмадын хорооны санхүүжүүлэлтийн тухай” 14 дүгээр тогтоолоор Ө а а хнд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ахмад настны эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах санхүүжилтийг орон нутгийн төсвөөс олгон гэрээ байгуулан ажиллахыг аймгийн Засаг даргад даалгажээ.

3.6. “М а х” ТББ төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан дээрх гэрээний дагуу төрөөс ахмад настан, насжилтын асуудлаар хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг тайлбарлан танилцуулах, хууль тогтоомж, шийдвэрийн төсөл боловсруулахад оролцох, ахмад настнуудын дунд хэлэлцүүлэх, тэдний саналыг тусгах болон бусад үйл ажиллагааг Өмнөговь аймагт өөрийн засаг захиргааны нэгжийн салбар болох “Ө а а х” ГҮТББ-аар дамжуулан хэрэгжүүлж зохион байгуулдаг байсан нь хэрэгт авагдсан Ө а а х Өмнөговь аймгийн Засаг даргатай байгуулсан 2019 оны Үр дүнгийн гэрээ, 2020 оны Гүйцэтгэлийн гэрээ болон “М а х” ТББ-ын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 117 дугаар албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогджээ.

3.7. “Ө а а х” ГҮТББ 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Өмнөговь аймгийн нийт ахмадуудыг хамаарч, тэдний эрх ашгийг хамгаалах, хөнгөлөлт үйлчилгээ үзүүлэх, халамжлах талаар хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах” үндсэн үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдсаныг улсын бүртгэлийн байгууллага 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон.

3.8. Эдгээрээс үзвэл ахмад настны олонхийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах төрийн чиг үүргийг үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болохын хувьд “М а х” ТББ хэрэгжүүлж, санхүүжилтийг улсын төсвөөс, Өмнөговь аймагт уг чиг үүргийг түүний салбар нэгж болох Ө а а х хэрэгжүүлсээр ирсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

3.9. Энэ тохиолдолд хариуцагчийн “гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага “Ө а а х”-г “М а х”-ны салбар нэгж гэж дүгнэсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

3.10. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “ ... Засгийн газар, түүний байгууллага, дээд шатны болон тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, ... үүнтэй холбогдох асуудлаар тухайн нутаг дэвсгэр дэх үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын илтгэл, саналыг хэлэлцэх” бүрэн эрхийг хэрэгжүүлэх учиртай.

3.11. Хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэлд аймгийн Засаг дарга ямар шалгаан, үндэслэлээр Өмнөговь аймгийн ахмадын чөлөөт холбоотой гэрээ байгуулах болсон, Тэргүүлэгчдийн 2016 оны 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох болсон баримтгүй, Засгийн газрын тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай гэрээ байгуулснаас өөр байгууллагатай гэрээ байгуулж, улсын төсвөөс олгосон санхүүжилтийг төрөөс ахмад настан бүрд хүрч ажиллан тэдний санал, сэтгэгдлийг сонсох, ядуу амьдралтай ахмадуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг ажлуудыг хэрхэн гүйцэтгэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байдалд хүрэхээр байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмуудад нийцээгүй байна.  

3.12. Өмнөговь аймгийн Засаг дарга нэхэмжлэгч төрийн бус байгууллагад 2021 оны 01, 06 дугаар саруудад тус тус санхүүжилт олгосон нь хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хууль бус тогтоолыг зөвтгөх үндэслэл болохгүй.

3.13. Анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                   Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР