Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 120/ШШ2022/0004

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ТББ

Хариуцагч:

Гуравдагч этгээд: НҮТББ-ын Өмнөговь аймаг дахь салбарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Ахмадын хороо ТББ-ын дарга А., итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, гуравдагч этгээд НҮТББ-ын Өмнөговь аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Хүрэлтогоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ТББ нь Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгчид Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1-162 дугаар албан бичгээр[1] ...Ахмадын байгууллагын санхүүжилтийн тухай 04 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 02 дугаар сарын 01-нээс аймгийн Ахмадын чөлөөт холбоотой гэрээ байгуулж, санхүүжилтийг олгох болсныг мэдэгдэж, маргаан бүхий актыг хүргүүлсэн байна.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг мэдмэгц эрх бүхий зохих байгууллагуудад хандаж гомдол гаргасан бөгөөд Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5/510 дугаар, Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 444 дүгээр албан бичиг, Монгол Улсын ерөнхий аудиторын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2082 дугаар, Монголын ахмадын холбооны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр албан бичгүүдээр хариу авсан[2].

Нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч ТББ-ын дарга А. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ... ТББ нь Ахмад настны тухай хуулийн 15.1-д зааснаар Ахмад настны олонхын нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, нийгэмд үйлчилдэг, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, 33 жилийн түүхтэй төрийн бус байгууллага бөгөөд одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.

Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.******* нь үйл ажиллагаа нь жигдэрч, ахмадын эрх ашгийн төлөө явж үр дүнд хүрч байгаа аймгийн Ахмадын хорооны ажлыг үгүйсгэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан "Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх"-ийн хэм хэмжээг хэтрүүлэн, Ахмадын тухай хууль, түүнтэй холбогдон гарсан журам, дүрмийг зөрчиж, Хурлын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2/8 тогтоолоор баталсан манай байгууллагын 2021 оны төсөв санхүүжилтийг аймгийн Ахмадын чөлөөт холбоо ТББ-д шилжүүлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоол гаргасан. Энэхүү шийдвэрийг хууль зөрчсөн буруу шийдвэр гэж үзэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.*******д удаа дараа албан бичгээр мэдэгдэн хүсэлт гаргаж байсан хэдий ч нэг ч хариу өгөөгүй.

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоол нь Монголын ахмадын холбоотой 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байгуулсан Гүйцэтгэлийн гэрээ болон манай 2021 онд төлөвлөсөн ажлууд тасалдаж хохироосон, улмаар аймаг сумдын Ахмадын хороодын дарга, ажилтнуудын эрх ашиг хөндөгдөж, цалин урамшуулал өгөгдөөгүй зэрэг олон талын хохирол гарсан шалтгаан үр дагавартай тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахыг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Ахмадын нийтлэг хууль ёсны эрхийг хамгаалах байгууллага юм гэдгийг аймгийн Ахмадын хорооны дарга нотолж хэлэх байх. Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоол нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрхэд заасан заалтыг зөрчиж гарсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 б Засаг даргын өргөн мэдүүлснээр сум, дүүрэг төсвийг хэлэлцэн батлах түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэл тайлагнах, батлах гэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг заасан. Энд зааснаар 2021 оны 12 дугаар сард иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж 2/8 дугаар тогтоолыг гаргасан. Уг тогтоолоор Төсвийн ерөнхийлөн захирагчийн захиран зарцуулах бүрэн эрхийг олгож аймгийн Ахмадын хороонд 115.200.000 төгрөгийн төсөв баталж өгсөн.

Үүний дараа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаанд аймгийн Засаг даргын орлогч ахмадын холбооны төсвийн асуудал оруулж, хэлэлцүүлэн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 04 дүгээр тогтоолыг гаргасан. Өөрөөр хэлбэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах заалтаар шийдвэрлэсэн байдаг. Энэ нь гол зөрчлийг үүсгэсэн гэж үзэж байна.

Аймгийн Ахмадын хороо нь жил бүр төсвөө зохиож аймгийн Засаг даргад өргөн мэдүүлж, аймгийн Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж батлуулж ирсэн. Улмаар 130 гаруй сая төгрөгөөр төсвөө хийж өгснийг 115.200.000 төгрөгийн төсвийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталсан байдаг. Нутгийн өөрөө удирдах байгууллага болох иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2020 оны 12 дугаар сард өөрийн эрхийн хүрээнд хянаад төсвийн ерөнхийлөн захирагч өөрөө оруулаад батлуулсан.

Хурал алдаа гаргасан бол Хурал өөрөө эсвэл дээд шатны байгууллага хүчингүй болгоно гэж хуульд заасан байдаг. Гэтэл шийдвэрийг гарснаас хойш удаа дараа аймгийн Ахмадын хорооны дарга хууль зөрчсөн шийдвэр гарсан талаар Тэргүүлэгчдэд мэдэгдэл, мөн Монголын ахмадын холбооноос ч шаардлага тавьсан байдаг. Хурал хуулийг зөрчсөн гээд гаргасан алдаагаа засах боломжтой байсан.

Ахмад настны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Төрөөс ахмад настны эрхийг хангахад дараах зарчмыг баримтална, 5.1.4-д үл ялгаварлах гэдэг зарчим байгаа. Уг шийдвэр гарснаас болоод Өмнөговь аймгийн 6000 гаруй ахмадуудын дунд 2 толгой бий болчихсон, аль талдаа очихыг мэдэхгүй, үл ойлголцох байдал бий болсон. Энэ саармагжсан байдал нь Ахмад настны тухай хуулиар ахмадуудад үзүүлэх ёстой 9 төрлийн ахмадын үйлчилгээ алдагдахад хүрсэн. Мөн улс төрийн шинж чанар орсон байхыг үгүйсгэхгүй. Иймд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

5. Хариуцагчийн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Монгол Улсын Үндсэн хуулиар нутгийн өөрөө удирдах байгууллага буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээг зааж, тодорхойлсны дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж, орон нутгийн түвшний асуудлыг бие даан шийдвэрлэсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанд Өмнөговь аймгийн Ахмадын байгууллагын санхүүжилтийн тухай асуудлыг аймгийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ч.Баяржаргал дарга танилцуулсан. Уг танилцуулсан асуудал нь аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэгдэж танилцуулагдаад Засаг даргын Зөвлөлийн хурлаас аймгийн Ахмадын чөлөөт холбоог санхүүжүүлэхийг дэмжиж, Тэргүүлэгчдийн хурлаар танилцуулах шийдвэрийг гаргасан.

Ахмад настны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д ахмадын байгууллага гэж ахмад настны нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг улсын хэмжээнд төлөөлөх байгууллагыг хэлнэ гэж тодорхойлсон байна. нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 21 аймагт салбар нэгжтэй төрийн бус байгууллага.

Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар Ахмад настны олонхын нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, нийгэмд үйлчилдэг, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг улсын төсвөөс, энэ бол Засгийн газрын эрх юм. Түүний салбар нэгжийг сум дүүргийн төсвөөс санхүүжүүлнэ. Мөн хуулийн 15.2-т Энэ хуульд заасан ахмад настны талаарх төрийн болон нутгийн захиргааны байгууллагын гүйцэтгэх зарим чиг үүргийг ахмад настны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, төсөл, арга хэмжээний зардлыг санхүүжүүлж болно гэж заасныг, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг тус тус үндэслэн Тэргүүлэгчдийн тогтоолоор Өмнөговь аймгийн чөлөөт ахмадын холбоонд санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн.

Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 124 дүгээр тогтоолд Монголын ахмадын холбоотой гэрээ байгуулж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгасан байдаг. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ахмад насны нийтлэг эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагатай гэрээ байгуулж ажилла гэсэн Засгийн газрын тогтоол. Тус тогтоолд орон нутгийн хэмжээнд тус төрийн бус байгууллагын салбартай гэрээ байгуулах талаар ямар нэгэн төрийн байгууллага, албан тушаалтанд даалгасан зүйл байхгүй. Энэ талаар Засгийн газрын тогтоолд тусгаагүй.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2/8 дугаар тогтоолоор 2021 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч аймгийн Засаг даргад төсөв зарцуулах эрхийг олгож, Өмнөговь аймгийн ахмадын байгууллагын санхүүжилт буюу Ахмадын холбооны төсвийг 115.200.000 төгрөгөөр баталсан бөгөөд тус тогтоолд Ахмадын холбоо гэж зааснаас Аймгийн ахмадын хороо, аймгийн Ахмадын чөлөөт холбоо гэж аль нэг төрийн бус байгууллагын нэрийг тусгайлан зааж батлаагүй юм.

Тэргүүлэгчдийн 04 дүгээр тогтоолоор төсөвтэй холбоотой ямар нэгэн зүйлд өөрчлөлт оруулсан, төсөв нэмж хассан, төсөв баталсан зүйл байхгүй. Уг тогтоолоор зөвхөн аймгийн Ахмадын чөлөөт холбоотой гэрээ байгуулж, орон нутгийн төсвөөс санхүүжүүлж ажиллахыг Өмнөговь аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч, аймгийн Засаг даргад даалгасан шийдвэр гаргасан. Ийнхүү тогтоол гаргасан нь Тэргүүлэгчид ямар нэгэн байдлаар эрх хэмжээгээ хэтрүүлэн ашиглаагүй, Хурлын хуралдааны бүрэн эрхэд халдаагүй, хууль бус шийдвэр гаргаагүй гэж үзэж байна.

Аймгийн Засаг дарга бол орон нутагт гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрын төлөөллийг хэрэгжүүлдэг субъектийн хувьд Ахмад настны тухай хууль, Засгийн газрын 2016 оны 124 дүгээр тогтоол, 2019 оны 221 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг дарга Хамтран ажиллах гэрээг аймгийн Ахмадын хороотой байгуулж, аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн а/553 дугаар захирамжийн дагуу аймгийн Ахмадын хорооны үйл ажиллагааны дэмжлэг санхүүжилтэд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 20 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд 2021 оны төсвөөс 10,2 сая төгрөгийг аваад зарцуулсан. Тиймээс 30 сая төгрөгийг зарцуулсан. Хууль тогтоомжийн хүрээнд Засаг дарга дэмжлэг өгч, хамтарч ажилласан. Тэргүүлэгчид нь дээр дурдсан хууль тогтоомжуудын хэрэгжилтийг орон нутагтаа хэрэгжүүлж ажилласан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэв.

Гуравдагч этгээд НҮТББ-ын Өмнөговь аймаг дахь салбарын тэргүүн Ц.******* хариу тайлбартаа: ...Өмнөговь дахь ахмадын чөлөөт холбоо ТББ нь 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Удирдах Зөвлөлийн 23 дугаар хурлын шийдвэрээр Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас салбарын гэрчилгээгээ авч Ахмад настны тухай хуульд заасан үйл ажиллагаагаа явуулж байна. Манай төрийн бус байгууллага нь аймгийн нийт ахмадууд, өндөр настнуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг уламжлан шийдвэрлүүлэх, иргэний нийгмийг төлөвшүүлэх үйлст тэдний оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх гэсэн үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй байгууллага юм.

Манай төрийн бус байгууллага 2014 оны 04 дүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж байтал 2016 оны 06 дүгээр сарын 05-нд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шинэ бүрэн эрх хэрэгжиж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 14 дүгээр тогтоол гарсан тул танай байгууллагатай байгуулсан гэрээг цуцлах болсныг мэдэгдье гэсэн 1/1355 тоот бичиг ирснээр төсөв санхүүжилтийн асуудал зогссон.

Мөн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1/1358 дугаар албан бичигтээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр тогтоолын дагуу 2016 оны 09 дүгээр сараас эхлэн Ахмадын хороотой гэрээ байгуулж санхүүжилтийг олгож ажиллах болсноо мэдэгдээд цаашид аймаг орон нутгийн зүгээс ахмадад чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулан ажилладаг танай ТББ-тай хамтран ажиллах болно гэж дурдсан боловч нэг ч ажил хамтран зохион байгуулаагүй болно. Бид засаг даргын гаргасан шийдвэрийг хүндэтгэн үзэн 2016 оны 09 дүгээр сард аймгийн төрийн сангаас манай дансанд орж ирсэн 09 дүгээр сарын 3493,7 мянган төгрөгийн санхүүжилтийг тоо ёсоор нь Ахмадын хороонд шилжүүлж өгсөн.

2016-2021 оны 01 дүгээр сарыг дуусталх хугацаанд аймгийн Ахмадын хороо 4 жил төсөв санхүүжилтээ авч ажилласан. 2021 онд засаг солигдож, 2021 оны 02 дугаар сарын 01-ээс эхлэн Ахмадын чөлөөт холбоо ТББ-тай гэрээ байгуулан төсөв санхүүжилтийг олохоор шийдвэрлэсэн аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн гарын үсэгтэй 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/163 тоот албан бичиг хүлээн авч үйл ажиллагаагаа явуулах ажлын байраа авах болоход Ахмадын хорооны дарга А. гэгч хүн ажлын өрөө гаргаж өгөхгүй хавчиж биднийг олон удаа зүй бусаар доромжилж 1 сар ажил хийлгээгүй тасалдуулж хохироосон болно.

Нэгэнт шийдвэр гарсан тул аймгийн Засаг дарга болон Даланзадгад сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээг үзэглэн, мөн 2021 онд хийх ажлын төлөвлөгөөгөө гарган 15 сумынхаа Ахмадын чөлөөт холбооны тэргүүнүүд, Даланзадгад сумын 8 багийн Ахмадын чөлөөт холбооны тэргүүнүүдийг томилон дотоод бүтэц зохион байгуулалтаа хийж байгууллагын дотоод журмаа шинэчлэн баталсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар бүлэгт заасан 18 төрлийн хүний эрх байдаг. Үүнийг хангах зорилгоор 2005 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэж нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага үүсгэн байгуулагдсан. Монгол Улсад мөрдөгдөж байгаа Төрийн бус байгууллагын тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу гэж нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь албан ёсны гэрчилгээ дээрээ 21 аймаг, 273 сумыг хуульд заасны дагуу бүртгүүлээд үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний хэмжээний байгууллага.

Энэ хугацаандаа Монгол Улсын ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль гэж ганцхан нийгмийн хамгааллын асуудлыг хариуцсан өргөөсгөл хууль байсныг орон даяар хэлэлцүүлж Ахмад настны хууль болгосон. Энэ хуулиар Олон улсын ахмадын гэрээ конвенцэд элссэний дагуу зайлшгүй эдлэх ёстой 5 эрхийг шинэ хуульд оруулж өгсөн, үндэсний хэмжээний ажлыг хийсэн төрийн бус байгууллага.

2016 онд Засгийн газрын тогтоол гараад энэ тогтоолын дагуу Монголын ахмадын холбоо НҮТББ-тай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэрээ байгуулсан. Монголын ахмадын холбоо гэдэг байгууллагын салбар байгууллагууд энэ гэрээний үүргээ аймаг, сумдад ажиллах чиг үүрэгтэй. Өмнөговь аймагт Монголын ахмадын холбооны салбар байхгүй, гэдэг гишүүндээ үйлчилдэг төрийн бус байгууллага төсөв хөрөнгө авч байгаа нь Төрийн бус байгууллагын хууль, Төсвийн тухай хууль, Ахмад настны тухай хууль гэх зэрэг олон хуулиудыг зөрчиж байна. Учир нь Монголын ахмадын холбоо гэдэг төрийн бус байгууллага өөрийн гэсэн регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй хуулийн этгээд. гэдэг нь гишүүндээ үйлчилдэг өөр регистрийн дугаартай Монголын ахмадын холбооны салбар байгууллага биш байна. Монголын ахмадын холбооны ерөнхийлөгчийн 07 дугаар захирамжаар гишүүндээ үйлчилдэг аймгийн Ахмадын хорооны даргаар А. гэдэг хүнийг батламжилсан байна. Энэ нь хоёр өөр дугаар регистртэй хоёр өөр хуулийн этгээд бие биеэ захирамжилж батламжилж үнэмлэх өгч байгаа ойлгомжгүй асуудал.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн гаргасан энэ шийдвэрт хөндлөнгөөс оролцохгүй. Учир нь нутгийн өөрөө удирдах биеэ даасан шийдвэрт хуулиар халдах эрхгүй байгууллага байдаг учраас ямар нэгэн үг хэлэхгүй. Харин буюу гишүүндээ үйлчилдэг төрийн бус байгууллагад улсын төсөв олгох нь олон хуульд харшилсан асуудал гэдгийг хэлье.

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал буюу Засаг даргын бүрэлдэхүүн аймгийн ахмадуудаа эв нэгдэлтэй байлгах үүднээсээ гишүүндээ үйлчилдэг байгууллагад 2021 оны төсвөөс 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг дарга нь ахмадууддаа илүүчилдэг, таатай ханддаг, зөв хандлагатай удирдлага ажилладаг аймаг байна гэж харж байна.

Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 124 дүгээр тогтоол дээр орон нутагт ингэж олгоно гэсэн ямар нэгэн зохицуулалт байхгүй. Ахмад настны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 15 дугаар зүйлийн 15.1. 15.2-т заасныг үндэслэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоол гарсан. Тиймээс аймаг үүнийг сайн ойлгосон байна гэж харж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...ны Өмнөговь аймгийн салбарыг 2014 оноос хойш удирдаж ирсэн хүн байна. Тэр үед аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гарч 2016 оны 09 сарын санхүүжилтийг О.******* дарга руу шилжүүлж байсан. Манайд 9 сард нь санхүүжилд өгсөн байхад тогтоол ирээд тэр үед төр засгийн тогтоолыг хүндэтгэх үүднээс хувь хүн, монгол хүний ёс жудгийг бодоод шилжүүлж байсан.

2016 онд санхүүжилт авчхаад өрөөг чинь засварлана гар гэж гаргаад 4 жил биднийг өрөөгүй явуулсан. 2021 онд санхүүжилт шийдсэнтэй холбоотой өрөө авах гэж сар гаран хэрүүл болсон. Аймгийн Ахмадын хороо, аймгийн Ахмадын чөлөөт холбооноос нэг ширхэг тоосгоны оролцоогүй орон нутгийн өмчийн барилга. Нутгийн ахмадуудын төлөө сайн ажиллах орон байртай болгох гэж орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргаж барьж өгсөн барилга. Ийм байдлаар хүндэтгэлгүй зовлонтой хандаж ирснийг хэлье.

Нам гэдэг нь гишүүнчлэлтэй байгууллага, гишүүдийнхээ татвараар үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгодог. Тиймээс түрүү түрүүчийн шийдвэрүүд буруу явжээ. Ахмадууд хуваагдлаа, ахмадуудыг ялгаварлаж байна гэж байгаа нь өөрсдөө ахмадуудын дунд чулуу хаядаг. Удирдлага, хэдэн дарга нарын цалин урамшууллын төлөөх тэмцэл юм. Аман дээрээ эв нэгдэлтэй байх ёстой гэдэг хэдий ч ажил хэргээрээ хуваадаг.

Ахмадын байгууллага ахмадуудынхаа төлөө хэн байхаас үл хамаараад ажлаа хийх ёстой, хууль эрх зүйн орчныг ахмадуудад таатай болгох тал дээр дуу нэгтэй явах ёстой гэж боддог. Орон нутгийн сонгуулиас өмнө А. дарга руу би ярьсан. Ардын нам ялбал та манлайл, Ардчилсан нам гарвал би манлайлж, төсөв мөнгө авахгүйгээр ажиллая. Хоёр ахмадын байгууллага зэрэгцэж сууж байгаад ийм ажил хиймээр байна гээд хамтран төсөв боловсруулаад хоёр ахмадын байгууллага аймаг орон нутагтаа хандахаар түүнийг нь шийдээд өгдөг л байг. Аливаа төрийн бус байгууллага цалин урамшуулал байдаггүй, зөвхөн ахмадын байгууллагад байдаг.

Ардчилсан нам ялсан, манайд санхүүжилт шилжсэн, тэгэхэд яагаад нэг нь зөв нэг нь буруу болчихдог юм. Яг адил хууль журмын дагуу гарсан тогтоол. Би Тэргүүлэгчдэд нөлөөлөөгүй. Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь төр шүү дээ. Тогтоол шийдвэрийг нь биелүүлээд л явах хэрэгтэй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч ТББ нь Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 04 дүгээр тогтоолоор НҮТББ-ын Өмнөговь аймаг дахь салбартай гэрээ байгуулж, 2021 онд ахмадын байгууллагын санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн нь хууль бус болсон. Тэргүүлэгчид болон Хурлын дарга Б.******* Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан "Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх"-ийн хэм хэмжээг хэтрүүлэн, Ахмад настны тухай хууль болон Засгийн газрын тогтоолуудыг зөрчсөн шийдвэр гаргасан. ТББ-ын үйл ажиллагаа нь жигдэрч, ахмадын эрх ашгийн төлөө явж үр дүнд хүрч байгаа манай хорооны ажлыг үгүйсгэж байна гэж маргаж байна.

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг Монголын ахмадын холбооны (нийтэд илэрхий үйл баримт) Өмнөговь аймаг дахь салбар, нэгж бол гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага байх ба тус хороо нь аймгийн нийт ахмадуудыг хамаарч, тэдний эрх ашгийг хамгаалах, хөнгөлөлт үйлчилгээ үзүүлэх, халамжлах талаар хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс ТББ-ын даргаар А. томилогдсон байна. ТББ-аас (цаашид аймгийн Ахмадын хороо гэх) нийт гишүүдийн эрх ашгийг хамгаалан аймгийн ахмадын байгууллагын санхүүжилтийн тухайд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн болно[3].

2. Маргаан бүхий Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Ахмадын байгууллагын санхүүжилтийн тухай 04 дүгээр[4] тогтоолоор ахмад настны нийтлэг эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аймгийн Ахмадын чөлөөт холбоотой 2021 оны 2 дугаар сарын 01-нээс эхлэн гэрээ байгуулж, орон нутгийн төсвөөс санхүүжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ. Улмаар аймгийн Засаг дарга болон аймгийн Ахмадын чөлөөт холбооны тэргүүн нар 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, 2021 оны санхүүжилтийг сар бүр олгож байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна[5].

3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 оны)-ийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 18 дугаар зүйлийн 18.1.2 б/ Засаг даргын өргөн мэдүүлснээр сум, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах, мөн Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.3-д аймаг, нийслэлийн Засаг дарга ахмад настныг дэмжих талаар авах арга хэмжээ, зарцуулах төсвийн санал боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, ... гэж заасны дагуу аймгийн Засаг дарга орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх ахмадын төрийн бус байгууллагын төсвийн саналыг өргөн мэдүүлсний дагуу Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2021 оны төсөв батлах тухай 2/8 дугаар[6] тогтоолын 3.2.1.5 дахь заалтаар Ахмадын холбоонд 115.200.000 төгрөгийн төсөв баталсан байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 оны)-ийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Энэ хуулийн 9.1.1-9.1.3-т заасан Хурлын хуралдааны чөлөө цагт бүрэн эрхийг нь тэдгээрийн Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ гэж зааснаар Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар ахмадын байгууллагын санхүүжилтийн тухай асуудлыг хэлэлцэн, 2021 оны 02 дугаар сарын 01-нээс НҮТББ-ын Өмнөговь аймаг дахь салбар (цаашид аймгийн Ахмадын чөлөөт холбоо гэх)-т санхүүжилтийг олгох, гэрээ байгуулж хамтран ажиллахыг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна. Тэргүүлэгчдийн хуралдаанд Өмнөговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 2 ахмадын байгууллага болох аймгийн Ахмадын хороо, аймгийн Ахмадын чөлөөт холбооны талаар танилцуулга хийгдсэн, Тэргүүлэгчдийн олонхын саналаар аймгийн Ахмадын чөлөөт холбоотой гэрээ байгуулахаар шийдвэрлэжээ.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай 124 дүгээр[7] тогтоолын 1-д Төрөөс ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ахмад настныг нийгмийн амьдралд эрх тэгш оролцуулах, хөдөлмөр эрхлэх боломж бий болгох, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах, Засгийн газрын бодлого, шийдвэрийг сурталчлах, ... ахмад настан бүрд хүрч ажиллан тэдний санал, сэтгэгдлийг сонсох, ядуу амьдралтай ахмадуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг төрийн гүйцэтгэх зарим чиг үүргийг Монголын ахмадын холбоогоор гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэн хамтарч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт зөвшөөрсүгэй, 2-т Монголын ахмадын холбоотой хамтран ажиллах талаар гэрээ байгуулан түүний хэрэгжилтийг жил бүр дүгнэж, дараа жилийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт үүрэг болгосугай гэж шийдвэрлэсэн.

Мөн Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай 221 дүгээр[8] тогтоолын 3 дахь заалтаар Монгол ахмадын холбоо, түүний салбар нэгжийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг улсын болон тухайн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, төрийн болон нутгийн захиргааны зарим чиг үүргийг ахмадын төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайд, бүх шатны Засаг дарга нарт тус тус даалгажээ.

Дээрх тогтоолуудаар төрийн гүйцэтгэх зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр Монголын ахмадын холбоотой гэрээ байгуулах, Монгол ахмадын холбоо, түүний салбар нэгжийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг улсын болон тухайн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх гэж шууд нэрлэн заасан байх ба, түүний хэрэгжилтийг жил бүр дүгнэж Засгийн газарт танилцуулж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайд, бүх шатны Засаг дарга нарт даалгаж, үүрэг болгосон-ны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч нар 2016-2021 онуудад Төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ байгуулан хэрэгжүүлэн ажилласан байна. Мөн аймгийн Засаг дарга өмнөх онуудад буюу 2019, 2020 онд[9] аймгийн Ахмадын хороотой гэрээ байгуулж, хамтран ажиллаж байсан.

Засгийн газрын 2019 оны 221 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 1/14 дүгээр[10] Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын төсвийн ерөнхийлөн захирагч болон Өмнөговь аймгийн Засаг даргын хооронд хөтөлбөрийн хэрэгжүүлэлт, санхүүжилтийн талаар байгуулах гэрээ-ний Гурав. Аймгийн Засаг даргын хүлээх үүрэг. 3.32-т Ахмад настны тухай хууль, Засгийн газрын 2019 оны ...221 дүгээр тогтоол болон бусад холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах,... үүрэг хүлээсэн байна.

5. Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Ахмад настны олонхын нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, нийгэмд үйлчилдэг, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг улсын төсвөөс, түүний салбар, нэгжийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвөөс санхүүжүүлнэ гэж зааснаас үзвэл Монгол улсын хэмжээнд ахмадуудын эрх ашгийг хамгаалан үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг улсын төсвөөс, түүний салбар, нэгжийг аймаг, нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ гэж хуульчилсан байх бөгөөд хариуцагч нь улсын төсвөөс санхүүжиж буй Монголын ахмадын холбооны Өмнөговь аймаг дахь салбар болох аймгийн Ахмадын хороотой хамтран ажиллах, санхүүжүүлэхийг Засаг даргад даалгаж шийдвэрлэх ёстой байсан.

Тодруулбал, Засгийн газрын 2016 оны 124 дүгээр тогтоолын 1, 2, 2019 оны 221 дүгээр тогтоолын 3 дахь заалтуудаар төрийн гүйцэтгэх зарим чиг үүргийг гүйцэтгүүлэхээр Монголын ахмадын холбоотой хамтарч ажиллахаар улсын төсвөөс санхүүжүүлэх, харин аймаг, нийслэлийн түвшинд Монголын ахмадын холбооны салбар, нэгжтэй гэрээ байгуулан, санхүүжүүлж ажиллахыг Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

6. Нутгийн өөрөө удирдах байгууллага болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 оны)-ийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу тухайн нутаг дэвсгэр Монгол Улсын хууль, Засгийн газар, түүний байгууллагын шийдвэрийг биелүүлэх, биелэлтийг зохион байгуулах, хяналт тавих эрх хэмжээтэй этгээд болно.

Гэтэл хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Ахмад настны тухай хууль болон Засгийн газрын тогтоол шийдвэрүүдийг эс биелүүлж, аймгийн Ахмадын чөлөөт холбоонд санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн нь Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.

7. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээд аймгийн Ахмадын чөлөөт холбоог ямар шалгуур үзүүлэлт, үндэслэлээр хэрхэн сонгож санхүүжүүлэх болсон талаар үндэслэл бүхий тайлбар гаргаж мэтгэлцээгүй, мөн нэхэмжлэгч аймгийн Ахмадын хороотой хамтран ажиллаж боломжгүй шалтгаан нөхцөл байсан эсэх талаар тодорхой тайлбар гаргаагүй, маргаан бүхий акт хууль тогтоомжид нийцсэн гэдгээ нотолж чадахгүй байсан болно.

8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/3465 дугаар[11] албан бичигт ...Орон нутгийн түвшинд дээрх хууль тогтоомжоос гадна Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, аймгийн Засаг дарга нартай байгуулсан гэрээнд ...Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах зэрэг ахмад настанд чиглэсэн арга хэмжээ тусгагдсан. Иймд ахмад настны холбогдох хууль тогтоомж, гэрээний хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллахыг хүсье гэж аймгийн Засаг дарга Р.Сэддоржид хүргүүлсэн байна.

9. Аймгийн Ахмадын хороонд 2021 оны 01 дүгээр сард санхүүжилт 10 сая төгрөг шилжүүлсэн гэж нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурьдсан, мөн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн тухай баримтууд хэрэгт авагдсан, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй болно.

Иймд маргаан бүхий захиргааны акт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 он)-ийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэг, Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэг, Засгийн газрын 2016 оны 124 дүгээр тогтоолын 1, 2, 2019 оны 221 дүгээр тогтоолын 3 дахь заалтад заасантай нийцээгүй улмаас нэхэмжлэгч аймгийн Ахмадын хороо, түүний гишүүдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 он)-ийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэг, Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 70200 төгрөгийг гаргуулж ТББ-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.ЦЭЦЭГМАА


[1] 1- 136

[2] 1- 179, 182, 195, 217

[3] Хэрэг 1-р хавтас 4, 217 дахь хуудас

[4] Хэрэг 1-р хавтас 40 дэх хуудас

[5] Хэрэг 1-р хавтас 138-140, 148-152 дахь хуудас

[6] Хэрэг 1-р хавтас 47-50 дахь хуудас

[8] Хэрэг 1-р хавтас 186-187 дахь хуудас

[9] Хэрэг 1-р хавтас 141-147 дахь хуудас

[10] Хэрэг 2-р хавтас 81-91 дэх хуудас

 

[11] Хэрэг 1-р хавтас 185 дахь хуудас