| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2020/0108/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/277 |
| Огноо | 2020-08-11 |
| Зүйл хэсэг | 18.5.1., 18.5.2.2., 19.14.2.1., |
| Улсын яллагч | Н.Батмөнх |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/277
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
Улсын яллагч Н.Батмөнх,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батдорж, Б.Ганчимэг,
Шүүгдэгч Б.Ч-, Д.Д-, Ц.Б-, Д.Р- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 19.14 дүгээр зүйлийн 2.1, зааснаар Цэгмидийн Батсүрэн, Билгээгийн Чоодондов, Дашлхагвын Дорж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Р- нарт холбогдох эрүүгийн 2038000820041 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч Б.Ч-, Д.Д-, Ц.Б-, Д.Р- нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт байх Хилийн ... дугаар тэмдэгтээр байлдааны болон галт зэвсэг, галт хэрэгсэлтэй, морин уналгатайгаар Монгол Улсын талаас Оросын Холбооны улсын тал руу хууль бусаар хил нэвтэрч, улмаар 2020 оны 01 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө буцаж Оросын Холбооны улсын талаас Монгол Улсын тал руу хууль бусаар хил нэвтэрсэн, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ч-, Д.Д-, Ц.Б- нар нь бусадтай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт байх Хилийн ... дугаар тэмдэгтээр байлдааны галт зэвсэг, галт хэрэгсэлтэй, морин уналгатайгаар Монгол Улсын талаас Оросын Холбооны улсын тал руу хууль бусаар хил нэвтэрч, улмаар 2020 оны 01 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө буцаж Оросын Холбооны улсын талаас Монгол Улсын тал руу хууль бусаар хил нэвтэрсэн, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч, Д.Р- нь бусадтай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт байх Хилийн ... дугаар тэмдэгтээр галт зэвсэг, галт хэрэгсэлтэй, морин уналгатайгаар Монгол Улсын талаас Оросын Холбооны улсын тал руу хууль бусаар хил нэвтэрч, улмаар 2020 оны 01 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө буцаж Оросын Холбооны улсын талаас Монгол Улсын тал руу хууль бусаар хил нэвтэрсэн, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан холбогдуулан Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар, яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038000820041 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэрч Ж.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ Би 2020 оны 01 дүгээр сарын сарын 12-ны өдөр ахлах ахлагч Г.Х-, байлдагч Б.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй сэргийлэх манааг “Дун цагаан хус” байнгын хилийн харуулаас Ногоон голын чиглэлд томилон хилийн ... дүгээр тэмдэгт хүртэл цасан зурвас ашиглаж ул мөрний үзлэг шалгалт хийх үүрэг өгсөн. Үүний дагуу ахлах ахлагч Г.Х- байлдагч Б.Золзаяа нар 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өглөөний 9 цагт хөдөлгөөн үйлдэж Шаврын голоор явж Ногоон гол гэх газарт очиж харуул дээр хоноод 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өглөөний 09 цагаас ... дугаар тэмдэгтийн чиглэлд үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ... дугаар тэмдэгтийн зүүн талаар 800 метр газраар Монгол Улсын талаас ОХУ-ын тал руу хууль бусаар хил нэвтэрсэн 5 адууны ул мөрийг илрүүлж утсан холбоогоор харуул руу мэдэгдсэн... Тэгээд ангиас 2020 оны 01 дүгээр сарын 14-ний шөнийн 02 цагт тусгай бүлэг ирж ул мөрний үзлэг шалгалт хийсэн мөн улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн байж болзошгүй иргэдийн судалгаа хийж ар гэрийн хүмүүстэй уулзахад тус сумын 2-р багийн иргэн Бүдрагчаагийн /нас барсан/ гэр бүлийн хүнтэй уулзахад “манай хүн Сүхээгийнхээс утас авахаар явсан гэж хэлсэн” Ренчиндашийн гэрт очиход нэг хөгшин байсан асуухад” адуунд явсан” Чоодондовын гэрт очиж эхнэрээс нь асуухад “сумын төв явсан гэсэн” болохоор сэжигтэй санагдаад Чоодондовын эхнэртэй Урантэс гэгчтэй уулзахад “5 хүн хил давахаар явсан” анд явсан гэж хэлсэн. Тэгээд хил зөрчигч нарын Чоодондов, Дорж гэх 2 хүнийг шар голоос гэр лүүгээ харьж явах замд нь Бүдрагчааг/нас барсан/ гэртээ байхад Ренчиндаш, Батсүрэн нарыг сумын төв дээр байхад нь саатуулсан. Барьж саатуулах ажиллагааг хилийн ... дугаар ангийн хилийн төлөөлөгчийн албаны ахлах офицер Б.В.Х- гүйцэтгэсэн. ... 2020 оны 01 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө улсын хилийн 291 дүгээр тэмдэгтийн чиглэлээр хил нэвтэрч орж ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-96-98х/,
Гэрч В.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Хилийн 231 дүгээр салбарын дарга хошууч Ж.М-өөс 2020 оны 01 дүгээр 14-ний өдөр хилийн ... дугаар тэмдгийн чиглэлээр Монгол Улсын талаас ОХУ-ын тал руу хууль бусаар хил зөрчсөн ул мөр илрүүлсэн талаар мэдээлэл ирүүлсэн. Уг мэдээллийг харуулын дарга ахлах ахлагч Г.Х- өгсөн гэсэн. Үүссэн цагийн байдлын дагуу тусгай томилгоот бүлэгт томилогдон газар орон дээр үүрэг гүйцэтгэсэн. Очсон өдрөө хаалт манаанд үүрэг гүйцэтгэж хоносон. Маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ОХУ-ын талтай Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалт хийж хилийн зөрчлийн ул мөр хүлээлгэн өгсөн. Тэгээд хилийн 289-300 дугаар тэмдэгийн хооронд нисдэг тэргээр хамтарсан шалгалт явуулсан. Нислэгийн дараа тэр байрлалдаа үлдэж 2 хоног үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд төвөөс өгсөн үүргийн дагуу хилийн зөрчил гаргасан байж болзошгүй иргэдийн гэрт хаалт манаа тавьсан. 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр харуулын дарга ахлах ахлагч Мөнхсүх хилийн зөрчил гаргасан байж болзошгүй Цэцэрлэг сумын иргэн Б.Ч-, Д.Д- нарыг шар гол нэртэй газар саатуулсан. Тэгээд тэдэнтэй хамт явсан гэх П.Бүдрагчаагийн гэрт очиход харуулын дарга ахлах ахлагч Хөвсгөл, дэд ахлагч Ж.М- нар саатуулсан байсан ба гурван иргэнийг аваад заставын байрлалд В.Х-лан хүргэсэн” гэх мэдүүлэг /хх-100-101х/,
Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ 2017 оноос 2020 он хүртэл тасралтгүй 3 жил /Цэцэрлэг сумын 2-р багийн Засаг дарга/ хийсэн... Д.Р-, Д.Д-, Б.Ч- нар нутаг усаа маш сайн мэддэг хүмүүс энэ нутагт төрж өссөн хар бага наснаасаа эхлэн амьдарсан хүмүүс юм. Өвөлдөө улсын хилийн наад талд байгаа Шаварын голоор өвөлждөг, хавар намартаа зуун модны голоор нутагладаг ...Д.Р-, Д.Д-, Б.Ч- нар нь өвөлдөө хилийн бүс нутагт нутагладаг. Одоо ч гэсэн тэнд нутагладаг” гэх мэдүүлэг /1хх-102-104х, 216х/,
Гэрч О.- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тэр буугаа 2004 онд юм уу 2005 онд Их ав ангийн бууны дэлгүүрээс шинээр нь авч байсан. Би буугаа 2007 онд юм уу 2008 онд одоогийн Завхан аймгийн Тэс суманд оршин суудаг Дашдаваа гэх хүнээр дамжуулан Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байдаг хүнд зарсан. Яг хэн гэж хүн авсан талаар мэдэхгүй байна...Би буугаа албан ёсоор хүнд шилжүүлээгүй. Буугаа галт зэвсэг эзэмших гэрчилгээнийх нь хамт өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-105-106х/,
Гэрч Д.- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Доржид 2018 оны 12 дугаар сард Винтов маркийн бууг 2.500.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /1хх-108х/,
Гэрч П.О-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тигр маркийн бууг Өмнөговь аймгаас 4.000.000 төгрөгөөр хүргэн Ц.Б- худалдаж авсан. Ц.Б- буу эзэмших эрх байхгүй учир миний нэр дээр шилжүүлж авахаар миний бичиг баримтыг Өмнөговь аймаг руу явуулчихсан байгаа...” гэх мэдүүлэг /1 хх-110х/,
Гэрч С.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Тигр буу авна гэсэн зар байхаар нь зарын дагуу залгаж Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2 дугаар багийн Зуун мод гэх газар оршин суух Оюунчимэг гэдэг хүнтэй 4.000.000 төгрөгөөр тохиролцож зарсан...” гэх мэдүүлэг /1 хх-113-114/,
Гэрч Н.- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09 цаг 10 минутын орчим хил зөрчсөн байж болзошгүй иргэн Батсүрэнгийн утасны дугаарыг олоод утас руу нь залгаж хаана байгаа талаар нь асуухад гэртээ байна гэж хэлсэн. Тэгээд танайх хаана байдаг юм бэ гэж асуухад захын клонкын хажууд байгаа. Та нар уулзах шаардлагатай бол хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд зааж өгсөн хаягаар гэрт нь очиход Батсүрэн нойлоос гарч ирж таарсан ба би өөрийгөө танилцуулаад тантай уулзах хэрэг байна гэхэд би гэртээ ороод хувцсаа өмсөөд гараад ирья гэсэн. Тэгээд Батсүрэн гэртээ орж хувцсаа өмсөөд гараад ирэхээр нь та хамт застов очих шаардлага байна. Танаас тодруулах зүйл байна гээд машиндаа суулгаж застовт хүргэсэн...” гэх мэдүүлэг /1 хх-214х/,
Гэрч Х.- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15-16 цагийн үед хоёр морьтой иргэн Шар гол өгсөөд...саатуулан шалгахад 3 дугаар багийн малчин Дорж, 2 дугаар багийн малчин Чоодондов нар байсан...үүрч явсан 2 буу1 ширхэг дуран, сумнууд хурааж аваад ахмад В.Х-т мэдэгдсэн...”/1хх-216х/,
Шинжээч Т.Бүрэнхааны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу 7 ширхэг сум, 4 ширхэг галт зэвсэгт шинжилгээ хийсэн. Харин Чоодондовын төрлийн 2 ширхэг сум нь байлдааны зориулалттай гэж дүгнэсэн. Энэ нь ямар учраас байлдааны сум болоод байгаа юм гэхээр эдгээр 2 ширхэг сум нь 1979, 1975 онд үйлдвэрлэгдсэн сумнууд байсан. Уг сумны арын малгай хэсэгт үйлдвэрлэсэн тэмдэг тэмдэглэгээнд ямар зориулалттай үйлдвэрлэгдсэнийг заасан байдаг. Галт зэвсэг нь гар аргаар гол сольж залгасан залгамал буу, Харин Доржийн 3 сумнаас 1 ангийн 2 ширхэг байлдааны сум байсан. Байлдааны сум үйлдвэрлэсэн огноо нь 1978, 19... онд тус тус үйлдвэрлэгдсэн байсан. Галт зэвсэг нь КО гэх тэмдэглэгээтэй, ан агнуурын зориулалтаар үйлдвэрлэгдсэн. Ц.Б-гийн 1 ширхэг сум нь байлдааны зориулалттай, галт зэвсэг нь ан агнуурын зориулалттай буу байсан. Эдгээр иргэдийн 5 ширхэг сум нь малгай хэсэгтээ парлел 2 хэсгийн тоон тэмдэглэгээтэй ган зүрхэвчтэй сумнууд байсан. Ер нь бол байлдааны зориулалттай ангийн зориулалттай сумыг ялгахдаа бүтэц болон малгайн хэсгийн тэмдэг тэмдэглэгээгээр нь ялгана. Байлдааны зориулалттай сум нь хошуу хэсэгтээ ган зүрхэвчтэй байх ба малгай хэсэгтээ 2 хэсэг тоон тэмдэглэгээтэй байна. Уг тоон тэмдэглэгээний 12 цагийн тэмдэглэгээ нь тухайн сумны өөрийнх загвар код, 6 цагийн тэмдэглэгээ нь тухайн сумны үйлдвэрлэсэн он байна. Үүнээс олон бичиг бичиглэл бүхий сумны калибрын тэмдэглэгээ байх бол тухайн сум ангийн зориулалттай сум гэж тодорхойлдог...Тухайн сумнууд буудлага үйлдэх боломжтой ...”гэх мэдүүлэг /1хх-125-127х/,
Шүүгдэгч Д.Р-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн өглөө нар тусч байхад Цэцэрлэг сумын Шар шолд байх Лувжаа гэх газраас адуугаа харахаар явсан. Тэгээд замдаа Чоодондовынд буухад Чоодондов, Бүдрагчаа хоёр чонын мөр харахаар явах гэж байна. Хамт явах уу гэхээр нь хамт яваад Дорж ахынд ирсэн. Тэгээд 5-уулаа нийлээд чонын мөр харахаар явсан. Тэгээд чонын мөр хараад шогшоод л байсан нэлээд орой болоод модон дотор нэг байшин таарахаар нь орж цай уугаад хоносон. Тэгээд маргааш буюу 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өглөө нь босоод тэр хавиараа мөр ул хараад нэлээд явсан боловч юм олдоогүй, тэгээд эргээд нөгөө байшиндаа ирээд цай чанаж уугаад маргааш өглөө нь буцаад явж байхад Бүдрагчаа ах нэг юм дугараад байна гээд хурдан яваарай гээд уул өөд өгссөн. Тэгээд шөнөжингөө нэг замаар цуварч явсаар байгаад үүр цайхад хул азаргын голд явж байсан. Тэгээд Бүдрагчаа, Дорж, Чоодондов 3 салаад шар гол руу гэр лүүгээ явна гээд явсан, харин Батсүрэн бид 2 гэртээ харихаар салаад би сумын төв рүү явсан, Батсүрэн гэртээ харьсан байх. Тэгээд сумын төв дээр явж байхад хилийн хүмүүс дуудаж хаагуур явсан талаар асуухад болсон явдлыг бүгдийг хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-56, 138-139х/
Шүүгдэгч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Цэцэрлэг сумын төвөөс Дорж ахынд үхэр тугалын нэмнээ хүргэж өгсөн. Тэгээд хоноод байж байтал 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр саахалт айлын хүмүүс болох Бүдрагчаа, Ренчиндаш, Чоодондов нар ирж чонын мөр харна гэхээр нь Дорж ах бид хоёр хамт явсан. Нэлээд хэд хоногийн өмнө Дорж ахын малаас хэдэн хонь, ямаа чоно идсэн учир тэр газраас очиж мөр харахаар явсан бид нарын очсон газар 4 чонын мөр байсан болохоор тэр мөрийг дагаад нэг уул даваад мод руу ороод үргээж үзсэн боловч ямар ч чоно гараагүй болохоор нь тэр орчмоор явж байгаад орой болохоор нь уулынхаа ар луу орсон чинь нэг гол байсан, голын захаар уруудаад явж байтал модны хаяанд нэг байшин байсан тэр байшинд орж хоноод өглөө буюу 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр урд талын мод руу орж чонотой хөөцөлдөөд орой болохоор нь буцаж очоод нөгөө байшиндаа хоносон. Маргааш өглөө нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр урагшаа эргээд явж байтал Бүдрагчаа ах нисдэг тэрэг дуугарч байна гэж хэлээд буцаад Монгол Улсын тал руу шөнөжингөө яваад үүр цайхад хул азаргын голд орж ирээд Ренчиндаш бид 2 салж явсан. Тэгээд би морио тавихаар Ренчиндашаас салаад Өгсөхийн гол руу явж Маамаа гэх айлд морио тавьчихаад маргааш нь түлээ хийлцэж өгөөд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр сумын төв дээр гэртээ ирэхэд манай эхнэр хилийн цэргүүд чамайг сурж утсаар ярьсан” гэх мэдүүлэг /1хх-68-70, 142х/,
Шүүгдэгч Б.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Бүдрагчаа гуай манайд ирээд намайг хониндоо явах гэж байтал маргааш өглөө чонын мөр үзэхээр явах уу гэхээр нь зөвшөөрч явахаар болоод хоносон. Маргааш өглөө нь Ренчиндаш манайд ирээд бид гурав чононд явахаар яриад манайхаас яваад Дорж ахынд очоод ярьж байгаад Дорж, Батсүрэн нарыг хамт авч явахаар болсон. Хэд хоногийн өмнө Доржийн хонийг чоно идсэн учраас тэр газраас очиж мөр ул харцгаая гээд явсан.Тэгээд нөгөө газраа ирэхэд 3 чононы мөр байсан учраас тэр мөрийг дагаад цааш явсаар байгаад орой болоод нэг байшин дээр очоод цай чанаж уугаад унтацгаасан. Маргааш өглөө нь дахиад нөгөө модтой ууланд хөөцөлдөөд дахин тэндээ хоноод маргааш нь мордоод явж байсан чинь нисдэг тэрэг “дугарахаар нь за болохоо болилоо” гээд буцаад шөнөжингөө яваад хул азарга гэдэг газарт ирсэн. Тэндээс Батсүрэн, Ренчиндаш нар гэртээ харихаар явсан. Дараа нь бид гурав гэртээ харихаар явах замд морь эцээд байхаар нь “нам мод” гэх газарт хоносон, маргааш гэрлүүгээ явж байгаад Ренчиндашийн хавиас баригдаж саатуулагдсан” гэх мэдүүлэг /1хх-64-65, 146х/,
Шүүгдэгч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай хадам дүү Батсүрэн 2020 оны 01 дүгээр 12-ны өдөр тугалын нэмнээ дөхүүлж өгөхөөр сумын төвөөс ирсэн. Маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө саахалт айлын хүмүүс болох Ренчиндаш, Бүдрагчаа, Чоодондов нар манай гэрт ирсэн. Манай гэрт ирээд чонын мөр харна гээд 5-уулаа өөр өөрийн бууг аваад явсан. Бид нар манай гэрээс гараад хойд зүгт “Шилүүстэй” гэх газарт очиход 3-4 чонын мөртэй тааралдсан тэгээд мөрөө хөөгөөд цаашаа явсаар байгаад орой болоод явж байтал модон байшин таарахаар нь дотор нь цай чанаж уугаад тэндээ хоносон. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өглөө босоод нөгөө чонынхоо мөрөө мөрдөөд тэр газраараа нэлээд эргэсэн тэгээд орой болохоор шөлтэй хоол хийж идсэн, бас цай чанаж уугаад нөгөө байшиндаа хоносон. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн өглөө босоод цай чанаж уугаад буцаад явж байтал бид нарын явж байсан зүгээс нисдэг тэрэг дуугарсан учир Монгол Улсын зүг рүү шөнөжингөө яваад замдаа төөрсөн тэгээд үүр цайгаад явж байгаад газар орноо харахад “хул азаргын” голын эх рүү ороод ирчихсэн явж байсан. Тэгээд Ренчиндаш, Батсүрэн нар гэр лүүгээ явсан, Бүдрагчаа, Чоодондов бид 3 гэр лүүгээ явж байгаад морь муудаад байхаар нь Хул азаргын эхэнд “нам модны өтөг” гэх газарт хоносон” өглөө нь Бүдрагчаа гэр лүүгээ явсан, тэгээд шар гол өгсөөд явж байгаад бид хоёр хилийн хүмүүст баригдсан” гэх мэдүүлэг /1хх-59-61, 150х/
Хөвсгөл аймгийн Шүүхийн шилжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Чоодондовын гэх винтов маркийн буутай төстэй дугаарын гол төмөр дээрээ дугааргүй, ... дугаарын замагтай галт зэвсэг нь ОХУ-нд ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн 8.2х66 мм-ийн калибр бүхий карбин бууны суурь эд анги дээр гол төмрийг гар аргаар сольж залгасан залгамал буу байна. Зориулалт тодорхойлох боломжгүй.
Иргэн Чоодондовоос хураан авсан гэх 56 мм өндөртэй хүрэн шаргал өнгийн хонгиотой, хүрэн улаан өнгийн хошуутай, малгайн хэсэгт 539, 79 гэсэн тэмдэглэгээтэй, 7,62х39мм калибртай нэг 1 ширхэг сум нь 1979 онд ОХУ-д байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн ган зүрхэвчтэй ердийн сум байна. Иргэн Чоодондовоос хураан авсан гэх 56 мм өндөртэй ногоон өнгийн хонгиотой, хүрэн улаан өнгийн хошуутай, малгайн хэсэгт 60, 75 гэсэн тэмдэглэгээтэй, 7,62х39мм калибртай нэг 1 ширхэг сум нь 1975 онд ОХУ-д байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн ган зүрхэвчтэй ердийн сум байна. Тухайн сумнууд нь бялт тэсрээгүй, бүтэц өөрчлөлтгүй байх тул буудлага үйлдэгдээгүй байна. Тухайн сум нь шинжлэгдэж буй буунд тохирно.
Хэрэгт хураагдсан Д.Д-ийн винтов маркийн буутай төстэй, ...дугаарын гол төмөртэй, ...дугаарын замагтай галт зэвсэг нь 1944 онд ОХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн ко-91/30 загварын 7,62х54Р калибр бүхий винтов буу байна. Иргэн Д.Д-оос хураан авсан гэх 77 мм өндөртэй ногоон өнгийн хонгиотой, хүрэн улаан өнгийн хошуутай, малгайн хэсэгт БДЗ “7,62х54К” гэсэн тэмдэглэгээтэй, 7,62х54мм калибртай нэг 1 ширхэг сум нь ОХУ-ын Барнаулын зэвсгийн үйлдвэрт ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн сум байна. Иргэн Д.Д-оос хураан авсан гэх 77 мм өндөртэй шаргал өнгийн хонгиотой, хүрэн улаан өнгийн хошуутай, малгайн хэсэгтээ 60... гэсэн тэмдэглэгээтэй 7.62х54В калибр бүхий сум 1 ширхэг ОХУ-д 19... онд байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн сум байна. Иргэн Д.Д-оос хураан авсан гэх 77 мм өндөртэй шаргал өнгийн хонгиотой, хүрэн улаан өнгийн хошуутай, малгайн хэсэгтээ 60 78 гэсэн тэмдэглэгээтэй 7.62х54К калибр бүхий сум 1 ширхэг нь 1978 онд ОХУ-д байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн сум байна. Тухайн сумнууд нь буудлага үйлдэгдээгүй байна. Тухайн сум нь шинжлэгдэж буй буунд тохирно.
Хэрэгт хураагдсан Ц.Б-гийн Тигр гэх нэртэй ...дугаарын гол төмөртэй, ...дугаарын замагтай галт зэвсэг нь 2009 онд ОХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн. Тигр загварын 7.62х54R калибр бүхий сум 1 ширхэг ОХУ-д 19... онд байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн сум байна.
Хэрэгт хураагдсан Д.Р-ийн калибр буутай төстэй ... дугаарын гол төмөртэй, 6777 дугаарын замагтай галт зэвсэг нь 1954 онд ОХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн. Тоз-8 загварын 5.6 мм калибр бүхий буу байна. Иргэн Д.Р-аас хураан авсан гэх 24 мм өндөртэй шаргал өнгийн хонгиотой, хүрэн улаан өнгийн хошуутай, малгайн хэсэгтээ С гэсэн тэмдэглэгээтэй 5.6х1.5R калибр бүхий 1 ширхэг сум нь ОХУ-д ан агнуур, спорт, сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн сум байна. Тухайн сум нь буудлага үйлдэгдээгүй байна. Тухайн сум нь шинжлэгдэж буй буунд тохирно...” гэх дүгнэлт /1хх-121х/
Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-23х/
Зөрчлийн хэргийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал /1хх-24-25х/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгө, орлого, эд зүйлийг хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн хүнд хүлээлгэн өгөх тухай тэмдэглэл /1хх-31-37х/
Хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж /1хх-37х/
Хил зөрчигч /завдагчийн/ биед үзлэг хийсэн тухай протокол /1хх-38-39х/
Улсын хилээр гаргасан зөрчлийн ул мөр /амьтдын/ хүлээлгэн өгсөн акт /1 хх-40-41х/
Хилийн зөрчил гаргасан байх болзошгүй иргэдийг түр саатуулах тухай тэмдэглэл /1 хх-42х/
Сэжигтэний биед үзлэг хийсэн протокол, тайлбар /1хх-43-45х/
Хил зөрчсөн саатуулсан Д.Д-, Б.Ч-, Ц.Б-, Д.Р- нарыг саатуулсан үеийн ажиллагааны бүдүүвч /1хх-46х/
Хил зөрчигч, тэдгээрийн авч явсан эд зүйлийг хүлээлгэж өгсөн тухай акт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-86-87х/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1 хх-89х/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1хх-90-92, 207-209, 211х/
Хөрөнгө үнэлсэн тайлан /1 хх 130-131х/
Хөрөнгө үнэлгээний тайлан /1хх-225х/
Хил хамгаалах Ерөнхий газрын хилийн ... дугаар ангийн албан тоот /1-р хх-162/
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын албан тоот /1хх-167х/
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, /1хх-168-190,241-250, 2хх-1-3х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Ч-, Д.Д-, Ц.Б-, Д.Р- нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт байх Хилийн ... дугаар тэмдэгтээр байлдааны болон галт зэвсэг, галт хэрэгсэлтэй, морин уналгатайгаар Монгол Улсын талаас Оросын Холбооны улсын тал руу хууль бусаар хил нэвтэрч, улмаар 2020 оны 01 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө буцаж Оросын Холбооны улсын талаас Монгол Улсын тал руу хууль бусаар хил нэвтэрсэн, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038000820041 дугаартай хэргийг шүүхэд ирүүлсэн байх боловч шүүгдэгч Б.Ч-, Д.Д-, Ц.Б- нарын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар улсын хилээр “байлдааны галт зэвсэг, галт хэрэгсэл хууль бусаар нэвтрүүлсэн” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.
Учир нь Хөвсгөл аймгийн Шүүхийн шилжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: /1 хх-119-124/
- Чоодондовын гэх винтов маркийн буутай төстэй дугаарын гол төмөр дээрээ дугааргүй, ... дугаарын замагтай галт зэвсэг нь ОХУ-нд ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн 8.2х66 мм-ийн калибр бүхий карбин бууны суурь эд анги дээр гол төмрийг гар аргаар сольж залгасан залгамал буу байна. Зориулалт тодорхойлох боломжгүй гэх,
- Д.Д-ийн винтов маркийн буутай төстэй, ...дугаарын гол төмөртэй, ...дугаарын замагтай галт зэвсэг нь 1944 онд ОХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн ко-91/30 загварын 7,62х54Р калибр бүхий винтов буу байна гэх,
- Ц.Б-гийн Тигр гэх нэртэй ...дугаарын гол төмөртэй, ...дугаарын замагтай галт зэвсэг нь 2009 онд ОХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн гэх дүгнэлт гаргасан байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар улсын хилээр “байлдааны галт зэвсэг” авч явсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин шүүгдэгч нарын улсын хилээр нэвтрүүлсэн гэх байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн сум байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан “байлдааны галт зэвсэг, галт хэрэгсэл болон тэсэрч дэлбэрэх бодист” хамаарах ойлголтыг Галт зэвсгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “байлдааны зориулалттай галт зэвсэг” гэж байлдааны болон тусгай ажиллагаанд ашиглах зэвсэг, галт хэрэгсэл, түүний эд ангийг,
-мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “сум” гэсэн ойлголтыг галт зэвсэг болон галт хэрэгслээс тусад нь буюу “сум” гэж “галт зэвсэгт зориулагдсан хонгио, бялт, дарин цэнэг, хошуу бүгд нэг биет болж угсрагдсан, эсхүл гол төмөрт хийж буудлага үйлдэх зориулалттай бүрдэл хэсгийг хэлнэ гэж тодорхойлжээ.
Сум нь галт зэвсэг болон галт хэрэгслээс тусдаа эд зүйл гэж томьёологдсон түүнчлэн байлдааны зориулалттай галт хэрэгсэлд сум багтана гэдгийг хуульд тусгайлан заагаагүй байна.
Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.2-т зааснаар байлдааны галт зэвсэг, галт хэрэгслийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
Мөн улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч Д.Р-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар “хязгаарлалт тогтоосон барааг” өөрчлөн найруулж хассан байх тул эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэснийг баримтлан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэрэгсэхгүй болгох тухай улсын яллагчин саналыг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Ч-, Д.Д-, Ц.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, шүүгдэгч Д.Р-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Б.Ч-, Д.Д-, Ц.Б-, Д.Р- нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт байх Хилийн ... дугаар тэмдэгтээр морин уналгатайгаар Монгол Улсын талаас Оросын Холбооны улсын тал руу хууль бусаар хил нэвтэрч, улмаар 2020 оны 01 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө буцаж Оросын Холбооны улсын талаас Монгол Улсын тал руу хууль бусаар хил нэвтэрсэн гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь Гэрч Г.Х-ын мэдүүлэг /хх-93-94х/, гэрч Ж.М-ийн мэдүүлэг /хх-96-98х/, гэрч В.Х-ийн мэдүүлэг /хх-100-101х/, гэрч Б.Д-ийн мэдүүлэг /хх-102-104х/, гэрч О.- мэдүүлэг /1хх105-106х/, гэрч Д.- мэдүүлэг /1хх-108х/, гэрч П.- мэдүүлэг /1хх-110х/, гэрч С.- мэдүүлэг /1хх-113-114х/, гэрч Н.Анхбаярын мэдүүлэг /1хх-214х/, гэрч Х.- мэдүүлэг /1хх216х/, шинжээч Т.Бүрэнхааны мэдүүлэг /1хх-125-127х/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шилжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-119-124х/, Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-23х/, Зөрчлийн хэргийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал /1хх-24-25х/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгө, орлого, эд зүйлийг хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн хүнд хүлээлгэн өгөх тухай тэмдэглэл /1хх-31-37х/, хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж /1хх-37х/, хил зөрчигч /завдагчийн/ биед үзлэг хийсэн тухай протокол /1хх-38-39х/, улсын хилээр гаргасан зөрчлийн ул мөр /амьтдын/ хүлээлгэн өгсөн акт /1хх-40-41х/, хилийн зөрчил гаргасан байх болзошгүй иргэдийг түр саатуулах тухай тэмдэглэл /1хх-42х/, сэжигтэний биед үзлэг хийсэн протокол, тайлбар /1хх-ийн 43-45х/, хил зөрчсөн саатуулсан Д.Д-, Б.Ч-, Ц.Б-, Д.Р- нарыг саатуулсан үеийн ажиллагааны бүдүүвч /1хх-ийн 46х/, хил зөрчигч, тэдгээрийн авч явсан эд зүйлийг хүлээлгэж өгсөн тухай акт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 86-87х/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 89х/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1хх-90-92, 207-209, 211-212х/, хөрөнгө үнэлсэн тайлан /1хх-130-131х/, хөрөнгө үнэлгээний тайлан /1хх-225-р тал/, Хил хамгаалах Ерөнхий газрын хилийн ... дугаар ангийн албан тоот /1хх-162х/ зэрэг хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын улсын хилийн зөрчил, уг гэмт хэргийн талаарх хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдлын улмаас Эрүүгийн хуульд тусгайлан заасан Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хилийн халдашгүй дархан байдалд хохирол учруулахдаа өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэнд яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч нарыг үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Д-, Ц.Б-, Д.Р- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-187-189х/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ч- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэх хуудас /1хх-ийн 190/, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоол /1хх-ийн 198-199/-оор тогтоогдож байх боловч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Б.Ч-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, Б.Ч-, Д.Д-, Ц.Б-, Д.Р- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан калибр маркийн буу 1 ширхэг, Тигр маркийн буу 1 ширхэг, Винтов маркийн буу 2 ширхэг, сум 27 ширхэгийг, бууны ...дугаартай баримт бичгийн хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль, зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Цагдаагийн байгууллагад,
Эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, П.Бүдрагчаагийн, эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг, тохом 3 ширхэгийг устгахыг, шүүгдэгч Д.Р-ийн улаан өнгийн модон эмээл, 2 ширхэг тохом /хуучин/, суран хазаар, ногт /хуучин/, Ц.Б-гийн орос хар эмээл, хазаар, тохом /хуучин/, Д.Д-ийн шар өнгийн модон эмээл 1, тохом 3 ширхэг, нэг нүдний дуран 1, сумны дайз, Б.Ч-ын нэг нүдний дуран 1 ширхэг, хар өнгийн орос хар эмээл 1 ширхэг, суран хазаар 1 ширхэгийг өмчлөгчид буцаан олгохыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгаж шийдвэрлэв.
П.Бүдрагчаагийн эд хөрөнгөөр битүүмжлэгдсэн улаан буурал зүсмийн нас гүйцсэн морийг иргэний нэхэмжлэгч М.Эрдэнэбилэгт буцаан олгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2,4, 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын 4 тооны морийг хурааж, улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах,
Эрүүгийн 2038000820041 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,
Улсын яллагч шүүгдэгч нараас /1.963.400/ төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гаргуулахаар санал гаргаж байх боловч тухайн зардлын тооцоо, холбогдох баримт хэрэгт авагдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар шүүх хуваарилах боломжгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 1.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймгийн прокурорын газрын ерөнхий прокуророос шүүгдэгч Д.Р-, Ц.Б, Б.Ч, Д.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.2, Д.Р-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Д.Р-, Ц.Б, Б.Ч, Д.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Д.Р-, Ц.Б, Б.Ч, Д.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-, Д.Д-, Ц.Б-, Д.Р- нарыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Ч-, Д.Д-, Ц.Б-, Д.Р- нарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-, Д.Д-, Ц.Б-, Д.Р- нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,4, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан калибр маркийн буу 1 ширхэг, Тигр маркийн буу 1 ширхэг, Винтов маркийн буу 2 ширхэг, сум 27 ширхэгийг, бууны ...дугаартай баримт бичгийн хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн байгууллагад,
Мөн эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, П.Бүдрагчаагийн, эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг, тохом 3 ширхэгийг устгахыг, шүүгдэгч Д.Р-ийн улаан өнгийн модон эмээл, 2 ширхэг тохом /хуучин/, суран хазаар, ногт /хуучин/, Ц.Б-гийн орос хар эмээл, хазаар, тохом /хуучин/, Д.Д-ийн шар өнгийн модон эмээл 1, тохом 3 ширхэг, нэг нүдний дуран 1, сумны дайз, Б.Ч-ын нэг нүдний дуран 1 ширхэг, хар өнгийн орос хар эмээл 1 ширхэг, суран хазаар 1 ширхэгийг өмчлөгчид буцаан олгохыг,
П.Б-ийн эд хөрөнгөөр битүүмжлэгдсэн улаан буурал зүсмийн нас гүйцсэн морийг иргэний нэхэмжлэгч М.Э- олгохыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн 4 тооны буюу шүүгдэгч Б.Ч-ын зүүн талын хаа дээрээ ... дугаартай тамгатай хээр морь, шүүгдэгч Д.Д-ийн зөв талын гуян дээрээ ... дугаартай тамгатай хүрэн морь, шүүгдэгч Ц.Б-гийн зөв талын гуян дээрээ 5 нүдэн тамгатай бор саарал морь, шүүгдэгч Д.Р-ийн зөв талын гуян дээрээ РС тамгатай бор морийг хурааж, улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
9. Эрүүгийн 2038000820041 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-, Д.Д-, Ц.Б-, Д.Р- нарт шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН