Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 307

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарыг оролцуулан С.А-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: С.А

Хариуцагч: Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцох тухай” А/906 дугаар тушаалыг хүчингүй болгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч захиргааны байгууллага нь миний өмчлөлийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн иргэн С.А-т олгогдсон эрхийн улсын бүртгэлийн Ү-0213004... дугаарт бүртгэлтэй, Баян-Өлгий аймгийн 5 дугаар багт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 0005135.. дугаартай гэрчилгээг хүчингуй болсонд тооцсон шийдвэр гаргасан. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4-т “... Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана ...” гэж заасан. Би маргаан бүхий Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцох тухай” А/906 дугаар тушаалын хуулбар хувийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчаас хүлээж авч танилцсан болно. Энэхүү тушаалыг надад хэзээ танилцуулсан, хүлээлгэж өгсөн талаарх Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний 814 дугаартай албан бичгийг нэхэмжлэлд хавсаргав.

Нэхэмжлэгч С.А би хариуцагчийн маргаан бүхий захиргааны акт нь хууль бус болохыг нотлох үүднээс захиргааны актын үндэслэл тус бүрт хууль зүйн дүгнэлт хийж, дараах үндэслэлүүдийг дэвшүүлж байна.

1. Сонсох ажиллагааг хуульд заасан ёсоор хийгээгүй тухай:

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх нь хөндөгдөж буй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох буюу сонсох ажиллагаа хийх үүрэгтэй билээ. Хариуцагч нь надад Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03/1498 дугаартай мэдэгдэл, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 001820 дугаартай дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргах гэж буй тухай надад мэдэгдэж, тайлбар аваагүй.

Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулиар тодорхойлсон сонсох ажиллагаа нь захиргааны байгууллага шийдвэр гаргахаас өмнө шийдвэр гаргах үндэслэл, нөхцөл байдлын талаар шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчид мэдэгдэж, түүнээс тайлбар, санал авч, тус саналыг шийдвэр гаргахад харгалзан үзэх буюу санал, тайлбар авсны үндсэн дээр шийдвэр гаргах явдал байдаг. Өөрөөр хэлбэл, дарааллын хувьд сонсох ажиллагааг хэрэгжүүлсний дараа шийдвэр гаргах ёстой. Гэтэл, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч нь сонсох ажиллагаа хийхээс өмнө шийдвэрээ тодорхойлчихсон, гагцхүү Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон сонсох ажиллагааг хийсэн мэт харагдуулах үүднээс надаас тайлбар авсан байна. Ийнхүү үзэх үндэслэл нь надад энэ талаар мэдэгдэхдээ “... 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс намайг дуудаж ... та үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ хураалга, хүчингүй болгоно...” гэж мэдэгдсэн явдал юм. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох эрхгүй этгээд надад мэдэгдсэн болно.

Зүй нь, Захиргааны ерөнхий хуулийн 27.3 дахь хэсэгт зааснаар тухайн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн, тодорхой зөрчлүүд гарсан талаар надад мэдэгдэж, түүнд тайлбар авсны дараа ямар шийдвэр гаргахаа шийдвэрлэх ёстой байсан. Нөгөө талаар хяналтын улсын байцаагч тайлбар авсан хэдий ч, уг гэрчилгээг хүчингуй болгох эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас ямар нэгэн сонсох ажиллагаа явуулж, тайлбар, санал аваагүй тул хуульд заасан журмаар сонсох ажиллагааг явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуульд заасан дээрх холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдэл мөн.

2. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тухай болон шилжилт хөдөлгөөн хуульд заасан журмын дагуу хийгдсэн тухайд:

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “... Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна ...”, 4.2-т “... Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно ...” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад, иргэн С.С-аас иргэн С.А-т Баян-Өлгий аймгийн 5 дугаар багт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь хууль ёсны дагуу шилжилт хөдөлгөөн хийгдэж, улмаар иргэн С.А-ын нэр дээр бүртгэгдэж, гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажиж, харин өмнөх өмчлөгч буюу С.С-ын өмчлөх эрх дуусгавар болсон байхад С.А-т олгогдсон эрхийн улсын бүртгэлийн Ү-0213004... дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн 0005135.. дугаартай гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.

Мөн хуулийн 15 дугаар зүйлд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх журмын талаар тодорхой зохицуулалт тусгагдсан байх ба 15.1-д “... Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авч 14 хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ ...”, 15.2-т “... Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна ...”, 15.4-т “... Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана ...” гэж тус тус заасан.

Тухайн үед улсын бүртгэгч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн шилжүүлгийг хийх явцад хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан татгалзах ямар нэгэн үндэслэл байгаагүй бөгөөд 15 дугаар зүйлд зааснаар миний гаргасан мэдүүлгийг 14 хоногийн хугацаанд бүрэн хянан шалгаж, татгалзах үндэслэл байхгүй гэж үзээд надад гэрчилгээ олгосон.

Улсын бүртгэгч Б.О тайлбартаа: “... Би 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр бэлэглэгийн гэрээг үндэслэн С.А-ын нэр дээр шилжүүлэн бүртгэсэн байна. Бэлэглэлийн гэрээнд барьцаалсан болон битүүмжилсэн тухай юм тусгаагүй. гэрчилгээ өмчлөгчийн гарт байсан, хувийн хэргийн тусгай тэмдэглэлд албан тоот гэж бичигдсэн болохоос, тусгай тэмдэглэл гэж бичээгүй байсан тул битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгө гэдгийг би огт мэдээгүй ...” гэжээ. Улсын бүртгэгч анх бүртгэл хийх, шилжилт хөдөлгөөн хийх явцад С.С-ын хувийн хэрэгт ямар нэгэн тусгай тэмдэглэл байгаагүй, битүүмжилсэн эсэх талаарх нотлох баримт хувийн хэрэгт авагдаагүй болох нь улсын бүртгэгч В.О-ийн тайлбараар болон бусад бүртгэлтэй холбоотой баримтуудаар нотлогдож байна.

Үүний зэрэгцээ, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр С.А-ын нэр дээр шилжүүпсэн байх ба нотариатаар шилжүүлэг хийх үед мөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэгдээгүй байсан нь тогтоогдсон. Хэрэв, аливаа үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэгдсэн нөхцөлд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эрх бүхий албан тушаалтан хураан авч, битүүмжлэгдсэн тухай мэдээлэл, лавлагааг холбогдох байгууллагууд буюу тойргийн нотариатчид, арилжааны банкуудад нэгдсэн системээр онлайн хэлбэрээр хүргүүлэх ёстой.

Нөгөөтэйгүүр, Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Т.А-ийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолд “...үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, захиран зарцуулахыг хориглож лацдасан болно. Үзлэг явуулахад төлбөр төлөгч С.С байсан. С.С тухайн үед энэ бол минийх биш, аавын хөрөнгө гэж хэлсэн ...” хэмээн тусгажээ. Гэвч энэхүү тогтоолыг өнөөдрийг хүртэл С.С болон нэхэмжлэгч миний бие олж хараагүй, бидэнд танилцуулаагүйгээс гадна миний өмчлөлийн “Т” зоогийн газрыг бодит байдлаар битүүмжилж, лацдасан үйлдэл хийгээгүй болно.

3. Маргаан бүхий захиргааны актад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсгийг баримталсан тухайд:

Хуулийн 7.5-д “...Иргэний хуулийн 183.3-д заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно...” гэжээ.

Тэрээр улсын бүртгэл буруу ташаа болсон зүйл байхгүй бөгөөд хэн нэгний тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх өмчлөгч байсан С.С-аас эрх нь зөрчигдсөн тухай улсын бүртгэлийн хэлтэст гомдол гаргаагүй байхад хэний, ямар өргөдлийг үндэслэн шалгасан нь ойлгомжгүй болжээ.

Хуулийн 7.7-д “...Энэ хуулийн 7.3, 7.5-д зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно...” гэж зааснаас үзэхэд, 7.3, 7.5-д зааснаас бусад тохиолдолд гэрчилгээг зөвхөн шүүх хүчингүй болгох байтал хөндлөнгөөс өөрийн эрх хэмжээнд хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Хэдийгээр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжилсэн тогтоол гарсан гэх боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх явцад улсын бүртгэгч үүнийг заавал анхаарч үзэх ёстой байсан. Гэтэл бодит байдал дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн ямарваа нэгэн тогтоол гараагүй байсан бөгөөд үүнийг ашиг сонирхлын үүднээс нөхөж үйлдсэн гэж ойлгоно.

Хэрэв битүүмжилсэн тогтоол гарсан нь үнэн эсэх нь тогтоогдсон ч гэлээ маргаан бүхий Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 120 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 2 өрөө “Т” зоогийн газар нь С.С огт хамааралгүй эд хөрөнгө болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Учир нь, тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газарт манай аав болох н.С 1990 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд том хүү болох С.С нэр дээр яагаад гэрчилгээ олгогдсон нь бас эргэлзээтэй, ер нь С.С-ын нэрд бүртгэгдсэн байгаа төдий боловч энэ нь үнэндээ миний ч хөрөнгө биш болохыг дурдмаар байна. Гагцхүү, миний бие С.А н.С-ын отгон хүү байх үүднээс надад өвлөгдөх нь зүйн хэрэг, иймдээ ч бусдын үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх хууль бус үйл ажиллагаатай холбоотой болон тухайн үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ эзэмшигч, өмчлөгчийг тогтоолгох асуудлаар тус тус иргэний хэргийн шүүхэд жич хандах болно.

Нэмж хэлэхэд, маргаан бүхий Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 120 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 2 өрөө “Т” зоогийн газрын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг битүүмжилсэн тогтоол гараагүй байхад, тогтоол гарсан гэж үзвэл нөхөж үйлдсэн байх тул үүнийг үндэслэж гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус.

Түүнчлэн, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас жирийн иргэн хохирох ёсгүй.

Мөн Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 001820 дугаартай дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй. Уг дүгнэлтэд тусгагдсан тайлбар болон холбогдох хүмүүсийн тухайн үед гаргаж өгсөн тайлбарууд нь хоорондоо зөрүүтэй байдлаар бичигдсэнээс гадна уг дүгнэлт ойлгомжгүй, нотлох баримтад тулгуурлаж бичигдээгүй гэж үзэж байна.

Иймд, нэхэмжлэгч С.А-ийн эрх, эрх хууль ёсны эрх ашиг сонирхол маань ноцтой байдлаар хөндөгдсөн байх тул Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцох тухай” А/906 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/906 дугаартай тушаалаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0213004... дугаарт бүртгэлтэй, 0005135.. дугаартай гэрчилгээг хүчингүй болгосонтой холбогдуулан иргэн С.А-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж рйна. 

Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03/1498 тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдлийн дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0213004... дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн С.С /БЮ690701../-ын өмчлөлөөс 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр иргэн С.А /БЮ790913../-ын өмчлөлд шилжүүлсэн бүртгэлийг хянаж үзэхэд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-д “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх”-ийг хориглосон заалтыг зөрчсөн бүртгэл байх тул хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар уг бүртгэлийг хүчингүй болгох тухай 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хяналтын улсын байцаагч иргэн С.А-т мэдэгдсэн байна.

Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 601 тоот албан бичгээр ирүүлсэн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05 тоот тогтоолыг үндэслэн Баян-Өлгий аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Р.Б 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Rеаl програмд тусгай тэмдэглэл хийж, эрхийн улсын бүртгэлийн Ү-0213004... дугаартай бүртгэлийн хувийн хэрэгт албан бичиг болон эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хавсаргасан байна.

Баян-Өлгий аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03/1498 тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдэл, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хяналтын улсын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 001820 дугаартай дүгнэлтийг үндэслэн Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь заалтаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/906 дугаартай тушаалаар холбогдох бүртгэлийг хүчингүй болгосон нь холбогдох хууль, журмын заалтуудыг зөрчөөгүй байна. Иймд иргэн С.А-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.А өөрийн төрсөн ах С.С-аас бэлэглэлийн гэрээний үндсэн дээр Баян-Өлгий аймаг, Өлгийн сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай үйлчилгээний зориулалттай 120 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлэн авч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 0005135.. дугаар гэрчилгээг  гаргуулан авчээ. Ийнхүү өмчлөх эрх шилжүүлэн бүртгэсэн улсын бүртгэгч Б.О-ийн үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга С.А-ын нэр дээрх 0005135.. дугаар гэрчилгээг хүчингүй болгож, өмнөх бүртгэлийг сэргээх тухай 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/906 дугаар тушаал  гаргасан байна. 

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх маргаан бүхий тушаал нь миний өмчлөх эрхээ баталгаажуулах эрхийг зөрчиж байна, хүчин төгөлдөр, хууль ёсны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэж шүүхээр маргаж, хариуцагчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/906 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбар, бодит нөхцөл байдлыг шинжлэн дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг иргэн С.С 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өөрийн нэр дээр бүртгүүлж, 0001436.. дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ  гаргуулан авчээ. Үүний дараа Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 591 дүгээр шийдвэрээр иргэн С.С-аас 149,205,210 /нэг зуун дөчин есөн сая хоёр зуун таван мянга хоёр зуун арван/ төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Баян-Өлгий аймаг дахь шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолоор  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийнэ”, 20.1.4-д “шүүх, арбитр, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан” гэж тус тус заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийлгэж, захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байна. 

Гэтэл иргэн С.С нь өөрийн төрсөн дүү С.А-т үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр  шилжүүлж, гэрээний үндсэн дээр бүртгэлийн байгууллага нэр шилжүүлэн бүртгэжээ. Энэхүү улсын бүртгэлийн байгууллага /улсын бүртгэгч Б.О/-ын үйлдэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно”, 18.1.10-д “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэсэн хориглосон зохицуулалтыг зөрчсөн байна. . 

Улмаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас дээрх зөрчлийг шалгаж, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 001820 дугаар улсын байцаагчийн дүгнэлт  гарч бүртгэлийг хүчингүй болгох тухай саналыг Улсын ерөнхий бүртгэгч буюу хариуцагчид хүргүүлсэн. Энэхүү дүгнэлт, бодит нөхцөл байдлыг харгалзан Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Агентлагийн дарга нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 8.3.1-д “энэ хуулийн 7.1.1-д заасан хууль тогтоомж, зарлиг, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих”, 8.4-д “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “... шалгах явцад эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж тус тус заасны дагуу хуулиар өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/906 дугаар тушаалаар бүртгэлийг зөвтгөн, алдаатай бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. 

Хариуцагч байгууллагыг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй буюу маргаан бүхий актын талаар урьдчилж өөрт нь мэдэгдсэнгүй гэж нэхэмжлэгч маргадаг бөгөөд энэхүү үндэслэл нь баримтаар үгүйсгэгдэж байна. Улсын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 001820 дугаар дүгнэлтийн 1.6-д С.С-аас тайлбар авсан тухай, 1.7-д С.А-оос тайлбар авсан тухай тус тус дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэгч Б.О хууль зөрчиж бүртгэл хийсэн тухай, С.А-ын нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, өмнөх бүртгэлийг сэргээх тухай асуудлыг нэхэмжлэгч С.А-т мэдэгдэж, тайлбар авсан нь тогтоогдож байх тул хуульд заасан сонсох ажиллагаа зохих журмын дагуу хийгджээ гэж шүүх дүгнэлээ.  

Улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн, битүүмжилсэн талаар иргэн С.С-т мэдэгдээгүй гэх асуудал нь, өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой үйл баримтыг захиргааны хэргийн шүүх энэхүү улсын бүртгэлийн маргааны нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шалган, дүгнэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчээс хүчингүй болгохоор маргаж буй  Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/906 дугаар тушаал нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг дүгнэхэд ач холбогдол, хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.3.1, 8.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.А-ын “Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/906 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.Д