Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2022/0191

 

О.П-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.С

Нэхэмжлэгч: О.П

Хариуцагч: Архангай аймгийн Хайрхан сумын Засаг дарга

Гуравдагч этгээд “МНХ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/45 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 46 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О

Хариуцагч Л.Ч

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг

Хэргийн индекс: 109/2021/0041/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.П нь Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/45 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 46 дугаар шийдвэрээр:

2.1. “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч О.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/45 дугаар захирамжийн иргэн О.П-д холбогдох хэсгийг хүчингүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “ ... Нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд гаргасан байна. Энэхүү шүүхийн маргаан нь О.П-тэй холбоотой байтал Ж.О гэдэг хүн нэхэмжлэл гаргасан байна. Хэдийгээр О.П-ээс 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Ж.О-д итгэмжлэл олгосон боловч түүнд нэхэмжлэх гаргах эрхийг олгоогүй, зөвхөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйл 28.2.1-д заасан нэхэмжлэлд гарын үсэг зурах ( хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох) эрх олгосон байтал Ж.О нь нэхэмжлэгч гэж нэхэмжлэл гаргасан байна.

3.2. Нэхэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлтийн 52.5.1, 52.5.6заасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн талаар тодорхой тусгаагүй байна.

3.3. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэрхэн тооцож шийдвэр гаргасан болон гуравдагч этгээдэд нэхэмжлэлийн хувийг хэзээ хэрхэн гардуулсан талаар баримт хэргийн материалд харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хугацаа өнгөрсөн болон нэхэмжлэгчээс хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргаагүй байтал шүүхээр хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байна.

3.4. Нэхэмжлэл гаргах хугацааг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 01/180 тоот шийдвэрийг үндэслэж хугацаа тооцож байгаа бол тус шүүх хурлаар энэ шийдвэрийг хэлэлцээгүй бөгөөд маргаан бүхий 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/45 тоот захирамжийг хэлэлцэж шийдвэрлэсэн.

3.5. Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/40 тоот захирамжаар О.П-д Газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаагүй, гэрээ хийгдээгүй, кадастрын зураг байхгүй бөгөөд шүүхээс үзлэг хийх явцад тодруулахад өөрөө энэ талаар хүлээн зөвшөөрч газрын байршлаа зааж өгч чадахгүй байсан талаарх баримт хавтас хэрэгт авагдсан байна.

3.6. О.П-ийн нэр дээр тоот, дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ гарч гэрээ хийгдэж, кадастраар баталгаажиж байж сая тэрээр газар эзэмших эрхээ бодитоор эдлэж, бусдад эрхээ шилжүүлэх, худалдах эрхээ хэрэгжүүлэх байсан. Эдгээр баримтууд байхгүй байхад анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн нь буруу юм.

3.7. Анхан шатны шүүх хуралд О.П-г оролцуулах хүсэлтийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс тавьсан боловч шүүх хангаагүй шийдвэрлэсэн. Хавтаст хэргийн 52 дугаар талд авагдсан О.П-ийн өөрийн гараар бичсэн Хайрхан сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Газрын албанд гаргасан өргөдлийн талаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асууж тодруулсан боловч тэрээр хариулт өгч чадахгүй байлаа. Энэхүү гол нотлох баримтыг анхан шатны шүүхээс “... үүнийг эзэмших эрхээ шилжүүлж буй гэж дүгнэх боломжгүй байна гэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 46 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагч нар нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.

2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар О.П-д Могой багийн Сүүж газарт байрлах тариалангийн зориулалтаар 50 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.

2.2. Үүний дараагаар мөн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/45 дугаар захирамжаар дээрх газрын эзэмших эрхийг “МНХ” ХХК-д шилжүүлснийг нэхэмжлэгч О.П эс зөвшөөрч Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/45 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.3. Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэлээ “...надад огт мэдэгдэлгүйгээр, эрх шилжүүлэх гэрээг хуурамчаар үйлдэн, нотариат хийсэн...” хэмээн тайлбарлаж байх ба Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-д “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” гэж зааснаар Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/45 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг шийдвэрлэхэд захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гуравдагч этгээдээс тухайн газрыг шилжүүлэх хүсэл зорилго байсан  эсэхийг тогтоох шаардлагатай.

2.4. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч О.П болон “МНХ” ХХК-ийн төлөөлөгч Н.Д нар 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан, О.П-ээс газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын Тамгын газарт гаргасныг бүрэн нотлох нь нэг талаас нэхэмжлэгч О.П болон нөгөө талаас гуравдагч этгээд “МНХ” ХХК нарын маргаан бүхий газарт тариалан эрхлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ач холбогдолтой байна.

2.5. Хэдийгээр анхан шатны шүүх 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г тодруулахаар шинжээч томилж, тус шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 62 дугаар дүгнэлтээр “...О.П-ийн гэх туршилтын болон чөлөөт загвараар ирүүлсэн гарын үсэгтэй тохирохгүй байна...” гэж дүгнэсэн боловч тухайн гэрээг 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын нотариатч гэрчилсэн байх ба гэрчлүүлсэн гэрээг шинжээчийн дүгнэлтийн дагуу хэрхэн хууль бус хэмээн үзэж байгаа талаар анхан шатны шүүх зохих хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна.

2.6. Учир нь иргэн хооронд, болон иргэдээс захиргааны байгууллагад өргөдөл хүсэлт гаргахад холбогдох нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлэх нь болзошгүй маргаанаас урьдчилан сэргийлж, үнэн зөв нотлох баримтыг бий болгох зорилготой бөгөөд Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол нотариатч гэрчилсэн үйлдэл, баримт бичигт холбогдох нотлох баримтыг хадгалах бөгөөд тэдгээрийн хуулбарыг шаардлагатай этгээдэд олгоно.” гэж зааснаар тухайн нотариатчаас энэ талаар шаардлагатай ажиллагааг хийж бүрэн тодруулах боломжтой.

2.7. Мөн дээрх нотариатаар гэрчлэгдсэн “Газар эзэмших эрх шилжүүлэх” тухай гэрээний дагуу эрх шилжүүлэх шийдвэр гаргасан хариуцагчийг шууд буруутгах боломжгүй.

2.8. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаар газар эзэмших эрх шилжүүлэхэд шилжүүлэгч этгээд газар эзэмших гэрчилгээ, гэрээг байгуулсны дараа өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр газар эзэмших эрх шилжүүлэх ёстой байтал гэрээ, гэрчилгээ байхгүй байхад шилжүүлсэн нь буруу гэж маргаан бүхий актыг хүчингүй болгосон. Гэтэл нэхэмжлэгч этгээд газар эзэмших эрхтэй болсоноо Засаг даргын захирамж гарснаар мэдсэн, үүний дагуу үүргээ хэрэгжүүлсэн эсэх, газраа зориулалтын дагуу ашиглах зорилготой байсан эсэх, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн байдлыг тодруулах нь зүйтэй.

2.9. Үүнээс гадна захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргахдаа маргаан бүхий актын улмаас нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж буй эсэхийг бүрэн тогтоосон байх шаардлагатай. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч О.П-ийн анх Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар эзэмших эрх олж авсан 50 га талбай тус сумын хаана хэрхэн байрлаж байгаа нь тодорхойгүй байгаагаас Газрын тухай хуулийг хэрэгжүүлсэн захиргааны байгууллагын шийдвэр гаргахад баримжаагүй нөхцлийг үүсгэж байна.

2.10. Нөгөөтэйгүүр нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл нэхэмжлэгчийн анх эзэмшиж авсан газар нь Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/45 дугаар захирамжаар “МНХ” ХХК-ийн газар эзэмших эрх шилжүүлэн авсан нийт 450 га талбайн ямар хэсгийг хамаарч байгаа нь ойлгомжгүй, тодорхойлогдоогүй байна.

2.11. Тодруулбал Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/45 дугаар захирамжаар иргэн О.П-ээс тус сумын Могой багийн Сүүж гэх газрын хаана байрлах 50 га талбайг шилжүүлсэн авсан нь тодорхойгүй, мөн сүүлд кадастрын зургаар батлагаажуулсан мөн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрйин А/57 дугаар захирамжаар Сүүжийн хөндийд байрлалтай нэгж талбарын 6506002064 дугаартай 55.4 га талбай нь дээрх нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан газар эсэхийг бүрэн тодруулаагүй байхад уг хэргийг давж заалдах журмаар хянах боломжгүй байна.

2.12. Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...шүүхийн маргаан нь О.П-тэй холбоотой байтал Ж.О гэдэг хүн нэхэмжлэл гаргасан байна. Хэдийгээр О.П-ээс 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Ж.О-д итгэмжлэл олгосон боловч түүнд нэхэмжлэх гаргах эрхийг олгоогүй...” гэх гомдол үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэгч этгээдийн мэдээлэлд өөрийн мэдээллийг тусгаснаас үзэхэд нэхэмжлэлд нэхэмжлэгч этгээдийг зөвтгөж авах нь зүйтэй.  

Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй учир шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 46 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА