Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2022/0196

 

Г.П-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн төлөөлөгч Ч.Энхмэнд

Нэхэмжлэгч: Г.П

Хариуцагч: Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх “Гомдлын шаардлагын зөвлөл”-ийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01 тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах;

Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 308 дугаар албан бичгийг хууль бус болохыг  тогтоон, хүчингүй болгож, хууль бусаар олгогдоогүй 2020 оны 10 дугаар сараас хойших хугацааны 9,222,645 төгрөгийн тэтгэврийг олгохыг хариуцагчид даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорноговь аймаг дахь  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 115/2021/0014/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.П нь Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх “Гомдлын шаардлагын зөвлөл”-ийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01 тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах;

Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 308 дугаар албан бичгийг хууль бус болохыг  тогтоон, хүчингүй болгож, хууль бусаар олгогдоогүй 2020 оны 10 дугаар сараас хойших хугацааны 9,222,645 төгрөгийн тэтгэврийг олгохыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

2. Дорноговь аймаг дахь  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаар шийдвэрээр:

2.1. “Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн  тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-ийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.П-ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 308 дугаар албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.П-т 2020 оны 10 дугаар сараас хойших хугацааны 9,222,645 төгрөгийн тэтгэврийг нөхөн олгохыг хариуцагч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж...” шийдвэрлэсэн байна.

2.2. “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Г.П-ын “Дорнговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх “Гомдлын шаардлагын зөвлөл”-ийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01 тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж ...” тус тус шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн төлөөлөгч Ч.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаар шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3.2. Шүүх Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.1-т Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын салбараар нь ангилсан буюу ялгасан гэж үзэхгүй, ... аль бүлэг, зүйл хэсэгт зааснаас үл хамааран нийтлэг байдлаар хэрэглэгдэнэ гэж үндэслэж шүүхийн шийдвэр гарсан байна.

3.3. Шүүх Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.2 дахь хэсэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 491 дүгээр албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 14-ний 415 дугаар албан бичгээр ирүүлсэн “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тайлан”-г үндэслэл болгож авсан байна.

3.4. ...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2/2968 дугаар албан бичгээр Нийгмийн даатгалын ерөнхий газарт ирүүлж, хувийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд хүргүүлсэн албан бичигт “Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-т “нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж тухайлан заасны дагуу нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж төлбөр, зардал тогтоох, олгох чиг үүргийг зөвхөн нийгмийн даатгалын байгууллага хэрэгжүүлэх тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс Нийгмийн даатгалын ерөнхий газар, аймаг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэрт гарах боломжтой гэсэн агуулга бүхий чиглэл өгч байгаа нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-т заасантай зөрчилдөж байгаа болно” гэсэн албан бичиг ирүүлсэн.

3.5. Иймд тус төвийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 491 дугаар албан бичгээр иргэн Г.П-т Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын “Хөдөлмөрийн хүнд нөхцөл”-ийн 1-д заасан “байнгын ажиллагаатай уурын зуухны галч” гэсэн  ажил мэргэжилд хамаарна гэсэн  утгатай хариу өгсөн нь өөрт олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлж, эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэж байна.

3.6. ...Энэхүү дүгнэлтийг үндэслээд “УТЗ” ХНН нь Зам тээврийн хөгжлийн яамаар дамжуулсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд санал хүргүүлж “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д өөрчлөлт оруулснаар тухайн тэтгэвэр тогтоолгох асуудал шийдэгдэх юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж, хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.

3.1 Нэхэмжлэгч Г.П нь Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх “Гомдлын шаардлагын зөвлөл”-ийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01 тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах;

Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 308 дугаар албан бичгийг хууль бус болохыг  тогтоон, хүчингүй болгож, хууль бусаар олгогдоогүй 2020 оны 10 дугаар сараас хойших хугацааны 9,222,645 төгрөгийн тэтгэврийг олгохыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

3.2 Захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг бөгөөд нэхэмжлэгчээс хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулахаар маргаж буй Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 308 дугаартай албан бичиг болон мөн хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн хүнд нөхцөлд тооцохгүй байх тухай” 01 дүгээр тогтоол нь УБТЗ-ын харъяа барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн үйлдвэрчний эвлэлийн хороонд ирүүлсэн холбогдох гомдлыг шийдвэрлэсэн, хариу өгсөн актууд байна.

3.3. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “....“нэхэмжлэгч Г.П-аас хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгохтой холбоотой асуудлаар хөөцөлдөх”  хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн эрх ашгийг шүүхэд төлөөлж байна гэж тайлбарлаж байх боловч маргаан бүхий дээрх актын улмаас нэхэмжлэгч Г.П-ын эсхүл УБТЗ-ын барилга орон сууцны гуравдугаар ангийн үйлдвэрчний эвлэлийн хорооны алиных нь эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх ойлгомжгүй байх бөгөөд уг захиргааны актуудын улмаас ямар этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай талаар дахин тодруулж, дүгнэлт хийсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

3.4. Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3/109 тоот дугаартай албан бичгээр Г.П-т тодорхой хариу өгсөн” гэж дурдсан боловч уг баримт хэрэгт авагдаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “хэргийн нөхцөл байдлыг тодруулах”, 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” гэж заасантай нийцээгүй гэж үзлээ.

3.5. Энэхүү тохиолдолд нэхэмжлэгч Г.П нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг байсан эсэхийг тогтоох маргааны гол үйл баримт ба нэхэмжлэгчийн сэргэх эрх ашгийг тодорхойлох үүднээс Улаанбаатар төмөр замын барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн Зүүнбаян хэсгийн уурын зуухны машинч ажлыг гүйцэтгэж байсан нь хөдөлмөрийн хүнд нөхцлийн ажил, мэргэжлийн жагсаалтад хамаарах, тус ажлын байр нь байнгын орон тоо эсэхийг бүрэн нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулах нь зүйтэй байна.

3.6. Өөрөөр хэлбэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтаар Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт-ыг баталсан ба, жагсаалтын Дөрөв дэх бүлгийн “Хөдөлмөрийн хүнд нөхцөл”-ийн 3 дахь хэсэгт “Төмөр замын зүтгүүрийн зааварлагч машинч, машинч, туслах машинч, ахлах жижүүр-зааварлагч машинч,...иргэний агаарын тээврийн үйлчлэгч (календарийн жилд 500-с доошгүй цагийн нислэг хийсэн), онгоцонд засвар үйлчилгээ хийдэг инженер, техникч,...” зэрэг ажил мэргэжлүүдийг тус тус хамааруулахаар заасан ба хэрэгт Эрчим хүчний тухай хуулийн 13 дугаар зүйл Дорноговь аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс УБТЗ-ын барилга орон сууцны гуравдугаар ангид дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг олгосон байх бөгөөд энэхүү тусгай зөвшөөрлийн дагуу нэхэмжлэгч Г.П-ын ажиллаж байсан УБТЗ-ын барилга орон сууцны гуравдугаар анги нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг орчмын бүсийг бүхэлд нь дулаанаар хангадаг, эсхүл зөвхөн өөрийн ангийн дулааныг байнга хангадаг эсэхийг тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай гэж үзлээ.

Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй учир шийдвэрийг хүчингүй болгон хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т  зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       С.МөнхЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА