Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 116/2022/0001/З |
Дугаар | 221/МА2022/0210 |
Огноо | 2022-03-23 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2022/0210
Г.О-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгч Г.О, хариуцагчийн төлөөлөгч Ш.Б нар
Нэхэмжлэгч: Г.О
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн хурал
Гуравдагч этгээд С.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Г.О намайг Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргаар томилуулахаар Хэрлэн сумын Засаг даргад санал болгохыг Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн хуралд даалгаж, Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, мөн Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Д
Хариуцагчийн төлөөлөгч Ш.Б
Гуравдагч этгээд С.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг
Хэргийн индекс: 116/2022/0001/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.О нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн хуралд холбогдуулан “Г.О намайг Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргаар томилуулахаар Хэрлэн сумын Засаг даргад санал болгохыг Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн хуралд даалгаж, Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, мөн Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр:
2.1. “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 25 дугаар зүйлийн 25.1, 23 дугаар зүйлийн 23.14 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн, “Г.О намайг Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргаар томилуулахаар Хэрлэн сумын Засаг даргад санал болгохыг Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн хуралд даалгаж, Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, мөн Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, “Г.О намайг Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргаар томилуулахаар Хэрлэн сумын Засаг даргад санал болгохыг Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн зарим шаардлага болох Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоол болон Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгож…” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Г.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...миний зүгээс Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гардан авч, шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч буй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасан үндэслэлээр буюу анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт хэсэгчлэн өөрчлөлт оруулахаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
3.2. Дээрхи шийдвэрээр нэхэмжлэгчээс гаргасан “Г.О намайг Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргаар томилуулахаар Хэрлэн сумын Засаг даргад санал болгохыг Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.
3.3. Шийдвэрийн дээрх шаардлагад холбогдох хэсэг нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй байна. Манай баг нь 3169 хүн ам, 900 өрхтэй.
3.4. Багийн иргэдийн Нийтийн Хурал Дорнод аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж, Хэрлэн сумын 11 дүгээр багийн хэмжээнд 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдахаар хуульд заасан журмын дагуу товлогдож, товлосон хугацаанд тус багийн нийт өрхийн төлөөлөл хуульд заасан хангалттай буюу ойролцоогоор 6 өрх тутмаас нэг хүн ирсэн, ирц хангалттай байсан тул хурал хуулийн дагуу эхэлж, хуралдсан.
3.5. Нэхэмжлэгч миний зүгээс багийн Засаг даргыг сонгох сонгуульд нэр дэвшин оролцож, уг хуралд 147 иргэн оролцсоноос миний бие 78 хүний санал буюу 53.06 хувийн санал буюу олонхийн санал авсан.
3.6. Ийнхүү олонхийн санал авсан тул Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “... Баг, хорооны Засаг даргад ... уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд ...-ийн 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаас намайг багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад санал болгох хууль зүйн үүрэгтэй билээ.
3.7. Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын хувьд ямар ч маргаангүй явагдаж, тооллогын комиссын 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор баталгаажсанаар Г.О миний бие 78 санал, С.Б 69 хүний санал авсан үйл баримт дээр ямар ч маргаан байдаггүй.
3.8. Түүнчлэн уг санал хураалтанд танхимд байгаа бүх сонгогчид 100 хувь санал хураалтанд оролцож, 2 нэр дэвшигчийн хэн нэгнийг дэмжсэн, үүнийг танхимаараа маргаангүйгээр нэг бүрчлэн тоолж баталгаажуулсан нь хэрэгт авагдсан видео бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байгаа.
3.9. Гагцхүү тооллогын комисс тогтоолоо гаргахдаа хувийг буруу тооцоолж, “Түдгэлзсэн-12 иргэн буюу 0.75 хувь" гэж үндэслэлгүй тоо бичиж, үүний улмаас Г.О намайг 78 хүний санал авсан байхад 49.05 хувь гэж хувийг буруу тооцоолж, тогтоолд дээрхи буруу тооцоолсон хувийг тавьсан байсан.
3.10. Түдгэлзсэн 12 санал байгаагүй, "түдгэлзсэнээр бич" гэж хариуцагч буюу Хурлын дарга Ш.Б хэлсний дагуу дээрх тогтоолд бичигдсэн гэдэг нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд, бусад баримтуудаар тогтоогддог.
3.11. Дээрх "хувийг буруу тооцоолсон боловч санал хураалтын дүнг баталгаажуулсан" тооллогын комиссын тогтоолыг үндэслэж, Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 05 дугаар тогтоол гарч, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналыг баталгаажуулж, хурлаараа уг тогтоолыг баталсан байдаг. Иймээс анхан шатны нэгж болох багийн иргэдийн Нийтийн Хурлаас Г.О намайг Засаг даргад нэр дэвшүүлсэн гэж үзэж болно.
3.12. Харин Хурлын дарга Ш.Б өөрийн ашиг сонирхлын үүднээс, үндэслэлгүйгээр "Түдгэлзсэн-12" гэх тоо гарган ирж, тогтоолууд дахь хувийг буруу тооцоолон бичиж, улмаар багийн иргэдийн Нийтийн хурлаас, нийт иргэдийн гаргасан шийдвэрийг цааш уламжлахгүй, хууль зөрчиж байна гэж үзэж байна.
3.13. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг нь 2020 оны жилийн эцсийн байдлаар 900 өрхийн 3169 хүн ам тоологдсон бөгөөд энэхүү сонгуульд 147 хүн оролцсон нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хариуцагч Ш.Б нь тухайн хуралд нийт 159 хүн оролцсон, 12 иргэн тухайн хурлыг орхин гарсан гэж тайлбарлаж байгаа боловч санал өгөөгүй 12 иргэн хурлыг орхин гарсан эсэх нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон тухайн хурлын тэмдэглэл, бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байна” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
3.14. Дээрхи дүгнэлт ёсоор 147 иргэн хуралд оролцсон нь батлагдаж байх тул би 50 аас дээш хувийн санал авсан нь маргаангүй юм. Хэрлэн сумын 11 дүгээр баг бол хамгийн сүүлд байгуулагдсан, шинэ баг.
3.15. Шинэ багийн анхны Засаг даргаар сонгогдсоноосоо эхлэн багийн иргэдийнхээ төлөө бүхий л хүч чадлаа дайчлан, сэтгэл зүтгэлтэй ажилласны дунд иргэдийн олонх нь намайг дэмжиж, дээрхи сонголтыг хийсэн байх гэж бодож байна.
3.16. Хариуцагчийн дээрх хууль бус эс үйлдэл нь иргэн Г.О миний сонгогдох эрхэд халдаад зогсохгүй, намайг улируулан сонгосон багийн иргэдийн маань сонгох эрхэд халдаж байна гэж ойлгож байгаа.
3.17. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Г.О намайг Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргаар томилуулахаар Хэрлэн сумын Засаг даргад санал болгохыг Хэрлэн сумын 11 дүгээр багийн ИНХ-д даалгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй юм.
3.18. Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн зарим хэсэг буюу “Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгосон" нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгч Ш.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. “...Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
4.2. Шүүх Үндэслэх хэсгийн 2-т “... Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор .... иргэдийн Нийтийн Хурлыг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагт “Шинэ хөгжил” бага сургуулийн урлагын зааланд хуралдуулахаар шийдвэрлэсэн байна. Тус хурлаар Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргыг сонгох хуралд нийт 61 хүн оролцож, С.Б нэр дэвшиж 61 хүний санал буюу 100 хувийн санал авсан нь баримтуудаар батлагдаж байна." гэсэн мөртлөө “... 12 дугаар сарын 7-ны өдрийн иргэдийн Нийтийн хурлыг хуралдуулах тухай 1 дүгээр тогтоолыг гаргахдаа тус хуралд нийт хэдэн тэргүүлэгч оролцсон нь тодорхойгүй, хурлын тэмдэглэл байхгүй, тус багийн иргэдэд хурлын зарыг хэрхэн хүргэсэн нь тодорхойгүй, зарыг тус багийн иргэдийн facebook хаягаар хүргэсэн гэж хариуцагч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн хурлын зарыг нийтэд хүрэх байдлаар телевиз болон өрх тус бүрт хүрэх байдлаар зохион байгуулах ёстой” гэж үзсэн нь шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч, нэхэмжлэгч нарын гаргасан тайлбар, оролцогчдын мэтгэлцээнийг үгүйсгэсэн явдал боллоо. Шүүх нотлох баримтын хүрээнд биш өөрийн үзэмжээр тайлбарлаж хэргийг шийдэж байгаа нь хууль зөрчсөн байна.
4.3. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “.... бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна.” гэж заасан байна. 12 дугаар сарын 7-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчидийн хуралдаанд хэдэн тэргүүлэгч оролцсон талаар хэргийн оролцогчид шүүх хуралдааны явцад нотолдог бөгөөд энэ талаар маргадаггүй, нөгөөтэйгүүр хуульд заасан хугацааг баримтлан хурлын зарыг товлосон байдаг. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.” гэж заасан байдаг. Хуульд иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулахдаа өрх бүрт мэдээллийг хүргэх, заавал телевизээр зарыг явуулахыг шаарддаггүй бөгөөд иргэдийн Нийтийн Хурал болон Тэргүүлэгчдээс гарч байгаа шийдвэрийн биелэлтийг тухайн багийн Засаг даргын ажлын алба хариуцдаг. Багийн ажлын албаны санаатайгаар дутуу хийсэн ажиллагааг иргэдийн Нийтийн Хуралд хариуцлага болгон үүрүүлж байгаа нь шударга бус үйлдэл бөгөөд эцсийн дүнд тухайн хурал хүчинтэй эсэхэд шүүх дүгнэлт хийх учиртай. Гэтэл шүүх иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулах процесс ажиллагаанд ач холбогдол өгч, түүнийгээ үндэслэж 2021 оны 12 дугаар сарын 25-ны болсон 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн хүчинтэй хурлыг хүчингүй болгосон нь хууль бус юм.
4.4. Өөр нэг үндэслэл болох “Нэхэмжлэгч Г.О нь тус шүүхэд нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Захиргааны хэрэг үүсгэж, мөн өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагч Ш.Б-д гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгсөн байтал 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хурлыг хуралдуулсан нь буруу байна. Өөрөөр хэлбэл маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад дахин хуралдуулсан нь хууль бус байна. Мөн өмнөх хурлын 12 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр болох ... санал тоолсон дүнгийн тухай 04 дүгээр тогтоол, ....нэр дэвшүүлэх тухай 5 дугаар тогтоол зэргийг хүчингүй болгоогүй байж тус багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дахин хуралдуулсан нь үндэслэлгүй юм.” гэж дүгнэж 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэснийг зөрчжээ.
4.5. Шүүх хариуцагч надад нэхэмжлэлийн хувийг 12 дугаар сарын 24-ний өдөр буюу багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдах өдрийн урд өдөр, үдээс хойш гардуулсан. Уг нэхэмжлэлийн хувьтай хамт Захиргааны хэрэг үүсгэсэн захирамжийг гардуулаагүй, нөгөөтэйгүүр иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдээс 12 дугаар сарын 07-ны өдөр баталж гаргасан тогтоолын дагуу зарлагдсан хурлыг хурлын дарга би ганцаараа цуцлах эрхтэй гэж үү? Хурал хуралдсан нь өөрөө Захиргааны шүүхэд хэрэг үүсгэсэнтэй ямар нэгэн байдлаар шалтгаант холбоогүй бөгөөд түүнийг хуралдуулахгүйгээр шууд тараах нь хууль бус болно. Мөн өмнөх хурлаас гаргасан тооллогын комиссын санал тоолсон дүнгийн тухай 04 дүгээр тогтоол, нэр дэвшүүлэх тухай 5 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байх шаардлагыг шүүх тавьж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл тооллогын комиссын санал тоолсон дүнгийн тухай 4 дүгээр тогтоол нь мэдээллийн шинжтэй, түүнийг үндэслэж гаргасан нэр дэвшүүлэх 5 дугаар тогтоол хуулийн шаардлага хангаагүй учир албажаагүй /тамга дарагдаагүй/, эрх зүйн үйлчлэлийг бий болгож чадахгүй бөгөөд түүнийг хүчингүй болгох шаардлагагүй юм. Захиргааны Ерөнхий хуульд захиргааны ямар актыг хүчингүй болгох талаар тодорхой заасан байдаг.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч миний гомдлыг хангаж өгнө үү.” гэжээ.
5. Гуравдагч этгээдээс хариуцагчийн гомдлыг дэмжиж, нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
3.1. Г.О-г Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргаар томилуулахаар Хэрлэн сумын Засаг даргад санал болгохыг Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-д “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.” гэх заалтуудыг үндэслэн Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралтаар хуралдааны дэгийг баталсан байх бөгөөд тус дэгийн 12.4-д “Багийн Засаг даргыг сонгохдоо хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-с дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар сумын Засаг даргад уламжлах” гэж шийдвэрлэсэн тул иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-с дээш хувийн санал нэр дэвшигч багийн Засаг даргаар сонгогдож, саналыг сумын Засаг даргад хүргүүлэхээр байна.
3.1.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл тус багийн иргэдийн Нийтийн Хурал 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж, тус хуралдаанд багийн Засаг даргад 2 хүний нэр дэвшүүлж, Г.О нь 78, С.Б нь 69 хүний санал авсан болох нь Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоол, хэрэгт нотлох баримтаар авагдсан Сиди “видео бичлэг” гэрч Б.Э нарын мэдүүлгээр нотлогдож байна.
3.1.3. Хариуцагчаас хариу тайлбартаа Г.О нь 78, С.Б нь 69 хүний санал авсан нь үнэн боловч тус хуралдаанд санал өгөөгүй 12 хүн байсан буюу тус тооны түдгэлзсэн санал гарсан тул Г.О 78 хүний санал буюу 49.05 хувийн, С.Б 69 хүний санал буюу 43.39 хувийн саналыг авсан учир багийн Засаг даргаар сонгогдох нөхцөлийг хангасан нэр дэвшигч байгаагүй хэмээн тайлбарлаж байх ба 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд “...нийт 159 хүн оролцсон ...” гэж тэмдэглэжээ.
3.1.4. Гэвч тус хуралдаанд оролцсон гэрч Б.Э-ийн “... тооллогын комиссын гишүүдийг сонгох саналыг тоолоход 159 хүн байна гэсэн тоо гарсан ... энэ нь санал давхардуулж тоолсон байх магадлалтай ... эргэлзээтэй байдлаар тоолж дуусгасан ... харин дараа нь Засаг даргыг сонгоход хүмүүс өөрийн дэмжсэн нэр дэшигчийн талд 2 хуваагдаж зогссон ... татгалзсан, түдгэлзсэн, саналаа өгөхгүй гэсэн хүн гараагүй ...” гэх мэдүүлэг, гэрч Э.Э-ийн “... Анх 159 хүний ирцтэйгээр хурал эхэлснийг тооллогын комисс тоолсон. Тэгээд 2 талын саналыг тоолоод нэмэхэд 12 хүний зөрөө гарсан. Энэ 12 хүнийг яах вэ гэж зохион байгуулагч Д нь Б даргаас асуухад санал өгөөгүйгээр оруулчих гэж хэлсэн. Тэгж хэлснийг тэмдэглэлд бичсэн...” гэж мэдүүлсэн байна.
3.1.5. Мөн тус хуралдааныг баталгаажуулсан “видео бичлэг” зэргээр 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны ирц замбараагүй, иргэдийг давхардуулан тоолж байсан тул 2 нэр дэвшигчид санал тоолохдоо хуралдааны заалны 2 талд хуваагдан зогсож санал тоолсон гэх нөхцөл байдал нь тогтоогдож байх ба хэрэгт тус хуралдаанд багийн 159 хүн оролцсон талаар аливаа баримт авагдаагүй, хангалттай нотлогдоогүй байхад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж 50-с дээш хувийн санал авсан нэр дэвшигч байхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу болжээ.
3.1.6. Харин хэрэгт баримтаар авагдсан хуралдааны бүртгэлээр 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны ирцийг 2 удаа бүртгэсэн ба эхний бүртгэлээр 102, нэмэлт бүртгэлээр 74, нийт 176 иргэн бүртгүүлснээс Засаг даргын Тамгын газрын 2 ажилтан, 27 хүн давхар бүртгэгдсэн талаар тэмдэглэгээ хийгдсэн, ингээд нийт 147 иргэн хуралдаанд оролцсон нь дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлгээр “санал өгөөгүй, түдгэлзсэн санал гаргаагүй, хуралдааныг орхин гарсан хүн байхгүй” гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.
3.1.7. Ийнхүү нэхэмжлэгч Г.О нь иргэдийн Нийтийн Хуралд 78 хүний санал болох хуралдаанд оролцогчдын 53 хувийн санал буюу олонхийн авсан байх тул Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргаар томилуулахаар Хэрлэн сумын Засаг даргад санал хүргүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
3.2. Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, мөн Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн тухайд:
3.2.1. Өмнө дүгнэсэнчлэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу багийн Засаг даргыг сонгож, томилуулахаар Хэрлэн сумын Засаг даргад санал хүргүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байгаа тохиолдолд дахин санал хураах шаардлагагүй, нэхэмжлэгч Г.О-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх боломжгүй.
3.2.1. Нөгөөтэйгүүр хариуцагчийн төлөөлөгч Ш.Б давж заалдах гомдолдоо “...шүүх нотлох баримтын хүрээнд биш өөрийн үзэмжээр тайлбарлаж хэргийг шийдсэн ...” гэж маргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй.” гэж зааснаар хэргийн оролцогч өөрийн гаргасан тайлбар үндэслэлээ нотлох баримтыг гарган өгөх, эсхүл баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй.
3.2.3. Энэ тохиолдолд 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны зарыг мэдэгдэх ажиллагааг хэзээ хэрхэн хийсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад хариуцагчийн “...зарыг тус багийн иргэдийн facebook хаягаар хүргэсэн ...” гэх тайлбар нотлогдохгүй бөгөөд гэрч Л.Н, Д.Д, Б.Д нар “...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны товыг мэдээгүй ...” хэмээн мэдүүлсэн байгаагаас үзвэл анхан шатны шүүх нотлох баримтыг энэ талаар буруу дүгнэсэн гэж үзэх боломжгүй.
3.2.4. Мөн хариуцагчид анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх тухай” захирамжийг нэхэмжлэлийн хувьтай хамт гардуулаагүй гэх үндэслэлээр 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааныг үргэлжлүүлэн зохион байгуулсан үйлдлийг зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагч Ш.Б-д маргаан бүхий иргэдийн Нийтийн Хурлын шийдвэртэй холбогдуулан маргаан үүсгэсэн болохыг мэдэгдэж, хэргийн оролцогчид эрх үүрэг тайлбарласан байх тул энэ талаарх гомдлыг хангах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.
3.2.5. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, заавал биелэгдэх шинжтэй ба захиргааны байгууллагын хууль бус үйлдлийн улмаас иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой.
3.2.6. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргаар томилуулахаар Хэрлэн сумын Засаг даргад санал болгохыг Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн хуралд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа дараагийн хурлын шийдвэрүүдийг хүчингүй болгосон нь ойлгомжгүй буюу тус багийн Засаг даргаар хэн цаашид томилогдон ажиллах нь тодорхойгүй шийдвэр болсныг дурдах нь зүйтэй.
3.2.7. Дээрхээс гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн маргаан” гэж заасан тусгай журмаар хянан шийдвэрлэх маргаанд уг багийн Засаг даргыг сонгохтой холбоотой харилцаа хамаарахгүй буюу энгийн журмаар хянан шийдвэрлэх захиргааны хэрэг байхад анхан шатны шүүх тусгай журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг хийж, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг буруу тооцсон алдаа гаргасан байна. Гэхдээ энэхүү алдаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд үүнийг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулсан.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 26 дугаар зүйлийн 26.2, 25 дугаар зүйлийн 25.1, 23 дугаар зүйлийн 23.14 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Г.О-г Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргаар томилуулахаар Хэрлэн сумын Засаг даргад санал болгохыг Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгаж, Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоол болон Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА