Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 164

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Батсүрэн даргалж, 

Нэхэмжлэгч: “К” ХХК 

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын татварын улсын байцаагч П.О, Ч.С, Ц.О;

Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ш.Х, Б.Э;

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2205130005 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох;

Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 210000007 тоот актыг хүчингүй болгуулах, улсын төсвөөс буцааж авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 3,253,765,367.3 төгрөгөөр баталгаажуулахыг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.И, Д.Н, хариуцагч Ш.Х, П.О, Ч.С, Ц.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Б, Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нарантунгалаг нар оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №40 тоот тогтоолыг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гардан авч танилцсан ба уг тогтоолоор манай байгууллагын гаргасан гомдлыг бүхэлд нь үл хэрэгсэн, улмаар Татварын ерөнхий газрын харьяа, Улсын төсвийн орлого, хяналтын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 210000007 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг хэвээр үйлдэж, 2011-2012 болон 2013 оны эхний хагас жилд хамаарах 3,253,765,367.3  төгрөгийн  нэмэгдсэн өртгийн албан татварын авлагыг хүчингүй болгосон шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг Захиргааны ерөнхий хууль, Татварын ерөнхий хуульд заасан татвар төлөгчид олгосон эрхийн дагуу гаргаж байна. 

Дараах хууль тогтоомжид заасан үндэслэлүүдээр дээрх хууль бусаар тогтоогдож, нэмэгдсэн өртгийн албан татварын  хасалтыг 0.00 төгрөг болгосон актын тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг өөрчилж, улсын төсвөөс буцааж авах 3,253,765,367.3 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг шүүхээс баталгаажуулахыг даалгаж өгнө үү. 

1. Татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2205130005 тоот актаар өмнөх татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгосон нь татварын улсын байцаагчийн 2205130006 тоот акт нь эрх олгогдоогүй субъектээс өөрт хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж тогтоосон акт болж хувирч байна. Тухайлбал энэхүү актын эхний үлдэгдэл болох төсвөөс буцаан авах 1,147,076.0 төгрөгийг 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож татварын улсын байцаагчийн 012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2205120011 тоот актаар баталгаажуулсан. Гэтэл дараагийн тайлант онууд болох 2012 болон 2013 оны эхний 6 сарын нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгасан хирнээ өмнөх өөрийн шалгаагүй он болох 2011 оны баталгаажсан, 1,147,076.0мянган төгрөгийг мөн хүчингүй буюу “0”  төгрөг болгосон байна. Өөрөөр хэлбэл өөртэй нь хуулиар тэнцүү эрх мэдэл бүхий татварын улсын байцаагчид болох Ц.Баярхүү, Ж.Эрдэнэтуул нарын баталгаажуулсан 205120011 тоот актаар төсвөөс буцаан авах 1,147,076.0 төгрөгийг дур мэдэн өөрчлөөд 0.00 төгрөг болгосон нь: 

А. Өөрсдөө тухайн 2011 оны тайлант үеийг шалгаагүй байтал 2011 онд хамаарах дүнг өөрчилсөн, 

Б. Өөртэйгөө хуулиар тэнцүү эрх мэдэл бүхий татварын улсын байцаагчийн актыг өөрчилж дүнг “0” болгосон байна. 

Татварын улсын байцаагчийн актыг татварын албаны хэмжээнд хуульд заасан зөвхөн 3 үндэслэлээр татварын албаны даргын тушаалаар өөрчилж, хүчингүй болгодог. 1-д татвар төлөгчийн гомдлоор 2-т татварыг улсын байцаагчийг шууд удирдаж буй нэгжийн дарга нь түүний үйлдсэн акт, дүгнэлтийг өөрчлөх буюу хүчингүй болгох санал тавьсан, 3-т актыг хүчингүй болгох буюу өөрчлөх Маргаан таслах зөвлөлийн шийдвэр гарсан тохиолдолд татварын улсын байцаагчийн 2205120011 тоот актын дагуу төсвөөс буцаан авахтай холбоотой Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, 36.1.2, 36.1.3-т заасан аливаа шийдвэр болон түүнийг дагаж гардаг татварын албаны даргын тушаал байхгүй байхад дээрх 2205120011 тоот актаар төсвөөс буцаан авах мөнгөн дүнг “0” төгрөг болгосон нь хуулиар эрх олгогдоогүй субъектээс гаргасан хууль бус үйлдэл байх тул тухайн цаг мөчид хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан; 9.1.1-д “захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай;” гэж заасанчлан илт хууль бус акт байна. 

2. Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын байцаагчид №210000007 тоот актаараа манай компанийн улсын төсвөөс буцаан авах ёстой мөнгөн дүнг “0” болгон баталгаажуулахдаа нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4.1, 14.4.2 дахь заалтуудыг үндэс болгосон тухайгаа нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан тооцооны 4 дүгээр хэсгийн 7 дугаар баганад тэмдэглэжээ. Гэтэл хуулийн 14.1-д “иргэн хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд зааснаар төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” хэмээн маш тодорхой заажээ. “К” ХХК нь чухам энэхүү жилийн турш удаа дараа гаргасаар өнөөг хүрсэн байтал яг бидэнд буцаан олгох ёстойг тодорхой заасан хуулийн зүйл заалтыг үндэс болгосон хирнээ “0” төгрөгөөр баталгаажуулсан байгаа нь өөрөө хуулийг буруу хэрэглэсэн, хууль зөрчсөн үйлдэл болохыг анхаарна уу. 

3. №210000007 тоот актын хавсралт “К” ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөр тооцооны “илрүүлсэн зөрчил, зөрчлийн утга агуулга” баганын 4-т “тухайн үйл ажиллагааны чиглэлээр борлуулалтын орлого олоогүй атлаа худалдан авсан бараа ажил үйлчилгээндээ ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг төсвөөс буцаан авахаар тооцсон” хэмээгээд  нийт 3.123,542,123.60 төгрөгийн нөхөн татварыг “0” төгрөг болгожээ. Гэтэл борлуулалт олоогүй атлаа худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авч болохгүй гэх хуулийн зохицуулалт, зүйл заалт огтоос байхгүй юм. Үүнээс үзэхэд №21000007 тоот актыг үйлдсэн татварын улсын байцаагч Ч.С, П.О, Ц.О нар нь хуульд байхгүй зохицуулалтыг дур мэдэн шинээр бий болгоод, түүнийгээ илрүүлсэн зөрчил мэтээр тайлбарлан нөхөн татварыг “0” төгрөг болгон баталгаажуулсан нь Захиргааны ерөнхий хууль, Татварын ерөнхий хууль болон нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэж бид үзэж байна. 

4. №210000007 тоот актын хавсралт “К” ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөр тооцооны “илрүүлсэн зөрчил, зөрчлийн утга агуулга” гэх баганын 1-д нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болохоос өмнөх үеийн худалдан авалтыг хасч тооцсон гээд 9,154,255.90 төгрөгийн нөхөн татвар ногдуулжээ. Гэтэл манай байгууллага нь 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш буюу 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гүйцэтгэж, төлбөрийг 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төлсөн болно. Иймд компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалтын дүнг 3,856,800.0 төгрөгөөр нэмэгдүүлэхээр байна. 

5. №21000007 тоот актын хавсралт “К” ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөр тооцооны “илрүүлсэн зөрчлийн утга агуулга” гэх баганын 2-т бэлэн мөнгөөр хийсэн борлуулалтын орлогоо нуун нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх орлогоо бууруулж татвараа дутуу төлсөн гээд 375,617.30 төгрөгийн нөхөн татвар ногдуулжээ. Гэтэл “К” ХХК нь 3,756,100.00 төгрөгийн борлуулалтыг 2012 оны 11 дүгээр сарын тайландаа нэмэгдсэн өртгийн албан татвартай хийгдсэн борлуулалт гэж тайлагнасан байх тул №21000007 тоот акттай санал нийлэх боломжгүй. 

6. №210000007 тоот актын хавсралт “К” ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөр тооцооны “илрүүлсэн зөрчил, зөрчлийн утга агуулга” гэх баганын 3-д хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа ажил үйлчилгээг бизнесийн үйл ажиллагааны зардлаар баримт бүрдүүлж нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан гээд 7,004,238.50 төгрөгийн нөхөн татвар ногдуулжээ. “К” ХХК-ийн зүгээс дор дурдсан худалдан авалт, ажил үйлчилгээ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2 дахь заалтад хамаарахгүй ба компанийн үндсэн үйл ажиллагаанд хамаарах худалдан авалт хэмээн үзэж байна. Үүнд: 

а. GPS төхөөрөмж, түүний дагалдах хэрэгслийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар-561,018.18 төгрөг. 

б. Хайгуулын дээж хадгалах зориулалт бүхий халуун хүйтэн баригч савны худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар-47,272.70 төгрөг. 

в. Парис дахь APEBA группээс богино хугацаагаар томилогдон ирсэн гадаад мэргэжилтнүүдийн буудлын төлбөрт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар-1,888,637.17 төгрөг, нийт 2,496,928.05 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалтад тооцох ёстой гэж үзэж байна. 

7. №210000007 тоот актын хавсралт “К” ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөр тооцооны “илрүүлсэн зөрчил, зөрчлийн утга агуулга” гэх баганын 5-д импортоор болон худалдан авсан суудлын автомашин, түүний эд анги сэлбэгт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагч төлөх татварын дүнгээс хасаж тооцох” гээд 114,010,583.40 төгрөгийн нөхөн татвар ногдуулжээ. “К” ХХК-ийн зүгээс дээр дурдсан үнийн дүнгээс 74,840,188.23 төгрөгийн суудлын автомашин, түүний эд анги, сэлбэгийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг цаг тухайд нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнгээс хасч тусгасан болно. Дор дурдсан худалдан авалт, ажил үйлчилгээг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.1 дэх заалтад хамаарахгүй хэмээн үзэж байна. Үүнд: 

а. Генератор болон түүний сэлбэгийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар-18,994,692.57 төгрөг. 

б. Автомашины засвар үйлчилгээний төлбөрт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар-1,842,981.10 төгрөг, нийт 20,837,673.67 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалтад тооцох ёстой гэж үзэж байна. 

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэх заалтыг үндэс болгон, Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ч.С, П.О, Ц.О нарын үйлдсэн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №210000007 тоот акт нь илт хууль бус акт хэмээн үзэж байна. 

Иймд дээр дурдсан бодит факт, хууль зүйн үндэслэл бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Ч.С, П.О, Ц.О нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “К” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсноос хойших хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг Улсын төсвийн орлого хяналтын газраар өмнө нь баталгаажуулаагүй байсан тул “нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж баталгаажуулах, гааль, татварын бүртгэл мэдээллийн санд бүртгэл хөтлөх журмын 2.3-д зааснаар суутган төлөгч болсон өдрөөс хойших хугацааны ногдуулалт төлөлтийг шалгасан тул нэмэгдсэн өртгийн албан татварын эхний үлдэгдлийг “0” төгрөг байх нь ойлгомжтой. Татвар төлөгч гомдолдоо Нийслэлийн татварын газрын байцаагчийн баталгаажуулсан үлдэгдлийг дараагийн шалгалт хийсэн байцаагч “0” төгрөг гэж авсан нь хууль зөрчсөн гэж үзсэн байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд зааснаар төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцно: 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн;” 14.1.2-т “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” гэж заасан нь тухайн компани хайгуулынхаа үр дүнг үнэлэн ашиглалт хийгдээгүй, тухайн бүтээгдэхүүний борлуулалтын ажил эхлээгүй тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан тататвырн тухай хуулийн 14.1 дэх заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байх тул нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг “0” төгрөгөөр баталгаажуулсан. 

Хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ /тухайн ажиллагааны чиглэлээр борлуулалтын орлого олоогүй атлаа худалдан авсан бараа ажил үйлчилгээ/-нд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсвөөс буцаан авахаар тооцсон 31,235,041.236.0 төгрөгийн зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд зааснаар төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцно: 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн;” 14.1.2-т “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” гэж заасан нь тухайн компани хайгуулынхаа үр дүнг үнэлэн ашиглалт хийгдээгүй, тухайн бүтээгдэхүүний борлуулалтын ажил эхлээгүй тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан тататвырн тухай хуулийн 14.1 дэх заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байх тул нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг “0” төгрөгөөр баталгаажуулсан. 

2011 онд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болохоос өмнөх үеийн худалдан авалтанд төлсөн худалдан авалтыг хасч тооцсон 91.542.559.30 төгрөгийн зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг зөрчсөн. 

“К” ХХК нь 2060744 татвар төлөгчийн дугаартай “Ордгео” ХХК-д 2011 оны 04 дүгээр сард нэмэгдсэн өртгийн албан татварын 9158551 дугаартай падаанаар 1,935,227.30 төгрөг, 2012 оны 04 дүгээр сард 9158553 дугаар падаанаар 1,820,909.10 төгрөг, нийт 3,756,136.00 төгрөгийн борлуулалтын падаан бичиж өгсөн боловч борлуулалтын орлогоо тайландаа тусгаагүй байна. Харин “Ордгео” ХХК нь тухайн 2 падааныг худалдан авалтдаа тусган тайлагнасан болох нь татварын албаны хөндлөнгийн мэдээллээс харагдаж байна. 

Хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцсон 70.042.384.50 төгрөгийн худалдан авалтын жагсаалтыг хавсралтаар хүргүүлж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.4-д “дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй:” 14.4.2-т “хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ” гэж заасныг үндэслэн хассан. Энэ нь ажиллагсдын хувийн хэрэгцээнд болон зочид буудал хоолны төлбөр болох нь баримтаар нотлогдсон. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.4-д “дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй:” 14.4.1-д “суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг” гэж заасныг үндэслэн хассан” гэжээ. 

Хариуцагч Ш.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Татварын газартай харьцдаг, ашигт малтмал, ураны хайгуулын үйл ажиллагаа эрхэлдэг 2078499 тоот регистрийн дугаартай “К” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд тус 

компанийн 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2013/364 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хүсэлт, Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын 22/13/0298 дугаар томилолтын дагуу Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Х, Б.Э нар хэсэгчилсэн шалгалт хийн нэмэгдсэн өртгийн албан татварыг баталгаажуулж 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2205130005 тоот акт үйлдсэн. 

“К” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг баталгаажуулахдаа өөрийн шууд удирдлага болон удирдах дээд газар, хэлтсээс өгсөн чиглэл, мэргэжил арга зүйн зөвлөгөөг баримталсан. Үүнд: 

1. Нийслэлийн Татварын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус компанид хүргүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэл баталгаажуулах шалгалт хойшлуулах тухай 1/602 дугаартай албан бичиг, (Өмнөх хүсэлтийг энэхүү албан бичгээр хойшлуулахад “К” ХХК нь Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газарт хандсанаар, тус газраас хууль журмын дагуу харьяа татварын албаар нь баталгаажуулалт хийлгэхээр Нийслэлийн Татварын газарт албан бичиг хүргүүлсний дагуу томилогдож шалгалт хийсэн юм.)

2. Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хуулийн хэрэгжилтийг хангах тухай 1/934 дугаартай албан бичиг, 

3. Татварын ерөнхий газрын Хууль эрх зүйн хэлтсийн 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 8/2597 дугаартай албан бичиг. 

Эдгээр 3 албан бичигт Монгол Улсын нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд: 14.7-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татварын албан татвар ногдох, үлдсэн хэсгийн нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь авч, тооцно” гэсэн заалтыг хайгуулын үйл ажиллагаа эрхэлж буй дараах байдлаар ойлгож хэрэгжүүлэх нь зүйтэйг: 1. Хэрэв хайж буй бүтээгдэхүүн нь нэмэгдсэн өртгийн албан татвараасчөлөөлөгдөж буй тохиолдолд тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.3-дзааснаар хайгуулын болон олборлолтын явцад хийсэн худалдан авалтын хасалт хийхгүй.

2. Хэрэв хайж буй бүтээгдэхүүн нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ хийх тохиолдолд хайгуулын үйл ажиллагааны эцсийн дүн гарч ашиглалтын үйл ажиллагаа эхэлсэн буюу хайгуулын үр дүнг үнэлэн худалдсан эсхүл хайгуулын үйл ажиллагаа дуусгавар болсноор худалдан авалтын хасалтыг хийнэ. Өөрөөр хэлбэл нэмэгдсэн өртгийн албан татварыг тус хуулийн 3 дугаар зүйлд зааснаар бараа буюу ажил үйлчилгээнд ногдуулах тул хайгуулын үйл ажиллагаа нь эцсийн үр дүнгээрээ бараа болсон тохиолдолд худалдан авалтын хасалтыг хийх нь зүйтэй байна” гэсэн утгыг агуулж, энэ тухай тэмдэглэсэн байдаг. Иймд “К” ХХК нь хайгуулынхаа үр дүнг үнэлэн ашиглалт хийгдээгүй, тухайн бүтээгдэхүүнийг худалдан авалтын хасалтыг тооцоогүй буюу нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг “0” төгрөгөөр баталгаажуулсан юм. 

Өмнөх буюу татварын улсын байцаагч Ц.Баярхүү, Ж.Эрдэнэтуул нар баталгаажуулах шалгалт хийх үед татварын албад, татварын улсын байцаагч нар ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэгч татвар төлөгчдийн нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг баталгаажуулахад нэгдсэн, нэг мөр ойлголтыг аваагүй байсан юм. Дээрх албан бичгүүд нь 2013 онд гарсан. 

Бид 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар тус компанид нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг баталгаажуулахдаа өмнөх байцаагч нарын баталгаажуулсан үлдэгдэл болох 1.1 тэрбум төгрөгийг тэглээгүй юм. Актын нүүр хэсэгт бичилтийн алдаа гарсан байна. Тус актын 5 дугаар хэсэг: баталгаажуулалтын эцсийн хэсэгт дээрх эхний үлдэгдлийг 1,147,076.0төгрөгөөр нь буюу зөв бичилт хийсэн байна. Үргэлжлээд борлуулалт, худалдан авалтыг зохих дүнгээр нь тусгаад татвар төлөгчийн тайлангийн  эцсийн үлдэгдэл болох 3.071.258.2  төгрөгийг тэмдэглэсэн байна. Энэ нь “К” ХХК-ийн 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн үлдэгдлийг Татварын алба эцэслэн баталгаажуулсан биш бөгөөд зөвхөн Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газарт хүргүүлж буй санал юм. Эцсийн тооцоо буюу тус албан татварын эцсийн үлдэгдлийг Улсын төсвийн орлого, хяналтын газарт баталгаажуулдаг. Үүний дагуу тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэл нь мөн “0” төгрөгөөр баталгаажуулсан байдаг” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

       “К” ХХК-иас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын 

газрын татварын улсын байцаагч П.О, Ч.С, Ц.О, Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ш.Х, Б.Э нарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2205130005 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох, Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 210000007 тоот актыг хүчингүй болгуулах, улсын төсвөөс буцааж авах 3,253,765,367.3 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг баталгаажуулахыг даалгах”  тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Хариуцагч нарын “...Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Х, Б.Э нарын гаргасан 2013 оны оны 2205130005 дугаар актын хувьд урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангаагүй, татварын маргаан таслах зөвлөлд хандаагүй...” гэж үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.  

Учир нь нэхэмжлэгч “К” ХХК-иас 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналтын улсын байцаагч нарын тогтоосон 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 210000007 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг үүсгэн шалгах явцад 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Х, Б.Э нарын 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2205130005 дугаар актыг илт хууль бусад тооцуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 82-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж зааснаас үзвэл Нийслэлийн Татварын газрын дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан буюу Татварын ерөнхий газрын  харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ч.С, П.О, Ц.О нарын тогтоосон 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 210000007 дугаар акт хүчингүй болгуулах шаардлагыг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж байхад Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Х, Б.Э нарын 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2205130005 дугаар актыг илт хууль бусад тооцуулахаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгэх шаардлагагүй гэж шүүх үзлээ. 

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл тус компани нь ашигт малтмалын хайгуул хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн бөгөөд 11921Х, 11946Х, 12251Х, 13871Х, 13907Х, 13908Х, 13910Х, 13911Х, 13912Х, 14017Х, 14131Х, 14429Х, 14478Х, 14722Х тусгай зөвшөөрлүүдийн үндсэн дээр хайгуулын үйл ажиллагаа явуулдаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. 

Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Баярхүү, Ж.Эрдэнэтуул нар “К” ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаад 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2205120011 дүгээр актаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 1,147,076.0 төгрөгөөр баталгаажуулжээ.

Мөн Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Х, Б.Э нар “К” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах шалгалтыг хийж гүйцэтгэн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 2205120005 дугаар актаар  төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг “0” төгрөгөөр баталгаажуулан татварын улсын байцаагчийн үйлджээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.И Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Х, Б.Э нарын 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 2205120005 дугаар актыг илт хууль бусад тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “Нийслэлийн Татварын газрын татварын хяналтын байцаагч Ц.Баярхүү, Ж.Эрдэнэтуул нарын баталгаажуулсан 2013 оны 2205120011 дүгээр актаар төсвөөс буцаан авах 1,147,076.0 мянган төгрөгийг дур мэдэн өөрчилж “0” төгрөг болгосон нь

А. Өөрсдөө тухайн 2011 оны тайлант үеийг шалгаагүй байтал 2011 онд хамаарах дүнг өөрчилсөн;

Б. Өөртэйгөө хуулиар тэнцүү эрх мэдэл бүхий татварын улсын байцаагчийн актыг өөрчилж дүнг “0” төгрөг болгосон байна” гэж тодорхойлж байна. 

Хариуцагч татварын улсын байцаагч Ш.Х, Б.Эрдэнцэцэг нарын 2013 оны 2205130005 дугаар актаар “К” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалган төсвөөс буцаан авах дүнг баталгаажуулахдаа 2012 оны 2205120011 дүгээр актаар тогтоосон 1,147,076.0 төгрөгийг оруулж тооцсон нь Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийг тухайн татварын албаны даргын тушаалаар дараах  үндэслэлээр өөрчлөх буюу хүчингүй болгоно:,” 36.1.1-д “татвар төлөгчийн гомдлоор;” 36.1.2-д “татварын улсын байцаагчийг шууд удирдаж буй нэгжийн дарга нь түүний үйлдсэн акт, дүгнэлтийг өөрчлөх буюу хүчингүй болгох санал тавьсан;” 36.1.3-д “акт, дүгнэлтийг өөрчлөх буюу хүчингүй болгох тухай Маргаан таслах зөвлөлийн шийдвэр гарсан.” гэж заасантай нийцээгүй байна.  

Өөрөөр хэлбэл Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Э, Ш.Х нар нь өөрийн шалгаагүй 2011 оны улсын төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг “0” төгрөгөөр баталгаажуулсан, мөн ижил шатны байцаагчийн дүнд өөрчлөлт оруулсан нь хууль бус байна. 

Маргаан бүхий Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2205130005 дугаар актыг шүүхээс илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх учиртай бөгөөд тус актыг илт хууль бусад тооцсоноор “К” ХХК-ийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна.  

Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006 оны) хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2, 15.1.3-т зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 7 хоногт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухайгаа албан татвар төлөгчид бичгээр мэдэгдэж, албан татвар төлөгчийн нэр, регистрийн дугаар, харилцагчийн банкны дансны дугаар, буцааж өгөх албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг тодорхойлсон саналыг ажлын 2 хоногт багтаан санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;” гэж зааснаар Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын байцаагч Ч.С, П.О, Ц.О нар  2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 210000007 тоот актаар буцаан олгох татварын хэмжээг тодорхойлсон нь хууль зөрчөөгүй гэж үзлээ. 

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ч.С, П.О, Ц.О нар нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21161200620 дугаартай томилолтын дагуу “К” ХХК-ийн 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах шалгалтыг хийж гүйцэтгэн 2017 оны 02  дугаар сарын 16-ны өдөр төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг “0” төгрөгөөр баталгаажуулан татварын улсын байцаагчийн 210000007 дугаар акт  үйлджээ. 

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.И “а. GPS төхөөрөмж, түүний дагалдах хэрэгслийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар-561,018.18 төгрөг,

б. Хайгуулын дээж хадгалах зориулалт бүхий халуун хүйтэн баригч савны худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар-47,272.70 төгрөг, 

в. Парис дахь APEBA группээс богино хугацаагаар томилогдон ирсэн гадаад мэргэжилтнүүдийн буудлын төлбөрт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар-1,888,637.17 төгрөг,

г. Генератор болон түүний сэлбэгийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар-18,994,692.57 төгрөг, 

д. Автомашины засвар үйлчилгээний төлбөрт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар-1,842,981.10 төгрөг, нийт 23,334,601.6 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалтад тооцох ёстой байтал татварын улсын байцаагч нарын гаргасан маргаан бүхий актуудаар нөхөн татварыг “0” төгрөг болгон баталгаажуулсан нь хууль бус” гэсэн үндэслэлээр маргаан бүхий татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулахаар мэтгэлцэж байна. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”, 14.1.2-т “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн”, мөн зүйлийн 14.4-д “дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй:” 14.4.1-д “суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг”, 14.4.2-т “хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ”, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг” зааснаар “К” ХХК хайгуулынхаа үр дүнг үнэлэн ашиглалт хийгээгүй, тухайн бүтээгдэхүүний борлуулалтын ажил эхлээгүй тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байх тул нэхэмжлэгч компанийн 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг “0” төгрөгөөр баталгаажуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Хайгуулын үйл ажиллагаа гэдэг нь нэмүү өртгийг өөртөө шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахад чиглэгдсэн үйлдвэрлэл, эсхүл хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээ биш бөгөөд хайгуулын үйл ажиллагаа эрхлэгч нь тухайн үйл ажиллагаандаа зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнийхээ хувьд эцсийн хэрэглэгч юм.

Нэхэмжлэгч “К” ХХК нь хайгуулын үйл ажиллагааны үр дүнд нэмүү өртөг шингээсэн татвар ногдох бараа бусдад борлуулаагүй, ажил, үйлчилгээг эрхлээгүй тул хайгуулын үйл ажиллагааны зорилгоор болон хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-ийн дагуу хасалт хийх үндэслэлгүй гэж шүүх үзлээ. 

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2 дахь заалтууд нь эцсийн хэрэглэгчид хамааралгүй, харин нэмүү өртөг шингээсэн бараа үйлдвэрлэгч, дамжуулан худалдагч буюу борлуулагч, ажил, үйлчилгээ эрхлэгчид хамааралтай заалт тул Татварын ерөнхий газрын улсын байцаагч Ц.О, П.О, Ч.Снарын тогтоосон 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 210000007 дугаар актыг хүчингүй болгох боломжгүй байна.

Нэгэнт Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагч Ч.С, П.О, Ц.О нарын тогтоосон маргаан бүхий 210000007 дугаар актаар “К” ХХК-ийн 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоог хянаж улсын төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг “0” төгрөгөөр баталгаажуулсан хууль зөрчөөгүй байх тул Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ш.Х, Б.Э нарын тогтоосон 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2205130005 тоот актыг илт хууль бусад тооцох, “К” ХХК-ийн улсын төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 3,253,765,367.3 төгрөгөөр баталгаажуулахыг шүүхээс даалгах боломжгүй юм. 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.4, 14.4.1, 14.4.2, 15 дугаар зүйлийн 15.1.4-д тус тус заасныг баримтлан “К” ХХК-иас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын татварын улсын байцаагч П.О, Ч.С, Ц.О, Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ш.Х, Б.Э нарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2205130005 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох, Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 210000007 тоот актыг хүчингүй болгуулах, улсын төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 3,253,765,367.3 төгрөгөөр баталгаажуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл шийдвэрийг  гардан  авснаас  хойш 14 хоногийн  дотор  Захиргааны  хэргийн  давж  заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.Д