Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 225

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж, шүүгч Н.Д, шүүгч Г.М нарын бүрэлдэхүүнтэй,

Нэхэмжлэгч: Иргэн Ж.Г

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга

Гуравдагч этгээд: Б.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/247 дугаар тушаалын Ж.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, албан тушаалд томилохгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Эрэн сурвалжлах хэлтсийн даргын албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Төрийн албан хаагчдад нэг удаа олгосон 300.000 төгрөгийн тэтгэмжийг гаргуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалын Ж.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд Тахарын алба 2013 онд байгуулагдсанаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаар тушаалаар Тахарын албанд шилжин ажиллаж байгаад Тахарын ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 389 дүгээр тушаалаар Тахарын ерөнхий газрын Эрэн сурвалжлах, мөрдөн шалгах газрын даргын үүрэгт албан тушаалд томилогдон төрийн тусгай-16.4 албан тушаалын зэрэглэлд хамрагдан ажиллаж байсан. Монгол Улсын Их хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болгож, чиг үүргийг Цагдаагийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 4-д татан буугдаж байгаа Монгол Улсын Засгийн газрын агентлагуудын холбогдох албан  хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Монгол Улсын Засгийн газрын агентлаг, байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарт даалгаж шийдвэрлэсэн. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/01/277 тоот Ажлын хэсэг томилох тухай хамтарсан тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Б*******ийн баталсан Тахарын албыг татан буулгах ажлын төлөвлөгөөний 9-д татан буугдаж байгаа Монгол Улсын Засгийн газрын агентлагийн орон тоо, төсвийн тооцоог эцэслэн, чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газар, агентлаг, байгууллагад шилжих орон тоо, төсөв тухайн агентлагийн үйл ажиллагааны стратегийн  бүтцийн өөрчлөлтийн саналыг боловсруулж шийдвэрлүүлэхээр ажлын хэсэгт хүргүүлэхээр тогтоосон. 

Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн  эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан Ж.Г намайг Тахарын ерөнхий газрын эрэн сурвалжлах, мөрдөн шалгах газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлснийг үндэслэлгүй, хууль бус гэж маргаж, уг тушаалын надад холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах, ажилд томилуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Монгол Улсын Засгийн газрын 4 дүгээр тогтоол, А/01/277 дугаар тушаалыг үндэслэн Тахарын албаны 367 албан хаагчийг Цагдаагийн байгууллагад, 90 албан хаагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр, 85 албан хаагчид дотор 13 даргыг үүрэгт ажлаас чөлөөлсний дотор миний бие багтсан юм. 

Тахарын алба татан буугдах хэлбэрээр өөрчлөн байгуулагдсанаар тус газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын чиг үүрэг Цагдаагийн ерөнхий газрын эрхлэх хүрээнд шилжсэн. 

Монгол Улсын Засгийн газрын агентлаг, байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг сайдуудад үүрэг болгосон байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д тус тус заасныг баримтлан намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “аж ахуй нэгж байгууллагын бүтцээс тодорхой албан тушаалын ажлын байр байхгүй болсныг ойлгоно” гэж үзнэ. 

Түүнчлэн Аж ахуй нэгж байгууллага, түүний салбар нэгж татан буугдах тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцална. Хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлд хамаарч байгаа хуулийн этгээд татан буугдах үндэслэлд Иргэний хуульд заасан үндэслэл орно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр Ц.А******* шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “...ажлын хэсгээс шийдвэрлэсний дагуу би тушаал гаргасан цагдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагаас дарга нарыг авахгүй гэсэн..” гэх тайлбар, мэдүүлгийг шүүхэд өгсөн боловч энэ нь баримтаар нотлогдоогүй. 

Монгол Улсын Засгийн газрын 4 дүгээр тогтоолын 4-д татан буугдаж байгаа “Засгийн газрын агентлагуудын холбогдох албан хаагчдын орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа засгийн газрын агентлаг байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, бусад сайд нарт даалгасугай.” гэж шийдвэрлэсэн. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, нийгмийн гарал, хүйс, хөрөнгө чинээ, эрхэлсэн албан тушаал, боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлоор ялгаварлах, хязгаарлахыг давуу байдал тогтоохыг хориглоно”, 7.3-д “ажил олгогч нь иргэний ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил, үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотолно” гэж заажээ. 

Гэтэл Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 4 дүгээр тогтоолтой зөрчилдөж байна. 

Өөрөөр хэлбэл “цагдаа шүүхийн шийдвэрийн удирдлагаас дарга нарыг авахгүй” гэж хэлсний дагуу ямар ч баримтгүй, хууль зүйн үндэслэлгүй намайг тухайн газрын даргын үүргийг гүйцэтгэж байснаар нь ялгаварлан гадуурхаж хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн үйл баримт тогтоогдож байгаад гомдолтой байна. 

Иймд Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалыг Ж.Г надад холбогдох хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү. 

Ажилд томилуулах шаардлагын тухайд Монгол Улсын Их хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болгосон, түүний чиг үүргийг Цагдаагийн байгууллага болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус шилжүүлэхээр шийдвэрлэсэн. 

Тахарын алба татан буугдах хэлбэрээр өөрчлөн байгуулагдсанаар  тус газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын чиг үүрэг Цагдаагийн ерөнхий газрын эрхлэх хүрээнд шилжсэн. 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/437 дугаар тушаалаар Тахарын ерөнхий газрын зарим чиг үүргийг шилжүүлсэнтэй холбогдуулан Мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах хэлтэст Оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах тасаг байгуулж, тасгийн дарга-1, ахлах төлөөлөгч-3, төлөөлөгч-6, нийт 10 албан тушаалын орон тоо, цалингийн зэрэглэлийг баталсан байдаг. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар төрийн албан хаагчийн баталгаа зөрчигдсөн гэж үзэж байгаа болно. Нэхэмжлэгч миний бие Эрэн сурвалжлах хэлтсийн даргаар үргэлжлүүлэн ажиллах боломж байсан. 

Өөрөөр хэлбэл миний бие Тахарын ерөнхий газрын Эрэн сурвалжлах, мөрдөн шалгах газрын даргын үүрэг албан тушаалд ажиллаж байхдаа төрийн тусгай-16.4 албан тушаалын зэрэглэлд хамаарагдан ажиллаж байсан ба татан буугдсанаар газрын даргын чиг үүрэг нь хэлтсийн даргын чиг үүрэгт шилжсэн гэж үзэх боломжтой. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас миний ажилгүй байсан 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шүүхийн шийдвэр гартал хугацааны олговор олгох 16.903.563.17 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг , 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Улсын Их хурлаар батлагдсан Төсвийн тухай хуулиар төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн тул тэтгэмж олгох 300.000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Ж.Г Тахарын ерөнхий газар /хуучнаар/ Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын даргаар ажиллаж байсан бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Тахарын албыг татан буулгаж, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж Тахарын албан хуулиар хүлээсэн зарим чиг үүргийг цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд хэрэгжүүлэхээр болсон. 

Тахарын ерөнхий газар /хуучнаар/ мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газар газрын дарга-1, алба хаагчид-16 үүрэг гүйцэтгэж байсан. Цагдаагийн албаны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт орж тус газрын мөрдөн шалгах, эрэн сурвалжлах чиг үүргийг хэрэгжүүлж байсан зарим алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах хэлтсийн бүтцэд, Оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах тасгийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын бүтцэд “Эрэн сурвалжлах хуяглан хүргэх хэлтсийг тус тус байгуулж, 4 алба хаагчийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, 12 алба хаагчийг цагдаагийн байгууллагад шилжүүлж, газрын даргын орон тоог бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлсөн. Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны Б/247 тоот тушаалаар нэхэмжлэгч Ж.Гг бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлсөн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасны дагуу 6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгосон. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд Б.Э******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Цагдаагийн хурандаа Б.Э******* миний бие Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс Эрүүгийн Цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаа ба энэ нь тушаалаар томилогдон үүрэг хүлээх төрийн тусгай алба юм. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь шүүхийн шийдвэрлэх асуудал бөгөөд албан тушаалд ажиллах, томилогдох асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын удирдлага шийдэх юм. Миний зүгээс шүүх хуралдаанд оролцох боломжгүй ба албаны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлнө.  Хувийн зүгээс намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй, гомдол саналгүй болно” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Ж.Г 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/247 дугаар тушаалын Ж.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах;

Албан тушаалд томилохгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох;

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Эрэн сурвалжлах хэлтсийн даргын албан тушаалд томилуулах;

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх; 

Төрийн албан хаагчдад нэг удаа олгосон 300.000 төгрөгийн тэтгэмжийг гаргуулах”   гэж тодорхойлон Цагдаагийн ерөнхий газрын даргад  холбогдуулан гаргасан тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгуууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн баталсан 12 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Тахарын ерөнхий газрыг татан буулгажээ. 

Ийнхүү Тахарын ерөнхий газар татан буугдаж чиг үүрэг Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжсэнтэй холбогдуулан Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтад нэр дурдсан алба хаагчдыг Цагдаагийн байгууллагын мэдэлд, хоёрдугаар хавсралтад нэр дурдсан алба хаагчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэлд, гуравдугаар хавсралтад дурдсан ажилтан, алба хаагчдыг үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн бөгөөд чөлөөлөгдсөн ажилтан алба хаагчдын дотор нэхэмжлэгч Ж.Г багтсан байна. 

Монгол Улсын Засгийн газрын тухай 183 дугаар зүйлийн 2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйлд заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар томилж, чөлөөлнө.” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Тахарын ерөнхий газрын дарга Ц.А*******ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.  

Нэхэмжлэгч Ж.Г 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Тахарын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Цагдаагийн ерөнхий газрын даргыг тодорхойлсны дагуу тус шүүхийн мөн өдрийн 71 дүгээр тогтоолоор Тахарын ерөнхий газрын даргын эрх залгамжлагчаар Цагдаагийн ерөнхий газрын даргыг тогтоож, хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Цагдаагийн ерөнхий газар, Сангийн сайд, Тахарын ерөнхий газрыг татан буулгах комиссын дарга нарыг Цагдаагийн ерөнхий газрын даргаар сольсон болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д ”Маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг нь уг маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн, захиргааны байгууллага өөрчлөн байгуулагдсан/ бол шүүх тэрхүү хэргийн оролцогчийг сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно.” 26.2-т “Захиргааны байгууллагын эрх залгамжлах үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 5.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.”, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т, “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна.” гэж заажээ. 

Хэдийгээр Тахарын ерөнхий газрын зарим чиг үүрэг Цагдаагийн байгууллагад шилжсэн боловч Тахарын ерөнхий газрын даргын тушаалын хувьд эрх залгамжлагч нь Цагдаагийн ерөнхий газрын дарга биш юм. 

Энэ нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсний дараа 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Тахарын ерөнхий газрын дарга Ц.А*******ыг үүрэгт ажлаас чөлөөснөөр Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалын хувьд агентлагийн даргыг томилох, чөлөөлөх эрхтэй Монгол Улсын Засгийн газар Тахарын ерөнхий газрын даргын эрх залгамжлагч болох нь дээр дурдсан хуулийн заалтуудаар тогтоогдож байна. 

Иймд нэхэмжлэгчийн “Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/247 дугаар тушаалын Ж.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч дээрх Тахарын ерөнхий газрын даргын тушаал эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болон уг тушаалын улмаас хохирол учирсан гэж үзвэл хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх эрхтэйг дурдах нь зүйтэй. 

Нэхэмжлэгч “...Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан учир буцаж цагдаагийн байгууллагад ажиллахаар хүсэлт гаргасан..., Тахарын ерөнхий газарт ажиллаж байсан чиг үүргийнхээ дагуу Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Эрэн сурвалжлах хэлтсийн даргын албан тушаалд томилуулна...” гэх үндэслэлээр албан тушаалд томилохгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Эрэн сурвалжлах хэлтсийн даргын албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Төрийн албан хаагчдад нэг удаа олгосон 300.000 төгрөгийн тэтгэмжийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 

Хэрэгт авагдсан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Тэмдэглэл”, Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний 01/330 дугаар албан бичиг  зэргээс үзвэл нэхэмжлэгчийг цагдаагийн бага цолны албан тушаалын сул орон тоонд шууд томилох, цаашид шилжилт хөдөлгөөн хийх замаар тохирох ажлын байраар хангах боломжтой талаар санал тавихад иргэн Ж.Г санал болгосон албан тушаал /ажлын байран/-д ажиллахаас татгалзсан болох нь тогтоогдож байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж эс үйлдэхүй гэдгийг хуульчлан тодорхойлсон байна. 

Иргэн Ж.Гг Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах эрэн сурвалжлах газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалаар нэхэмжлэгчийг ажлын байраар хангах үүргийг  хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга хүлээгээгүй боловч хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга нь нэхэмжлэгчид бага цолны албан тушаалын сул орон тоонд шууд томилох, цаашид шилжилт хөдөлгөөн хийх замаар тохирох ажлын байраар хангах боломжтой талаар санал тавихад нэхэмжлэгч хүлээн аваагүй тул хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй юм. 

Нэгэнт хариуцагч хууль бус эс үйлдэхүй гаргаагүй учир нэхэмжлэгчийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Эрэн сурвалжлах хэлтсийн даргын албан тушаалд томилох боломжгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Төрийн албан хаагчдад нэг удаа олгосон 300.000 төгрөгийн тэтгэмжийг гаргуулах боломжгүй юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд захиргааны актын улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй болно.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж.Ггийн Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засгийн газрын тухай 183 дугаар зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 37 дугаар зүйлийн 37.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Ггаас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/247 дугаар тушаалын Ж.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, албан тушаалд томилохгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Эрэн сурвалжлах хэлтсийн даргын албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Төрийн албан хаагчдад нэг удаа олгосон 300.000 төгрөгийн тэтгэмжийг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.Д

                     ШҮҮГЧ                                        Н.Д

                                                                       Г.М