Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 175

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Н.Доржсүрэн,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ган-Очир,

Шүүгдэгч Ч.С , А.Б , Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Доржсүрэнгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан шүүгдэгч А.Б д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар 1 дэх, 3.7 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч Ч.С ад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч Б.Э , Б.Э , А.Б  нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015000000121 дугаартай, 163/2020/0168/Э индекстэй хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт А.Б,

Монгол улсын иргэн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Б.Э,

Монгол улсын иргэн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт А.Б,

Монгол улсын иргэн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт  оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт О.М,

Монгол улсын иргэн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, салбарын буудагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Б.Э,

Монгол улсын иргэн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, модны технологич мэргэжилтэй, хувиараа Эрдэнэт тавилга цех ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ч.С, Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан, зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал /жинхэнэ онгол буюу чаг мөөг/-ыг түүсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Ч.С ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б гийн өгсөн: 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бугын эвэр түүх зорилгоор бид зургаа хойшоо явсан. Хуучин ухсан алтны уурхай байдаг гэж сонсоод тэнд очоод би хуучин түмпэн байхаар нь тэнд байсан хуучин овоолсон шорооноос авч алт угааж үзсэн. Хэдэн шар өнгийн металл гарч ирсэн. Тэгээд хамт явсан хүмүүс надад “хуучин газарт юм байхгүй буцъя” гээд явсан. Чаг мөөг манай тэнд 10 хус дутмын нэгэнд байдаг. Нутгийн айлууд бүгд биед сайн гээд айл болгон түүж цай чанаж уудаг. Би замд таарсан ганц хуснаас авсан ба хуваагдаад 4 хэсэг болсон. Чаг мөөгийг түүхийг хориглосон ургамал гэдгийг мэдээгүй. Түүх зорилгоор аваагүй, цай чанах гэж авсан. Бусад зүйлтэй маргах зүйлгүй. Зохих зөвшөөрөлгүйгээр алт ухсан нь үнэн, гэхдээ хуучин ухсан газарт овоолсон шорооноос авсан шинэ газар ухаагүй. Ашигт малтмал олборлосон дээр маргахгүй, харин ховор ургамал түүсэн дээр маргаж байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э ы өгсөн: 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн ... руу хөгшин ээж дээрээ очсон. Бид жил бүр бугын эвэрт явдаг. Эвэрт явах зорилгоор уул руу гарч яваад хуучин уурхай тааралдаж Б  шороо ухаж үзсэн. Тэгээд бид нар “наад шороогоо ухах хэрэггүй, ухаад дууссан гэсэн” гэж хэлээд цааш явцгаасан гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э ын өгсөн: С , Э  бид гурав Орхон аймгаас гараад Булган аймгийн ...т очсон. Манай хадам аавынх ...т байдаг. Бугын эвэрт явахаар зургуулаа ууланд гарсан. Замдаа “Цагаан жалга” гэх газраар дайраад өнгөрсөн. Тэрүүгээр өнгөрөхдөө Б  “алт байгаа эсэхийг үзэцгээе” гэсэн. Бид алт руу очоогүй уулаар болон цармаар эвэр үзэж байсан. Овоолсон шорооны хажуугаар өнгөрсөн. Алтанд ойртох зорилго байхгүй байсан. Би энэ хэрэгт оролцоогүй гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б ы өгсөн: 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зургуулаа ууланд гарсан. Бугын эвэр түүх зорилготой байсан. Ууланд явж байгаад хуучин алтны уурхайтай ам руу ороод Б  угаасан шорооноос дахин угаах гэж орсон. Бид нар хажуугаар нь эвэр хайгаад явж байсан, Б  ах 2 түмпэн шороо угаасан гээд хэдэн жижиг шар юм авч ирсэн. Би тэрэнд оролцоогүй гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М ын өгсөн: С , Э , Э  гурав манайд 27-ны өдөр ирж хоноод 28-ны өдөр зургуулаа эвэрт явсан. Металл хайгч С ын машины ард байсан. Хүнсээ гаргаж байхад Б “аваад явъя” гээд авч явсан. Бид эвэр түүх зорилготой байсан. “Цагаан жалга” гэх газрын алтны уурхайн хажуугаар өнгөрөхөд Б  “алт угааж үзнэ" гэсэн. Тэгээд бид “хэрэггүй” гээд эвэр хайгаад явсан. Б  хуучин шорооноос угааж үзсэн байсан. Тэгээд жижиг алт байрын юм олсон байсан ба тэгээд шууд наашилсан гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.С ын өгсөн: 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн орой Э , Э  бид гурав Орхон аймгаас ...т очсон. Би жилдээ 2 удаа очдог. Тэр өдөр ярилцаад эвэрт явахаар болсон. М ынд нэг хоноод ууланд гарсан. Металл хайгч миний машинд байсан. Би зоос цуглуулдаг хоббитой болохоор лизингээр худалдаж авсан ч өмнө нь ажиллуулж байгаагүй. Хүрз миний машинд байсан. Машины хойно байсан хайгчийг эвэрт явахдаа Б  ах “аваад явчихъя” гэхээр нь аваад явсан. Хамт хүрзээ авсан. Уул руу гарахад их бартаатай байсан ба ууланд 3 хоносон. Алтны хувьд Б  ах очсон. Тэр газрыг хүн харахаас аймаар болгосон байсан. Тэгээд би “наана чинь юм байхгүй” гэж хэлсэн. Б  "эндээс угааж үзнэ гээд хоёр хэсэг овоолсон шорооноос угааж үзсэн. Би шороон дээр гарч харахад ойролцоогоор 2 километр орчим урт, 80 метр орчмыг өргөн газар сийчсэн байсан. Тэгээд буцаад явсан. Олсон жаахан нь юм болохгүй гэж хэлсэн. Би мужаан болохоор баримжаатай. Эрүүл газар ухсан юм шиг зураг авсан байсан. Төмс авдаг шиг ухсан 2 газар байсан. Бид тэнд удаагүй гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015000000121 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б , Б.Э , А.Б , О.М , Б.Э , Ч.С  нар нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 30-ны өдрүүдэд Булган аймгийн ... ийн нутагт бугын эвэр түүх зорилгоор явцгаасан байх ба замдаа тус багийн нутагт байрлах “Цагаан жалга” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулсан, мөн тус багийн нутгаас ховор ургамал болох “Жинхэнэ онгол буюу Чаг мөөг” түүсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэл шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэргийн газрын үзлэг хийсэн: “...Уг хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн ... ийн нутагт байрлах бөгөөд Хужирт багийн төвөөс 62 км, Хилийн цэргийн **** дугаар ангийн 0213 салбарын байрнаас 42 км, Монгол Улсын Хилийн шугамнаас 500 метр зайд байрлах гол дагуу тогтсон жалга газар байв. Уг жалгын эргэн тойронд овоолсон шороо байв. Иргэн О.М  нарын алт ухаж угаасан гэх газар нь голын эргээс 4.5 метрийн зайд байх бөгөөд хэмжиж үзэхэд диаметр нь 40 см, гүн нь доошоо 30 см хэмжээтэй эрүүл газрыг ухсан байв. Уг газраас 2 метр зайтай газарт овоолгосон шороог доош нь 15 см уртаараа 160 см, өргөн нь 40 см хэмжээтэй ухсан байдалтай байв. ...өрөгрөг, уртрагыг хэмжиж 8 кадр зураг авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-2426 тал/,

2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн: “...29x49 см хэмжээтэй цагаан өнгийн нарны самбар 1 ширхэг, уг самбар нь 2.5 метр урттай, цагаан өнгийн цахилгааны утастай байв. “EQU NOX-800” маркын металл хайгч багаж комоороо 1 ширхэг, цаасан хайрцаганд салгаж тус тусад нь хийж байрлуулсан байлаа. Таваг 1 ш хар өнгийн, чихэвч 1 ш хар өнгийн, гар 1 ширхэг хар өнгийн, орот 3 ширхэг хар өнгийн, цэнэглэгч 1 ширхэг хар өнгийн, тогтоогч гарны 1 ширхэг үзлэгээр өөр илэрсэн зүйлгүй...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-27-28 тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн “...2702-0085c-571 EQUILOX Bulti-Languages Screen Pack BN2018-07 гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн гялгар уутан дотор шар өнгийн 11 ширхэг металл байлаа. Үзлэгийн явцад 1 кадр зураг авч бэхжүүллээ. Оролцогчийн хэлж байгаагаар 0.7 гр алт гэх боловч тодорхойлох боломжгүй байлаа. ...Үзлэг хийсэн гялгар уут бүхий 11 ширхэг шар өнгийн металлыг тэмдэглэлд тусгаж хурааж авсан болно” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-33-34 тал/,

2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн: “...23 см урттай модон иштэй хүрз 2 ширхэг, 75 см урттай төмөр иштэй хүрз 1 ширхэг, нийт 3 ширхэг хүрз, хүрзний үзүүр хэсэг шавар шороогоор бохирлогдсон байв. 2.32 см-тай урттай 2 үзүүрийг доош нь нугалсан төмөр 1 ширхэг, 3.36 см урттай 2 үзүүрийг нь доош нугалсан төмөр 1 ширхэг, 4.21 см урттай үзүүрийг доош нь нугалсан төмөр 2 ширхэг, Хандгайны хуучин ясан эвэр 1 ширхэг /9 салаатай/, нэр нь үл мэдэгдэх ургамал 1 кг, Мөн модны чаг мөөг гэх нэршилтэй мөөг 4 ширхэг, үзлэгийн явцад дээрх зүйлийг хураан авч гэрэл зургаар бэхжүүлэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-35-36 тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.М ийн өгсөн: “Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйл байхгүй, би хүлээн зөвшөөрч байна. Булган аймгийн ... ийн нутаг “Цагаан жалга” гэх газраас хүмүүс хууль бусаар алт олборлосон байсан. Би энэ тухай тухайн уед Тэшиг сумын Хилийн цэргийн **** дугаар ангиас мэдсэн. Би байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилнэ. Хохирол мөнгөө төлсөн тохиолдолд ямар нэгэн санал, гомдол байхгүй гэх мэдүүлэг /хх-40-43 тал/,

Гэрч П.Э ын өгсөн: “Манай хилийн цэргийн **** дугаар салбарын захирагч ахмад У.Б ын ******** гэх дугаарын утсаар 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хилийн дугаар тэмдэгтийн чиглэлээр улсын хилээс 20 километрт байрлах ... ийн “Зүүн Хужиртын гол” гэх нэртэй газарт тус багийн иргэн О.М , А.Б , А.Б  нар нь Орхон аймгийн харьяат Ч.С , Б.Э , Б.Э  нарын хамтаар хилийн бүс зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн байна гэж мэдээлсэн. Уг мэдээллийг хүлээж аваад 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Шалгалтын явцад уг иргэд нь хилийн бүс зурваст байрлах ашиглаад одоогоор ажиллахгүй байгаа “Цагаан жалга” гэх уурхайгаас хууль бусаар гар аргаар ашигт малтмал болох алт олборлосон болох нь тогтоогдсон. Хоёр газар доошоогоо 5-10 см хэмжээтэй газар ухсан байсныг гэрэл зургаар бэхжүүлж авсан байгаа. Цагаан жалганы алтны уурхай ашиглагдахаа болиод 10 гаруй жил болж байна. Цагаан жалга нь Монгол Улсын хилээс 2 км зайтай байх хилийн зурваст хамаарагддаг юм” гэх мэдүүлэг /хх-46-47 тал/,

Гэрч У.Б ын өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нутгийн иргэдээс мэдээлэл орж ирсэн. Энэ мэдээлэл нь хилийн 515 дугаар тэмдэгт буюу “Зүүн Хужиртын гол” гэх нэртэй газар хүмүүс хууль бусаар бугын эвэр түүх, алт хайх зорилгоор морьтой хүмүүс явж байна гэсэн утгатай байсан. Уг мэдээллийн дагуу араас нь явахад “Зүүн хужирын гол”-ын эхнээс мөрийг нь илрүүлээд даган явсаар “Цагаан жалга” гэх газарт тэдгээр хүмүүс алт ухсан байж болзошгүй 2 нүх байсан. Тэгээд цааш явсаар байгаад М ын өвөлжөөний ойролцоо эдгээр иргэдийг саатуулсан. Хужирт багийн иргэн Б , М , Б , Орхон аймгийн Э  гэх залуучууд хажуудаа Орхон аймгийн танихгүй 2 залуутай явж байсан. Эдгээр залуучуудыг саатуулж шалгахад М  нь “Сайга” маркын буу 1 ширхэгийг авч явсан. Уг буу нь 12 ширхэг сумтай байсан. Алт хайгч 1 ширхэг, 3 ширхэг хүрз, 1 хандгайн эвэр, гялгар ууттай металл зүйл, нэрийг мэдэхгүй ургамал түүсэн байсан. “Цагаан жалга” нь манай байршилаас 26 км орчим газарт байгаа “Хужиртын гол” нь 3 км орчим байгаа” гэх мэдүүлэг /хх-58-59 тал/,

Гэрч О.С ын өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр салбарын захирагч У.Б , а/а Б  гурав хилийн 515 дугаар тэмдэгтийн чиглэл буюу “Зүүн хужиртын гол” гэх газар руу хүмүүс хууль бусаар бугын эвэр түүх, алт олборлохоор явлаа гэсэн мэдээлэл авсан. Цагаан жалга ороход 2, 3 газар нүх ухаад алт хайж угаасан ул мөр байсныг илрүүлээд тэндээ хоноглоод цааш явж О.М  гэх нутгийн айлын өвөлжөөнөөс тэр хүмүүсийг барьж саатуулсан. Гар станц, хүрз, металл хайгч багажтай явсан мөн гялгар уутанд алт гэмээр шар өнгийн металл хийсэн байсан” гэх мэдүүлэг /хх-60-61 тал/,

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн: “Булган аймгийн ... ийн нутгаас хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан гэх хэрэгт Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлт, нөхөн төлбөр, тооцсон үр дүнг үндэслэн дараах дүгнэлт өгч байна. Үүнд: 0.159 га талбай эвдрэлд өртсөн.

  1. Байгаль орчны хохирлын үнэлгээг газар эдэлбэр газрын хэвлий, агаар,хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, гадаргын усанд учруулсан хохирол үндсэн чиглэлээр тооцсон бөгөөд байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 53.200 /тавин гурван мянга хоёр зуу/ төгрөг,

  2. Техникийн нөхөн сэргээлтийг олборлолтын үйл ажиллагаагаар эвдэрсэнзамыг тэгшлэх, хэлбэршүүлэх, нягтаршуулах, үржил шимтийг тараан тэгшлэх ажлын зардал туссан бөгөөд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг 0,159 га-аар тооцож үзэхэд 465950 /дөрвөн зуун жаран таван мянга есөн зуун тавь/ төгрөг,

  3. Биологийн нөхөн сэргээлтийг олборлолтын үйл ажиллагаагаар эвдэрсэнталбайд биологийн нөхөн сэргээлтийн ажлыг 0,159 га-аар тооцож үзэхэд 183300 /нэг зуун наян гурван мянга гурван зуу/ төгрөг байна,

  4. Нөхөн сэргээлтийн дараах хяналт мониторинг зардал буюу цаашид ороннутагт үлдээх хөрөнгийн хэмжээг 177820 төгрөг гэж тус тус тооцлоо.

  5. Олборлолтын улмаас үүссэн эвдрэлд өртсөн талбайг нөхөн сэргээх болонбайгаль орчинд учруулсан түүнийг нөхөн сэргээх нийт зардлын хэмжээг 702400 төгрөг гэж дүгнэв” гэх дүгнэлт /хх-77-106 тал/,

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын аймаг, ангилалзүйн лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Г.Бүрэнбаатарын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр №02 дугаартай: “1. Үрт бие нь туруурхуу хагас дугуй эсвэл замбараагүй хэлбэртэй, барзгар хар хүрэн, зэвэн хүрэн, нил ягаан туяатай харавтар гадаргуутай. Голч 5-30 /40/ см болон түүнээс ч том тохиолдоно, өндөр нь 5-30 /40/ см, сахлаг эд хатуувтар модлог бүтэцтэй, улбар хүрэн, бор өнгөтэй, үнэр ба амт байхгүй. Үрт бие нь ургах орчинтойгоо ташуу бэхлэгдсэн, гуурсны амсар тодорхой дүрсгүй. Спорын хэмжээ 8-10 мкм урттай, 5-7.5 мкм өндөртэй, өргөн зууван хэлбэртэй, хүрэвтэр шар өнгөтэй. Тус мөөгний шинжлэх ухааны одоогийн нэршил нь “Inonotus Obliquus /Ach. Ex Pers./ Pilat” бөгөөд монгол нэршил нь Жинхэнэ онгол /чага/ болно.

2. Тус мөөг нь Монгол улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтанд багтсан. Мөн 2018 онд хэвлэгдсэн ургамлын улаан дансанд “Устаж байгаа-СR” биологийн төрөл зүйлийн ангилалд үнэлэгдсэн байна...” гэх дүгнэлт /хх-72-74 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 22ны өдрийн 2865 дугаартай шинжээчийн: “Шинжилгээнд ирүүлсэн 1-11 гэж дугаарласан металлууд нь алтны металл байна...” гэх дүгнэлт /хх-67-69 тал/,

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болон гэмт үйлдлийн замаар олж авсан эд зүйл болох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн метал хайгч /ком/, төмөр хүрз 3 ширхэг, 4 ширхэг дэгээ төмөр, 1 ширхэг хандгайн эвэр, 4 хэсэг бүхэл ургамал /чаг мөөг/, 2 хэсэг өвсөн ургамал, 11 ширхэг шар өнгийн алт мэт металл зэрэг хэрэгт ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтууд авагдсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаж, шүүгдэгч А.Б  “чаг мөөгийг түүхийг хориглосон ургамал гэдгийг мэдээгүй. Түүх зорилгоор аваагүй, цай чанах гэж түүсэн. Бусад зүйлтэй маргах зүйлгүй. Зохих зөвшөөрөлгүйгээр алт ухсан нь үнэн, гэхдээ хуучин ухсан газарт овоолсон шорооноос авсан шинэ газар ухаагүй. Ашигт малтмал олборлосон дээр маргахгүй, харин ховор ургамал түүсэн дээр маргаж байна”, шүүгдэгч Б.Э , Б.Э , А.Б , О.М , Ч.С  нар нь энэ хэрэгт оролцоогүй, “Цагаан жалга” гэх хуучин ухсан алтны уурхайгаар дайраад гарахад Б.Б  “алт угааж үзье” гэсэн боловч бид нар “хэрэггүй” гээд эвэр хайгаад явсан. Б  хуучин шороо угааж үзсэн байсан” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч А.Б  нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан, мөн ховор ургамал болох “Жинхэнэ онгол” буюу “Чаг мөөг”-ийг түүсэн, шүүгдэгч Ч.С  нь шүүгдэгч А.Б гийн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан үйлдэлд санаатай нэгдэж, багаж хэрэгслийн дэмжлэг үзүүлсэн болох нь “...Булган аймгийн ... ийн нутагт байрлах бөгөөд Хужирт багийн төвөөс 62 км, Хилийн цэргийн **** дугаар ангийн 0213 салбарын байрнаас 42 км, Монгол Улсын Хилийн шугамнаас 500 метр зайд байрлах гол дагуу тогтсон жалга газар байв... алт ухаж угаасан гэх газар нь голын эргээс 4.5 метрийн зайд байх бөгөөд хэмжиж үзэхэд диаметр нь 40 см, гүн нь доошоо 30 см хэмжээтэй эрүүл газрыг ухсан байв. Уг газраас 2 метр зайтай газарт овоолгосон шороог доош нь 15 см уртаараа 160 см, өргөн нь 40 см хэмжээтэй ухсан байдалтай байв. ...өрөгрөг, уртрагыг хэмжиж 8 кадр зураг авав...” хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-24-26 тал/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан цагаан өнгийн гялгар уутан дотор шар өнгийн 11 ширхэг металл нь шинжилгээгээр алтны металл болохыг тогтоосон  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын аймаг, ангилалзүйн лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Г.Бүрэнбаатарын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр №02 дугаартай: “1. Үрт бие нь туруурхуу хагас дугуй эсвэл замбараагүй хэлбэртэй, барзгар хар хүрэн, зэвэн хүрэн, нил ягаан туяатай харавтар гадаргуутай. Голч 5-30 /40/ см болон түүнээс ч том тохиолдоно, өндөр нь 5-30 /40/ см, сахлаг эд хатуувтар модлог бүтэцтэй, улбар хүрэн, бор өнгөтэй, үнэр ба амт байхгүй. Үрт бие нь ургах орчинтойгоо ташуу бэхлэгдсэн, гуурсны амсар тодорхой дүрсгүй. Спорын хэмжээ 8-10 мкм урттай, 5-7.5 мкм өндөртэй, өргөн зууван хэлбэртэй, хүрэвтэр шар өнгөтэй. Тус мөөгний шинжлэх ухааны одоогийн нэршил нь “Inonotus Obliquus /Ach. Ex Pers./ Pilat” бөгөөд монгол нэршил нь Жинхэнэ онгол /чага/ болно” гэх дүгнэлт болон шүүгдэгч нарыг саатуулан шалгах явцад шүүгдэгч Ч.С ын машинд тээвэрлэгдэж ирсэн “EQU NOX-800” маркын металл хайгч багаж /ком/, үзүүр хэсэг шавар шороогоор бохирлогдсон 3 ширхэг хүрз, үзүүрийг нь доош нугалсан газар ухах зориулалт бүхий 4 ширхэг төмөр зэргийг илрүүлж хэрэгт эд мөрийн баримтаар хураасан мөрдөгчийн тогтоол зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б , Ч.С  нарын үйлдэл оролцоо нотлогдсон, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байна.

Харин шүүгдэгч Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарын хувьд шүүгдэгч А.Б , Ч.С  нарын хамт “Цагаан жалга” гэх газарт очсон нь нотлогдож байх боловч гэмт хэрэг үйлдэх талаар санаатай нэгдсэн болон оролцсон оролцоо хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдоогүй, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бүхий гомдол мэдээлэлийг нутгийн иргэдээс хүлээн авсан үед тухайн гэмт хэрэгт сэрдэгдэж буй А.Б , Ч.С , А.Б , Ч.С , Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарт худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйл, 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуулиар тогтоосон зөвшөөрлийн тогтолцоог үгүйсгэж эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн шинжтэй үйлдэл байх бөгөөд хохирлын хэмжээ шаардахгүй, харин түүний байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл буюу экологи эдийн засгийн үнэлгээг тооцож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар нөхөн төлбөр тооцно.

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 13ны өдрийн дүгнэлтээр Булган аймгийн ... ийн нутгаас хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсаны улмаас байгаль орчинд 702400 төгрөгийн хохирол /хх-102 тал/ учирсан байх ба шүүгдэгч нар уг хохирлыг төлж баримтаа ирүүлсэн /хх-213 тал/ байх тул төлөх төлбөргүй гэж үзнэ. Харин хэрэгт цугларсан нотлох баримтаар Монгол улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтанд багтсан “Жинхэнэ онгол” буюу “чаг мөөг”-ний хувьд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалаар баталсан ургамлын жагсаалтад ороогүйгээс /хх212 тал/ түүний экологи эдийн засгийн үнэлгээг тооцож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар нөхөн төлбөр тооцох боломжгүй байна.

Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Б , Ч.С  нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч А.Б , Ч.С  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч А.Б г зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Б , Ч.С  нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Б , Ч.С  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хэргийн 152-153, 156-157, 159, 162, 166, 170-171, 179, 182 дугаар талуудад авагдсан ял шийтгүүлж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, Булган аймгийн ...ийн болон Орхон аймгийн БаянӨндөр сумын Цагаанчулуут багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа болон оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудыг судалж, анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн зэрэг хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч А.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ч.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь тэдний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, орлогын байдал болон торгуулийн ялын хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч А.Б , Ч.С , Б.Э , Б.Э , А.Б , О.М  нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан метал хайгч /ком/, арван нэгэн ширхэг шар өнгийн алт мэт металл, хандгайн эвэр нэг ширхэгийг тус тус хурааж улсын орлого болгож, гурван ширхэг хүрз, дөрвөн ширхэг дэгээ төмөр, нэр нь үл мэдэгдэх хоёр хэсэг ургамал, дөрвөн хэсэг бүхэл ургамал чаг мөөгийг устгахаар шийдвэрлэж, шүүгдэгч Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч А.Б , Ч.С  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х овогт Б.Э , Г овогт Б.Э , Б овогт А.Б , Х овогт О.М  нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарыг цагаатгасугай.

  2. Шүүгдэгч Б овогт А.Б г Эрүүгийн хуулийн ерөнхийангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих звшөөрөлгүйгээр ховор ургамал түүсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Ч.С ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  3. Шүүгдэгч А.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ч.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч А.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, 10800 /арван мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10800000 /арван сая найман зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзаасныг баримтлан шүүгдэгч А.Б д оногдуулсан 10.800.000 /арван сая найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг сар бүр 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн, шүүгдэгч Ч.С ад оногдуулсан 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг сар бүр 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож, торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч А.Б , Ч.С  нарт сануулсугай.

  6. Энэ хэрэгт шүүгдэгч А.Б , Ч.С , А.Б , Ч.С ,Б.Э , Б.Э , А.Б , О.М  нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн металл хайгч нэг ком, хандгайн хуучин эвэр нэг ширхэг, арван нэгэн ширхэг шар өнгийн алт мэт металл зэргийг хурааж, үнийг улсын орлого болгож, төмөр хүрз гурван ширхэг, дэгээ төмөр дөрвөн ширхэг, дөрвөн хэсэг бүхэл ургамал /чаг мөөг/, хоёр хэсэг өвсөн ургамал зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд тус тус даалгасугай.

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б , Ч.С  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Б , Ч.С  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ЦЭРЭНХАНД