Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/273

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагчаар ахлах прокурор Л.Отгончимэг,

Хохирогч Д.Э-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч Ц.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох эрүүгийн 1738003520114 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ц.Б.

Шүүгдэгч Ц.Б- нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд явдаг засмал зам дээр ... улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож уг автомашинд зорчиж явсан Ц.Г-ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг

шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ц.Б-г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

  • Гэрч Д.С-аас Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын бүдүүвч зураг /хх-ийн 6-11 дүгээр хуудас/,
  • Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15 дугаар хуудас/,
  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-19  дүгээр хуудас/,
  • Хохирогч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 30-ны өглөө би хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд явж байтал манай найз А- над руу ... дугаарын утсаар залгаад “Ц.Г- осолд орсон юм шиг байна. Гар утсыг нь цагдаа аваад байна гэнэ чи яриач” гэхээр нь нөхрийнхөө гар утас руу нь залгаад осол болсон талаар мэдсэн. Тэгээд шууд эмнэлэг дээр очиход нөхөр маань нас барсан байсан. ...Би осол болох үед хамт явсан эмэгтэй хүнийг машин жолоодож явсан гэж бодож байгаа. Манай нөхөр архи уугаад согтохоороо биеэ ч даахгүй уначихдаг болохоор машинаа унах чадваргүй байсан байх гэж бодож байна. Мөн Хатгал чиглэлд явах ямар ажил, зорилго байхгүй тийшээ явна гэж байхгүй. Хэрвээ нөхөр маань жолоо барьж явсан бол энэ олон жил машин жолоодож байгаа болохоор осол гаргах хэмжээнд явахгүй байх гэж бодож байна. Осол болсон гэж мэдээд эмнэлэг ороход хамт явсан хүүхэн нь “манай ангийнхан Хатгалд байсан болохоор бид хоёр Хатгал явах гэж байсан юм” гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
  • Гэрч Д.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Манай газрын дарга болон байгууллагын дарга нь Хөвсгөл аймгийн Ханх суманд ажиллаад 2017 оны 12 дугаар сарын 29-ний орой 19 цаг болж байхад Ханх сумаас Мөрөнгийн чиглэлд хөдөлсөн. Миний машин дотор манай дарга, худалдан авах ажиллагааны газрын ажилтан Ц-, өмчийн газрын ажилтан Л- нар сууж явсан. Би явсаар Мөрөн орохын алдад Мөрөнгөөс 19 километрийн зайтай газарт замын баруун талд нэг цагаан өнгийн суудлын машин онхолдсон байдалтай харагдахаар нь зогссон. Намайг очоод зогсоход миний урд хилийн цэргийн машин, эрүүл мэндийн газрын машин хоёр зогссон байсан. Би машинаас буугаад эрүүл мэндийн газрын жолооч Бэхээгийн хамт унасан машин руу машиныхаа гэрлийг тусгаад далан руу буугаад хартал унасан машины урдхан талд нэг эрэгтэй хүн хэвтэж байхаар нь яваад очтол тэр залуу сул дуугаар яриад: “нуруу өвдөж байна, балай хүүхэнд машин бариулчихсан чинь уначихлаа” гэх шиг болсон. Тэгэхээр нь би хамт хүн явсан юм байна даа гээд асуутал нэг хүүхэн эрүүл мэндийн газрын машинд суусан байсан. Тэгтэл эрүүл мэндийн газрын дарга эмнэлэгт дуудлага өгсөн. Би цагдаад дуудлага өгсөн. ...балай хүүхэнд машин бариулчихсан чинь уначихлаа гэж хэлсэн. ...М.Ү- дарга: яасан юу болсон машин хэн жолоодож явсан юм бэ гэж асуухад өөдөөс нь тэр залуу: балай хүүхэнд машин бариулснаас боллоо гэх шиг болсон. ...Тухайн үед би тэгж л сонсогдсон санагдаж байна. Балай хүүхэнд машин бариулсан ч гэл үү, балай хүүхнээс боллоо ч гэл үү одоо сайн санахгүй байна. ...М.Ү- дарга, Бэхбат жолооч бид гурав тэр залуу дээр очиход тэр залуу: балай хүүхнээс боллоо ч бил үү, балай хүүхэнд бариулсан ч бил үү тэгж хэлсэн. Тэр яриаг нь сонсоод би машиныг нь хүүхэн нь жолоодож явсан юм байна даа гэж ойлгосон. Яг бариулсан гэл үү, балай хүүхнээс боллоо гэл үү одоо сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 29, 211 дүгээр хуудас/,
  • Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Хөвсгөл аймгийн төрийн байгууллагуудын дарга нар болон манай дарга нар Хөвсгөл аймгийн Ханх суманд албан томилолтоор ажилласан. 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн орчимд Ханх суманд очсон албаны бүх машинууд цуваад Мөрөнгийн чиглэлд хөдөлсөн. Миний машин дотор эрүүл мэндийн газрын дарга М.Ү-, Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга Б.Б-, мэргэжилтэн Өлзийсайхан, аймгийн дотоод аудитын Нэргүй нар сууж явсан ба бид нар сааталгүй явсаар өглөө 05 цагийн орчимд Хужиртын даваа уруудаад ороод иртэл зам голлоод нэг хүүхэн машины урдуур ороод ирсэн. Тэгэхээр нь замаа чөлөөлөөд зогстол тэр хүүхэн нэлээд согтуу бид нарын араас нэг юм хөөгөөд байна. Тэр дор хүмүүс байгаад байна гээд сонин сонин чөтгөр сүнс яриад байхаар нь гайхаад байж байтал араас газрын албаны машин ороод ирэхээр нь тэрний жолоочид хэлээд машиныг нь зам хөндөлдүүлээд замын баруун тал руу гэрэл тусгуулаад хартал цагаан өнгийн суудлын тэрэг онхолдсон бололтой ойр орчимд нь нэг хүн ёолоод байсан. Тэгэхээр нь М.Ү- дарга бид хоёр машины тийшээ яваад очсон чинь унасан машинаас урагшаа 5-6 метр зайтай газарт чулуун дунд дэрсний хажууд нэг залуу дээшээ харсан хэвтэж байсан. Тэр залууг М.Ү- эмч үзэж байхад би эмнэлэг рүү дуудлага өгсөн. Цагдаа руу газрын албаны жолооч дуудлага өгсөн. Тэгээд М.Ү- дарга бид хоёр тэр залууг өргөөд унасан машиных нь арын суудал дээр хэвтүүлээд хувцасаар нь хучсан. Тэр залуу бараг хөлдөж байна уу гэмээр байсан. Өөрөө болохоор даараад байна хөлдөж үхлээ гэж байсан. ...Яагаад унасан юм бэ яагаад ийм юм болчихов оо гэсэн чинь тэр залуу өөдөөс “балай хүүхнээс болоод ингэчихлээ” гэж байсан. Тэгэхээр нь би машиныг хэн унаж явсан юм бэ гэж асуухаар “балай хүүхнээс болоод ингэчихлээ” л гэж хэлсэн. Яг ингэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр хүүхэн утгагүй яриан дундаа бид нар Хатгал явж байсан, би машин барьж байсан гэснээ, өөр нэг хүн машин барьж явсандаа тэр хүн хайччихваа гээд байсан. ...Харин манай дарга, жолооч хоёр машин дотроо орж ирж суугаад Мөрөн явж байх замдаа “саяын залуу балай эмэгтэйд машин бариулсан чинь унагаачихлаа гэж байна гэнээ” гэж хоорондоо ярьж байсан. Тэр хоёрын яриаг сонсоод бид нар осолд орсон хоёр хүнийг нэг гэр бүлийн хоёр биш юм байна гэж ойлгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
  • Гэрч М.Ү-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд яасан яагаад ингэчихэв ээ машин хэнийх юм бэ гэсэн чинь Ц.Г- “энэ балай хүүхнээс болчихлоо, машин нь миний машин байгаа юм” гэхээр нь би Ц.Г-ын эхнэрийг таньдаг болохоор энэ юун эмэгтэй юм бэ, чи эхнэрээсээ салсан юм уу гэсэн чинь үгүй ээ манай ангийн хүүхэд байгаа юм гэж хэлсэн. ...машин яагаад унасан, юунаас болсон гэж хэлээгүй, яагаад ингэчихэв ээ гэхэд “балай хүүхнээс боллоо” л гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 145 дугаартай:

“1.2. Задлан шинжилгээгээр талийгаачийн цогцост хэвлий, цээж, тархинд битүү гэмтэл тогтоогдсон ба зулайн хуйханд шарх, баруун нүдний зовхи, баруун мөр, баруун, зүүн сарвуу, баруун, зүүн өвдөг, зүүн гуя, шилбэ, шагай, тавхайнд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

3.5. Дээрх гэмтүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд зам тээврийн ослын улмаас хүний биеийн хүчнээс давсан хэт хүчтэй хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

4. Талийгаачийн хэвлийд учирсан битүү гэмтэл нь үхэлд шууд хүргэсэн бөгөөд цээж болон тархинд үүссэн гэмтэл нь үхэлд хүргэхэд дам байдлаар нөлөөлсөн байна. Биед учирсан гэмтлүүд нь үхэлд хүргэхэд шууд нөлөөлөөгүй болно.

6. Задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлсөн архаг хууч өвчин илрээгүй болно.

7. Талийгаач Ц.Г- нь зам тээврийн ослын улмаас хэвлий, цээж, тархин тус газраа амь насанд аюултай хүнд зэргийн битүү гэмтэл авч цус алдалтын шокын улмаас амьсгал болон зүрх зогсож нас барсан байна.

8. Талийгаачийн үхлийн шалтгаан нь дээрх онош болон задлан шинжилгээний тэмдэглэлд дурдагдсан болон шинжүүд, фото зургийн үзүүлэлтээр батлагдаж байна.

9. Ц.Г-ын цогцосноос авсан шингэн цус нь шинжилгээнд тэнцэж байна.

10.11. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 3.5 % этилийн спирт илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтод хамаарна. Талийгаач Ц.Г- нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба хүчтэй зэргийн согтолттой байжээ” гэх дүгнэлт /хх-ийн 43-45 дугаар хуудас,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 117 дугаартай: “Ц.Г-ын цогцосноос авсан цусанд 3.5% спиртийн агууламж илэрч байна” гэх дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Ц.Г-ын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 214 дугаартай: “Хэргийн газраас бэхжүүлж авсан гэх жолоочийн суудлын бүрээснээс бэхжүүлж авсан цусны ДНХ-ийн тогтоц Ц.Б-гийн ДНХ-ийн тогтоцтой 16 генетик үзүүлэлтээр тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн 65 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээч А.Мөнх-Эрдэнийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаартай: “Жолоочийн үйлдэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7-ийн а-д заасан “Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн” гэх дүгнэлт /хх-ийн 69 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Ц.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр талийгаач их сэтгэл санааны хямралтай байсан бас их ч зүйл ярилцаж би өгсөн зүйлийг нь уусан. Надад ярихдаа “би том тэрэг барьдаг, манай эхнэр намайг хуураад байна энэ талаар их олон хүн надад хэллээ үүнээс болоод миний амьдрал сүүлийн 2 сар хэцүү байна” гэж байсан. Тэгээд өөр хүнтэй болох талаараа хэлэхэд нь би эхнэрийг нь өмөөрч байсан. Тэгээд нэлээдгүй зүйл ярилцаж байтал байн байн Хатгал явъя гээд байсан. Би явахгүй гэж хэлсэн. Миний нойр хүрээд би ч согтчихсон байсан. Машинд нь суугаад унтчихсан. Нэг мэдэхэд л осолд орчихсон байсан.Би машин барих чадваргүй байсан. Талийгаач намайг ирж авахад миний баруун гар талд сууж байсан. Би машин бариагүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ болон зарим нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүрэлдүүлэгч үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг байдаг.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ц.Б-д холбогдох Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуугаар зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгч Ц.Б-гийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Б-г цагаатгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б-гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуугаар зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон шинжтэй байхаар хуульчлагдсан байна. 

Яллах дүгнэлтэд бичсэнээр “Ц.Б-г согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд явдаг засмал зам дээр ... улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож уг автомашинд зорчиж явсан Ц.Г-ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн” гэж буруутгажээ.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар 2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө, Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд явдаг засмал зам дээр ... улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, зам тээврийн осол гарч, 1 хүний амь нас хохирсон байна. Харин энэхүү зам тээврийн осол хэний буруутай үйлдлээс болсон бэ гэдэг нь эргэлзээтэй байна.

Улсын яллагчийн яллах дүгнэлтэнд дурдаж, шүүгдэгчийг буруутгаж байгаа нотлох баримтуудыг шинжлэн судалбал:

- Шүүгдэгч Ц.Б-г тухайн үед ... улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, осолд орох үедээ тархинаас нь цус гарч жолоочийн суудаг суудлын бүрээсэнд наалдсан талаар улсын яллагч шүүх хуралдаанд мэтгэлцэж энэ талаар “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл” /хх-ийн 16-19/-г нотлох баримтаа болгожээ.

 Уг нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд ...эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэх хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн байна. Тодруулбал уг үзлэгийг хийхдээ мөрдөгч нь хөндлөнгийн хоёр гэрч, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлээгүй байна.

- Мөн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Ц.Г-ын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 214 дугаартай дүгнэлт /хх-ийн 65/ нь дээрх үзлэг хийх ажиллагааны үеэр хураан авсан жолоочийн суудлын түшлэгийн бүрээсэн дээрх цусанд ДНХ-н тогтоцыг тогтоосон зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй”-д хүрч байна.

- Гэрч Д.С-, М.Ү-, Т.Б- нарын мэдүүлгийг бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судлах,нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох бармтыг шалгаж үзвэл дээрх гэрч нарын мэдүүлэгт амь хохирогч Ц.Г-ын тухайн үед хэлсэн зүйлийг ярьдаг.

Зам тээврийн осолд орсон амь хохирогч Ц.Г- тухайн үед үнэн зөв хэлсэн гэж үзэхэд эргэлзээ төрж байна.

  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 145 дугаартай дүгнэлтэнд: “...Талийгаач Ц.Г- нь зам тээврийн ослын улмаас хэвлий, цээж, тархин тус газраа амь насанд аюултай хүнд зэргийн битүү гэмтэл авч цус алдалтын шокын улмаас амьсгал болон зүрх зогсож нас барсан байна...Шүүх химийн шинжилгээгээр цусанд 3.5 % этилийн спирт илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтод хамаарна. Талийгаач Ц.Г- нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба хүчтэй зэргийн согтолттой байжээ” гэх дүгнэлт /хх-ийн 43-45 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 117 дугаартай: “Ц.Г-ын цогцосноос авсан цусанд 3.5% спиртийн агууламж илэрч байна” гэх дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/ зэргээс үзвэл талийгаач Ц.Г- зам тээврийн ослын улмаас хэвлий, цээж, тархин тус газраа амь насанд аюултай хүнд зэргийн битүү гэмтэл авч,  цус алдаж, шоконд орсон ба тухайн үедээ хүнд зэргийн буюу хүчтэй зэргийн  согтолттой, түүний цусанд 3.5 % этилийн спирт илэрсэн байна.

Энэ нь талийгаач Ц.Г-ын хувьд өвчний болон хүчтэй зэргийн согтолтын улмаас тухайн үеийн нөхцөл байдлыг зөв ойлгож, ярих чадвартай байсан эсэхэд эргэлзээ төрж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4.4, 8 дахь хэсгүүд, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу эргэлзэх үндэслэл бүхий нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм. Түүнчлэн эрх зүйн шинжлэх ухаан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт согтуурсан, мансуурсан хүнээс мэдүүлэг тайлбар авдаггүй, нотлох баримтаар үнэлдэггүй нь тухайн этгээд өөрийгөө хянаж, удирдан жолоодох чадвараа алддаг, орчиндоо өрнөж байгаа үйл явдлыг зөвөөр тусгах чадваргүй болдогтой холбоотой юм.

Иймд гэрч Д.С-ын мэдүүлэгт: ”...балай хүүхэнд машин бариулчихсан чинь уначихлаа гэх шиг болсон...Балай хүүхэнд машин бариулсан ч гэл үү, балай хүүхнээс боллоо ч гэл үү одоо сайн санахгүй байна...Яг бариулсан гэл үү, балай хүүхнээс боллоо гэл үү одоо сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 29, 211/, Гэрч Т.Б-ийн мэдүүлэгт: “...Яагаад унасан юм бэ яагаад ийм юм болчихов оо гэсэн чинь тэр залуу өөдөөс “балай хүүхнээс болоод ингэчихлээ” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/, Гэрч М.Ү-ын мэдүүлэгт: “...Тэгээд яасан яагаад ингэчихэв ээ машин хэнийх юм бэ гэсэн чинь Ц.Г- “энэ балай хүүхнээс болчихлоо...” гэх мэдүүлгүүд нь эх сурвалжийн хувьд эргэлзээтэй тул нотлох баримтаар тооцох боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр гэрч Д.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...балай хүүхэнд машин бариулчихсан чинь уначихлаа гэх шиг болсон. ... Балай хүүхэнд машин бариулсан ч гэл үү, балай хүүхнээс боллоо ч гэл үү одоо сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29, 211/, Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Яагаад унасан юм бэ яагаад ийм юм болчихов оо гэсэн чинь тэр залуу өөдөөс “балай хүүхнээс болоод ингэчихлээ” гэж байсан. Тэгэхээр нь би машиныг хэн унаж явсан юм бэ гэж асуухаар “балай хүүхнээс болоод ингэчихлээ” л гэж хэлсэн. Яг ингэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 35/, Гэрч М.Ү-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд яасан яагаад ингэчихэв ээ машин хэнийх юм бэ гэсэн чинь Ц.Г- “энэ балай хүүхнээс болчихлоо, машин нь миний машин байгаа юм”, ...машин яагаад унасан, юунаас болсон гэж хэлээгүй, яагаад ингэчихэв ээ гэхэд “балай хүүхнээс боллоо” л гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/ зэрэг нь шүүгдэгч Ц.Б-г тухайн үед автомашин жолоодож явсан эсэхэд, гэрч нарын “балай хүүхэн” гэсэн нь чухам хэнийг хэлээд байгаад эргэлзээтэй байна.

Мөн дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй гэрч нарын мэдүүлэгт үндэслэсэн дамжмал нотлох баримт болох гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 37-38/, гэрч Д.Өлзийсайханы мэдүүлэг /хх-ийн 213-214/, гэрч В.Нэргүйн мэдүүлэг /хх-ийн 216-217/ зэрэг нь хэргийн бодит байдлыг бүрэн дүүрэн илэрхийлсэн эсэхэд эргэлзээ үүсч, мөн адил шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Шүүхээс шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэргийн нотлох баримтыг нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдал болон тухайн хэрэгт холбогдсон хүний гэм бурууг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг бөгөөд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хангалттай нотлогдоогүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж авсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтийг яллах талын гол нотлох баримтаар тооцуулахаар хэрэгт хавсарган ирүүлсэн байх тул дээрх нөхцөл байдлуудаас шалтгаалан шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан учир эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “…энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж хуульчилсан.

Яллах дүгнэлтийн үндэслэл болсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-19  дүгээр хуудас/, мөн дээрх нотлох баримтад үндэслэн цуглуулж, бэхжүүлсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Ц.Г-ын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 214 дугаартай дүгнэлт /хх-ийн 65/ зэрэг нь хууль зүйн хувьд нотлох баримтаар тооцохгүй болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, ...нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсний дагуу дээрх нотлох баримтуудын эх сурвалж нь хангалтгүй байна.

Иймд шүүгдэгч Ц.Б-гийн үйлдэлд гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс хүчингүй болгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Шүүгдэгч Ц.Б-гийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүнийг цагаатгасан тул хохирогч Д.Э-ийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Энэхүү цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 1738003520114 дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Д-д даалгаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь

хэсэгт “Шүүхийн цагаатгах тогтоолд шүүгдэгч энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй” тул шүүгдэгч нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар төрөөс нэхэмжлэх эрхтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон          

ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1738003520114 дугаартай хэргийг шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Б-г цагаатгасугай.
  2. Шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн хүчингүй болгосугай.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч Д.Э-ийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 1738003520114 дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцаасугай.
  7. Энэхүү шийдвэр нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 1738003520114 дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Д-д даалгасугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн

5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.АЗЖАРГАЛ