Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 03

 

Г, Д нарт холбогдох 

эрүүгийн хэргийн тухай

 

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, 

Прокурор Ц.Сайнхүү, 

Шүүгдэгч Г.Ганбаатарын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

ШүүгдэгчЭ.Дагвадоржийн өмгөөлөгч Б.Болормаа,

Хохирогч Н, Ч нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 214 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр Г, Д нарт холбогдох 1617000000008 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны хүлээн авч шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн албадан ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг зааснаар 2 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж биечлэн эдлэх ялыг 2 жил 4 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг эдэлж байгаад 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 11 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 3 сар 01 хоногийн баривчлах ялыг өршөөн хэлтрүүлсэн, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар ногдох хөрөнгөөс хоёр зуун мянган төгрөг хурааж, таван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж одоо ялаа эдэлж байгаа, хэрэг хариуцах чадвартай, Г

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  урьд Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22--э! өдрийн 04 дугаар шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө суллагдсан, хэрэг ориуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, Д нар нь шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор, бүлэглэн, машин механизм ашиглаж бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  33.3 дугаар зүйлийн 1.2, 1,3 дахь хэсэгт зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г, Д нарт холбогдох 1716000000008 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авсанаас  хойш   ажлын   5   хоногт   багтаан эсэргүүцэл   бичих   эрхтэй   болохыг тайлбарлаж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдаж шийдвэрлэжээ. 

 

Прокурор эсэргүүцэл, шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн 1716000000008 дугаартай хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.Үүнд:

1. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, яллагдагч Д нараас гаргаж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хийж 160 дугаартай хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар хэргийн материал танилцуулах үед ямар нэг хүсэлт гаргаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж анхан шатны шүүхээр хүсэлтийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 164 дугаартай захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгчийн дээрх захирамжаас харахад оролцогч нар хэргийн материалтай танилцах үед мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт гаргаагүй учир шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн материалтай танилцаад мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт гаргаагүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтийг шийдвэрлэхгүй гэсэн заалт байхгүй бөгөөд нөгөө талаас шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэн яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж анхан шатны шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1,3 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч нь гэм буруутай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан хэлэлцэнэ. Мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсвэл цагаатгах хэлбэртэй байна гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр Т-ын дөнжин үнээ, Б-ын 2 бяруу зэрэгт эхэд ДНК-ийн шинжилгээг Хөдөө аж ахуйн сургуульд хийлгэх нь зүйтэй байна гэж үзсэн учир дутагдалтай байна. Хавтас хэрэгт авагдсан таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1хх-206-208/,/1хх-211-217/-д Хохирогч Т-алын алдагдсан үхрийг малладаг байсан Ж гэгч таньж олоод иргэний нэхэмжлэгч Р-ийн үхрээс авсан байдаг, мөн яллагдагч Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад худал хэлж П гэх хүнээс авсан үхрийг Р-д өгсөн гэх мэдүүлэг өгсөний дагуу П гэх хүнээр Г-д өгсөн үхрийг таниулахад хохирогч Т-ын алдагдсан үхрийг хараад миний өгсөн үхэр биш байна гэж мэдүүлсэн, үүний дараа яллагдагч Г нь П-ээс авсан үхэр гэж би худлаа хэлсэн Л-ээс авсан үхрийг Р-д өгсөн гэж мэдүүлсний дараа мөн хохирогч Т, Ж нарын өөрийн үхэр гэж таньсан үхрийг бусад үхрээс таниулах ажиллагааг гэрч Л-ээр хийлгэхэд хохирогчийн үхрийг Г-д  өгсөн үхэртэй төстэй юм байна. Бусад үхрийг бол хараагүй. Гэрэл зургийг ойртуулж харуулахад Г-д өгсөн үхрийн цавиар, цээжинд, сүүлэндээ цагаантай байсан гэвч энэ үхрийн цавиар цагаан алга байна. Цээж сүүлэндээ цагаан байна. Тийм учраас миний Г-д өгсөн үхэр биш байна гэж хэлсэн байдаг. Мөн хохирогч Б-ын алдагдсан 13 бярууны хэрэг дээр мөн таньж олуулах ажиллагаа хийж хохирогч өөрийн үхрээ таниад аваад ирсэн байдаг, мөн иргэний нэхэмжлэгч Б нь автомашины зөрүүнд яллагдагч Д-с 4 бяруу авсан гэдгийг мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд мэдүүлдэг, дээрх мэдүүлэг буюу Д-с машины зөрүүнд 4 бяруу авсан гэдгийг бусад гэрч нар нотолдог. Дээрх нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж хавтас хэрэгт авагдсан байхад шүүх үнэлээгүй байна. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон хүнс хөдөө аж ахуйн газраас малын ДНК-ийн шинжилгээг шинжилгээ хийдэггүй талаар албан бичиг хэрэгт авагдсан, Мөн Малын удмын сангийн үндэсний төвд албан бичиг хүргүүлэхэд мөн малын ДНК-ын шинжилгээ хийдэггүй гэсэн албан бичиг ирүүлснийг хэрэгт тус тус хавсаргасан бөгөөд шүүхээс хөдөө аж ахуйн сургуульд хийлгэх гэж ямар нотлох баримтыг үндэслэж хэргийг буцаасан нь ойлгомжгүй, үнэхээр ДНК-ийн шинжилгээ хийлгэхээр бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэхээр байхад анхан шатны шүүхээс хэргийг буцааж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Нөгөө талаас хулгайн гэмт хэрэг нууц далд аргаар үйлдэгддэг бөгөөд хавтас хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх үнэлээгүй, яллагдагч нарын үгээр хэргийг буцааж байгаа байдал нь харагдаж байгаа бөгөөд мал хулгайлсан этгээд бүр мөрдөн байцаалт болон шүүхэд худал хэлснээр ДНК-ийн шинжилгээ хийлгээд байвал орон нутаг бүү хэл улсын хэмжээнд буруу жишиг практик тогтох магадлалтай байна.

Хохирогч Н-ын 6 тооны адуу хулгайлсан гэх үйлдэлд мөрдөгч нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж гэрч А-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж мэдүүлэг авсан гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Тухайлбал гэрч А-аас мэдүүлэг авах үед өмгөөлөгч М.Энхзаяа 2 удаа оролцсон бөгөөд М.Энхзаяагаар мэдүүлэг авсны дараа нөхөж гарын үсэг зуруулсан гэж шүүх үзсэн байна. Хавтас хэрэгт өмгөөлөгч М.Энхзаяа нь нөхөж гарын үсэг зурсан, байцаалт авахад байгаагүй гэдгийг нотолсон баримт огт байхгүй байхад шүүх хийсвэр байдлаар дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр шүүгчийн захирамжид дурьдсан 2016 оны 11 сарын 1-ний өдөр мөрдөн байцаагч нь А-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналаа прокурорт гаргаж /1-р хх-ийн 112-р хуудас/, прокурор нь 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 05 дугаартай тогтоолоороо /3-р хх-ийн 93-94-р хуудас/ хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзсэн байна. Прокурорын 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 05 дугаартай тогтоол нь А нь Д-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэх 201607000065 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол бөгөөд Н-ын 6 адууны хэрэгт татагдсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тогтоол биш юм.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, өөрөөр хэлбэл урьдчилсан хэлэлцүүлгээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх боломжгүй гэж дүгнэж яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн мөртлөө анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцаасан, мөн илт үндэслэлгүйгээр, нотлох баримтад тулгуурлалгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд Г, Д нарт холбогдох Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 214 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ. 

 

Хохирогч Н, Б нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан: Хэргийг мөрдөн байцаалтад буцаасан захирамжийн тухайд Б-ын хувьд 13 бяруугаа алдсан байдаг. Үүн дээр бярууных нь эхээс ДНК-ийн шинжилгээ авах шаардлагатай гэж үзэж буцаасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Яагаад гэхээр Б нь тухайн үед таньж олуулах ажиллагаа хийгээд одоо энэ ДНК-ийн шинжилгээ хийлгэх гээд байгаа бяруунуудаа Баянхонгор аймгаас буцаагаад өөрийн хотондоо аваад ирчихсэн байгаа. Тиймээс үүн дээр заавал ДНК-ийн шинжилгээ хийх шаардлагагүй гэж үзэж байгаа учраас мөрдөн байцаалтад буцаасан захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүгдэгч Г-ын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ: Мөрдөн байцаалтын шатанд Г, Д нарын өмгөөлөгчөөр оролцож байсан. Хэргийн нөхцөл байдлын тухайд анхан шатны шүүхээс дүгнэлт хийхдээ нотлох баримтуудыг нотлогдоогүй талаар дүгнэлт хийж байсан. Ингэхдээ шууд прокурорт буцаасан. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаан зарлахаасаа өмнө урьдчилсан хэлэлцүүлэг дээр хэргийг мөрдөн байцаалтанд буцаалгах саналтай байсан. Гэвч миний хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр анхан шатны шүүх хуралдааныг товлосон. Анхан шатны шүүх хуралдаан товлогдоод зарлагдахаар нь анхан шатны шүүхээс цагаатгах буюу шийтгэх тогтоол гарах юм байна. Тийм учраас цагаатгаж өгнө үү? гэсэн байр суурьтай байсан. Гэвч нотлох баримтууд эргэлзээтэй үнэлэх боломжгүй гэдэг байдлаар ч юмуу, мөрдөн байцаалтын ажиллагааг нөхөж хийлгэхээр ч юм уу? хүлээж аваагүй хүсэлтийг хагнасан болгож хэргийг поркурорт буцааж байгаа нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд үндэслэлгүй гэж үзэж байгаа.

Өнөөдөр анхан шатны шүүх хуралдаанд ороод гаргаж байгаа шийдвэр цагаатгах эсхүл шийтгэх тогтоол гарах ёстой байсан. Гэтэл нотлох баримтууд эргэлзээтэй байна гэдэг үндэслэлээр буцааж байгаа юм. Өмнө нь мөрдөн шалгах ажиллагаа хийлгээд өгөөчээ гэхэд хүлээж авахгүй байснаа прокурорт буцааж байгаа нь шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийн тухайд авч үзэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэдэг ойлголт шүүгчийн захирамжид байгаагүй байх гэж үзэж байна. Мөн эрүүгийн хуулийн ноцтой зөрчсөн гэж Эрүүгийн хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлүүдэд зааснаа тайлбарлаж чадсангүй гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх цагаатгах буюу шийтгэх тогтоол гаргах ёстой байсныг зөрчсөн гэж үзэж байгаа. Хэргийн материалтайгаа танилцахдаа хүсэлт гаргаагүй гэж анхан шатны шүүх үзсэн байдаг. Ингэхдээ мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч миний бие гаргаагүй ч гэсэн Миний үйлчлүүлэгч удаа дараа ДНК-ийн шинжилгээ хийлгэж өгөөч гэхэд хийгдэх боломжгүй гэж 2 газраас ирсэн. Тэгээд судлаад үзэхэд хөдөө аж ахуйн сургуулийн дэргэдэх мал эмнэлгийн хүрээлэнд хийдэг юм байна гээд урьдчилсан хэлэлцүүлэг зарласан чинь хийдэг хийдэг үгүй нь тодорхойгүй байна. Үүнийг хийлгэх боломжгүй гэж шийдвэрлэж байсан юм. Гэвч энэ асуудлыг шийдэж байгаа нь шүүгдэгчийн гэм буруутай асуудлыг тогтоох гэж нэг тал руугаа явагдаж байна. Нотлох баримт нь эргэлзээтэй байгаа учраас шүүгдэгчийн энэ байдлыг нотлох гээд үзээд байгаа нь бидэнд эргэлзээ төрүүлж эхэлж байгаа. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхэр дахин шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа. Яагаад гэхээр нотлох баримт эргэлзээтэй юм уу хууль зөрчсөн байвал шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл үүнийг нотлох заавал нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гээд байгаа үйлдэл нь шүүгдэгчийн эрх ашгийг хөндөх нь хууль зөрчсөн үйлдэл юм гэж үзэж байгаа. Улсын яллагч эсэргүүцлийн үндэслэлээ тайлбарлахдаа нотлох баримтуудыг хэлж байна. Нотлох баримтууд ингэж, ингэж тогтоодож байхад шүүгч эргэлзээтэй гэж дүгнэлээ гэдэг байдлаар хэлж байна. Үүнд няцаалт хийе гэж бодлоо. Л-ийн 6 үнээ гэдгийг Г гэдэг хүн өөрөө авч явснаа хүлээн зөвшөөрдөг. 13 бяруу Д дээр яригддаг. Энэ бярууны үнэлгээ, малын үнэлгээ энэ 4, 5-н хавтаст хэрэгт хүн хүнээсээ шалтгаалаад өөр өөр байдаг. Тийм учраас тухайн үед би үнэлгээг дахин гаргаж өгөөчээ гэсэн хүсэлт гаргаж байсан. Ингэхэд анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлах явцад шүүгдэгч нарын үйлдэл огт нотлогдохгүй байна. Нотлох баримтууд нь хууль зөрчсөн байна гэдэг үүднээс цагаатгах боломжтой нөхцөл байдал бий болж эхэлсэн. Тийм учраас би энэ хүсэлтүүдээсээ татгалзаад цагаатгаж өгөөчээ гэсэн санлыг шүүх хуралдаан дээр гаргасан.  6 адууны үнэлгээ илт хууль зөрчсөн байдаг. Мөн энэ үйлдлийг нотлодог нэг л хүн байдаг. Тэр нь А гэж хүн. Энэ хүн шүүгдэгч Д-ийн төрсөн ах нь юм. Мөрдөн байцаалтаар шүүгч юу гэж дүгнэдэг вэ гэхээр шүүхэд нотлох баримт шинжлэн судлах явцад шүүгчийн эргэлзээтэй байдал нотлох баримтыг яаж цуглуулсан бэ? гэдэг нь харагдсан байх гэж бодож байна. 13 бяруу буюу энэ хэргээс тусгаарласан 8 үхрийн асуудал яригддаг. Энэ 8 үхэр, 6 адууны үйлдлийн талаар А-д эрүү шүүлт тулгаж байгаад мэдүүлэг авсан байдаг. Хоёуланг нь нэг дор бүх үйлдэлд нь энэ 2 мэдүүүлэг явдаг. Гэтэл нөгөө 8 үхэр нь Баянхонгор аймагт байгаа шүүхээр шийдэгдсэн он сартай давхацсан учраас тусгаарлагдсан. Тэгэхээр үүнээс харахад А-д байгаагүй зүйлийг яаж байсан болгож мэдүүлэг авсан нь маш тодорхой харагдаж байна. Дараа нь О-ын 2 үхэр гэдэг юм. О 2 үхэр яасан гэсэн чинь хэргийн газрын үзлэг хийхдээ шинжилгээ хийдэг. Ингэхдээ дугуйны ул мөрийг зургаар аваад дугуйны хээнээс шинжилгээ хийдэг. Гэтэл хэргийн газраас 2 ширхэг гутлын улны мөр олдог. Тэр мөрөө нэгч удаа шинжлүүлээгүй, шинжлүүлье ч гэдэггүй. Гэвч тэр нь дугуйны хээ авч бэхжүүлсэн шиг нь хавтаст хэрэгт мөн байж байдаг. Мөн дөнжин үнээнд яагаад заавал ДНК-ийн шнжилгээ хийлгэх шаардлагатай вэ? гэхээр өнөөдөр улсын яллагчийн хэлж байгаагаар хэлсэн. Таньж олуулах ажиллагаа хийлгэсэн гээд. Гэтэл хохирогчийн хэлээд байгаа нас нь зөрөөд явчихдаг. Гунжин үхэр алдсан байснаа дөнж болчихсон. Гунж дөнж хоёрын аль нь юм бэ? гэхээр он гарахаар дөнж болно гэдэг. Хэрвээ гунж юм бол гунж нь бяруутай болчихно. Яагаад бяруутай болох вэ гэхээр тугаланда хээл авчихсан болж таарч байгаа юм. Энэ байдлаасаа зөрүүтэй байгаа учраас шүүгч заавал шалгуулах шаардлагатай юм байна гэж үзсэн байх. Гэхдээ энэ нотлох баримтууд ингэж үгүйсгэгдэж байгаагаараа шүүгдэгчийг цагаатгах бүрэн боломжтой байсан. Гэтэл  анхан шатны шүүх цагаатгалгүй прокурорт буцаасан. Миний хувьд анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлж өгнө үү?  Шүүгдэгчийн эрх ашгийг хөндөөд байна. Заавал нотлох гээд байх шаардлагагүй. Шүүгч өнөөдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон, эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг ноцтой зөрчөөд авчихсан нотлох баримтыг үнэлэх болон үнэлэхгүйгээр шүүгдэгчийг цагаатгах бүрэн боломжтой байсан. Гэтэл үүнийг хүлээж авахгүйгээр яллах талыг барьж прокурорт буцаасан гэж үзэж байгаа. Тиймээс анхан шатны шүүхээр оруулж өгнө үү? гэсэн саналтай байна гэв.

 

 

Шүүгдэгч Д-ийн өмгөөлөгч Б.Болормаа: 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 214 дугаартай шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан захирамж юм. Гэхдээ Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэл байхгүй байгаа юм. Мөн Д-ийн тухайд Б-ын 13 бярууг Баянхонгор аймгаас таньж олуулаад аваад ирсэн гэж ярьдаг. Таньж олуулах ажиллагаа хийлгээд аваад ирсэн байхад Б хүний үхрийг аваад ирсэн байх жишээтэй. Мөн О-ын 2 үхэр дээр Хавчигийн даваа руу хүний мотоцикль авч ирэх гээд явсан. Тэгж явахдаа гурвуулаа явсан гэж яриад байхад 3 дахь хүнийг асууж тодруулахгүйгээр мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан байдаг. Шүүгчийн захирамжийн тухайд шүүгч эдгээр шүүх хуралдааныг нөхөн гүйцэтгэх боломжгүй зүйлүүдийг прокурорт буцаасан байх. Энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд бүрэн гүйцэт тогтоогдоогүй. Гэхдээ шүүх, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр өмөөлөгч, шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг үндэслээд буцааж болох байтал анхан шатны хурлаар буцаасан байдаг. Тэгэхээр шүүгчийн 214 дугаартай захирамжийг өмгөөлөгчийн зүгээс доторх агуулгын хувьд хүлээн зөвшөөрч байгаа. Шийдвэрийн хэлбэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд зааснаар цагаатгах буюу шийтгэх гэсэн 2 хэлбэртэй байна гэсэн байгаа. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн материалыг үндэслэн шүүгдэгчийг цагаатгах тогтоол гаргах бүрэн боломж байсан. Тэгэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан явдал нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа асуудал юм. Тиймээс хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлүүлж өгнө үү? гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ. 

 

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, яллагдагч Д нараас гаргаж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хийж, хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар хэргийн материал танилцуулах үед ямар нэг хүсэлт гаргаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 164 дугаартай захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн байна. 

Шүүгчийн дээрх захирамжаас харахад оролцогч нар хэргийн материалтай танилцах үед мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт гаргаагүй учир шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн материалтай танилцаад мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт гаргаагүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтийг шийдвэрлэхгүй гэсэн заалт байхгүй бөгөөд нөгөө талаас шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэн яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж анхан шатны шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1,2, 1,3 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч нь гэм буруутай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан хэлэлцэнэ. Мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсвэл цагаатгах хэлбэртэй байна гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзэж байна.

 

4-р хавтаст хэргийн 22-27, 92, 93 дугаар хуудсанд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, тус аймгийн Шүүхийн шинжилгээний алба, Малын удмын сангийн үндэсний төв, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар малд ДНХ-ийн шинжилгээ хийдэггүй талаарх хариу ирүүлсэн байхад ямар үндэслэлээр Хөдөө аж ахуйн дээд сургуульд уг шинжилгээг хийлгэхээр зааж байгаа нь ойлгомжгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 214 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г, Д нарт холбогдох 1716000000008 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Ч.ЭНХТӨР

                  ШҮҮГЧИД               Б.НАМХАЙДОРЖ

                                         Ш.БАТТОГТОХ