| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0101/Э |
| Дугаар | 110 |
| Огноо | 2020-04-27 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 110
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
нарийн бичгийн дарга Е,
улсын яллагч Т,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б , С ,
шүүгдэгч А , М , А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
БӨ аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчоос Шүүгдэгч А , М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт зааснаар;
Шүүгдэгч А т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2013000600076 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, БӨ аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух үндсэн хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь БӨ аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 64 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, А , регистрийн дугаар ББ77******.
2. Монгол Улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, У аймгийн Х сумын 1 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, М , регистрийн дугаар ОЗ83******.
3. Монгол Улсын иргэн, 1982 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, У аймгийн Х сумын 1 дүгээр багт оршин суух үндсэн хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь У аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, А , регистрийн дугаар ОЙ82******.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А , М , А нар нь бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн үед БӨ аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн А гийн 6, А ын 1, Б ийн 1, нийт 8 тооны үхрийг хулгайлж, 7.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч А мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж байна гэв.
Шүүгдэгч М мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч А мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөвөөр мэдүүлсэн байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013000600076 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18-22, 28-32 дугаар хуудас/,
2. Үхэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 23-27, 55-60 дугаар хуудас/,
3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 35-39, 42-46 дугаар хуудас/,
4. Иргэн А гаас хар өнгийн урт түрийтэй өвлийн 1 хос гутлыг эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,
5. Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 61-64 дүгээр хуудас/,
6. Эд зүйл, мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 68-70 дугаар хуудас/,
7. Хохирогч А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 97-101 дүгээр хуудас/,
8. Хохирогч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 103-106 дугаар хуудас/,
9. Хохирогч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 107-111 дүгээр хуудас/,
10. Гэрч А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 112-116 дугаар хуудас/,
11. Гэрч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 122 дугаар хуудас/,
12. Гэрч М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 124-127 дугаар хуудас/,
13. БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаартай мөр судлалын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 137-140 дүгээр хуудас/,
14. Шүүгдэгч А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 190-191 дүгээр хуудас/,
15. Шүүгдэгч М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 188-189 дугаар хуудас/,
16. Шүүгдэгч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 192-193 дугаар хуудас/,
17. У аймгийн Х багийн Засаг дарга, тус аймгийн Х багийн Эрүүл мэндийн тодорхойлолтууд /хавтаст хэргийн 210-213 дугаар хуудас/, шүүгдэгч А ын нэр дээр бичигдсэн амбулаториор эмчлүүлсэн тухай карт болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А , А , М нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.
Шүүгдэгч А , М , А нар нь бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн үед БӨ аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн А гийн 6, А ын 1, Б ийн 1, нийт 8 тооны үхрийг хулгайлж, 7.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18-22, 28-32 дугаар хуудас/,
- Үхэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 23-27, 55-60 дугаар хуудас/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 35-39, 42-46 дугаар хуудас/,
- Иргэн А гаас хар өнгийн урт түрийтэй өвлийн 1 хос гутлыг эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,
- Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 61-64 дүгээр хуудас/,
- Эд зүйл, мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 68-70 дугаар хуудас/,
- Хохирогч А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б сумын Бугын голд оршин суудаг бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 19-ны орой гэрийн ойролцоо 300 гаруй метрийн газарт нийт З6 тооны адуу, үхэр байсан ба маргааш нь буюу 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өглөө 10 цагийн үед хотонд ирдэг байсан сааж байгаа үхрүүд ирээгүй тул ойр орчмоор хайхад олоогүй ба хэсэг хугацааны дараа 2 үхэр манай гэрийн доод талаас ирсэн.
...манай эхнэр үхэр сааж байсан ба хэсэг хугацааны дараа намайг дуудаж манай үхрийн хөлийг нь олсоор уясан байна, үхрийн урд хөлөнд утасны оломны ором байсныг хараад үлдсэн үхрийг хайж эхэлсэн. Тэгээд бэлчээрт бэлчиж яваа үхэр сүрэг дотор очиход миний өөрийн 6 үхэр, манай үхэр сүрэгт нийлүүлсэн А ын 1 үхэр, Б ийн 1 үхэр, нийт 8 тооны үхэр алга болсон байсан. Тэгээд А , Б нарт утсаар мэдэгдэж, дараа нь Б ирж хамтдаа хайж олоогүй байсан. Миний хулгайд алдагдсан үхэр нь зургуулаа эх үхэр байсан.
...Би хулгайд алдсан үхрүүдээ амьдаар нь бүрэн олж авсандаа маш их баярлаж байна. Миний зүгээс гомдол саналгүй бөгөөд нэхэмжлэх зүйлгүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 97-101 дүгээр хуудас/,
- Хохирогч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 19-ны орой 18 цагийн үед манай малчин болох А гийн эхнэр А миний гар утас луу залгаж манай үхэр сүрэг дотроос 6 тооны үхэр хулгайлсан байна, дотор нь танай нэг үхэр, А аас нэг үхэр нийт 8 үхэр хулгайд алдагдсан гэж хэлсэн. Миний үхэр бол дөнжин буюу 4 насны үхэр байсан бөгөөд 3 жил А гийн үхэр сүрэг дотор байсан. Миний үхэр бол улаан зүсмийн халзан, зөв талын чихний үзүүрээс ухам, буруу тал чихний үзүүрээс цуулбар имтэй нарийхан эвэртэй үхэр байсан.
...Би өөрийн хохирлоо бүрэн барагдуулж авсан ба гэмт хэрэг үйлдсэн залуучууд өөрсдийн буруугаа хүлээн зөвшөөрч надаас сайн дураараа уучлалт гуйсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103-106 дугаар хуудас/,
- Хохирогч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай малчин болох А нь Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Бугын голд оршин суудаг бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 17 цаг 40 минутанд миний гар утас руу залгаж манай үхэр сүрэг дотроос 5-6 үхэр байхгүй байна, үлдсэнийг хайж явж байна, та цагдаагийн байгууллагад мэдэгдэж өгнө үү гэхээр нь би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. А гийн үхэр сүрэгэнд нийлүүлсэн миний үхрээс нэг тооны үхэр хулгайд алдсаныг тухайн үед надад А хэлсэн. Миний хулгайд алдагдсан үхэр нь хар зүсмийн жижиг тугалтай, гэдэсний баруун талын суганд цагаантай зөв тал чихний үзүүрээс ухам буруу тал чихний араас ухам имтэй байдаг.
...Би өөрийн хохирлоо бүрэн барагдуулж авсан ба гэмт хэрэг үйлдсэн залуучууд надаас уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-111 дүгээр хуудас/,
- Гэрч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х тухайн үед надаас Барс /шүүгдэгч А гийн дүү/-ийн гэрийн хажууд байгаа цагаан саарал өнгийн Уаз 469 машин хэнийх вэ гэж асуусан. Тэгээд би Барсын гэрийн хажууд цагаан саарал өнгийн Уаз 469 машин харагдаж байсан ба уг машин нь хэний машин гэдгийг би мэдэхгүй байна гэж хэлсэн. ...уг машины улсын дугаарыг сайн анзаараагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 122 дугаар хуудас/,
- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаартай “1.Хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан гутлын улны мөр шинжилгээнд тэнцэнэ.
2.Хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан гутлын улны мөр нь гэрч А гаас хурааж авсан гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирч байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 137-140 дүгээр хуудас/,
- Яллагдагч А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 онд С гэх хүний хашаанд ажил хийж яваад У аймгийн Х сумын иргэн М тай танилцсан байсан. Түүнээс хойш байнгын холбоотой байдаг байсан. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр М уулзаж ярилцаж байгаад манай аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс үхэр хулгайлан авч У аймгийн Х сум руу хүргэж маллаж, малтай болох гэж бодоод тохиролцоод явцгаасан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр М миний гар утас руу залгаж “би рашааны хажууд ирлээ” гэж хэлэхээр нь би аймгаас өөрийн Истана маркийн 4547 БӨТ улсын дугаартай машинаар ганцаараа гарч очиход М хажуудаа нэг залуугийн хамт өөрийн цагаан саарал өнгийн Уаз-31512 маркийн 8749 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслээр рашааны хажууд ирж зогсож байсан.
Бид нар уулзсаны дараа хоёр машинаар Бугын голд очиж М ын унаж ирсэн тээврийн хэрэгслийг тэндээ үлдээгээд орой 20 цагийн үед миний тээврийн хэрэгсэлд гурвуулаа суугаад арал руу очиж, мөс руу дөхөж ирээд миний Истана маркийн 4547 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дотор М тай хамт ирсэн залууг голын наад талд үлдээгээд М бид хоёр арал дотор явган ороход урьдаас хэсэг үхэр тааралдахаар нь мөсний тохой хэсэгт хашиж аваад 8 тооны үхрийг барьж аваад тухайн газарт М ыг үлдээгээд би өөрөө машин руу буцаж ирээд машиныг асаагаад дотор сууж байсан А ын хамт М ын хашиж байсан үрийн хажууд ирсэн. Тэгээд М бид хоёр үхрийг нэг нэгээр нь барьж машин руу ойртуулж ирээд А , М бид гурав нийлж нийт 8 үхрийн 6 үхрийн миний тээврийн хэрэгсэлд ачиж, үлдсэн хоёр үхрийг А , М нарт үлдээгээд 2 авч үлдсэн. Би 6 тооны үхрийг ачиж аваад шууд хөтлөөд явсан. Тэгээд би урьд өмөн тохирсноороо У аймгийн Х сумын Сургуулийн бөөр гэх газарт түрүүлж очиж 6 тооны үхрийг буулгаад машин цэвэрлэж байхад араас М ,А тай хамт өөрийн цагаан саарал өнгийн УАЗ-31512 маркийн 8749 УВА улсын дугаартай машинаар үлдсэн 2 тооны үхрийг ачиж ирсэн. Тэгээд уг 2 тооны үхрийг буулгаад 6 тооны үхэртэй нийлүүлж М д хүлээлгэн өгч буцаж аймаг руу явсан. Би бусадтай бүлэглэн бусдын эзэмшлийн малыг хулгайлж гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 190-191 дүгээр хуудас/,
- Яллагдагч М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хувийн ажлаар БӨ аймгийн төвд явж байгаад урьд өмнө танил байсан А гэх хүнтэй тааралдаж, улмаар хоорондоо ярилцаж сууж байгаад БӨ аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс үхэр хулгайлан авч У аймгийн Х сум руу хүргэж маллаж, малтай болох гэж бодоод хоорондоо ярьж тохиролцоод явцгаасан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн өглөө А над руу утсаар залгаж “чи өнөөдөр хүрээд ир, би өнөөдөр завтай байна” гэхээр нь би өөрийн Уаз-31512 маркийн 8749 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслээр манай сумын иргэн, миний найз А тай очиж уулзаад “би БӨ аймагт очиж хэдэн үхэр авч ирмээр байна, чи надад туслаад хамт яваад ирээч” гэж дагуулж аваад өдрийн 14 цагт Х сумаас гарч 17 цагийн үед БӨ аймгийн Б сумын нутаг дэвсгэр Табалтайн рашаанд ирээд А руу залгаж “би рашааны хажууд ирлээ” гэж хэлсэн.
Тэгээд А бид хоёр миний тээврийн хэрэгслээр А г хүлээж сууж байх үед нэг цагийн дараа А өөрийн хувийн Истана маркийн тээврийн хэрэгслээр хүрээд ирсэн. Бид нар уулзсаны дараа хоёр машинаар Бугын гол гэх газарт очиж миний тээврийн хэрэгслийг нэг айлын гадаа үлдээгээд А гийн Истана маркийн тээврийн хэрэгсэлд А , А бид гурав суугаад арал руу очиж, мөс руу дөхөж ирээд А ыг машин дотор үлдээгээд А бид хоёр арал дотор явган ороход урьдаас хэсэг үхэр тааралдахаар нь мөсний тохой хэсэгт хашиж аваад 8 тооны үхрийг барьж авсан. Тухайн газарт би үлдсэн ба А очиж машинаа аваад ирсэн. Тэгээд А , М бид гурав нийлж нийт 8 үхрийн 6 үхрийн А гийн тээврийн хэрэгсэлд ойртуулж ирээд ачиж өгч явуулсан ба, үлдсэн хоёр үхрийг А бид хоёр миний тээврийн хэрэгсэлд ачиж аваад араас нь дагаж явсан. Тэгээд бид нар урьд өмнө тохирсноороо У аймгийн Х сумын Сургуулийн бөөр гэх газарт очиход А 6 үхрээ буулгаад машинаа цэвэрлэж байсан. А бид хоёр араас нь ирэх үед нийт 8 үхрийг надад хариуцуулж үлдээгээд А ганцаараа өөрийн машинаар буцаад БӨ аймаг руу явсан. Би тухайн үед бусадтай бүлэглэн малын хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 188-189 дугаар хуудас/,
- Яллагдагч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 19-ны өдөрт гэрт сууж байх үед миний найз М өөрийн машинаар надад ирж “би БӨ аймгаас хэдэн үхэр авч ирэх гэсэн. Надад үхэр ачиж ирэхэд туслаад, надтай хамт яваад ирээч” гээд гуйгаад байхаар нь түүний УАЗ-31512 маркийн 8749 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслээр өдрийн 14 цагт Х сумаас гарч 17 цагийн үед БӨ аймгийн Б сумын нутаг дэвсгэр Табалтайн рашаан гэх газарт ирээд тухайн рашааны хажууд зогсож байгаад М миний гар утсаар нэг хүн рүү залгаж “би рашааны хажууд ирлээ” гэж хэлсэн.
Тэгээд М бид хоёр түүний тээврийн хэрэгсэл дотор сууж байхад нэг цагийн дараа нэг Истана машин ирсэн. М буугаад тэр машины жолоочтой ярилцаж байгаад буцаж ирээд хоёр машинаар нэг айлын гадаа очиж тухайн газарт М ын машиныг үлдээгээд Баян-Ө гөөс ирсэн Истана машинд гурвуулаа суугаад голын эрэгт очсон. Тэгээд мөсний наад талд нөгөө хоёр намайг машинд үлдээгээд өөрсдөө арал руу ороод явсан. Хэсэг хугацааны дараа Истанагийн жолооч гарч ирээд машинаа жолоодсон ба бид хоёр арал руу машинаар ороход мөсний дээд талд М 8 тооны үхрийн хашиж зогсож байсан. Тэгээд М нөгөө жолооч бид гурав нийлж нийт 8 үхрийн 6 үхрийн Истана маркийн тээврийн хэрэгсэлд ачиж явуулсан ба үлдсэн хоёр үхрийг М бид хоёр М ын тээврийн хэрэгсэлд ачиж аваад Х сум руу явсан. Тэгээд У аймгийн Х сумын Сургуулийн бөөр гэх газарт очиход нөгөө Истана машины жолооч 6 үхрээ буулгаад машинаа цэвэрлэж байсан. М бид хоёр араас нь ирж хоёр үхрийг нийлүүлсэн ба Истанагийн жолооч буцаад БӨ аймаг руу яваад өгсөн. Маргааш нь М надад ирж “өчигдөр авч ирсэн үхрүүд хулгайн үхэр байсан шүү” гэж хэлсэн. Би тэр үед сонсож мэдсэн. Би тухайн хулгайн малыг ачиж буулгахад тусалж гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 192-193 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А , М , А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А , М , А нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б , С нараас гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй хэмээн тус тус тайлбар гаргаж улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.
БӨ аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2013000600076 дугаартай, “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол болон 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр үйлдсэн 72 дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгч А ын үйлдлийг зүйлчлэхдээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ...3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Гуравдугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг хуульчилсан бөгөөд шүүгдэгч А , М , А нарыг бүлэглэж, бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу урьдчилан амлаж А , М нар нь санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн /гэмт хэргийн хамжигч/ тухай нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа бөгөөд харин ч гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал тус бүрт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч А , М , А нар нь 2020 оны 1 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн үед БӨ аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн А гийн 6, А ын 1, Б ийн 1, нийт 8 тооны үхрийг хулгайлахаар урьдчилан үгсэн тохиролцсон гэж дүгнэлээ.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эзэмшлээс нууцаар авч өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
2002 оны Эрүүгийн хуулиар мал хулгайлах гэмт хэргийг ердийн хулгайн гэмт хэргийн адил зүйлчилж байсан боловч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар мал хулгайлах гэмт хэргийн шинж, тухайн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан ердийн хулгайн гэмт хэргээс тусад нь 17.12 дугаар зүйл болгож хуульчилж өгсөн байна.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч А , М , А нар нь иргэн А гийн 6, А ын 1, Б ийн 1, нийт 8 тооны үхрийг хулгайлснаар гэмт хэрэг төгссөн байна. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд тус гэмт хэргийг үйлдэх санааг шүүгдэгч А , М нар нь санаачилсан болох нь тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын шунахай сэдэлт, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа нөлөөлсөн гэж үзлээ.
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлж, мөн хэсгийн тайлбарт “олон тооны мал” гэж хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохоор тайлбарласан байна. Мөн мал хулгайлах гэмт хэргийг “машин механизм ашигласан” гэх гэмт хэргийн шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж хуульчилсан байна.
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байх ба шүүгдэгч А , М , А нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх...” хууль зүйн үндэслэлд хамаарч байна.
Иймд шүүгдэгч А , М , А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч А , М , А нар гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарт нийт 7.200.000 төгрөгийн бодит хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад 8 тооны үхрийг мөрдөгчийн зүгээс шүүгдэгч нараас хураан авч, хохирогч А , Б , А нарт амьдаар нь бүрэн бүтэн хүлээлгэж өгснөөр хохирогч нараас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч А , М , А нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүхээс шүүгдэгч А , М , А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А , М нарыг 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А т 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С аас шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хэргийг илрүүлэхэд шүүгдэгч нар хувь нэмэр оруулсан, ар гэрийн байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгөх тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б ээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч А т ялгамжтай байдлаар ял оногдуулах, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж өгөхөөр тус тус мэтгэлцсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг ...цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч А , М , А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.
Шүүгдэгч А , М , А нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, тэдний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалтай зэрэг нөхцөл байдалд тус бүрт дүгнэлт хийсний үндсэн дээр улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А , М , А нарын бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А , М нарын тус бүрт 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А т 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, эдлэх хорих ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
4. Бусад асуудлаар.
Шүүгдэгч А , М , А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч А гийн эзэмшлийн 4547 БӨТ улсын дугаартай, “Ssangyong” загварын ногоон өнгийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч М ын эзэмшлийн 8749 УВА улсын дугаартай, “Uaz” загварын цагаан саарал өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хэвээр үлдээж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хар өнгийн урт түрийтэй өвлийн 1 хос гутлыг шүүгдэгч А д буцаан олгож, М , А нарын цахим иргэний үнэмлэх 2 ширхэг, А , М нарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ 2 ширхгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч А , М нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, одоо БӨ аймгийн Ө сумын “Кыран” ХХК-ны хамгаалалтын албанд хадгалагдаж байгаа 4547 БӨТ улсын дугаартай “Ssangyong” загварын ногоон өнгийн, 8749 УВА улсын дугаартай “Uaz” загварын цагаан саарал өнгийн тээврийн хэрэгслийг тус тус улсын орлого болгож, шүүгдэгч А , М , А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч нарт өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А, М , А нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А , М нарын тус бүрт 8 (найм) сарын, шүүгдэгч А т 6 (зургаа) сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А , М нарт оногдуулсан 8 (найм) сарын, шүүгдэгч А т оногдуулсан 6 (зургаа) сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч А , М , А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А гийн эзэмшлийн 4547 БӨТ улсын дугаартай “Ssangyong” загварын ногоон өнгийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч М ын эзэмшлийн 8749 УВА улсын дугаартай “Uaz” загварын цагаан саарал өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хэвээр үлдээж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хар өнгийн урт түрийтэй өвлийн 1 хос гутлыг шүүгдэгч А д буцаан олгохыг, М , А нарын цахим иргэний үнэмлэх 2 ширхэг, А , М нарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ 2 ширхгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Х д даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А , М нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, одоо БӨ аймгийн Ө сумын “Кыран” ХХК-ны хамгаалалтын албанд хадгалагдаж байгаа 4547 БӨТ улсын дугаартай, “Ssangyong” загварын ногоон өнгийн, 8749 УВА улсын дугаартай, “Uaz” загварын цагаан саарал өнгийн тээврийн хэрэгслийг тус тус улсын орлого болгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А , М , А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч нарт өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А , М , А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ