Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 128/шш2021/0861

 

 

 

 

 

  2021              12               15                                            128/ШШ2021/0871      Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: А.Г

Хариуцагч: Барилга, хот байгуулалтын яам

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үерийн усны далд байгууламж, бетон цутгалтын ажил хийлгэхээр тендер зарлаж тендер гүйцэтгэгчээр хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас учирсан хохиролд 61 200 000 төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М, нэхэмжлэгч А.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гэрч А.С, З.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч А.Гшүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, *******ы ******* тоот хаягт байрлах 426 м.кв газрыг өмчилдөг бөгөөд тэрхүү газраа 2000 оноос хойш 20 жил амьдарч байгаа болно.

Уг газраа миний бие 2011 онд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан өмчилж байгаа ба түүн дээрх 53.5 м.кв талбай бүхий хувийн сууцыг мөн өөрийн хөрөнгөөр барьж, өмчлөх эрхээ баталгаажуулсан. Гэтэл 2020 оны зун Нийслэлийн хөрөнгө оруулалтаар манай хорооны нутаг дэвсгэрт үер усны далд байгууламж, бетон цутгалтын ажил хийнэ гэж өөрсдийгөө танилцуулсан “Ш” ХХК-ийн ажилчид ирж, хүч түрэн хашааг маань эксковатороор эвдэж, хашаан дотор маань газар ухаж эхэлсэн. Энэ үеэр нь та нар хүний хувийн өмчид хууль бусаар халдаж байна гэж шаардлага тавьсан ч үл тоомсорлож, улсын ажил гэж хэлэн ажлаа үргэлжлүүлсээр ажлаа дуусгасан. Гэвч манай нураасан хашаагаа ч засч янзалж өгөлгүй орхиж, манай жорлон байсан газраар бетонон шуудуу тавьсан учир жорлонгоо барих газаргүй болж, хуучин хашаагаа босгох гэсэн ч газрын түвшинтэй тэнцүүлэн бетонон хана, тагтай шуудуу хийсэн тул хашааны шон ч суулгах боломжгүй болж, шуудуу ухсан шороогоо зайлуулахгүй орхисны улмаас хашаа маань тэгш бус болж, ашигтай талбай багасаж, цаашид дүүрсэн үерийн усны шуудууг цэвэрлэх гэж дахин дахин манай газрыг ухаж сэндийчих зэргээр аюулгүй, тайван амьдрахад хүндрэл учрах зэргээр хохирч хоцроод байна.

Монгол Улс бол хувийн өмчийг хуулиар хамгаалдаг хуультай улс гэж ойлгосон ч хүний хувийн өмчид ийнхүү дураараа халдаж, хохироохоор шийдвэрийг гаргаж, ийнхүү үер усны шуудуу суулгах шийдвэр гаргаж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь хувийн өмчийн газраар дайруулан төрийн ажил буюу төрийн шийдвэрийн дагуу байгууламж барьж, газарт нь орох бол өмчлөгчийн зөвшөөрлийн дагуу, нөхөн олговортойгоор, мөн холбогдох тооцоо судалгаа, өмчлөгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх ёстой байтал шийдвэр гарсан гээд ийнхүү хүч түрэн хувийн өмчийн газарт халдаж байгаа нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана”, 106.3.7-д  “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” гэж тус тус заасны дагуу хохирол гаргуулахаар шаардаж байгаа ба Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна”, 11.1.1-т  “захиргааны акт” гэж тус тус заасны дагуу захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан гэж үзэж байгаа болно.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн хувьд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу газар өмчлөгчийн эрхийн асуудал эхний ээлжид яригдана. Энэхүү эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа далд шугамын ажил бол хариуцагч Барилга хот байгуулалтын яамнаас тендер сонгон шалгаруулалт зарласны үндсэн дээр "Ш" ХХК-иар гүйцэтгүүлсэн асуудал байгаа. Гүйцэтгэсэн ажил нь өөрөө Барилгын тухай хуульд заасан барилга, байгууламж гэдэгт хамаарч байгаа. Эдгээртэй холбоотой салбар хуулиуд энэ хэргийн хувьд яригдана гэсэн үг. 

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд “...газар өмчлөгчийн эрхийг аливаа этгээд саад учруулахыг хориглоно” гэж 38 дугаар зүйлийн 38.1-д зохицуулсан. Мөн хуульд газар өмчлөгч нь өмчилж байгаа газрыг улс тусгай хэрэгцээг үндэслээд эсвэл нийтийн хэрэгцээг хангах зориулалтаар нөхөн олговортойгоор авч болохоор зохицуулсан байдаг. Энэ тохиолдолд ямар ч нөхөн олговрын асуудал байхгүй тусгай хэрэгцээнд авсан зүйл байхгүй. Сэлбэ дэд төв гэж яриад байгаа ажилтай уялдуулаад тус байгууллагын инженерийн дэд бүтцийн ажлын хүрээнд хийгдсэн үерийн усны далд шугамын ажил байгаа.

Давхцалтай байтал нөхөх олговрыг шийдвэрлэхгүйгээр шугам явуулснаар нэхэмжлэгчийн Г хэлбэртэй барилгынх нь хамгийн ашигтай байж болох талбайг эзэлж байгаа, 1-2 жилийн хугацаанд үерийн усаар туугдаж ирсэн шороо, хог бүгдийг цэвэрлэх шаардлагатай болдог. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн газрын үнэлгээ илт буурах нөхцөл үүсэн, ойр орчимд нь дахин төлөвлөлтийн бэлтгэл ажлууд ерөнхийдөө дуусч барилга орон сууц баригдах ажлууд нь дутуу байгаа.

Хууль зүйн хувьд Барилга хот байгуулалтын яам нь энэ хэрэгт яагаад заавал хариуцагч болж байгаа вэ гэдэг дээр маш олон хуулийн заалт, зохицуулалт байгаа. Тухайлбал Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “инженерийн бэлтгэл ажил гэж “...хот тосгоны барилга, байгууламж барьж байгуулахад зориулж тухайн газрын гадаргууг тэгшилгээ хийх, үер усны нуралт...” гэсэн хэсэг нь энэ хэрэгт хамааралтай, үерээс хамгаалах бэхэлгээ, далан суваг зэргийг инженерийн бэлтгэл ажил гэж хуульчилсан.

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т “хот төлөвлөлтийг хэрэгжүүлэгч" гэж энэ хууль болон бусад хуульд заасны дагуу төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, тэдгээрээс эрх авсан мэргэжлийн байгууллага, хуулийн этгээдийг” гэж заасан, төрийн захиргааны төв байгууллага буюу Барилга хот байгуулалтын яам мөн. Хот төлөвлөлтийн суурь судалгаа гэдгийг мөн тус хуулийн 3.1.16-д “хот төлөвлөлтийн суурь судалгаа" гэж хот төлөвлөлтийг хэрэгжүүлэгч этгээд хот төлөвлөлтийг хэрэгжүүлэхийн тулд газар нутаг, хүн ам, эдийн засаг, нийгэм, соёл, зам тээвэр, байгаль орчин, газар ашиглалт болон бусад зүйлийн талаар хийсэн судалгааг” гэж заасан. Үүн дээр хот төлөвлөлтийг хэрэгжүүлэгч буюу хариуцагч яам нь өөрөө газар ашиглалт болон бусад зүйлийн талаар урьдчилан бүх судалгааг хийсэн байх хуульд заасан үүрэгтэй гэдэг нь харагдаж байгаа. Энэ хэргийн тухайд нэгдүгээрт энэ үүргээ зөрчжээ.

Мөн Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан ба 7.1.1-7.1.8, 7.1.12 гэх мэт энэ заалтуудаар төрийн захиргааны төв байгууллага нь хот байгуулалттай холбоотой зураг төсөл боловсруулах мэргэжлийн удирдлагаар хангах, ерөнхий төлөвлөгөөтэй харилцан уялдааг зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих гэх мэт бүх үүргүүд нь тус тус хуульчлагдсан байгаа.

Нэхэмжлэгчийн газар давхцалтай холбоотой асуудлыг шийдвэрлүүлэлгүйгээр, уялдуулан зохицуулалгүйгээр орхигдуулсан нь бас нэг үүргээ зөрчсөн гэдэг нь эндээс харагдаж байгаа. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Газарт орсон барилгыг нурааж зайлуулах, зам талбай, инженерийн шугам сүлжээ, мод зүлэг, тохижилтыг нөхөн сэргээх зардлыг захиалагч этгээд бүрэн хариуцна” гэж заасан ба энд захиалагч гэж орж ирсэн. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуультай уялдаад ороод ирж байгаа. Энэ хуульд зааснаар мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-т заасны дагуу албадан нүүлгэх, түүнчлэн иргэний эзэмшлийн газрыг тохиролцсоны үндсэн дээр төр худалдан авах тохиолдолд нүүлгэн шилжүүлэхэд гарах тээврийн болон холбогдох бусад зардлыг иргэнд нөхөн олгоно” гэсэн энэ хуулийн заалт, үүрэг мөн зөрчигджээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ ажил нь тендер сонгон шалгаруулалтын үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлсэн гэдэг асуудал яригддаг. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалтаас бусад зардалд хуваарилсан хөрөнгө, бусад эх үүсвэр, түүнчлэн өөрийн хөрөнгөөр санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг захиалагч энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулна” гэж заасан ба тендер шалгаруулалтыг гүйцэтгэх ажлыг захиалагч хууль журмын дагуу зохион байгуулна. Захиалагч гэж хэнийг хэлэх бэ гэдгийг  45 дугаар зүйлийн 45.2.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Yндэсний аюулгүй байдлын зөвлөл, төрийн захиргааны төв болон Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллага, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь өөрийн хэрэгцээнд худалдан авах бүх бараа, ажил, үйлчилгээний хувьд” гэж хуульчилсан ба Барилга хот байгуулалтын яам нь захиалагч буюу энэ хэргийн хариуцагч мөн байна гэдэг нь эндээс харагдаж байна гэж үзэж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлд захиалагчийн ямар үүрэгтэй байх бэ гэдгийг хуульчилсан. Үерийн далд шугам гээд байгаа ажил нь өөрөө барилгын тухай хуульд заасан барилга байгууламж гэдэг ангилалд хамаарч байгаа. Барилга байгууламжийг барихад тавигдах шаардлагууд, болон Барилгын тухай хуульд заасан захиалагчийн эрх үүргүүд ба ноцтой зөрчигджээ гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Барилга хот байгуулалтын яам бол энэ хэргийн хариуцагч мөн юм байна. Барилга хот байгуулалтын яам нь хуульд заасан эдгээр үүргүүдээ биелүүлээгүй, хууль бус үйл ажиллагаа явуулсан юм байна гэдэг нөхцөл байдлууд бүрэн тогтоогдож байгаа.

Нөгөө талаараа нэхэмжлэгч А.Гын тухайд газрын хууль ёсны өмчлөгч мөн. Газар өмчлөгчийн эрх нь зөрчигджээ гэдэг асуудал хэрэгт авагдсан баримтаар хууль зүйн хувьд тогтоогдож байгаа. Хууль зүйн хувьд мөн хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэдгийг хуульчилсан байна. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Хохирлын үнэлгээний тухайд өмчлөлийнх нь газрын эргэн тойронд ямар ямар төрийн байгууллагууд, сургууль, цэцэрлэг гээд. Дээр нь дахин төлөвлөлтөд орсон Улаанбаатар хотын дэд төвүүд төлөвлөгдсөн. Тэрний хүрээнд хийгдэж байгаа ажлууд маш их байгаа. Таван буудлын эсрэг замын талд шүүхээс үзлэг хийсэн байгаа. Тэр газруудын үнэлгээ маш их өсөж байгаа. Газрын шугамтай давхацсан хэсэг бол 87 м.кв боловч, газар өөрөө хэсэгчилж үнэлгээ нь тогтоогддоггүй. Газрыг бүхэлд нь үнэлгээ нь гардаг учраас энэ үнэлгээний баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа. Яг ашигтай талбайг нь мөн эзэлсэн байгаатай холбогдуулаад газрын үнэлгээг ерөнхийдөө 150 сая гэж үнэлсэн байгаа. Тус үнэлгээг гаргуулснаас хойш газрын үнэлгээ өссөнтэй холбоотойгоор, ерөнхийдөө давхцалын хэмжээ 87 м.кв боловч тэрэнд ногдох биш. Нийт газрын үнэлгээ уналаа гэдэг байдлаар хохирлоо 61.200 000 төгрөг гэж гаргасан.

Анх нэхэмжлэл дээрээ тодорхой хэмжээгээр 87 м.кв газрыг газрын 20 хувь гэж ийм байдлаар тооцоолсон. Газар нь өөрөө хэсэгчилж үнэлгээ гардаггүй. Бүхэлд нь өмчилж байгаа газрыг бусдад шилжүүлэх ч юм уу, зарах, ашиглах болбол газрын тухайд бүхэлдээ үнэлгээ яригддаг учраас бүхэлд нь тооцоод газрын үнэлгээг 61.200 000 төгрөгөөр тооцсон. Үүнд газрын үнэлгээ буурсан, ашиглах, өмчлөх, боломжгүй болж байгаа учраас энэ байдлаар үнийн дүнгээ тодорхойлсон.

Нэхэмжлэгчийн газрын тухайд яг орох гарах гарцыг бүхэлд нь тагласан байдалтай явсан байгаа учраас үлдэх хэсэг нь огт орц гарцгүй учраас тэрийг тусад нь бусдад борлуулах ч байдаг юм уу эдийн засгийн эргэлтэд оруулах ямар ч боломжгүй. Орц гарцгүй газрыг хэн ч авахгүй л гэсэн үг. Ашиглах боломжгүй гэсэн үг. Шүүхээс үзлэг хийхэд Г хэлбэрийн барилга байгаа гээд зураг дээр зааж тайлбарлаж орц, гарц жирийн үед болж байгаа хэдий ч кадастрын зургийн дагуу газраа хашаа барих гэхлээр хашаа хатгах боломжгүй. Мөн 1-2 жилийн хугацаанд үерийн усны далангийн тагийг бүгдийг аваад тавихлаар ямар ч машин битгий хэл явган хүн орох боломжгүй болгож байж шуудуугаа цэвэрлэх шаардлагатай болно. Тэр утгаараа орц гарцыг таглана гэж үзэж байна.” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дээрх үерийн далан /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг 13, 14 дүгээр хороо/-гийн ажлын зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын даргын 2012 оны 12 дугаар 03-ны өдрийн 04 дугаартайгаар баталсан бөгөөд уг зураг төсөл боловсруулах ажлын даалгаврын дагуу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь үерийн далангийн зураг төсөл боловсруулах гэрээг  “М” ХХК-тай 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан байна.

Гэрээний дагуу зураг төслийг “М” ХХК боловсруулж 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02/2014 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна. Үерийн далангийн зураг, төслийн ажил хийгдсэн боловч барилгын ажлын санхүүжилт нь шийдвэрлэгдэхгүй явсаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар батлагдсан Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын 11-д Барилга, хот байгуулалтын сайдын багцын XI.1.93-т “Үерийн далан /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 13, 14 дүгээр хороо/”-гийн ажил хийгдэхээр тусгагдсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлд инженерийн шугам сүлжээ зэрэг тодорхой улиралд гүйцэтгэх онцлог шинж чанартай бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг тухайн жилийн төсөв батлагдсан даруйд эхлүүлэх гэж заасны дагуу Барилга, хот байгуулалтын сайдын багцад тусгагдсан худалдан авах ажиллагааны тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/14 дүгээр тушаалаар байгуулсан.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас ирүүлсэн “М” ХХК-ийн боловсруулсан Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны үерийн хамгаалалтын барилга байгууламжийн зурагт үндэслэн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт, тендерийн баримт бичгийг боловсруулсан бөгөөд тендер сонгон шалгаруулалт зохион байгуулагдаж гүйцэтгэгч компанитай Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороонд үерийн далангийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар Үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас Нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлд шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах шийдвэрийг гаргах гэж заасан бөгөөд Барилга, хот байгуулалтын яамнаас Үерийн далан /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 13, 14 дүгээр хороо/-гийн тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан нь иргэн А.Гын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, түүнд хохирол учруулах нөхцөл байдлыг үүсгээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч А.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч А.Гтус шүүхэд хандаж “Нийслэлийн засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үер усны далд байгууламж, бетон цутгалтын ажил хийлгэхээр шийдвэрлэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 30 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж надад олгох шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хариуцагчаа сольж Барилга хот байгуулалтын яаманд холбогдуулан “Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үер усны далд байгууламж, бетон цутгалтын ажил хийлгэхээр тендер зарлаж тендер гүйцэтгэгчээр хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас учирсан хохиролд 61 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж надад олгох шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу гаргуулах”-аар нэмэгдүүлсэн, уг өөрчилж нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...төрийн захиргааны байгууллагын зүгээс гэр хорооллыг хөгжүүлэх асуудлаар гаргасан аливаа захиргааны актуудыг эсэргүүцээгүй ба харин тэрхүү актыг хэрэгжүүлэх явцдаа нэхэмжлэгчид нөхөн олговор олгоогүй, амьдрах орчныг дордуулж газрынх нь ашигтай талбайг багасгаснаар нэхэмжлэгчийг хохироосон асуудлаар маргаан үүсгэж, хохирлоо гаргуулахыг хүсч байна...” гэж тодорхойлсныг хариуцагч Барилга хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...манай яам тухайн ажлыг Сайдын багцад оруулан төсөвт суулгаж, тендер шалгаруулалт зохион байгуулсан, өөр бусад байдлаар оролцоогүй тул манай яамнаас хохирол гаргуулах хууль зүйн үндэслэлгүй...” гэж маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч А.Гнь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, *******ы ******* тоот хаягт байрлах 426 м.кв талбай бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээнд өмчлөх эрхийн Г-******* тоот гэрчилгээний дагуу өмчилдөг байх ба уг хашааны баруун урд хэсэгт 53,5 м.кв талбай бүхий нэг давхар, тоосгон орон сууц барьж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулсан болох нь тус тус тогтоогдсон, хэргийн оролцогчид эдгээр асуудлын талаар маргаагүй.

Монгол улсын 2019 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар баталсан Монгол улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын 11 дүгээр зүйлийн “Барилга, хот байгуулалтын сайд”-ын багцын  11.1.93-т “Үерийн далан /Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо/ 2019 онд эхэлж 2020 онд дуусгах, төсөвт өртөг 6,0 тэрбум, санхүүжих дүн-2,0 тэрбум гэж төсөвлөсөн,

Барилга хот байгуулалтын яамнаас зарласан БХБЯ/А-19/XI.1.103 дугаартай “Үерийн далан /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 13, 14 дүгээр хороо/”-ын барилга угсралтын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтад “Ш” ХХК шалгарч “Үерийн далан /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 13, 14 дүгээр хороо/”-ын барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн.

Уг үерийн далангийн сувгийн ажлын зураг төслийг “М” ХХК хариуцан гүйцэтгэсэн байх ба тус компаниас 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Барилга хот байгуулалтын яаманд хандаж 69/19 дүгээр албан бичгээр “...трасс 1, 6, 7, 8 дагууд 8 айлын хашаа, нэг тоосгон байшин, 1 бохирын худаг дайрч байна, тус ажлыг төсөвт тусгаагүй бөгөөд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тухай бүрд асуудлыг шийдвэрлэхээр хариу өгсөн...” гэж мэдэгдсэн үйл баримтууд тогтоогдож байна.

Түүнчлэн уг Үерийн далангийн барилга байгууламж нь нэхэмжлэгчийн өмчлөлийн хашааны газрын зүүн үзүүрийн хэсгээр дотор талаар нь хийгдсэн болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн 1/2318 дугаар албан бичгийн хавсралт кадастрын зураглалаар мөн давхар нотлогдсон ба энэ үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан, “...хашаагаа үндэслэлгүйгээр гадагш татсан тул хашааны хэсгийг дайрсан байгаа, түүнээс биш зураг төслийг хийхдээ хашааны гадна талаар буюу гудамж дайруулж хийсэн..., ” гэх тайлбар үгүйсгэгдсэн, хариуцагч өөрийн тайлбараа дэмжих талын нотлох баримт гаргаагүй болно.

Захиргааны ерөнхий хуулийн Долоодугаар бүлгийн “Төлөвлөлт” хэсгийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно”, гэж, мөн зүйлийн 73.1.6-д “зам, талбай, гудамж, усан сан зэрэг нийтийн эзэмшлийн байгууламж, цогцолборыг байгуулах, өөрчлөх, нүүлгэх, буулгах” гэж, 74.1-д “Төлөвлөгөөнд сонсох ажиллагааг төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллага хариуцна”, 79 дүгээр зүйлийн 79.1-д “Төлөвлөлтийг хэрэгжүүлэх үүрэг бүхий захиргааны байгууллага болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн хооронд үүссэн нийтийн эрх зүйн харилцааг энэ хуулиар зохицуулна.”, 79.3-т “Холбогдох захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд, эсхүл гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй.”, 79.4-т “Энэ хуулийн 79.3-т заасан арга хэмжээг авах, эсхүл уг төлөвлөгөөг өөрчлөх боломжгүй бол нөхөн төлбөр олгоно.”, 79.5-т “Төлөвлөлтийн улмаас урьдчилан таамаглаагүй сөрөг нөлөө хожим бий болсон тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийн шаардсанаар шийдвэр гаргах захиргааны байгууллагаас тухайн сөрөг нөлөөг арилгах болон багасгах арга хэмжээг авах үүрэгтэй.”, 79.6-д “Энэ хуулийн 79.5-д заасан сөрөг нөлөөг арилгах болон багасгах боломжгүй бол нөхөн төлбөр олгоно. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас учирсан хохирол энэ зүйлд хамаарахгүй” гэж тус тус заасан.

Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 7.1.1-7.1.8, 7.1.12-т зааснаас үзвэл  төрийн захиргааны төв байгууллага болох Барилга, хот байгуулалтын яам нь хот байгуулалтын талаар зураг төсөл боловсруулах, эдгээр ажлуудыг мэргэжлийн удирдлагаар хангах, ерөнхий төлөвлөгөөний харилцан уялдааг зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй байхаар, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Газарт орсон барилгыг нурааж зайлуулах, зам талбай, инженерийн шугам сүлжээ, мод зүлэг, тохижилтыг нөхөн сэргээх зардлыг захиалагч этгээд бүрэн хариуцна” гэж тус тус заасан

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөн олговор олгох журам”-ын 2.1-д “Нөхөх олговрын хэлбэр, хэмжээг тогтооход Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4.1, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5.1-д тус тус заасан зарчмыг баримтлахаас гадна газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг, амьжиргаа, аж ахуйн үйл ажиллагааны нөхцөлийг өмнө байснаас дордуулахгүй байх зарчмыг баримтална” гэж тус тус заажээ.

Дээр дурдсан хууль болон журмын заалтуудаас үзвэл Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж байгуулсан Үерийн далангийн барилга байгууламж нь Захиргааны ерөнхий хуулийн 7 дугаар бүлэгт заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны төлөвлөлтөд хамаарч байх бөгөөд энэ утгаараа уг төлөвлөлтийг хэрэгжүүлэгч захиргааны байгууллага болох Барилга, хот байгуулалтын яам нь нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах, улмаар нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд энэ талаар сонсох ажиллагаа явуулах, гуравдагч этгээдийн /энэ маргааны тохиолдолд нэхэмжлэгчийн/ эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах, тухайн эрх ашиг нь хөндөгдсөн этгээдийн саналыг хянан үзсэний үндсэн дээр төлөвлөгөөг батлах үүрэгтэй байсан гэж үзнэ.

Гэтэл тухайн тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас Үерийн далангийн ажил хийх талаар тухайн далан барих трасст өртөгдөж болзошгүй нэхэмжлэгч А.Гад мэдэгдэж сонсох ажиллагаа явуулаагүйн дээр түүнийг эзгүй байхад нь хашааг зөвшөөрөлгүйгээр буулгаж, улмаар хашааны дотор талаар буюу нэхэмжлэгчийн хууль ёсны өмчлөлийн газарт суваг ухаж бетонон таг байрлуулсан үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тухайд сөрөг нөлөөллийг бууруулах, боломжгүй бол төлөвлөлтийг өөрчлөх талаар санал гаргах, эсхүл нөхөн төлбөр авах хүсэлтээ гаргах эрхтэй байхаар хуульчилсан байхад түүнд энэ боломжийг олгоогүй, нөгөө талаар тухайн төлөвлөлтийг хариуцсан захиргааны байгууллага болох Барилга хот байгуулалтын яам нь сөрөг нөлөөллийг тооцоололгүйгээр тухайлбал, трасст өртсөн иргэнд учирч болзошгүй хохирол, нөхөн сэргээх зардлыг төсөвт тусгах үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй нь хууль бус, “М” ХХК нь зохих журмын дагуу хариуцагчид мэдэгдсэн боловч хариуцагч захиргааны байгууллагаас нөхөн төлбөрийг хэрхэх талаар зохих шийдвэр гаргаагүй атлаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...манай яам зөвхөн тендер шалгаруулалт явуулсан, бусад үйл ажиллагаанд оролцоогүй тул хохирол төлөх үндэслэлгүй...” гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй

Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлын тооцоог “А” ХХК-иар хийлгэж, шүүхэд нотлох баримтаар өгсөн ба тус компанийн гаргасан хөрөнгийн үнэлгээгээр 145,260,733 /нэг зуун дөчин таван сая хоёр зуун жаран мянга долоон зуун гучин гурав/ гэж тогтоосон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн хохирлын хэмжээний талаар маргаагүй боловч шүүх нэхэмжлэгчийн анхны гаргасан нэхэмжлэлд дурдсан үнийн дүнг үндэслэн 30 500 000 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Учир нь нэхэмжлэгчээс анхны гаргасан хохирлын 30 500 000 төгрөгийг нэмэгдүүлж нэхэмжилсэн үндэслэлээ “...тухайн үед зарим итгэлцүүрийг дутуу тооцсон, газрын үнэлгээ өссөн зэрэг нөхцөл байдлыг үндэслэсэн” гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч А.Гнь тухайн газар дээрээ, өөрийн барьсан орон сууцандаа үргэлжлүүлэн амьдарч байгаа нь газрын чанарыг бүхэлд нь дордуулсан гэж үзэх үндэслэлгүй, харин хариуцагчаас тухайн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэхдээ нэхэмжлэгчийг эзгүй хойгуур хашааг нь эвдлэн нураасан, дараа нь дахин босгох үед “хашааны зарим банзнууд нь хэрэглэх боломжгүй болгосон...” гэх нөхцөл байдлыг үндэслэн ийнхүү тогтоосон болно.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж  Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үер усны далд байгууламж, бетон цутгалтын ажил хийлгэхээр тендер зарлаж хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас учирсан хохиролд 30 500 000 төгрөгийг нэхэмжлэгч А.Гад олгохыг хариуцагч Барилга, хот байгуулалтын яаманд даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 79 дугаар зүйлийн 79.1, 79 дүгээр зүйлийн 79.4, 79.5, Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Гаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж  Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үер усны далд байгууламж, бетон цутгалтын ажил хийлгэхээр тендер зарлаж тендер гүйцэтгэгчээр хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас учирсан хохиролд 30 500 000 төгрөгийг нэхэмжлэгч А.Гад олгохыг хариуцагч Барилга, хот байгуулалтын яаманд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.ДУЛАМСҮРЭН